ОХУ Украины хямралт нөхцөл байдал дэгдсэний дараа өнөөдөр Украин, маргааш Тайвань гэх яриа нийгмийн цахим сүлжээнд тархах болсон. Иймээс Хятадын Ардын чөлөөлөх арми болон Тайваний зэвсэгт хүчний хүчин чадлын талаар гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан тайлан судалгаа, мэдээ, мэдээлэлд тулгуурлан дараах мэдээллийг тоймлон хүргэж байна.
1949 онд Дундад иргэн улсын Гоминдан нам Тайвань руу зугтсанаар Хятад-Тайваний хоёр эргийн асуудал эхэлсэн гэж үзэж болно. Тэр үеэс хойш БНХАУ нь АНУ-тай өрсөлдөх хэмжээний их гүрэн болсон бол Тайвань Вашингтоны дэмжлэгтэйгээр ардчилсан, өндөр технологийн хүчирхэг арал болж хөгжжээ. Хоёр эрэг тус тусын замаар ийнхүү хөгжсөнөөр Тайваний тал салан тусгаарлах тухай үе үе хэлэлцэх болж, үүний эсрэг эх газрын Хятад 1980-аад оноос олон улсад “нэг Хятад” зарчмыг дэвшүүлж, Тайваний талд “нэг улс, хоёр систем” бодлогыг санал болгосоор өнөөг хүрээд байна.
ХАЧА-ийн хүчин чадал
Хятадын Ардын чөлөөлөх арми /ХАЧА/ 1927 оны 8 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан. ХАЧА-ийн дээд байгууллага нь Цэргийн төв зөвлөл /ЦТЗ/ бөгөөд Хуурай замын цэрэг /ХЗЦ/, Тэнгисийн цэргийн хүчин /ТЦХ/, Агаарын цэргийн хүчин /АЦХ/, Пуужинт цөмийн цэргийн хүчин, Стартегийн дэмжлэг үзүүлэх хүчин, Ар тал хангалтын хүчин гэсэн төрлийн цэргээс бүрддэг. Цэргийн төв зөвлөлийн дарга Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч байдаг.[1]
Дэлхийн улс орнуудын ердийн зэвсэглэлийн тоо болон цөмийн зэвсгийн хүчин чадлаар тухайн улсын цэргийн хүчин чадлыг тооцдог. Энэ тооцооллоор ХАЧА 2022 онд АНУ, ОХУ-ын дараа дэлхийд гуравдугаарт жагсажээ. Тодруулбал, Хятад Улс 450 нэгж цөмийн цэнэгт хошуутай, үүгээрээ дэлхийд дөрөвдүгээр байранд ордог; 19.000 нэгж танктай, 30.000 нэгж хуягт машинтай бөгөөд дэлхийд гуравдугаар байранд ордог; Агаарын цэргийн хүчин чадлаараа Хятад Улс 1750 нэгж байлдааны онгоц, 1250 нэгж нисдэг тэрэгтэй бөгөөд дэлхийд 3 дугаар байранд ордог; Тэнгисийн цэргийн хүчин чадлаараа 315 нэгж хөлөг онгоц, 85 нэгж шумбагч завьтай бөгөөд дэлхийд 3 дугаар байранд ордог. Түүнчлэн Хятад Улс нийт 2 сая 300 мянган цэргийн алба хаагчтай бөгөөд үүнээс 1 сая 600 мянга нь ХЗЦ-гийн алба хаагч, 400 мянган нь ТЦХ-ий алба хаагч, 255 мянга нь АЦХ-ий алба хаагч байдаг ба цэргийн алба хаагчдын тоогоор дэлхийд нэгдүгээр байранд ордог ажээ.[2]
Тус улсын батлан хамгаалах төсөв 2021 онд 1.35 их наяд юань байсан нь ДНБ-ий 1.4 хувийг эзэлсэн ба 2022 онд батлан хамгаалах төсөвөө өнгөрсөн оноос 7.1 хувь болгон өсгөж, 1.45 их наяд юань буюу 229.5 тэрбум ам.долларт хүргээд байна.[3] Энэ оны батлан хамгаалах зардалыг зэвсэг техникийн шинэчлэлийг түргэтгэх, цэргийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн түвшинд уяалдуулж цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад зарцуулах аж.
ХАЧА өмнө нь 7 цэргийн тойрогтой байсан ба цэргийн шинэчлэлийн хүрээнд 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр таван байлдааны тойрог болгон өөрчилсөн юм. Тодруулбал, “Дорнод”, “Өмнөд”, “Өрнөд”, “Умард”, “Төв” байлдааны тойрогт хуваагджээ.[4]
ХАЧА-ийн “Дорнод” байлдааны тойргийн хүчин чадал
ХАЧА-ийн таван байлдааны тойргийн нэг “Дорнод” байлдааны тойрог өмнө нь Наньжиний цэргийн тойргийн харьяалалд байсан. Энэ байлдааны тойрог Тайваний хоолойг хариуцдаг. Тус байлдааны тойргийн хариуцлагын бүсэд Жянсу, Жянши, Жөзян, Аньхуй, Фузянь муж, Шаньхай хот болон “Дорнод” тэнгисийн флот багтдаг. Стратегийн чиглэл нь Номхон далай юм. Тус байлдааны тойрогт ХАЧА-ийн 71, 72, 73 дугаар арми харьяалагддаг.[5] Дорнод байлдааны тойргийн төв байр нь Наньжин хотод байрладаг. ХЗЦХ нь Фужоу хотод, ТЦХ нь Ниньбо хотод, АЦХ нь Наньжин хотод байрладаг. Командлагч нь хурандаа генерал Линь Сянян, Улс төрийн комиссар нь хурандаа генерал Хө Пин.[6]
Тус байлдааны тойргийн ТЦХ нь ХАЧА-ийн тал хувийг, АЦХ нь зэвсэгт хүчний 1/3 хувийг, элит цэрэг нь зэвсэгт хүчний 1/4 хувийг эзэлдэг байна. ХАЧА-ийн 5 байлдааны тойргоос “Дорнод” байлдааны тойрог илүү хүчин чадалтай. [7] Учир нь эдийн засгийн өндөр хөгжилтэй бүсэд харьяалагддагаас гадна хүчтэй дайсны эсэргүүцэлтэй тулгарах өндөр магадлалтай учир хүчин чадлаа бэхжүүлэхэд анхаарах нь зүй ёсны хэрэг билээ.
“Дорнод” байлдааны тойргийн явуулсан дадлага сургууль
ХАЧА-ийн “Дорнод” байлдааны тойргийн дадлага сургууль 2021 онд харьцангуй идэвхжсэн гэж хэлж болно. 2021 онд тус байлдааны тойргийн явуулсан хамгийн анхаарал татсан дадлага сургууль нь Тайваний хоолойн чиглэлд 11 дүгээр сарын 9-ний өдөр хийсэн хамтарсан эргүүл ба энэ хээрийн сургуулиар төрлийн цэргийн хамтарсан байлдааны чадварыг нэмэгдүүлсэн.[8] Тус хамтарсан эргүүлийг Тайваний асуудалд эсрэг байр суурьтай улс орнууд болон Тайваний тусгаар тогтнол салан тусгаарлах үйл ажиллагааны эсрэг авч буй арга хэмжээний хариуд явуулсан хэмээн тайлбарласан.
Үүнээс өмнөхөн тус байлдааны тойргийн ТЦХ-ний нисэх хүчний бригад болон дивизүүд олон арван нэгж урьдчилан мэдээлэх онгоц оролцуулсан хамтарсан дадлага сургууль хийж бие бүрэлдэхүүний байлдааны бэлэн байдлыг дээшлүүлсэн. Ийнхүү “Дорнод” байлдааны тойргийн хээрийн сургуулийн зорилго, далайц нэмэгдсэн гэж үзэж болно.
Уг хээрийн сургуулийн цаг хугацаатай давхцан АНУ-ын Конгерессийн төлөөлөгчид Тайваньд цэргийн онгоцоор хүрэлцэн очсон бөгөөд үүнийг Хятадын тал эрс эсэргүүцэж, АНУ-ын үйл ажиллагаа нь Хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, улсын бүрэн эрхт байдалд ноцтой халдаж, Тайваний хоолойн энх тайван тогтвортой байдалд ноцтой заналхийлж байна хэмээн мэдэгдээд АНУ-аас Хятадын эсрэг чиглэсэн өдөөн хатгалгаа зогсоохыг анхааруулсан юм. Мөн энэ үеэр Хятадын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Тань Көфэй Тайваний эрх баригч “Либерал ардчилсан нам”-д өнөөгийн нөхцөл байдалд буруу дүгнэлт хийж, эрсдэлд орохгүй байхыг анхааруулсан юм.[9]
“Дорнод” байлдааны тойрог сүүлийн үед Тайваний хоолойд тогтмол хээрийн сургууль явуулж, эргүүл хийж үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгааг Тайваний салан тусгаарлах хүчний салан тусгаарлах оролдлоготой холбон тайлбарлажээ.[10] Хамгийн сүүлд 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Дорнод байлдааны тойргийн АЦХ, ТЦХ-ий хээрийн сургууль болсон байна.[11]
ХАЧА-ийн нисэх онгоцууд Тайваний “Агаарын ялган таних бүс” рүү нэвтэрч буй байдал
ХАЧА-ийн нисэх онгоц сүүлийн гурван жилийн дотор Тайваний “Агаарын ялган таних” бүс рүү нэвтрэх давтамж бараг 10 дахин нэмэгджээ. ХАЧА-ийн нисэх онгоц 2019 оны 3 дугаар сард анх удаагаа Тайваний баруун өмнөд хэсгийн “Агаарын ялган таних бүс” рүү нэвтэрч, тухайн жил нийт 10 удаа нисэх онгоц илгээсэн бол 2020 онд 380 удаа, 2021 онд 940 гаруй удаа Тайваний “Агаарын ялган таних” бүс рүү нэвтрсэн байна. 2021 он дотроо 10 дугаар сарын 01-04-ний өдрийн хооронд л гэхэд нийт 140 гаруй удаа онгоц илгээсэн нь хамгийн идэвхжсэн үе нь байв.[12]
Ихэвчлэн “Н-6К” бөмбөгдөгч онгоц болон “Су-27”, “Су-30”, “Су-35”, “Зянь-11”, “Зянь-16” зэрэг сөнөөгч онгоц, “KJ-500” урьдчилан мэдээлэх онгоцыг зүүн Хятадын нисэх онгоцны буудлуудаас хөөргөж Миякогийн хоолой, Баши хоолой, Цүшимагийн хоолой дээгүүр нислэг үйлддэг аж. Энэ нь арал орчимд тандалт судалгаа хийх, газар орны нөхцөл байдалтай танилцах, арал дээр хэрхэн десантаар буух боломжийг судалж буйтай холбоотой байх магадлалтай.
2022 он гарсанаас хойш дөрвөн сарын 72 хоногт нь ХАЧА-ийн нисэх онгоц Тайваний агаарын хил рүү нэвтэрчээ. Энэ он гарснаас хойш нэг өдөрт хамгийн их нисэх онгоц илгээсэн тохиолдол нь 01 дүгээр сарын 23-ны өдөр ба тус өдөр 39 нэгж /үүнээс 34 нэгж нь байлдааны зориулалттай/ нисэх онгоц Тайваний “Агаарын ялган таних бүс” рүү илгээсэн юм. Учир нь 01 дүгээр сарын 17-22-ны өдөр Японы Тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчин болон АНУ-ын ТЦХ Окинава мужийн өмнөд хэсгийн усан бүсэд хамтарсан сургууль явуулсныг ХАЧА эсэргүүцсэн нь энэ ажээ.[13]
Бээжингийн зүгээс Тайвань руу нисэх онгоц илгээж байгаагаа Тайваний эрх баригч “Либерал ардчилсан” нам болон Тайваний салан тусгаарлах хүчний салан тусгаарлах оролдлого, гадны хүчний Тайванийг Хятадын эсрэг ашиглах гэсэн үйлдэлтэй холбоотой хэмээн мэдэгдсэн. Иймээс улс орны бүрэн бүтэн байдал, Тайваний салан тусгаарлатад хяналт тавих нь ХАЧА-ийн хүлээсэн үүрэг гэсэн тайлбар хийгээд байгаа юм.[14]
“Саарал бүсийн ажиллагаа”
Барууны болон Тайваний цэргийн стратегчид Хятад Улс Тайваньд “Саарал бүсийн ажиллагаа”-г хэдийн эхлүүлсэн гэж үзэж байна.[15] Цэргийн стратегчид тэмцэл хэрхэн үргэлжлэх талаар дараах байдлаар судлан үзсэн байна. “Саарал бүсийн ажиллагаа” гэдэг нь “дайн” болон “энхтайвны” хооронд хар биш, цагаан биш “саарал” орон зайд өрсөлдөхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл БНХАУ Тайваний чиглэлд “дайн”-ы ч бус, “энхтайвны” ч бус “Саарал бүсийн ажиллагаа”-г тогтмол явуулж, цэргийн хээрийн сургууль хийх, эргүүл, тандалтын нисэх онгоц, хөлөг онгоц илгээх, эдийн засаг, улс төр, дипломатын дарамт шахалт үзүүлэх үйл ажиллагаа явуулж айлган сүрдүүлж байна. Энэ нь цэргийн шууд мөргөлдөөнд хүрэхгүйгээр бүх төрлийн түрэмгийлэх үйл ажиллагааг явуулж байна гэсэн үг юм.
Цэргийн стратегчдийн хэлж байгаагаар, “Саарал бүсийн ажиллагаа” нь Тайбэйгийн эсэргүүцлийг сулруулж чадах хэдий ч Тайвань шийдэмгий байдлаа нэмэгдүүлснээр Хятадын бодлого амжилтгүй болох, эсвэл бүр сөрөг үр дагаварт хүргэж Тайвань АНУ-аас илүү хамааралтай болж болзошгүйг анхааруулж байна. Тэд мөн дайн болохыг ч үгүйсгэхгүй байгаа юм. Хэдийгээр урьдчилан таамаглах боломжгүй ч АНУ, Япон, Австрали зэрэг орнууд Бээжингийн зүгээс Тайвань руу хэрхэн довтолж болохыг судлан үзэж, Тайвань, АНУ болон бусад холбоотнуудтайгаа үүнээс хэрхэн хамгаалах хувилбаруудыг боловсруулж байна.
Хятадын зүгээс Тайванийг эзлэхэд хэрэгжүүлж болох олон төрлийн тактик байгаа ч эдгээр нь бүгд эрх баригч ХКН-ын хувьд тодорхой хэмжээний эрсдэл дагуулах юм. Мөн энэхүү нөхцөл байдал нь Тайвань, АНУ болон түүний холбоотон улс орнууд (тэр дундаа Япон)-д томоохон сорилт бий болгоно. Ши Жиньпинд Тайванийг шууд эзлэн түрэмгийлэх, эсвэл бүх талаас нь бүслэн “блокадад” оруулах сонголтууд байна.
Тайваний цэргийн зарим шинжээчдийн таамаглаж буйгаар, Бээжингийн дараагийн алхам нь Өмнөд Хятадын тэнгисийн хойд хэсэгт орших сул хамгаалалттай Пратас арлыг эзлэн авч болзошгүй байна. Энэхүү нөхцөл байдал хяналтаас гарвал Тайванийг тойрсон Хятад-Америкийн дайн болон хувирч болзошгүй юм.
АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хот дахь “Төсөл 2049” судалгааны хүрээлэнгийн захирал Иан Истон 2017 онд гаргасан “Хятадын түрэмгийлэл” номдоо Тайвань руу довтолсон тохиолдолд ХАЧА-д тулгарч болох сорилтуудын талаар бичжээ. Тэрээр БНХАУ Тайваньд хяналтаа тогтоовол дотооддоо олон нийтийн дэмжлэгийг авах болно. Ингэснээр ХКН-ын нэр хүнд хятадын ард иргэдийн дунд өсөх юм. Мөн Тайвань нь олон намын тогтолцоотой ардчилсан засаглалтай тул Бээжин Тайваний ардчилсан тогтолцоог нурааж нэг намын авторитар дэглэмээ тэнд байгуулахыг зорино. Энэ нь Тайваний асуудал бол нэг арлын асуудал бус авторитар дэглэм, ардчилсан тогтолцоо хоёрын өрсөлдөөн болохыг харуулж байна гэжээ.
Геополитикийн хувьд Тайванийг эзэлснээр БНХАУ “Нэгдүгээр арлын гинжин хэлхээ”-нд байр сууриа бэхжүүлэх ач холбогдолтой юм. Энэхүү “Нэгдүгээр арлын гинжин хэлхээ” нь Япон-Тайван-Филиппин-Индонезийн Борнео арал хүртэл үргэлжилдэг ба арлууд БНХАУ-ын Номхон далайд гарах гарцыг хааж байдаг юм.[16]
БНХАУ болон ОХУ-ын цэргийн харилцаа
Сүүлийн үед Хятад-Оросын харилцаа тэр дундаа цэргийн салбарын хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн. Тус хоёр орны цэргийн харилцаа улам бүр нягтарч байгааг гадаадын цэргийн шинжээчид “цэргийн холбоотон”-ы хэмжээнд хүрсэн гэж үзэх хандлага ч байна. Тодруулбал, Хятад-Орос 2021 онд “Сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 20 жилийн ой тохиож, хоёр улсын эдийн засаг, улс төрийн төдийгүй батлан хамгаалах салбар дээд түвшиндээ хүрсэн. АНУ-БНХАУ-ын худалдааны дайн, Ази Номхон далайн түвшинд ноёрхох гэсэн их гүрний бодлого, барууны орнуудын Оросын эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого, НАТО-гийн тэлэлт зэргээс тус хоёр орны харилцаа улам гүнзгийрэхэд хүргэсэн. Цар тахлын үед ч Хятад Оросын хамтарсан сургууль идэвхтэй үргэлжилж байв. 2021 онд Хятад, Оросын хамтарсан “Өрнөд. Харилцан ажиллагаа-2021” хээрийн сургууль Нинся хотонгийн ӨЗО-нд болж, БНХАУ анх удаагаа өөрийн нутаг дэвсгэр дээр гадаадын зэвсэгт хүчинтэй буюу ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан хээрийн сургууль зохион байгуулсан. Мөн тус хоёр орны “Тэнгисийн харилцан ажиллагаа-2021” ТЦХ-ий хамтарсан хээрийн сургууль Их Петрийн буланд явагдсан бол үүний дараахан хоёр орны АЦХ Ази номхон далайн бүс нутагт стартегийн хамтарсан нислэг үйлдсэн. Эдгээр нь цар тахлын энэ цаг үед Хятад-Оросын цэргийн харилцаа улам зузаарч буйг илтгэж байна.
[1] 中国人民解放军 https://zh.wikipedia.org/wiki/中国人民解放军
[2] 中国军事有多强大 http://www.yinzdian.com/etagid15385b0/
[3] 2022年中国国防费保持适度稳定增长 比上年增长7.1% http://www.mod.gov.cn/info/2022-03/10/content_4906558.htm#:~:text=2022年全国财政安排,加快武器装备现代化建设。
[4] 中国人民解放军战区 https://zh.wikipedia.org/wiki/中国人民解放军战区
[5] 五大战区哪个实力最强?中部战区还是东部战区?https://zhuanlan.zhihu.com/p/396291376
[6] 中国人民解放军东部战区 https://zh.wikipedia.org/wiki/中国人民解放军东部战区
[7] 五大战区哪个实力最强?中部战区还是东部战区? https://zhuanlan.zhihu.com/p/396291376
[8] 东部战区,绝对震慑! https://www.jfdaily.com/wx/detail.do?id=478645
[9] 国防部新闻发言人谭克非就美国国会议员窜访台湾发表谈话 http://www.mod.gov.cn/topnews/2021-11/09/content_4898602.htm
[10] 东部战区台海战备警巡 检验多兵种联合战力 http://www.takungpao.com/news/232110/2021/1110/653030.html
解放军39架军机绕台刷新今年纪录,台媒猜测“是在模拟空中电子防御演练” https://www.163.com/dy/article/GUHPA6BR0514R9OJ.html
[11] 东部战区海军航空兵某旅组织大强度跨昼夜飞行训练 http://m.people.cn/n4/2022/0328/c37-15505866.html
[12] 解放军今日派出52架次军机进入台西南空域创单日新高 https://mil.news.sina.com.cn/china/2021-10-04/doc-iktzscyx7919013.shtml
[13] 美日完成联合军演-中国派39架军机扰台 https://www.dw.com/zh/美日完成联合军演-中国派39架军机扰台/a-60531688
[14] 元旦一早解放军军机进台西南空域 2021年共计达239天 https://mil.news.sina.com.cn/2022-01-01/doc-ikyamrmz2582019.shtml
[15] China launches ‘gray-zone’ warfare to subdue Taiwan https://www.reuters.com/investigates/special-report/hongkong-taiwan-military/
[16] T-DAY: The Battle for Taiwan https://www.reuters.com/investigates/special-report/taiwan-china-wargames/?fbclid=IwAR0KJxPurLnKE0epmnRQZ5OOEzhwiF2gI84_I-mAOTRTpe2nWQJy_EeMjWo
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23