ОХУ, БНХАУ, АНУ-ын мансууруулах бодистой тэмцэх бодлого, стратеги
2022-03-25
Дэлхийн улс орнууд, НҮБ мансууруулах бодистой тэмцэх талаар олон төрлийн арга хэмжээг авч байгаа ч гэмт бүлэг, бүлэглэлүүдийн “Хүний наймаа”, “Мөнгө угаах-тероризмыг санхүүжүүлэх”, “Зэвсгийн худалдаа”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт” гэсэн суурь гэмт хэргүүдийг үйлдэх арга ажиллагаа улам нарийсч буй нь анхаарал татсаар байна. Түүнчлэн, Үндэстэн дамнасан гэмт бүлэглэлүүдийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн томоохон төвлөрлүүд ОХУ, БНХАУ, АНУ зэрэг оронд зүй ёсоор оршдог. Дээрх улс орон дахь мансууруулах бодистой холбоотой дотоод, гадаад нөхцөл байдал Монгол Улсад шууд ба дам нөлөөлдөг.
Аюулгүй байдал судлалын хүрээлэн энэ удаагийн дугаараар хойд, урд хөрш болон АНУ-д хэрэгжүүлж буй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх бодлого, стратегийн талаар тоймлон хүргэхийг зорилоо.
ОХУ дахь мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх бодлого, стратеги
ОХУ-ын мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн ерөнхий нөхцөл байдал.
ОХУ-д хар тамхины хэрэглээний түвшинг тодорхойлох, хүн амын дунд бий болсон хандлагыг үнэлэх зорилгоор явуулсан социологийн судалгаанаас үзэхэд хар тамхи, мансууруулах бодисыг тогтмол хэрэглэдэг хүний тоо өндөр байна.[1] 2019 оны социологийн судалгаанд хамрагдсан иргэдийн 21.8 орчим хувь нь хар тамхи хэрэглэж үзэх хүсэлтэй, 24.1хувь нь хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар хэрэглэж байсан болон хэрэглэж байгаа хүмүүстэй харилцдаг гэсэн дүгнэлт гарсан байна.
Дэлхий нийтийг хамарсан шинэ төрлийн коронавирусын халдварын цар тахал улс орнуудын хэвийн үйл ажиллагаа, гэмт хэргийн гаралтад шууд нөлөөлсөн байна. Тухайлбал, 2019 онд цахим технологи ашиглаж үйлдсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг 24.7 мянга бүртгэгдсэн бол 2020 оны дүнгээр цахим технологи ашиглан үйлдэгдсэн энэ төрлийн гэмт хэрэг 47 мянга буюу 2 дахин их бүртгэгдсэн нь анхаарал татаж байна.[2]
Үндсэн бодлого:
1. Мансууруулах бодисын хууль бус эргэлт, хууль бус хэрэглээг бууруулах;
2. Хууль бус хэрэглээнээс гарах үр дагавраас үүдэлтэй хүндрэл, хор уршгийг бууруулах;
3. Нийгэмд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хууль бус хэрэглээний эсрэг хандлагыг бий болгох.
Мансууруулах бодистой тэмцэх бодлого нь дараах стратегийн зорилтуудыг шийдвэрлэхээр тодорхойлсон байна. Үүнд:
- хар тамхины хууль бус худалдаа, хар тамхины эсрэг үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох (хар тамхины нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, шинжлэх ухааны судалгаа, боловсруулалтыг харгалзан үзэх);
- ОХУ-ын хилээр мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хил, гаалийн хяналтын механизмыг боловсронгуй болгох;
- хар тамхины хууль бус худалдаанаас олсон орлогыг хууль ёсны болгох (мөнгө угаах) үйл ажиллагаатай тэмцэх;
- мансууруулах бодисыг хууль бусаар үйлдвэрлэх, тээвэрлэх, түгээх дэд бүтцийг устгах, ОХУ-ын нутаг дэвсгэрт мансууруулах бодисын хууль бус үйлдвэрлэлийн түүхий эдийн баазыг бууруулах;
- хар тамхинаас урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааны нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх;
- Оросын уламжлалт оюун санаа, ёс суртахуун, соёлын үнэт зүйлсийг харгалзан нийгэмд хар тамхины хууль бус хэрэглээний эсрэг ухамсарт хандлагыг бий болгох нөхцөлийг бүрдүүлэх;
- мансууруулах бодис хэрэглэгчдийн халдварт өвчнөөс (ХДХВ-ийн халдвар, вируст гепатит, сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчин) урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх хүртээмжийг нэмэгдүүлэх;
- хар тамхи хэрэглэгчийг шүүхийн шийдвэрээр эмчлэх, эмнэлгийн болон нөхөн сэргээх эмчилгээнд хамруулах эрх зүйн механизмыг боловсронгуй болгох;
- эмийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, эмийн хяналтын чиглэлээрх судалгааны үр ашиг, бодитой байдлыг нэмэгдүүлэх;
- хар тамхи хэрэглэгчид, түүний дотор хорих газраас суллагдсан болон тогтмол оршин суух хаяггүй хүмүүсийг нийгэмшүүлэх боломжийг нэмэгдүүлэх.
Мансууруулах бодист донтогч, хэрэглэгчийн тоог бууруулах үйл ажиллагаа:
а) ОХУ-д мансууруулах бодисын хэрэглээг хууль ёсны болгох, түүнчлэн мансууруулах өвдөлт намдаах эмийн хэрэглээг үндэслэлгүйгээр өргөжүүлэхгүй байх;
б) хар тамхины хууль бус хэрэглээнээс үүдэлтэй хордлогын тохиолдол, нас баралтын түвшинг бууруулах;
в) наркологийн албыг цогцоор нь хөгжүүлэх, наркологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн байгууллага, салбар нэгжүүдийн материал, техникийн баазыг сайжруулах, эрүүл мэндийн нөхөн сэргээх төв, тасгийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх:
г) мансууруулах бодисыг хууль бусаар ашиглах, хар тамхинд донтох өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, түүнчлэн хар тамхинд донтсон хүмүүсийг эмчлэх арга барилыг боловсронгуй болгох;
д) мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн хууль бус хэрэглээг эрт илрүүлэх (эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний түвшинд) сайжруулах;
е) мансууруулах бодис хэрэглэгчдийн дунд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг нэвтрүүлэх;
ж) хар тамхинд донтсон хүмүүсийг нийгмийн нөхөн сэргээх тогтолцоог хөгжүүлэх, нийгэмшүүлэх, архи, мансууруулах бодис болон бусад хорт зуршилтай хүмүүсийг нийгэмшүүлэх;
з) мансууруулах бодис хэрэглэгчдийг нийгэмшүүлэх тогтолцоог төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор хөгжүүлэх, үр дүнтэй ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх, механизмыг үе шаттайгаар нэвтрүүлэх.
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах үйл ажиллагаа:
а) ОХУ-ын хилээр дамжин өнгөрөх бараа, тээврийн дэд бүтцийн байгууламжид хяналт тавих, хил, гаалийн хяналтын механизмыг боловсронгуй болгох.
б/ зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэлээс үйлдэгдэж буй хар тамхины хууль бус худалдаатай холбоотой гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зүйг боловсронгуй болгох;
в) хар тамхины хууль бус худалдаатай холбоотой зохион байгуулалттай бүлэглэл, гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагаанд иргэд оролцохоос урьдчилан сэргийлэх механизмыг боловсруулах;
г) орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан зохион байгуулалттай бүлэглэл холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох механизмыг хөгжүүлэх;
д) хар тамхины хууль бус худалдаанаас олсон орлогыг хууль ёсны болгохтой тэмцэх, түүний дотор энэ чиглэлийн санхүүгийн гүйлгээг илрүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй зохион байгуулалттай бүлэг, гэмт хэргийн бүлэглэл, аж ахуйн нэгжийн гишүүдийг илрүүлэх.
е) хар тамхины гэмт хэргийн эдийн засгийн сүлжээг таслан зогсоох тактик, арга зүйг сайжруулах, хууль сахиулах байгууллагууд, санхүүгийн хяналтын алба болон төрийн бус байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх;
ж) хар тамхины хууль бус худалдаатай холбоотой гэмт хэрэг үйлдэхэд цахим төлбөрийн хэрэгслийн хэрэглээг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг боловсронгуй болгох.
БНХАУ дахь мансууруулах бодистой тэмцэх бодлого, үйл ажиллагааны онцлог
БНХАУ-ын мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн ерөнхий ерөнхий нөхцөл байдал
Ковид-19 цар тахлын хорио цээрийн улмаас ажилгүйдэл нэмэгдэж байгаа нь ядуу, амьдралын боломж муутай иргэдийг хар тамхинд донтох, хар тамхины гэмт хэрэгт холбогдоход хүргэж байна. БНХАУ-ын хэмжээнд хар тамхитай холбоотой 64 мянган гэмт хэргийг илрүүлж, 92 мянган сэжигтэн баривчилж, 55,49 тонн хар тамхи хураан авч, 427 мянган хар тамхинд донтсон хүнийг илрүүлэн шалгаж, 149 мянган хүнд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой албадлагын арга хэмжээ авч, 9.9 мянган хүнийг эмчлэх, нийгэмшүүлэх төвд хамруулжээ.
Шинэ төрлийн бодисын талаар. БНХАУ-ын Цагдаагийн байгууллага хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй хатуу тэмцэж байгаа боловч шинэ төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ихээр үйлдвэрлэгдэж байгаагийн улмаас шинэ төрлийн мансууруулах бодисыг таньж мэдэх, тодорхойлоход хүндрэл учруулж байна.
Түүнчлэн хар тамхи хууль бусаар борлуулдаг гэмт бүлгийн этгээдүүд зуны улиралд өсвөр үеийн залуучууд цэвэр ус их ууж байгааг ажиглан цэвэр усны үйлдвэр болон дарсны үйлдвэр, эмийн үйлдвэрүүдтэй хамтран “Папаяа” нэртэй мансууруулах төрлийн шингэн ундааг хууль бусаар шингэн зүйлд нийлэгжүүлэн үйлдвэрлэж, худалдан борлуулсан байна.
Үндсэн бодлого:
БНХАУ-ын төрийн бодлогод хар тамхитай тэмцэх ажил нь урьдчилан сэргийлэх ажлыг нэн тэргүүнд тавих, иж бүрэн цогц менежмент хийх, хэрэглээ, тариалах, үйлдвэрлэх, худалдаалах зэрэг хориглох бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажлыг Засгийн газрын нэгдсэн удирдлага дор, холбогдох газрууд нь хариуцаж, нийгмийн өргөн оролцоотой ажиллах механизмтай байна.
Төрийн зөвлөлөөс мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хороог байгуулж, үндэсний хэмжээнд мансууруулах бодистой тэмцэх ажлыг зохион байгуулж, удирдан чиглүүлэх;
Орон нутгийн засаг захиргаа хар тамхитай тэмцэх ажлын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хар тамхины хяналтын хороог өөрийн засаг захиргааны бүс нутагт зохион байгуулах, зохицуулах, удирдан чиглүүлэх;
Түүнчлэн муж болон түүнээс дээш түвшний ардын засгийн газар хар тамхитай тэмцэх ажлыг үндэсний эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөндөө тусгаж, хар тамхитай тэмцэх хөрөнгийг зохих түвшинд төсөвт суулгасан байх зэрэг үүрэгтэй.
Мөн энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээ, мэдээллийг цагдаад мэдээлэхийг иргэддээ уриалж, бүх шатны ардын засгийн газар, холбогдох хэлтэс мэдээлэгчдийг хамгаалж, гавъяа байгуулсан, хар тамхитай тэмцэх ажилд гарамгай хувь нэмэр оруулсан нэгж, хувь хүмүүсийг шагнаж урамшуулах бөгөөд төрөөс сайн дурынхныг хар тамхины эсрэг сурталчилгаа, мансууруулах бодисыг нөхөн сэргээх боловсрол, нийгмийн үйлчилгээнд оролцохыг дэмжиж, бүх шатны нутгийн засаг захиргаа сайн дурынхныг удирдан чиглүүлж, сургалт, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангана гэжээ.[3]
Хар тамхинаас урьдчилан сэргийлэх, сурталчлах, соён гэгээрүүлэх чиглэлээр:
Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 2 дугаар бүлгийн 11 дүгээр зүйлд хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үйл ажиллагааг сурталчлах, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулахад урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлого, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх нь чухал ба төрөөс иргэд, байгууллагыг нийтийн сайн сайхны төлөө хар тамхины эсрэг сурталчилгаа явуулахыг дэмжинэ гэжээ.
Боловсролын яамны захиргааны алба хариуцан их дээд сургуулиудад хар тамхины эсрэг мэдлэгийг хичээлийн хөтөлбөрт тусгаж, оюутнуудад хар тамхины эсрэг ухуулга сурталчилгаа, сургалт явуулна. Цагдаагийн байгууллага, шүүхийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн захиргааны байгууллага туслалцаа үзүүлэх;
Хэвлэл мэдээлэл, соёл урлаг, радио, кино, телевиз зэрэг холбогдох нэгжүүд хар тамхины эсрэг сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг нийгэмд чиглүүлэн явуулах;
Нисэх буудал, галт тэрэгний буудал, автобусны буудал, боомт, зочид буудал, үзвэр үйлчилгээний газар зэрэг олон нийтийн газар ажилладаг албан хаагч, удирдлага тухайн газарт хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх урьдчилан сэргийлэх арга хэмжээг сурталчлах ажлыг хариуцан ажиллах;
Төрийн болон ТББ, аж ахуйн нэгж бусад байгууллагууд хар тамхины эсрэг соён гэгээрүүлэх, сурталчилах ажилд дэмжлэг үзүүлж, зохион байгуулж буй ажилтнууддаа дэмжлэг үзүүлэх;
Насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нь насанд хүрээгүй хүүхдийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн шинжтэй бусад үйл ажиллагаа явуулахаас урьдчилан сэргийлэхийн тулд мансууруулах бодисын хор уршгийн талаар сургах үүрэгтэй гэжээ.
АНУ дахь мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх стратеги
АНУ дахь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх стратеги
Мансууруулах бодисын хууль бус эргэлтийн эсрэг үндэсний стратеги бодлогыг АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын үндэсний бодлогын газар (ONDCP)-ын хяналт дор боловсруулж, үндсэн зорилт, тэргүүлэх чиглэлийг тодорхойлдог. Тус газар мансууруулах бодисын хяналтын үндэсний стратеги зорилтуудын хүрээнд Холбооны засгийн газрын 16 агентлагийн санхүүжилтийг баталдаг байна.
АНУ-ын холбооны засгийн газар мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажлыг дараах чиглэлээр явуулж иржээ. Үүнд:
– Мансууруулах бодисыг хууль бусаар экспортолж буй улс орнуудын засгийн газарт нөлөө үзүүлэх;
– АНУ-ын хилээр хууль бусаар оруулж ирсэн мансууруулах бодисыг илрүүлж хураах;
– Тус улсын хэмжээнд мансууруулах бодис үйлдвэрлэгч, борлуулагч гэмт хэргийн байгууллага, этгээдүүдтэй тэмцэх;
– Мансууруулах бодисын эрэлт, хэрэглээг бууруулахад нөлөөлөх зэрэг болно.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын стратеги
Мансууруулах бодисын хэрэглээ нь үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндэд ноцтой хор уршиг үзүүлж байгааг хүлээн зөвшөөрч, уг бодисын хууль бус эргэлттэй тэмцэх асуудлыг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
АНУ-д мансууруулах бодисын донтолтыг бууруулах чиглэлээр дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:
1. Оюутан залуучуудад мансууруулах бодис хэрэглэж байгаа эсэхэд хяналт, шинжилгээ хийх. Шинжилгээг урьдчилан сэргийлэх хөтөлбөр болгон ашиглаж, эерэг гарсан тохиолдолд мэдээллийг зөвхөн оюутан залуучуудын эцэг эх, нийгмийн ажилтанд мэдэгдэх, шаардлагатай бол зөвлөгөө өгөх, эмчилгээ хийлгэхийг санал болгох, шинжилгээний хариуг шийтгэх зорилгоор ашиглахгүй байх, хууль сахиулах байгууллагад мэдээлэхгүй байх.
2. Мансууруулах бодисынхууль бус эргэлтийн эсрэг үндэсний хэмжээний кампанит ажил зохион байгуулах. Төлбөртэй зар сурталчилгаанд анхаарал хандуулах, өсвөр насны хүүхэд бүрийг “Нөлөөллөөс ангид, ёс суртахуунаараа дээгүүр бай” гэсэн мессежээр дамжуулан хувь хүний мөн чанараа удирдан зохицуулахыг уриалах, сөрөг мессежийг эсэргүүцэх, хар тамхи хэрэглэх сэдлээс “хол байлгах”, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран мансууруулах бодисынхууль бус эргэлттэй тэмцэх сурталчилгаагаар нийгмийн хүрээнд хүрч ажиллах зорилтыг тавьсан.
Хөтөлбөрүүд
Эмчилгээний хөтөлбөр: Мансууруулах бодисын эмчилгээний нийгэмлэгүүд АНУ-ын засгийн газартай хамтран энэхүү хөтөлбөрийг боловсруулжээ. Хэрэв иргэнд мансууруулах бодистой холбоотой асуудал илэрсэн бол мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн нэн даруй богино хэмжээний хөндлөнгийн хяналтыг гүйцэтгэдэг байна.
Сэргээх хөтөлбөр: Эмчилгээний хөтөлбөрийг дуусгасны дараа тусламж хүссэн хүмүүс “эмчилгээний ваучер” гэж нэрлэгддэг сэргээх хөтөлбөрт хамрагдах боломжийг олгох зорилготой юм.
Нэргүй итгэлцлийн цэгүүд, нөхөн сэргээх төвүүд: Америкийн томоохон хотуудад өвчтнүүд болон тэдний төрөл төрөгсдөд анхны тусламжийн зөвлөгөө өгдөг нэргүй итгэлцлийн цэгүүдийн сүлжээ байдаг. Насанд хүрээгүй хүмүүсийн зан төлөв, үзэл бодолд амьдралын орчны нөлөө их байдгийг үндэслэн түүнд чиглэсэн хөтөлбөрүүдийг боловсруулдаг.
Эцэг эхийн оролцоотой урьдчилан сэргийлэх олон төрлийн хөтөлбөрүүд байдаг. Үүнд:
Мэдээллийн хөтөлбөр: Хар тамхинаас урьдчилан сэргийлэх аргын талаар эцэг эхчүүдэд зориулсан практик сургалтын хөтөлбөрүүд;
Гэр бүлийн оролцоо хөтөлбөр гэх мэт мансууруулах бодисын төрөл, нас, нийгмийн бүлэг, зорилтот давхарга зэргээс хамааран янз бүрийн хөтөлбөрүүд байна.
Дүгнэлт
Дэлхий дахинд тархсан Ковид-19 цар тахлын хүрээнд дэлхийн ихэнх улсад нийт гэмт хэрэг, зөрчлийн тоо багасах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ харьцангуй багассан эерэг үзүүлэлтүүд гарч байгаа хэдий ч цахим технологи, крипто төлбөрийн хэргэсэл хөгжихийн хэрээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хамаарах уламжлалт хандлага, нөхцөл байдал өөрчлөгдөж, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа илүү системчлэгдсэн, нууцлагдсан, илрүүлэхэд төвөгтөй болох хандлага ажиглагдаж байна.
ОХУ, БНХАУ, АНУ дахь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн нөхцөл байдал манай улсад шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Иймд тухайн улс орнуудад хэрэгжүүлж буй мансууруулах бодистой тэмцэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд, тэдгээрийн тогтолцоо, энэхүү гэмт явдалтай тэмцэх бодлого стратегийг өөрийн орныхтой харьцуулан судлаж, хэрэгжүүлж болох зарим өгөгдлүүдийг нутагшуулахад анхаарах нь зүйтэй.
Ашигласан эх сурвалж:
[1] 1.9 сая хүн буюу хүн амын 1.3 хувь.
[2] Доклад о наркоситуации в Российской Федерации в 2020 году (выдержка) Москва 2021
[3] БНХАУ-ын “Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай хууль”-ийн 1 дүгээр бүлгийн 10 дугаар зүйл.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Геополитикийн шинэ туйл – Европын холбооДараах нийтлэл
Эх газрын Хятад ба Тайваний цэргийн хүчин чадал /эхлэл/Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19