БНХАУ “Бүс, зам” санаачилгыг 2013 онд дэвшүүлснээс хойш Хятадын гадаад үйл ажиллагаа бүхий л салбарт идэвхжиж байна. Гэхдээ “Бүс, зам” санаачилгын хэрэгжилтэд тулгарч буй эрсдэл сорилтыг Хятад улс хэрхэн даван туулж буй нь стратегийн гол үр дүнг тодорхойлно. Иймээс зорилго, үзэл баримтлал, нөөцийг тэнцвэржүүлэх чадамж гэсэн стратегийн гурван тулгуураар “Бүс, зам” санаачилгын хэрэгжилтийн явцыг авч үзлээ.
“Бүс, зам” санаачилгын зорилго
“Бүс, зам” санаачилгын зорилго бол “Зөвшилцөх, бүтээлцэх, хуваалцах зарчмаар хамтын хөгжлийн боломжийг бий болгох явдал юм” гэж Хятадын дарга Ши Жиньпин товчхон тодорхойлжээ.[1] “Бүс, зам”-ын зорилгыг дэлгэрүүлэн Хятадын эрдэмтэн Ван Ивэй “Бүс, зам”-ыг хамтдаа бүтээхүйн зорилго нь эдийн засгийн эд эсийг эмх цэгцтэй, чөлөөтэйгөөр урсгах, нөөц баялгийг дээд зэргийн үр ашигтайгаар байршуулах, зах зээлүүдийг нягт холбох, зам дагуух олон улсын эдийн засгийн бодлогыг уялдуулах, илүү өргөн, гүнзгий түвшний бүс нутгийн хамтын ажиллагааг өрнүүлэх, нээлттэй, хүртээмжтэй, тэнцвэртэй, ашигтай бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг хамтдаа бүтээн байгуулах”-д оршино гэж тайлбарлажээ.
“Бүс, зам” санаачилгын үзэл баримтлал
“Бүс, зам” санаачилгын үзэл баримтлалын дагуу “Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл”-ийг бий болгох явдал гэж хятадын тал үзэж байна. “Бүс, зам” бол зөвхөн хөгжлийн санаачилга биш, харин Европ, Ази, Африкийн хамтдаа сэргэн мандах үзэл санаа бөгөөд үүний хамгийн гол зорилго нь “хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл”-ийг хэрэгжүүлж, хүн төрөлхтнийг хамгийн том зөвшилцөлд хүргэх явдал гэж хавьгүй өргөн хүрээ, өргөн агуулгатайгаар томьёолжээ.
2017 онд “Бүс, замын хэтийн зорилт ба үйл ажиллагаа”[2] баримт бичгийг баталсан бөгөөд уг баримт бичигт дурдсанаар “Бүс, зам”-ыг хэрэгжүүлэх арга зам нь бодлогын уялдаа, дэд бүтцийн хэлхээ, худалдааны эргэлт, санхүүгийн урсгал, иргэдийн ойлголцол хэмээх “таван хэлхээ”-г бий болгох бөгөөд ногоон, эрүүл, ухаалаг, энхтайванч торгоны замыг хамтдаа байгуулж, глобал засаглалд хятадын төслөөр хувь нэмэр оруулж буй явдал гэж үзэж буй.
“Бүс, зам” санаачилгыг Хятад маягийн даяаршил гэж нэрлэж болно. Уг санаачилгыг дэвшүүлснээр уламжлалт даяаршлыг халж, шинэ даяаршлыг бий болгох явдал юм. Хятадуудын үзэж буйгаар өрнөдийн орнуудын түүчээлсэн даяаршил зөвхөн далай тэнгисээр өрнөдөг хагас дутуу даяаршил, харин хятадууд хуурай газрын орнуудын эдийн засгийн интеграцыг бий болгох замаар даяаршлын дутууг нөхөж өгнө хэмээж буй юм.
“Бүс, зам” санаачилгын нөөц
Аливаа стратеги бодлогын зорилго, үзэл санааг хэрэгжүүлэхэд нөөц чадамж нь хэр вэ гэдгийг дипломат харилцаа, мэдээллийн далайц, цэрэг болон эдийн засгийн чадамж гэсэн дөрвөн нөхцлөөр авч үздэг. Энэ дагуу “Бүс, зам” санаачилгыг доор авч үзэв.
Дипломат харилцаа:
Хятад улс бусад улстай холбоотон болохгүй, харин түншлэл бий болгоно гэдэг зарчмаар дэлхий даяар өргөн хүрээнд “анд нөхдийн сүлжээ” үүсгэж байгаа. Өдгөө Хятад 180 улстай дипломат харилцаатай, үүнээс 112 улс болон олон улсын байгууллагатай янз бүрийн хэлбэрийн түншлэлийн харилцаа тогтоосон байна. “Бүс, зам”-ын хүрээнд авч үзвэл 138 улс, 32 олон улсын байгууллагатай “Бүс, зам”-ыг хамтдаа байгуулах тухай 200 гаруй баримт бичигт гарын үсэг зуржээ.[3]
Гэвч сүүлийн жилүүдэд Тайвань Хонконг хүний эрхийн асуудал зэргээс шалтгаалан “Бүс, зам”-ын гол маршрут дагуух Зүүн Европын орнууд БНХАУ-тай харилцаа муудах хандлага гарч байна. 2020 оны 8 сарын сүүлээр БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Европын орнуудаар айлчлах үеэр Чехийн парламентын дарга Тайваньд айлчилж байсан бөгөөд Ван И Чех улсыг хатуу шүүмжилж “улаан шугам давсан, төлөөс төлөх болно” гэж хэлсний хариуд Германы гадаад хэргийн сайд Х.Маас Чехийг өмгөөлж Европын холбоо гадны хүчний заналхийллийг хүлээн зөвшөөрөхгүй, Европын үнэт зүйлийг хамгаалж Хонконгийн ардчиллыг дэмжихээ илэрхийлсэн юм. Польш, Румын улсууд БНХАУ-аас хөндийрөх болсон бол Балтын тэнгисийн Латви, Литва, Эстони улсууд БНХАУ-ыг ОХУ-тай адилхан аюулгүй байдалд заналхийлсэн улс гэж үзэх болов.[4] БНХАУ Европыг холбох “Бүс, зам”-ын гол зангилаа болсон “17+1” хамтын ажиллагааны механизмаас Литва улс гарч байгаа 2021 оны 3 дугаар сард мэдэгдсэн юм.
Ийнхүү Хятад улс “Бүс, зам” санаачилгын дагуу өргөн хүрээнд “анд нөхдийн сүлжээ” үүсгэж байгаа боловч Тайвань, Хонконг гэх мэт Хятадын язгуур ашиг сонирхолтой холбоотой асуудлаар бусад улстай харилцаа хүйтрэх хандлагатай байгаа нь сорилт учруулж байна.
Мэдээлэл:
“Бүс, зам”-ыг сурталчлах, мэдээллийн солилцоог сайжруулах зорилгоор хэвлэл мэдээллийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. “Бүс, зам”-ын мэдээллийн хамтын ажиллагааны холбоог байгуулж, 2021 оны байдлаар нийт 210 хэвлэл мэдээллийн хэрэгсэл уг холбооны гишүүн болоод байна. Тус холбооны сайт /www.brnn.com/ голлох 7 хэл дээр мэдээллийг нэгдсэн журмаар цацдаг гол талбар аж.[5] “Бүс, зам”-ын дагуух орнуудтай “дижитал торгоны зам” хэмээх арга хэмжээг явуулж, 2020 он гэхэд Хятад улс 16 улстай “дижитал торгоны зам”-ын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, мэдээлэл солилцоог эрчимжүүлжээ. Уг хамтын ажиллагааны дагуу “Бүс, зам”-ын 10 гаруй улстай хуурай газар болон далайгаар шилэн кабелиар холбогдсон ба хүчин чадал нь 100 Tbps хүрч, Ази, Африк, Европын орнуудтай шууд холбогдох боломжтой болсон байна.[6]
Мэдээллийн дэд бүтэц сайжирч, мэдээллийн хэмжээ нэмэгдэж байгаа боловч мэдээллийн чанарын тал дээр бэрхшээл учирсаар байгаа. Синьхуа агентлагийн хийсэн судалгаагаар “Бүс, зам”-ын тухай хятад хэл дээрх мэдээллээс англи хэл дээрх мэдээлэл тооны хувьд илүү олон. Нийт мэдээллийн 80 гаруй хувь нь Азийн орнуудад гарсан (удаахид нь Европ орсон бол Хойд Америк, Африкт гарсан мэдээлэл цөөн байв). Нийгмийн сүлжээ, интернэт мэдээллийн сувгуудаар цацагдаж буй мэдээлэл дийлэнх хувийг эзэлж буй бөгөөд YouTube дэх мэдээллийн тоо хэмжээ хятадын дотоодын 7 том хэвлэлийн мэдээллээс ч давсан байдаг ажээ. “Бүс, зам”-ын тухай асар их мэдээллүүд гарч байгаа боловч агуулга нь бүрэн цогц биш, алаг цоог, гол санааг нь тусгадаггүй, сөрөг мэдээлэл ихтэй, эерэг талыг дурдсан мэдээлэл нь улс төрийн өнгөтэй хуурай мэдээнүүд байна гэсэн дүгнэлтийг хятадын судлаач Мао Вэй хийжээ.[7]
Цэрэг:
Хятад улс 2017 онд Африкийн Жибути улсад цэргийн баазаа байрлуулсан нь хилийн чанад дахь анхных бөгөөд одоогоор цорын ганц цэргийн бааз юм. Жибути бааз нь Ази, Африк, Европ тивийн уулзвар дээр оршдог, Улаан тэнгисээр дамжин Энэтхэгийн далай хүрдэг стратегийн чухал байрлалтай газар юм. Албан ёсоор нотлоогүй боловч хоёрдахь цэргийн баазыг Пакистаны Гвадар боомт дээр байгуулна гэсэн мэдээлэл бий.[8]
“Бүс, зам”-ын хүрээнд Хятад улс цэрэг батлан хамгаалахын хамтын ажиллагааг бэхжүүлж, улс орнуудтай хамтарсан сургууль тогтмол явуулж, батлан хамгаалах технологийн үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өрнүүлж буй. Агаарын болон мэдээллийн хамтын ажиллагааг батлан хамгаалах салбарын хүрээнд мөн идэвхтэй явуулж байгаа ажээ.[9]
“Бүс, зам”-ын хүрээнд эдийн засгийн төсөл хөтөлбөрүүдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах асуудал тулгарна. Үүнд цэрэг-иргэний хамтын ажиллагааны хэлбэрийг санал болгож буй тохиолдол байна.[10] Учир нь Хятадын цэрэг-иргэний харилцаа нь анх эдийн засгийн зарим бүтээн байгуулалтад цэргийг дайчлах санал санаачилгаас үүсэлтэй бий болгосон хэлбэр юм. Хятадын дарга Ши Жиньпин “цэрэг-иргэнийг интеграцчилсан үндэсний стратегийн тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх хэрэгтэй” хэмээн онцлодог бөгөөд “Бүс, зам”-ын гол хэсэг болох боомт-хот-загвар, дижитал торгоны зам ба мэдээллийн коридор гэх мэт нь цөм цэргийн ч иргэний ч хос зориулалттай бөгөөд цэрэг тагнуулын боломжит нөөц чадавхыг зузаатгаж өгч буй хэмээн АНУ-ын дипломатч Данел Рассель хэлээд “Бүс, зам” зэвсэгжиж байна хэмээн онцложээ.[11]
Эдийн засаг:
“Бүс, зам” санаачилгыг дэвшүүлсэн эдийн засгийн дотоод гадаад хоёр шалтгаантай.
Эдийн засгийн дотоод шалтгаан: Хятадын дотоодод эдийн засгийн үйл ажиллагаа, хүний нөөцийн бараг гуравны хоёр далайн эрэг дагуух зүүн бүсэд төвлөрдөг, гэтэл энэ хэсэг Хятадын газар нутгийн ердөө гуравны нэгийг эзэлдэг. Эсрэгээрээ Хятадын төв ба баруун бүс нийт газар нутгийн гуравны хоёрыг эзэлдэг ч нийт эдийн засгийн үйл ажиллагааны гуравны нэгийг л эзэлж байгаа нь далайн эрэг орчмын бүс эх газрын гүний бүс хооронд хөгжлийн тэнцвэргүй байдлыг үүсгэжээ. Үүгээр тогтохгүй Хятадын тээвэр, харилцаа холбоо, агаарын маршрут бүгд зүүн хэсгийн Хөх мөрний гурван бэлчир, өмнөд Хятадын Сувдан тэнгисийн бэлчирт төвлөрдөг нь хэт нягтрал бөглөрлийг үүсгэдэг. Хятадын экспорт импортын дийлэнх бараа энэ хоёроор дамжсаны дараа үндсэндээ Зүүн өмнөд Ази, Европ, АНУ руу усан тээврээр цааш хүргэгддэг. Далайн эргийн зүүн бүсээс хэт их хамааралтай байгаа нь Хятадын стратегийн сул тал юм. Ийм нөхцөлд “Бүс, зам” нь зүүн, баруун харилцан туслах, далай эх газрыг нэвт болгох бүх талаар нээлттэй бодлогод анхаарч, дотоодын интеграцаа урагшлуулахад чиглэж байна.[12]
Эдийн засгийн гадаад шалтгаан: Хятадын эдийн засаг өсөхийн хэрээр 90-ээд оноос эхлэн хүнс, газрын тос, түүхий эдийн эрэлт тасралтгүй нэмэгдэж, гаднаас импортлох хэрэгцээ улам нэмэгдэж байна. Хөнгөн цагаан гэхэд дэлхийн нөөцийн 3 хувь нь Хятадад байдаг ч дэлхийн хөнгөн цагааны үйлдвэрлэлийн 21 хувийг Хятад гаргаж байна. Дэлхийн газрын тосны үйлдвэрлэл жилд 1 хувиар нэмэгддэг байхад Хятадын газрын тосны импорт жилд 10 хувиар нэмэгдэж, дэлхийн газрын тосны хэрэглээнд Хятадын эзлэх хувь өссөөр байна. Энэ мэтчилэн уул уурхайн болон бусад түүхий эдийн эрэлт цаашид улам нэмэгдэх төлөвтэй. Дэлхий дээр нөөц баялаг үйлдвэрлэлийн зөрчил нэмэгдэхийн хэрээр Хятад улс нөөцийн гадаад нийлүүлэлтээ баталгаажуулах шаардлагатай тулгарч, эдийн засгийн коридор байгуулах хэрэгцээ тулгарч байгаа[13] ба үүнтэй холбоотой “Бүс, зам”-ыг дэвшүүлсэн хэмээн Хятадын макро эдийн засгийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Ван Жень бичжээ.
Ийнхүү гадаад дотоод шалтгаанаар “Бүс, зам”-ыг эхлүүлэн, 2000-аад оноос хэрэгжүүлсэн “гадагш гарах” стратегиа эрчимжүүлж, хилийн чанадад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэв. Гэвч зарим хөрөнгө оруулалтууд нь “Бүс, зам”-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, Бээжингийн “өрийн занга” гэгдэн барууны орнуудад шүүмжлэгдэх болсон. Шриланкын засгийн газар 1.5 тэрбум ам.долларыг Хамбантота (Hambatota) боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулсан ч эдийн засгийн үр ашгийг зөв тооцоогүйгээс БНХАУ-ын өрийг төлөх боломжгүй болж улмаар 2017 онд БНХАУ төрийн өмчит компанид 99 жилээр түрээслэх гэрээтэйгээр боомтын 70%-ын хувьцааг эзэмшүүлж, боомтын 6000 га талбайд эдийн засгийн онцгой бүс байгуулах зөвшөөрлийг өгсөн байдаг. Мальдив улсад 2018 онд ерөнхийлөгч солигдож БНХАУ-тай харилцах харилцаа өөрчлөгдөөд байгаа бөгөөд ковид-19-тэй холбоотойгоор зээлээ төлөх боломжгүй нөхцөлд ороод байгаа.[14] Эстони улс байгаль орчин аюулгүй байдлын шалтгаанаар далайд 100 км хонгил барьж Балтын тэнгисээр Финляндтай авто зам төмөр замаар холбогдох “Бүс, зам”-ын төслөөс татгалзав. Иргэний дайнд нэрвэгдээд байгаа Этиоп улсад “Бүс, зам”-ын үйл ажиллагаа зогсоод байна.
Үүнээс гадна “Бүс, зам”-д АНУ-аас үзүүлэх улс төр эдийн засаг аюулгүй байдлын шахалт нь хамгийн гол сорилт болж байна. 2020 оны 8 сарын 25-ны өдөр АНУ-ын засгийн газраас “Бүс, зам” стратегийн бүтээн байгуулалтад голлон оролцдог БНХАУ-ын хамгийн том дэд бүтцийн компани зэрэг нийт 24 компанид (china communications construction company) Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүс нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцсон гэх үндэслэлээр эдийн засгийн хориг тавиад байна. АНУ-ын үзүүлэх шахалт хориг арга хэмжээ нь ирэх жилүүдэд БНХАУ-ын “Бүс, зам”-ын бүтээн байгуулалтад саад учруулахаар байна.
Эрсдэл бууруулах алхмууд
Дипломат харилцаа: Хятад улс “Бүс, зам”-ын дагуух орнуудтай дипломат харилцаа муудах үед эрс хатуу арга хэмжээ авч байна. Учир нь сөргөлдөөнт асуудал болох Тайвань, Хонконг, Шинжааны хүний эрхийн асуудал бол Хятадын язгуур эрх ашигтай холбоотой тул буулт хийх боломжгүй гэж мэдэгддэг. Хятад улс худалдаа хөрөнгө оруулалтаа бууруулах замаар хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа нь эргээд “Бүс, зам”-ын бүтээн байгуулалтад сөрөг нөлөөтэй юм. Дипломат харилцаа муудах үед эдийн засгийн аргаар хариу барих нь эрсдэл бууруулах алхам болж чадахгүй тул Хятад улс “Бүс, зам”-ын дагуух орнуудад тогтвортой байдлыг хадгалах, Хятадын нэр хүндийг өсгөх зорилгоор 2021 онд БНХАУ “Вакцины дипломт ажиллагаа”-г хэрэгжүүлж Бээжингийн “зөөлөн хүч”-ийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мэдээлэл: “Бүс, зам”-ын мэдээллийн хэмжээ их боловч дийлэнх нь англи хэл дээр, тархаж буй нийгмийн сүлжээ нь өрнөдийн орнууд суурьтай, сөрөг мэдээллүүд цөөнгүй байна. Үүнийг Хятад улс хянах удирдах боломжгүй, гэхдээ шилэн кабелиар шууд холбогдох боломж бүрдүүлсэн зэрэг мэдээллийн хатуу дэд бүтцийг бэхжүүлж, цаашид вычат, тикток гэх мэт нийгмийн сүлжээний программууд дэлгэрүүлэх замаар мэдээлэл сурталчилгааны цар хүрээг тэлэх арга хэмжээ авч буй нь эрсдэл бууруулах гол алхам болж байна.
Цэрэг: “Бүс, зам” санаачилгыг зарласнаас хойш анхны цэргийн баазаа байгуулсан. Цэрэг батлан хамгаалах хамтын ажиллагааг хоёр талт болон энхийг сахиулах талбараар дамжуулан нэмэгдүүлэх сонирхолтой. Гэхдээ цаашид “Бүс, зам”-ын төсөл, хөрөнгө оруулалтаа хамгаалахад батлан хамгаалах салбар хэрхэн оролцох вэ гэдэг асуудал тодорхой бус байна. Одоогоор “цэрэг-иргэний” хамтын ажиллагааг онцолж буй.
Эдийн засаг: “Бүс, зам”-ын гол асуудал болоод буй “өрийн занга”-ны эсрэг сүүлийн жилүүдэд БНХАУ зээл тусламжийн нэр хүнд, үр өгөөжөө сайжруулах талаар анхаарч зээл тусламжийн дүн хэмжээг тодорхой хэмжээнд бууруулах болов. 2019 онд БНХАУ-ын Хөгжлийн банк болон Эксим банкнаас нийт 4 тэрбум ам.доллар зээл гаргасан нь 2016 оны хамгийн их зээлдүүлж байсан 75 тэрбум ам.долларын үетэй харьцуулахад хамаагүй бага байгаа юм.[15]
Дүгнэлт
Боломжит байдал: “Бүс, зам” санаачилга зорилгодоо хүрэхэд шаардлагатай нөөц боломжийн гэж үзэхээр байна. Дипломат харилцааг аль нэг улстай холбоотон болох замаар биш түншлэлийн сүлжээгээр бэхжүүлж, хятадын нэр хүндийг өсгөх зөөлөн хүчний бодлогыг зонхилон явуулж байна. Хилийн гаднах мэдээллийн нөлөөллийн ажлыг Хятадын Коммунист нам хянаж удирдаж чадахгүй байгаа боловч эерэг сөрөг аль ч бай мэдээллийн цар хүрээ өргөн цараатай явагдаж байна. Цэрэг батлан хамгаалах нөөцийг “Бүс, зам” санаачилгад шууд дайчлах нь эрсдэлтэй тул иргэн цэргийн хос зориулалттай төслүүдээр дамжуулж явуулахын зэрэгцээ стратегийн гол цэгт цэргийн бааз байгуулаад байна. Эдийн засгийн хэрэгсэл хамгийн чадамжтай нөөц нь бөгөөд Хятадын дотоод эдийн засгийн тэлэлт, нөөц баялгийн хэрэгцээнээс урган гарсан, үүнийг бусад улсын ялангуяа байгалийн баялагтай Евразийн эх газрын орнуудын нийлүүлэлтийн хэрэгцээтэй холбох замаар шийдвэрлэж буй нь харилцан ашигтай байх суурь нөхцлийг бүрдүүлж буй юм.
Тохиромжтой байдал: “Бүс, зам” санаачилга Хятадын үндэсний эрх ашигт үйлчилж байна. Тиймээс дипломатын, мэдээллийн, цэргийн, эдийн засгийн бүхий л нөөцөө дайчлан чиглүүлж буй.
Хүлээн зөвшөөрөгдөх байдал: Хятадын нөлөө тэлж буй хандлага нь олон хариу эсрэг нөлөөг дагуулж байгаа. Өрсөлдөгч их гүрэн төдийгүй жижиг орнуудаас дипломат харилцаа хүйтрэх, “Бүс, зам”-ын төслөөс татгалзах, гацаах зэрэг арга хэмжээ авч байна. Цаашид хүлээн зөвшөөрөгдөх байдал нь Хятадын тал эрсдэл бууруулах алхмуудаа хэр сайн хийж чадахаас хамаарна.
Эндээс харахад Хятадын тухайд ‘Бүс, зам’-ыг хэрэгжүүлэх боломжтой, мөн тохиромжтой боловч хүлээн зөвшөөрөгдөх тал дээр нэлээд сорилттой тулгарч байна. Хүлээн зөвшөөрөгдөхийн тулд нөөцийг тэнцвэржүүлэх урлагийг сайтар ашиглаж, зорилго үзэл баримтлалдаа нийцүүлэх шаардлагатай. Гэвч бодит байдал дээр хамтдаа хожих зарчим нь хэрэгжиж чадах эсэх, тогтворгүй байдал үүсэхэд хөрөнгө оруулалтаа цэргийн замаар хамгаалахгүй байхын тулд ямар арга хэмжээ авах, язгуур ашиг сонирхлоо хамгаалангаа бусад улстай эв найрамдлаа хэрхэн хадгалах гэх мэт олон асуудал хариултгүй хэвээр байна.
[1] 习近平:“一带一路”倡议目的是创造更多共同发展机遇 http://www.gov.cn/xinwen/2021-07/05/content_5622609.htm#:~:text=社微博-,国家主席习近平5日晚在北京同法国,多共同发展的机遇。
[2] 《推动共建丝绸之路经济带和21世纪海上丝绸之路的愿景与行动》 http://2017.beltandroadforum.org/n100/2017/0407/c27-22.html
[3] 180个建交国、112对伙伴关系:中国的朋友遍天下 http://www.xinhuanet.com/silkroad/2020-10/09/c_1126586666.htm
[4] Аюулгүй байдал судлалын хүрээлэн: “Хөрш орнууд ба бүс нутаг 2020” Улаанбаатар хот, 2021 он, хуудас 89
[5] 为高质量共建一带一路贡献媒体力量 http://www.scio.gov.cn/31773/35507/35510/35524/Document/1703858/1703858.htm
[6] 网上丝绸之路拓展中国与共建“一带一路”国家合作新空间 http://www.gov.cn/xinwen/2021-08/20/content_5632398.htm
[7] 《“一带一路”与全球传播》:“一带一路”全球传播的话语困境 http://www.xinhuanet.com/publish/2020-07/02/c_1210686563.htm
[8] 中国第二个海外军事基地将诞生 海军陆战队已进驻[图] https://www.dwnews.com/中国/60180905/中国第二个海外军事基地将诞生海军陆战队已进驻图
[9] 统筹推进军民融合与“一带一路” http://www.qstheory.cn/dukan/hqwg/2017-04/25/c_1120868189.htm
[10] Мөн тэнд
[11] 一带一路 武器化 https://ipdefenseforum.com/zh-hans/2021/09/一带一路-武器化/
[12] Ван Ивэй “Нэг бүс, нэг зам: Хятадын сэргэн мандал, тэнгэрийн доорх үүрэг хариуцлага” Улаанбаатар хот, 2019 он, 35-р тал.
[13] 一带一路战略的真正目的是什么? http://finance.sina.com.cn/zl/china/2017-08-01/zl-ifyinvyk2947449.shtml
[14] БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачлага Мальдив улсад шинэ сорилттой тулгараад байна 中国“一带一路”在马尔代夫遭遇新挑战https://www.bbc.com/zhongwen/simp/chinese-news-54188971
[15] БНХАУ “Бүс ба зам”-ын хөрөнгө оруулалтын хэмжээгээ багасгаж байна中国正在减少其“一带一路”投资规模https://www.rfi.fr/cn/专栏检索/法国报纸摘要/20201209-中国正在缩小-一带一路-投资规模?fbclid=IwAR3v6uj95wCAmOfXfDqMTSYjDRwa41w2KpjF_YU0oKLutGNaZtLBZu-KUuA
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Хосолмол дайнДараах нийтлэл
Төв Азийн эмзэг асуудал буюу Тажикстан-Талибаны харилцааСүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02