Афганистанд засгийн эрхийг гартаа авсан Талибан бүлэглэл Төв Азийн хөршүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж, террористуудтай хамтран ажиллахаас татгалзсан. Төв Азийн орнууд дотроос Тажикстан улс Афганистаны шинэ засгийн газрыг хүлээн зөвшөөрөхийг яарахгүй байна. Тус хоёр улсын хооронд хэд хэдэн таарамжгүй харьцаа үүссэн нь судлаачдын анхааралд өртөв. Тажикстан улсаас Афганистаны эсрэг явуулж буй бодлого, үйл ажиллагаа нь зарим хүчирхэг гүрнүүдийн нөлөөгөөр даамжирч Төв Азид тогтворгүй байдлын эрсдэлийг дагуулж болзошгүй байна.
Энэ удаагийн дугаарт Тажикууд яагаад талибын эсрэг зогсож буйн шалтгаан, Төв Азийн аюулгүй байдалд Тажикууд сөрөг нөлөө үзүүлэх боломжтой эсэх, их гүрнүүдийн ашиг сонирхол, Талибан болон Тажикистаны харилцааны цаашдын өрнөлийн талаар авч үзлээ.
Афганистаны аюулгүй байдлын дотоод гадаад хүчин зүйл ба Тажикстаны оролцоо
2021 оны 8-р сард талибууд Кабулыг эзэлж, улмаар тус улсын дийлэнх нутаг дэвсгэрт хяналтаа тогтоосон билээ. Талибуудын эсрэг тухайн үеийн Афганстаны ерөнхийлөгч, засгийн газар, америкчуудын 20 жил тэтгэж өөд нь татахыг хичээсэн 300 мянга гаруй хүнтэй афганстаны үндэсний арми, 70 гаруй мянган хүнтэй цагдаагийн хүчнийхэн ямар ч эсэргүүцэл үзүүлсэнгүй. Афганистанд талибууд засгийн эрх авсныг дотоодод болон гадаадад ямар улс орон, улс төрийн хүчин эсэргүүцэж байгаа вэ, шалтгаан нь юу вэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ.
Афганы дотоодод:
Афганистаны өнөөгийн сөргөлдөөн, зэвсэгт мөргөлдөөний гол цөм нь үндэстэн хоорондын зөрчил юм. Тодруулбал хүн амын дийлэнхийг нь бүрдүүлдэг пуштун болон тажик үндэстний зөрчил байдаг. Хэрэв Афганистаны хүн амын олонх болсон пуштун үндэстэн (барагцаалбал 42% орчим гэж тооцдог) дэмжээгүй бол талибууд 1996 онд засгийн эрхийг булаан авч 5 жил засаглан, америкчуудад хөөгдсөнийхөө дараа 20 жил нууц байдалд үйл ажиллагаа явуулах ямарч боломжгүй байсан. Талибуудын засаглалын 5 жилийн хугацаанд дотооддоо хамгийн их төвөг учруулсан хүчин зүйл нь тажик үндэстнээс бүрэлдсэн “Афганистаны нэгдсэн фронт” хэмээх Афганстаны цэрэг-улс төрийн бүлэглэл байсан. Тийм ч учраас талибууд “Аль-Кайда”-гийн террористуудтай хүч хавсран байж Ахмад Масудын удирдсан “Афганистаны нэгдсэн фронт”-ыг устгасан билээ.
Пуштун, тажик хоёр үндэстний дараа хүн амын тоогоор афганы хазарууд болон узбекууд ордог, гэвч тэд талибуудад эсэргүүцэл үзүүлэхээсээ илүүтэйгээр Иран руу зугтаж, улсаасаа дүрвэхийг чухалчилж байна. Афганистаны 3 сая гаруй иргэн Иранд дүрвэн гарсан гэж Ираны засгийн газар мэдэгджээ.
Ингээд пуштун үндэстэнээс гол цөм нь бүрдсэн талибуудад эсэргүүцэл үзүүлэх бодит хүч нь зөвхөн афганы тажикууд л болж байгаа юм. Афганистаны хүн амын 25-34 хувийг (Тажикийн ерөнхийлөгч Э.Рахмоны мэдэгдлээр 46%) бүрдүүлдэг тажик үндэстнүүд улс төрийн тавцанд хоёрдугаар сортын хүмүүс байхыг хүсэхгүй нь мэдээж. Талибуудыг төрийн эрхэнд гарахад пуштун үндэстэн дэмжлэг үзүүлж, афганы тажик үндэстэн Бурханнуддин Раббанигийн удирдсан засгийн газрыг унагаж байсныг афганы тажикууд яав ч мартахгүй нь тодорхой гэж шинжээчид үзэж байна.
Тэгвэл 1996-2001 онд Талибаны засаглалын үед афганы тажикууд маш хүчтэй эсэргүүцэж, аюул занал учруулж байсныг пуштунчууд ч бас мартаагүй.
Нэг зүйлийг тэмдэглэхэд, зөвхөн пуштун, тажик үндэстнүүдийн зөрчил л өнөөгийн Афганистаны сөргөлдөөний гол шалтгаан гэж үзэж болохгүй юм. Талибын дээд удирдлагын цөм нь пуштуны дуррани, гильзай гэсэн 2 омгийн төлөөллөөс бүрддэг бөгөөд дуррани нь харьцангуй аядуу исламчууд бол гильзай омгийнхон нь жинхэнэ исламын хатуу чиг шугам баримтлагч радикалууд болно. Удирдлагын энэ 2 бүлэглэлийн хооронд өрсөлдөөн бий болохыг судлаачид тэмдэглэж байгаа бөгөөд ирээдүйд юу болохыг цаг хугацаа харуулах нь дамжиггүй.
Афганистаны гадаад орчинд:
2021 оны 8-р сард талибууд Афганистаны засгийн эрхийг булаан авсан тухай мэдээг дэлхий дахин ерөнхийдөө нэг их цочирдолгүйгээр хүлээн авсан гэхэд болно. Мэдээж хэрэг улс орнууд гадаад бодлогынхоо ашиг сонирхлын хүрээнд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Засгийн эрхэнд талибууд гарсан нь бодит нөхцөл байдал байсан учраас цаашид ч хөрш орнууд зэрэгцэн орших нь ойлгомжтой юм.
Талибын эртний холбоотон Пакистан улс бүр анхнаасаа л баяр хүргэж дэмжсэн. Харин Узбекстан, Туркменистан улс ямар нэг сүр дуулиан болсонгүй. Узбекстаны Гадаад хэргийн сайд Абдул Азиз Камилов “талибуудыг террористууд гэж үзэхгүй” гэж мэдэгдсэн. Туркменистаны зүгээс Афганы дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалтаа үр дүнгүй болохоос болгоомжлохоос гадна талибууд Афганистаны дотоод нөхцөл байдлыг тогтворжуулж чадна гэдэгт итгэж байгаа нь анзаарагдаж байгаа. Хамгийн нөлөө бүхий хөрш Хятад улс Кабулын шинэ засгийн газрыг дэмжихээ илэрхийлсэн бол Афганистай хил залгадаггүй Казахстан, Кыргызстан улс талибуудтай хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байгаагаа мэдэгдсэн. ОХУ талибуудыг олон улсын террорист байгууллагын жагсаалтанд аль эрт оруулсан, Афганистаны шинэ засгийн газрыг хүлээн зөвшөөрөөгүй. Гэхдээ ОХУ нь Афганистантай хил залгадаггүй.
Гадаад улс төрийн энэхүү нөхцөл байдлын тавцан дээр талибуудыг шийдвэртэй эсэргүүцэж, Афганистаны төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд олон үндэстний төлөөллийг оролцуулахыг шаардаж байгаа бараг цорын ганц улс нь Тажикстан болсон юм.
Тажикстан: Памирын уулсын дундах дарьтай торх
ЗХУ задрахад тусгаар тогтнолоо зарласан 11 дэх улсаар Бүгд Найрамдах Тажикстан улс тодорч, саяхан болтол дэлхийн улс төр, эдийн засгийн тавцанд бараг л онцлох зүйлгүй улс байсан гэхэд хилсдэхгүй. Тажик улс Хятад, Афганистан, Узбекстан, Кыргызстантай хил залгадаг, 141.4 мянган кв/км газар нутагтай, 9.1 сая хүн амтай, алт, мөнгө, хөнгөн цагаан, эрдэнийн чулуу, газрын ховор элемент, усны эрчим хүчний нөөцөөр нэн баялаг. Дэлхийн банкны 2021 оны мэдээгээр Тажикстан улс ДНБ-ий үйлдвэрлэлээр дэлхийд 139-р байранд жагсаж, нийт хүн амын 26.5% нь (зарим мэдээгээр 62% гэж гарсан) ядуугаас доош түвшинд амьдардаг ажээ.
Тусгаар тогтнолоо зарласнаас хойш 31 дэх жилтэйгээ золгож байгаа Тажик улс дотоод улс төр, шашны зөрчилдөөний улмаас 5 жилийг нь иргэний дайн хийж өөр хоорондоо тэмцэлдэж өнгөрөөсөн, НҮБ-ын мэдээгээр иргэний дайнд 100-150 мянган иргэн амь үрэгдэж, бараг 1 сая иргэн уугуул нутгаасаа дайжиж нүүсэн ба ОХУ, Афганистан, Узбекстан, Турк, АНУ, Канад руу 200.000 тажик иргэн дүрвэн гарсны 60-90 мянга орчим нь Афганистан руу дүрвэсэн гэж тооцдог, эдийн засагт нь 10 тэрбум ам.доллар(тэр үеийн ханшаар)-ын хохирол учирч, хөгжлийг нь 10 жилээр хойш ухраасан ажээ. Тус улс хөрш Узбекстан, Кыргызстан улстай ч хилийн маргааны улмаас сэлэм зөрүүлээд авсан, энэ маргаан одоо ч гэсэн шийдвэрлэгдээгүй байгаа.
Ерөнхийлөгчийн засаглалтай, хэдийгээр ардчилсан гэх боловч авторитар дэглэмтэй, шүүх засаглал нь авлигаас хэт хамааралтай, бие даасан байдал гэж бараг л байхгүйтэй адил, иргэний эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх нь хатуу хязгаар цензуртай, дотоодод нь том жижиг эсэргүүцлийн хөдөлгөөн үе үе гарч бужигнадаг.
Тажикстаны Дээд зөвлөл (тажикаар Шурои Оли гэдэг)-ийн чуулган 1992 оны 12-р сард Эммомали Рахмоныг Тажикстаны Дээд зөвлөлийн даргаар сонгосон бөгөөд тэрээр 1992-1994 онд энэ албан тушаалыг хашсан юм. Тэр үед энэ бол үндсэндээ төрийн тэргүүний албан тушаал байв. 1994 онд Эммомали Рахмон Бүгд Найрамдах Тажикстан Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон ба Дээд зөвлөлийн даргаар томилогдсон үеэс нь тооцож үзвэл тэрээр Тажикстан улсыг тасралтгүй 30 жил удирдаж байна. Тажикстан улс, түүний Ерөнхийлөгч Э.Рахмон Афганистаны талибуудын өнөөгийн засаглалыг цор ганцаараа шийдвэртэй эсэргүүцэж байгаагийн шалтгааныг судлаачид, олон улсын хэвлэлд мэдээлэлд дараах байдлаар тайлбарлаж байгаа ажээ.
1. Тажикийн үндсэрхэг үзэл урьд хожид байгаагүй идэвжсэнтэй холбоотой.
Афганистаны хямралыг пуштун-талибууд болон Афганистаны тажикуудын хооронд болж буй үндэстэн хоорондын зөрчил гэж дүгнэх үзэл бодол Тажикстаны нийгэмд давамгайлж байна. Иргэний дайны үед Тажикстаны дүрвэгчдэд афганы тажикуудын үзүүлж байсан туслалцаа дэмжлэгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр маш их сурталчилж, талибуудын эсрэг тэмцэж буй Панжерийн тажикуудад туслах нь “үндэстний үүрэг, бахархал” гэж үзэх үзэл бодол давамгайлж байна. Хүн амын зарим хэсгийн дотор Панжерт очиж талибуудын эсрэг тэмцэлд нэгдэхийг уриалах болсноос гадна Кыргызстантай хийсэн хилийн маргаан мөргөлдөөний үед “аюулын өмнө дэлхий дахины тажик үндэстэн нэгдэн нягтрах шаардлагатай” талаар олонтаа сурталчилах болжээ.
2. Талибын нөлөөгөөр Тажикстаны дотоодод радикалистууд, исламын хэт даврагчдын бүлэг идэвхжихээс болгоомжилж байна.
Тажикстанд нийгмийн сүлжээг ашиглагчдын дотор Афганистаны шинэ дэглэмийг талархан дэмжигч санаа бодол идэвхжсэнийг шинжээчид тэмдэглэж буй. Иргэний дайны үед хэт даврагчид, салан тусгаарлагчид, исламын радикалистуудын учруулсан гамшиг, зовлон бэрхшээлийг Тажикстаны удирдлага мартаагүй нь ойлгомжтой. Дотоодын радикалистууд, исламын хэт даврагчид талибтай ойртон нэгдсэнээр Тажикстаны төр улсын тогтвортой байдал ганхах аюул учирч болзошгүй гэж үзэж байгаа нь талибыг эрс хатуу шүүмжлэх нэг шалтгаан болж байгаа юм.
3. Гадаад орчинд Тажикстаны нэр хүндийг өргөж, нөлөө бүхий гүрнүүд, олон улсын байгууллагын анхаарлыг татсанаар эдийн засгийн хүндрэл бэрхшээлээ шийдвэрлэх зорилго тавьж байна.
Талибын дэглэмийг Душанбе идэвхтэй шүүмжилж, эсэргүүцэж байгаагийн эцсийн зорилго нь барууныханд чиглэсэн байж болзошгүй. Өөрөөр хэлбэл барууныхны хэлэх дуртай ардчилал, хүний эрх, эрх чөлөөг Афганы талибууд хөсөрдүүлж байгааг хүчтэй эсэргүүцсэнээрээ Тажикстан улс олон улсын хамтын нийгэмлэг, юуны өмнө барууныханд өөрийн үнэ цэн, имижийг өсгөх санаа агуулсан байгаа гэж хэлж болох юм. Сүүлийн жилүүдэд Тажикстаны засгийн газар санхүү эдийн засгийн маш хурц асуудлуудтай тулгарч байгаа бөгөөд талибын эсрэг эрс хатуу байр суурь баримталж байгаагаараа олон улсын анхааралд өртөж байна. Тус улсын засгийн газар барууны зээл тусламж, хөрөнгө оруулалтыг өөртөө татах боломжийг эрэлхийлж байгаа бололтой. Үнэхээр ч олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс сүүлийн үед Тажикстаныг сонирхох сонирхол нэмэгдэж, янз бүрийн хэлбэрээр туслалцаа дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулах явдал идэвхжиж байна.
4. Ерөнхийлөгч Э.Рахмон суларч буй нэр хүндээ дээшлүүлэхийг хичээж байна.
Ислам шашинт ихэнх орнуудад төрийн эрх баригчид нь урт удаан хугацаанд эрх мэдлийг атгахаараа өөрийгөө бурханчлан тахин шүтүүлж, өөрийн хүсэл зоригийг бурхны хүсэл зориг мэтээр үздэг нь нийтлэг шинж юм. Аажимдаа энэ нь нийгмийн дотор дургүйцэл, бухимдал төрүүлэх, цаашдаа эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөх үндэс суурь, шалтаг шалтгаан болох нь олонтаа. Хамгийн сүүлийн жишээ нь Казахстанд болсон үймээн. Шингэрүүлсэн хийн үнийг нэмснийг эсэргүүцсэн жагсаалын цаад зорилго нь “елбасы” буюу “Үндэстний эцэг” гэгдэгч Н.Назарбаевын “хаанчлалыг” эсэргүүцсэн агуулгатай болсон.
Тажикстаны хөгжил дэвшил хоцрогдмол, хүн амын амьжиргааны түвшин нэн дорой (сарын дундаж цалин 60-70 ам.доллар), иргэний эрх, эрх чөлөө хатуу хязгаарлагдмал зэрэг болон бусад олон шалтгааны улмаас Тажикстаныг тасралтгүй 30 жил удирдаж байгаа “Үндэстний эцэг” Ерөнхийлөгч Э.Рахмоны нэр хүнд тажикийн нийгмийн дотор сүүлийн жилүүдэд суларч, ард иргэд нь их удирдагчаасаа залхах, уйдах хандлага ажиглагдаж байна.
Талибууд Афганистанд засгийн эрхийг авснаар афганы тажик-пуштун үндэстний хооронд зөрчил үүссэн улс төрийн энэ нөхцөлд талибуудыг эрс хатуу эсэргүүцэж, үндэсний цөөнхийн эрх ашгийг хохироож байгааг туйлбартай шүүмжилснээр Тажикстаны Ерөнхийлөгч Э.Рахмон нь нийт тажик үндэстэн, түүний дотор Афганистаны тажикчуудын эрх ашгийг хамгаалагч болж харагдах нь дамжиггүй. Ингэснээр тажикийн нийгэмд цухалзаж буй Рахмоныг тахин шүтэх явдлыг эсэргүүцэх үзэл бодлыг ямар нэг байдлаар саармагжуулахыг хичээж байгаа бололтой.
Дүгнэлт
Тажикстан-Афганистаны өнөөгийн харилцаа, хоёр улсын хилийн бүсийн нөхцөл байдалд үндэслэн, цаашдын төлөвийн талаар дараах дүгнэлтийг хийж болохоор байна.
1. Афганистаны засгийн эрхийг талибууд барьж байгаа нөхцөлд Тажикстан-Афганистаны харилцаа мэдэгдэхүйц сайжирна гэж итгэхэд бэрхшээлтэй.
Афганистанд радикализм, экстремизм, сепаратизм, хийрхэл, омог хоорондын эвлэршгүй дайсагнал ноёрхсон өнөө үед эдийн засгийг сэргээх санхүүгийн ямар ч эх үүсвэр, боломж байхгүй. Ийм нөхцөлд талибуудын хэрэглэж болох ганц гарц нь гадны дайсныг олж илрүүлэх арга бөгөөд тэр обьект нь Тажикстан улс болоод байна. 1990-ээд оны эхэнд талибуудын анхны засаглалын үеэс л тэдэнд үлэмжийн их төвөг учруулж байсан афганистаны тажикчуудыг онилж, тэднийг өмгөөлөн хаацайлж байсан Тажикстантай сөргөлдөх нь афганы тажикуудын салан тусгаарлах үзэлд цохилт өгөх зорилго агуулж байгаа нь ойлгомжтой.
Талибуудын зүгээс афганистаны тажикуудын талаар баримтлаж байгаа бодлого, үйл ажиллагаа нь Тажикстаны эрх баригчдад огтхон ч таалагдахгүй байгаагаас талибуудыг эрс хатуу шүүмжилж, олон үндэстний эрх ашиг, төлөөллийг оролцуулсан засгийн газар байгуулахыг шаардаж байгаа юм. Үүнээс гадна талибуудын хэт исламист үзэл баримтлал, радикализмын нөлөөгөөр дотоод байдал нь тогтворгүй болохоос Тажикстаны тал ихэд болгоомжилж байгаа учраас хоёр талын харилцааг сайжруулах талаар Тажикстаны зүгээс дорвитой, шийдвэртэй алхам хийхгүй нь лавтай.
2. Хэдийгээр сөргөлдөөнтэй байгаа ч талууд өргөн хэмжээний дайн тулаан хийгээд эхлэхгүй, тийм сонирхол аль алинд нь байхгүй гэж хэлж болох юм.
Талибууд хэдийгээр гадаад улс орнуудтай олон улсын хэм хэмжээг баримтлан харилцах талаар мэдэгдэж, уриалж байгаа ч тус улсад бат бэх энх тайван, амар амгалан байдал тогтоно гэж итгэхэд нэн бэрх, бараг боломжгүй гэж үзэхэд буруудахгүй. Үүнд хоорондоо харилцан уялдаатай маш олон шалтаг, шалтгаан байгаагийн хамгийн гол үндсэн шалтгаан нь Афганистан улсын эдийн засаг бүрэн дампуурсанд оршино. 1989 онд Зөвлөлтийн цэрэг Афганистанаас гарах үед л тус улсын эдийн засаг сүйрлийн ирмэгт тулчихсан байсан бол америкчуудын 20 жил “энхийг сахиулсан” хугацаанд зөвхөн гадаадын тусламж, хандив, зээлээр л амиа аргацааж байсан, тэднийг гарсны дараа гагц хар тамхины наймаа л тэдний орлогын эх үүсвэр болж үлдсэн ажээ.
Эдийн засаг санхүүгийн чадавхаар ядуу орнууд дайнд татагдан орсноор үй олон иргэд гадаадад дүрвэн гардаг бөгөөд Ойрх Дорнод, Арабын орнуудад гарсан өнгөт хувьсгал, иргэний дайны улмаас зөвхөн 2019 онд 18.6 сая хүн бусад орнуудад дүрвэн гарсан тооцоо гарчээ. Зөвлөлтийн орон зайд үлдсэн Төв Азийн орнуудад мөргөлдөөн, иргэний дайн болбол наад зах нь 30 сая хүн барууны орнууд болон ОХУ-д дүрвэн гарч цагаачлах тооцоог АНУ-ын шинжээчид гаргасан байна. Чухам ийм учраас л барууны орнууд Талибан болоод Тажикстанд тусламж үзүүлэхээс цааргалахгүй байгаа бололтой. Ингэхлээр энэ хачирхалтай мөртлөө бодит боломжоо аль болох ашигтай ашиглахын тулд Талибан ч тэр, Тажикстан ч тэр юу юугүй хоёр талаасаа тулалдаад эхлэхгүй болов уу.
Энд нэг зүйлийг тэмдэглэх нь зүйтэй. Барууны орнууд, олон улсын байгууллагаас туслалцаа дэмжлэг авахын хирээр талибууд нь тэдний барьцаанд хүлэгдэж, удирдан залахад хялбар, хүлцэнгүй болох магадлалтай. Ингэснээр талибуудыг ОХУ, Иран, БНХАУ болон ашиг сонирхлыг нь татаж буй Төв Азийн бусад улсуудад дарамт, шахалт үзүүлэх хүч болгон ашиглахыг үгүйсгэх аргагүй.
3.Талибын дэглэмийг эрс тууштай эсэргүүцэж байгаагаараа Тажикстан улс олон улсын тавцанд имижээ өсгөх, Ерөнхийлөгч Э.Рахмон нь өөрийн нэр хүндийг дотооддоо өсгөх зорилготой.
Дэлхий дахины улс төр, эдийн засагт төдийлэн нөлөөгүй жижигхэн, алслагдмал Тажикстан улс Афганистаны талибуудын явуулж буй исламын фундаментализм, радикализмыг эрс эсэргүүцэж, тус орны үндэсний цөөнх гэгдэх болсон афганы тажикуудын эрх ашгийг тууштай хамгаалж байгаагаараа хүний эрх, эрх чөлөөг юунаас илүү эрхэмлэхийг тунхагладаг барууны орнуудын анхаарлыг татаж, улс үндэстнийхээ имижийг дээшлүүлэх, улмаар олон улсын дэмжлэг туслалцаа, хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх зорилготой байгааг үгүйсгэж, бас буруутгаж болохгүй бизээ.
Тажикстаны зэвсэгт хүчин бол Афганистаны талибуудын зэвсэгт хүчинтэй харьцуулахын аргагүй сул, чадвар муутай гэж хэлж болно. Талибууд, ерөөсөө афганчууд бол Төв Азийн бүс нутагт дайн тулаан явуулах асар их туршага хуримтлуулсан ард түмэн юм. Аль ч талаараа хүч султай жижигхэн Тажикстан юунд найдаж өөртэй нь харьцуулшгүй хүчирхэг Афганистаны талибуудыг эсэргүүцээд байгаа вэ? Учир нь Э.Рахмонд Тажикстанд байрлаж буй ОХУ-ын 201-р цэргийн бааз бат найдвартай, хүчирхэг ар тал нь болж байгаа, нөгөө талаар Афганистаныг Төв Азиас гадагш нэвтрүүлэхийг огтхон ч хүсэхгүй байгаа барууны ашиг сонирхлыг тэрээр сайн мэдэж байгаа учраас тийнхүү зоригтой дуугарч шүүмжилж байгаа гэж хэлж болно. Үүгээрээ тэрээр “Үндэсний эв нэгдэл, энх тайвныг үндэслэгч-тажик үндэстний Манлай” гэсэн хүндэт хэргэм, нэр хүндээ ямарч байсан хэсэг хугацаанд хадгалах нь тодорхой юм.
Ашигласан материал
- HTTPS://TJ.SPUTNIKNEWS.RU › TADZHIK. Гражданская война в Таджикистане1992-1997 годов
- LIGA.nethttps://file.liga.net › persons › Эмомали Рахмон
- Материал из Википедии — свободной энциклопедии “Таджикистан”.
- Конаровский М.А (к.ист.н.) Душманы и союзники. Таджикистан и его соседи, разное и общее с четырех сторон границы. МКЦ. 5.02.15
- Муслимбек Буриев ( Политолог, участник Школы аналитики cabar.asia) Один против «Талибана». Зачем Таджикистан конфликтует с новыми властями Афганистана.15.05.2020
- Темур Умаров Один против «Талибана». Зачем Таджикистан конфликтует с новыми властями Афганиста
- Ксения Логинована Осеннее обострение: Таджикистан и Афганистан стоят на пороге военного конфликта. К чему приведет обмен угрозами и обвинениями 30.09 2021
- Илья ГУЖЕВ. ( исследователь-афганист, востоковед) Таджикско-Афганское отношение: История общих вызовов
- Илъя Гусаров. “Талибан” и таджики, Враги и союзники “Московский центр карнеги” 22.10.2021
- Косимшо Искандеров.(д. и. н. заведуюший отделом истории Академии наук РТ) Таджикско-Афганские отношения и перспективы их развития “Центральная Азия Кавказ” № 1 (155), 2008
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
“Бүс, зам”-ын хэрэгжилтДараах нийтлэл
Түүхий эдийн зах зээл дэх гео-эдийн засгийн сөргөлдөөнСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23