Дэлхийн хүчний тэнцвэр өөрчлөгдөж, АНУ-ын хүч чадал харьцангуй суларч, ОХУ, БНХАУ их гүрний байр суурьт хүрэхээр тэмцэхийн зэрэгцээ улс бус тоглогчдын зохион байгуулалттай үйл ажиллагаа эрчимжиж, дайны арга хэлбэр өөрчлөгдөж байна. Их гүрнүүд дэлхийн дайн, цөмийн дайнаас зайлсхийх хандлагатай байгаа ба дайны ажиллагааг илүү далд хэлбэрт шилжүүлж байгаагийн жишээ нь хосолмол дайн юм. Гэвч хосолмол дайн бол шинэ зүйл биш. Их гүрнүүд өөрийн буфер бүсийг нөлөөндөө байлгах нь аюулгүй байдлын баталгаа байсаар иржээ. Энэ призмээр харвал буфер бүсэд байгаа улс өөрийн аюулгүй байдлыг хамгаалж бусдын нөлөөнд байхын эсрэг тэмцэх нь жам ёсны үйлдэл юм. Эндээс хосолмол дайн үүснэ. Тухайлбал АНУ Панамын сувгийг байгуулахдаа, Хавайг өөртөө нэгтгэхдээ ашигласан технологи нь, мөн ЗХУ Балтийн орнуудыг өөртөө нэгтгэхдээ болон социалист лагерийг эмхлэн зохион байгуулахдаа хэрэглэсэн арга нь тухайн үеийн хосолмол дайн байсан гэж хэлж болно. Харин өөр их гүрний энэ дайнд оролцох шалтгаан нь их гүрэн буфер бүсэд байгаа улсыг хамгаалсандаа бус өрсөлдөгчөө хүчирхэгжихээс болгоомжилсон хэрэг юм.
Буфер бүсийг нөлөөндөө авахын тулд тухайн улсыг бодитоор бут цохиж, газар нутгийг нь эзлэн авах бус төрийн болон цэргийн хяналтын тогтолцоо, нөөц баялаг, дэд бүтцийг гартаа авах нь илүү хямд төсөр болоод хялбар юм.[1] Үүнийг өрнөдийн судлаачид орчин үед хосолмол дайн, саарал бүсийн дайн, өнгөт хувьсгал, “Герасимовын номлол” ч гэж нэрлэж байгаа хэдий ч үндсэн технологи нь эртнийх, арга ажиллагаа нь технологийн дэвшлийг даган илүү далд хэлбэрт шилжсэн ажиллагаа юм. ОХУ-ын ЗХЖШ-ын дарга армийн генерал В.Герасимов 2013 онд “Военно-промышленный курьер” сэтгүүлд зөвхөн байлдааны ажиллагааг шууд явуулснаар хүрдэг байсан зорилгод эдийн засаг, улс төр, дипломат ажиллагааг цэргийн ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлснээр хүрч болох асуудлыг дэвшүүлэн тавьсан өгүүллээ нийтлүүлсэнийг “шинэ үеийн дайн”-ы онол гэх ба барууны судлаачид үүнийг “Герасимовын номлол” гэж нэрийджээ.[2] Герасимовын номлолоор бол цэргийн бус арга хэмжээ нь улс төр, стратегийн зорилгод хүрэх байлдааны ажиллагаанд чухал дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл хосолмол дайн нь аливаа улсыг цэргийн хүч ашиглахгүйгээр бодит бүрэн эрхт байдлыг нь устгах боломжийг олгодог.
Хосолмол дайн нь уламжлалт болон уламжлалт бус дайны арга хэлбэр, хатуу болон зөөлөн хүчийг хослуулан ашиглаж, хуурай газар, далай тэнгис, агаар сансар, кибер орон зай, соёл, үзэл суртал, технологийн хүрээнд өрнөх асар их нөлөө бүхий динамик шинж чанартай цогц дайн гэж харж болно. Хосолмол дайн нь тоглогчид, зорилтот бай болон хэрэглэгдэхүүн, үе шат гэх бүрэлдэхүүн хэсгүүдтэй байна.
Тоглогчид
Улс болон улс бус субьект байна. “Гибрид аюул заналын талаар баримтлах үзэл баримтлалын загвар” бодлогын судалгааны тайланг[3] 2020 онд Европын гибрид аюулаас сэргийлэх төв (Hybrid CoE), Европын комиссын шинжлэх ухаан, мэдлэгийн алба, Хамтарсан судалгааны төв (JCR)-өөс гаргасан бөгөөд уг тайланд улс бус субьектийн нэгэн жишээг дурьджээ. 2018 онд ОХУ-ын хувийн хөрөнгө оруулалттай Airiston Helmi үл хөдлөх хөрөнгийн компани Финляндын ачаа тээврийн хөлөг онгоцууд дайран өнгөрдөг, тэнгисийн цэргийн байлдааны хөлөг онгоцууд болон далайн ёроолын гол кабель байрладаг стратегийн чухал бүсэд олон тооны үл хөдлөх хөрөнгө эзэмшин мөнгө угаахын хамт 100-200 терабайт мэдээллийг хулгайлсан байна.[4] Энэ мэтээр зорилтот улсынхаа стратегийн чухал салбарыг эзэлж авахын тулд тийшээ чадварлаг тоглогчдоо явуулж нэвтрэх нь энэ дайны нэгэн онцлог юм. Энэ тайланд мөн ОХУ стратегийн зорилтоо хэрэгжүүлэхдээ үндэстэн дамнасан төрийн өмчит компаниудаа дэмжих асуудлыг стратегийн баримт бичгүүддээ тухайлан тусгасныг жишээ болгон дурьджээ. Түүнчлэн гэмт бүлэглэлүүдээр дамжуулан стратегийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх жишээг Иранаас санхүүждэг хэмээн үздэг Хэзболла бүлэглэлээр жишээ авсан байна. Ийнхүү улс бус тоглогчид болон үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд, овог угсаатны зэрэг нийгмийн бүлгүүд, үзэл суртлын болон шашны сэдэлтэй байгууллагуудыг ашиглах нь ирээдүйд хосолмол дайны нэг чухал хэсэг болж болзошгүй юм.
Зорилтот бай ба хэрэглэгдэхүүн
Хосолмол дайнд олон хэрэглэгдэхүүнийг олон зорилтот байтай хослуулан ашигладаг. Дэд бүтцэд хяналт тогтоон хамааралт байдлыг бий болгох, ханган нийлүүлэлтийн сүлжээг эзэмшин эрэлт нийлүүлэлтэд нөлөөлөх, кибер орчин, навигац харилцаа холбооны орон зай, эдийн засаг, цэрэг батлан хамгаалах, нийгэм, соёл, хууль эрх зүй, дипломат алба, тагнуул, улс төр, хэвлэл мэдээлэл, олон нийт зэрэг бүхий л салбарт үйл ажиллагаагаа явуулна. Ингэхдээ үйлдвэрлэлийн туршуул хийх, кибер халдлага үйлдэх, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулалт хийх, нөлөөллийн ажиллагаа зохион байгуулах, авлига, хээл хахууль өгөх, шахалт үзүүлэх, поп улс төрчдийг дэмжих, суртал ухуулга явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдан авах зэрэг олон аргыг ашиглана.
Үе шатууд
Дийлэнхдээ гурван үе шаттай, хүчийг нь сулруулж хөрс бэлдэх, тогтворгүй байдал үүсгэх, хүч хэрэглэх тус тус болно. Эхний үе шат нь хямралыг бий болгох дотоод шалтгааныг сэдрээх зорилготой бөгөөд дотроо хэд хэдэн алхамтай. Үүнд: 1) Халдагч гүрний зүгээс санаачилсан эдийн засгийн томоохон төсөлд хохирогч улсын улстөр-эдийн засгийн гол гол бүлэглэлийн ашиг сонирхлыг төвлөрүүлнэ. Эндээс зөрчил үүсэх ба төсөл хэрэгжихгүй болсноор хохирогч улсын эдийн засаг барьцаанд орж, эдийн засгийн хямрал нүүрлэнэ. Уг хямралыг шийдэх түлхүүр нь халдагч гүрэнд байна. 2) Эдийн засгийн хямралыг дэвэргэн нийгмийн сүлжээгээр “сэвж” улс төрийн хямрал болгоно. Авлигыг шүүмжилсэн, улс төр-эдийн засгийн томоохон бүлэглэл, олигархуудыг буруушаасан эсэргүүцлийн жагсаал цуглааны давтамж нэмэгдэнэ. 3) Энэ бүхний бурууг засгийн газар, засаглалын тогтолцоонд тохон засгийн газрыг унагах, тогтолцоог өөрчлөх асуудлыг тавьж ард түмний төр засагт итгэх итгэлийг алдруулах чиглэлд ажиллана. Энэ үе шатанд судлаач Валерий Собольниковын үзэж байгаагаар сэтгэл зүйн нөлөөлөл чухал бөгөөд нийгмийн сэтгэл зүй, зан үйлд нөлөөлж, тэдний үзэл бодол, ойлголт, үнэт зүйлийг өөрчлөх чадвартай янз бүрийн арга хэрэгслийг цогцоор нь ашигладаг байна. Энэ үе шатны гол бай болох салбарууд нь эдийн засаг, нийгэм, улс төр, кибер, тагнуул, төрийн удирдлага байна. Ийнхүү гол байны эсрэг чиглүүлэн нийгэм, зорилтот бүлгийн ухамсар, зан үйл, үзэл бодол, үнэт зүйл, нийтлэг хэм хэмжээг өөрчилснөөр хүссэн шийдвэрээ гаргуулахад хялбар болно. Үүнд технологийн дэвшил, кибер орчин, мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ үйл ажиллагаа “радараас доогуур түвшин”-д явагддаг, урт хугацаандаа маш хөнөөлтэй юм. Энэ бол хямд төсөр тактик бөгөөд жинхэнэ довтлогч тоглогчийг тодорхойлоход хэцүү байдаг ажээ.
Хоёр дахь шат болох тогтворгүй байдал үүсгэх шат нь хямралыг хүчирхийллийн давалгаа болгох зорилготой ба тоглогч давуу тал олох, туршилтын мэдээлэл авах зэрэг зорилгоор урьдчилан төлөвлөн тогтворгүй байдал үүсгэнэ. Тоглогч тухайн нөхцөл байдалд сэтгэл ханамжгүй байвал энэ үе шат илүү түрэмгий, хүчирхийлэл агуулсан байна. Мөн л хэд хэдэн үе шаттай байна. Үүнд: 1) Жагсаал цуглааны давтамж нэмэгдэн тасралтгүй шинжтэй болно. Чулуу, мод зэргийг ашигласан жижиг танхайн хэрэг үйлдэж эхэлнэ. 2) Тэмцэл хурцдан гудамж талбайг хаах, эзлэх зэргээр өргөжиж, хүчирхийллийн хэмжээ нэмэгдэж, хууль сахиулагчид руу дайрах, мөргөлдөөнд турхирах явдал газар авна. Энгийн тэмцэгч, завсрын үймүүлэгч хоёрыг ялгах боломжгүй болж тайван тэмцлийг анхны зорилгоос нь гуйвуулдаг учир жагсаал цуглааны зорилго, уриагаа маш тодорхой болгож, удаан үргэлжлүүлэхгүй, ойр ойрхон зохион байгуулахгүй байхыг Олон улсын хүний эрхийн байгууллагууд зөвлөмж болгосон байна. 3) Хууль сахиулагчид хуулийг чанд сахиулахгүй бол байдал улам дордоно. Гэхдээ үүнийг тоглогчид овжин ашиглаж “иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн” болгодог бол хүчирхийллийг таслан зогсоохгүй бол “сул дорой системийн жишээ болж” яаж ч байсан өөртөө ашигтайгаар эргүүлнэ. Харамсалтай нь хууль зөрчсөн үйлдэл гармагц шууд таслан зогсоохгүй л бол хүчирхийлэл нэгэнт газар авсны дараа хумих боломж үндсэндээ үгүй болно. Энэ шатанд явагдах үйл ажиллагааг зөв эсвэл буруу гэхэд хэцүү, хууль ёсны болон хууль бус үйлдлийг ялгахад төвөгтэй байдаг нь төрийг тогтворгүй, нийгмийг талцуулан туйлшруулах уршигтай. Энэ үе шатанд гол бай нь хэвлэл мэдээлэл болон олон нийт байна. Кибер халдлага хийн дутуу юм уу ташаа мэдээлэл тараах, суртал ухуулга хийх замаар олон нийтийг хагарган бутаргана. Ийм үймээний сүүдэрт цэргийн ажиллагааг нуусан 1999 онд Косовод болсон үйл явдал мэт жишээ цөөнгүй. Мөн АНУ-ын Ирак, Афганистанд явуулсан ажиллагааг эдийн засгийн сонирхлоо терроризмаар халхалсан хосолмол дайны ажиллагаа байсан гэж үзэх судлаачид байдаг. Тогтворгүй байдал үүссэн үед шийдвэр гаргагчидад шахалт үзүүлж байж хүссэн шийдвэрээ гаргуулах нь илүү хялбар байх нь ойлгомжтой.
Сүүлийн үе шат бол хүч хэрэглэх. Энэ шатны зорилго нь өөрсдийн ялалтыг хүлээн зөвшөөрүүлэхэд чиглэнэ. Дээр дурьдсанчлан хосолмол дайн нь нийгэм, улс төр, эдийн засаг, мэдээлэл, технологи, соёл, хууль эрх зүй, кибер зэрэг стртатегийн бүхий л салбарыг ашиглаад зорилгодоо эс хүрч асуудал хурцадвал терроризмоос эхлээд уламжлалт дайн бүү хэл цөмийн зэвсэглэлдээ ч хүрч болзошгүй. Энэ үе шат бол ашиг сонирхлоо хэрэгжүүлэх үүднээс хүч хэрэглэн дарамтлаж буй үе шат юм. Үүний жишээ бол Крымийг ОХУ өөрийн бүрэлдэхүүнд авсан явдал гэх нотолгоог барууныхан нэгэнтээ илэрхийлдэг.
Хосолмол дайны үед нөхөр-дайсан, хууль ёсны-хууль бус, зүйд нийцэх-эс нийцэхийн ялгаа маш бүдэг байдгийн нэг жишээ бол 2008 оны Орос-Гүржийн дайн (ОХУ-ын нэршлээр “Өмнөд Осети-Гүржийн зэвсэгт мөргөлдөөн”) гэж судлаачид үздэг. Тодруулбал ЗХУ задрахад тусгаар тогтнолоо зарласан Гүржийн нутагт харъяалагдах авч тусгаар улс болохоор тэмцдэг Өмнөд Осетийг ОХУ дэмжсэн явдлыг хосолмол дайны призмээр харвал Гүрж, Өмнөд Осетийн асуудал хурцдах нь ОХУ-д геополитикийн болон аюулгүй байдлын хувьд ашигтай. Энэ үүднээс Гүржийн дотоодын асуудлыг дэвэргэн Өмнөд Осетид далдуур дэмжлэг үзүүлж байсан байж болзошгүй нь тухайн оны 7 сарын 5-нд 8000 цэргийн албан хаагч, 700 хуягт техник, Хар тэнгисийн флот зэрэг оролцсон Кавказ-2008 цэргийн сургуулийг Гүржийн хилийн ойролцоо зохион байгуулсан, энэ үеэр Хойд Осетийн өмнөд хэсэг 58-р армийн Терское полигоны ойролцоо цэргийн хээрийн эмнэлэг байгуулсан, хээрийн сургууль дууссан ч цэргүүдийг буцаагаагүй, эмнэлэгийг татан буулгаагүй зэргээс харагдана.[5] Ингээд Гүржийн дотоодын асуудал хямралд хүрэхэд Гүржийн талаас байлдааны ажиллагааг эхлүүлсэн нь хосолмол дайны тактик ёсоор онилсон улсаар өөрөөр нь дайныг эхлүүлэх ажиллагаа байсан гэж судлаачид үзжээ. Эцэст нь Орос “энхийг сахиулах, тогтворгүй байдлыг намжаах” зорилгоор цэргээ оруулснаар Гүрж улс Өмнөд Осетийг алдсан билээ. Үүний нэгэн адилаар 2014 онд Украин ч Крымийг алдсан юм.
Хятад бол илүү зөөлөн аргаар буюу хэл соёлын төвүүдийг олноор байгуулах, кино, уран зохиол зэргийг дэлгэрүүлэх, зээл тусламж олгох, хөрөнгө оруулах, тусламж үзүүлэх, вакцины гэх мэт дипломат ажиллагаа болон “Бүс, зам” стратеги, ШХАБ зэрэг улс бус тоглогчдоор дамжуулан хосолмол дайн хийж байна гэж АНУ-ын зарим судлаачид үзжээ. Үүнд худалдааны дайн, технологийн дайн, тагнуулын дайн зэргийг ч хамаатуулан үзсэн байна. Харин Өмнөд Хятадын тэнгист хосолмол дайныг арай өөрөөр буюу “байцааны стртатеги” хэмээгдэх стратегиар хэрэгжүүлж байна гэж шинжээчид үзэж байна.[6] Уг стратеги нь эзэлж авах газар нутаг руугаа эхлээд энгийн загас агнуурын хөлөг онгоц илгээх, дараа нь эргийн хамгаалалтын онгоцууд улмаар цэргийн хөлөг онгоцуудыг илгээх аргаар байцаа мэт давхарлан ороож гадны дайралт нэвтрэх аргагүй болгодог байна. Уг стратеги нь аажмаар явагддаг бөгөөд эхний шатанд шууд таслан зогсоох аргагүй нэг мэдэхэд тухайн газар нутаг Хятадын мэдэлд очсон байдаг аюултай ажээ. Энэ стратегийг Энэтхэг-Хятадын хилийн маргаанд ч ашиглаж байна гэж зарим шинжээчид үздэг.
Орчин үеийн энэ дайны өвөрмөц онцлог нь ялагч нь ялснаа мэддэг бол ялагдсан нь ялагдсанаа бүү хэл дайнд өртсөнөө ч мэддэггүй байдагт оршино. ХБНГУ-ын судлаач В.Рихтерийн тодорхойлсноор энэ төрлийн дайн нь дараах гурван онцлогтой. Үүнд: 1. Халдлага болж байгааг хэн ч мэдэрдэггүй. Ялангуяа цахим дайралт, халдлагыг хэн ч анзаардаггүй. 2. Мэдэрсний дараа сөрөг арга хэмжээ авахад хэтэрхий оройтсон байдаг. 3. Дайнд ялагдсанаа өөрсдөө ч мэддэггүй. Дайны үр дүнд “улс хэвээрээ байгаа атлаа эзэн нь солигдчихсон байдаг”. Харин түрэмгийлэгч нь хэзээ ч ялж эзэлсэнээ зарладаггүй.
Дүгнэлт
Эцэст нь дүгнэхэд энэ төрлийн дайнаас сэргийлэх, няцаах явдал олон улс орны хувьд аюулгүй байдлын үндсэн зорилт болоод байна. Энэ асуудлуудыг улс орон бүр өөр өөрөөр шийдвэрлэж байна. ОХУ, БНХАУ зэрэг улсад олон нийтийн сүлжээг хориглох, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавих хяналтыг нэмэгдүүлэх, гадаадын төрийн бус байгууллагуудын салбарыг хаах зэрэг арга хэмжээг авч байгаа бол АНУ, Франц, Их Британи зэрэг улсад жагсаал цуглааныг тайван хянаж, хүчирхийллийг даамжруулахгүйгээр олон нийтийг хамгаалах тал дээр илүү анхаарч байна. Нийгмийн сүлжээгээр тарж буй аливаа өдөөн хатгалгыг ойшоохгүй орхих нь төдийлөн газар авч чаддаггүй, аажмаар замхардаг зүй тогтлоор тухайлан онцгой үйлдэл хийхгүй байх байдал ажиглагддаг.
Дайны онцлогоос шалтгаалж аль ч тохиолдолд тэмцэгчдийн зөв байх сэдвээр чадварлаг халхавчилдаг учир эдийн засгийн төсөл, гадаадын хөрөнгө оруулалт бүрийг сэжиглэх, зүй ёсны эсэргүүцэл, түүнийг ашигласан халдлага хоёрыг ялгаж салгахад хүндрэлтэй. Олигархуудын эсрэг улстөрийн тэмцэл бүрийг хосолмол дайны шинж гэж үзэх эсэх, жагсагчдын хэн нь энгийн тэмцэгч, хэн нь хүчирхийлэгч болохыг ялгах, хүний эрхийг хөндөхгүйгээр хүчирхийллийг хэрхэн таслан зогсоох, тайван тэмцэл хаана дуусч, гадаадын түрэмгийлэл хаанаас эхлэж байгааг хууль зүйн хувьд хэрхэн оновчтой тодорхойлох талаар нэгдсэн ойлголттой байх шаардлага үүсч байна. Аюулгүй байдлын шинэ экосистемд цэрэг-иргэн-улс төрийн хамтын ажиллагаа, ойлголт, нэгдмэл байдал чухал үүрэгтэй бөгөөд нийгмийн бүх түвшний хамтын ажиллагаа (whole-of-society) нь хосолмол дайнаас сэргийлэх нэг боломж юм.
1. https://oimurschool.ru/mn/nashi-deti/gibridnye-voiny-paradigma-gibridnoi-voiny-gibridnye-strashilki/
2. https://niss.gov.mn/archives/1117
4. https://yle.fi/news/3-10430634
6. https://www.lowyinstitute.org/the-interpreter/bringing-grey-zone-focus
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
ОРОСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОРОН ЗАЙН БҮСДараах нийтлэл
“Бүс, зам”-ын хэрэгжилтСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23