ОХУ Үндэсний аюулгүй байдлын стратегиа 2021 оны 7 дугаар сарын 2-нд баталж, шинэ мөрийн хөтөлбөрөө тодорхойлжээ. Энэхүү баримт бичигт тодорхойлсноор Оросын гадаад аюулгүй байдлын асуудал өсөн нэмэгдсээр байна. Өрнөдийн орнууд ерөнхийдөө аюулгүй байдлын гол аюулын эх үүсвэр болж буй ажээ. Эдгээрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхийн тулд Орос улс цэргийн хүчээ нэмэгдүүлж, түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа сайжруулах ёстой гэжээ.
Энэ талаар European Security & Defence Journal-д 11-12/2021 хэвлэгдсэн Доктор Гаяне Новиковагийн ‘Russia’s Belt of (In)Security’ нийтлэлийг орчуулан хүргэж байна. Уг нийтлэлийн үзэл санаа нь (агуулга) зөвхөн зохиогчийнх бөгөөд Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн байр суурь биш болно.
Газар дундын тэнгис, Хар тэнгисийн сав газарт Арабын хавар болон Украин, Гүржийн НАТО-д элсэх сонирхол гэх хоёр гол асуудал нь Орос улс энэ бүс нутагт идэвхтэй (түрэмгий ч гэмээр) байр суурь баримтлахад хүргэж байна. Гурав дахь асуудал болох АНУ Афганистанаас цэргээ гаргасан ажиллагаа нь Орос улсын хувьд зайлшгүй цуврал арга хэмжээ авахад хүргэжээ. Үүний зэрэгцээ ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратегийн баримт бичигт дотоод асуудлууд болон дотоод аюулгүй байдлын болзошгүй аюул занал хуримтлагдсаар байгаа талаар ч онцолсон байна.
Газар дундын тэнгис дэх ашиг сонирхол
Оросын хувьд Арабын хавар, Сирийн иргэний дайн нь Газар дундын тэнгист гол тоглогчийн дүрээр эргэн ирэх боломжийг бий болгов. Сирид өрнөж буй иргэний дайны турш Башар аль-Асадын дэглэмд улс төр, цэрэг, дипломатын бүрэн дэмжлэг үзүүлэхийн тулд Орос улс юуны түрүүнд Ойрх Дорнод, Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт олон талт оролцоо, эдийн засгийн ашиг сонирхлоо баталгаажуулах, бэхжүүлэхэд анхаарал хандуулав. 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Орос улс Сирид цэргийн хүч илгээхээс өмнө Сири улстай шинээр гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Оросууд Латакиа мужид шинээр баригдсан Хмеймим агаарын баазыг үнэ төлбөргүй, хугацаагүй ашиглах бүрэн эрхийг эзэмшив. Гурван сарын дараа Орос улс нислэгийн орон зайгаа хамгаалах, тэлэх зорилгоор агаарын довтолгооноос хамгааалах S-400 пуужингийн системээ тус баазад (мөн Тартусын тэнгисийн цэргийн баазад) байрлуулсан нь Турк улс Оросын цэргийн нисэх онгоцыг сөнөөсөнтэй холбоотой юм.
Орос улс Египет, Ливи дэх цэргийн баазуудаа татан буулгасны дараа Сирийн засгийн газартай 2017 онд Газар дундын тэнгис дэх Оросын цорын ганц түшиц газар хэвээр байсан Тартусын тэнгисийн цэргийн баазын талаар дахин гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Орос улс Тартусын далайн боомтыг Газар дундын тэнгис дэх цэргийн ажиллагаанд зориулан үнэ төлбөргүйгээр 49 жил түрээслэх, цаашид 25 жил сунгах боломжтой болжээ. Москвагийн зүгээс баазын бүрэн эрх мэдлийг авч, иргэний болон бизнесийн зорилгоор ч давхар ашиглахаар болсон. 2021 оны 5 дугаар сард хоёр улсын засгийн газар ОХУ-аас тэнгисийн цэргийн баазыг өргөтгөх, хөвөгч усан онгоцны зогсоол нэмж барихад зориулж 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцов. Үүний зэрэгцээ Хмеймим агаарын цэргийн баазын хөөрөх зурвасыг өргөтгөж, Газар дундын тэнгист сургалтын даалгавар гүйцэтгэх үүрэгтэй гурван ширхэг ТУ-22М3 цөмийн цохилт өгөх хүчин чадалтай алсын тусгалын бөмбөгдөгч онгоцуудыг байршуулсан.
ОХУ-ын зүгээс Сирийн асуудалд оролцох удаах сонирхол нь “ISIS”-ын (ихэнх нь Чечень, Дагестанаас ирсэн) дайчдыг Оросын Хойд Кавказ руу нэвтрэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн. Энэ хүрээнд Хмеймим агаарын баазыг ОХУ 2015 оны зунаас хойш “ISIS” болон бусад террорист бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгөх зорилгоор тасралтгүй ашиглаж байна.
Сири дэх Оросын цэргийн оролцоо нь Египет, Ливи дэх тэнгисийн болон агаарын баазаа сэргээх боломжийг олгов. 2021 оны 1-4 дүгээр сард Газар дундын тэнгист явагдах цэргийн үйл ажиллагааны хүрээнд Оросын “Адмирал Касатонов” хөлөг онгоц Александр дахь усан боомтод хүрэлцэн ирсэн нь Орос, Египетийн цэргийн анги нэгтгэлүүдийн хамтарсан маневруудыг идэвхжүүлэх чиглэлд хийсэн эхний алхам гэж үзэж болно. Харин Ливи дэх цэргийн баазтай холбоотой хэрэг явдал газар дээрх нөхцөл байдлаас шалтгаалан илүү төвөгтэй байгаа. Тухайлбал, Ливийн Хафтарын Зэвсэгт хүчний хяналтад байдаг Аль-Жуфра агаарын баазад Оросын зургаан МиГ-29 Фулкрум, таван Су-24 Фенсер нисэх онгоц зогсож байгааг 2020 оны 5 дугаар сарын 26-нд хиймэл дагуулаас авсан зургаас ажиглагдсан. Үүнээс гадна Орос улс Ливид ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор өөрийн улсын хувийн хэвшлийн (цэргийн зориулалттай) “Вагнер” компанийг ашигласан нь нөхцөл байдлыг илүү хүндрүүлсэн.
Хар тэнгис дэх ‘Улаан шугамууд’
ОХУ-ын хувьд Хар тэнгисийн бүсэд хяналтаа тогтоох явдал туйлын чухал. Гүрж, Украин улсуудын явуулж байгаа НАТО-той ойртох бодлогыг аюулгүй байдалд ноцтой сорилт, түгшүүр, заналхийлэл учруулна хэмээн авч үздэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд Орос улс энэ хоёр улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан юм. 2008 оны 8 дугаар сард Гүржийн дайнаар Абхаз, Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг Орос хүлээн зөвшөөрч, эдгээр бүс нутагт цэргийн хүчээ зузаатгаж, баталгаажуулж чадсан. 2009 оны 2 дугаар сард Орос, Абхазийн эрх баригчид хооронд байгуулсан гэрээгээр Оросын VII цэргийн баазыг Абхазад 49 жилийн хугацаатай байрлуулах, 15 жилээр дахин сунгах боломжтой байхаар тохиролцсон. Үүнтэй ижил нөхцлөөр Өмнөд Осетийн эрх баригчидтай 2010 оны 4 дүгээр сард гэрээ байгуулсанаар Оросын IV цэргийн баазын үйл ажиллагааг шинээр эхлүүлэв. Хагас хүлээн зөвшөөрөгдсөн (тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадаагүй) энэ хоёр газар аажмаар бүрэн цэрэгжсэн бүс болон хувирсан.
Гүржийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал хэдий хэр хугацаанд сэргээгдэх нь тодорхойгүй байна. Оросын хувьд Украины Севастополь хотод тэнгисийн цэргийн баазгүй бол Хар тэнгисийн зүүн хойд хэсэгт хяналт тавих магадлал бага байгаа. Орос 2014 онд Крымийг өөртөө нэгтгэснээр Хар тэнгисийн сав газар дахь стратегийн ашиг сонирхол, түүнчлэн Газар дундын тэнгист шууд гарах эрхээ баталгаажуулсан юм. Украин (болон Гүрж) НАТО-д гишүүнээр элсэх нь цэргийн ил тод сөргөлдөөнийг өдөөж болох “улаан шугам” болно гэж Орос байр сууриа тов тодорхой илэрхийсэн. Үүнтэй зэрэгцэн Орос ба Евро-Атлантын бүтэц хоорондын сөргөлдөөн эрс нэмэгдэв. 2021 оны 6 дугаар сард Брюссельд болсон НАТО-ийн дээд хэмжээний уулзалтаар НАТО байр сууриа илэрхийлэхдээ ‘Одоогийн нөхцөл байдалд Украин болон түүний эргэн тойрон дахь мөргөлдөөн нь бидний нэн тэргүүнд хэлэлцэх сэдэв’ хэмээсэн юм. Украины (түүнчлэн Гүрж, Молдавын) бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийн хүрээнд дэмжих амлалтаа мөн нотолж ‘ОХУ Крымийг хууль бусаар нэгтгэснийг бид эрс буруушааж, хүлээн зөвшөөрөхгүй, Крымийг эзлэн авсныг буруушааж байна. ОХУ сүүлийн үед цэрэг, зэвсгийн хүчээ их хэмжээгээр нэмэгдүүлж, Украин болон тухайн бүс нутагт тогтворгүй байдал үүсгэх үйл ажиллагаа явуулж, нөхцөл байдлыг улам хурцатган, аюулгүй байдлыг алдагдуулж байна. Бид Оросыг цэргийн хүчээ нэмэгдүүлж, Хар тэнгисийн зарим хэсэгт навигацын хяналт явуулахаа зогсоохыг уриалж байна’ хэмээн онцлон тэмдэглэсэн.
НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын дараахан 6 дугаар сарын 28-нд Украиныг НАТО-гийн стандартад нийцүүлэх, бүс нутгийн энхийг сахиулах үйл ажиллагааны харилцан ажиллах чадвар, үндэстэн дамнасан хамтын ажиллагааг сайжруулах зорилгын дор АНУ, Украин улсууд хамтран НАТО-гийн гишүүн 32 холбоотон улсын оролцоо, дэмжлэгтэйгээр Sea Breeze-2021 цэргийн сургууль явуулсан. Далай, хуурай газар, агаарт хийсэн уг цэргийн сургууль нь Украины зүгээс жил бүр (ОХУ 1998 онд оролцсон) хийгддэг арга хэмжээ байсан ч ОХУ үүнийг “түрэмгий үйлдэл, Украин, түүний түншүүдийн зүгээс манай улсын үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлэл үйлдэж байна” хэмээн үзсэн. ОХУ 6 дугаар сарын сүүлээр Крымд агаарын довтолгооноос хамгаалах S-400 системээ туршиж, 7 дугаар сарын 1-нд НАТО-гийн сургуультай зэрэгцэн дайсны дуураймал хөлөг онгоцнуудад агаараас цохилт өгөх зорилготой өөрийн цэргийн сургуулийг хийв.
Ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Украины одоогийн засгийн газар Оростой тулгарсан асуудлаа “Оросын эсрэг цэргийн эвсэл” болох НАТО-д элсэх замаар шийдвэрлэх хүсэлтэй байгаа нь “улаан шугам” болж байна. “Манай улсын хилийн аюулгүй байдлыг хангах, Европ дахь тэнцвэрийг хадгалахын тулд ‘Украины зүгээс явуулж байгаа өдөөн хатгалгатай тэмцэх’ аюулгүй байдлын шаардлагатай бүх арга хэмжээг Оросын удирдлага авах болно…” хэмээн мэдэгдлээ. Мөн 2021 оны 8 дугаар сард “Крымийн платформ” байгуулсан явдлыг ээлжит “өдөөн хатгалга” гэж үзэж байгаагаа илэрхийлэв. НАТО-гийн орнуудын эвсэл Беларусийн дэглэмийг өөрчлөхөөр хөндлөнгөөс оролцож байна гэж үзсэн тул Орос улс 9 дүгээр сард Беларусьтай хамтран Хар тэнгист ‘Запад-21’ (9 дүгээр сарын 10-16) цэргийн сургуулийг Беларусийн 2020 оны сонгуулийн үйл явцтай давхцуулсан хувилбараар, олон хэмжээст орон зайд явуулсан юм. Украин, АНУ, НАТО ‘Эвслийн ажиллагааны үеэр үндэстэн дамнасан хүчний нэг хэсэг болгон хамтарсан үйл ажиллагаанд бэлтгэх’ зорилготой ‘Rapid Trident -2021’ (9 дүгээр сарын 23-аас 10-р сарын 1) цэргийн сургуулиар хариу барив. Мөн 9 дүгээр сарын 23-нд Оросын Тэнгисийн цэргийн хүчин Крымийн эргийн ойролцоох Хар тэнгис дэх байнд BASTION эргийн пуужингийн довтолгооноос хамгаалах системээ туршин, сургууль дадлага явуулсан байна.
Афганистан … дахин нэг удаа?
АНУ Афганистанаас цэргээ яаран гаргасан явдал Төв Азийн бүгд найрамдах улсуудын хувьд Афганистаны дотоод зөрчил, нөхцөл байдлаас үүссэн асуудлуудтай тулгарсан, түүнчлэн түүний эргэн тойронд өрнөж буй үйл явдлууд Орос болон түүний Төв Азийн бүс нутаг дахь ашиг сонирхолд тодорхой хэмжээгээр хүндрэл учруулж болзошгүй байдлыг үүсгэсэн. Аюулгүй байдалд нөлөө үзүүлэх гол асуудал нь ISIS болон Аль-Каидагийн бий болгосон терроризмын аюул, хар тамхины хууль бус наймаанаас үүдэлтэй. Гэсэн хэдий ч Орос Афганистаны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүйг хичээж байна. Харин Афганистаны асуудал даамжирч эдгээр улс руу нэвтрэх, болзошгүй прокси дайнд татагдан оролцохоос урьдчилан сэргийлэхийн тулд Төв Азийн орнуудад шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлнэ гэсэн бодлого баримталж байна. Иймээс харьцангуй тогтвортой байдлыг хадгалахын тулд өөр өөр үр дүнтэй гурван механизмыг ашиглахаар байгаа. Үүнд:
– Тажикстан, Киргиз дэх Оросын цэргийн баазуудын чадавхийг нэмэгдүүлэх;
– Орос тэргүүтэй улс төр-цэргийн холбоог бэхжүүлэх;
– Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ), Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын хамтын ажиллагаа, үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг болно.
Гадаад аюулгүй байдлын үүднээс авч үзвэл Төв Азийн орнуудын дунд Тажикстан улс хамгийн эмзэг байдалтай байгаа. Тиймээс Орос 2019 оны намар Тажикстан дахь 201 дүгээр цэргийн баазад агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн S-300 систем, танк эсэргүүцэх Корнэт систем, 17 БМП-2 болон байлдааны 12.7 мм-ийн хүнд машин NSV ITYOS-ийг байрлуулсан юм. Түүнчлэн Тажик-Афганы хил дээр шинэ застав барихад 1.1 сая ам.доллар олгохоор шийдвэр гаргажээ. Киргиз дэх Оросын Кант агаарын бааз ч мөн анхаарлын төвд байгаа. 2020 оны 6 дугаар сард Орос улс агаарын довтолгооноос хамгаалах системийг байрлуулж, UAV (нисгэгчгүй нисэх төхөөрөмж)-үүдийн дэд бүтцийг хөгжүүлэх тухай Орос-Киргизийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэрээний дагуу тус баазад Су-25 довтолгооны онгоц, Ми-8 нисдэг тэрэг байрлуулсан. 2021 оны 7 дугаар сард Орос, Киргиз улсууд ХАБГБ-ын ивээл дор Оросын шинэ цэргийн “Хамтын шуурхай хариу арга хэмжээ авах хүчний бааз” (улс хоорондын мөргөлдөөнөөс үүсэх хямралыг богино хугацаанд даван туулах зорилготой)-ыг байгуулах, албан ёсоор ашиглах боломжийг хэлэлцсэн. Орос улс бүс нутаг дахь цэргийн баазынхаа батлан хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ түншүүдтэйгээ хамтарсан сургуулиа үргэлжлүүлсээр байна. 2021 оны 7 дугаар сарын 30-нд Узбекистан, Афганистантай хиллэдэг хэсэгт Орос-Узбекийн цэргийн сургуулийг зохион байгуулж, мөн Тажик-Афганы хилийн ойролцоо 8 дугаар сарын 5-аас 10-ныг хүртэл “Холбоотон улсын нутаг дэвсгэрт нэвтэрсэн хууль бус зэвсэгт бүлэглэлүүд”-ийг устгах зорилготой гурван талт сургуульд Тажикстан улсыг оролцуулсан.
БНХАУ-ын зүгээс Орос-Хятадын хамтарсан командлалын дор зохион байгуулсан “Запад /Харилцан үйл ажиллагаа-2021/” ээлжит сургууль 8 дугаар сарын 9-өөс 13-ны өдрүүдэд Хятадын баруун хойд хэсэгт боллоо. Энэ нь Оросын арми Хятадад цэргийн сургуульд анх удаа өргөн цар хүрээнд оролцсон явдал юм. Энэхүү цэргийн суургуулийн гол зорилго нь хоёр тал “Төв Азийн энх тайван, аюулгүй байдлыг хамтран хамгаалах”, “Хятад, Оросын стратегийн итгэлцлийг нэмэгдүүлэх, туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, байлдааны хүчин чадлыг шинээр тодорхойлох”-д чиглэгдсэн. Орос Хятадын цэргийн хамтын ажиллагаа нь стратегийн нийтлэг ашиг сонирхлын хүрээнд хамтран ажиллах, хариуцлагаа хуваалцах хүсэлтэй байгааг харуулсан. Төв Азид ямар нэгэн сөрөг өөрчлөлт гарахаас урьдчилан сэргийлэх явдал Оросын стратегийн ашиг сонирхолд нийцэх нь ойлгомжтой. Орос улс Афганистаны асуудалд шууд оролцохоос зайлсхийхийн тулд олон улсын ХАБГБ (Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага) болон ШХАБ-ын хоёр байгууллагын үйл ажиллагааг тууштай дэмжих, бүс нутгийн тогтвортой байдлыг хангах, тэдний оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа. 9 дүгээр сарын 16-нд болсон ХАБГБ-ын Душанбегийн дээд хэмжээний уулзалтын үеэр гишүүн орнууд Тажик-Афганы хилд цэргээ байршуулах, цэргийн сургуулиуд үр дүнтэй болж, цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа тухай Тунхаг бичигт онцлон тэмдэглэв. 9 дүгээр сарын 17-нд Душанбе хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаар ХАБГБ (Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага) болон ШХАБ-д ажиглагчийн статустай Афганистан улсаас ирэх аюул заналхийллийг саармагжуулах, бууруулахад чиглэсэн хамтын арга хэмжээ авах хүсэл сонирхол нэгдмэл байгааг нотолсон.
Дүгнэлт
ОХУ-ын хилийн дагуу өрнөж буй үйл явдлууд нь улс төр, цэргийн хүрээнийхний онцгой анхаарлыг татаж байна. Оросын хувьд АНУ, ЕХ, Хятадтай ээдрээтэй харилцаатай байгаагаас үүдэн аюулгүй байдалд нь тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлж болзошгүй дараах шалтгаанууд байна:
а) Орос улс аюулгүй байдлын хувьд сөргөлдөөнтэй бүс нутаг, орчин болох Балтийн орнууд, Польш, Украин, Гүрж зэрэг орнуудаар хүрээлэгдсэн;
б) Армен, Азербайжантай харилцах харилцаагаа тэнцвэртэй байлгах хүчин чармайлт;
в) Афганистаны хямралын дараа Төв Азид ямар нэгэн асуудал гарахаас зайлсхийх оролдлого.
Орос улс цэргийн баазаа байгуулах, тогтвортой суурьшуулах эсвэл хөрш зэргэлдээх улс орнуудыг өөрийн улс төр, цэрэг, эдийн засгийн нөлөөллийн хүрээнд зарим үед хүчээр татан оролцуулах замаар аюулгүй байдлын бүсээ бий болгодог. Үүний зэрэгцээ илүү ‘эгоцентр’ шинжтэй Орос улс стратегийн хувьд илт давуу талыг олж авах боломжтой талбарт анхаарлаа төвлөрүүлсэн гадаад бодлого явуулж байна. Цаашилбал Оросын аюулгүй байдлын олон талт бодлогод нөлөөлөх хязгаарлалтууд илтэд харагдаж буй. Үүнд:
1) Москва Газар дундын тэнгис (Сири) болон Хар тэнгисийн (Гүрж, Украин) сав газарт болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд цэргийн интервенцийг ашигладаг. Гэвч Газар дундын тэнгисийн бүс нутгийг цэргийн хүчин чадлын призмээр харвал Орос АНУ-ын VI флоттой өрсөлдөх боломжгүй. Орос улс тэнд байгаа гэдгээ харуулах боломж хязгаарлагдмал. Хар тэнгисийн бүс нутаг дахь Оросын стратегийн ашиг сонирхол нь НАТО, Турк, Украин, Гүржийн ашиг сонирхолтой зөрчилдөж, өрсөлддөг. Тэнхлэгийн дагуу НАТО-гийн Хар тэнгис дэх үйл ажиллагааг тодорхой түвшинд хүлээн зөвшөөрдөг, Крымийн асуудлаар Анкарагийн байр суурь ямар байхаас үл хамааран Турктэй ‘хамтын ойлголцол’-оо зохицуулдаг, Украины эсрэг дайсагнасан бодлого явуулдаг, Гүржийг үл тоомсорлодог зэрэг харилцан адилгүй арга хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг.
2) Орос хэдийгээр Өмнөд Кавказ дахь цэргийн хүчээ өргөжүүлсэн ч давамгайлах байр сууриа алдсан. 2020 оны Карабахын дайны дараа Туркийн энэ бүс нутагт өсөн нэмэгдэж буй улс төр-цэргийн оролцоо, үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон.
3) Оросын хувьд Төв Азийн нөхцөл байдлыг хянах боломжит хоёр механизм бий: Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-д өөрөө давамгай байр суурьтай, харин Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д заавал Хятадтай тохиролцох хэрэгтэй болно. Афганистантай холбоотой үүсээд буй сөрөг нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд хоёр байгууллагын хүчин чармайлтыг нэгтгэж, зохицуулах шаардлагатай. Гэсэн хэдий ч гол бэрхшээл нь гишүүн улсуудын хооронд ноцтой өрсөлдөөн явагддаг, стратегийн нэгдмэл алсын хараа байхгүй явдал юм.
Ерөнхийдөө Орос улс гадаад харилцаандаа илүү прагматик хандаж, аюулгүйн бүсийнхээ эмзэг хэсгүүдээ бэхжүүлэхэд төвлөрч, олон талт оролцооны зарчим, бүс нутагт ноёлох үзлийг хэрэгжүүлж байна. Украины нөхцөл байдал гэх мэт Оросын аюулгүй байдлын ашиг сонирхолд бодит аюул заналхийлсэн үед л хариу арга хэмжээний тактикийг хэрэгжүүлж байгаа. Бусад бүх тохиолдолд өөрийн давуу талаа түшиглэн өртөг багатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, эсвэл бүүр зарим өөрчлөгдөж буй өрнөлийг үл тоон өнгөрөөж буй.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
БНХАУ-ын Хуурай газрын хилийн тухай хуульДараах нийтлэл
Хосолмол дайнСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19