2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр БХАТИХ-ын Байнгын хорооны хурлаар “БНХАУ-ын хуурай газрын хилийн тухай хууль”[1]-ийг батлав. Тус хууль 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Энэ хууль батлагдсанаар Хятад улс хуурай газрын хөрш орнуудтайгаа хилийн асуудлаа шийдвэрлэхэд эрх зүйн орчинг бүрдүүлж өгч байгаа юм. Хууль батлагдахаас өмнө 2021 оны 4-р сарын 26-ны өдөр БХАТИХ-ын Байнгын хорооны 28-р хуралдаанаар үндэсний хилийн тухай хуулийн төслийн тайлбарыг хийсэн байдаг.[2]
Хятад улсын хуурай газрын хилийн урт 22 мянга орчим километр бөгөөд хуурай газраар 14 улстай хиллэдэг, дотоодын 9 муж болон бүс нь гадаад улстай хиллэдэг. Хятад улс өмнө нь үндэсний хэмжээнд удирдлагын тогтолцоо, үндэсний хилийн үйл ажиллагааг зохицуулах, хуулийн хариуцлага хүлээлгэх талаар хууль тогтоох түвшинд тусад нь боловсруулж байгаагүй. Хуурай газрын хилийн тухай хууль нь Хятадын Коммунист нам 1949 онд байгуулагдсан цагаасаа хойш анх удаагаа хилийн хамгаалалт, удирдлагын асуудлыг зохицуулахаар гаргаж буй бие даасан хууль юм. БНХАУ-ын Коммунист намын XVIII Их хурлаар Ши Жиньпин төрийн эрхийг авснаас хойш Бээжингийн эрх баригчид газар нутаг, хилийн аюулгүй байдал, хилийн удирдлага менежментийг улс орныхоо стратегийн чухал байр сууринд тавьжээ.
БНХАУ-ын Хуурай газрын хилийн тухай хуульд тодорхойлсноор хуурай газрын хилийн үйл ажиллагааг зохицуулах, бэхжүүлэх, хуурай газрын хилийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах, хуурай газраар хиллэдэг хөрш орнуудтайгаа сайн хөршийн найрамдал, солилцоо, хамтын ажиллагааг ахиулах, хилийн боомтын үйл ажиллагаа, боомтын аюулгүй байдлыг хангах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой аж. БНХАУ-ын Үндсэн хуульд заасны дагуу улсын бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах заалтын шаардлагаар энэ хуулийг боловсруулжээ.
Хуулийн гол агуулга
Хятадын хуурай газрын хилийн тухай хууль нийт 7 бүлэг, 62 зүйлтэй. Уг хууль Хятадын хуурай газрын хилийн цэргийн хяналт хамгаалалт, хил орчмын бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих талаар давхар агуулгууд бий. Хилийн цэрэг болон хил орчмын иргэдийн хамтын ажиллагаагаар тус хууль хэрэгжих ажээ.
Хуулийн 4-р зүйлд БНХАУ-ын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал ариун бөгөөд халдашгүй дархан байна гэж заасан. Тус улс нутаг дэвсгэрийн бүрэн эрх, хуурай газрын хилийн аюулгүй байдлыг тууштай хамгаалах, нутаг дэвсгэрийн бүрэн эрхэд халдсан, хуурай газрын хилийг сүйтгэсэн аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар үр дүнтэй арга хэмжээ авахаар заажээ.
Хуулийн 10-р зүйлд төрөөс хилийн хамгаалалтын бүтээн байгуулалтыг бэхжүүлэх, хилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих, гадаад ертөнцөд нээлттэй байлгахад чиглэсэн арга хэмжээ авах, хилийн боомтыг бэхжүүлэх, хилийн ард иргэдийг баяжуулах үйл ажиллагааг сурталчлах, хил орчмын төрийн үйлчилгээний түвшинг дээшлүүлэх талаар заасан. Үүний дагуу хилийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, хил орчмын үйлдвэрлэл, амьдрах орчныг сайжруулах, хил орчмын оршин суугчдыг урамшуулан дэмжих, хилийн хамгаалалтын бүтээн байгуулалт, хилийн эдийн засаг, нийгмийг уялдуулан хөгжүүлэх зорилгыг багтаажээ.
Хуулийн 15-р зүйлд тус улс эрх тэгш, итгэлцэл, найрсаг зөвшилцлийн зарчмыг баримталж, хуурай газрын хилийн холбогдох асуудлаар хуурай газрын хөршүүдтэйгээ яриа хэлэлцээ хийх замаар түүхээс үлдсэн маргаан, хилийн асуудлыг зүй зохистой зохицуулж шийдвэрлэнэ гэж заасан.
Хуулийн 22-р зүйлд Хятадын Ардын чөлөөлөх арми, Хятадын Ардын зэвсэгт цагдаагийн анги нэгтгэл нь хилийн хамгаалалт, удирдлага, хяналтын үүргээ биелүүлж, хээрийн сургууль, шалгалт үнэлгээ зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах, хуурай газрын хил, хилийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хадгалах, халдан довтлох, газар нутаг залгих, нэвчих, өдөөн хатгах зэрэг үйлдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэмцэх үүрэгтэй” гэж заасан байна.
23-33-р зүйлд Төрийн зөвлөлийн холбогдох хэлтэс, бүх шатны хилийн муж, өөртөө засах орны ардын засгийн газар холбогдох гэрээний дагуу хилийн гол мөрөн (гол, нуур)-ий тогтвортой байдлыг хангах, хилийн усыг хамгаалж, зохистой ашиглах арга хэмжээ авна гэж заажээ.
Хятадын хуурай газрын хилийн бүс ба маргаантай газрууд
Хятад улс хуурай газрын 14 хөрш улсаас одоогоор Энэтхэг, Бутан улстай хилийн маргаантай байна (2000-д оны сүүлээр Оростой хилийн маргаанаа шийдвэрлэсэн[3]). Бутан Хятад хоёр улсын хилийн маргаан яриа хэлэлцээний түвшинд урагшилж, дипломат аргаар шийдвэрлэхээр талууд идэвхтэй ажиллаж байгаа. Хятад Энэтхэг хоёр улс харин хуурай газрын хил дээр томоохон маргаантай, энэ нь үе үе хурцадмал байдалд ордог. Хятадын Хуурай газрын хилийн тухай хууль Хятад-Энэтхэгийн хилийн хэлэлцээ мухардалд орсон үед хэлэлцээрийг дэмжихэд тодорхой үүрэг гүйцэтгэж магадгүй гэж Хятадын тал найдаж буй.
Хятад, Бутаны хилийн маргаан:
2021 оны 10-р сарын 14-нд БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгч бөгөөд Гадаад хэргийн туслах сайд У Жянхао,[4] Бутаны Засгийн газрын төлөөлөгч бөгөөд Гадаад хэргийн сайд Танди Дорж[5] нар цахимаар уулзалт хийж, Хятад, Бутаны хилийн хэлэлцээрийг түргэтгэх “Гурван алхам”-ын замын зургийн санамж бичигт гарын үсэг зурснаар талуудын яриа хэлэлцээр урагштай байна..
Хятад, Бутаны хилийн урт нь 600 орчим километр бөгөөд албан ёсоор тогтоогдоогүй нийт 6 хилийн маргаантай бүс нутаг бий. 1984 онд Хятад-Бутаны хилийн хэлэлцээр эхэлснээс хойш 1988 онд хоёр улс хилийн асуудлыг шийдвэрлэх үндсэн зарчимд гарын үсэг зурж, 1998 онд Хятад, Бутаны хил орчмын бүс нутагт энх тайван, амгалан тайван байдлыг сахиулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ хоёр гэрээ нь Хятад, Бутаны хилийн хэлэлцээрийн үндэс суурь болдог.
Бутан улсын дипломат харилцаа, батлан хамгаалах, эдийн засаг худалдаанд Энэтхэг улс голлох нөлөө үзүүлж ирсэн. Бутан, Энэтхэг улс 1949 онд “Гадаад харилцааны хувьд Энэтхэгийн засгийн газрын санал болгосон удирдамжийг Бутаны засгийн газар хүлээн зөвшөөрөхийг зөвшөөрч байна” гэсэн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд үүний зэрэгцээ хоёр улс дипломат болон үндэсний батлан хамгаалах асуудлаар харилцан зөвшилцөх шаардлагатай гэж заасан байдаг. Харин 2007 оны Бутан, Энэтхэгийн шинэ гэрээгээр хоёр орны харилцааны мөн чанар өөрчлөгдсөн, өөрөөр хэлбэл Бутан улс өнгөрсөн хугацаанд туслах статустай байснаа дотны анд, эрх тэгш түнш болж хувирчээ.
Хэдий тийм боловч Бутаны газар нутгийн асуудал, ялангуяа Бутан, Хятадын хилийн маргаанд Энэтхэгийн нөлөө өндөр хэвээр буй. Хятад-Бутаны хилийн маргаан 2017 онд Хятад, Энэтхэгийн цэргүүдийн Доклам дахь сөргөлдөөнийг өдөөсөн юм. Хэдийгээр Энэтхэг улс Докламын бүс нутагт бүрэн эрх эдлэхээ мэдэгдээгүй ч Энэтхэгийн цэргүүд “Тус бүс нутгийг Бутанд эзэмшүүлэхийг дэмжсэн”-ийг хил давах үндэслэл болгож, Хятад-Энэтхэгийн хилийн Сикким хэсгээр зэвсэг зөөвөрлөжээ. Эцэст нь Хятад, Энэтхэгийн хооронд зэвсэгт мөргөлдөөн үүссэн юм.
Сүүлд байгуулсан Бутан, Хятадын санамж бичгийн талаар Энэтхэгийн байр суурь илүү болгоомжтой байгаа юм. Энэтхэгийн зарим хэвлэлд мэдээлснээр, Энэтхэгийн ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Алиндене Бах ээлжит хэвлэлийн бага хурал дээр харилцан ойлголцлын санамж бичгийн талаарх асуултад хариулахдаа: “Бутан Хятад хоёр улсын хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг бид анзаарлаа. Бутан, Хятад хоёр 1984 оноос хойш хилийн хэлэлцээ хийж ирснийг та бид мэднэ. Энэтхэг ч мөн Хятадтай хилийн асуудлаар хэлэлцээ хийж байгаа” гэв. Гэвч Бутан Хятадтай байгуулсан санамж бичгийн талаар Энэтхэгт нөлөөлөл бий юу гэсэн асуултад тэрээр хариулаагүй.
Хятадын тухайд Шанхай хотын Фуданий их сургуулийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач Лин Минван Хятад, Бутаны хооронд “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь маш чухал ач холбогдолтой гэж онцлон тэмдэглээд, хилийн маргааны асуудлыг ургашлуулахад чухал алхам боллоо гэж онцлов.
Энэтхэг Хятадын хилийн маргаан
Хятад, Энэтхэг хоёр 2000 гаруй километрээр хиллэдэг (Кашмерийн болоод бусад маргаантай хэсгүүдйг оруулбал Энэтхэгийн тооцоолсноор 3488 км[6]) бөгөөд нийт 120 мянга гаруй хавтгай дөрвөлжин километр газар нутгийг хамрах баруун, дунд, зүүн гэсэн гурван хэсэгт газар нутгийн маргаантай байдаг. 2020 оны 5 дугаар сараас хойш Энэтхэг, Хятад хоёр хилийн бүсэд 18 сарын турш цэргийн сөргөлдөөн үүсгэсэн юм.
2021 оны 2 дугаар сард Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Сингх Энэтхэгийн парламентад хэлэхдээ, Энэтхэг Хятад хоёр улс цэргийн командлагчийн түвшний олон удаагийн хэлэлцээ болон дипломат хэлэлцээ хийсний дүнд талууд тохиролцоонд хүрч, хоёр талын фронтын цэрэг Гималайн нурууны баруун хэсэгт орших Пангун бүсэд хилийн тусгаарлалтыг зохион байгуулж эхлэхээр тохиролцсон гэж мэдэгдсэн юм.
Хятадын Баруун бүсийн цэргийн командлалын WeChat-ын албан ёсны хуудсаар мэдээлснээр 10 дугаар сарын 10-нд Хятад Энэтхэгийн зэвсэгт хүчин Мордор/Чушулегийн уулзварын Хятадын талд цэргийн командлагчийн түвшний 13 дахь удаагийн хэлэлцээ болсон. Хэлэлцээний үеэр Хятадын тал хил орчмын асуудлыг намжаахад ихээхэн хүчин чармайлт гаргаж, хоёр орны цэргийн харилцааны ерөнхий байдлыг хадгалахыг зорьж буйгаа бүрэн харуулсан гэжээ. Хятад Энэтхэгийн цэргийн командлагчийн түвшний 13 дахь удаагийн хэлэлцээний талаар Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Баруун бүсийн командлалын хэвлэлийн төлөөлөгч Лун Шаохуа мөн хэлэхдээ Хятадын үндэсний бүрэн эрхт байдлыг хамгаалах шийдвэр гуйвашгүй бөгөөд Энэтхэгийн тал нөхцөл байдлыг буруугаар дүгнэхгүй байхыг хүсэж байна гэв. Хятад, Энэтхэгийн одоогийн хилийг эрхэмлэн дээдэлж, бүс нутгийн хүнд хэцүү байдалд хүрсэн нөхцөл байдлыг хоёр орон, хоёр армийн холбогдох гэрээ хэлэлцээр, зөвшилцлийг дагаж мөрдөж, хилийн бүс нутагт энх тайван, амгалан тайван байдлыг хамтдаа сахин хамгаалахын төлөө Хятад улс чин сэтгэлээсээ хичээнгүйлэн ажиллана гэж мэдэгджээ.
Шэньжэний их сургуулийн Энэтхэг судлалын төвийн захирал, профессор Юй Лунюй хэвлэлд мэдээлэхдээ, “БНХАУ-ын хуурай газрын хилийн тухай хууль батлагдсан. Хууль хэрэгжиж эхэлснээр, Хятад улс бусад улстай хуурай газрын хилийн маргаанаа шийдвэрлэх боломжийг олгоно. Ялангуяа Хятад-Энэтхэгийн хилийн хэлэлцээ мухардалд орсон үед энэ хуулийг баталсан нь Хятад-Энэтхэгийн хилийг хамгаалж буй цэрэг дайчид болон Энэтхэгийн талтай хэлэлцээ хийж буй Хятадын бие бүрэлдэхүүнд урам зориг өгөхөд чухал үүрэг гүйцэтгэнэ. Юуны түрүүнд энэ нь БНХАУ-ын хууль эрх зүйн тогтолцооны ажилд ахиц гаргасан бас нэг том алхам, хоёрдугаарт энэ хууль нь ойр орчмын хөрш орнуудад Хятад улсын хилийн асуудлыг илүү тодорхой болгоод зогсохгүй манай хилчдэд эх орныхоо ариун дагшин хилийг хамгаалах үүрэг хариуцлагаа ухамсарлахад түлхэц болно. Цаашдаа Хятадын тал Энэтхэгийн талтай холбогдох хэлэлцээ хийх үед хуулийн үндэслэлтэй болсон” гэв. Профессор Юй Лунюй мөн хэлэхдээ Хятад улс энэ хуулийг баталсан нь Хятад Энэтхэгийн хилийн хэлэлцээнд эерэг уур амьсгал оруулах зорилготой юм. Мэдээж хилийн хэлэлцээ нь хоёр талын эрх ашиг, сонирхлыг хамардаг тул Энэтхэгийн хариу үйлдлийг нарийн таамаглахад хэцүү хэмээв.
Хуурай хилийн хуулийн зарим эрсдлүүд
БНХАУ-ын хил 22 мянга гаруй километр (одоогоор маргаантай хэвээр байгаа) урт гэдгээрээ дэлхийн хамгийн урт хуурай хилтэй улсад тооцогддог. Хойд Солонгос, Орос, Монгол, Казахстан, Киргизстан, Тажикистан, Афганистан, Пакистан, Энэтхэг, Балба, Бутан, Мьянмар, Лаос, Вьетнам гэсэн 14 (дэлхийн хамгийн олон) улстай хуурай газраар хиллэдэг, мөн хилийн нөхцөл байдал хамгийн ээдрээтэй орнуудын нэг.
Монгол Улс БНХАУ хоёр 4709.6 км урт газраар хиллэдэг[7] нь тус хоёр улсын аль алинд нь хөрш улсуудтайгаа хиллэх хамгийн урт хилийн шугам болдог. Хуурай газрын хамгийн урт хилийн шугамтай улсын хувьд энэ хууль нь хоёр улсын хилийн бүс болон бүс нутгийн аюулгүй байдалд яг хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг анхаарах нь зүйтэй.
Уг хууль хэрэгжиж эхэлснээр хил залгаа орнуудтай хил орчмын асуудлаар хэд хэдэн нөлөө үзүүлж болзошгүй.
- Хуурай газрын хилийн засаглалын асуудлыг шийдвэрлэх талаар БНХАУ-д эрх зүйн баталгаа, үндэслэл болж өгнө.
- Хятад-Энэтхэг, Хятад-Бутан болон бусад маргаантай хил дээр Хятадын батлан хамгаалах цэрэг зэвсгийн үйл ажиллагааг хууль ёсных болгоно.
- Хилийн бүсийн иргэдийн нийгэм эдийн засгийн хөгжилд анхаарал тавьж, хилийн иргэдийн суурьшлын бүс нэмэгдэнэ. Мөн Афганистан, Хойд Солонгос гэх мэт улсын дүрвэгсэд хил давж оргож буй иргэдийн асуудал[8] Хятадын хуулиар хил зөрчсөн хэргээр хүндээр шийдэгдэх талтай.
- Хилийн усны асуудлыг онцгойлон авч үзсэн. Энэтхэг Хятадын хилийн маргаан, Гималайн усны нөөцийн асуудал чухалд тооцогдоно. Монгол, Хятадын хилийн усны тухайд хоёр улс хилийн усыг хамгаалах ашиглах хэлэлцээртэй.[9] Шинэчлэн сайжруулах шаардлага гарч магадгүй. Хамрагдах гол мөрөн нь Халх гол, Хэрлэн гол, Буйр нуур, Булган гол тус тус болно.
Мөн 2022 онд хэрэгжиж эхлэх хуулийн анхаарууштай зүйл нь энэ хуульд хил хаах, боомтыг хаах эсвэл бусад “онцгой байдлын арга хэмжээ” авах 4 нөхцлийг тодорхойлжээ:
– Хил дээр дайн, зэвсэгт мөргөлдөөн гарч, Хятадын хилийн аюулгүй байдал, тогтвортой байдалд заналхийлэх үед;
– Хил орчмын нутаг дэвсгэрт улсын аюулгүй байдал, оршин суугчдын амь нас, эд хөрөнгөд ноцтой аюул занал учруулсан томоохон хэрэг явдал гарсан тохиолдолд;
– Байгалийн гамшиг, эрүүл мэндтэй холбоотой өвчин цар тахал, цөмийн, биологийн, химийн бохирдлын улмаас хилийн бүсэд аюул заналхийлсэн үед;
– Хуурай газрын хил, хил орчмын аюулгүй байдал, тогтвортой байдалд ноцтой нөлөөлж буй бусад нөхцөл байдал гэж тус тус ажээ.
Дүгнэлт
Ковид-19 цар тахал Бээжинд хуурай газрын хилийн бүсүүд дээр илүү хяналт тавих зайлшгүй шаардлагатай байгааг ойлгуулсан гэж харагдаж байна. 2020 оны эхээр вирус Хятад дотор болон дэлхий даяар хурдацтай тархаж байх үед Хятадын Төрийн зөвлөл хил дамнасан халдвар дамжих эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулж, хилийн бүсэд урьдчилан сэргийлэх ажлыг нэн тэргүүнд тавьсан юм. Юньнань, Шинжаан, Өвөр Монголын хилийн хотуудад гарсан хамгийн сүүлийн үеийн давалгаа хилийн бүсүүдэд цар тахлын хүндрэл байгааг харуулж байна.
Хуурай газрын хилийн тухай хууль баталснаар Хятад улс хуурай газрын хилийн маргаантай асуудлаа шийдвэрлэхэд эрх зүйн үндэслэл болж өгч байна. “Бүс ба зам” санаачилгын гол эдийн засгийн коридорууд хуурай газраар явах тул хуурай газрын хилийн бүсийн бүтээн байгуулалт болон аюулгүй байдлын асуудлыг Хятад улс чухалчлан авч үзэж буйн илрэл юм.
[1] Land Borders Law of the People’s Republic of China, 中华人民共和国陆地国界法 https://flk.npc.gov.cn/detail2.html?ZmY4MDgxODE3Y2FjMmFiODAxN2NhYzViODBkMjAxMjM%3D
[2] 会议审议了全国人大外事委员会关于提请审议陆地国界法草案的议案。外事委员会主任委员张业遂作了说明。http://www.gov.cn/xinwen/2021-04/26/content_5602811.htm
[3] https://en.wikipedia.org/wiki/Sino-Soviet_border_conflict
[4] China and Bhutan Sign MoU on a Three-Step Roadmap for Expediting the China-Bhutan Boundary Negotiation China and Bhutan Sign MoU on a Three-Step Roadmap for Expediting the China-Bhutan Boundary Negotiation (fmprc.gov.cn)
[5] Press Release, Thimphu, Bhutan Ministry of Foreign Affairs https://www.mfa.gov.bt/?p=11456
[6] https://en.wikipedia.org/wiki/Borders_of_India
[7] Гурван улсын улсын хилийн уулзваруудын цэгийг тодорхойлох тухай file:///C:/Users/Chinggis/Downloads/中华人民共和国政府、俄罗斯联邦政府和蒙古国政府关于确定三国国界交界点的协定.pdf
Засгийн газар хоорондын гурван улсын улсын хилийн Зүүн уулзварын цэгийн тухай Тодорхойлолт-протокол file:///C:/Users/Chinggis/Downloads/中华人民共和国政府、俄罗斯联邦政府和蒙古国政府关于三国国界西端交界点叙述议定书.pdf
Засгийн газар хоорондын гурван улсын улсын хилийн Баруун уулзварын цэгийн тухай Тодорхойлолт-протокол
[8] 중화인민공화국 육지경계법https://world.moleg.go.kr/cms/commonDown.do?DLD_CFM_NO=FC0Z2H575WS34J3HX0D9&FL_SEQ=66930
[9] Хилийн усыг хамгаалах болон ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээр file:///C:/Users/Chinggis/Downloads/中华人民共和国政府和蒙古国政府关于保护和利用边界水协定.pdf
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Мансууруулах бодисын xор хөнөөл ба далд зах зээлДараах нийтлэл
ОРОСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОРОН ЗАЙН БҮССүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23