Цар тахлаас үүдэлтэй нийгмийн сэтгэл зүйн тогтворгүй байдал

2021-04-30

https://niss.gov.mn/wp-content/uploads/2021/04/1000x-1.jpg

Цар тахлын үеийн нийгмийн сэтгэл зүйг улс төрийн зорилгоор ашиглаж байна уу?

Коронавируст халдвар  (COVID-19)-ын цар тахалд хоёр жил хүрэхгүй хугацаанд 150 сая гаруй хүн нэрвэгдэж 3,1 сая гаруй хүн нас барсан төдийгүй,1 дэлхий даяар нийгмийн сэтгэл зүй, хувь хүний бие бялдар, эдийн засагт томоохон тулгамдсан асуудлууд гарч ирсэн.

Вирус маш хурдтайгаар дэлхий дахинд тархаж, түүний эсрэг улс үндэстэн бүр  хилээ хааж, тусгаарлагдсан орчинд вирустэй тэмцэж байна. Цар тахлыг тогтоон барих, хор уршгийг нь бууруулахын тулд улс дотроо хот, суурингаар хөл хорьж, сургууль, цэцэрлэг, сүм хийдийг хаах, бөөнөөр цуглахыг хориглох, маск зүүхийг шаардах, тохиолдлыг тусгаарлах, халдваргүйтгэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн эмийн бус арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.  

Цар тахлаас үүдэн ажилгүйдлийн түвшин огцом өсч, иргэдийн тогтмол орлого буурснаар урт хугацааны эдийн засгийн уналт гарч байгаа тул нийгмийн тэгш бус байдал, түүнээс үүдэлтэй үзэл санааны туйлшрал, өмнө нь нуугдмал байсан радикалчлал, экстремист уриа лоозон, үйлдэл улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Өсөн нэмэгдэж буй тэгш бус байдал, туйлшрал нь улс төр, нийгмийн эмх замбараагүй байдлыг өдөөж, коронавирусын тархалтыг хумих зорилгоор улс орнуудын засгийн газраас авч хэрэгжүүлж буй нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг иргэдийн тодорхой хэсэг эсэргүүцэж эхэлсэн юм. Түгжигдмэл, хязгаарлагдмал амьдралд орсон иргэд аюулгүй байдал, эрүүл мэнд болон орлогодоо санаа зовних болж  ирээдүйн талаар сөрөг таамаглалууд дэвшүүлэх болжээ.

Цахим орчны хамаарал

Цар тахлын нөлөөгөөр  хөдөлгөөн хязгаарлах, хөл хорих үед хүмүүс цахим орчинд зарцуулах хугацаа энгийн үеийнхээс хэд дахин өсөж, хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээн дэх өвчний тухай мэдээлэл, түүний тодорхойгүй байдал зэргээс шалтгаалж айдас, түгшүүр, сэтгэл гутрал гэх мэт сэтгэл зүйн хямралд өртөх эрсдэл нэмэгдэж байна. Вирус өөрөө маш хурдтай тархаж байгаа төдийгүй дэгдэлтийн тухай зөв, буруу мэдээлэл ч хурдтай тархаж байгаа нь олон нийтийн дунд үймж сандрах үзэгдэлийг бий болгож байна.

Олон улсын мэргэжилтнүүдийн судалснаар цар тахлын үеэр иргэдийн дунд халдвар авах айдас, бухимдал давамгайлж, үүнийг ашиглан цахим сүлжээгээр санаатай болон санамсаргүй байдлаар ихэвчлэн улс төрийн зорилготой сөрөг, хуурамч мэдээлэл тарааж, жагсаал цуглаанд турхирах явдал гарч байна.

Хөл хорионоос эхлэлтэй жагсаал цуглаан

ДЭМБ-аас COVID-19-ийг дэлхийн цар тахал гэж зарласнаас хойш дэлхийн 100 орчим улс оронд  цар тахлын улмаас авч хэрэгжүүлсэн хөл хориог эсэргүүцсэн жагсаал болсон байна.2  Өөрөөр хэлбэл, цар тахлын дэгдэлт сунжирсаар, үүний эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс үүдэн олон орны засгийн газар, иргэдийн хоорондын харилцаа хурцдан, улмаар жагсагчдыг гудамжинд эргүүлэн авчирсан.3 Шинээр бий болсон эсэргүүцлийн хөдөлгөөнүүдэд авлига, улс төрийн хэлмэгдүүлэлт, эдийн засгийн хүндрэл зэрэг асуудлуудын зэрэгцээ цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн засгийн газруудын бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэж эхэлсэн явдал юм.

Жагсаал тус бүрийн онцлог  өөр өөр байна. Хөл хорионы улмаас үйлдвэрүүд зогсож эдийн засгийн байдал хүндэрснийг, зарим нь эрүүл мэндийн үйлчилгээний тэгш бус хүртээмжийг эсэргүүцэж жагссан бол бас нэг хэсэг нь шашны цуглаан, зан үйл хийх эрхээ нэхэж байх жишээтэй.
Иргэдийн төр засагтаа дургүйцэж буйн илэрхийлэл болох гудамжны жагсаал хөдөлгөөнүүдийн гол өдөөгч нь улс төрийн шийдвэр гаргах механизмын гажуудал, оновчтой бус шийдлүүд байдгаас нийгэмд эргээд сөрөг уур амьсгалыг бий болгодог.4

Жагсаал цуглаан улс төрийн зорилгоор ашиглагдаж буй байдал

Тайван замаар эвлэлдэн нэгдэж, үзэл бодол, дуу хоолойгоо эрх баригчдад хүргэж буй аливаа арга хэмжээний зорилго дахь эсэргүүцлийн шинж нь давамгайлаад ирвэл улс төр, нийгмийн тогтворгүй байдал үүсэх магадлал бий болно. Ялангуяа цар тахлын үеийн хөл хорионы улмаас эдийн засаг агшсан нөхцөлд нийгэм ийм хөдөлгөөнд орвол их аюултай юм.

Жагсагчдын санаа зорилго нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд хэрэгжүүлж буй хатуу арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал, хөл хорионы арга хэмжээнээс илүүтэй хувь хүний эрх чөлөөг онцолж, засаглалыг эсэргүүцсэн жагсаал,  цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээ нь иргэдийн амжиргаанд нөлөөлж байгааг анхааруулсан жагсаал багтаж байна. Ялангуяа эрх баригчдыг иргэдийн эрхийг хязгаарлаад зогсохгүй үндэсний эдийн засагт хохирол учруулж байна гэж үзэж цар тахлын эсрэг тавьсан бүх хязгаарлалтыг цуцлахыг шаардах хандлага олон улсад ажиглагдаж байна. 5

Эсэргүүцлийн жагсаалын олонх нь хүчирхийлэлд шилжсэн бөгөөд тайван  байдлаар явагдаж улмаар эмх замбараагүй байдалд шилжих хандлага ажиглагдах болсон. Эдгээрт заримдаа хэт үндсэрхэг үзэлтнүүд, вакцинд үл итгэгчид, бизнес эрхлэгчид, шашны удирдагч нар оролцсон байна.

Иргэдийн эхлүүлсэн тайван жагсаалыг хэт үндсэрхэг үзэлтнүүд, вакциныг эсэргүүцэгчид, бизнес эрхлэгчид, шашны бүлэглэлүүд эмх замбараагүй байдал болгон ашиглах хандлага ажиглагдах болсон.

Европт болсон зарим эсэргүүцлийн жагсаалыг эмх замбараагүй байдалд шилжүүлэхэд хэт үндсэрхэг үзэлтэй бүлэглэлүүд хүчтэй нөлөөлж буй талаар судлаачид өгүүлэх болсон. Үүнд нь хуурамч мэдээлэл, ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан коронавирустай холбоотой хуйвалдааны онолууд ихээхэн нөлөөлснийг шинжээчид тогтоожээ. Тухайлбал: Нидерландын эрх баригчидаас гаргасан хөл хорионы шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал улмаар эмх замбараагүй байдалд шилжсэн юм. Цагдаа нар хөл хорионы дэг журмыг зөрчин цугласан иргэдийн эсрэг усан буу, нулимс асгаруулагч хэрэглэсэн байна. Зарим жагсагч цагдаа нар уруу шатамхай шингэн шидэж, мөн дэлгүүр, хоршоог тонон дээрэмдсэн үйл явдал ч давхар өрнөжээ. Хөл хориог эсэргүүцсэн хөдөлгөөний үеэр баривчлагдсан хүний тоо 240-г даваад байна. Амстердамаас мэдээлж байгаагаар үймээн самууныг хэт барууны QAnon хөдөлгөөнтэй холбоотой “хуйвалдагчид” өдөөсөн7 гэв.

АНУ-д болсон үйлд явдал нь хөл хорионы үеийн нийгмийн сэтгэл зүйг ашиглан өдөөн турхирсан томоохон жишээ юм.  2020 оны 4-р сарын 15-нд Мичиган мужаас эхэлсэн эсэргүүцлийн жагсаалыг консерватив бүлгүүд зохион байгуулж бусад муж дахь бүлгүүдийг өөрсдийн уриа лоозонг вэбсайт, фэйсбүүк групп ашиглаж тараахыг уриалсан. Дараагийн эсэргүүцлийн жагсаалыг Бүгд найрамдах намын идэвхтнүүд буюу намын байгууллагууд, бусад идвэхтэй хөдөлгөөнүүд зохион байгуулав.  Ерөнхийлөгч Трамп хөл хориог хэрхэн зогсоох талаар төлөвлөгөө гаргаж, мужийн захирагч нар өөрсдийн мужид тогтоосон хөл хориог хэрхэн нээхээ шийднэ гэж мэдэгдсэн хэдий ч маргааш нь тэрээр нийгмийн хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаалд эсэргүүцэл үзүүлэхийг уриалан дуудав. Вашингтон мужийн амбан захирагч Жей Инслий  Ерөнхийлөгч өөрөө “дотоодын бослогыг өдөөж байна” гэж буруутгажээ. 8

Дүгнэлт

Цар тахал нийгмийн сэтгэлзүйд ихээхэн нөлөөлж, энэ нь эргээд нийгмийн уур амьсгалыг илүү түрэмгий болгож байдаг аж. Улмаар цар тахлын дараах үеийн нийгмийн тогтворгүй байдлын түвшин нэмэгдэж болзошгүйг шинжээчид сануулж байна.  Цар тахлаас үүдсэн нийгэм, сэтгэл санааны түгшүүр нь тархалтын өмнө өрнөж байсан зөрчил мөргөлдөөний эрчийг хэсэгтээ сааруулах ч тахлын дараа эдгээр хөдөлгөөн эрчимтэй сэргэж магадгүйг анхаарах шаардлагатай.

Стресс нь хорио цээрийн хугацааг уртасгах, халдвар авахаас айх, бухимдах, уйдах, хангалтгүй хангамж, хангалтгүй мэдээлэл, санхүүгийн алдагдал, гутаан доромжлол зэрэг орно. Хорио цээрийн дэглэм тогтоосон тохиолдолд албан тушаалтнууд шаардагдах хугацаанаас хэтрэхгүй хугацаанд хорио цээр тогтоож, хорио цээрийн тодорхой үндэслэл, протоколын талаархи мэдээллийг өгч, хангалттай хангамжаар хангах ёстой.

Цар тахлын үеэр сөрөг хүчний зүгээс олон нийтийг тодорхой үзэл сурталд автуулах, худал мэдээлэл тараах, радикалчлал, экстремизмд уруу татах, засаг захиргааны нэгжийн эсрэг аливаа тэмцэлд өдөөн турхирах зэргээр сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйлдлийг хүчний байгууллагууд хяналтандаа авч чадаж байгаа эсэхийг анхаарах ёстой.

Иймд цар тахалтай холбоотойгоор олон улсад үүсээд буй шинэ чиг хандлагууд манай улсад ч нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Иргэдийн цахим орчинд өнгөрүүлэх хугацаа нэмэгдэж төр засгийн удирдлагын зүгээс гаргаж буй шийдвэрийг эсэргүүцэх зэргээр сөрөг нөлөөлөл нийгэмд асар их бий болж байна. Энэхүү үйл явц нь олон улсын жишигт эмх замбараагүй үйлдэл гарах суурь нөхцөлийг бүрдүүлэх анхдагч хүчин зүйл болж байгаа тул түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарал хандуулан ажиллах шаардлагатай юм.

Ашигласан эх сурвалж

1. https://www.worldometers.info/coronavirus/?utm_campaign=homeAdvegas1?

2. https://en.wikipedia.org/wiki/Protests_over_responses_to_the_COVID-19_pandemic

3. Цар тахалын дараах дэлхий нийт, бүс нутгийн аюулгүй байдлын чиг хандлага АБСХ

4. https://globalnews.ca/tag/anti-lockdown-protest/

5. Цар тахалын дараах дэлхий нийт, бүс нутгийн аюулгүй байдлын чиг хандлага, АБСХ

6. https://globalnews.ca/tag/anti-lockdown-protest/%20nederlands

7. https://www.politico.com/news/2020/04/21/trump-allies-help-organize-lockdown-protests-198426


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА