Сүүлийн 20-30 жилийн хугацаанд дэлхий нийтэд орлого, баялгийн тэгш бус байдал өсч байгаа бөгөөд цар тахал энэ байдлыг гүнзгийрүүлж, нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлыг улам даамжруулах төлөвтэй байна. Ковид-19 цар тахлын халдварын тохиолдлоор дэлхийд тэргүүлж буй улсууд болох АНУ, Энэтхэг, Бразил зэрэг орныг ажиглахад дотоодын үндэстэн угсаатан, шашны зөрчилтэй, арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй, тэгш бус байдал газар авсан улсууд байна. Эдгээр улсуудад нийтлэг ажиглагдаж байгаа зүйл нь удаан хугацаагаар дотоодод нь оршин байсан энэ хуваагдалдаа төдийлөн анхаарал хандуулж байгаагүйн уршгийг энэ цар тахал илрүүллээ гэж судлаачид үзэж байна. Түүн дээрээс нь нэмээд эдгээр улсын улс төрийн системыг буруутгаж, нийгмийн эв нэгдлийг хагалан сарниулж байгаа популист гэж хэлж болох улс төрчдийн үйлдлүүд нэрмээс болж байна гэж үзжээ.
Гэтэл Шинэ Зеланд, Австрали, Канад зэрэг орнууд энэ үед нийгмийн эрүүл мэндийн талаар бодитой хариу арга хэмжээ авахаас гадна тэгш бус байдалд үзүүлэх нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч чаджээ. Тиймээс энэ улсууд хүнд хэцүү цар тахлын үеийг эв нэгдэл, ойлголцол, сахилга батын хүчээр амжилттай даван туулж буйгаараа дэлхий нийтэд жишиг болж байна.
Тэгш бус байдал нийгэм-эдийн засгийн чухал салбарууд болох эрүүл мэнд, боловсрол, эдийн засагт тод ажиглагдаж байна. Тухайлбал нийгмийн эрүүл мэндийн салбарын сул, доголдолтой талуудыг цар тахал илрүүлж байна. Олон оронд эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, халдварт өвчний хяналт, тандалт, өвчнөөс урьдчилан сэргийлэлт, эмнэлэгийн болон сувилахуйн тусламж үйлчилгээний хүртээмж, зохион байгуулалт, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, сэтгэцийн эрүүл мэндэд тавих анхаарал зэрэг олон асуудал тулгарч байгааг мэргэжилтнүүд дурьдсан байна. Эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүй үүнээсээ шалтгаалан тусламж үйлчилгээ авах боломжгүй болсон нийгмийн эмзэг давхрага болон цөөнх цар тахалд олноороо нэрвэгдэх, нас барах тохиолдол дээрх орнуудад их ажиглагдаж байна. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн дээрх орнуудын хувьд Энэтхэг, Бразил улсуудын эрүүл мэндийн системд 2003-2004, 2010-2011 онуудад хийсэн судалгаагаар тус улсуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, эрүүл мэндийн даатгалд хамрагдах байдал, эмнэлэгт хандах тохиолдол нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол, боловсролын түвшин, орлого, амьдарч буй орон нутгийн байдалтай харилцан уялдаатай байгаа нь харагджээ. Энэ байдлаас үүдэн Бразил улс 2018 онд эрүүл мэндийн системдээ шинэчлэлт хийсэн боловч одоогийн цар тахлын үед уг шинэчлэлт бүрэн утгаараа хийгдэж, үүргээ гүйцэтгэж хараахан чадахгүй байна гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Энэтхэг улсын хувьд кастын систем, баялгийн хуваарилалтын тэгш бус байдал, боловсрол, шашны ялгаатай байдал зэрэг нь эрүүл мэндийн даатгалын системийг шинэчлэхэд бэрхшээл учруулж байна гэжээ. АНУ-ын хувьд цар тахалд нэрвэгдэж байгаа иргэдийн нилээдгүй хувийг хар арьст иргэд болон уугуул индианчууд эзэлж байгаа ба Обама кэйр гэж нэрлэгддэг эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг зогсоосон нь цар тахлын үед эрүүл мэндийн системийг доголдуулахад тодорхой нөлөө үзүүлсэн гэж үзсэн байна.
Эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүйн гол шалтгаан нь ажилгүйдэл, албан бус салбарын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн хөлс, орлогын ялгаатай байдал байна. Жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид олноор дампуурч байгаа нь энэ салбарт ажиллагсдын хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлж угаасаа санхүүгийн нөөц, хуримтлалгүй иргэдийг ядуурал руу түлхэж байхад томоохон компани, корпорациудын үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө бага байгаа тул тэгш бус байдлыг нэмэгдүүлж байна. Засгийн газраас үзүүлж буй аливаа дэмжлэг нь жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчидэд төдийлөн үр ашгаа өгөхгүй харин эсрэгээрээ том компаниудад боломж олгож байгаа байдал ажиглагдаж байна. Ялангуяа энэ нь үл хөдлөх хөрөнгийн болон хувьцааны зах зээлд илүү ажиглагдаж байна гэж судлаачид бичжээ. Цаашлаад энэ байдал нь цар тахлын дараа ажиллах хүчин томоохон компани, үйлдвэр, уурхай, төрийн алба зэрэг салбар руу шилжих сонирхол өсч жижиг дунд үйлдвэр, бизнес, үйлчилгээний салбарууд хүний нөөцийн хомсдолд орж болзошгүй юм.
Цар тахлын үед баримтлаж байгаа бодлого нь бага орлоготой иргэд, эмзэг бүлгийнхэн, цөөнхийн эрх ашгийг хөндөхгүй байх, эрх тэгш байдлыг хангаж байгаа эсэхэд анхаарал хандуулж нийгмийг талцуулах аливаа үйлдэл шийдвэрээс татгалзах нь зүйтэй юм. Дэлхийн Банкны тооцоолсноор энэ цар тахлын улмаас 2021 онд дэлхийд 150 сая орчим хүн туйлын ядууралд өртөх магадлалтай байгаа бөгөөд энэ нь нилээдгүй хугацаанд үргэлжилж болзошгүй байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байгаа ажээ.
Боловсролын салбарт тэгш бус байдлын ялгаа хамгийн тодоор ажиглагдаж байгаа ба доогуур орлоготой болон эмзэг бүлгийн хүүхдүүд хамгийн их хохирч байна. Хамгийн харамсалтай нь энэ хохирол тэдэнд насан туршийн хохирол болж үлдэх бөгөөд ирээдүйд нийгмийн тэгш бус байдлыг гүнзгийрүүлэх томоохон хүчин зүйл болох юм. Дэд бүтэц, интернетийн хөгжил сул, алслагдсан газар оронд амьдарч буй хүүхдүүд болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд зайны сургалт нь төдийлөн сайн үр дүн үзүүлэхгүй, зарим нь огт сургалтад хамрагдаж чадахгүй байхад том хотуудад амьдардаг, хувийн сургуулиудад суралцдаг чинээлэг давхрагын хүүхдүүд гэрийн багш хөлслөх, цөөн суралцагчид зориулсан танхимын сургалтад хамрагдах болон техник технологийн дэвшил зэрэг бусад боломжит хувилбаруудыг ашиглан тасралтгүй сурч хөгжиж байгаа нь эрс ялгааг бий болгож байна. Боловсролын энэ эрс ялгаа нь ирээдүйд нийгэм эдийн засгийн тэгш бус байдлыг гүнзгийрүүлэх том хүчин зүйл юм. 2014-2016 оны хооронд Эбола вирусын цар тахал дэгдсэн орнуудад сургууль хааснаас шалтгаалан сургууль завсардалт, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, өсвөр насны жирэмслэлт, хүүхдийн хүчирхийлэл, нийгэм эдийн засгийн тэгш бус байдал ихээр нэмэгдсэн байна. Сургуулийн орчин бол хүүхэд хамгаалалд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд сургууль хааснаар хүүхэд ахуйн осол гэмтэлд өртөх цаашлаад амь насаа алдах түүнчлэн хоол тэжээлийн дутагдалд орох зэрэг үзэгдэлүүд ихэсдэг. Тиймээс ирээдүйн тэгш бус байдлыг бууруулахын тулд боловсролын салбарын оролцогчид болох багш, мэргэжилтэн, судлаачид, суралцагчид, эцэг эх, тархвар судлаачдыг оролцуулсан өргөн хүрээний хэлэлцүүлэг, судалгаа зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж анги дүүргэлтийг багасган, хүн хоорондын зайг барьж, халдвар хамгаалалын дэглэмийг сахин тодорхой ангиудын суралцах боломжийг судлах шаардлагатай байгааг судлаачид уриалж байна.
Цар тахлаас болж нийгмийн тэгш бус байдал гүнзгийрч байгаагийн шалтгаан нөхцөл
Улс төрийн хүчин, улс төрчдийн хоорондын харилцааны тогтвортой байдал ард иргэдийн зан төлөвт нөлөөлдөг. Гэтэл нөхцөл байдал хүндэрч буй дээрх орнуудад сүүлийн үед эрх барьж байсан удирдагчид нь цар тахал дэгдэхээс өмнө ч тэгш бус байдлыг гүнзгийрүүлхэд нөлөөлөх арга хэмжээнүүдийг авч байсан нь эцэстээ хариу арга хэмжээг үр дүнгүй болгоход нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж байна. Цар тахал эхлэхэд болон ид дэгдэлтийн үед хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх, хөл хорио тогтоох эсэх асуудлаар манлайлагч улс төрчид болон засгийн газар өөрсдөө ам, ажил нь зөрүүтэй мэссэжийг олон нийтэд өгч байсан тохиолдлууд нилээд байлаа. Халдвар хамгаалалын дэглэмийг өөрсдөө баримтлахгүй байгаа нь олон нийтэд буруу жишээ үзүүлжээ. Түүнчлэн тогтворгүй байдал, засаглалын алдаатай арга барил нь байдлыг дордуулж байна. Тухайлбал Бразил улсад 2020 оны 4 дүгээр сард эрүүл мэндийн сайдыг огцоруулж, дараагийн сайд нь дахиад сар хүрэхгүй хугацаанд ажиллаад огцорч 5-9 дүгээр сарын хооронд түр орлон гүйцэтгэгч байсан учраас онцгой байдлын санд олгогдсон хөрөнгийг зохистой зарцуулаагүй зэрэг үйл ажиллагааны алдаа байсан гэж салбарын судлаачид дүгнэжээ.
Бразилын хувьд цар тахлын тархалт, нас баралт нь хүн амын насны бүтэц, эрүүл мэндийн хүчин зүйлээс илүү нийгэм-эдийн засгийн эмзэг байдлаас шалтгаалж байгаа гэсэн судалгааны дүн гарсан тул цаашид нийгмийн хямралд өртөмхий эмзэг бүлэгт онцгой анхаарал хандуулах мөн эрүүл мэндийн анхан шатны нэгжийн чадавхийг сайжруулж бэхжүүлэх шаардлагатай байна гэж Lancet сэтгүүлийн 4 дүгээр сарын дугаарт тус улсын эрдэмтэдийн нийтэлсэн нийтлэлд дурджээ.
Нийгмийн хямралд өртөмхий эмзэг бүлэгт онцгой анхаарал хандуулах, нийгмийн байгуулалын болон эрүүл мэндийн анхан шатны нэгжийн чадавхийг сайжруулж бэхжүүлэх нь онцгой байдлын үед чухал үр дүнтэй юм.
АНУ-ын хувьд Трампын засаг захиргаа өмнө нь хэрэгжиж байсан эрүүл мэндийн даатгалын хуулийг эсэргүүцэж хараахан цуцлаагүй байх үед зарим мужийн захирагчид доогуур орлоготой иргэдээ тухайн хуулийн дагуу даатгалд хамруулахаас татгалзсан байсан зэрэг үйл ажиллагаа нь даатгалгүй иргэдийн тоог нэмэгдүүлж одоогийн нөхцөлд хүргэхэд нөлөөлсөн гэж зарим судлаачид үзэж байна. Мөн анх цар тахлын дэгдэлт эхлэхэд Трамп шинжлэх ухааны байгууллага, судлаачдын зөвлөмжийг үл тоосон нь нийтийн дунд хариуцлагагүй, эмх замбараагүй, ойлгомжгүй байдлыг үүсгэж хариу арга хэмжээг будлиантуулсан гэжээ.
Түүнчлэн дээрх орнуудад вакцины эсрэг үзэл хүн амын цөөнх, доогуур орлоготой эмзэг бүлгийнхэн, шашны үзэлтнүүд, боловсролын түвшин доогуур бүлэгт нилээд ажиглагдаж байгаа ба энэ нь эргээд цар тахлын тархалтыг хумихад сөргөөр нөлөөлж удаашруулснаар тэгш бус байдал газар авахад хүргэж байна гэж АНУ-ын Pew Research Center, Kaiser Family Foundation гэх хоёр томоохон судалгааны байгууллагын хийсэн судалгаанд дурдьжээ.
Гэтэл эсрэгээрээ улс төрийн хүчнүүд нэгдэн тулгарч буй асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй бодлого боловсруулж чадвал нийгмийн эвлэрлийг бий болгон улс төр, эдийн засгийн шинэчлэлүүдийг шуурхай хэрэгжүүлэх боломжтой болох нь одоогийн Шинэ Зеланд, Канад, Өмнөд Солонгос зэрэг орны жишээнээс харагдаж байна. Шинэ Зеланд улсын жишээнээс харахад гамшгийн үеийн нөхцөл байдалд улс төрийн хүчнүүд нэгдэн нийгмийн эвлэрэл, эрх тэгш байдлыг дэмжин бодлогын томоохон шинэчлэлийг эхлүүлж хэрэгжүүлсэн нь амжилтанд хүрчээ. Канадын Онтарио мужийн захирагч Доог Форд цар тахлын үед бодлого боловсруулагчидтай ил тод нээлттэй хамтран ажилласан нь олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн бол ӨАБНУ-ын ерөнхийлөгч Кирил Рамафосагийн баримтлаж буй бодлого ч үндэсний эв нэгдлийг дэмжихэд чиглэжээ.
Сургамж
Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, тэгш бус байдал гүнзгийрч байгаа дээрх орнуудын жишээнээс харвал улс төрчид цаг үеийн байдлыг өөрсөддөө эрх мэдэл олж авах, өргөжүүлэх хэрэгсэл болгон ашиглах байдал ажиглагдаж байна гэж ажиглагчид үзжээ. Байгалийн гамшиг зэрэг онц ноцтой байдлын үед улс орнуудад засгийн газарт үл итгэх, нийгэм улс төрийн туйлшрал, тэгш бус байдал газар авч хууль бус удирдагчид гарч ирж улс оронд хямрал үүсгэсэн тохиолдлууд түүхэнд олон байдаг.
Засаглалын удирдлагын алдаанаас болж нийгмийн тэгш бус байдлыг олон салбарт гүнзгийрүүлж байна гэж судлаачид үзэж байгаа ба бага орлоготой нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн амьдрах орчны дорой байдал, хүнс тэжээлийн дутагдлаас үүдэн халдвар өсөх, эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүйгээс шалтгаалан тусламж үйлчилгээ авч чадахгүй байсаар нас барах эрсдэлүүд нэмэгдсээр байна.
Цар тахлаас шалтгаалан тэгш бус байдал гүнзгийрч байгаагийн шалтгаан нь өмнө нь энэ байдалдаа сайтар анхаарал хандуулж шийдвэрлэх арга хэмжээ авч чадаагүйд байна. Энэ нь нийгмийн бухимдал үүсэх хөрс болж байгаа бөгөөд үүнийг ашиглан улс төр хийж олон нийтийн дэмжлэг авч нийгэмд тогтворгүй байдал үүсгэх санаархалтай бүлэг улс төрчид байдаг ба ингэснээрээ байдлыг улам дордуулах нь ойлгомжтой юм. Харин эсрэгээрээ улс төрчид нь эв нэгдэлтэй байж нийгмийн эв нэгдлийг хангаж, эрх тэгш байдлыг дэмжиж, засаглалын зарим арга барилаа өөрчилж, бодитой бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэх боломжтой ба ингэж чадсан улс нь цар тахлыг амжилттай даван туулж байгааг зарим улсын жишээнээс харж болно.
Гамшгийн үеийг улс төрийн эвлэрэл, нийгмийн эв нэгдэлийг бий болгох, бодлогын дорвитой шинэчлэлийг эхлүүлэх боломж гэж харж болох юм.
Карнегийн олон улсын энхтайвны сангаас саяхан хийсэн нэгэн судалгаагаар 2004 оны Энэтхэгийн далайн цунами, 2011 оны Фукушимагийн цөмийн реакторын дэлбэрэлтийн үед гамшгийн үеийг улс төрийн эвлэрэл, нийгмийн эв нэгдэлийн хүчээр амжилттай даван туулсан гэсэн дүгнэлт гарчээ.
Дээрх судалгаа болон цар тахлыг амжилттай хянаж буй зарим орны жишээнээс харахад аливаа нийтийг хамарсан гамшгийн үед эвлэлдэн нэгдэж, үүсээд буй нөхцөл байдлын талаарх ойлголтоо нэгтгэн нэг зорилгын төлөө хамтран ажиллаж, өмнө нь хийсэн алдаагаа засах бодлогын шинэчлэлийг хийж болох боломжтой байдаг байна.
https://cdn.cfr.org/sites/default/files/report_pdf/kurlantzickdp_final_1.pdf
https://www.thelancet.com/journals/langlo/article/PIIS2214-109X(20)30116-9/fulltext
https://equityhealthj.biomedcentral.com/articles/10.1186/s12939-020-01361-7
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Дараах нийтлэл
БНХАУ-ын XIV таван жилийн төлөвлөгөө ба онцлох салбаруудСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19