2021 оны 3 дугаар сард БНХАУ-ын эдийн засаг, нийгмийн хөгжлийн XIV таван жилийн төлөвлөгөө батлагдсан билээ. Хятадын социалист бүтээн байгуулалтын ээлжит таван жилийн төлөвлөгөө эхэлж буй тул уг төлөвлөгөөнд тусгагдсан тодорхой салбаруудын зорилтыг хөрш орны хувиар бид анхааран ажиглаж байх нь зүйтэй билээ. Аюулгүй байдал судлалын хүрээлэн энэ удаагийн дугаартаа БНХАУ-ын XIV таван жилийн төлөвлөгөөнд тусгагдсан эрчим хүч, дэд бүтэц, бүсчилсэн хөгжлийн зорилтуудыг онцлон авч тоймлолоо.
Эрчим хүчний салбарын хөгжил
XIV таван жилийн төлөвлөгөөнд Хятад улс “эрчим хүчний хувьсгалыг урагшлуулж, нүүрстөрөгчийн бага ялгаралтай, цэвэр, аюулгүй, үр ашигтай эрчим хүчний систем бий болгон, эрчим хүчний нийлүүлэлтийг баталгаажуулна” хэмээн заажээ. Эрчим хүчний нөөцийн хуваарилалтыг илүү зохистой болгож, ашиглалтын үр ашгийг сайжруулан, ДНБ-ий нэгж тутамд ногдох эрчим хүчний зарцуулалтыг 13.5 хувиар, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг 18 хувиар бууруулна. Эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал (100 сая тонн жишмэл түлш) 2025 он гэхэд 46-аас бага түвшинд барих ажээ.
Нүүрсний салбар: Нүүрсний үйлдвэрлэлийг нөөц ихтэй газруудад төвлөрүүлж, нүүрсний эрчим хүчний бүтээн байгуулалтын цар хүрээ, хөгжлийн хэмнэлийг зохист хэмжээнд тогтоон хянаж, нүүрсийг цахилгаанаар орлуулахыг дэмжинэ. Бүс хоорондын нүүрс тээвэрлэлт, ачилт, түгээлтийн системийг сайжрууна. Нүүрс гэх мэт чулуулаг гаралтай эрчим хүчийг цэвэршүүлэн өндөр үр ашигтайгаар хэрэглэхийг дэмжинэ. Өвөр Монголын Ордос, Шаньсигийн Үйлинь, Шааньсигийн Жинбэй, Шинжааны Жүньдун, Хами зэрэг газарт нүүрсээс хий боловсруулах стратегийн бааз байгуулж, үйлдвэрлэл технологийн нөөцийг бүрдүүлнэ. Цаофейдянь боомтын нүүрс тээврийн хүчин чадлыг өргөжүүлнэ. Нүүрс олборлолтыг зохист хэмжээнд хянаж, эрчим хүчний нөөцийг төвлөрүүлэн олборлож ашиглан, уул уурхайн нөхөн сэргээлтийг сайжруулна гэжээ.
2020 онд Хятад улс аж үйлдвэрлэлд 3.9 тэрбум тонн түүхий нүүрс хэрэглжээ.[1] 2020 онд Хятадын нийт эрчим хүчний зарцуулалтад нүүрсний эрчим хүч 56.8 хувь эзэлж байсан ба 2021 онд үүнийг 56 хувиас доош барихаар зорьж байна. XIII таван жилийн төлөвлөгөөт хугацаа буюу өнгөрсөн 5 жилд нүүрсний эрчим хүч нийт эрчим хүчний зарцуулалтад 63 хувь эзэлж байсныг 57 хувь хүртэл бууруулсан ажээ.[2] Хэдийгээр эрчим хүчний зарцуулалтад нүүрсний эзлэх хувь хэмжээ буурч байгаа боловч эрчим хүчний нийт хэрэглээ тэлж буй учир нүүрсний жилд хэрэглэх хэмжээ багасаагүй. Үүнийг дагаад нүүрсний импорт 2016 оноос хойш тасралтгүй өссөн дүнтэй байна. 2019 онд 299 сая тонн, 2020 онд 304 сая тонн нүүрс импортложээ. Хятадын нүүрсний гол ордууд нь Өвөр Монгол, Шаньси, Шааньси мужуудад төвлөрдөг тул эдгээр бүсийг нүүрс үйлдвэрлэлийн түшиц газар болгож буй юм.
XIV таван жилийн төлөвлөгөөний зорилтоос харахад Хятад улс цаашид нүүрсийг цэвэршүүлэх, хий гаргах зэргээр улам бүр технологийн дэвшлийг ашигласан нүүрс үйлдвэрлэл рүү шилжиж байна. Тиймээс нүүрс олборлох боловсруулах өмнөх шатны технологио хөгжлөөр доогуур яваа хөрш орнууд руу шилжүүлэх үйл явц үргэлжилнэ гэж үзэж болох юм.
Цэвэр эрчим хүчний бааз: Нийт эрчим хүчний хэрэглээнд эзлэх чулуулаг бус гаралтай эрчим хүчний хэмжээг 2025 он гэхэд 20 орчим хувь болгож нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавьсан байна. Энэ хэмжээ 2020 онд 15 хувьтай байсан юм. Уг зорилтын хүрээнд чулуулаг бус гаралтай эрчим хүчийг хөгжүүлж, төвлөрсөн болон бие даасан хэлбэрийг хослуулан, салхины эрчим хүч ба фото цахилгаан энергийн үйлдвэрлэлийн цар хүрээг эрчимтэй нэмэгдүүлж, олон функцтэй харилцан дэмжсэн хэд хэдэн цэвэр эрчим хүчний баазыг байгуулахаар тусгажээ.
Цэвэр эрчим хүчний баазуудыг гол төлөв эх газрын гүнд байгуулж буйгаараа онцлог байна. Тухайлбал, баруун талд Төвөдийн Ярлун Занбу голын доод урсгал дээр усан цахилгаан станц барина. Баруун өмнөд бүсэд Жинша голын дээд ба доод урсгал, мөн Ялун голын сав газрын бааз, хойд бүсэд Шар мөрний дунд урсгал болон Хойд Хэбэйн бааз, баруун хойд бүсэд Шинжааны цэвэр эрчим хүчний бааз, зүүн хойд бүсэд Сунляогийн бааз байгуулагдах гэж байна. Цэвэр эрчим хүчний баазуудад нар, салхины эрчим хүчийг үйлдвэрлэхээс гадна усан цахилгаан станц, дулааны эрчим хүч ч тухайн газрын онцлогоос шалтгаалан нэмэгдэх боломжтой байна.
Цэвэр эрчим хүчний баазуудыг байгуулж, хэрэглээг нь 5 хувиар нэмэгдүүлэх болсон нэг шалтгаан нь шинэ эрчим хүчээр явдаг тээврийн хэрэгслийг Хятадад ихээр нэвтрүүлж буйтай холбоотой гэж үзэхээр байна. Учир нь XIV таван жилийн төлөвлөгөөнд шинэ эрчим хүч хэрэглэдэг тээврийн хэрэгслийн батерей, хөдөлгүүр, өндөр хүчин чадалтай эрчим хүчний систем зэрэг гол технологийг хөгжүүлж, ухаалаг (сүлжээнд холбогдсон) тээврийн хэрэгсэлийн суурь технологийн платформ, програм хангамж, утсан удирдлагатай явах эд анги, ухаалаг терминал зэрэг гол бүрэлдэхүүн хэсгүүдийн үйлдвэрлэлийг дэмжинэ гэж заасан байгаа юм.
Зураг 1. XIV таван жилийн томоохон хэмжээний цэвэр эрчим хүчний бааз төлөвлөлтийн бүдүүвч зураг
Газрын тос, байгалийн хий: Дээр дурдсан шинэ эрчим хүчээр явдаг тээврийн хэрэгслийг зах зээлд нэвтрүүлж буйтай түлхүү холбоотой газрын тосны хэрэглээ ирээдүйд буурна гэсэн таамаглал байна. Хятадын газрын тосны хэрэглээ ирэх таван жилд оргил цэгтээ хүрч жилд 720 сая тонн хүрээд цаашаа буурч 2050 он гэхэд 420 сая тонн болно гэсэн тооцоог АНУ-ын Байгалийн нөөц хамгаалах нийгэмлэгийн тайланд гаргажээ.[3] 2019 онд газрын тосны эрчим хүчний хэрэглээ нийт эрчим хүчний зарцуулалтын 18.9 хувийг эзэлж байсан бөгөөд үүний 71 хувийг нь импортоор авсан байдаг.[4] Газрын тосны импортын хамаарал 70-72 хувьтай байдаг Хятад улсын хувьд газрын тосны хэрэглээгээ шинэ төрлийн эрчим хүчээр орлуулах арга хэмжээ авч буй нь үр дүнгээ өгөхөөр харагдаж байна.
XIV таван жилийн төлөвлөгөөнд газрын тосны дотоодын олборлолт боловсруулалтын талыг онцложээ. “Газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолтыг үе шаттайгаар зах зээлд нээлттэй болгож, далайн гүн, газрын гүний болон уламжлалт бус газрын тос, байгалийн хийн нөөц ашиглалтыг түргэтгэн, газрын тос, байгалийн хийн нөөцлөлт, олборлолтыг дэмжинэ. Хятад, Оросын байгалийн хийн хоолойн зүүн шугамын Хятадын нутаг дэвсгэр дэх хэсгийг барьж байгуулна. Байгалийн хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалтыг түргэтгэн, газрын тос, байгалийн хийн харилцан уялдаатай сүлжээг боловсронгуй болгоно” гэж заасан байна.
Эрчим хүчний бүсчилсэн хөгжил: Зүүн ба төвийн бүсэд эрчим хүчний бие даасан хэлбэрийг хөгжүүлэн, далайн эргийн салхины эрчим хүчийг шат дараатайгаар дэмжин хөгжүүлж, баруун өмнөд хэсэгт усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг түргэтгэн, далайн эрэг дагуух бүсэд цөмийн эрчим хүчний байгууламжийг аюулгүй, найдвартай барих ажлыг дэмжинэ гэж заасан нь бүс бүрт харилцан адилгүй байгаа эрчим хүчний нөөцийнх нь дагуу төвлөрүүлэн бүсийн онцлогтойгоор хөгжүүлж байгаа дүр зурагтай байна.
Дэд бүтцийн салбарын хөгжил
Хятад улс уламжлалт дэд бүтэц болон шинэ төрлийн дэд бүтцийг цогцоор нь дэмжиж, иж бүрэн, өндөр ашигт хэрэглээтэй, ухаалаг, эко, аюулгүй, найдвартай орчин үеийн дэд бүтцийн системийг бий болгоно гэсэн зорилт тавьжээ. Түүнчлэн тээврийн хүчирхэг гүрэн болохоор зорьж байна.
Тээврийн цогц коридорыг сайжруулж, Шинжаан, Төвөд, төв ба баруун бүс нутаг, далайн эргийн бүс хил дагуу стратегийн гол тулгуур коридор байгуулж, хүчин чадал нь ачаалалтай коридоруудыг өргөтгөж, хөрш орнуудтайгаа харилцан уялдаа холбоогоо бэхжүүлнэ гэж таван жилийн төлөвлөгөөнд заасан нь Хятадын дотоод дахь бүсийн дэд бүтэц болон хөрш орнуудтай холбоотой гол заалт нь болж байна. Бүсийн дэд бүтцээс харахад далайн эргийн хөгжингүй бүсийг баруун ба баруун хойд бүстэй холбоход түлхүү анхаарсан байгаа нь “Нэг бүс, нэг зам” санаачилгатай холбоотой юм.
Өндөр хурдны галт тэргийг “найман босоо, найман хэвтээ” тэнхлэгийн дагуу байгуулж, хурдны төмөр замын сүлжээ бий болгох бөгөөд хамгийн хойд талдаа Бугат хүртэл тавихаар төлөвлөсөн байна. Энгийн төмөр замын тухайд дотооддоо төмөр замын маршрутаа тойрог байдлаар нэвт холбосон сүлжээ байгуулна. Төмөр замын чингэлэг тээвэрлэлтийн чадавхиа сайжруулж, Хятад-Европын ачааны галт тэргийн тээврийн коридор, боомтын өргөтгөлийг бэхжүүлж, аж үйлдвэр, уул уурхайн томоохон үйлдвэр, ложистикийн парк, гол боомтууд дахь төмөр замын тусгай шугамуудыг байгуулна гэжээ. Хурдны авто замын түгжрэлтэй хэсгүүдээ өргөтгөхөөс гадна 25000 км хурдны замыг шинээр барина. Мөн батерей цэнэглэх, солих станц байгууламжийг төлөвлөн, барьж байгуулна гэсэн нь цахилгаан машинуудыг хэрэглээд ихээр нэвтрүүлэх зорилттой холбогдож байна. Энэ бүхнийг зангидсан 120 орчим үндэсний ложистикийн төв багуулахаар төлөвлөжээ.
Шинэ төрлийн дэд бүтцийн бүтээн байгуулалт: Уламжлалт дэд бүтцээс гадна дижитал шилжилт, ухаалаг шинэчлэл хийж, инновацад тулгуурлан, мэдээллийн дэд бүтэц, инновацын дэд бүтэц зэрэг шинэ төрлийн дэд бүтцийг бүтээн байгуулна гэжээ. Дата мэдээллийг таних, дамжуулах, хадгалах, тооцоолох чадварыг сайжруулахын тулд өндөр хурдны, газар сансрыг холбосон, цогц мэдээллийн дэд бүтцийг бий болгоно. 5G сүлжээг өргөн цар хүрээтэй байршуулж, хэрэглэгчийн хамрах хүрээг 56 хувь хүртэл нэмэгдүүлэн, гигабайт шилэн кабелийн сүлжээг өргөжүүлнэ. Цаашид 6G сүлжээний технологийн нөөцийг төлөвлөнө. Дэлхий дахиныг хамарсан, үр ашигтай ажиллагаа бүхий харилцаа холбоо, навигаци, зайнаас тандан судлах сансрын дэд бүтцийн системийг бий болгож, арилжааны зориулалттай сансрын хөөргөх талбай байгуулна гэж төлөвлөжээ.
Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг Хятадын засгийн газраас хийж, бүтээн байгуулалтыг удирддаг байсныг аажмаар өөрчилж, ирэх таван жилд төр хувийн хэвшлийн түншлэлийн загварыг ашиглах зэргээр аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, хөрөнгө оруулалтын сувгийг олон төрөлжүүлэхээр тусгаад байна.
Бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө
Хятад улс 41 жилийн өмнө анх Хонконгтой залгаа Шэньжэнь хотыг нээлттэй хөгжүүлснээс хойш уг жишгээр далайн эрэг дагуух хотуудыг аажмаар нээлттэй хөгжүүлснээр зүүн бүс нь хөгжин цэцэглэж, хамгийн их төвлөрсөн эдийн засгийн бүсүүд болсон бөгөөд ирэх таван жилд Гуандун-Хонконг-Макаогийн их булангийн бүс, Шанхай төвтэй гурван хавцлын эдийн засгийн бүс, Бээжин-Тяньжин-Хэбэйгийн эдийн засгийн бүс, Хөх мөрний эдийн засгийн бүс гэсэн стратегийн ач холбогдолтой гол бүсүүдийг цогцоор нь хөгжүүлэхээр заажээ.
Далайн эрэг дагуух нягтрал ихтэй бүсүүд хөгжсөн боловч эх газрын гүний сийрэг бүсүүд нь хоцрогдсон хэвээр үлдсэн тул уг хөгжлийн зөрүүг өөрчилж, хөгжлийн цацраг эфектийг хөгжил буурай эх газрын гүний бүсүүд рүү тусгахаар нээлттэй хөгжүүлэх хотуудыг нэмэгдүүлж байгаа юм. Ингээд баруун бүсийн хөгжлийг урагшлуулна, зүүн хойд бүсийн хөгжлийг шинэ шатанд гаргана, төвийн бүсийг цэцэглүүлэн хөгжүүлнэ хэмээн XIV таван жилийн төлөвлөгөөнд заажээ.
Баруун бүсийг нээлттэй хөгжүүлэх бодлогыг 2000-аад оны эхэн үеэс эхлүүлсэн ч энэ удаагийн таван жилийн төлөвлөгөөнд баруун бүсийн нээлттэй хөгжлийн шинэ хандлагыг урагшлуулна хэмээсэн нь “Нэг бүс, нэг зам” санаачилгатай түлхүү холбоотой юм. Хятадаас Еврази, Европ, Хойд Африк хүрэх эдийн засгийн баруун коридор нь Шинжаан Уйгурын Өөртөө засах орны нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй чухал газар учраас баруун бүсийг нээлттэй хөгжүүлэх нь Хятадын хувьд урьдынхаас илүү чухал ач холбогдолтой болоод буй. Шинжаанд “гурван бааз, нэг суваг” буюу газрын тос байгалийн хийн боловсруулалт нөөцлөлтийн бааз, нүүрс үйлдвэрлэлийн бааз, салхин эрчим хүчний бааз, эрчим хүчний нөөцийн хуурай газар дахь томоохон суваг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр тусгажээ.
Зүүн хойд бүс нь Хятадын уламжлалт хүнд үйлдвэрийн гол бүс бөгөөд өдгөө энэ бүсийн үйлдвэрлэлийг шинэчлэн сайжруулж, шинэ тутам хөгжиж буй салбаруудыг бойжуулан хөгжүүлэхээс гадна өвлийн аялал жуулчлалын эко бүс болгон хөгжүүлж байна. Улмаар зүүн хойд бүсийг өндөр хөгжсөн зүүн бүстэй холбон хөгжүүлэхээр тусгажээ.
Хилийн боомт: Бүсчилсэн хөгжлийн зорилтуудад хилийн боомтын хөгжлийг дэмжиж, хил орчмын тосгодын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, хилийн худалдааг шинээр хөгжүүлнэ гэж заажээ. Энэ дагууд дэмжиж хөгжүүлэх хилийн боомтуудад Эрээн хот (Монгол талаас Замын-Үүд), Ганцмод (Монгол талаас Гашуунсухайт), Сэхэ (Монгол талаас Шивээхүрэн) гэсэн гурван боомт багтаж буй.
“Нэг бүс нэг зам”
Өмнөх XIII таван жилийн төлөвлөгөөнд “Нэг бүс, нэг зам” санаачилгын дагуу хамтын ажиллагааны механизм бүрдүүлэх, эдийн засгийн коридор байгуулах, иргэд хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэх гэсэн гурван чиглэлийг онцлосон байсан бол энэ удаагийн XIV таван жилийн төлөвлөгөөнд Хятад улс “Нэг бүс, нэг зам” санаачилгад оролцож буй улс орнуудтай стратеги, бодлогоо уялдуулах, дэд бүтцийн хэлхээ холбоогоо сайжруулах, худалдаа хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, соёл иргэншил хоорондын гүүрийг байгуулах чиглэлээр түлхүү ажиллахаар тусгажээ.
Түүнчлэн “Нэг бүс, нэг зам”-ын дагуух улс орнуудтай байгуулсан гэрээнийхээ үр дүнг гаргах, хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээр, давхар татвараас зайлсхийх хэлэлцээрийг байгуулах, гааль татвар мэргэжлийн хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах замаар интеграцыг урагшлуулна. Хөрөнгө оруулалт, худалдаа, эрчим хүч, тоон мэдээлэл, хөдөө аж ахуй гэх мэт салбар дахь дүрэм журмаа уялдуулах чиглэлээр хамтарч ажиллана. Дэд бүтцийн салбарт “6 коридор, 6 зам, олон улс, олон боомт” байгуулах хүрээнд Евразийн эх газрын гүүр болох эдийн засгийн коридоруудыг бүтээн байгуулж, Хятад-Европын буухиа галт тэрэг, хурдны авто зам зэрэг далай ба хуурай газрыг холбосон шинэ гарц коридорыг байгуулахаар тусгаад байна. Далайн талд Фүзянь, хуурай газрын гүнд Шинжааныг “Нэг бүс, нэг зам”-ын гол газраар дурдсан байна.
Таван жилийн төлөвлөгөөнөөс харахад эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт, тэр дундаа тодорхой салбаруудад чиглэсэн ажлыг хийж, үүний тулд бодлого, стратегиа уялдуулах гэрээ хэлэлцээрүүдийн ажлыг урагшлуулахаар байна.
Дүгнэлт
БНХАУ-ын XIV таван жилийн төлөвлөгөө бол ерөнхий зорилтуудыг тусгадаг бөгөөд уг зорилтуудын дагуу салбар тус бүр нарийвчилсан ажлын төлөвлөгөөг батлан гаргаж хэрэгжүүлнэ. Энд авч үзсэн эрчим хүч, дэд бүтэц, бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөнөөс харахад Хятад улс “Нэг бүс, нэг зам” санаачилгатай холбоотой хөгжлийн урсгалыг эх газрын гүн рүү чиглүүлэх ажлыг сайтар хийхээр байна. Энэ нь баруун, баруун урд, зүүн хойд гэх зэрэг бүсэд эрчим хүчний бааз байгуулах, дэд бүтцийн гол замыг далайн эргээс хуурай газрын хил хүртэл холбох, хилийн боомтуудын бүтээн байгуулалтыг сайжруулах зэргээр тусгагджээ. Хэдийгээр “Нэг бүс, нэг зам” санаачилгатай холбоотой ч Хятад улс анх 41 жилийн өмнө далайн эргийн дагуух хотуудаа нээлттэй хөгжүүлж эхэлснээс хойш уг хөгжлийн загвараа эх газрын гүний бусад хот бүсүүд рүү аажмаар өргөжүүлж буй хөгжлийн жам ёсны тэлэлт гэж харж болох юм.
Манай улсын тухайд эдийн засгийн коридорын дагуу Хятад улс бодлогын уялдааг чухалчилж байгаа учраас худалдааг хөнгөвчлөх гааль, мэргэжлийн хяналтын чиглэлээр хэлэлцээрүүдийг урагшлуулах, боомтуудын дэд бүтцийг холбоход хоёр талаас угталцах байдлаар сайтар тохиролцох, түүхий эд шууд нийлүүлэхээс гадна боловсруулах үйлдвэр байгуулах зэрэгт хамтран ажиллахад Хятадын талаас сонирхол өндөр байгааг онцлууштай.
[1] 2020年全国原煤产量39亿吨 煤炭消费量增长0.6% https://www.ndrc.gov.cn/xwdt/ztzl/nybzgzzl/gnjnybz/202103/t20210330_1270959.html#:~:text=据了解,2020年全,年下降0.9个百分点。
[2] 今年能源工作权威指南来了,非化石能源发电装机要提升12% https://finance.sina.com.cn/tech/2021-04-22/doc-ikmxzfmk8378926.shtml#:~:text=《意见》提出,能源结构,%25降至57%25左右。
[3] 中国石油消费何时达峰? https://chinadialogue.net/zh/4/44346/
[4]2020年中国石油天然气行业供需现状及发展前景分析 石油消费量将下降2000万吨 https://bg.qianzhan.com/trends/detail/506/201201-fe0471b0.html
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Цар тахал ба тэгш бус байдалДараах нийтлэл
Уул уурхайн шинэ супер циклСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19