Ковид-19 халдварт өвчнөөс үүдэлтэй дэлхийн эдийн засагт хямрал үүссэн. Энэ удаагийн хямрал нь 2009 оны эдийн засгийн хямралаас өөр тул уул уурхайн түүхий эдийн шинэ супер циклийн эрэн үе эхлэхэд нөлөөлсөн байна. Түүхий эдийн шинэ супер цикл гэж нэрлэх болсон шалтгааныг тодорхой баримтуудаар судлан гаргаж ирэх болно.
Цар тахал ба эдийн засгийн хямралын мөчлөг
Дэлхийн эдийн засгийн хямрал нөхцөл байдлаасаа үүдэж 10 жилийн үечилтэй байдаг. Энэ эдийн засгийн хямралын үечлэлийг манай судалгааны хүрээлэнгээс танилцуулж байсан билээ. Тухайлбал: “Түүхэн мөчлөгийг харвал 10 жил тутамд тохиолддог эдийн засгийн хямралын мөчлөг дахин тохиосон байх магадлалтай. Хамгийн сүүлд эдийн засгийн хямрал 2008-2009 онд болсон бөгөөд шинээр ирэх хугацаа нь болжээ. Түүхээс үзвэл 1975 онд, 1982 онд, 1991 онд 1998 онд хямрал болж байсан. Мөчлөгөөс үзвэл 2019-2020 онд эдийн засгийн хямрал тохиох магадлал өндөр байна” гэж Аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс 2019 оны 1 сард гаргасан тойм мэдээнд дурдаж байсан юм.
2009 оны эдийн засгийн хямрал нь дэлхийн санхүүгийн зах зээлийн хөөсрөл буюу санхүүгийн зохицуулалтын гажуудлаас үүдэлтэй байв. Харин 2020 оны эдийн засгийн хямрал Ковид-19 цар тахлаас үүдэлтэй. 2020 онд цар тахал болж хүнсний үйлдвэрээс бусад бүх салбарт 0 зогсолт хийгдсэн нь эдийн засгийн хямрал болоход нөлөөлжээ. Уг хямрал харин цахим эдийн засгийн хөгжлийг хурдасгаж өгсөн. Цар тахал үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг зогсоосон ч цахим салбарын хөгжлийг дэмжиж, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалыг түргэсгэхэд нөлөөлсөн юм.
Цар тахлыг давж гарахын тулд дэлхийн хэмжээнд Засгийн газрын эрх баригчид хатуу хөл хорио тогтоож, вакцин гарах хүртэл өөрсдийн эрх мэдлийн хүрээнд бэлэн мөнгийг тэтгэмж, зээл, тусламж хэлбэрээр хүн амынхаа хэрэгцээнд зориулж олгож эхлэв. Өөрөөр хэлбэл мөнгөний зах зээлд өмнө байгаагүйгээр их хэмжээний бэлэн мөнгөний нийлүүлэлт хийгдсэн юм.
Коронавирусын эсрэг вакцин гарснаас хойш Засгийн газрууд эдийн засагтаа голлон анхаарч эхлэв. Эдийн засгаа богино хугацаанд урьдын адил хэвийн түвшинд хүргэхээр цогц төлөвлөгөө танилцуулж байгаа бөгөөд уг төлөвлөгөө гол төлөв үндсэн хоёр хэсгээс бүрдэж байна. Үүнд:
- Дотоодын дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, сайжруулах,
- Цахим эдийн засгийн суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтын салбарыг хөгжүүлэх, 5G, 6G технологийг нэвтрүүлэх.
Дээрх хоёр чиглэлээр санхүүжилт хийх нь ирээдүйн хөгжлийн стратегийн бүтээн байгуулалт гэж тодорхойлж байна. Уг стратегийн бүтээн байгуулалтын салбаруудын хөгжилд голлох түүхий эдийн үнэ 2021 он гарснаас хойш эрчимтэй өсөх болсон. Уул уурхайн түүхий эдийн эрэлтийн өсөлт нь эдийн засгийн хямралын дараа тохиодог нэг төрлийн мөчлөг юм.
Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал нь уул уурхайн шинэ супер циклийн эхлэлийг тавьж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт V, Y хэлбэртэй байх хандлага ажиглагдаж эхэллээ. Энэ огцом эдийн засгийн өсөлтөөс үүдэж цахим техник, технологийн салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай уул уурхайн түүхий эдийн эрэлт нэмэгдэх юм.
Уул уурхайн түүхий эдийн супер циклийн шинж тэмдэг
Уул уурхайн түүхий эд нь зах зээл дээрх эрэлтээс шууд хамааралтай байдаг. Түүхий эдийн супер циклийн шинж тэмдэг:
- Түүхий эдийн олборлолт, нийлүүлэлтийн хомсдол үүсэх,
- Олборлогч ба худалдан авагч улс орнуудын хооронд худалдааны маргаан үүсэх, хориг тавих, нийлүүлэлт урт хугацаагаар тасалдах,
- Их гүрнүүд стратегийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт зарцуулах хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг танилцуулах,
- Хятад, Орос, Чили, Перу зэрэг түүхий эдийн боловсруулах орнуудын агуулах дахь бэлэн нөөцийн хэмжээ сүүлийн 3 жил дараалж буурах,
- Эдийн засгийн хямрал болох.
Дээрх нөхцөл бүрдсэн тохиолдолд супер циклийн давлагаа эхэлдэг билээ. Гэхдээ энэ удаад шинэ супер цикл гэж хэлж байгаа нь онцлогтой.
Вакцин гарч дэлхийн эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж байгаа ч мутацад орсон вирус одоогийн вакцинд нөлөөлж байгаа эсэхийг эрдэмтэд судлаж байгаа юм. ДЭМБ-аас мутацад орсон вирусийн талаар “түр хүлээлэлтийн төлөв” буюу судлаж байгаагаа дэлхийн хэмжээнд зарласан. Ковид-19 халдварт өвчний сөрөг нөлөөлөл ойрын жилүүдэд бүрэн арилахгүй нь нэгэнт тодорхой болж байна. Иймд техник, технологийн хөгжлөөр тэргүүлж байгаа улс орнууд цахим хэрэглээг дэмжих бодлого хөтөлбөр гарган танилцуулж байна.
Цахим эдийн засгийн эрин үе эхэлж байна гэж тэргүүлэх эдийн засагчид ч өөрсдийн байр сууриа илэрхийлэх болсон. Учир нь цар тахлын нөлөөгөөр хүний цахим орчинд өнгөрөөх хугацаа 3-6 цагаар нэмэгдэж, ухаалаг гар утасны хэрэглээ 40 хувиар өссөж, онлайн орчин дахь хөдөлмөрлөлт энгийн үеийнхээс 2 дахин нэмэгдсэн талаар судалгааг танилцуулах болсон. Харин цахим шилжилтээр тэргүүлж буй Хятадын ухаалаг утасны хэрэглээ 2020-2021 оны 4 сар хүртэл буюу 16 сарын хугацаанд 34.1 хувиар өссөн байна. Энэ өсөлтийн гол шалтгаан нь 5G технологи[1] хөгжилтэй шууд холбоотой. Удахгүй Хятадын эрх баригчид 6G технологийг танилцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд цахим эдийн засгийн хөгжлийг тэргүүлэх зорилт тавьж ажиллаж байна.
Цахим шилжилтээс үүдэж чип үйлдвэрлэл, батерейний хэрэглээ, өндөр технологийн үйлдвэрлэл нэмэгдэж, цаашид ч эрэлт 3-5 дахин өсөх урьдчилсан тооцоог Хятадын Хөгжил шинэчлэлийн хороо 2020 оны IV улиралд гаргасан тайландаа танилцуулсан юм.
Уул уурхайн шинэ супер циклд багтах түүхий эдийн жагсаалт
Доор дурдах түүхий эдийн эрэлт 2021 он гарснаас хойш эрс нэмэгдэж байна.
- Газрын ховор элемент
- Лити
- Зэс
- Төмрийн хүдэр
- Коксжих, дулааны нүүрс
Металл олборлолтоор тэргүүлэгч таван компанийн ашиг энэ санхүүгийн жилд хамгийн багадаа 65 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолсон байна. Энэ нь газрын тосны олборлолтоор тэргүүлэгч таван компанийнхаас 13 хувиар өндөр дүн болж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд газрын тос олборлогч компаниуд ашгаар тэргүүлсээр ирсэн юм. Харин энэ удаад металл олборлогч компаниуд илүү ашигтай ажиллах хүлээлт үүслээ. Түүхий эдийн үнэ эрчимтэй өсөж байгаа нь ашиг өсөхөд нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна. Үүнд төмрийн хүдрийн үнийн өсөлт гол жин дарахаар байна. БНХАУ-ын эдийн засаг сэргэж, үйлдвэрлэл эрчимжсэнээр төмрийн хүдрийн эрэлт огцом өсөөд байгаа юм. Ингэснээр төмрийн хүдрийн үнэ дээд түвшинд буюу тонн тутамдаа 200 ам.доллар хүрэхэд ойртоод байна.
Мөн түүхий эдийн үнэ сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрч өсөөд байна. 23 төрлийн түүхий эдийн үнийг нэгтгэн тооцдог “Bloomberg”-ийн “Commodity Spot” индекс 5 дугаар сарын эхэнд нэгжийн үнэ нь 94.59 ам.долларт хүрч 2011 оноос хойших дээд цэгтээ хүрчээ. Энэхүү индекс өнгөрсөн оны 3 дугаар сараас хойш 70 хувиар өсөөд байгаа юм. БНХАУ, АНУ зэрэг улс орнуудын эдийн засаг цар тахлын хямралаас хурдтай гарч байна. Ингэснээр металл болон хөдөө аж ахуйн түүхий эдийн эрэлт огцом нэмэгдэж, үнэ нь өсөөд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2.25 их наяд ам.долларын дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх төлөвлөгөө танилцуулсан юм. Энэ хүрээнд нар, салхины цахилгаан станц байгуулж, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхээр зорьж байна. Ингэснээр үүнд ашиглагдах зэс, никель зэрэг металлуудын эрэлт өсөх төлөвтэй болж ирлээ. Хэдий тийм боловч түүхий эдийн үнийн өсөлтийг дагаад бусад хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэлтэй гэж “IHS Markit”-ийн шинжээчид анхааруулж байна. Түүнчлэн ирэх зургаан сарын хугацаанд түүхий эдийн үнэ 13.5 хувиар өснө гэж “Goldman Sachs” тооцоолжээ. Тухайлбал: газрын тосны үнэ баррель нь 80 ам.доллар, зэсийн үнэ тонн нь 11 мянган ам.доллар хүрнэ гэж таамаглаж байна.
Газрын ховор элементийн эрэлт ба өндөр техник, технологийн хөгжил
Хүмүүсийн интернет хэрэглээ нэмэгдсэнээр цаг хугацааг хэмнэх үүднээс ухаалаг технологийг амьдралынхаа нэгээхэн хэсэг болгож байна. Дэлхийн технологийн компаниудын индексийг тодорхойлдог Nasdaq индекс ДЭМБ-аас 2020 онд ковид-19-ийн халдварыг албан ёсоор цар тахал гэж зарласан цагаас хойш өнөөдрийг хүртэл 126.9 хувиар өссөн байна. Энэ огцом өсөлт ирээдүйн технологийн хөгжил, аж үйлдвэржилтийн 4 дүгээр хувьсгалыг хурдасгаж байна.
Онлайн худалдаа, цахим платформ, ухаалаг утасны аппликейшн хөгжүүлэлт зэрэг цахим эдийн засгийн бүрдүүлэгч нэгээхэн хэсгүүд нь өнгөрсөн онд хамгийн их хөрөнгө оруулалтыг татаж чадсан салбар болсон байна. Мөн автомат жолоодлоготой цахилгаан авто машины хэрэглээ Тесла компанийн нөлөөгөөр хүмүүсийн дунд эрэлт нэмэгдэж байгаа. БНХАУ-ын томоохон технологийн компаниуд хүртэл автомат жолоодлоготой цахилгаан автомашины салбарт их хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Тухайлбал: ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Huawei” компани энэ салбарт нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөөд байгаа аж. Харин “Xiaomi” ирэх 10 жилийн хугацаанд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн юм. “Baidu” компани мөн ирэх таван жилийн хугацаанд 7.7 тэрбум ам.доллар хөрөнгө оруулахаар болжээ. Нийт дүнгээр нь авч үзвэл ойролцоогоор 19 тэрбум ам.доллар болж байна.
Хиймэл оюун ухаан, өндөр технологийн хөгжүүлэлтэд чип, ялтсан технологийн үйлдвэрлэл ихээхэн чухал юм. Иймд дээрх технологийн гол түүхий эд болох газрын ховор элемент нь өндөр технологийн хөгжлөөр тэргүүлж байгаа улс орнуудын хувьд хөрөнгө оруулалт хийх чухал түүхий эд юм.
Лити металлын эрэлт ба цэнэг хураагуурын хэрэглээ
Цахилгаан автомашины цэнэг хураагуур, нарны хавтан, сэргээгдэх эрчим хүчний салбарын хамгийн чухал зүйл нь цэнэг хураагуур юм. Цэнэг хураагуурын төхөөрөмж үйлдвэрлэхэд литийг ашигладаг тул 2020 оны сүүлээс эхэлж эрэлт огцом өсөж байгаа юм. “CME Group”-ийн энэ оны эхний арилжаагаар 5 тонн литийн гидроксид арилжжээ. Үнийн хувьд нэг килограмм нь 14.25 ам.доллар байна. “Fastmarkets” байгууллага өмнө нь нэг килограмм литийн гидроксидын үнийг 12.5-13.5 ам.доллар гэж тооцоолж байжээ. Үнийг БНХАУ, Япон, БНСУ дахь лити үйлдвэрлэлийн өртөг, даатгал, тээврийн зардлыг тооцон гаргасан байна. Лити үйлдвэрлэлийн дийлэнх хувь одоогоор дээрх улсуудад төвлөрч байгаа юм.
Цар тахал ба эрчим хүчний эрэлт
БНХАУ-д дулааны нүүрсний фьючерс үнэ түүхэн дээд түвшинд хүрч эхлээд байна. Он гарсаар үнэ нь 34 хувиар өсчээ. Тус улсад цаг агаар дулаарахтай зэрэгцээд агааржуулагчийн хэрэглээ нэмэгдэж, дагаад цахилгааны хэрэглээ өссөн байна. Энэ нь нүүрсний эрэлт өсөхөд нөлөөлжээ. Үүнтэй холбоотойгоор цахилгаан станцууд мөн худалдан авалтаа нэмэгдүүлээд байгаа аж. Харин нийлүүлэлт талаас БНХАУ-ын уурхайнуудын байгаль орчны болон аюулгүй байдлын хяналт шалгалтыг чангатгасан байна. Энэ нь уурхайнуудын үйл ажиллагаа тасалдаж, олборлолт буурахад нөлөөлжээ. Үнийн өсөлтийг хязгаарлахын тулд удирдах байгууллагууд арилжаанд оролцогчдоос авдаг шимтгэлийг нэмэх арга хэмжээ аваад байгаа юм.
Хэдийгээр дулааны нүүрсний үнийг буулгах зорилттой хятадын эрх баригчид ажиллаж байгаа ч цар тахлын нөлөөгөөр хүмүүсийн цахилгааны хэрэглээ өссөөр байна. Энэ нь 2019 оны үетэй харьцуулбал 5 хувиар өссөн аж.[2]
Дэлхийн хэмжээнд нүүрсний цахилгаан станцаас татгалзахаар Парисын хэлэлцээрт нэгдэн идэвхтэй бодлогын шийдвэр гаргаж байгаа ч эдийн засгийн хямралаас гарах үүднээс ойрын 2 жилд дулааны нүүрсний үнэ огцом буурах магадлал бага байгаа юм.
Гангийн эрэлт ба дэд бүтцийн бүтээн байгуулалт
Сингапурын бирж дээр төмрийн хүдрийн фьючерс үнэ өсч байна. БНХАУ-ын барилга болон үйлдвэрлэлийн салбарт эрэлт өндөр байгаа нь үнэ өсөхөд голлон нөлөөлж байгаа аж. Төмрийн хүдрийн фьючерс үнэ 10 хувиар өсөж, тонн нь 226 ам.доллар хүрсэн нь түүхэн дээд түвшинд хүрсэн үзүүлэлт болж байна. Өнгөрсөн сард үнэ нь анх удаа 200 ам.доллар давсан юм. “БНХАУ-д эрэлт хэзээ буурч эхлэх нь тодорхойгүй байна. Нийлүүлэлт өндөр эрэлтийг хангаж чадахгүй” гэж Австралийн “Commonwealth” банкны шинжээч дүгнэжээ. Үйлдвэрлэгч орнуудын эдийн засаг сэргэснээр эдгээр түүхий эдийн эрэлт огцом өсөөд байгаа юм. Түүнчлэн зах зээлд хомсдол үүсэх эрсдэлтэй болсон нь үнэ өсөхөд нөлөөлж байна. Түүхий эдийн үнэ цаашид ч өсөх төлөвтэй гэж “Trafigura”, “Goldman Sachs” зэрэг томоохон байгууллагуудын шинжээчид тооцоолжээ. Азийн орнуудын үйлдвэрлэлийн салбар идэвхжиж, төмрийн хүдрийн эрэлт өсөөд байгаа нь үнэд эергээр нөлөөлж байна.
Төмрийн хүдрийн үнэ өсөхтэй зэрэгцэж гангийн эрэлт мөн адил өссөн. Дэлхийн улс орнуудад цар тахлын дараа орон сууцны үнэ өсөөд байна. БНХАУ-ын Засгийн газар орон сууцны үнийн өсөлтийг хязгаарлах зохицуулалтаа чангатгаад байна. Хэдий тийм боловч тус улсын эдийн засаг сэргэхтэй зэрэгцээд орон сууцны эрэлт өсөж, үнэ нь өндөр хэвээр байх төлөвтэй гэж шинжээчид тооцоолоод байна. Оны эхний улиралд БНХАУ-д орон сууцны төслүүдэд хийгдсэн хөрөнгө оруулалтын хэмжээ жилийн дүнгээр 29 хувиар өсөж, 320 тэрбум ам.доллар болжээ. Түүнчлэн шинэ орон сууцны борлуулалт 95.5 хувиар өсжээ. Тус улсын томоохон дөрвөн хотод эхний гурван сарын байдлаар 10.7 сая метр квадрат талбай орон сууц борлуулагдсан байна. Энэ нь өмнөх оноос хоёр дахин өссөн дүн болжээ.
АНУ-ын хувьд орон сууцны эрэлт мөн өндөр байгаа бөгөөд 2019 онтой харьцуулбал 27 хувиар өссөн талаар тус улсын хөрөнгө зуучлалын компаниас 3 дугаар сард мэдээлсэн. Мөн Европын орнуудын моргейжийн зээлийн хүү харьцангуй бага түвшинд байгаа нь орон сууцны эрэлт өсөхөд нөлөөлж байна.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад мөнгөний нийлүүлэлт, зээлийн хүүгийн түвшин багассанаас үүдэж үл хөдлөх хөрөнгийн эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт хомсдосон байна. Хатуу хөл хорионоос болж барилгын салбарт нийлүүлэлт буурсан нь үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөхөд шууд нөлөөлсөн байна. Ойрын жилүүдэд орон сууцны эрэлт улам өсөх хандлагатай талаар Bloomberg агентлагаас мэдээлсэн бөгөөд тус агентлагаас үл хөдлөх хөрөнгийн нөлөөлөл коксжих нүүрс, төмрийн хүдрийн эрэлт огцом өсөх таамаглалыг танилцуулаад байгаа юм.
Өндөр технологи, дэд бүтэц ба зэс
Зэсийн үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч 2011 оны супер циклийн үеийн үнийг давлаа. Эрчим хүчний эрэлт, өндөр технологи, дэд бүтцийн бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт зэргээс шалтгаалж дэлхийн зэсийн эрэлт дэлхийн хэмжээнд голлон нэмэгдэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрөө зарлах үедээ орон сууцны усны хоолойг зэс болгоно гэж дурдсан нь зэсийн үнэ нэмэгдэхэд голлон нөлөөлсөн юм. Мөн Европын орнууд ундны усны хоолойг зэс болгож, вирус, бактерийн халдварыг бууруулах боломжтой талаар 2021 оны 2 дугаар сард Европын холбооны эрүүл мэндийн байгууллагаас судалгаа хийж байгаа талаар олон нийтэд мэдээлсэн юм.
Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, өндөр технологийн хөгжил зэрэг олон шалгаан зэсийн супер цикл эхлэж байгааг илэрхийлж байгаа юм. Тэгвэл цар тахлаас үүдэж уул уурхайн олборлолт тодорхой хэмжээгээр зогссон нь зэсийн эрэлт нэмэгдэхэд нөлөөлсөн гэж таваарын шинжээчид таамаглаж байгаа юм.
Зэс олборлолтоор дэлхийд тэргүүлэгч Чилийн “Codelco” компанийн борлуулалт I улиралд хоёр дахин өсөж, 4.65 тэрбум ам.доллар хүрсэн байна. Зэсийн гарц болон үнэ өссөн нь үүнд голлон нөлөөлжээ. Өнгөрсөн улиралд тус компани 386 мянган тонн зэс олборлосон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Борлуулалтын хэмжээ нь 10 жилийн өмнөх супер циклийн үеийн түвшинд хүрчээ. Зэсийн үнэ он гарснаас хойш эрчимтэй өсөж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрэхэд ойртоод байна. Чилид цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа нь цаашид уурхайнуудын үйл ажиллагаа зогсож, гарц буурч болзошгүй эрсдэл үүсгээд байгаа юм.
[1] https://www.yuantalks.com/the-wire-24-7-live-updates-on-china/
[2] https://iea.blob.core.windows.net/assets/80d64d90-dc17-4a52-b41f-b14c9be1b995/WEO2020_ES.PDF?fbclid=IwAR0r1vRo2N7chFtHvrabv40Shvozi9VIKXHJR-9HRp6Pfxsk_y67vbs5iVg
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
БНХАУ-ын XIV таван жилийн төлөвлөгөө ба онцлох салбаруудДараах нийтлэл
Орчин үеийн мэдээллийн орон зай ба ТроллингСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19