Орчин үеийн мэдээллийн орон зай ба Троллинг

2021-05-28

https://niss.gov.mn/wp-content/uploads/2021/06/111686196-trolling-seal-print-with-distress-style-blue-vector-rubber-print-of-trolling-text-with-unclean-textu.jpg

Эхлэл

Троллинг – мэдээллийн дайны хэлбэр болох нь

Мэдээллийн эринд бодитой мэдээллийг түргэн шуурхай олох олон тооны зам суваг нээгдэж, тэр хэмжээгээр хөгжлийн хурдатгалд ахиц гарч байгаа ч дагалдах сөрөг үр дагавар ч их гарах болов. Тухайлбал, мэдээллийн дайн явуулах зорилгоор ашигладаг, уг дайны бүрэлдэхүүн хэсэг болох “хуурамч мэдээлэл, троллинг” буюу олон нийтийн ухамсрыг залахад чиглэсэн залилан мэхлэлтийг онцолж байна. Энэ нь нийгмийн сэтгэлзүй, хувь хүмүүсийн зан авирыг програмчлан, тэдэнд хуурамч эсвэл хагас үнэн мэдээллийг өгөх замаар хуурч төөрөгдүүлэх зорилгыг агуулсан байдаг ажээ.

“Аливаа улс үндэсний язгуур ашиг сонирхол, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх зорилгоор бүгд худал, эсвэл зарим хэсэг нь худал мэдээ, мэдээллийг тусгайлан бэлтгэж, боловсруулан ашигладаг. Хуурамч мэдээ, мэдээллийн үйл ажиллагааны эцсийн зорилго нь эсрэг талаар өөрийн талдаа ашигтай шийдвэр гаргуулах, эсвэл ашиггүй шийдвэр гаргуулахгүй байхад оршдог” талаар өмнөх дугаараар хүргэж байсан.

Троллинг нь: “сөрөг сурталчилгааг хүлээн зөвшөөрүүлэх, сурталчлах, цочролд оруулах сонирхол бүхий хувь оролцогчид болон нэргүй (нэрээ нууцалсан) хэрэглэгчид тодорхой зорилготойгоор ихэвчлэн ашигладаг, нийгмийн өдөөн хатгалга эсвэл сүлжээний харилцаанд дарангуйлал хийх үйл ажиллагааны хэлбэр юм. Троллинг хийх үзэгдлийг тайлбарлахад өдөр тутмын амьдралаас шууд зүйрлэл олох нь амаргүй байдаг. Хамгийн ойрын ойлголтууд бол уруу таталт, өдөөн хатгалга, өдөөн турхиралт – өөрөөр хэлбэл зориуд хууран мэхлэх, гүтгэх, маргаан, маргаан дэгдээх, ёс бус үйлдэлд уриалах явдал юм. Энэ үзэгдлийг хамгийн ерөнхий хэлбэрээр нь авч үзвэл интернэтийн харилцан үйлчлэлийн ёс зүйн дүрмийг зөрчиж, зөрчилдөөнтэй нөхцөл байдлыг хурцатгах зорилгоор өдөөн хатгасан мессежийг виртуал харилцааны нөөцөд байрлуулах үйл явц гэж тодорхойлдог.

Мөн “Троллинг буюу интернэт тролл нь цахим сүлжээний харилцааны соёлын хэм хэмжээг зөрчиж бусдын харилцаа, танин мэдэхүй, мэдлэгийн солилцоо, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулах, ярианы сэдвээс хазайж уншигчдын сэтгэл хөдлөлийг ашиглан талцуулж, маргаан үүсгэж буй үйлдлийг хэлнэ” гэсэн хамгийн дөхөм тодорхойлолт ч байдаг.

“Тролл” хэмээх үгийн хувьд, Скандинавын викингүүдийн домог үлгэрт гардаг агуй, ууланд бүлээрээ суудаг хүн төрхтэй, аймшигт муухай төрхтэй, нэгэн зүйл шулмын төрлийн амьтны нэр ажээ.

Тролл хийх орчин: Үл үзэгдэх дайн 

XXI зууны эхэн үеэс интернетийн троллууд мөргөлдөөнийг хамгийн үр дүнтэй өдөөх, туршлага солилцох зорилгоор өөрсдийн сүлжээний нийгэмлэг, байгууллагуудыг бий болгож эхэлжээ. Троллинг нь виртуал орон зайд үзүүлэх нөлөөллийн мөн чанар болон өөрийгөө бүлэг эсвэл олон нийтийн нийтлэг ашиг сонирхол, бэрхшээлийг хуваалцдаг ердийн хэрэглэгч хэмээн харуулахыг хичээдэг. Тролл нь харилцаа холбооны системд олон талаар ихээхэн хор хөнөөл учруулж болзошгүй. Тухайлбал, хор хөнөөлтэй зөвлөгөө эсвэл хор хөнөөлтэй санаа тараах, нийгэмд харилцан итгэлцэх мэдрэмжийг устгах. Сүүлийн үед троллингийг аливаа улс төрийн харилцаа, сонгуулийн хүрээнд ихээхэн хэрэглэж байна. Интернэт орчинд нийтлэл, хэлэлцүүлэгтэй холбоогүй зүйлийг бичих, санаатайгаар хэн нэгнийг гутаан доромжлох, өдөөн хатгах зэргээр улс төрийн үйл ажиллагаанд түлхүү хэрэглэж байна. Түүнчлэн улс орнуудын засгийн газар, бүлэглэл болон байгууллагууд өөрийн ашиг сонирхлын хүрээнд олон нийтийн санааг эргүүлэх, мэтгэлцүүлэх зорилгоор ч ашиглах болоод байна. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс төр, нийгмийн талаархи тэрс үзэл санааг санал болгоод зогсохгүй зүй зохисгүй, илт хууль бус үзэл суртлын санаачлагчдын санаа бодлыг шууд дамжуулж байна. Тэд бэлэн мэдээллийн зам сувгуудтай бөгөөд үүгээр дамжуулан зорилтот улсын иргэдэд тусгайлан бэлтгэсэн хуурамч хор хөнөөлтэй мэдээллийг чөлөөтэй дамжуулах боломжтой байна. Өнөө үеийн мэдээллийн дайнд ашиглагдаж буй гол зэвсэг нь ‘хараат бус’ гэх тодотголтой сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж хувирч байна.

Троллингийн онцлох шинж чанарууд

Троллинг бүр өөрийн онцлог шинж чанартай, үйлдэх зорилго, шалтгаан нь ялгаатай байдаг бөгөөд хувь хүн, олон нийт, хэсэг бүлэг хүмүүс рүү чиглэдгээрээ онцлогтой. Троллингийг дурын хэн нэгэн ихэвчлэн “youtube”, блог, форум, и-мэйл, фэйсбүүк, твиттер, мэдээний сайт зэрэг олон нийтийн сүлжээгээр коммент бичих хэлбэрээр хийдэг.

Троллинг бохир технологийн хувьд нийгэмд түрэмгийллийн хэлбэрээр нөлөөлөх зарим өвөрмөц шинж чанартай байдаг. Үүний нэг нь зөвхөн виртуал орчинд троллинг хийх боломж юм. Хоёрдахь онцлог нь троллинг нь цасан нуранги шиг хүч түрэх тодорхой механизмтай бөгөөд виртуал орчны ихэнх гишүүдэд тэр дороо тархдаг. Троллинг хийх гуравдахь онцлог нь мөргөлдөөний болзошгүй хохирогч нь мөргөлдөөний нөхцөл байдлыг (тролл) санаачлагчтай шууд биечлэн эсвэл харилцан үзэгдэх харагдах байдлаар холбоо барих боломжгүй байдаг. Сүүлийн үед троллингийг худалдаа, улс төрийн хүрээнд PR технологи болгон ашиглах нь улам бүр нэмэгдэж байна. Энэхүү технологийг ашигласнаар PR мэргэжилтнүүд олон нийтийн шинж чанар, олон нийтийн санаа бодолд хуурамч үр нөлөөг бий болгох, мэдээллийн эх сурвалжид итгэх итгэлийг нэмэгдүүлэх, мэдээлэл хүлээн авагчдын сонсох хүрээг нэмэгдүүлэх зэрэг давуу талтай гэж шинжээчид үзэж байна.

Олон нийтийн ухамсарт нөлөөлөх аргууд болох хор хөнөөлтэй суртал ухуулга, худал мэдээлэл нь эрт дээр үеэс хэрэглэгдэж ирсэн бөгөөд цэрэг-улс төрийн ажиллагааны, тусгай албадын арга, хэрэгсэл байсаар ирсэн. Өмнө нь мэдээллийн нөлөөлөл нь дайсныг буруу мэдээллээр хангах арга хэмжээгээр хязгаарлагддаг байсан бол орчин үеийн ертөнцөд зорилтот улс орны нийгмийн сэтгэлзүйд хортойгоор нөлөөлөх буюу “эсрэг талаар өөрийн талдаа ашигтай шийдвэр гаргуулах, эсвэл ашиггүй шийдвэр гаргуулахгүй байх”-ад оршдог үндсэн ач холбогдолтой юм. Мэдээллийн халдлага нь ёс суртахууныг алдагдуулж, нийгмийн эв нэгдлийг эвдэхэд хувь нэмрээ оруулдаг тул ноцтой аюул заналхийлж байна. Эртний Хятадын сэтгэгч Сүнзийн “байлдахгүйгээр ялах” ухаан бол дайтахуйн дээд урлаг гэж үздэг. Орчин үеийн нөхцөлд мэдээлэл, сэтгэлзүйн довтолгоог хэвлэл мэдээллийн хэрэгсэлд байдаг олон төрлийн технологийн чадавхийг ашиглан хийх нь үр дүнтэй хэмээсэн нь бий. Цахим технологи хөгжихийн хэрээр уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл (сонин, радио, телевиз) олон нийтийн ухамсарт үзүүлэх нөлөөгөө аажмаар алдаж эхлэв. Видео хостинг, нийгмийн сүлжээнд мэдээллээ байршуулах нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа олон тэрбум хэрэглэгчдэд хүрэхэд тусалдаг. Дижитал технологийн ачаар мэдээллийн нөлөөллийн аргууд ихээхэн нэмэгдсэн. Хүн амын ухамсар, хүсэл эрмэлзэл, мэдрэмжид богино болон урт хугацааны сонгомол мэдээллийн нөлөөллийг үзүүлэх боломжтой болсон. Шинэ дижитал боломжууд нь үйл явдлын бараг бүх хүссэн дүр төрхийг бий болгох боломжийг олгодог бөгөөд үүнийг зөвхөн мэргэжлийн ур чадварын тусламжтайгаар бодит байдлаас ялгаж чаддаг. Хэрэгжүүлэх явцад олон нийтийн ухамсрыг удирдах энэ аргаар цэрэг, дайны үйл явцууд болон ‘өнгөт хувьсгалууд’ гарсныг дурдаж болохоор байна.

Олон улсын харилцаанд учруулж буй хор уршиг

“Троллинг нь сэтгэлзүйн өчүүхэн хүчирхийллээс олон улсын харилцааны мэдээллийн дайны гол хэрэгслүүр болж хөгжсөн байна. Гол хэвлэл мэдээллийн хэрэгслээр давхар стандарт, симулакра тархаж байгаа нь троллингийг PR технологи, суртал ухуулгын үр дүнтэй хэрэгсэл болгож, троллинг үйлчилгээнд эдийн засаг, улс төрийн эрэлтийг бий болгодог” хэмээн А.Деев үзсэн бол Н.Радина: “улс төрийн харилцааны троллинг нь мэдээллийн дайны хэрэгсэл” гэж тэмдэглэсэн бөгөөд үүнийг Оросын тусгай албадын хамгийн амжилттай хэрэгжүүлж буй дижитал харилцааны технологи гэж бичжээ.

АНУ-ын Конгрессын Тагнуулын хороо ОХУ-ын үйл ажиллагаанаас дараах зорилгыг олж илрүүлснээ цохон тэмдэглэжээ:  “Орос улс манипуляци хийх зорилгоор мэдээллийн дайн хийж байна. Энэ нь зорилтот улс орнуудын хүн ам, удирдагчдад тухайлан чиглэж байна. Эдгээр зорилгын үүднээс Орос улс Оросын засгийн газрын ашиг сонирхлыг урагшлуулахад нөлөөлөх олон арга тактикийг ашигладаг. Ийм кампанит ажлын Оросын зорилгод дараахь зүйлс орно: Тухайлбал,

  • барууны нэр хүндийг гутаах замаар Кремлийн ашиг сонирхлыг урагшлуулах;
  • ОХУ-ын нэр хүндэд заналхийлж буй үйл явдалд саад учруулах;
  • барууны улс төрийн эв нэгдлийг устгах;
  • дэлхийн чухал гүрэн болох Оросын үүргийг хамгаалах.

Илүү тодорхой онцлог зорилтууд нь:

  • НАТО, ЕХ-ны зөвшилцлийн байгууллагуудын үйл ажиллагааг сулруулах, хуваах, өргөжүүлэхээ зогсоох, барууны хүн амын дунд эргэлзээ төрүүлэх, сөргөлдөөнийг нэмэгдүүлэх;
  • Америкийн гадаад бодлогын зорилгыг устгах;
  • дэлхийн үйл явдлын орос хувилбарыг сурталчлах;
  • Оросын эсрэг бодлогыг өөрчлөх, хоёр орны харилцааг сайжруулах, эдийн засгийн хэлхээ холбоог бэхжүүлэх гэжээ.

Троллинг судлаач Ж.Донатагийн хэлснээр троллинг нь ‘Өөрийгөө хуурамчаар үйлдэх тоглоом, гэхдээ энэ тоглолтод тоглогчдын олонхи нь оролцоогоо мэддэггүй’, Р.Иллегикал: “хамгийн амжилттай троллууд нь олон нийтийн бүлгүүдийг бие биенийхээ эсрэг шахаж, олон нийтийн анхаарлыг татахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах хэтийн төлөв ашиглан хурцадмал байдлыг бий болгож чаддаг” хэмээсэн. “Нийгмийн сүлжээний хувьсгал”-ын хамгийн сүүлийн хувилбаруудаас харахад троллинг нь сэтгүүлзүй, дэлхийн нийгэм, улс төр, эдийн засаг болон олон салбарын мэргэжилтнүүдийн зайлшгүй шаардагдах мэргэшил болж хувирч магадгүй юм. Судлаач И.Ксенофонтова: “троллинг хийх үзэгдэл нь нэрээ нууцлахтай холбоотой бөгөөд сүлжээний харилцаа холбоог хэрэгжүүлэхэд нэрээ нууцлахаас өөр нөхцөлд туйлын боломжгүй юм” гэж онцолсон.

ОХУ-ын мэргэжилтнүүдийн боловсруулсан олон улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай конвенцид: “Мэдээллийн дайныг мэдээллийн орон зай дахь субьектүүдийн сөргөлдөөн гэж тодорхойлсон бөгөөд үүний нэг зорилго нь “нийгмийг тогтворгүйжүүлэх зорилгоор хүн амыг сэтгэлзүйн хувьд боловсруулах явдал, нөгөөтэйгүүр төр, түүнчлэн төрийг эсрэг талын ашиг сонирхлын үүднээс шийдвэр гаргахыг албадах” гэжээ.

Хуурамч мэдээ, мэдээлэл, захиалгат сэтгэгдлээр троллууд мэдээллийн орон зайд нэвтрэн, хараа хяналтгүй, цензур бага нөхцөл байдлыг ашиглаж, сонгуулийн үеэр сөрөг сурталчилгааг идэвхтэй явуулж байна. Гэхдээ хуурамч мэдээлэл, сэтгэгдлүүд санамсаргүй байдлаар цахим ертөнцөд орж ирэх нь ховор бөгөөд бараг бүх хуурамч мэдээллийг захиалгатай, зорилготойгоор хөрөнгө, хүч зарцуулан хийж зориудаар олон нийтийн сүлжээнд тараадаг байна. Хуурамч мэдээлэл үнэн мэдээллээс зургаа дахин хурдан түгээлттэй байдаг гэх судалгаа хүртэл бий.


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА