Улс төрийн экстремизм, радикалчлал ба тусгай албадын арга ажиллагаа
2021-04-23
XXI зуун гарсан даруйд олон улсын терроризм улс орнуудын үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлэх аюул занал болж уламжлалт зэвсэгт мөргөлдөөнөөс ч илүү эрчимтэй болж эхэлсэн. Дийлэнх улс аюулгүй байдлынхаа номлол, үзэл баримтлал, холбогдох хууль, тогтоомжийг терроризмтой тэмцэх чиглэлд хандуулан өөрчилж, энэ зорилгын төлөө хамтран ажиллах, үл ойлголцлоо хойш нь тавих хандлага ч ажиглагдах болсон. Хэдий тийм боловч терроризм нь өөрөө аяндаа бүрэлдэн тогтдог, эсхүл зөвхөн шашин, соёл иргэншил хоорондын сөргөлдөөнөөс үүдэн гардаг макро түвшний үзэгдэл гэж ойлгох нь туйлын өрөөсгөл болохыг сүүлийн жилүүдийн үйл явдлууд тод харуулж байна. Тиймээс дэлхийн улсууд эн тэргүүнд улс төрийн экстремист үзэл суртал, нийгмийн радикалчлал нь терроризмд хөтөлдөг гол эх сурвалж мөн болохыг ойлгож, террорист үйлдэл гарсных нь дараа гэхээсээ илүү “үр хөврөлд нь” дарахын төлөө тэмцэх шаардлагатайг ухааран үндэсний хууль, тогтоомждоо өөрчлөлт оруулаад зогсохгүй олон улсын хамтын ажиллагааг ч энэ чигт хандуулахыг эрмэлзэх болов. Иймд нэг талаас терроризм, нөгөө талаас экстремизм, радикалчлалын холбоог авч үзэх нийгмийн сэтгэлгээний хандлагыг өөрчлөх, урьдчилан сэргийлэх ажлыг хэлбэршүүлэх чиглэлд анхаарах, энэ талаарх мэдлэгийг цэгцтэй болгох, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдыг тухайн чиглэлд сургаж дадлагажуулах шаардлага тулгарч байна.
Терроризм ба экстремизм, радикалчлалын харилцан хамаарлын талаар олон янзын тодорхойлолт байдаг ч “… экстремизм бол онол, терроризм бол практик, … террорист болгон экстремист мөн, гэхдээ экстремист болгон заваал террорист байдаггүй, иймээс террорист бол нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэхэд чиглэсэн шууд үйл ажиллагаа буюу төлөвлөгөөгөө бодит ажил хэрэг (гэмт хэрэг) болгох тал руу чиглэсэн экстремист үйл ажиллагааг хэрэгжүүлэгч юм” гэх томъёолол хамгийн ойр очдог. Экстремизмийг мөн “… нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнээс хол, хүний үйл ажиллагаа, зөрчилдөөнийг шийдвэрлэх хатуу хэлбэр” ч гэж тодорхойлох нь бий. Тэгвэл экстремист гэж “… улс төрийн хүрээнд эсвэл нийгмийн амьдралд гарч буй хэт туйлширсан үзэл бодол, үйлдлийг баримтлагч, өөр үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөггүй максималист, радикал үзэлтэн, хэт туйлширсан арга хэмжээ авахыг дэмжигч юм” хэмээн судлаачид тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, олон улсын терроризмтой шууд холбоогүй ч аливаа улсын дотоод улс төр дэх экстремист үзэл, үйлдэл нь терроризмын таатай хөрс суурь болдог ажээ. Дээрх тодорхойлолт дотор буй “радикал үзэл” гэдгийг “статус-квог хуулийн бус, тухайлан үндсэн хуулийн бус аргаар өөрчлөх, нийгэм, улс төр, эдийн засгийн эрс (хувьсгалт) өөрчлөлт хийх, жам ёсны хувьсал өөрчлөлтийг хүчирхийллийн, эсхүл захиргааны аргаар хүч түрэн өөрчлөх үзэл санаа” гэж ойлгодог.
Экстремизм, радикалчлал нь зөвхөн үзэл санаанд тулгуурласан байх албагүй, бодит (материаллаг болон эрх мэдлийн) сонирхолд дулдуйдсан байж болдгоороо цэвэр үзэл сурталжсан үйлдэл буюу эдгээрийг гүйцэлдүүлэх үзэл санааны хэт туйлшрал болох фанатизмаас ялгарна. Өөрөөр хэлбэл, эдгээр нь “радикализм – экстремизм – фанатизм – терроризм” гэх харилцан уялдаатай гинжин хэлхээний холбоос үүсгэх авч заавал энэ дөрвөн бүрдэл бүгд нэг дор байх албагүй бөгөөд давхцал, огтлолцол нь янз бүр байж болох ажээ.
Экстремизм, радикалчлалын таван гол эх үүсвэр, шинж чанар нь:
- хувьсал өөрчлөлтийн замд орсон нийгэм, нийгмийн огцом өөрчлөлт, эсвэл хүн амын угсаа гарал, нийгмийн үндэслэлээр илэрхий туйлширсан орчин үеийн постмодерн нийгэмд илэрдэг;
- нийгмийн ялгаатай байдал, нийгмийг ядуу, баян чинээлэг хүмүүсийн хооронд огцом давхрагажуулах, ядуурал эсхүл нийгэм эдийн засгийн байдлын доод түвшин нь түрэмгийллийг өдөөж, экстремизм ба радикалчлалын үндэс суурийг бий болгодог;
- нийгмийн шинэчлэлийн эхний үе шатанд хэт туйлшралын илрэл, фанатизм нэмэгдэж, харин амжилттай өөрчлөлтүүдийн эцсийн үе шатад экстремизм, радикалчлалын илрэл эрс буурдаг;
- бүрэн бус урбанизац (хотжилт), үйлдвэржилтийн өвөрмөц хэлбэрүүд, нийгмийн угсаатны хүн ам зүйн бүтцийн өөрчлөлт, ялангуяа зохицуулалтгүй шилжилт хөдөлгөөн нь нийгэмд хэт туйлшрал, үл тэвчих шинжийг бий болгодог;
- авторитар улс төрийн дэглэмийн нөхцөлд хүний эрх, эрх чөлөө, үндэсний болон шашны цөөнхийн эрхийн төлөөх тэмцэл, шударга ёсны төлөөх хууль ёсны уриа лоозонгоор туг хийсэн хөдөлгөөн нь тэмцлийн арга замаа сонгохдоо хүчирхийллийг улс төрийн зөрчилдөөнийг шийдвэрлэх хэлбэр болгон өдөөж, түүнийг зөвтгөх соёлын хэм хэмжээг бий болгодог.
Эндээс харахад, экстремизм, радикалчлал нь терроризмоос хавьгүй өргөн хүрээг хамрах бөгөөд анхнаасаа зөвхөн деструктив (бусниулагч) зорилго агуулах албагүй, харин ч зарим тохиолдолд конструктив (бүтээлч) зорилго, уриа лоозонгийн цаана нуугдах боломжтой байдаг. Тухайлбал, нийгмийн шударга ёс, эдийн засгийн тэгш боломж, үндэстэн угсаатан, шашны болон нийгмийн бусад хэлбэрийн (бэлгийн г.м.) цөөнхийн эрх ашгийг хамгаалах зорилготой хөдөлгөөнүүд ч тогтсон үндсэн хуульт байгууллыг хүчээр өөрчлөх замаар зорилгодоо хүрнэ хэмээх экстремист арга ажиллагаанд шилжвээс дотроо радикалчлагдаж болно. Энэ нөхцөлд уг үзэл санааны фанатууд ч энэ хөдөлгөөний дотроос төрөн гарах аюултай. Тиймээс улс төрийн консерватизмд тэр бүр бүрэлдээд байдаггүй радикал үзэлтнүүд либерал, либертар жигүүрээс гарах нь бий.
Аливаа үзэл баримтлал, үйлдлийн дараах шалгуурын хослолыг экстремизмд тооцож болно:
- Үйлдэл нь одоо байгаа төрийн болон нийтийн хэв журмыг зөрчихтэй холбоотой бөгөөд хууль бус хэлбэрээр явагддаг, өөрөөр хэлбэл, одоо байгаа олон нийтийн болон төрийн байгууллыг устгах, гутаах, эрх чөлөө, уламжлал, үнэт зүйлийг устгах гэсэн хүсэл эрмэлзэлтэй холбоотой үйлдэл юм. Түүнээс гадна, ийм үйлдэл нь хүчирхийллийн далд хэлбэрийг агуулж болзошгүй. Экстремист үйл ажиллагаа нь үргэлж эрүүгийн хэлбэртэй байдаг бөгөөд хуулиар хориглосон нийгмийн аюултай үйлдлээр илэрдэг.
- Үйл ажиллагаа нь олон нийтийн шинжтэй, нийгмийн ач холбогдолтой асуудлыг хөндөж, олон хүнд (масст) нэгэн зэрэг нөлөөлдөг. Үүний төлөө янз бүрийн хэлбэрийн визуаль бэлгэ тэмдэг (хэт үндсэрхэг үзэлтний, эсхүл нацист, фашист бэлгэ тэмдэг, эсхүл коммунист, анархист бэлгэдэл, мөн “өнгөт хувьсгал”-ын илэрхийлэл болсон хурц, тод өнгийн тууз г.м.)-ийг илт сурталчлах, олон нийтэд үзүүлэх үйл ажиллагаа нь хэт туйлшрах хандлагыг олон нийтэд төрүүлэх “ховс”-ын үүргийг биелүүлэх далд агууламжтай байдаг аж.
Өөрөөр хэлбэл, сонгодог (уламжлалт) тодорхойлолтоороо алан хядах, хорлон сүйтгэх, хүн амыг айдаст автуулах үйл ажиллагаагаар илэрдэг террорист үйлдлийн шинж чанарыг хараахан агуулаагүй ч үйл хөдлөлийн (behavioral) гинжин хэлхээгээр терроризмд хөтлөх аюултай үзэгдэл болохынх нь хувьд экстремизм, радикалчлалтай тэмцэхийг олон улсын хамтын нийгэмлэг чухалчилж байна. Дээрх үндэслэлээр дэлхийн олон орон, олон улсын байгууллагууд үндэсний хууль тогтоомждоо нэг талаас экстремизм ба радикалчлал, нөгөө талаас терроризмыг хатуу зааглахаас татгалзаж, хоорондын уялдаа холбоог тодотгож өгсөн, аль алинтай нь тэмцэхэд харилцан уялдуулсан стратегийг хуульчлах хандлага давамгайлах болов.
Тухайлбал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хувьд, олон улсын гэрээ, конвенциор тодорхойлсон зүйлгүй боловч Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөлийн тогтоолууд, гишүүн улсуудын хууль, тогтоомж, шүүхийн практикаас нийтлэг opinio juris буюу эрх зүйн байр суурь гарсан нь тайван цагт олон улсын терроризмыг тодорхойлох зөвшилцөл болсон ба энэ нь дараах гурван хэсгээс заавал бүрдэх аж:
(i) “гэмт хэрэг (хүн амины хэрэг, хүн барьцаалах, хүн хулгайлах, тэсэлж дэлбэлэх, галдан шатаах г.м.) үйлдсэн буюу үйлдэхээр заналхийлсэн байх;
(ii) хүн амыг айдас, түгшүүрт автуулах замаар улсын болон олон улсын байгууллагын удирдлагын эрх мэдэл бүхий этгээдийг тодорхой үйлдэл, эс үйлдэлд хүргэхийг зорьсон байх;
(iii) үндэстэн дамнасан элемент заавал оролцсон байх” хэмээн тодорхойлсон нь сүүлчийнхээс бусад нь дотоодын экстремизм, радикал хөдөлгөөний зорилго, үйлдэлтэй давхцаж байна.
Тэгвэл, ОХУ-д терроризмыг “… төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон олон улсын байгууллагын шийдвэр гаргахад нөлөөлөх зорилгоор хүн амыг айлган сүрдүүлэх ба хууль бус, хүчирхийллийн бусад арга хэрэглэн нөлөөлөх практик, хүчрихийллийн үзэл суртал” хэмээн томъёолсон бол
Израильд “террорист үйлдэл” гэж (a) улс төр, шашин, үндсэрхэг болон бусад үзэл суртлын сэдлээр үйлдсэн; (б) олон нийтийг айдас түшгүүр, сандралд автуулах зорилгоор, эсхүл төрийн байгууллага, бусад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын аливаа үйлдэл, эс үйлдэлд нөлөөлөх зорилгоор үйлдсэн; (в) үйлдэл, үйлдэх заналхийлэл нь хүний бие махбод, эрх чөлөө, нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал, өмч хөрөнгө, сүм хийд, булш бунхан, эргэл мөргөлийн газар, дэд бүтэц, нэн чухал үйлчилгээ, улсын эдийн засаг, байгаль орчны аль нэгэнд ноцтой хохирол учруулсан, эсхүл учруулах эрсдэл дагуулсан үйлдлийг тооцохоор заажээ.
БНХАУ-д: терроризм гэсэн нэр томъёо нь “… хүчирхийлэл, хорлон сүйтгэх, айлган сүрдүүлэх болон бусад арга хэрэгслийг ашиглан нийгмийг сандралд оруулах, олон нийтийн аюулгүй байдалд аюул заналхийлэх, хувийн өмчид халдах, төрийн байгууллагууд, олон улсын байгууллагуудыг улс төрийн болон үзэл суртлынхаа зорилгод хүрэхийг шаардахыг хэлнэ” хэмээсэн байна.
Харин АНУ-ын хувьд, бусад улсынхаас ялгаатай нь хэт туйлширсан үзэл бодлыг үгээр илэрхийлэх нь үндсэн хуулийн анхны нэмэлт өөрчлөлтөөр хамгаалагдсан бөгөөд зөвхөн зарим нэг тодорхой үйлдэл нь гэмт хэрэгт тооцогддог байна. Ийм гэмт хэргийг АНУ-ын зарим мужид “үзэн ядалтын гэмт хэрэг” ангилалд хамруулдаг. Энэ бол өөр арьсны өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, угсаа гарал, улс төрийн итгэл үнэмшил, хүйс, бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзэн ядалтын нөлөөн дор үйлдсэн этгээдийн эсрэг үйлдсэн тусгай төрлийн гэмт хэргийн эрх зүйн тусгай анги юм.
Турк улсад “террорист гэмт хэрэг” гэж “үндсэн хуульд заасан бүгд найрамдах засгийн мөн чанар, улс төр, эрх зүй, нийгэм, шашнаас ангид болон эдийн засгийн тогтолцооны үндсийг өөрчлөх, улсын хил хязгаарын доторх хуваагдашгүй нэгдмэл байдал, үндэсний нэгдлийг ганхуулах, Туркийн төр, бүгд найрамдах байгууллыг бусниулах, үндсэн эрх, эрх чөлөөг үгүй хийх, төрийн эрхийг үгүйсгэх, устгах, булаан авах, улсын гадаад, дотоод аюулгүй байдал, нийгмийн дэг журам, эрүүл ёсыг сулруулах” хэмээн тодорхойлжээ.
Казахстанд “терроризм” гэж “төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон олон улсын байгууллагын шийдвэр гаргахад нөлөөлөх зорилгоор нийгмийг дарамтанд оруулах замаар, хувь хүн, нийгэм, төрд хохирол учруулахад чиглэсэн хүчирхийллийн болон бусад гэмт хэрэг үйлдэх буюу үйлдэхээр заналхийлэх” үйлдэл гэж заажээ.
Беларусь улсад 2016 оноос хойш мөрдөгдөж буй “Экстремизмтэй тэмцэх тухай” хуульд экстремизм (экстремист үйл ажиллагаа) -ийг нарийвчлан тодорхойлсон байдаг. Тухайлбал,
- “… улс төрийн нам, шашны болон бусад байгууллага буюу тус улсын иргэд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн үндсэн хуулийн дэг журам болон (эсхүл) нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүчээр өөрчлөх, төрийн эрх мэдлийг үндсэн хуулийн бус аргаар булаан авах, хадгалах, хууль бус зэвсэгт бүлэглэл бий болгох, террорист үйл ажиллагаа явуулах, арьс өнгө, үндэсний болон шашны дайсагнал өдөөх, эсвэл үзэн ядалт, түүнчлэн хүчирхийлэлтэй холбоотой нийгмийн зөрчил, хүчирхийлэлд уриалсан дуудлага, үндэсний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, олон нийтийн үймээн самууныг үзэл суртлын дайсагнал дээр үндэслэн зохион байгуулж, хэрэгжүүлэх;
- дайсагнал, үзэн ядалт дээр суурилдаг аливаа нийгмийн бүлэгтэй харьцах, суртал ухуулга, олон нийтийн жагсаал, нацистын бэлгэдэл, шинж чанарыг түгээх хандлага сурталчлах;
- төрийн байгууллагуудын хууль ёсны үйл ажиллагаа, ард нийтийн санал асуулга, сонгуулийн хороо, депутатын эгүүлэн татах асуудлаар санал өгөх комисс явуулах зэрэг хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулах, хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор хүчирхийлэл үйлдэх, түүнийг ашиглахаар заналхийлэх, хууран мэхлэх, хээл хахууль өгөх, түүнчлэн эдгээр хүмүүсийн хамаатан садны эсрэг хүчирхийлэл үйлдэх зэргээр эдгээр байгууллага, комиссын албан тушаалтнууд эсвэл тэднийг албан үүргээ гүйцэтгэснийхээ төлөө өшөө авах зорилгоор ийм үйл ажиллагааны мөн чанарыг өөрчлөхийг албадах;
- үл хөдлөх хөрөнгө, харилцаа холбоо, боловсрол, хэвлэх, бусад материал, техникийн хэрэгсэл, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх зэргээр тодорхой арга хэмжээ авах, санхүүжүүлэх эсвэл хэрэгжүүлэхэд нь туслах зэрэг болно” гэж заажээ.
Монгол Улсад, 2019 онд шинэчлэн батлагдсан “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль-ийн 3.1.1.-д “терроризм” гэж “улс төр, шашин, үзэл суртал, эдгээртэй адилтгах бусад зорилгодоо хүрэхийн тулд төрийн байгуулал, нийгэм, эсхүл түүний тодорхой хэсэгт нөлөөлөн айдаст автуулахаар хүчирхийлэл үйлдэх, хүчирхийлэл үйлдэхээр заналхийлэх, гамшгийн нөхцлийг бүрдүүлэх үйл ажиллагааг” ойлгохоор заасан нь мөн экстремист үзэл санаа, үйл ажиллагаа, түүнийг гүйцэлдүүлэх радикал хөрс суурийг бүрдүүлэхийг террорист үйлдлээс хатуу зааглаагүй ач холбогдолтой заалт болсон юм.
Экстремист үзэл санаа тээгч бүлэглэлүүд нийгмийн сүлжээг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр ашиглаж өөрийн үзэл суртлыг түгээж байгаа нь сүүлийн жилүүдэд гарч буй цоо шинэ үзэгдэл юм. Гэхдээ нийгмийн сүлжээнд идэвхтэй, өндөр хөгжилтэй орнуудын иргэд, залуучуудыг өөрсдийн үйл ажиллагаанд татан оруулахдаа шууд шашны зан үйл, эсхүл алан хядах ажиллагаанд уриалан дуудах замаар биш, олон улсын харилцааны тогтсон дэг журам, баялгийн тэгш бус хуваарилалт, шударга бус байдалд дүргүйцсэн үзэлтэй, боловсролтой давхаргынхныг аажмаар радикалжуулах, тэмцлийн хурц хэлбэрт татагдах хүртэл нь сэтгэл санаанд нь нөлөөлөх аргыг хэрэглэж байна.
Сүүлийн үед улам бүр тод томруун илэрч буй экстремизм, радикалчлалын бас нэгэн шинж бол гадны тусгай албадын зүгээс зохион байгуулалттай дэвэргэдэг үзэгдэл юм. Өмнө өгүүлсэнчлэн, олон улсын терроризмыг улс орнууд бие биесийн эсрэг шууд өдөөх боломж бараг үгүй, ийм үйлдлийг олон улсын эрх зүйгээр хатуу хязгаарласан байдаг тул харин биесийн дотоод хэрэгт хөндлөнгөөс шууд оролцох, сөргөлдөгч талынхаа дотоод улс төрийн амьдрал, үндэсний эв нэгдлийг ганхуулж, нөхцөл байдлыг хурцатгах арга хэрэгслийн нэг нь дотоодын радикалчлал, экстремизмыг дэмжих замаар тогтворгүйжүүлэх, үймээн самуун, “өнгөт хувьсгал”-д турхирах явдал мөн. Энэхүү ажиллагааны дараалал терроризмын хэв шинжийг олж эхлэх нөхцөлд гаднаас оролцож байсан тал өөрийн ул мөрийг татан авч, энэ үйлдэлд хамаагүй мэтээр үлдэх боломжтой байдгаараа онцлогтой. Иймд экстремист үзлийн илэрхий терроризмтой холбогдох илрэл болох хэт барууны, эсхүл хэт зүүний, бүр шашны гэх зэрэг хэлбэрийг сонгож авдаггүй, харин сонгуулийн шударга байдал, хэвлэлийн эрх чөлөө, бүх төрлийн цөөнхийн эрх зэрэг либерал үзэлтнүүдийн тугаа болгодог үзэл санааг сонгон авч, түүн дээр дөрөөлөн визуаль бэлгэдэл, үзэл санааны фанатууд зэрэг нөөцийг ашиглан улс орны дотоод байдлыг тогтворгүйжүүлдэг. АНУ-д жил тойрон үймж буй Black Lives Matter хөдөлгөөн, Д.Трампын талынхны Proud Boys бүлэглэлийн үйлдлүүд бүгд “өнгөт хувьсгал”-ын экстремист хэлбэрийг агуулаад зогсохгүй терроризмд дөхөж очсон хэлбэртэй байна. Тэдгээрийг гадаадын тусгай албадтай холбоотой хэмээн эсрэг тал нь харгалзан буруутгадаг ч нотолгоо хараахан байхгүйн адил ОХУ-д А.Навальныйг дэмжигчдийн радикал хөдөлгөөнийг мөн л гадны гар хөл болсон гэж үзэх хандлага зонхилж байна. 2020 онд Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн дараа нэр дэвшигч А.Тихановскаягийн удирдсан эсэргүүцлийн хөдөлгөөн мөн л “өнгөт хувьсгал”-ын технологиор хийгдсэн ба экстремист радикалчлал нэлээд газар авч байгаад намжсан мэт боловч өнгөрсөн долоо хоногт тус улсад төрийн эргэлт хийж, ерөнхийлөгч А.Лукашенког “биечлэн устгах” төлөвлөгөө боловсруулж байсан бүлэг этгээдийг ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба Москва хотноо илрүүлж баривчлан аюулгүй болгосон явдал нь гадаадын тусгай албад санаанд оромгvй газар, хэний ч хvлээгээгvй цагт, урьдчилан төсөөлөөгvй арга хэлбэрээр экстремтстүүдийг бэлтгэх ажлаа явуулдаг болохыг нотлон харуулаад зогсохгүй “тусгай албад – иргэний хөдөлгөөн – өнгөт хувьсгал – экстремизм – радикалчлал – фанатууд – терроризм” гэх гинжин хэлхээний бүх бүрэлдэхүүн нэг цуваанд орж болохыг ч харуулав.
2019 оны 6 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Терроризмтой тэмцэх алба, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дарга нарын газрын Үндэстэн дамнасан аюул заналтай тэмцэх газартай хамтран зохион байгуулсан “Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нийгмийг хандуулах нь” сэдэвт бүс нутгийн дээд хэмжээний бага хурал дээр Унгар Улсын Гадаад хэргийн сайд Петер Сиярто “экстремизм, терроризмтой тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх гол нөхцөл бол гэмт үйлдлийн хуулийн үр дагавар эргэлт буцалтгүй байх”, өөрөөр хэлбэл, ямар ч үзэл санаа, ямар ч зорилгоор зөвтгөж ял завшуулдаггүй тогтолцоог бүрдүүлэх явдал мөн хэмээн дурдсан билээ.
Иймээс экстремизм, радикалчлалаас сэргийлэх иж бүрэн арга хэмжээг хэрэгжүүлж, түүнтэй тэмцэх төрийн байгууллагуудын харилцан ажиллагааны уялдаа, зохион байгуулалтыг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь өнөөгийн шаардлага, хэрэгцээ болж байна.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Монгол ба ШХАБ: Гадны шинжээчдийн нүдээрДараах нийтлэл
Цар тахлаас үүдэлтэй нийгмийн сэтгэл зүйн тогтворгүй байдалСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19