Аюулгүй байдал судлалын хүрээлэн ОХУ, АНУ, БНХАУ болон нөлөө бүхий бусад улсын шинжээчид, бодлого боловсруулагчид нөгөө талынхаа бодлого, стратегийг хэрхэн ойлгож, түүнд тохирсон ямар арга хэмжээг өөрийн төр, засгийн удирдлагад санал болгож байгааг мэдээллийнхээ зарим дугаараар тоймлон хүргэдэг билээ. Чингэхдээ манай талаас ямар нэгэн дүгнэлт, тайлбар хийхийг урьтал болголгүй, аль нэг талын байр суурийг нэмэлт, хачиргүйгээр хүргэхийг зорьдог. Энэ дугаартаа Монгол Улсын ШХАБ дахь статусыг тойрсон асуудлаар ШХАБ-ын “ИнфоШОС” мэдээллийн сайтад энэ оны 4 дүгээр сарын эхээр гарсан тоймч С.Саенко, өнгөрсөн оны сүүлчээр Ази судлалын Төв Европын институтын сайтад тавигдсан судлаач Э.Парсонс нарын ижил сэдэвтэй богино хэмжээний нийтлэлүүдийг зэрэгцүүлэн танилцуулж байна. Зохиогчдын хэл, найруулгын онцлог, ашигласан нэр томъёог ямар нэг өөрчлөлтгүйгээр шууд буулгав. Нийтлэлүүд дэх аливаа дүгнэлт, дэвшүүлсэн үзэл санаа нь зөвхөн зохиогчдынх бөгөөд Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн байр суурь биш болно. Хэдий тийм боловч энэ сэдвээр тус “Аюулгүй байдал судлалын мэдээлэл”-ийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн “ШХАБ дахь Монгол Улсын статус: Pro et Contra”, мөн сарын 10-ны өдрийн “Монгол ШХАБ-д элсэх тухай асуудалд: Гай ч, гавьяа ч гарахгүй” дугааруудын агуулга буюу манай судлаачдын дүгнэлт, таамаглалтай олон талаар таарч байгааг харж болно.
Геополитикийн замын уулзвар дээрх Монгол: Улаанбаатар ШХАБ-д элсэх эсэх талаар бүх зүйлийг цэгнэж байна
(Сергей Саенко)
Ердөө 3.3 сая хүн амтай эртний түүхт Монгол Улс Евразид нөлөөгөө тогтоохын төлөөх АНУ, Хятад, Орос гурван гүрний сөргөлдөөн дунд геополитикийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэж болохуйц санамсаргүй нэгэн болж болзошгүй. Энэ өнгөн дээр Улаанбаатар тус улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (цаашид “ШХАБ”, эсхүл “Байгууллага” гэх)-д элсүүлэх талаарх Москва, Бээжингийн саналыг нухацтай эргэцүүлж буй. Сануулахад, өнгөрсөн оны долдугаар сард Оросын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов Монгол ШХАБ-д элсэх өргөдлөө өгөх аваас Москва дэмжихэд бэлэн хэмээн мэдэгдсэн хэдий ч, Орос улс “монгол нөхдийнхөө сонголтод нөлөөлөх бодолгүй байна” гэдгээ даруй нэмж хэлсэн юм.
Монгол урьд нь ч Евразийн улс төр, эдийн засгийн холбоонд нэгдэх сонирхлоо илэрхийлж байсныг дурдах нь зүйтэй. Гэвч АНУ Хятад, Орос хоёртой сөргөлдөх түгшүүр улам бүр нэмэгдэж буй нөхцөлд Монгол төвийг сахисан байр сууриа хадгалах ёстой гэсэн үзлийг Улаанбаатар барьж байгаа юм. Зарим судлаачийн нотолж буйгаар, монголчууд БНХАУ, ЗСБНХУ-ын хооронд, АНУ, Зөвлөлт Холбоот Улсын хооронд гэсэн өмнөх хоёр сөргөлдөөнд оролцож байсан гашуун туршлагаа санаж, хүйтэн дайны хэлбэртэй геополитикт татагдан орохыг хүсэхгүй байгаа аж.
Өнгөц харахад, Монгол ШХАБ-ын ажиглагч орны түвшинд 17 жил болсны дараа тус Байгууллагын бүрэн эрхт гишүүн болох тухай Орос, Хятадаас тавьсан саналыг шүүрээд аваагүй нь хачирхалтай санагдаж магадгүй. Гэхдээ Улаанбаатар урьдын адилаар “гуравдагч хөрш”-ийн бодлогыг баримтлахыг хичээж байгаагаас үүний тайлбарыг хялбархан олж болно. Үүний мөн чанар нь “хэнтэй ч ойртолгүйгээр Дорнын ч, Өрнийн ч улс бүхэнтэй нөхөрлөнө” гэх хэлц үгээр илэрхийлэгдэнэ. Монгол “гуравдагч хөрш”-өө гэж тооцдог улсуудын тоонд АНУ, Япон, Европын Холбоо, Энэтхэг, Өмнөд Солонгос багтаж байна. Үүнтэй холбоотойгоор ШХАБ-д элсэх нь Монголын эдгээр оронтой тогтоосон харилцаанд саад учруулж магадгүй гэж Улаанбаатар үзэж байна.
Хэдий тийм ч тус Байгууллагад элсэх тухай Орос, Хятадын саналыг Улаанбаатар юу юугүй огоороод байгаа хэрэг биш, харин ийм алхам хийх эсэх талаар бүхнийг нухацтэй эргэцүүлж буй. Зарим шинжээчийн үзэж буйгаар, Монгол ШХАБ-д элсэх эсэх нь тус улсын ойрын 50, бүр магадгүй ойрын 100 жилийн хөгжлийн замыг тодорхойлж болзошгүй. Ийм шалтгааны улмаас, Монголын зарим судлаачийн тооцож буйгаар, энэхүү асуудлыг улс төрчдийн хаалттай хуралдаанаар биш, харин ард нийтийн санал асуулгаар шийдэх хэрэгтэй аж. Дашрамд дурдахад, монголын улс төрийн хүрээнийхэн дотор ШХАБ дахь Монголын оролцоог ажиглагчийн статусаар хязгаарлахыг дэмжигчид, тус Байгууллагад элсэхийг дэмжигчид хоорондоо одоогоор зөвшилцөлд хүрээгүй байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар тус Байгууллагатай харилцан ажиллах зарчмаа бус, хэлбэрээ өөрчлөх хувилбар хамгийн магадлалтай харагдаж байна. Монгол хэд хэдэн интеграцийн чиглэлд идэвхжих магадлалтай ч, “гуравдагч хөрш”-ийн стратегиасаа ухрахгүй юм.
Ер нь тус улсыг ШХАБ-д элсэхийн бүх олз, гарзыг Улаанбаатар харж байгаа нь илт. Тус Байгуулагын үйл ажиллагаанд бүрэн эрхтэй оролцоно гэдэг нь үүний дараа Орос, Хятад хоёр Монголд илүү найрсаг хандах болно гэсэн үг бөгөөд Монгол ШХАБ-ын томоохон төслүүдэд илүү идэвхтэй оролцож чадна. Монгол ШХАБ-ын чухам эдийн засгийн чиглэлийг илүү харж, үнэлж байгааг тооцвол, энэ бол Улаанбаатарын хувьд тус Байгууллагад элсэх нэлээд чухал хүчин зүйл мөн.
Гэхдээ сөрөг тал бас бий. Жишээлбэл, Монгол ШХАБ-д элссэний дараа бие даасан гадаад бодлогоо хэрэгжүүлэх боломж багасна, учир нь энэ улс өөрийн үйл ажиллагааг тус Байгууллагын нийтлэг бодлоготой ямар нэг хэмжээгээр уялдуулах хэрэгтэй болно. Дээрээс нь ШХАБ-ын гишүүнчлэл нь Улаанбаатарыг Евразийн интеграцид оролцох, Монголын “гуравдагч хөрш” болох Европын Холбоо, АНУ-тай хамтран ажиллах хоёрын хооронд тэнцвэр эрэлхийлэхийг шаардана. Ийм өрнөл ч Улаанбаатарт төдийлэн хүсүүштэй бус харагдаж байгаа.
Монголыг ШХАБ-тай ойртохоос тогтоон барьж буй өөр нэгэн хүчин зүйл бол тус байгууллага Төв Азитай уягдсан байдал юм (Киргиз, Казахстан, Тадикистан, Узбекистан гишүүн улсууд нь байдаг). Москва, Бээжин хоёр Төв Азийн бүгд найрамдах улсуудыг интеграцын санаачилгуудад оролцуулах үлэмж сонирхолтой байхад Улаанбаатар Төв Азийн үйл явдалд гүнзгий хутгалдахаас зайлсхийж байгаа нь энэ бүс нутагт оршин буй улс төр, эдийн засгийн асуудлуудад татагдан орж, улмаар тус Байгууллага дахь түнш орнуудынхаа өмнө арга буюу үүрэг хүлээхэд хүрэхээс Монгол болгоомжилж байгаатай холбоотой.
Эдгээр шалтгааны улмаас энэ үе шатан дахь Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь Орос, Хятадтай жин тэнцүү харилцааг хөгжүүлэх, ШХАБ-ын гишүүнчлэл энэ хоёр улсаас хамааралтай болгох нь зайлшгүй тул үүнээс зайлсхийх явдал байх болно гэдэг нь илэрхий байна. Төвийг сахисан Монгол газар зүйн байрлалынхаа хүчээр Москва, Бээжин хоёрын дунд нэг ёсны “гүүр” болох геополитикийн функц Улаанбаатарын таалалд бүрэн нийцэж байна. Үүний сацуу Улаанбаатар нь мөн Зүүн хойд Азийн хамгийн хүчирхэг хоёр улсын тэнцвэрийг хадгалагч буфер ч болдог. Тэндхийн шинжээчдийн үзэж буйгаар ийм байр суурь нь Монголыг бүс нутгийн тогтвортой байдлын зайлшгүй чухал бүрэлдэхүүн хэсэг болгож байгаа ажээ.
Хөгжлийн өнөөгийн шатанд Монгол нь бүхий л гадаад шинжээрээ ШХАБ-ын хамгийн хүсүүштэй боломжит шинэ гишүүн бөгөөд тус Байгууллагын дэргэдэх хамгийн “асуудал багатай” байнгын ажиглагч мөн гэж зоригтой хэлж болохоор байна. ШХАБ-ын хоёр манлайлагч улс – Орос, Хятадын дунд орших тус улсын байрлал нь өөрөө Монголыг энэ байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй татагдан орохыг дэмжиж байна. Гэсэн ч Монгол нь байнгын ажиглагчийн статустай болсноос хойш олон жилийн дараа хэр нь энэхүү байгууллагын байнгын гишүүн болоогүй, өөрийн статусыг өөрчлөх онцгой эрмэлзэл ч илэрхийлэхгүй байна.
Тэгэхээр, ойрын үед Монголыг ШХАБ-д байнгын гишүүний эрхтэйгээр элсэхийг хүлээх хэрэггүй л болов уу. Гэхдээ үүний сацуу, үнэндээ бол пост-Зөвлөлтийн Төв Азид нүүрлээд буй бүс нутгийн аюул занал, сорилын идэвхжил (терроризм, экстремизм, мансууруулах бодисын тээвэрлэлт г.м.) нь Улаанбаатарыг ШХАБ-д хандах хандлагаа эрчимжүүлэх чиглэлд нь эргэн харахад хүргэх хувилбарыг ч үгүйсгэж болохгүй юм.
Монголын цаг одоо л ирж байна: Төв Ази дахь хүчний тэмцэл дунд Монгол сонголтоо хийх шаардлагатай тулгарав
(Эрин Парсонс)
Далайд гарцгүй, 3 сая хүн амтай энэ улс Хятад, Орос, АНУ-ын хэтийдсэн хүсэл зоригийн дунд улам бүр хавчуулагдан буйгаа мэдэрч байгаа бөгөөд сонголтоо хийх шаардлагын өмнө тулж ирээд байна.
Геостратегийн ач холбогдлынхоо хажуугаар, ялангуяа Ковид-19-ээс үүдэлтэй дэлхийн санхүүгийн уруудалт нь эдийн засгийн хэлхээ холбоог сулруулж тус улсыг улам ганцаардуулбал Монгол нь аль нэг талыг барих, “сайн хөрш”-ийн бодлогоо орхихоос өөр аргагүйд хүрэх цэгтээ тулж ирж магадгүй.
Монгол нь олон улсын харилцаанд төвийг сахисан, уян хатан байдлаар хандахад чиглэсэн “сайн хөрш”-ийн бодлогоор дамжуулан харилцаагаа тэлэхийг чармайж ирсэн. Энэхүү “сайн хөрш”-ийн улс төрийн яриа хөөрөө нь Монголын олон хэлбэрт санаачилгууд, тухайлбал, өнөөгийн олон улсын тавцанд ховорт тооцогдох Хойд, Өмнөд Солонгосыг оролцуулсан “Зүүн хойд Азийн супер сүлжээ” байгуулах, “Бүс, зам санаачилга”-ыг идэвхгүй хүлээн авч буй байдал, эсхүл Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) дахь гишүүнчлэлээ хойшлуулах оролдого зэргээс илэрч харагдана.
Саяхныг болтол Монгол нь хоёрхон хөрш Хятад, Орос хоёртой түүхэн ээдрээтэй бөгөөд ойр харилцаанаас үл хамааран их гүрнүүдийн шаардлагыг харьцангуй эвтэйгээр зохицуулсаар ирэв. Монголын гадаад харилцаанд “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд олон томоохон хүчнүүд, тухайлбал, Япон, АНУ, Европын Холбоо, Энэтхэг, Өмнөд Солонгостой ойртохыг эрмэлзэж ирсэн. Энэхүү “гуравдагч хөрш”-ийн бодлого нь Орос, Хятадын ганхалтыг тэнцвэржүүлэхийн тулд тэдгээрээс өөр улстай харилцахыг чухалчилдаг юм. Харин сүүлийн үед Орос, Хятад хоёр нь Монголтой холбоогоо бэхжүүлж, бүс нутгийн хэмжээнд хүч чадлаа зузаатгахад чиглэсэн ажлыг илүү давшингуй хийж буй.
Монгол нь 20-р зууны туршид харьцангуй тусгаарлагдмал байж ирсэн ч АНУ, Орос, Хятад оролцсон Ази дахь хүчний тэмцэлд улам бүр ач холбогдолтой тоглогч хэмээн тооцогдох болсон, энэ нь юун түрүүнд нүүрс, алт, ноос ноолуур зэрэг үлэмж нөөц баялагтай нь, мөн бэхэжсэн ардчилал, геостратегийн байрлалтай нь ч холбоотой.
Хятад 2014 онд Монголтой харьцах харилцаагаа “стратегийн түншлэл”-ээс “иж бүрэн стратегийн түншлэл” болгон шат ахиулсан нь аюулгүй байдал, улс төрийн салбарын хамтын ажиллагааг ч нэмэгдүүлэх үндэс болсон. Хятад улс Монголтой хэлхээ холбоогоо зузаатгахын зэрэгцээ Монголын экспортын 90 шахам хувийг худалдан авах чадвартаа дулдуйдан эдийн засгийн хориг хэрэгжүүлэх замаар Монголд хяналт тавьж залуу ардчилалд нь нөлөөлөхөөр байна. Хятадын “Бүс, зам санаачилга” нь Хятадын нэрлэж буйчлэн “нийтлэг хувь заяа”-н дундаа худалдлаагаар нөхцөлдсөн өсөлтийг Монголд амласаар буй.
Өнөөдөр Монгол дахь Оросын ашиг сонирхол нь Зөвлөт Холбоот Улсынхтай үндсэндээ адил буюу өмнөд хилээ хамгаалах, худалдааны зам, ялангуяа Монголоор дамжсан төмөр замыг хяналтдаа байлгахад оршиж байна. Орос нь Монголын түүхий эдийн экспортыг Монголын эдийн засагт нөлөөгөө бэхжүүлэх хамгийн боломжит суваг гэж харсаар байна.
Өнгөрсөн жил Орос нь Монголд хөшүүргээ нэмэгдүүлэх, Бээжингийн нөлөөг саармагжуулах оролдлогын хүрээнд Монголтой тогтоосон санхүүгийн болон цэргийн хэлхээ холбоогоо зузаатгах алхмууд хийсэн. Москва Монголын дэд бүтцийн төслийг санхүүжүүлэх 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын санг бүрдүүлж, 2019 онд худалдааны эргэлтийг 2018 оныхтой харьцуулахад 40 хувиар нэмэгдүүлсэн нь эдийн засгийн хувьд багавтар нөлөөтэй ч монголчуудын дунд нэгэнт буй Орост таатай хандах үзлийг тэтгэх юм. Орос нь мөн Монголын Зэвсэгт хүчнийг Ялалтын баярын ёслолын жагсаалд урьж оролцуулсан. Москва Монголыг ШХАБ-ын жинхэнэ гишүүн болгохоор урьсан нь Монголын АНУ болон Өрнөдийн бусад түншүүдтэй тогтоосон харилцаанд саад учруулах нь дамжиггүй.
Өнгөрсөн жилүүдэд Монгол нь дайсантай бололгүйгээр ардчилсан автократ ялгаагүй улс орнуудтай тулж ажиллахыг чармайж ирсэн юм. Төв Ази дахь хүчний тэмцэл эрчимжихийн хэрээр тэнд нөлөөгөө бэхжүүлэхийн төлөө өрсөлдөж буй гурван их гүрний дунд Монгол хавчуулагдах боллоо.
АНУ нь Монголд нэлээд өргөн геополитикийн сонирхолтой, энэ нь ардчиллыг бэхжүүлэхээс эхлээд зэвсэг үл дэлгэрүүлэх, худалдаа, Хойд Солонгост энхийн хэлэлцээний явц зэрэг хүрээг хамаардаг.
2019 оны 8 дугаар сард АНУ нь Монголын 5 дахь стратегийн түнш болж, цаашид өндөр түвшний дипломат солилцоог эрчимжүүлэхээр боллоо.
Хятад, Орос, АНУ гурав нь Монголыг бүс нутгийн хүчний хяналтын төлөөх өөр зуурын тэмцэлдээ зөвхөн наймаалцах хэрэгсэл байдлаар бус, бодит тоглогчийн хувьд харах болов. Гурван улс бие биеийнхээ Монгол дахь нөлөөллийг хязгаарлахын тулд эдийн засаг, улс төр, цэргийн хэлхээ холбоог тэлэхийг хичээж байгаа нь Улаанбаатараар дамжин өнгөрөх ашиг сонирхлын зөрчилд хүргэж, энэ нь тус улсын тогтвортой байдал, ардчилал, тусгаар тогтнолыг нь хязгаарлах аюултай.
Үүнд тодорхой дэмжлэг үзүүлэх “гуравдагч хөрш” түншүүд Монголд хэрэгтэй. Гэхдээ зөвхөн АНУ-тай харилцаагаа гүнзгийрүүлэх нь түр зуурын шийдэл байж болох боловч Монголыг тусгаарлагдмал байдал, бүтцийн өрийн асуудлаас нь ангижруулж чадахгүй. Цаашид бусад “гуравдагч хөрш”-ийн оролцоог хөхиүлэн дэмжих замаар Монгол заавал сөргөлдсөн байр суурь гаргалгүйгээр Орос, Хятадын нөлөөг саармагжуулах нь зүйтэй. “Гуравдагч хөрш”-үүд нь 50 тэрбум ам.долларын өртөгтэй дэд бүтцийн төсөл болох “Талын зам” зэрэг Монголын дотоодын хөгжлийн төлөвлөгөөнд хөрөнгө оруулах, хоёр талын болон олон талын солилцоог хөгжүүлэх зэрэг оролцоо байж болох юм.
Өрнөдийн орнууд Монголтой харилцаагаа гүнзгийрүүлэхийг оролдовч ялангуяа 2,000 км урт хийн хоолойг Улаанбаатараар дамжуулан тавих замаар Монгол нь хоёр хөрштэйгээ эрчим хүчний холбоонд орж буй тул Орос, Хятадад ялагдах эрсдэлтэй.
Монголчууд авторитар дэглэмийг хүлээн авахгүйгээр иргэний нийгмийн оролцоо өндөртэй, олон талт харилцааг хөхиүлэн дэмжигч ардчилсан нийгмийг хөгжүүлэхэд бэлэн байгаа нь харагддаг. Монголын цаг одоо ирж байгаа бөгөөд эдийн засгийн бүтцийн асуудлуудаа даван туулж, авторитар нөлөөг сөрж чадах аваас Ази дахь тогтвортой байдалд идэвхтэй хувь нэмэр оруулах чадавх бий. Гэхдээ өрсөлдөгч гүрнүүдтэй гурван талт харилцааг хөгжүүлэх гэж оролдохдоо бүдрэх эрсдэл бас бий. Монголын эдийн засгийн олон хэлбэрт хөгжил, ардчилсан үнэт зүйлс, улс төрийн бие даасан байдал жингийн туухайн дээр байна. Эцсийн бүлэгт Монгол нь бүс нутаг дахь хүчний тэмцэлд хаана зогсохоо өөрөө шийдэх бас энэ явцад зарим харилцаа сарних эрсдэлтэйг ч тооцоолох болно.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19