БНСВУ-ын дотоод, гадаад тэнцвэрийг үргэлжлүүлэх их хурлууд

2021-04-09

https://niss.gov.mn/wp-content/uploads/2021/04/Veitnam.jpg

Азийн социалист улсуудаас олон улсын харилцааны чиг хандлагыг тодорхойлогч их гүрний зиндаанд дэвшиж буй БНХАУ, дэлхий дахины анхаарлын төвд ямагт байж ирсэн БНАСАУ-ыг Монголын судлаачид, бодлого боловсруулагчид их, бага ямар нэг хэмжээгээр ажиглаж, хөгжлийн зам, улс төрийн тогтолцооных нь талаар өөр өөрийн таамаглал, дүгнэлт гаргаж ирсэн байдаг. Харин Зүүн өмнөд Ази дахь төстэй тогтолцоо бүхий, манай оронтой уламжлалт найрсаг харилцаатай БНСВУ-ын талаар сүүлийн жилүүдэд мэдээлэл, мэдлэг хомс болсон гэхэд хилсдэхгүй. Вьетнам улс Зүүн өмнөд Азидаа эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийн үзүүлэлтүүдээр төдийгүй гадаад бодлогын амжилт, улс төрийн тогтвортой байдлаараа тэргүүлэх байр суурь хэдийнээ эзэлжээ. 2019 оны 2 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Ханой хотноо болсон АНУ-БНАСАУ-ын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаар энэхүү ололт амжилт нь дэлхий дахины анхааралд илүү өртсөн байдаг. Вьетнам улс өдгөө НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг даргалж буй. Тэгвэл энэ оны эхний улирлын турш тус улсын улс төрийн амьдралд болж өнгөрсөн үйл явдлууд ч сонирхол татаж байна. 2021 оны 1 дүгээр сарын 25-наас 2 дугаар сарын 1-ний хооронд хуралдсан эрх баригч Вьетнамын Коммунист Нам (ВКН)-ын ээлжит XIII их хурал, мөн 3 дугаар сарын 24-нөөс 4 дүгээр сарын 7-ны хооронд хуралдсан БНСВУ-ын Үндэсний хурлын 14 дэх удаагийн сонгуулийн XI чуулганы үр дүнд тус улсын удирдлагад гарсан өөрчлөлт, “үе шилжилт” нь социалист систем дэх улс төрийн ардчиллыг гүнзгийрүүлсэн үйл явдал болов. Энэ үйл явдал нь Зүүн өмнөд Ази, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь тогтвортой байдлыг бэхжүүлэхэд БНСВУ-ын гүйцэтгэж буй тэнцвэржүүлэгчийн үүргийг цаашид бататгана гэж бүс нутаг судлаачид, ажиглагчид дүгнэж байна.         

Улс төрийн тогтолцооны онцлог: “Улсын дөрвөн тулгуур багана”

Хэдийгээр нэг намын засаглал, социалист тогтолцоо, зах зээлийн эдийн засаг зэргээрээ БНХАУ-тай төстэй, зарим талаараа “дуурайсан” мэт харагддаг ч Вьетнамын улс төрийн тогтолцоо өөрийн гэсэн давтагдашгүй онцлог, тогтсон уламжлалтай болохыг сая болж өнгөрсөн “үе шилжилт”-ийн явц харуулав.

БНСВУ-ын улс төрд 1980-аад оноос хойш тогтсон нэгэн хэм хэмжээ бол нам, төрийн дээд эрх мэдлийг нэг хүнд төвлөрүүлэхээс зайлсхийж, өөр өөр үүрэг, хариуцлагын хүрээ, харилцан тэнцвэр бүхий дөрвөн гол албан тушаалыг зааглаж, тэдгээрийг хашиж байгаа хүмүүсийг тодорхой хугацаанд сэлгэн өөрчилж байгаа явдал юм. Хэдийгээр ийм загварыг анх БНХАУ-д нэвтрүүлсэн гэдэг боловч Хятадын нам, төрд “удирдлагын цөм” буюу “дээд удирдагч” хэмээгдсэн нэг лидер төвтэй засаглал хэзээ ч алга болоогүй төдийгүй ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын даргын албан тушаалыг нэг хүн хаших явдал 1993 оноос, нам, төрийн удирдагч нь ХКН-ын болон БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн даргыг хавсран хаших явдал 1997 оноос хойш үргэлжилж байна. Удирдлагын бүрэлдэхүүнийг 10 жил тутамд шинэчилдэг практик мөн 30-аад жил болсон хэдий ч Ши Жиньпин гуравдахь бүрэн эрхийнхээ хугацаанд бүх албан тушаалаа үргэлжлүүлэн хаших эрхтэй болсноор энэ уламжлал ч тасарч буй.

Тэгвэл Вьетнам улсад сүүлийн дөч гаруй жил, гурван үндсэн хууль (1980, 1992, 2014 оны) дамнан бүрэлдэж хэлбэржсэн улс төрийн тогтолцооны цөм нь “улсын дөрвөн тулгуур багана” хэмээн албан бусаар нэрлэгдсэн тэргүүлэх дөрвөн албан тушаал байсаар ирэв. Эдгээр нь:

(1) ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга;

(2) БНСВУ-ын ерөнхийлөгч (1981-1992 онд “БНСВУ-ын Төрийн зөвлөлийн дарга” гэх төрийн хамтын тэргүүний албан тушаал байсан);

(3) БНСВУ-ын Үндэсний хурлын дарга;

(4) БНСВУ-ын ерөнхий сайд (1992 оноос өмнө “БНСВУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга” гэдэг байсан). Дурдсан дөрвөн албан тушаалыг 40-өөд жилийн турш хоёр удаа л тохиолдсон богино хугацааг эс тоовцол (доор өгүүлэх болно) дийлэнх хугацаанд хавсран гүйцэтгэлгүйгээр дөрвөн өөр хүн хашиж ирсэн ба нэг албан тушаалыг хаших хугацааг ч хатуу хязгаарлаж ирсэн. Тухайлбал:

(1) ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар Ле Зуан (1986 он хүртэл), Чыөнг Чинь (1986), Нгүен Ван Линь (1986-1991), До Мыөй (1991-1997), Ле Кха Фиеү (1997-2001), Нонг Дык Мань (2001-2011), Нгүен Фү Чонг (2011 оноос);

(2) БНСВУ-ын Төрийн зөвлөлийн дарга, БНСВУ-ын ерөнхийлөгчөөр Чыөнг Чинь (1981-1987), Во Чи Конг (1987-1992), Ле Дык Ань (1992-1997), Чан Дык Лыөнг (1997-2006), Нгүен Минь Чьет (2006-2011), Чыөнг Тан Шанг (2011-2016), Чан Дай Куанг (2016-2018), Нгүен Фү Чонг (2018-2021); Нгүен Суан Фүк (2011 оноос хойш);

(3) БНСВУ-ын Үндэсний хурлын даргаар Нгүен Хыү Тхо (1981-1987), Ле Куанг Дао (1987-1992), Нонг Дык Мань (1992-2001), Нгүен Ван Ан (2001-2006), Нгүен Фү Чонг (2006-2011), Нгүен Шинь Хунг (2011-2016), Нгүен Тхи Ким Нган (2016-2021); Выөнг Динь Хюэ (2021 оноос);

(4) БНСВУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, БНСВУ-ын ерөнхий сайдаар Фам Ван Донг (1987 он хүрэл), Фам Хунг (1987-1988); До Мыөй (1988-1991), Во Ван Кьет (1991-1997), Фан Ван Кхай (1997-2006), Нгүен Тан Зунг (2006-2016), Нгүен Суан Фүк (2016-2021), Фам Минь Чинь (2021 оноос).

Эднээс харахад, нэг хүн хоёр албан тушаалыг хавсрах тохиолдол өнгөрсөн хугацаанд ердөө хоёр удаа, маш богино хугацаанд тохиосноороо онцлогтой. 1986 оны 6 дугаар сард ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ле Зуан нас нөгчсөний дараа БНСВУ-ын Төрийн зөвлөлийн дарга Чыөнг Чинь уг албан тушаалыг зургаан сарын турш буюу мөн оны 12 дугаар сарыг хүртэл хавсран хашсан. 2018 оны 9 дүгээр сард БНСВУ-ын ерөнхийлөгч Чан Дай Куанг хүнд өвчний улмаас зуурдаар нас нөгчсөний дараа уг албан тушаалд ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгүен Фү Чонг сонгогдон ажиллаж байв. Нгүен Фү Чонг нь 2019 онд Д.Трамп, Ким Жон Ын нарын дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулагч талын төрийн тэргүүний хувиар тэднийг албан ёсоор хүлээн авч байсан юм. Мөн энэ дөрвөн албан тушаалд нэг хүний ажиллах бүрэн эрхийн хугацаа таваас арван жил, өөрөөр хэлбэл хоёр бүрэн эрхийн хугацаанаас илүү ажиллахгүй байх зохицуулалтыг намын дүрэм ба улсын үндсэн хуулинд заалгүйгээр, “бичигдээгүй хууль” хэлбэрээр баримталж иржээ.

Удирдлагын багийн “гурамсан амжилт” ба “үе шилжилт”

Нам, төрийн тэргүүний албыг Нгүен Фү Чонг хавсран хашсан хоёр жил хагасын хугацаанд буюу 2018 оны 9 дүгээр сараас 2021 оны 4 дүгээр сар хүртэл Вьетнамын гадаад, дотоод нөхцөл байдалд хэд хэдэн томоохон эерэг өөрчлөлт, амжилт ололт гарсан. Үүнд:

(1) Эдийн засгийн тасралтгүй өсөлт. 2020 онд бараг бүх улс коронавируст цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн агшилт, хямралыг туулсан бол Вьетнамын эдийн засаг 2.9 хувийн өсөлттэй төдийгүй дөрвөн улирал дараалан буураагүй амжилттай байв. Энэ нь хэдийгээр сүүлийн 30 жилийн хамгийн доод үзүүлэлт боловч Азид байхгүй сайн үр дүн юм. Өмнөх хоёр жилүүдэд өсөлтийн үзүүлэлт бүр ч өндөр байсан. 2018 онд тус улсын ДБН 7.1 хувиар, 2019 онд 6.8 хувиар өссөн байна. Инфляц 3.8 хувь, ядуурлын түвшин 6.7 хувьтай буюу сөрөг үзүүлэлтүүд доогуур байгаа бол иргэдийн цалин, орлого өссөн. 2020 оны “Бизнесийн эрх чөлөөний индекс”-ээр 70 дугаарт буюу “бизнес эрхлэхэд харьцангуй таатай” орнуудын жагсаалтад орсон байна;

(2) Гадаад бодлогын нэр хүнд, ололт. 2017 онд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (APEC)-ыг даргалж, гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний чуулга уулзалтыг 11 дүгээр сард Дананг хотноо зохион байгуулсны дараа залгуулан АНУ-ын ерөхийлөгчийн төрийн айлчлал болсон. Д.Трамп БНСВУ-ын ерөнхийлөгч Чанг Дай Куангтай хэлэлцээ хийхийн сацуу намын удирдагч Нгүен Фү Чонгтой ч уулзсан юм. Нгүен Фү Чонг нам, төрийн тэргүүний албан тушаалыг хавсран хашсан жилүүдэд Вьетнам-Америкийн харилцаанд улам ахиц гарсан. 2019 оны 2 дугаар сарын 27-28-нд болсон АНУ, БНАСАУ-ын тэргүүн нарын дээд хэмжээний хоёрдахь уулзалтыг Ханойд зохион байгуулах санаачилгыг Д.Трамп дэвшүүлж, Ким Жон Ын дэмжсэн нь эхний айлчлалаас төрсөн үр дүн гэж үздэг. Вьетнам улс өдгөө НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг даргалж буй.

(3) Ковид-19-ийн эсрэг тэмцлийн амжилт. Коронавируст цар тахал анх дэгдсэн БНХАУ-тай болон Diamond Princess хөлөг онгоцноос үүдэлтэй анхны бөөнөөрөө зөөвөрлөгдсөн дэгдэлтийн голомт болсон Камбожтой шууд хиллэдэг хэдий ч Ковид-19-тэй бүс нутагтаа төдийгүй дэлхийд хамгийн амжилттай тэмцэж байгаа улсаар Вьетнам нэрлэгдэж байна. 90 сая хүн амтай энэ улсад 2021 оны 4 дүгээр сарын 8-ны байдлаар 2733 хүн халдвар авч, 2445 нь эдгэрч, 35 хүн нас бараад байгаа нь засгийн газрын түргэн шуурхай, нэгдсэн удирдлагатай төвлөрсөн ажил, арга хэмжээтэй холбоотой. Хүн амын вакцинжуулалт төдийлэн хурдтай бус, эхний тунг хүн амын 50 хувьд хийсэн, хоёрдахь тунг нэг ч хүнд хийгээгүй байхад ийм амжилттай байгаа нь анхаарал татна.     

Ийм гурамсан амжилттай гадаад, дотоод нөхцөл байдлын дунд 2021 оны 1 дүгээр сарын 25-наас 2 дугаар сарын 1-ний хооронд хуралдсан эрх баригч Вьетнамын Коммунист Нам (ВКН)-ын ээлжит XIII их хурал хуралдаж, намын шинэ удирдлагыг сонгосон юм. Тус их хурлын өмнөхөн Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд улсын ерөнхийлөгч Нгүен Фү Чонгийг “Вьетнам улсын тогтвортой байдлын баталгаа” хэмээн өргөмжилсөн илтгэл, өгүүлэл гарч эхэлсэн нь түүнийг нам, төрийн дээд эрх мэдлийг гартаа төвлөрүүлж, “хүчтэй удирдагч”-ийн үүрэг рольд орно хэмээх таамаглалыг төрүүлж байсан юм. Нгүен Фү Чонг ВКН-ын удирдагчаар 2011 оноос хойш хоёр удаа сонгогдон 10 жил ажиллаад байсан тул албаа хүлээлгэн өгөх ёстой байсан ч үргэжлүүлэн ажиллах, чингэхдээ хувьсгалын удирдагч Хо Ши Минээс хойш тодорч буй хамгийн хүчтэй, бодит эрх мэдэлтэй лидер хэмээн тооцож байлаа. Жилийн өмнө Хятадын удирдагч Ши Жиньпинд зориулсан ийм өөрчлөлтийг БНХАУ-д хийж, түүнийг “Мао Зэдунаас хойш гарч байгаагүй эрх мэдэл бүхий лидер” хэмээх болсон нь улс төрийн төстэй тогтолцоотой Вьетнамд тодорхой хэмжээнд “хуулбарлагдана” гэж олон ажиглагч дүгнэж байв. Их хурлаар Нгүен Фү Чонг дахин 5 жилээр Намын төв хорооны  ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсон нь дээрх таамгийг улам баталгаажуулсан юм. Харин тэрээр сонгогдсоныхоо дараа хэвлэлийн бага хурал дээр “Би нас дээр гарсан, эрүүл мэнд тийм ч сайнгүй байгаа нь үнэн”, “намын манлайллыг цаашид төгөлдөржүүлэхэд төвлөрч ажиллана” гэсэн үг хэлснээр төрийн тэргүүний суудлаа шилжүүлэх гэж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэгвэл энэ оны 3 дугаар сарын 24-нд эхэлсэн БНСВУ-ын Үндэсний хурлын 14 дэх удаагийн сонгуулийн XI чуулганы хаалтын хуралдаан дээр буюу 4 дүгээр сарын 7-ны өдөр БНСВУ-ын ерөнхийлөгчөөр өмнө нь ерөнхий сайдаар ажиллаж байсан Нгүен Суан Фүкийг, Үндэсний хурлын даргаар Выөнг Динь Хюэг, ерөнхий сайдаар Фам Минь Чинийг тус тус сонгож 2026 онд хүртэл Вьетнамын нам, төрийг удирдах “улсын дөрвөн тулгуур багана”-ыг албан тушаалын хувьд ¾-р, хүмүүсийн хувьд ½-р шинэчлэв.

Удирдлагын ажил үүргийн хуваарь, “намын” ба “төрийн” фракц

БНСВУ-ын хамтын удирдлагын тогтолцоо нь нэг хүнд хэт их эрх мэдэл төвлөрүүлэхээс сэргийлэх, социалист ардчиллыг гүнзгийрүүлэх зорилгоор бий болсон ба энэ нь институц хоорондын эрх үүргийн хуваарилалтыг ч нэлээд нарийвчлалтай зааглахад хүргэсэн байдаг. Тухайлбал, зэвсэгт хүчин, хууль сахиулах ба тусгай албадын удирдлагыг ч дээрх албан тушаалтнуудын аль нэг нь дангаараа хэрэгжүүлдэггүй байдлаар харагддаг нь анхаарал татдаг төдийгүй үүгээрээ БНХАУ-аас эрс ялгардаг. ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга нь ВКН-ын Цэргийн төв зөвлөлийг даргалах ба арми доторх нам, улс төр, үзэл суртлын ажлыг шууд удирдана. Харин БНСВУ-ын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийг ерөнхийлөгч тэргүүлнэ. Ерөнхийлөгч тус улсын улам бүр өргөжин ач холбогдол, нэр хүнд нь өсөн нэмэгдэж буй гадаад бодлогыг зангидаж, улсаа гадаадад төлөөлдөг, энэ салбарт намын лидерийн нүдэнд үзэгдэхүйц нөлөө бараг харагддаггүй бол төрийн аппаратын шууд удирдлагад ерөнхий сайдын жин, нөлөө намын тэргүүн, төрийн тэргүүн хоёрынхоос илт илүүрхдэг байна. Дээрээс нь, Үндэсний хурлын дарга нь зөвхөн чуулганы хуралдаан даргалдаг спикер төдий бус, чуулганы чөлөөт цагт бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх Байнгын хорооны даргын ажлыг давхар хийдэг, намын тэргүүнээс бусад бүх дээд албан тушаалтныг сонгож, чөлөөлөх, тайланг нь сонсох эрхтэй. Энэ мэтийн заагласан зохицуулалт бүх салбарт байдаг аж. Гэхдээ протоколын эрэмбэлэлийг үгүйсгэсэн хэрэг хараахан биш, албан тушаалын ахлалыг ВКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүдийн дэс дугаараар тодорхойлдог ба Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга нэгдүгээрт, улсын ерөнхийлөгч хоёрдугаарт бичигддэг нь намын удирдан чиглүүлэх ролийг илтгэнэ.        

Харин энэ бүхний цаана “нэг нам бүхий тогтолцооны дотор нуугдаж байдаг үл үзэгдэх бүлэглэл, фракцуудын хоорондын ордны тэмцэл” байгаа гэж энэ оны хоёр хурлыг ажигласан Asia Times сонины тоймч Дэйвид Хатт үзэж байна. Тэрээр, уг сонины 4 дүгээр сарын 6-ны дугаарт шинэ удирдлагын “хэн нь хэн бэ?” гэдэгт товч тодорхойлолт өгөөд зогсохгүй, Вьетнамын улс төрийн удирдлага нэг хүний бус, хамтын засаглалын шинжийг агуулдаг ба нам-төрийн нэгдмэл, цул пирамидын тогтолцоотой ч дотроо тухайн хүний карьер нам-улс төрийн, эсхүл төр-захиргааны гэсэн аль замналаар өгссөнөөс хамаарч “намынхан” ба “төрийнхөн” хэмээх хоёр бүлэглэлд хуваагддаг гэсэн дүгнэлтийг танилцуулсан байна.

Нгүен Фү Чонг бол ВКН-ын аппаратын туршлагатай боловсон хүчин ба улс төрийн карьераа намын онолын төв сэтгүүл “Тап чи конг шан” (“Коммунист”) сэтгүүлээс эхэлж, нийт гурван удаа ажиллан ерөнхий редактор хүртэл дэвшсэн, ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдмийн зэрэг хамгаалсан, марксизмын онолч хүн юм. Тэрээр Ханой хотын намын хорооны даргаар ажиллаж байгаад 2006 онд Үндэсний хурлын дарга, 2011 онд намын лидерийн албан тушаалд дэвшсэн. Авлигатай тэмцэх ажлыг тууштай хэрэгжүүлж, нам доторх цэвэрлэгээг амжилттай хийсэн гэгддэг. Уг тэмцэлд гар нийлэн ажилласнаараа иргэдийн итгэлийг хүлээсэн, ойрын шадар хүн нь ерөнхий сайдаар томилогдсон Фам Минь Чинь гэж үздэг. Фам Минь Чинь тусгай албаны угшилтай хүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайд болтлоо дэвшсэн, хожим нь ВКН-ын Төв хорооны Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Нгүен Фү Чонгийн ойрын хүрээлэлд багтах болсон гэдэг. Энэ хоёр хүнийг Вьетнамын удирдлага дахь “дөрвөн тулгуур багана”-ын доторх “намын фракц”-ын толгойлогчид гэж үзэж байна.

Тэгвэл ерөнхийлөгчөөр сонгогдсон Нгүен Суан Фүк бол ерөнхий сайдаар ажилласан сүүлийн таван жилийн турш “гурамсан амжилт”-ын хоёрыг нь (эдийн засгийн өсөлт, цар тахалтай тэмцсэн ололт) шууд гардан хэрэгжүүлсэн гавьяатай ч төдийлөн туршлагагүй гадаад бодлогын салбарт илүү үүрэг рольтой албан тушаалд дэвшин томилогдов. Түүний карьерийн замнал нь нийгэм-эдийн засгийн салбартай салшгүй холбоотой. Ханойн улс ардын аж ахуйн дээд сургууль, Сингапурын үндэсний их сургуулийг төгссөн, мужийн төлөвлөгөөний хэлтсээс ажлынхаа гарааг эхэлж төрийн аудит, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Улсын төлөвлөгөөний комиссыг тус тус удирдаж байгаад засгийн газрыг тэргүүлэх болсон технократ шинэчлэгч гэгддэг. Түүний “залгамжлагчаараа бэлтгэж байсан” гэх Выөнг Динь Хюэ нь мөн Улсын төлөвлөгөөний комиссын дарга байсан бөгөөд цахим шилжилт, технологийн хувьсгалыг гардан чиглүүлж байсан ч энэ удаад засгийн газрыг биш, Үндэсний хурлыг тэргүүлэхээр сонгогдлоо. Энэ хоёрыг удирдлагын баг доторх “төрийн фракц”-ын толгойлогчид хэмээнэ. Энэ бүхнээс харахад, нам, төрийн удирдлагыг нэг хүчтэй лидерийн гарт төвлөрүүлэх хандлага ажиглагдаж эхлээд гэнэт больсон нь эрх мэдлийн орой дахь хоёр бүлэглэлийн далд тэмцэл хийгээд хүрсэн тохиролцоо, зөвшилцлийн үр дүн ч гэж үзэж болохоор байна. Энэ таамаглалын бас нэгэн “дам” нотолгоо нь дөрвөн дээд албан тушаалыг хаших насны дээд хязгаарыг “бичигдээгүй хууль”-ийн зарчмаар 65-70 гэж тогтсон байсан ч (намын дүрэмд ч, улсын үндсэн хуульд ч заасан зүйл байхгүй) 76 настай Нгүен Фү Чонгийг ВКН-ын удирдагчаар улируулан сонгосон явдал юм. Харин ерөнхий сайд Нгүен Суан Фүкийг 66 настай гэдэг үндэслэлээр тус албанаас чөлөөлж, ерөнхийлөгчөөр дэвшүүлсэн байна.

Вьетнамын улс төрийн тогтолцооны өөр нэгэн сонирхол татах үзэгдэл бол “улсын дөрвөн тулгуур багана”-ын тоонд багтдаггүй ч эрэмбээрээ тавдугаарт бичигдэх улсын дэд ерөнхийлөгчийн албан тушаалд 1987 оноос хойш 34 жилийн турш мөн л “бичигдээгүй хууль”-ийн зарчмаар уламжлал болгон зөвхөн эмэгтэй хүн сонгож ирсэн явдал юм. Тус албан тушаалд Вьетнамын Ардын Армийн анхны эмэгтэй генерал Нгүен Тхи Динь (1987-1992), ахмад хувьсгалч, партизан Нгүен Тхи Бинь (1992-2002), ахмад дайчин, намын зүтгэлтэн Чыөнг Мы Хоа (2002-2007), эдийн засагч эрдэмтэн Нгүен Тхи Доан (2007-2016), эмэгтэйчүүдийн хөдөлгөөний зүтгэлтэн Данг Тхи Нгок Тхинь нар ажиллаж байсан бол мужийн намын хорооны даргаар ажиллаж байсан 51 настай Во Тхи Ань Суан 2021 оны 4 дүгээр сарын 7-нд уг албан тушаалд сонгогдон ажиллаж байна.

***

БНСВУ-ыг ойрын таван жилд удирдах баг ийнхүү бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлснээр Зүүн өмнөд Ази дахь нэгэн түлхүүр тоглогчийн улс төрийн тогтвортой байдал баталгаажсан гэж хэлж болно. Тус улс бүс нутгийн голлох тоглогчийн хувиар дэлхийн хүчний төвүүдийн хооронд “тэнцвэржүүлэх” бодлогоо цаашид ч үргэжлүүлэх нь тодорхой болж байна. Ялангуяа улс төрийн тогтолцоо, эдийн засгийн хэв шинжээр төстэй ч газар нутгийн маргаантай БНХАУ, дайнаас үүдсэн нийгмийн сэтгэл зүйн асуудлаа давж гарч чадсан, өдгөө улам ойр хамтран ажиллахыг эрмэлзэж байгаа АНУ гэсэн хүчний хоёр төвийн хооронд хийх манёвр нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг судлахад зайлшгүй анхааран ажиглаж байх ёстой хүчин зүйл болж байна.    


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА