Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас улбаатай хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд мартагдаад байсан “бүх нийтийн хөл хорио”, “хүн хоорондын зай барих”, “тархалтын муруйг тэгшлэх” гэх мэт үг хэллэг, ойлголт сэргэн хэрэглэгдэх болсны нэг нь олон улсын амьдралд “вакцины үндсэрхэг үзэл”, “вакцины дипломат ажиллагаа” гэх ойлголт юм.
Вакцин үйлдвэрлэлийн хүчин чадлаас шалтгаалаад дэлхийн улс орнууд аль болох түрүүлж вакцин олж авч хүн амаа вакцинжуулахын төлөө өрсөлдөж, өөрсдийн хүн амыг бусдаас дээгүүр эрэмбэлж, вакцин болон түүнийг үйлдвэрлэхэд ашигладаг орц найрлагад янз бүрийн экспортын хяналтыг тогтоож цаашлаад дипломат болон геополитикийн нөлөөгөө тогтоохын тулд вакцины дипломат ажиллагаа эрхэлж байна.
Энэ нь шинжлэх ухааны хөгжил сул, өөрсдөө вакцин үйлдвэрлэх, хөгжүүлэх чадваргүй, худалдаж авах боломж, бололцоогүй, хүн ам ихтэй, буурай хөгжилтэй орнуудад хүндхэн цохилт болж байгаа юм. Энэ хандлага удаан үргэлжилвэл дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахын зэрэгцээ нийгэм, эдийн засгийн хямралыг даамжруулж болзошгүй гэж судлаачид харж байна.
Одоогоор вакцин үйлдвэрлэгчид өөрсдийн иргэдийг бүрэн вакцинжуулж чадахгүй байгаа ч үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг экспортлож байгаа. Харин чинээлэг орнууд өөрийн хэрэгцээнээс илүү гарсан вакциныг өөрсдийн холбоотон буурай хөгжилтэй орнуудад тарааж байгаа нь нэг талаас дэлхийн хуваагдлыг улам эрчимжүүлж байгаа үйлдэл юм.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар мэдээж вакцин үйлдвэрлэгчид хүчин чадлаа нэмэгдүүлж бага орлоготой орнуудад вакцины хангалт сайжирснаар байдал аажимдаа өөрчлөгдөх боловч одоогийн нөхцөл байдалд чинээлэг улс орнууд өөрсдийгөө түрүүнд үзэж анхаарахын хамт вакциныг бусад улсад нөлөөгөө бэхжүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл бөгөөд үүнийг таслан зогсоож, вакциныг тэгш хүртээмжтэй түгээх нь ирээдүйд зөв жишиг тогтоож, ёс зүйг дээдлэн, дараагийн цар тахлыг арилгах чадварыг дээшлүүлэх тул вакцины үндсэрхэг үзлээ зогсоохыг уриалж байгаа юм.
Вакцины үндсэрхэг үзэл
Дэлхийн улс орнуудын хүн амаа вакцинжуулах, вакцин худалдан авах, нөөц бүрдүүлэх ажилд улс орнуудын ялгаатай байдал илт ажиглагдаж байна. Канад, Франц, Австрали зэрэг чинээлэг орнууд хүн амынхаа тооноос хэт давсан хангалттай тооны вакциныг худалдан авахаар гэрээ хийсэн байхад Африк тивийн доогуур орлоготой орнуудад хүртээмж муутай байх жишээтэй. Тухайлбал Кени улс 48 сая иргэнээ вакцинжуулахаа зарласан нь хүн амын 30 хувь юм. Үүнд зөвхөн эрүүл мэндийн ажилтнууд, ахмад настнууд, улс орны онцлогоос шалтгаалан баялаг бүтээдэг аялал жуулчлалын салбарын ажилтнууд багтжээ. Чинээлэг орнууд вакцин үйлдвэрлэгчидтэй урьдчилан байгуулсан гэрээний дагуу нэг тун вакциныг 2,15 доллараар худалдан авч байгаа бол Өмнөд Африк нэг тун вакцинд 5,25 доллар зарцуулж байна.
АНУ-д Хүнс, эмийн хяналтын захиргаанаас зөвшөөрөгдөөгүй одоогоор ашиглах боломжгүй хэдэн арван сая тун Оксфорд-АстраЗенека үйлдвэрийн вакцин байгаа ба зөвшөөрөл авсан тохиолдолд Мексик, Канад улс руу илгээхээр тохиролцсон ч ЕХ-д өгөхөөс татгалзсан нь вакциныг ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх хэрэгсэл болгож байгаа мэт харагдаж байна. АНУ хүн амаа Пфайзер, Модерна, Жонсон Жонсонын вакцинаар вакцинжуулж байгаа атлаа Хүнс эмийн хяналтын захиргаанаас хараахан зөвшөөрөл олгоогүй байгаа АстраЗенека вакцины 300 сая тунг захиалсны долоон сая гаруй тунг хүлээн авсан ба дөрөвдүгээр сарын сүүл гэхэд дахин 20 сая тунг хүлээн авахаар байна. Үүний дөрвөн сая тунг Мексик, Канад руу илгээхээр амласан бөгөөд хүн амынхаа тооноос давсан илүүдэл вакциныг хэрхэн зарцуулахаа мэдэгдээгүй байна.
Их долоогийн нэг Канад улс өөрийн хүн амдаа хангалттай хэмжээний вакцины нөөцтэй байгаа хэдий ч вакцины хүртээмжээ нэмэгдүүлж, тасралтгүй байдлаа хангахын тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж буй COVAX хөтөлбөрт хамрагдан 1,9 сая тун АстраЗенека вакцин авсан нь ядуу буурай орнуудын боломжийг хаасан явдал боллоо. Гэхдээ энэ нь “хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ” гэдгийн жишээ буюу 1976 онд Америк тивд дэгдсэн томуугийн үеэр АНУ Канад руу экспортлох вакцинаа зогсоосноос сургамж авсантай холбоотой бөгөөд Канад улс 2009 оны H1N1 томуугийн дэгдэлтийн үед дотоодын компаниудийнхаа эмийг дэгдэлт дуустал ДЭМБ-д хандивлаагүй байна.
АстраЗенека вакцины үйлдвэрлэл удаашралтай байгаагаас үүдэн Англи, ЕХ-ны хооронд асуудал үүсч болзошгүй байгаа бөгөөд Англи улс вакцины экспортоо зогсоож байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа ажээ. Итали улс Австрали руу экспортлохоор тохиролцсон 250 мянган тун АстраЗенека вакциныг ЕХ-нд үүссэн хомсдлын улмаас зогсоогоод байгаа бол Энэтхэгт дотоодын халдвар эрс нэмэгдсэн тул эхлээд өөрсдийн иргэдийн хэрэгцээнд нийлүүлэхээр вакцины экспортоо түр хугацаагаар зогсоолоо.
Энэ мэтчилэн олон улс орон албан болон албан бусаар вакцины экспортод хяналт тавьж байгаа нь өөрийн орны иргэдээ хамгийн түрүүнд вакцинжуулахаар вакцины үндсэрхэг үзэл гаргаж байгаа байдал юм. Ийнхүү “би эхлээд” гэсэн хандлага нь эргээд чинээлэг орнууд, холбоотнууд хоорондын зөрчлийг үүсгэх үндэс болж байна.
Gavi вакцины холбооны хийсэн нэгэн судалгаагаар дэлхийн улс орнуудыг тэгш хүртээмжтэйгээр вакцинаар хангаж чадвал нас баралтаас 57-61 хувиар хамгаалж болох ба хэрэв ингэж чадахгүй бол нас баралтаас 30-33 хувь л хамгаална гэсэн тооцоо гарчээ. Вакцины хангалтыг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ёстой бөгөөд жишээлбэл Африк тив даяар вакцин үйлдвэрлэх зургаан институт байгуулах боломж байна гэж Африкийн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн доктор Жон Нкенгасонг үзжээ. Үүний тулд Дэлхийн худалдааны байгууллагын Худалдаатай холбоотой оюуны өмчийн асуудлаарх хэлэлцээрт өөрчлөлт оруулах шаардлагатай боловч энэ чиглэлд ямар нэг алхам хийгдээгүй байна. Үүнд түлхэц болж буй нэг шалтгаан нь нөгөө л том улсуудын хоорондох “би эхлээд” гэх хандлагаас үүсэлтэй зөрчил байж болох юм.
АстраЗенека вакциныг цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй гэсэн үндэслэлээр дэлхийн хэд хэдэн улс түр хугацаагаар хэрэглэхээ зогсоосон боловч Европын Эмийн агентлаг уг вакциныг аюулгүй гэж мэдэгдсэнээр вакцинжуулалт үргэлжилж байна. Энэ явдал вакцины талаарх эргэлзээг нэмэгдүүлсэн бөгөөд ер нь короновирусын вакцинуудын талаар эерэг болон сөрөг мэдээлэл ихээр цацагдаж байгаагийн цаана мэдээлэлийн дайн давхар явагдаж байна. Тиймээс хэт нэг талыг барьсан, туйлширсан мэдээлэлд автах бус олон талын эх сурвалжаас мэдээлэл авч тэнцвэртэй мэдээлэл дундаас өөрийн оюун дүгнэлтийг хийх нь чухал юм.
Вакцины дипломат ажиллагаа
Вакцины үндсэрхэг үзэлтэй холбоотой нэг ойлголт нь вакцины дипломат ажиллагаа юм.
Дипломат ажиллагаа нь асуудлыг шийдвэрлэх чухал хүч боловч одоогийн вакцины асуудлыг зохицуулахад дипломат ажиллагааны гүйцэтгэх үүрэг нь өөрөө “вирустсэн” байна гэж оросын судлаач доктор Ольга Красняк бичжээ. Учир нь вакцины дипломат ажиллагаа тийм ч шинэ зүйл биш бөгөөд хүйтэн дайны үед дэлхийн хүчирхэг гүрнүүд болох АНУ, ЗХУ хоёр салхин цэцэг, полиомелит зэрэг гоц халдварт өвчний вакцинаар дамжуулан холбоотнууддаа зөөлөн хүчний ажиллагааг амжилттай явуулж байжээ. Харин одоогийн нөхцөл байдалд АНУ өөрийн олон жилийн холбоотнууддаа ч дэмжлэг үзүүлэх талаар алхам хийхгүй байна.
Харин Энэтхэг-Номхон далайн “Дөрвөл” анхны цахим уулзалтын үеэрээ 2022 он гэхэд Энэтхэг-Номхон далайн орнуудад нэг тэрбум вакцин нийлүүлэхээ мэдэгдсэн юм. Энэтхэг улсад Оксфорд-АстраЗенека компаний лицензээр үйлдвэрлэсэн Коваксин, Ковишелд вакцин тээвэрлэлтийн асуудлаас үүдэн удаашралтай байсан хэдий ч нийт үйлдвэрлэсэн вакциныхаа 65 орчим хувийг Азийн орнууд гол төлөв Өмнөд Азийн орнууд руу илгээжээ. Орос, Хятад, Энэтхэг улсууд хэдийгээр өөрсдийн хүн амаа бүрэн вакцинжуулаагүй боловч бусад орнуудад вакцины тусламж илгээж байгаа нь тэднийг нөлөөллийн хүрээгээ өргөжүүлэхийн тулд вакцины дипломат ажиллагаа явуулж байна гэж ойлгоход хүргэж байна.
Одоогоор дэлхийд вакцины дипломат ажиллагаа явуулж байгаа нь Хятад, Орос, Энэтхэг улсууд ба дараа нь Австрали орж байна. Үүнээс Энэтхэг улс вакцин импортоо түр хугацаагаар зогсоогоод байгаа ч тэд 40 орчим улсад 8 сая гаруй тун вакцин хандивласан байна.
Хятад улс “вакцины дипломат ажиллагаа” гэх үгийг эсэргүүцэн хэрэглэхээс татгалздаг бөгөөд тэд өөрсдийн үйл ажиллагаагаа цар тахлын эсрэг хамтын ажиллагааг дэмжиж байгаа хэрэг бөгөөд геополитикийн зорилго, эдийн засгийн ашиг сонирхол, улс төрийн санаархал агуулаагүй зөвхөн Хятад улс их гүрний үүрэг хариуцлагаа гүйцэтгэж байгаа явдал юм гэж мэдэгдэж байна. Тэд өөрсдийн вакцинаа 30 гаруй улсад хандивлан нийлүүлж, 70 орчим оронд худалдан экспортлож байгаа бол Оросын хувьд 10 гаруй улсад вакцины тусламж үзүүлжээ.
Вакцины дипломат ажиллагааны хүрээнд дунд болон доогуур орлоготой 81 оронд 20 сая гаруй тун вакцин шууд хандивлаад байна гэсэн мэдээлэл байна.
Цаашид
Вакцины үндсэрхэг үзэл нь дэлхий дахины вакцинжуулалтыг удаашруулж ингэснээр вирус мутацлагдан дахин шинэ давалгаа үүсгэж илүү их хохирол учруулан нийгэм эдийн засгийн хямралд хүргэхээс өөр үр дүнгүй тул энэ байдлаа зогсоохыг дэлхийн нөлөө бүхий томоохон байгууллагын удирдлагууд уриалсаар байгаа юм.
Gavi вакцины холбооноос тогтоосноор одоогийн байдлаар зика, нипа зэрэг 10 халдварт өвчин үүсгэгч вирусын эсрэг эмчилгээ гараагүй байгаа, вакцинд зөвшөөрөл олгоогүй байгаа ба саяхан хятадын эрдэмтэд 24 төрлийн шинэ сарьсан багваахайн коронавирус илрүүлсэн зэргээс харвал дахин шинэ төрлийн цар тахал дэгдэх, вирус мутацид орох гэх мэт эрсдэл өндөр байна. Гэхдээ дараагийн шинэ цар тахлаас илүү судлаачдын санааг зовоож байгаа зүйл нь вакцины үндсэрхэг үзэл юм. Энэ үзэл даамжирвал цар тахалд төдийгүй илүү олон зүйлд таагүй үр дагавар үүсгэж ихээхэн хохирол учруулна гэж судлаачид дүгнэж байна.
Улс орон бүр гадаад бодлогоо өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн боловсруулдаг хэдий ч энэ ашиг сонирхол нь вакцины хомсдол үүсгэх, нас баралт нэмэгдэх гэх мэт харгис маягийн үр дагавар үүсгэж байгаа нь харамсалтай.
Үүнээс шалтгаалан Герман, Канад зэрэг чинээлэг орнууд өөрсдийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах, дараагийн цар тахалд бэлэн байх зорилгоор дотооддоо вакцины үйлдвэр байгуулахаар ярьж байна. Тэгвэл ядуу буурай орнуудын гарц нь өөрсдийн суурь бааз, нөөц боломж, боловсон хүчинд түшиглэн чинээлэг орнуудын вакцин үйлдвэрлэл хөгжүүлэлтэд хамтран оролцох, тэдний лицензээр бүс нутгийн хэрэгцээг хангах хэмжээний үйлдвэр байгуулахад чинээлэг орнуудын хөрөнгийг татах зэрэг байж болох юм. Манай улсын хувьд бидэнд байгаа Биокомбинат УТҮГ зэрэг бааз сууриа идэвхижүүлэн хөгжүүлэх, мэргэжилтэн, эрдэмтэдээ тасралтгүй сурган чадваржуулах, тэдний бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх цаашлаад шинэ технологи инновац шингэсэн бүтээл, шинжлэх ухаан технологийн хөгжилд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр өгөөжийг тооцох зэрэг ажлуудад тухайлан анхаарал хандуулж бодлогоор дэмжих шаардлагатай.
Вакцины дипломат ажиллагааны үр дүнд дэлхийн хүн амын вакцинжуулалт хурдасч, цар тахлаас ангижирахад жинтэй нөлөө үзүүлэх хэдий ч үүнийг нөлөөллийн бүсээ тогтоох, геополитикийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байгаа нь даяарчлалыг улам бүр хумьж дэлхийг нөлөөний бүсд хуваах алхам болж болзошгүй юм. Мөн түүнчлэн цар тахал үнэхээр дуусах уу эсвэл хүн төрөлхтөнтэй хамт үлдэх үү гэдэг асуулт нээлттэй хэвээр байгаа ба вакцины пасспорт гэгч зүйл бидний амьдралд нэвтэрч улс орнууд өөрсдийн хүлээн зөвшөөрсөн вакцин тариулсан хүнийг хилээрээ нэвтрүүлэх болж байна.
https://www.thenation.com/article/world/coronavirus-vaccine-justice/
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23