Цар тахлын дараах хөрөнгө оруулалт ба түүхий эдийн үнийн шинэ супер цикл
2021-03-26
Цар тахлын дараах эдийн засгийг сэргээхэд хөрөнгө оруулалт шаардлагатай билээ. Энэ хөрөнгө оруулалтыг төв банкнаас засгийн газрын бонд худалдаж авч, хөнгөлөлттэй зээл гарган тусгай санхүүжилтээр шийдвэрлэж байна. Тусгай санхүүжилт буюу хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтаар дамжуулж аж ахуйн нэгжүүдийг өргөтгөх, шинэ төсөл хөтөлбөрийг дэмжихэд зориулагдсан юм. Ковид-19 халдварт өвчний тархалтыг хумьж, бууруулах нь тусгай санхүүжилтийг үр дүнтэй хөрөнгө оруулалт болгоход чухал нөлөө үзүүлнэ.
Вакцин гарч дархлаажуулалтын аян дэлхийн өнцөг булан бүрт өрнөж байгаа. Гэвч вакцин улс болгонд хүрэлцээтэй биш байна. Вакцины хүрэлцээ өрнөдийн орнуудын эдийн засагт ч муугаар нөлөөлж байна. Дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдан авагч улс болох АНУ, Европын орнуудад халдвар улам ихсэж, буурахгүй байгаа нь олон улсын эдийн засгийн сэргэлтийг хойшлуулахад хүргэж байна. АНУ, Европын орнуудын халдвар буурахгүй байгаа нь түүхий эдийн эрэлтийг хумьж байна. 2021 оны зунаас вакцинжуулалт идэвхтэй явагдаж, ковид-19-ийн халдварын тархалт буурах таамаглал бий. Иймд дэлхийн хэмжээнд цар тахлын идэвхжилт буурсны дараа хөрөнгө оруулалтын урсгал аль салбарыг чиглэх, голлох түүхий эдийн үнэ өсөх эсэхийг судлаж гаргаж ирэхийг зорив.
Хөл хорионоос үүдэж эдийн засаг нь удааширч буй улс орон
Европын Комиссоос 2021 оны 2 дугаар сарын 21-нд нийтэлсэн “2021 оны эдийн засгийн төлөв” тайланд Eвро бүсийн эдийн засаг 2021 онд 3.7 хувь, 2022 онд 3.9 хувиар өсөх төсөөллийг гаргажээ. Мөн бүсийн эдийн засаг цар тахлын өмнөх түвшинд 2020 оны IV улиралд буюу төсөөлж байснаас илүү богино хугацаанд хүрэхээр байгааг онцоллоо. 2020 оны III улиралд Eвро бүсийн эдийн засаг сэргэж эхэлсэн ч цар тахлын хоёр дахь давлагаа эхэлж, хөл хорио тогтоосноор IV улиралд эргээд агшив. Хөл хорио зарим улсад үргэлжилж байгаатай холбоотойгоор энэ оны эхний улиралд бүсийн эдийн засаг агшиж байна. Харин вакцин хийгдэж, хөл хорио сулармагц 2021 оны зунаас эдийн засаг өсч эхэлнэ гэж таамаглажээ. Үүний зэрэгцээ дэлхийн эдийн засгийн төсөөлөл сайжраад байгаа нь бүсийн эдийн засгийн төлөвт эерэг нөлөө үзүүлэхээр байна. Тайланд дурдсанаар Евро бүсийн инфляцын түвшин 2020 онд 0.3 хувь байсан бол 2021 онд 1.4 хувь болж өсөх төлөвтэй байна.
АНУ-ын хувьд хатуу хөл хорио дахин тогтоохгүй гэж мэдэгдсэний сацуу эдийн засгаа сэргээхээр дахин 3 их наяд ам.долларын санхүүжилт хийх гэж байна. Тус улсын ерөнхийлөгч Жо Байден нийгмийн дундаж давхаргыг дэмжих, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн төсвийг их хэмжээгээр нэмэгдүүлэх төлөвлөгөөг зарласан билээ. Жо Байдены: “Би үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд эдийн засгаа сэргээхээр урт хугацааны 3 их наяд ам.долларын хөтөлбөр зарлахаар төлөвлөж байна. Цаашид шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэмцэх хэмжээнд хүртэл ахиулах болно” гэв. Мөн тэрбээр анагаах ухаан, хиймэл оюун, квант тооцооллын салбарт илүү төвлөрсөн хөрөнгө оруулалт хийх талаар мэдэгдсэн юм.
Японы эдийн засаг 2020 оны сүүлийн улиралд хүлээлтээс 3.2 нэгж хувиар өндөр буюу 12.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өсөлтөд экспорт болон бизнесүүдийн хөрөнгө оруулалт өссөн нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн засгийн газраас хэрэгжүүлсэн эдийн засгийг дэмжих багц арга хэмжээнүүд гол нөлөөг үзүүлсэн гэж эдийн засагчид үзэж байна. Гэвч Ковид-19-ийн тархалттай холбоотойгоор дахин онц байдал зарлаад байгаагаас эдийн засгийн сэргэлт энэ улиралд удааширч магадгүй байгаа аж. Цаашид вакцинжуулалт эхэлж, цар тахлын тархалтыг хяналтдаа авбал эдийн засаг тогтвортой сэргэх хүлээлттэй байна.
ОХУ-ын Төв банк: “2020 оны 12 болон 2021 оны 1 дүгээр сард эрэлт хүлээлтээс өндөр байж, харин нийлүүлэлт тал дээр зарим хязгаарлалт байгаагаас үнийн өсөлтөд дарамт үзүүлсэн хэвээр байгааг онцолжээ. Төв банк 2021 оны инфляцын төсөөллөө 3.7-4.2 хувь байхаар өсгөөд байгаа бөгөөд цаашид мөнгөний бодлогын өнөөгийн байдлыг харгалзан жилийн инфляц 4 орчим хувьд хүрнэ гэж үзэж байна. Өрх, аж ахуй нэгжүүдийн инфляцын хүлээлт өндөр хэвээр байна. Вакцинжуулалт болон зарим улс орны нэмэлт төсвийн дэмжлэг нь санхүүгийн болон түүхий эдийн зах зээл дээрх үнийн өсөлтөд нөлөөлж байгаа”-г дурджээ.
Энэ оны зунаас эдийн засаг дэлхийн хэмжээнд сэргэх эерэг хүлээлттэй байна. Эдийн засгийн сэргэлттэй зэрэгцэж улс орнуудын хэрэгжүүлж буй нэмэлт төсвийн дэмжлэгээр компаниудад хөнгөлөлттэй зээл, санхүүжилт хийгдэх юм. Хөнгөлөлттэй зээл, санхүүжилт нь дэлхийн хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэхэд нөлөөлнө. Тиймээс хөрөнгө оруулагчид түүхий эдийн зах зээлд илүү анхаарлаа хандуулах таамаглалтай байна. Учир нь дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт ирэх жилүүдэд өснө гэж ОУВС-аас гаргасан 2020 оны 10 сарын таамаглалд дурсан юм.
Тэргүүлэх эдийн засагтай орнууд эдийн засгийн түншлэлээ бэхжүүлж байна
БНХАУ-ын төрийн зөвлөл XIV таван жилийн төлөвлөгөөг хэлэлцсэний дараа Гадаад харилцааны сайд Ван И гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд Ойрхи Дорнодын Арабын орнуудаар айлчлал хийсэн билээ. Өрнөдийн хэвлэлүүд Ван И-гийн энэ удаагийн айлчлалыг түүхий эдийн арвин нөөцтэй, эрчим хүчний хямд улс орнуудыг сонгон зорьсон талаар онцолж байгаа юм. Хямд эрчим хүчний гол шалтгаан нь БНХАУ-ын блокчейн технологи, хиймэл оюун ухаан, цахилгаан машин, цахим эдийн засгийг хөгжүүлэхтэй холбоотой бөгөөд эрчим хүчний илүүдэлтэй, өртөг хямд Ойрх Дорнодын орнуудыг түлхүү сонгон хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийх ашиг сонирхол байгаа юм.
БНХАУ-ын эрх баригчид дотоод дахь блокчейн технологид суурилсан крипто валютын олборлолтыг 5 дугаар сараас зогсоохоор төлөвлөж байна. Тус олборлолт хийдэг бизнес эрхлэгч нарыг Иран, Турк, ОХУ зэрэг эрчим хүч хямд орнуудыг зориход зориулж хууль эрхзүй хамтын ажиллагааг бэлдэж байх магадлалтай байна. Учир нь БНХАУ-ын крипто валют олборлолт хийгдэж буй салбарын эрчим хүчний хэрэглээ нь бүтэн нэг улсын хэмжээний эрчим хүчний хэрэглээний 50 хувьтай дүйцэж буй юм. Иймд эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт дэлхийн хөрөнгө оруулагч нарын анхаарлыг татах болсон юм.
АНУ өнгөрсөн хоёрдугаар сард 1.9 их наяд ам.долларын тусгай санхүүжилт гаргаж эдийн засгаа дэмжиж байгаа. Энэ санхүүжилт нь ЖДҮ, гарааны бизнес эрхлэгч нар болон иргэдийн амьжиргааг дэмжих зориулалттай юм. Мөн АНУ Транс-Номхон далайн түншлэлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тус түншлэлийн хэлэлцээрт оролцож буй 11 улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн түншлэл илүү гүнзгийрэх юм. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден сонгуулийн компанит ажлынхаа үеэр Транс-Номхон далайн түншлэлийг хэрэгжүүлэх тухай онцгойлон тусгаж байсан билээ.
Түүхий эдийн зах зээлийн сэргэлт ба хөрөнгө оруулалтын урсгал
“Түүхий эдийн үнийн шинэ супер цикл эхэлсэн байж магадгүй” гэж “JPMorgan Chase & Co” байгууллагаас онцолжээ. Энэ нь сүүлийн үед хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ огцом өсч, металлын үнэ сүүлийн жилүүдийн хамгийн өндөр түвшинд хүрч, нэг баррель газрын тосны үнэ 50 ам.доллароос даваад байгаатай холбоотой юм. “Эдгээр үнийн өсөлт нь цаг уурын өөрчлөлтийн эсрэг газрын тосны нийлүүлэлтийг хязгаарлах, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийг байгуулахтай холбоотойгоор металлын эрэлт нэмэгдэх зэргээс шалтгаалсан байх магадлалтай” гэж JPMorgan Chase & Cо-ийн эдийн засагч Марко Колановикаар ахлуулсан эдийн засгийн шинжээчдийн баг үзэж байна. “Өнгөрсөн жил унаад байсан газрын тосны үнэ сэргэж, огцом унасан газар тариалангийн бизнес идэвхжээд байгаа нь дараагийн түүхий эдийн үнийн супер цикл эхэлсэн болохыг илтгэж байж болзошгүй” гэж Марко Колановик хэлжээ. Энэ нь сүүлийн 100 жилийн 5 дахь супер цикл болох бөгөөд хамгийн сүүлийнх нь БНХАУ-ын эдийн засгийн огцом өсөлттэй холбоотой байсан аж. Харин энэ удаагийн циклд цар тахлын дараах улс орнуудын сэргэлт, төв банкуудын хэт зөөлөн мөнгөний бодлогын хэрэгжилт, ам.долларын сулралт, нам дор инфляц, дэлхий даяар байгаль орчныг хамгаалах хатуу бодлого хэрэгжиж байгаа зэрэг нь нөлөөлнө гэж үзжээ.[1]
Түүхий эдүүдийн үнэ өссөнөөр Австралийн эдийн засаг цар тахлын үед өсөлттэй байжээ. Австралийн эрдэс бүтээгдэхүүний экспортын орлого зургаадугаар сараар эцэслэх санхүүгийн жилд 225 тэрбум ам.доллар хүрэхээр байгааг тус улсын засгийн газар тооцоолоод байна. Энэ нь бүх цагийн үеийн дээд түвшинд хүрсэн үзүүлэлт болох юм. Дэлхийн эдийн засаг цар тахлын хямралаас сэргэж, төмрийн хүдэр болон цэнэг хураагуур үйлдвэрлэхэд ашигладаг металлуудын эрэлт өсөж байгаа нь үүнд нөлөөлнө гэж тайлбарлажээ. Төмрийн хүдэр, шингэрүүлсэн байгалийн хий, зэсийн үнэ өссөнөөр Австралийн эдийн засаг цар тахлын үед ч өсөлттэй байсан аж. 2020 оны сүүлийн хоёр улиралд гурван хувиар өссөн байна. Түүнчлэн 2026 он хүртэлх хугацаанд Австралийн газрын ховор элемент, тэр дундаа литийн экспорт тав дахин өсөх төлөвтэй гэж тооцоолжээ. Мөн энэ хугацаанд зэсийн экспортын орлого жилд дунджаар долоон хувиар өсөхөөр байгаа юм байна.Харин Хятадын ӨМӨЗО 2021 оны нэгдүгээр сард 95.3 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеэс 25 хувиар нэмэгдсэн үзүүлэлт байв. Өвөр Монголын нүүрс олборлогч компаниуд үйлдвэрлэлээ ийнхүү дөрвөн сар дараалан 93 сая тонноос дээгүүр хадгалснаар БНХАУ-ын нүүрсний зах зээлд нийлүүлэлт тогтвортой үргэлжлэх нөхцөл болж байна. Цагаан сарын үеэр нийлүүлэлтээ тогтвортой хадгалахын тулд жилийн нийт 860 сая тонны хүчин чадалтай ойролцоогоор 200 нүүрсний уурхайг хэвийн горимоор ажиллуулах шийдвэр гаргасан нь хоёрдугаар сарын эхэн үед нийлүүлэлтийн дийлэнхийг бүрдүүлэх үүрэгтэй 76 цахилгаан станцын нөөц 11 сая тонн буюу 17 хоногийн хангалттай нөөцийн түвшинд хүрэхэд нөлөөлөв.[2]
Цагаан сарын дараа БНХАУ-ын зах зээл дээрх коксжих нүүрсний үнэ баярын өмнөх үеийн түвшинд тогтвортой хадгалагдсан бөгөөд цаашид ган үйлдвэрлэгчдийн идэвхжил өндөр байдаг 4-5 сараас өмнө богино хугацаанд нүүрсний үнийг төдийлөн нэмэгдүүлэхгүй байх хүлээлттэй. Харин дэлхийн зах зээл дээрх коксжих нүүрсний үнэ Энэтхэгийн гангийн үйлдвэрүүдийн эрэлт өндөр байгаа нөлөөгөөр нэмэгдээд байна.[3]
БНХАУ-ын хойд мужуудын нэг Шаанси мужийн хүрэн нүүрсний нөөц хоёрдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 5.44 сая тонн хүрч цагаан сарын өмнөх үеэс 7.41 хувиар нэмэгдэв. Тус нөөцийн хэмжээ таван сая тоннд тогтвортой хадгалагдаж байсан бол нэгдүгээр сарын дунд үеэс хойд мужуудын боомт дээрх нөөц нэмэгдсэн нөлөөгөөр хурдтай өсчээ. Цаашид хүйтний улирал дуусч нийлүүлэлт тогтвортой байх хүлээлттэй тул үнэ богино хугацаанд нэмэгдэхээргүй байна.
Дэлхийн түүхий эдийн зах зээл сэргэх таатай нөхцөл бүрдсэн талаар дээр дурдсан. Цар тахлын дараах эдийн засгийн бодлого нь зах зээлд их хэмжээний бэлэн мөнгөний нийлүүлэлт хийгдэж, худалдан авалтыг дэмжих болсон юм. Энэ нь эцсийн бүтээгдэхүүний үнээс илүүтэйгээр анхдагч түүхий эдийн үнэд шууд нөлөөлж байна. Дэлхийн гол нийлүүлэгч улс болох БНХАУ-ын хувьд үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж эдийн засгаа тогтвортой өсгөх бодлого баримталж байгаа юм. Уг бодлогыг хэрэгжүүлэхийн тулд түүхий эдийн арвин нөөцтэй орнуудтай түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байгааг Гадаад харилцааны сайд Ван И-ийн айлчлалаас дүгнэж болох юм.
Харин АНУ-ын хувьд Транс-Номхон далайн түншлэлийн хэлэлцээрийг эцэслэж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх 11 орны (Хятад багтаагүй) хамтын ажиллагаа гүнзгийрэх билээ. Ингэснээр АНУ-ын хувьд дэлхийн тэргүүлэх эдийн засгийн байр сууриа хадгалах гэсэн оролдох юм. Транс-Номхон далайн түншлэлийн хэлэлцээрийг дэмжих, тодорхой санхүүжилт гаргахын тулд АНУ-ын зүгээс 3 их наяд ам.долларын өртөг бүхий урт хугацааны хөтөлбөрийг зарлахаар бэлтгэж байгаа юм. Уг хөтөлбөр нь дэд бүтэц, цахим эдийн засаг, инновацын салбарыг дэмжих талаар дээр дурдсан. Уг салбарууд нь зэс, нүүрс, газрын ховор элемент зэрэг голлох түүхий эдийн хэрэглээг өсгөж өгөх юм.
Дүгнэлт, санал
Дэлхийн хэмжээнд хөрөнгө оруулалт нэмэгдэхээр байгааг дээр дурдсан мэдээллүүдээс дүгнэж болохоор байна. Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалт татаж эдийн засгаа богино хугацаанд сэргээх нь нэг төрлийн гарц юм. Иймд хөрөнгө оруулалт татах ажлыг яаралтай эхлүүлж, хууль эрхзүйн орчинг тогтвортой байлгах хэрэгтэй байна. Мөн хөрөнгө оруулагч нартай хийх цахим уулзалтыг идэвхжүүлэх, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй Япон улсын хөрөнгө оруулагч нартай хамтарч ажиллах хөтөлбөр боловсруулах, гуравдагч хөршүүдээс хөрөнгө оруулалт татах ажлын хэсэг байгуулж ажиллах шаардлагатай байна. Эдгээр арга хэмжээ нь эдийн засгийг сэргээхдээ Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх, тэнцвэржүүлэхэд тустай юм.
[1] https://www.bloomberg.com/news/articles/2021-02-10/j-p-morgan-sees-commodity-supercycle-already-kicking-off
[2] http://www.sxcoal.com/news/4607049/info/en
[3]https://www.mongolbank.mn/documents/news/communication/%D0%93%D0%BB%D0%BE%D0%B1%D0%B0%D0%BB%20%D1%82%D0%BE%D0%B9%D0%BC/03-Global_toim-2021-02-18.pdf
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
БНХАУ-ын “Хоёр чуулган”Дараах нийтлэл
Вакцины үндсэрхэг үзэл, дипломат ажиллагааСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23