БНХАУ-д жил бүрийн 3 дугаар сард болдог “Хоёр чуулган” буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) болон Улс төрийн Зөвлөлдөх зөвлөлийн хурал(УТЗЗХ)-ын ээлжит чуулган 2021 оны 3 сарын 4, 5-аас 12-ны өдөр хүртэл хуралдав. Энэ удаагийн БХАТИХ-ын хэд хэдэн шийдвэр үйл явдал дэлхий дахины анхааралд байлаа.
Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн сонгуулийн тогтолцоо
БХАТИХ 3 сарын 11-ний өдөр “Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн сонгуулийн тогтолцоог сайжруулах тухай шийдвэр”-ийг батлав.[1] Энэ бол Бээжингийн зүгээс Хонконгийн асуудлаар явуулж буй шат дараалсан арга хэмжээний нэг юм. Хоёр жилийн өмнө 2019 оны 4 дүгээр сараас Хонконгийн парламент “Хэрэгтэн шилжүүлэх тухай хууль” батлах гэж буйг хонконгчууд эсэргүүцэн жагссанаас хойш нийгмийн тогтворгүй байдал үүсч жагсаал цуглаан бараг тасраагүй билээ. Бээжин нөхцөл байдлыг хяналтаас алдахгүй байх, улмаар цаашид тогтворгүй байдлыг даамжруулахгүйн тулд томоохон арга хэмжээг авсны нэг нь өнгөрсөн жил 2020 оны 6 дугаар сард “Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль” баталсан явдал байлаа. Тэгвэл сая 2021 оны 3 сард ийнхүү Хонконгийн хууль тогтоох байгууллагыг бүрдүүлдэг сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулав.
Хонконгийн сонгуулийн тогтолцоонд нийт 9 зүйлийн өөрчлөлт орсноос дараах заалтууд ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Хонконгийн парламентийн сонгогчдын коллегийн 1200 гишүүнийг 1500 болгож өргөжүүлжсэн. Өмнө нь сонгогчдын коллегийн гишүүдийг дөрвөн төрлийн салбараас бүрдүүлдэг, салбар тус бүрээс 300 хүн, нийлээд 1200 төлөөлөл байсан бол тав дахь салбарыг бий болгосноор 1500 болжээ. Дөрвөн салбар нь 1) худалдаа аж үйлдвэрлэл, санхүүгийн салбарынхан, 2) экспертүүд, 3) ажилчин, нийтийн үйлчилгээ, шашны салбарынхан, 4) бүх шатны иргэдийн хурлын төлөөлөгчид багтдаг байсан бол нэмж бүх Хятадын хэмжээний төлөөллийг оролцуулахаар болгожээ. Таамаглаж буйгаар Хятадын эмэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын холбоо, бизнесийнхэн болон засгийн газрын бусад байгууллагын гишүүд энэхүү төлөөлөлд багтаж магадгүй байна.[2] Нэмэгдсэн шинэ салбарт ардчилсан хүчнийхэн суудал авахад тун хүнд, улмаар сонгогчдын коллеги дахь ардчиллын талын хүчний харьцаа буурна гэж үзэж байгаа ажээ.
Үүнээс гадна нэр дэвшигчдийг хянан шалгах хороог шинээр байгуулахаар болсон нь ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Тус хороо Хонконгийн Сонгуулийн хорооны гишүүд, Онцгой бүсийн захирагч, парламентын гишүүнд нэр дэвшигчдийг хянан шалгах эрх бүхий байгууллага юм. Бээжингийн зүгээс “эх орончид Хонконгийг засаглах” тухай уриалж буйгаас үзэхэд “эх оронч” гэдэг шалгуур тавьж тун болзошгүй гэж шүүмжлэгчид харж байна.
Хонконгийн Ардчилсан намын дарга Луо Женьши Бээжингийн шийдвэр нь Хонконгийн улс төр дэх ардчиллын элементийг хумьж буй хэрэг бөгөөд Хонконгийн хувьд энэ бол асар том хохирол гэж мэдэгджээ.[3]
Засгийн газрын тайлан илтгэл
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян засгийн газрын жилийн ажлаа БХАТИХ-д тайлагнав. Засгийн газрын тайлан илтгэл гурван хэсэгтэй бөгөөд 2020 оны ажлаа дүгнэж, таван жилийн төлөвлөгөөгөө дүгнэж, 2021 оны зорилтоо дэвшүүлсэн юм. [4]
2020 оны ажлаа дүгнэв: Тус илтгэлд өнгөрөгч 2020 он түүхэн дэх туйлын ээдрээтэй жил болсон ч Хятадын эдийн засаг бусад гол томоохон орнуудаас ганцаараа өсөлттэй гарсныг онцложээ. 2020 онд долоон чиглэлээр амжилттай ажилласан гэжээ. Үүнд: 1) макро эдийн засгийг тогтвортой барив, 2) ажлын байрыг тогтвортой байлгаж, амьжиргааг бататгав, 3) ядуурлаас ангижрах арга хэмжээ авч хэрэгжүүлэв, 4) өөрчлөлт шинэчлэлтийг улам гүнзгийрүүлэв, 5) шинжлэх ухаан технологийн инновацыг урагшлуулав, 6) хотжилт ба хөдөөгийн хөгжлийг дэмжив, 7) эрхзүйт тогтолцоог сайжруулж нийгмийн тогтвортой байдлыг хангав.
XIII ба XIV таван жилийн төлөвлөгөө: ХКН байгуулагдсаны 100 жилийн ой 2021 онд тохиоход Хятад улс ядуурлаас ангижирч, дундаж чинээлэг нийгмийг цогцлоон байгуулсан байх зорилт тавьсан бөгөөд XIII таван жилийн төлөвлөгөөт хугацаа нь уг зорилтыг барианд оруулах чухал мөчлөг байсан юм. Засгийн газрын тайлан илтгэлд дурдсанаар өнгөрсөн таван жилд ДНБ 70 их наяд юаниас 100 их наяд юань болсон, 55.7 сая хүнийг ядуурлаас ангижруулж, 60 сая ажлын байрыг шинээр бий болгож, бусад бүх салбарын хөгжлийг бэхжүүлснээр үндсэндээ өнгөрсөн таван жилд тавьсан зорилтуудаа амжилттай биелүүлсэн гэж дүгнэв. Засгийн газрын тайланд дурдсанаар ирэх таван жилийн төлөвлөгөөнд 9 зүйлийг онцлосноос 8 нь хөгжлийн асуудал, 1 нь аюулгүй байдлын асуудал байна.
2021 оны зорилтоо дэвшүүлэв: Төрийн зөвлөлийн ерөнхий сайд илтгэлдээ 2021 оны зорилтоо дэвшүүлсэн ба ДНБ-ийг 6-аас дээш хувиар өсгөх, ажилгүйдлийг 5.5 хувиас доош байлгах, хэрэглээний үнийг 3 хувиас илүү өсгөхгүй байх зэрэг тоон зорилтууд тавьжээ. 2020 онд Хятад улс цар тахлаас үүдэн ДНБ-ийг тоон зорилтоор илэрхийлээгүй юм. 2021 онд Хятадын засгийн газар 1) макро бодлогын зохицуулалтаа тогтвортой үргэлжлүүнэ, 2) зохих шинэчлэлтийг хийж зах зээлийн субьектуудын идэвхийг нэмэгдүүлнэ, 3) инновацид тулгуурлан чанартай хөгжлийг тэтгэнэ, 4) дотоодын эрэлтээ тэлж дотоод зах зээлийн нөөцөө ашиглана, 4) ХАА-г хөгжүүлж тариачдын орлогыг нэмэгдүүлнэ, 6) гадаад худалдаа ба гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ, 7) хүрээлэн буй орчны чанарыг сайжруулна, 8) амьжиргааг дээшлүүлж нийгмийн бүтээн байгуулалтыг сайжруулна гэсэн зорилтууд тавьжээ.
Эрсдэл, сорилт: Ерөнхий сайд Ли Көчян илтгэлдээ Хятадад тулгарч буй эрсдэл сорилтод гурван зүйлийг дурдав.[5] Үүнд 1) дэлхий даяар тархсан цар тахлын дэгдэлт, 2) Олон улсын тогтворгүй нөхцөл байдал, 3) дэлхийн эдийн засгийн хүндрэлтэй байдал. Хятадын дотоодод цар тахлыг хянах цикл сул, жижиг дунд ААН-үүд хүндрэлтэй, ажлын байрыг бий болгох дарамт их, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэх мэт бэрхшээлүүд, мөн орон нутгийн засгийн газрын өр, санхүүгийн салбарыг цэгцлэх асуудал гэх мэт эрсдлүүлдийг дурдсан юм.
XIV таван жилийн төлөвлөгөө ба “2035 оны хэтийн зорилт”
2021-2025 онд хэрэгжих XIV таван жилийн төлөвлөгөөт хугацаа бол Хятад улсын дараагийн шинэ мөчлөгийг эхлүүлж буй чухал хугацаа болж байна. Хятадын хоёрдахь 100 жилийн зорилт буюу БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой 2049 онд тохиоход Хятад улс орчин үеийн социалист улс болох зорилт тавьсан бөгөөд XIV таван жил нь энэ зорилт руу чиглэсэн эхний таван жил гэдгээрээ онцлог.
Үүнээс гадна эхний 100 жилийн зорилтоо биелүүлээд хоёрдахь 100 жилийн зорилтоо хэрэгжүүлэх үе шат руу орж байгаа гэдэг утгаар “2035 оны хэтийн зорилт”-ыг XIV таван жилийн төлөвлөгөөтэй хамт дэвшүүлэн тавьлаа.
Өөрөөр хэлбэл эдийн засаг нийгмийн хөгжлийн 5 ба 15 жилийн төлөвлөгөөг хамтад нь багтаасан нийт 19 бүлэг 65 зүйлтэй баримт бичиг батлагдсан байна.[6]
“2035 оны хэтийн зорилт”: 2035 он гэхэд социалист модернизацыг үндсэнд нь хэрэгжүүлнэ гэсэн зорилт тавьжээ. Үүнд аж үйлдвэржилт, мэдээлэлжилт, хотжилт, ХАА-н модернизацыг хэрэгжүүлж, 15 жилийн дараа гэхэд бүхэлдээ орчин үеийн эдийн засгийн системийг бүрдүүлсэн байх ажээ. Ингэснээр хүчирхэг эдийн засагтай, шинжлэх ухаан технологийн чадамжтай, улсын нийт хүч чадал сайтай, инновацын хөгжлөөр тэргүүлэгч орон болно гэж зорьж байна.
XIV таван жилийн (2021-2025 он) төлөвлөгөө: Өмнөх таван жилийн төлөвлөгөөнүүдэд ДНБ-ий өсөлтийг 7 хувь, эсвэл 6.5 хувь болгоно гэх мэт тоон зорилт тавьдаг байсан бол энэ удаагийн таван жилийн төлөвлөгөөнд тоон зорилт тавьсангүй.[7] Гэхдээ 2025 он гэхэд буюу XIV таван жилийн төлөвлөгөөт хугацаанд эдийн засгийн хөгжлийн шинэ амжилт гаргана гэж онцлов. Учир нь хөгжлөөр дамжуулж улсынхаа бусад суурь асуудлуудыг шийдвэрлэдэг. Иймээс өсөлтийн тоон зорилтоос илүү хөгжлийг чанаржуулахад анхаарах ажээ. Чанаржуулахад инновацын чадамжаа нэмэгдүүлэх явдал чухал бөгөөд судалгаа хөгжүүлэлтийн зардлыг жил бүр 7-оос илүү хувиар нэмэгдүүлэхээр заажээ. Үүний сацуу өмнөх таван жилийн хөгжлийн суурин дээрээ үйлдвэрлэлийн гинжин хэлхээг боловсронгуй болгож, ХАА-г бэхжүүлж, хот хөдөөгийн бүсчилсэн хөгжлийг зохицуулж, хотжилтыг 65 хувьд хүргэн, орчин үеийн эдийн засгийн системийг бүрдүүлнэ гэж заасан байна. Ерөнхийдөө XIV таван жилийн төлөвлөгөөний зорилтууд нь бүхэлдээ 2035 оны хэтийн зорилтыг луужин болгосон, хэтийн зорилтоо биелүүлэхэд чиглэсэн байна.
Дүгнэлт
БХАТИХ-ын гаргасан шийдвэрүүдээс дэлхий дахины анхаарал татсан асуудал нь Хонконгийн сонгуулийн тогтолцоог өөрчилсөн явдал байлаа. Бээжингийн зүгээс энэ шийдвэрээ Хонконгийн хууль тогтоох байгууллагын бүтцийг боловсронгуй болгох зорилготой гэсэн бол шүүмжлэгч талынхан хонконгийн ардчиллыг хумьж байна гэж дүгнэв. Юутай ч сонгогчдын коллегид эх газрын Хятадаас гишүүнчлэл нэмэгдсэн, сонгуульд нэр дэвшигчдийг хянан шалгах хороо байгуулагдсан зэрэг нь “хонконг хүн Хонконгийг засаглах” автономит эрхэд халдсан явдал гэж олон улсаас шүүмжлэл дагуулаад байна.
БХАТИХ-д Төрийн зөвлөлийн ерөнхий сайд засгийн газрын ажлаа тайлагнахдаа 2021 онд эдийн засгийг 6 хувиас дээш өсгөх зорилт тавьсан бөгөөд 2020 онд тоон зорилт тавиагүй өнгөрсөнтэй харьцуулахад энэ жил цар тахлын дэгдэлтийг хумьсан төдийгүй дахин дотооддоо алдалгүй барьж чадах болсонтой холбоотой. Гэхдээ энэ жилээс эхэлж буй XIV таван жилийн төлөвлөгөөнд эдийн засгаа өсгөх таван жилийн дундаж тоон зорилт тавиагүй, тухайн жилийн нөхцөл байдлыг харж жил жилд нь зорилтоо тодорхойлохоор болсон нь эрсдэлт хүчин зүйлсийг тооцож буйтай холбоотой, мөн эдийн засгаа чанаржуулахад чиглэсэнтэй холбоотой байж болох юм.
Энэ жил эхэлж буй таван жилийн төлөвлөгөөг ирэх 15 жилийн хэтийн зорилттой хамт баталсан онцлогтой байлаа. Энэ нь хэтдээ 2049 он гэхэд биелүүлэх хоёрдахь 100 жилийн зорилтод чиглэж буй юм. Өөрөөр хэлбэл ирэх 30 жилийн хугацааг 15-аар хоёр хуваан 2035 он хүртэлх ерөнхий зорилтоо тодорхойлж, улмаар тав таван жилээр илүү тодорхой төлөвлөж хэтийн зорилтдоо хүрэх юм. Хятад улс энэхүү төлөвлөх чадвар, түүнд чиглэсэн дайчилгааны чадвараа “төр төвт тогтолцоо”-тойгоо холбон тайлбарладаг билээ.
[1] (两会受权发布)全国人大高票通过关于完善香港特别行政区选举制度的决定 http://www.xinhuanet.com/politics/2021lh/2021-03/11/c_1127199075.htm
[2] 香港选举制度改革:四大关键点的已知和未知细节 https://www.bbc.com/zhongwen/simp/chinese-news-56411164
[3] 香港选举制度改革:中国全国人大表决通过决定,九项重点修改 https://www.bbc.com/zhongwen/simp/chinese-news-56343231
[4] 政府工作报告——2021年3月5日在第十三届全国人民代表大会第四次会议上,国务院总理 李克强 http://www.gov.cn/zhuanti/2021lhzfgzbg/index.htm
[5] 2021年政府工作报告摘要 http://www.gov.cn/zhuanti/2021lhzfgzbg/index.htm
[6] “十四五”规划和2035年远景目标纲要 https://finance.sina.com.cn/china/gncj/2021-03-13/doc-ikkntiam0007627.shtml
[7] “十四五”规划和2035年远景目标纲要草案有哪些新提法?http://www.gov.cn/xinwen/2021-03/06/content_5590842.htm
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23