АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) бүтэцд орж буй өөрчлөлтөөс тус улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл ямар байхыг харж болно гэж зарим ажиглагчид үздэг. Учир нь Ж.Кеннедийн үеэс эхлэн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд ҮАБЗ ихээр өөрчлөгдөн гадаад бодлогод нь нилээд өөрчлөлт ордог болжээ. Жишээ нь: хүйтэн дайны дараа тус зөвлөлийн Европ, Орос-Украины газар хамгийн олон ажилтантай том газар байсан бол 9 сарын 11-ний халдлагын дараа Ойрх Дорнод, Хойд Африк болон булангийн орнуудын газрын орон тоо нэмэгдэж, гадаад бодлого энэ чиглэлд хандсан. Харин Б.Обамагийн санаачилсан Номхон далай дамнасан түншлэл Америкийн гадаад бодлогыг Хятадын зүгт эргүүлсэн. Д.Трамп ч үнэндээ энэхүү бодлогын залгамж чанарыг ихээр алдагдуулаагүй бөгөөд түүний засаг захиргааны үед Хятад руу чиглэсэн Энэтхэг-Номхон далайн стратегийн газар байгуулагдсан юм.
Чөлөөт нээлттэй Энэтхэг-Номхон далайн стратеги нь эдийн засаг, уламжлалт ба уламжлалт бус аюулгүй байдлын салбар болон засаглалын хувьд ижил төстэй улс орнууд буюу Австрали, Япон, Энэтхэгийг оролцуулсан түншлэл бий болгон Зүүн болон Зүүн өмнөд Азийн ардчилсан засаглалтай улс орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтран ажиллаж, хөгжингүй барууны орнуудтай холбоог нь сайжруулахад дэмжлэг үзүүлснээр тэдний эдийн засгийн чадавхыг дээшлүүлж Хятадын өсөлтийг хязгаарлах зорилготой.
Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс Энэтхэг-Номхон далайн стратегийг гурван үндсэн чиглэлээр зохион байгуулахаар зохицуулсан байна. Үүнд: 1) аюулгүй байдлын чиглэл: АНУ уламжлалт болон уламжлалт бус аюулаас хамгаалах чадавхаа ашиглан түнш орнуудынхаа аюулгүй байдлыг хамгаалахад туслах, 2) эдийн засгийн чиглэл: дижитал, эрчим хүч, худалдааны дэд бүтцийн төслүүдийг тогтвортойгоор хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор худалдаа, хөрөнгө оруулалт, хөгжлийн тусламжийг хослуулах, 3) засаглал: түнш орнуудынхаа засаглалын үйл ажиллагаа, төрийн чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх.
Д.Трампын гадаад бодлогыг “нэг талт”, ганцаарчилсан тоглолт хийж холбоотнуудаасаа хөндийрсөн гэж зарим улс төрчид шүүмжилдэг ч үнэндээ Д.Трамп Quad (Дөрвөл)-ийг бий болгоход хүчин чармайлт гарган Хятадыг сөрөн зогсох Энэтхэг зэрэг стратегийн чухал түнш, холбоотнуудаа татахад бүх хүчээ дайчилсан гэж үзэх судлаачид ч байдаг. Энэ ч ортойг саяхан нууцын зэрэглэлээс гаргасан Энэтхэг Номхон далайн стратегийн баримт бичгээс харж болно.
Энэ стратеги Д.Трампын “халз тулах” буюу Хятадыг ил тодоор дайснаа хэмээн зарлах, цэргийн сургуулилт хийх зэрэг арга барилаас Ж.Байдены Австрали, Япон, Өмнөд Солонгос зэрэг холбоотнуудтайгаа эвсэх арга барил руу шилжиж байгаа нь Д.Трампыг бодвол аядуу бодлого барьж байгаа мэт харагдавч илүү үзэл суртлын түвшинд орж байна гэж Хятадын зарим судлаачид мөн үзэж байна. Түүнчлэн Д.Трампын засаг захиргаа ажлаа хүлээлгэн өгөхөөсөө 10 хоногийн өмнө 2043 он хүртэл нууцын зэрэгтэй байх байсан Энэтхэг-Номхон далайн стратегийн бодлогын баримт бичгийн цөөн хэдэн заалтаас бусдыг ил болгосон нь Ж.Байдены засаг захиргаа энэхүү стратегийг өвлөн үргэжлүүлэхийг мэдэгдэж байгаа хэрэг хэмээн үзэх судлаачид ч байна.
АНУ-Хятадын сөргөлдөөн илүү үзэл суртлын түвшинд орж байна гэж Хятадын судлаачид үзэж байна.
Ерөнхийлөгч Ж.Байден ҮАБЗ-д Энэтхэг-Номхон далайн орнуудын асуудал хариуцсан зохицуулагчийн албан тушаалыг бий болгон Курт Кампбелийг томилсон ба Хятад, Азийн газрыг хамруулсан хамгийн том газар болж байна. Тэгэхээр Д.Трампын гадаад бодлогоос залгамжилж үлдэхээр барахгүй илүү нямбай, эмх цэгцтэй болж үргэлжлэн хэрэгжих бодлого нь Чөлөөт нээлттэй Энэтхэг-Номхон далайн стратеги байхаар ажиглагдаж байна. Харин нэр нь өөрчлөгдөж болох юм. Ер нь Энэтхэг-Номхон далайн энэхүү стратегийн зорилго нь харьцангуй даруухан бөгөөд ойлгомжтой байдаг гэж зарим судлаачид үздэг.
Ж.Байдены Хятадын талаар баримтлах бодлого нь бүхэлдээ Д.Трампын бодлого шиг сөргөлдөөнтэй байхгүй гэдэг нь түүний CBS-д өгсөн ярилцлагынхаа үеэр “Бид Хятадтай сөргөлдөх шаардлагагүй, гэхдээ хүчтэй өрсөлдөх болно” гэж хэлснээс харагдана. Учир нь нэг талаас тийнхүү сөргөлдөх нь одоогийн нөхцөлд АНУ-ын хувьд “өртөг өндөртэй тоглоом” болно нөгөө талаас Д.Трампын бодлогыг эрс өөрчлөн Хятадтай эвлэрэх нь дотоодын нилээд эсэргүүцэлтэй тулгарч хүсээгүй үр дагаварт хүргэж болзошгүй. Үүний оронд Ж.Байден Хятадын хөрш орнуудтай харилцаагаа сайжруулах нь илүү дээр. Энэ ч үүднээс Б.Обамагийн үед Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн туслахаар ажиллаж байсан, Азийн орнуудын засгийн газруудад танил болсон Курт Кампбелыг ҮАБЗ-д шинээр Энэтхэг-Номхон далайн орнуудын асуудал хариуцсан зохицуулагчийн албан тушаалыг бий болгон томилж Ази, Хятадын газрыг хамааруулсан биз.
Саяхан ЕХ Хятадтай худалдааны хэлэлцээр байгуулсныг харахад Хятадын мөнгө холбоотнуудын эв нэгдэлд сорилт учруулж болзошгүй харагдаж байна. Америкийн зүгээс Хятадын эсрэг холбоотнуудынхаа хүчийг нэгтгэх, ЕХ-нд Ази бол Хятад биш гэдгийг ойлгуулж, тэднийг Азийн бусад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд нилээд хүчин чармайлт гаргах хэрэгтэй болох байх. Үүнийг ч тэд хэдийн ойлгон энэ чиглэлд ажиллаж эхэлсэн гэдэг нь Америкийн Стратеги ба олон улс судлалын төвийн Хятадын бизнес, эдийн засгийн асуудал хариуцсан ахлах зөвлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газрын дарга Скотт Кеннедийн саяхан зохион байгуулагдсан Азийн асуудлаарх нэгэн вебинарын үеэр хэлсэн “ҮАБЗ-ийн зөвлөх Жэйк Салливан, Курт Кампбел нар ихэнх цагаа Хятадтай шууд харьцах бус Хятадын асуудлаар Ази дахь холбоотнуудаа Европтой холбоход зарцуулдаг” гэж хэлсэн үгнээс харагдаж байна.
Түншүүд хоорондоо хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, харилцаа сайтай байх нь бусад гишүүдийг татах нэг хүчин зүйл бөгөөд энэ зарчмаар АНУ энэ бүс нутаг дахь гол гэрээний холбоотон Австрали, Японтой харилцаагаа нягтруулан дараа нь Энэтхэгийг татан Quad (Дөрвөл) үүсгэсэн юм.
Ийнхүү татан ирсэн Энэтхэгтэй Ж.Байдений засаг захиргааны үед Хятадыг хязгаарлан барихын тулд илүү идэвхтэй хамтран ажиллах байх гэдгийг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин дөнгөж томилогдсоныхоо дараахан Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Сингхтай утсаар ярьснаас харж болох юм гэж Хятадын Чинхуа Их Сургуулийн Үндэсний стратегийн хүрээлэнгийн судалгааны хэлтсийн захирал Чян Фөн хэлжээ. Түүний хэлснийг Америкийн ҮАБ-ын зөвлөх Жейк Салливаны Энэтхэгийн ҮАБ-ын зөвлөх Ажит Довалтай ярилцах үеэрээ “Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хамтран ажиллах, бүс нутгийн аюулгүй байдлыг дэмжих” талаар ярилцсан нь батлаж байна.
Ер нь Ж.Байдены засаг захиргаа Азийн холбоотнуудтайгаа харилцаагаа бэхжүүлэх алхмуудыг хийж эхлээд байгаа нь ажлаа хүлээн авсан эхний сардаа Тайванийг дэмжихээ илэрхийлж, Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос, Филлиппин, Тайланд, Австралийн удирдлагуудтай ярилцсанаас харагдана.
2 сарын 9-ний өдөр Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкин Энэтхэгийн Гадаад харилцааны сайд С.Жайшанкартай ярилцах үеэрээ Мьянмар дахь хууль дээдлэх ёс болон ардчиллын асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлээд тус бүс нутаг дахь АНУ-Энэтхэгийн хамтын ажиллагааны үнэ цэн болон бүс нутгийн хөгжил цэцэглэлтийн талаар ярилцжээ.
Эдийн засаг
Энэтхэг Номхон далайн стратегийг үргэлжлүүлэх бас нэг чухал хүчин зүйл нь эдийн засгийн сонирхол гэдэг нь нууц биш. 2018 оны BUILD хуулийн дагуу Д.Трампын засгийн газар Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорац(DFC)-ыг байгуулсан бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын байдлаар уг корпорац 5.4 тэрбум ам.долларын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг 200 гаруй төсөл хөтөлбөрөөр дамжуулан Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудад олгожээ. Түүнчлэн Д.Трампын засаг захиргаа 2018 онд Индонез, Бангладеш, Вьетнам зэрэг хөгжиж буй орнуудын эрчим хүчний дэд бүтэцд хөрөнгө оруулах зорилгоор Asia EDGE санаачилгыг эхлүүлсэн ба Меконгийн орнуудад ч мөн “чөлөөт, нээлттэй, тогтвортой, дүрэм журамд суурилсан бүс нутгийн эрчим хүчний зах зээл”-ийг дэмжин хөрөнгө оруулахаа зарласан юм. Дашрамд дурдахад 2040 он гэхэд энэ бүс нутаг дэлхийн эрчим хүчний хэрэглээний 60 хувийг хэрэглэдэг болно гэсэн тооцоо байдаг.
Asia EDGE санаачилгын дор Д.Трамп АНУ-ын эрчим хүчний салбарын ажлын байрыг хадгалах, “Америкийн эрчим хүч үйлдвэрлэгчидэд экспортын шинэ боломжуудыг нээх” бодлого барьж байсан бөгөөд АНУ-ын нийт эрчим хүчний экспортын 30 орчим хувь (2018 онд 50 орчим тэрбум ам.доллар) Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг чиглэж байлаа. Эрчим хүчний дэд бүтцийн ашиг орлогоос гадна цаашид энэ бүс нутгийн эрчим хүчний зах зээлийн нөөц чадавхыг ашиглахыг эрмэлзэж байв. Энэ мэт нөхцөл байдлыг үнэлж үзвэл Энэтхэг-Номхон далайн бүс дэх Д.Трампын эхлүүлсэн эрчим хүчний бодлогыг үл тоомсорлон орхих нь Америкийн аж үйлдвэр, эрчим хүчний салбарын хөдөлмөр эрхлэлтэд томоохон сөрөг үр дагаврыг авчирч болзошгүй учраас энэ бодлого энерциэрээ тухайн бүс нутагт үргэлжлэх болно.
АНУ-Энэтхэг
Нөгөө талаас бүс нутгийн холбоотнууд болон стратегийн түншүүдийн хувьд, жишээ нь Энэтхэгийн хувьд Хятад улс Хималайн нуруу болон далайн хилийн орчимд хил нэвтрэх нь нэмэгдэж олон дахин заналхийлж байгаа тул Дөрвөлөөр дамжуулан эвслийн дэмжлэгийг авч Энэтхэг Номхон далайн гүрэн болохоор чармайж байна. Үүний тулд Дөрвөлийн хамтарсан цэргийн сургуулилтийг дэмжих зэргээр АНУ болон бүс нутгийн бусад улс оронтой хамтын ажиллагаагаа нягтруулж байна. Түүнчлэн Эдийн засгийн онцгой бүс дэх Хятадын үйл ажиллагаа болон сүүлийн жилүүдэд Бенгалийн буланд хийх Хятадын далайн гүний судалгаа олширч байгаа зэрэг нь Энэтхэгийн армийг Энэтхэгийн далайд “эзэн нь байх” сэдлийг өдөөж байна гэж хэлж болох юм. Үүний тулд Америкийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай бөгөөд Д.Трампын засаг захиргааны үед АНУ Энэтхэгийн батлан хамгаалахын гол түнш болохоо дахин баталсан юм.
Харин Ж.Байден ардчиллын хэм хэмжээ, хүний эрхийн асуудалд гол анхаарлаа хандуулвал Кашмирийн асуудал зэрэг нь хоёр орны харилцаанд төвөг удаж болзошгүй. Мөн Энэтхэгийн цэргийн Оросоос авч буй зэвсэглэл тодорхой бэрхшээл үүсгэж магадгүй юм.
АНУ-Япон
Японы хувьд тухайн үеийн ерөнхий сайд Ш.Абэ Чөлөөт нээлттэй Энэтхэг Номхон далай гэх ойлголтыг гаргаж ирсний хувьд Японы уг стратегийн талаарх үзэл баримтлал, зарчим чиглэл нь илүү эмх цэгцтэй байдаг гэж зарим судлаачид үздэг. АНУ, Энэтхэгээс ялгаатай нь Япончууд үүнийг “стратеги” бус “хэтийн зорилго” гэж нэрлэсэн байдаг. Уг хэтийн зорилгыг хэрэгжүүлэх гурван чиглэлийг тодорхойлсон ба америкчууд үүнээс санаа авсан гэж үзэх ажиглагчид ч байдаг. Энэ нь 1) хууль ёсыг сахин, навигацын эрх чөлөө болон эдийн засгийн харилцан хамаарлыг сурталчилан бэхжүүлэх, 2) олон улсын стандарт, ил тод байдлын дагуу чанартай дэд бүтцийг хөгжүүлж, холболтын төслүүдийг дэмжин сайжруулах замаар эдийн засгийг хөгжүүлэх, 3) гамшгийн эрсдлийг бууруулах, үл дэлгэрүүлэх чиглэлд хамтран ажиллаж, далайн хуулийн чадамжыг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлэх замаар бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг дээшлүүлэх Японы амлалт юм.
“Хэтийн зорилго”-д тусгасан эдийн засгийн харилцан хамаарлаа бэхжүүлэх чиглэлийнхээ дагуу Япон улс Бээжинтэй харилцах аюулгүй байдлын асуудал, эдийн засгийн асуудлаа ямагт тусад нь байлгахаар хичээж ирсэн нь Хятад улс Японы хамгийн том худалдааны түнш хэвээр байгаа, “Нэг бүс, нэг зам” санаачилгын талаар зөрчилтэй байдаг ч RCEP-т нэгдсэнээс харагдаж байдаг.
Харин Хятадын эсрэг Япон АНУ-ыг холбож буй нэг чухал зүйл бол Зүүн Хятадын тэнгис дэх Япон Хятадын нутаг дэвсгэрийн маргаантай асуудал, тэнд явуулж буй Хятадын ажиллагаа юм. Саяхан ерөнхийлөгч Ж.Байден Японы ерөнхий сайд Ё.Сугатай ярилцах үеэрээ АНУ Хамтын ажиллагаа, аюулгүй байдлын гэрээний 5-р зүйлд заасан амлалтаа биелүүлэх бөгөөд энэхүү гэрээг маргаантай байгаа Сенкаку аралд хамааруулан өргөжүүлэхээр тохиролцжээ.
Түүнчлэн Энэтхэг-Номхон далайн стратегийн хүрээнд хоёр тал хамтын ажиллагаагаа аюулгүй байдлын чиглэлээс гадна эрчим хүч, дэд бүтэц, дижитал холболтын салбарт өргөжүүлэхээр тохиролцсон.
АНУ-Австрали
Хүн амтайгаа харьцуулвал асар том газар нутагтай Австралийн хувьд батлан хамгаалах, аюулгүй байдлын салбар дахь стратегийн тулгамдсан асуудлуудаа зохицуулах гэж удаан тэмцсээр ирсэн. Австралийн хүчирхэг холбоотнуудаа дэмжих, бүс нутагтаа аюулгүй байдлыг тогтоох, тив улсаа батлан хамгаалах шаардлага зэрэг бодлогууд нь харьцангуй салангид байдлаар хэрэгжиж ирсэн гэж зарим ажиглагчид үздэг. Харин Энэтхэг-Номхон далайн стратеги Австралид бүс нутгийн аюулгүй байдлын янз бүрийн сорилтуудыг нэгтгэн харж ойлгон, хариу арга хэмжээ авах боломжийг олгохын зэрэгцээ Хятад болон АНУ түүний холбоотнуудын хоорондын сөргөлдөөнд Австралийн гүйцэтгэх үүргийг тодруулж өгсөн.
Мөн энэ стратеги нь Энэтхэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр бага анхаарч ирсэн Энэтхэгийн далайн эргийн мужуудаа хөгжүүлэх боломжийг олгох юм. Түүнчлэн Австралид бүс нутгийн аюулгүй байдлын гол түншүүд, Энэтхэгийн далайн орнуудтай харилцаагаа сайжруулах, өргөжүүлэх, далайн харилцааны аюулгүй байдлын бүс нутгийн нэгдсэн стратегийг хөгжүүлэхэд туслах, Австралийн тэнгисийн цэргийн хүчинд Ойрх Дорнодтой байгуулсан хэлэлцээрээ хэрэгжүүлэхэд дөхөм болох, Энэтхэгийн зүүн хэсэгт нөөц бололцоогоо дахин хуваарилах зэрэг ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна.
Дүгнэлт
Эцэст нь нэгтгээд харахад гадаад бодлого гэдэг нь тухайн үндэстний ашиг сонирхолоос үүдэлтэй, дотоодын улс төрийн хурцадмал байдал, үл ойлголцлоос үл хамааран залгамж чанартай, тогтвортой үргэлжилж байх бодлого болохыг энэхүү стратеги дахин нотлож байна.
Цаашдаа түншлэл бэхжиж, хамтын ажиллагаа өргөжин тэлэх хэдий ч ковид-19 цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн уналтаас үүдэн үйл ажиллагааны санхүүжилт багасч, удаашрах магадлалтай юм. Бүс нутгийн орнуудын бас нэг болгоомжлол нь АНУ-тай харилцаагаа бэхжүүлэх нь Хятадын эсрэг эвсэлд нэгдэж байна гэх ойлголтийг төрүүлэх вий гэх болгоомжлол бөгөөд ерөнхийлөгч Ж.Байдены хувьд энэ бас нэгэн сорилт болж болзошгүй юм. Бүс нутгийн орнууд аль нэг талыг налахыг хүсэхгүй нь ойлгомжтой бөгөөд болж өгвөл аль аль талтай нь харилцан ашигтай хамтран ажиллахыг хүснэ.
Гэхдээ Америк болон түүний Чөлөөт нээлттэй Энэтхэг-Номхон далайн түншүүд нь Хятадын эсрэг нэг ашиг сонирхолтой, эдийн засаг, зохион байгуулалт, зөөлөн хүчний талаасаа чадавх өндөртэй улсууд тул энэ стратегийн хэтийн төлөв тогтвортой, амжилттай байх өндөр магадлалтай юм.
Ашигласан материал:
https://www.researchgate.net/publication/335989375_Free_and_Open_Indo-Pacific_Strategy_Outlook
https://www.globaltimes.cn/page/202101/1214293.shtml
https://www.dw.com/en/can-president-joe-biden-return-the-us-pivot-to-asia/a-56337037
https://diplomatist.com/2021/02/10/joe-biden-china-and-the-indo-pacific/
https://www.orfonline.org/expert-speak/biden-on-indo-pacific-continuing-the-america-first-approach/
https://www.isas.nus.edu.sg/wp-content/uploads/2021/02/Bidens-Indo-Pacific-Final.pdf
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Цар тахлын үеийн эдийн засгийн төлөв байдалДараах нийтлэл
БНХАУ-ын “Хоёр чуулган”Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19