Цар тахал дэгдэж улс орнуудын засгийн газар тахлын дэгдэлтийг хумих үүднээс дор бүрнээ 14-45 хоногийн хэд хэдэн удаагийн давтамжтай хөл хорио тогтоосон. Хөл хорио тогтоох бүрд хэрэглээ, үйлчилгээнд суурилсан эдийн засаг агшиж байсан тул эрх баригчид иргэд, аж ахуй нэгжүүдэд зориулан бэлэн мөнгө, дотоодын үйлдвэрлэгч нараас худалдан авалт хийх эрхийн бичиг олгосон. Мөн төв банкнууд цар тахлын үед эдийн засгаа тогтвортой байлгахын тулд мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлсэн. Мөнгөний зөөлөн бодлого нь бодлогын хүүг нам доор түвшин буюу 0-1 хооронд байлгахыг хэлдэг. Бодлогын хүү буурснаар зээл олголтын хэмжээ нэмэгдэж, зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлт өсдөг. Мөнгөний нийлүүлэлт өссөнөөр худалдан авалт, хэрэглээ, үйлчилгээний эдийн засаг сэргэдэг давуу талтай. Гэвч цар тахлын үед мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээр, хүнснээс бусад төрлийн худалдан авалт буурч тухайн улсын үндэсний валютын ханш бусад валютын эсрэг унах сөрөг байдал ажиглагдсан. Иймээс цар тахлын дараах эдийн засагт их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийгдсэнээр ямар өөрчлөлт орж байгаа талаар судалж гаргаж ирэхийг зорив.
Тэргүүлэх улс орнуудын эдийн засагтаа хэрэгжүүлж буй алхмууд ба түүний үр дүн
АНУ-ын Сангийн яамнаас ажлын байрыг дэмжих зорилгоор 1.9 их наяд ам.доллар зах зээлд нийлүүлэх санал гаргаж ирсэн. Харин Холбооны нөөцийн сан(ХНС)-ны 2021 оны эхний хурлаар бодлогын хүүгээ 0 орчимд хэвээр үлдээж, сард 120 орчим тэрбум ам.долларын бонд худалдан авалтын хөтөлбөрөө яг энэ түвшинд нь үргэлжлүүлэхээ зарлажээ. ХНС-ийн тэргүүн Ж.Повел “Эдийн засгийн сэргэлт алгуур үргэлжлэх бөгөөд ковид-19-ийн тархалт өндөр хэвээр энэ үед төсвийн нэмэлт дэмжлэг шаардлагатай. Эдийн засаг сэргэх эсэх нь зөвхөн “коронавирус” бус вакцинжуулалтаас ихээхэн хамаарч байгаа” гэж онцолсон. АНУ эдийн засгаа богино хугацаанд сэргээхэд их хэмжээний мөнгийг зах зээлд буюу М2-т нийлүүлж байна. Энэ мөнгөний нийлүүлэлтийн үр дүнд ам.долларын индекс буурч байна. Харин Dow jones индекс, S&P 500, Nasdaq Compositе индекс тус тус тогтвортой өсч байгаа бөгөөд цаашид өсөх хандлага ажиглагдаж байна. Учир нь зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлснээс үүдэж иргэд хэрэглээнээс давсан мөнгөний эх үүсвэрийг санхүүгийн зах зээлээр дамжуулж хөрөнгө оруулалт болгож байна.
Харин эдийн засгаа дэмжих бодлогын хүрээнд Английн Төв банкнаас бонд худалдан авах хөтөлбөрөө 195 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэхээр болжээ. Ингэснээр бонд худалдан авах хөтөлбөрийн дүн нийтдээ 1.1 их наяд ам.долларт хүрээд байна. Энэхүү хөтөлбөр нь 2021 оны эхнээс эхэлж, 2021 оныг дуустал үргэлжлэх төлөвтэй байна. Харин Английн Төв банкны ерѳнхийлѳгчийн мэдээлснээр Төв банк бодлогын хүүгээ 0.1 хувьд хэвээр хадгалахаар болжээ. Төв банк нь 2020 оны 3 дугаар сараас хойш мөнгөний бодлогын төлөвийг 4 удаа зѳѳлрүүлээд байгаа бөгөөд оны сүүлийн улиралд Английн эдийн засаг 2 хувиар агших төлөвтэй байгаа аж.
Eвропын Төв банк ковид-19 цар тахлаас болж хямраад байгаа эдийн засгаа дэмжих хөтөлбөрийн хүрээнд банкуудад илүү хямд санхүүжилт олгох зорилгоор бонд худалдан авалтын хөтөлбөрөө уртасгаж, 500 тэрбум еврогоор өргөжүүлэхээр болов. Ингэснээр нийт бонд худалдан авалтын хөтөлбөрийн хэмжээ 1.35 их наяд еврогоос 1.85 их наяд еврод хүрч нэмэгдэхийн зэрэгцээ хөтөлбөрийн хугацааг 2021 оны 6 дугаар сар хүртэл байсныг 2022 оны 3 дугаар сар хүртэл хэрэгжүүлэхээр сунгасан байна.
Eвропын Төв банкны тэргүүн Кристин Лагард хэлэхдээ “Eвро бүсийн эдийн засаг 2020 оны IV улиралд 2.2 хувиар агшиж, ирэх жилийн эхэн үед эдийн засгийн уналт үргэлжлэх төлөвтэй, инфляцын түвшин бага хэвээр байгаа”-г онцолжээ. Мөн Eвропын Төв банк ирэх жилийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 3.9 хувь болгож бууруулжээ. Гэсэн хэдий ч 2022 оны төсөөллөө 4.2 хувь болгон нэмэгдүүлж, 2023 онд 2.1 хувь байхаар тооцсон байна. Төв банк суурь хүүгээ хасах 0.5 хувьд хэвээр үлдээв.
Европын холбооны төв банк, АНУ-ын Холбооны нөөцийн сан, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудын төв банкууд бодлогын хүүг нам доор түвшинд байлгаж Засгийн газрын бонд худалдан авалт бодлогоо үргэлжлүүлж байна. Ингэснээр эдийн засгийн байдал сайжиртал Засгийн газрыг төв банкаар дамжуулж санхүүжилт хийх нь тодорхой байна.
Эдийн засгийн төлөв байдал
ОУВС-ийн Ерөнхий эдийн засагч Гита Гопинат СNBС-д өгсөн ярилцлагадаа “Дэлхийн ихэнх өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг 2021 оны сүүлийн хагас гэхэд хэвийн төлөвт орох хүлээлттэй байна” гэжээ. ОУВС-аас 2020 оны 10-р сард нийтэлсэн “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайланд дэлхийн эдийн засаг 2020 онд 4.4 хувиар агшиж, 2021 онд 5.2 хувиар өсөх бол АНУ-ын эдийн засаг 2020 онд 4.3 хувиар агшиж, 2021 онд 3.1 хувиар өсөхөөр таамаглаж байв. Тэгвэл ковид-19-ийн вакцин бий болсон нөлөөгөөр энэхүү таамаглал тун удахгүй шинэчлэгдэхээр байгааг Гита Гопинат дурджээ. Мөн тэрээр дэлхийн улс орнуудын эдийн засгийн сэргэлт харилцан адилгүй байхаар байгаа хэдий ч 2022 он гэхэд бүрэн сэргэх хүлээлттэй байгаа бөгөөд Төв банкууд болон засгийн газрууд санхүүжилтийн багц хөтөлбөр, тэтгэмжүүдээ зогсоохдоо маш бодлоготой хандах хэрэгтэйг анхааруулсан юм.
Дэлхийн банк “Глобал эдийн засгийн төлөв” тайлангийн шинэ дугаараа 2021 оны 1 дүгээр сард нийтлэлээ. Шинэчилсэн төсөөллөөр дэлхийн эдийн засаг 2021 онд 4 хувиар өсөхөөр байгаа нь өмнөх төсөөлөл буюу 2020 оны 6 дугаар сарын төсөөллөөс 0.2 нэгж хувиар бага байна. Харин 2022 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3.8 хувь болж саарахаар байгаа нь цар тахлын эдийн засагт нөлөөлөх урт хугацааны сөрөг үр дагaвруудтай холбоотой байна. Бүс нутгаар авч үзвэл цар тахлын тархалт өндөр байгаа АНУ болон Евро бүсийн эдийн засгийн төлөв муудаж байна. Тухайлбал, АНУ-ын эдийн засаг өмнөх төсөөллөөс 0.5 нэгж хувиар буурч 3.5 хувиар, Евро бүсийн эдийн засаг 0.9 нэгж хувиар муудаж 3.6 хувиар өсөх төсөөлөлтэй байна. Харин халдварын тархалтыг хяналтдаа аваад буй БНХАУ-ын эдийн засаг өмнөх төсөөллөөс 1 нэгж хувиар нэмэгдэж 7.9 хувиар өсөх төлөвтэй.
Цаашид дэлхийн эдийн засгийн сэргэлт вакцинжуулалтаас ихээхэн хамаарах бөгөөд цар тахал хэр удаан үргэлжлэхээс шалтгаалж өрийн дарамт нэмэгдэх, бизнесүүд бүрмөсөн зогсоx, ажилгүйдэл нэмэгдэх зэрэг эрсдэлүүд өндөр хэвээр байна.
Цаашид дэлхийн эдийн засгийн сэргэлт вакцинжуулалтаас ихээхэн хамаарах бөгөөд цар тахал хэр удаан үргэлжлэхээс шалтгаалж өрийн дарамт нэмэгдэх, бизнесүүд бүрмөсөн зогсоx, ажилгүйдэл нэмэгдэх зэрэг эрсдэлүүд өндөр хэвээр байна. Түүнчлэн, уг тайланд засгийн газрууд бизнесийн орчин, боловсрол, бүтээмжийг сайжруулах арга хэмжээнүүдийг авахгүй бол эдийн засгийн өсөлтийн хурдыг 10 орчим жилээр хойш татах эрсдэлтэйг анхааруулжээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас 2020 оны 12 дугаар сарын тайландаа дэлхийн эдийн засаг 2020 онд 4.2 хувиар агшиж, 2021 онд 4.2 хувиар, 2022 онд 3.7 хувиар тус тус өсөхөөр төсөөлжээ. Энэ нь өмнөх улирлын төсөөлөлтэй харьцуулахад 2020 онд 0.3 нэгж хувиар сайжирсан, 2021 онд 0.8 нэгж хувиар муудсан төсөөлөл юм. Энэ оны III улирлаас хөл хорио суларч, үйлдвэрлэл, өрхийн хэрэглээ сэргэсэн ч цар тахлын хоёр дахь давлагааны улмаас Евро бүсийн эдийн засаг IV улиралд агшсан байна. Харин улс орнуудад эдийн засгийн сэргэлт харилцан адилгүй байгаагийн зэрэгцээ ажил эрхлэлт хурдтай сэргэхээргүй, хөрөнгө оруулалтын тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа тул 2022 онд дэлхийн эдийн засгийн сэргэлт өмнөх төсөөллөөс алгуур байх төлөвтэй гэж тус байгууллага үзэж байна.[1]
БНХАУ-ын эдийн засгийн төлөв
БНХАУ-ын Статистикийн үндэсний хорооноос 1 сарын 18-нд ДНБ-ий гүйцэтгэлийг зарлалаа. БНХАУ-ын эдийн засаг 2020 оны IV улиралд өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсч, жилийн 2.3 хувийн өсөлттэй гарлаа. Үүнд экспорт өсөлт гол хүчин зүйл болсон бол дотоод хэрэглээ хүлээлтээс бага байжээ. БНХАУ-ын экспорт, импорт 12 дугаар сард хүлээлтээс давж 18.1 хувь, 6.5 хувиар тус тус өсчээ. Улмаар экспорт 7 дахь сардаа, импорт 4 дэх сардаа дараалан өсч байгаа юм. БНХАУ-ын гадаад худалдааны ашиг 78.2 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрээд байна.
Экспорт хүлээлтээс өндөр өсөлттэй гарахад 12 дугаар сарын PMI индексийн судалгаагаар шинэ захиалгын бүрэлдэхүүн хэсэг 4 дэх сардаа тэлэлттэй гарсан, ковид-19-тэй холбоотой эрүүл мэндийн хангамжийн эрэлт өндөр байсан нь нөлөөлөв. БНХАУ-ын нийт экспорт 2020 онд жилийн 3.6 хувиар өссөн бол импорт 1.1 хувиар агшиж, гадаад худалдааны ашиг жилийн 535 тэрбум ам.долларт хүрсэн нь 2015 оноос хойш хамгийн өндөр дүн юм.
Улс орнуудад вакцинжуулалт үргэлжилж, 2021 оны сүүлийн хагаст гадаад эрэлт тогтворжих хүлээлттэй тул БНХАУ-ын экспортын өндөр эрэлт цаашид одоогийн түвшинд хадгалагдаж чадахгүй гэж шинжээчид харж байна.
БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс 11 дүгээр сард 0.5 хувиар буураад байсан бол 12 дугаар сард хүлээлтээс өндөр буюу өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар өслөө. Хэрэглээний үнийн индекс ийнхүү хүлээлтээс давж өсөхөд өмнөх жилүүдээс илүү хүйтэн өвөл болж буй нөлөөгөөр хүнсний үнэ жилийн 1.2 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.
Үндсэн хөрөнгийн (fixed asset investment) хөрөнгө оруулалт 2020 оны эхний 11 сард 50 их наяд юаниар буюу жилийн 2.6 хувиар өссөнөөс хувийн сектор дахь хөрөнгө оруулалт 27.8 их наяд юаниар буюу жилийн 0.2 хувиар өссөн нь 2020 оны анхны эерэг өсөлт болов. Харин боловсруулах салбар дахь хөрөнгө оруулалт 2020 оны 11 дүгээр сард жилийн 3.5 хувиар буурсан бол дэд бүтцийн барилга байгууламж дахь хөрөнгө оруулалт 1 хувиар нэмэгдсэн байна.
Автомашины худалдаа 2020 оны эхний 11 сард 22.5 саяд хүрч өмнөх оны үеэс 2.9 хувиар буурсан бол автомашины үйлдвэрлэл эхний 11 сард 21.8 саяд хүрч 2.7 хувиар буурч, бууралт нь багасчээ. Харин автомашин үйлдвэрлэл 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсч, тухайн сард 2.8 сая автомашин үйлдвэрлэсэн нь өмнөх сараас 12.2 хувиар нэмэгдэв. Автомашины худалдаа 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсч 2.8 сая нэгж борлуулагдсан нь өмнөх сараас 7.6 хувиар өссөн дүн юм.
БНХАУ-ын дотоодын үл хөдлөх салбарын хөрөнгө оруулалт 2020 оны эхний 11 сард 12.9 их наяд юань хүрч өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар нэмэгдсэнээс орон сууцны хөрөнгө оруулалт жилийн 7.4 хувиар өсч, 9.6 их наяд юаньд хүрч сэргэлт хадгалагдаж байна.
2020 оны эхний 11 сард БНХАУ-ын Монгол Улсаас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 22.8 сая тонн буюу өмнөх оны мөн үеэс 29 хувиар буурсан бол Австралиас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 15 хувиар нэмэгдэж 35.36 сая тоннд, Канадаас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 38.1 хувиар өсч 4.15 сая тоннд, ОХУ-аас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 2.2 хувиар өсч, 5.55 сая тоннд тус тус хүрчээ.[2]
БНХАУ-ын гангийн импорт 2020 оны эхний 11 сард нийт 18.86 сая тонн буюу өмнөх оны мөн үеэс 77.5 хувиар нэмэгдсэн ч 11 дүгээр сард 1.85 сая тонн байсан нь өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Дотоод эдийн засгийн идэвхжил бага зэрэг буурч, БНХАУ-ын Ардын Банкны дэмжлэг оны эцэс рүү багассанаар БНХАУ-ын зээл олголт 2020 оны 12 дугаар сард өмнөх сараас бага зэрэг буурлаа. Үүнд:
- Нийгмийн нийт санхүүжилт (social aggregate funding) 11 дүгээр сард өмнөх сараас 2.1 их наяд юаниар өссөн бол 12 дугаар сард хүлээлтэд нийцтэйгээр 1.7 их наяд юаниар өсөв.
- Шинээр олгосон зээлийн хэмжээ 11 дүгээр сард 1.4 их наяд юань байсан бол 12 дугаар сард 1.3 их наяд юань хүрч буурчээ. Мөнгөний нийлүүлэлт 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар, 12 дугаар сард 10.1 хувиар тус тус нэмэгдэв.
- 2020 оны 11 дүгээр сард корпорацуудад бондоор дамжуулан 86.2 тэрбум юанийн санхүүжилт олгосон бол 12 дугаар сард уг дүн 44.2 тэрбум юань хүрч өмнөх сараас эрс буурав.
БНХАУ-ын эдийн засгийн статистик мэдээллийг дүгнэж үзэхэд гадаад худалдаа ашигтай гарсан нь тус улсын дотоод үйлдвэрлэл богино хугацаанд сэргэснийг харуулж байна. Мөн дотоодын худалдан авалт, хөрөнгө оруулалт таамагласан түвшнээс дээгүүр байгаа нь цаашид ч богино хугацаанд сэргэх хандлагатай байна.
Иймд БНХАУ-ын хувьд цар тахлын дараах эдийн засгийн хөгжлийн бодлого болох XIV таван жилийн төлөвлөгөө олон улсын анхаарлыг татах юм. Хөрөнгө оруулагч нарын таамаглаж буйгаар БНХАУ эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн хандлага нь цахим эдийн засаг, аж үйлдвэрлэлийн 4 дүгээр хувьсгалыг хэрэгжүүлж, sharing economic байх магадлалтай байна. Цахим суурьтай эдийн засгийн шинэ хандлага нь шинэ төрлийн вирусийн халдвар гарсан ч эдийн засагт ямар нэг хүндрэл үүсгэхгүй байлгахад орших юм. Цахим эдийн засгийг дэмжих үүднээс БНХАУ-ын төрийн өмчит банкууд тус улсын цахиурын хөндийд хөрөнгө оруулах нь нэмэгдэхээр байна.
Дүгнэлт
Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх зорилготойгоор их хэмжээний санхүүжилтийн хөтөлбөрийг дэлхийн улс орнуудын эрх баригчид хэрэгжүүлж байна. Эдийн засагт их хэмжээний мөнгөн хөрөнгө оруулалт хийгдсэнээр үндэсний валютын ханш бусад валютын эсрэг унах эрсдэлд ордог. Үүний зэрэгцээ үр ашиг өгөхгүй төслүүдийг санхүүжүүлэх нь дунд хугацаанд өрийн дарамтад орох, эдийн засгийн уналт үүсэхэд нөлөөлдөг юм. Харин өрнөдийн болон Азийн тэргүүлэх эдийн засагтай улс орнууд эдийн засгаа дэмжих хөтөлбөрийн тэргүүн эгнээнд цахим эдийн засгийн төслүүдийг санхүүжүүлэхээр дурдаж байгаа нь анхаарал татаж байна. Иймд Монгол Улсын хувьд эдийн засгаа сэргээх зорилгоор шинэ төрлийн цахим бизнесийн төслүүдийг санхүүжүүлэхэд анхаарал хандуулж, цахим суурьтай хөгжлийн төлөвлөгөө боловсруулах нь зүйтэй юм.
[1]https://www.mongolbank.mn/documents/news/communication/%D0%93%D0%BB%D0%BE%D0%B1%D0%B0%D0%BB%20%D1%82%D0%BE%D0%B9%D0%BC/01-Global_toim-2021-01-14.pdf
[2] http://www.sxcoal.com/news/4621395/info/en
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Сүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02