Шанхайн хамтын ажиллагааны байгууллага: Цар тахлын үеийн хамтын ажиллагаа, Монгол Улсын сонирхол
2021-02-26
Монгол Улс нь Зүүн хойд Ази, Төв Азийн бүс нутгийн аль алинд хамрагдах боломжтой газарзүйн онцлог байрлалтай бөгөөд эдгээр бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй оролцохыг гадаад бодлогынхоо чухал чиглэл гэж үздэг. Тиймээс ШХАБ-ыг Төв Азийн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг гэж үзэн 2004 онд тус байгууллагад ажиглагчийн статустай болсон билээ. ШХАБ-д ажиглагчийн статустай болох асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцүүлэх үед ШХАБ-ын хүрээнд эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа, тухайлбал эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү оролцох зөвлөмжийг гаргаж байсан.
Монгол Улсын сонирхол
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс ШХАБ-ын ажиглагчийн статусыг бэхжүүлэх, ажиглагчийн эрх, үүргийг дээшлүүлэх, ажиглагч, гишүүн орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр тодорхой санаачилга дэвшүүлж ажилласан. ШХАБ-ын хүрээнд байгуулсан олон баримт бичгүүд, гишүүн орнуудын удирдагчид болон ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хэлсэн үгэнд ажиглагч орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ажиглагч орнуудын нөөц бололцоог илүү ашиглахын чухлыг тэмдэглэсэн байдаг нь бидний хүчин чармайлт тодорхой үүрэг гүйцэтгэснийг илтгэж байгаа юм.
2007 онд манай улс ажиглагч орнуудын дотроос хамгийн түрүүнд ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг өөрийн улсад урьж айлчлуулсан. ШХАБ-ын Ажил хэргийн зөвлөлийн хуралдааныг 2010 онд Улаанбаатар хотод зохион байгуулсан нь уг зөвлөлийн хуралдаан ажиглагч оронд болсон анхны тохиолдол байлаа. Уг хуралдаан нь гишүүн болон ажиглагч орнуудын бизнесийн хүрээнийхний хэлхээ холбоог бэхжүүлэх, манай хувийн хэвшлийнхэн ШХАБ-ын үйл ажиллагаа, тус байгууллагын хүрээн дэх эдийн засгийн хамтын ажиллагааны талаар илүү өргөн мэдээлэл авахад тустай арга хэмжээ болсон.
Хэдий тийм ч ШХАБ-ын хүрээнд бидний хамгийн их сонирхож ирсэн эдийн засгийн чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөрт хамрагдаж чадаагүй байна. Энэ нь ШХАБ-ын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны түвшин доогуур байгаатай юуны өмнө холбоотой. Нөгөө талаас манай улс өөрийн түлхүү сонирхож буй чиглэлээр тооцоо, судалгаанд тулгуурласан хамтын ажиллагааны тодорхой санал дэвшүүлж байгаагүйтэй ч холбоотой юм. Монгол Улсын холбогдох яам, байгууллагуудад ШХАБ-ын талаарх судалгаа хийгддэггүй, уг байгууллагатай харилцах асуудлыг хариуцах ажилтан байдаггүй тул хамтын ажиллагааны тодорхой санал, төсөл боловсруулах боломж хязгаарлагдмал байж ирэв.
ШХАБ дахь оролцооны бодит үр дүнг дээшлүүлэхийн тулд ШХАБ-ын талаар баримтлах чиглэлийг нарийвчлан боловсруулж, мөрдөж ажиллах шаардлагатай.
Эдийн засгийн ямар нэг төсөл, хөтөлбөрт хамрагдаагүй тул өнгөрсөн хугацаанд ШХАБ-ын үйл ажиллагаанаас бодит үр ашиг хүртэж чадсангүй гэж дүгнэж болохоор байна. Гэхдээ ШХАБ-д ажиглагчийн статустай байгаа нь улс төрийн хувьд ач холбогдолтой байсан гэж үзэж болно. Юуны өмнө, Төв Азийн бүс нутаг дахь сонирхолоо илэрхийлэх талбарыг ШХАБ бидэнд олгож ирсэн. Мөн дээд түвшний арга хэмжээнд оролцох үеэр ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын удирдлагатай хоёр талын уулзалт хийж байсан нь тэдгээр оронтой хөгжүүлж буй хамтын ажиллагааг урагшлуулахад тустай байв. Ажиглагч болсноор бүс нутгийн үйл хэрэгт гүйцэтгэх үүрэг нь нэмэгдэж байгаа байгууллага болох ШХАБ-ын хүрээнд өрнөж буй хамтын ажиллагааны талаар болон гишүүн, ажиглагч орнуудын бодлого, үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл авахад ач холбогдолтой байв.
Ийнхүү ШХАБ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалт, сайд нарын уулзалт, ШХАБ-ын Ажил хэргийн зөвлөл, ШХАБ-ын Форумд оролцож иржээ. Сүүлийн жилүүдэд ШХАБ-ын үйл ажиллагааны хүрээ тэлж байгааг харгалзан боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин, гамшгийн менежмент, мөн терроризм, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр оролцох болж байна. Мөн ШХАБ-ын хүрээнд байгуулсан зарим гэрээнд нэгдэх боломжийг судлаж байна.
Монгол Улс ШХАБ-ын хүрээнд эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа, тухайлбал эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү оролцох сонирхолтой байдаг. Тэгээд ч ШХАБ нь гишүүн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаанд түлхүү анхаарахын зэрэгцээ эдийн засгийн аливаа төсөлд бүх улс оролцохгүй, сонирхсон улсууд хамтарч хэрэгжүүлэх гэсэн прагматик зарчим баримталж байгаа нь зүйтэй юм. Монгол Улс ч гэсэн энэ зарчмаар ОХУ, БНХАУ-ыг холбосон Монголын төмөр замыг шинэчлэх, Монголын баруун хэсгийг Төв Азийн орнуудтай холбох төмөр болон авто зам тавих зэрэг төслүүдийг ШХАБ-ын хүрээний төсөл болгон холбогдох талуудтай хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байдаг юм. Мөн бүс нутгийн улсуудын нэлээдгүй газар нутгийг хамран, хvний болон эд материалын гарз хохирол учруулж байгаа байгалийн гамшгийн эсрэг ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын гамшгийн холбогдох байгууллагын зүгээс хамтарсан сургууль хийх явдлыг ихээхэн чухалчилж энэ талаар тогтмол байр сууриа илэрхийлсээр ирсэн юм.
Ажиглагч улсын боломжууд
Монгол Улс ажиглагчийн статусыг бүрэн дүүрэн ашиглах тухай ярихын өмнө ажиглагч орнууд ямар эрх, боломжтой байдгийг сайн ойлгох ёстой. 2004 оны дээд түвшний уулзалтаас баталсан “ШХАБ-ын ажиглагчийн статусын тухай журам” нь ажиглагч орнуудын үйл ажиллагааг зохицуулах гол баримт бичиг юм. Мөн ажиглагчийн оролцоог илүү нарийвчлан тусгасан албан бус журмыг 2008 онд гаргасан байдаг. Эдгээр журамд зааснаар ажиглагч орнууд ШХАБ-ын хүрээний уулзалтуудын механизмд оролцохоос гадна олон улсын асуудлаарх зөвлөлдөх уулзалт, эрдэм шинжилгээний хурал, соёлын өдрүүд, үзэсгэлэн, тэмцээн зэрэг урлаг, спортын арга хэмжээнүүдэд оролцох эрхтэй. Мөн тусгай баримт бичиг байгуулсны үндсэн дээр ШХАБ-ын хүрээний эдийн засгийн төслүүдэд оролцох, олон талт гэрээ, хэлэлцээрт нэгдэх боломжтой байгаа.
ШХАБ-ын үйл ажиллагаан дахь оролцооны бодит үр дүнг дээшлүүлэхийн тулд ШХАБ-ын талаар баримтлах чиглэлийг нарийвчлан боловсруулж, мөрдөж ажиллах шаардлага Монгол Улсад буй. ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцох чиглэлийг тэргүүлэх чиглэл (эдийн засгийн хамтын ажиллагаа, тухайлбал эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, хөдөө аж ахуй), идэвхтэй оролцох чиглэл (боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин, гамшгийн менежмент), зохих хэлбэрээр оролцох чиглэл (терроризм, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх) гэж ангилан, холбогдох байгууллагууд үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох хэрэгтэй байна.
ШХАБ-ын хүрээнд хоёр болон олон талын шугамаар хэрэгжүүлж болох тодорхой төсөл, хөтөлбөр бэлтгэж холбогдох талуудад санал болгох нь манай оролцооны бодит үр дүнг нэмэгдүүлэх гол нөхцөл болох юм. ШХАБ-ын хүрээнд байгуулагдсан гэрээ, хэлэлцээрүүд дотроос манай улсын хувьд ач холбогдолтой зарим гэрээ, хэлэлцээрт нэгдэх боломжийг судлах хэрэгтэй.
Монгол Улсын ШХАБ дахь оролцоог илүү үр дүнтэй болгоход төрийн байгууллагуудаас гадна хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын үүрэг чухал юм. ШХАБ-ын хүрээн дэх засгийн газрын бус 3 бүтэц болох Ажил хэргийн зөвлөл, Банкны нэгдэл, “ШХАБ-ын форум”–ын үйл ажиллагаанд манай холбогдох байгууллагуудыг тогтмол, идэвхтэй оролцуулдаг байх нь Монгол Улсын оролцоог идэвхжүүлэх, үр дүнг сайжруулахад тустай юм. ШХАБ-ын гишүүн орнуудын эрдэмтэн судлаачид байгууллагын үйл ажиллагааны талаар санал солилцож, төр, засгийн байгууллагууддаа санал, зөвлөмж дэвшүүлдэг гол суваг болох “ШХАБ-ын форум”-ын үйл ажиллагаанд эрдэм шинжилгээний байгууллагуудыг идэвхтэй оролцуулах, цаашид эрдэм шинжилгээний 1-2 байгууллагуудыг түшиглэн ШХАБ судлалын төв юм уу ШХАБ-ын асуудлаарх албан бус зөвлөл байгуулж ажиллах шаардлагатай. Ажил хэргийн зөвлөлийн үйл ажиллагаанд МҮХАҮТ оролцож ирснийг илүү тогтмолжуулах, байнгын шинжтэй болгох хэрэгтэй. Мөн Банкны нэгдлийн үйл ажиллагаанд манай банкуудыг зохистой хэлбэрээр оролцуулах шаардлагатай юм.
Ковид-19 ба ШХАБ
Цар тахалтай тэмцэх, хор хөнөөлийг бууруулах нь ойрын ирээдүйд ШХАБ-ын гишүүн улсуудын анхаарал хандуулах гол сэдвүүдийн нэг байна. Одоогийн байдлаар ШХАБ-ын орнууд COVID-19 ийн тархалтыг хохирол багатай даван туулахын тулд мэдээлэл, эмчилгээний практик, эм тариа солилцох системийг байгуулан ажиллахаар санал нэгдээд байна. Энэ чиглэлд Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевын хил дамнасан халдварт өвчинтэй тэмцэхийн тулд ШХАБ-ын газар нутагт эрүүл мэндийн байгууллагуудын сүлжээг бий болгох санаачилга гаргасныг бусад улсууд дэмжсэн. ОХУ-ын тухайд, энэ чиглэлд боловсон хүчнийг сургахад ихээхэн анхаарал хандуулж байна. “Эхний үе шатанд боловсон хүчнээ хамтарч сургах тогтолцоог ядаж шаардлагатай улс орнуудад бий болгох нь чухал.” хэмээн ерөнхийлөгч В.Путин онцолсон билээ.
ШХАБ-ын орнууд вирусийн тархалтын эсрэг өөр хоорондоо туслалцаа, дэмжлэг үзүүлсээр байгаа бөгөөд одоо ч үргэлжилж байна. Тодруулбал, ОХУ нь COVID-19 ийн лабораторийн оношлогоонд зориулж хагас сая орчим техникийн иж бүрдэл, хүрэлцэхгүйгээр биеийн халуун хэмжих төхөөрөмжийг ШХАБ-ын түншүүддээ хандивлаад байна. Түүнчлэн эмч нарын бүлгүүдээ Казахстан, Кыргызстан, Тажикистан, Узбекистан руу нийт есөн томилолтын хүрээнд илгээжээ. Ийнхүү эмч нарын баг илгээж ажиллах нь нөхцөл байдлыг тогтворжуулахад ихээхэн түлхэц болно хэмээн үзэж байгаагаа гишүүн улсууд илэрхийлээд, энэ чиглэлд бусад гишүүн улстай идэвхтэй, үр бүтээлтэй хамтран ажиллаж байгаа явдалд нь ШХАБ-д тэргүүлэгч Орос, Хятадын удирдагчдад талархаж байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Одоо бидний гол үүрэг бол аль болох олон хүний амь насыг аврах явдал юм. COVID-19 ийн эсрэг тэмцэлд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, бие биенээ дэмжих нь чухал болоод байна. Цар тахлыг улс төржүүлэхийг эсэргүүцэж, улс төрийн вирусийн эсрэг хамтдаа тэмцэх шаардлагатай. Хүчин чармайлтыг нэгтгэж байж л хүн төрөлхтөн улам хүчирхэгжих нь дамжиггүй бөгөөд өрнөдийн зарим орнуудын бусдын ололт, амжилтыг гутаах гэсэн хувиа хичээсэн оролдлого нь дэлхий дахины хөгжил дэвшилд саад болж байна.” хэмээн мэдэгдсэн.
Дүгнэлт
Монгол Улс бүс нутгийн улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогынхоо хүрээнд ажиглагч улсын хувиар ШХАБ-ын үйл ажиллагаанд тогтмол оролцож ирсэн бөгөөд цаашид тус байгууллагатай илүү өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байна. Бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллах ихээхэн нөөц бололцоо бий хэмээн үзнэ.
Өнгөрсөн хугацаанд манай улс ШХАБ-ын зарим арга хэмжээнд оролцож, өөрийн нутагтаа зохион байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн тодорхой санаачилгууд дэвшүүлж ирсэн ч ШХАБ-ын хүрээнд бидний хамгийн их сонирхож ирсэн эдийн засгийн чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөрт хамрагдаж чадаагүй байна. Энэ нь ШХАБ-ын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны түвшин доогуур байгаатай юуны өмнө холбоотой. Нөгөө талаас манай улс өөрийн түлхүү сонирхож буй чиглэлээр тооцоо, судалгаанд тулгуурласан хамтын ажиллагааны тодорхой санал дэвшүүлж байгаагүйтэй ч холбоотой юм.
Ажиглагчийн статусаар олгогдож буй боломжийг бүрэн дүүрэн ашиглахын тулд үйл ажиллагаагаа илүү тодорхой болгох, идэвхжүүлэх шаардлагатай.
ШХАБ нь институтжээгүй, төлөвшөөгүй, гишүүдийн тэгш оролцоог хангадаггүй гэх мэт шүүмжлэлд өртдөг ч байгууллагын гишүүн, ажиглагч улсууд төдийгүй хөндлөнгийн улсуудын судлаачдын зүгээс ШХАБ-ын ирээдүйг өөдрөгөөр төсөөлж, улам бүр динамик шинжтэй болж байгаад мөн санал нэгтэй байдаг.
Өнөө цагт олон улсад тулгамдаж буй гол аюул болох уламжлалт бус аюулуудаас сэргийлэхийн тулд бүс нутгийн улсууд болон олон талт хамтын ажиллагааны механизмуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр ШХАБ зорьж байна. Улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэх, аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм, соёлын салбарын хамтын ажиллагааг тэгш хөгжүүлэхэд хүчин чармайлт тавих аж. ШХАБ-ын өргөжих тухайд хэтдээ нилээд няхуур хандахаар зэхэж буй ч олон улс, бүс нутагт нээлттэй бүтэц хэмээн тунхаглаж байна.
Өнөөг хүртэл ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцож ирсэн байдалд Монголын зүгээс бүрэн сэтгэл хангалуун биш байгаа тул цаашид ажиглагчийн статусаар олгогдож буй боломжийг бүрэн дүүрэн ашиглахын тулд үйл ажиллагаагаа илүү тодорхой болгох, идэвхжүүлэх шаардлагатай хэмээн үзнэ.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19