Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гуравдугаар гэрээг тойрсон асуудлууд

2021-02-19

https://niss.gov.mn/wp-content/uploads/2021/02/Picture2.png

(Төгсгөл)

Гэрээний хэрэгжилт, тоон үзүүлэлт

2011 онд Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гуравдугаар Гэрээ (СДЗГ-III) хүчин төгөлдөр үйлчилж эхлэх үед АНУ-ын зэвсэглэлд тус улсын Төрийн департаментын мэдээллээр, дэлгэн байрлуулсан цөмийн цэнэгт хошуу зөөгч, түүний дотор ТАБП, ШОБП, харвах төхөөрөмж нийт 882 нэгж, цэнэгт хошуу 1,800 нэгж, дэлгэн байрлуулсан болон дэлгээгүй ХТ 1,124 нэгж тус бүр байжээ. АНУ гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 9 дүгээр сард бүрэн биелүүлсэн ба 660 нэгж зөөгч, 1,393 нэгж цэнэгт хошуу, 800 нэгж ХТ-тэй үлдсэн байна.

ОХУ-ын зэвсэглэлд 2011 оны байдлаар дэлгэн байрлуулсан тээгч 521 нэгж, цэнэгт хошуу 1,537 нэгж, ХТ 865 нэгж байв. ОХУ гэрээгээр хүлээсэн үүргээ 2018 оны 2 дугаар сарын 5 гэхэд бүрэн биелүүлж, 527 нэгж дэлгэн байрлуулсан зөөгч, 1,444 нэгж цэнэгт хошуу, 779 нэгж ХТ-тэй үлджээ.

2020 оны 9 дүгээр сарын 1-ний байдлаар, ОХУ 510 нэгж дэлгэн байрлуулсан цөмийн зэвсэг тээгч, 1,447 нэгж цөмийн цэнэгт хошуу, 764 нэгж дэлгэн байрлуулсан болон дэлгээгүй ХТ, АНУ 675 нэгж тээгч, 1,457 нэгж цэнэгт хошуу, 800 нэгж дэлгэн байрлуулсан болон дэлгээгүй ХТ зэвсэглэлдээ тус тус байлгаж байв.

Ийнхүү ОХУ, АНУ-ын стратегийн цөмийн хүчний тэнцвэр хадгалагдаж байна.

Хэдий тийм боловч америкийн тал уг Гэрээгээр тогтоосон үзүүлэлтэд хүрэхийн тулд “дахин тоноглогдсон” гэх СДЗ буюу “Trident-2” ШОБП-ийн 56 нэгж ХТ, сургуулийн зориулалттай ТАБП-ийн дөрвөн нэгж ХТ, мөн 41 нэгж “В-52Н” хүнд даацын бөмбөгдөгчийг гэрээний тооцооноос дангаараа дур мэдэн гаргасан гэх шүүмжлэлийг оросын тал байнга тавьдаг. ОХУ-ын ГХЯ-ны үзэж буйгаар, дээрх тооцоог оруулаад АНУ СДЗГ-III-нд хамаарах ёстой боловч тооны дээд хязгаараас дээрх аргаар хэтрүүлсэн хэмжээ нь 101 нэгж болж байгаа ажээ.

Нэг нэгж хүнд даацын бөмбөгдөгчийг нэг нэгж цөмийн цэнэгт хошуутай дүйцүүлж тооцох тул цөмийн нөөцийн бодит тоо  ОХУ-ын хувьд 2,100,АНУ-ын хувьд 2,400-гаар хязгаарлагдана.

Нөгөөтэйгүүр, уг Гэрээгээр дээд хязгаар хэмээн тогтоосон 1,550 нэгж цэнэгт хошуу гэдэг нь шууд утгаараа яг ийм тоо гэсэн үг хараахан биш. Учир нь, энэхүү Гэрээнд нэг нэгж хүнд даацын бөмбөгдөгчийг нэг нэгж цөмийн цэнэгт хошуутай дүйцүүлж тооцох заалт орсон. Харин бодитоор нэг ийм онгоц төрлөөсөө хамаарч 12-24 цөмийн цэнэгт пуужин, эсхүл бөмбөг тээвэрлэх хүчин чадалтай. Тиймээс бодит утгаараа цөмийн цэнэгт хошууны тоо ойролцоогоор ОХУ-ын хувьд 2,100, харин АНУ-ын хувьд зэвсэглэлдээ арай олон тооны ийм бөмбөгдөгчтэй тул 2,400 орчмоор хязгаарлагдана. Цаашид америкийн “В-1В” бөмбөгдөгчийг цөмийн хүчний харьяаллаас гаргаж цөмийн бус, ердийн зэвсгээр тоноглох явцад энэ зөрүү арилах болно; учир нь эдгээрийг дахин цөмийн зориулалтаар ашиглахын тулд буцаан тоноглох явц цаг хугацаа шаардсан, өртөг өндөртэй байх юм.

СДЗГ-I-нээс ялгаатай нь СДЗГ-III-нд “Тополь”, “Тополь-М”, “Ярс” загварын газрын байрлалтай хөдөлгөөнт пуужингийн цогцолборын байлдааны жижүүрлэлтийн газар орны талбай, тоо хэмжээтэй холбоотой хязгаарлалт байхгүй.

Талууд “цөмийн гурвал” буюу хуурай газар, агаар, тэнгисийн байрлалтай зөөгчийн нийлбэр дүнгийн “тааз”-ыг барьж байгаа тохиолдолд эдгээрийн бүтцийг өөрийн үзэмжээр тодорхойлох эрх эдлэх ба чингэхдээ харилцан мэдээлэх л үүрэгтэй. Ийм эрх, үүрэг мөн тооны дээд хязгаарт багтаан шинэ төрлийн  пуужин, бусад зөөгчийг боловсруулах, туршихад нэгэн адил хадгалагдана.

Гэрээний улс төрийн хүчин зүйл, бусад нөхцөл

СДЗГ-III-г Москвагийн санал болгож, шаардаж байсны дагуу ямар нэгэн урьдчилсан нөхцөл, нэмэлт болзолгүйгээр таван жилийн хугацаатайгаар сунгах шийдвэрийг Ж.Байдены засаг захиргаа гаргасан. “Энэ нь америкийн үндэсний ашиг сонирхолд нийцнэ гэж Вашингтон үзсэн гэсэн үг” гэж “Валдай” клубын шинжээч Р.Вайс дүгнэж байна. Хэдий тийм ч энэ нь АНУ Оросын талд ямар нэгэн буулт хийсэн гэсэн үг огтхон ч биш бөгөөд Конгресстой тохиролцоонд хүрэх шаардлагагүй, хамгийн амархан алхам юм. Учир нь АНУ-ын хуулиар, олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр сунгах асуудлыг ерөнхийлөгч Конгресстой зөвшилцөхгүйгээр өөрийн зарилгаар шийдвэрлэх эрхтэй байдаг. Тиймээс энэ алхам нь олон улсын зэвсэглэлд хяналт тавих горимын хувьд маргаангүй нааштай уур амьсгал авчирч байгаа боловч Орос-Америкийн хоёр талын харилцааны дүр зургийг тодорхойлохгүй юм. Магадгүй энэ чиглэлд Д.Трампын үеийнхээс ч илүү хатуу байр суурь баримтлах төлөвтэй.

“Сонгуулийн кампанит ажлын үеэр Ж.Байден гадаад бодлогын чиглэлээр өгсөн гол амлалтууд нь АНУ-ын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцүүдэд буцаж орох асуудалд төвлөрч байсан. Үүгээрээ тэрээр Д.Трампын бодлого, үйл ажиллагаанаас эрс ялгарахаа тодотгон харуулахыг зорьсон тул одоогоор энэ амлалтаа биелүүлэх зорилт эн тэргүүнд тавигдана” гэж Москва дахь Америкийн их сургуулийн захирал Э.Лозанский үзэж байна. Учир нь СДЗГ-III-ний хувьд, АНУ-ын Европ дахь ихэнх холбоотон, түүний дотор НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Й.Столтенберг ч уг Гэрээг сунгах ёстой гэж үзэж байсан ба Вашингтоны хувьд холбоотны харилцаанд гарсан ан цаваа засварлах шаардлага Москватай тохиролцохоос ч дутахгүй ач холбогдолтой байсан юм. Өөрөөр хэлбэл, АНУ-НАТО-ийн харилцаа, АНУ-ОХУ-ын харилцааны ашиг сонирхлын давхцал нь СДЗГ-III болсон гэсэн үг. Түүнээс гадна, зэвсэглэлээр дахин хөөцөлдөх нь үлэмж бэрхшээлтэй тулгарч буй америкийн эдийн засагт 28 их наяд ам.долларын өртөгтэй тул мөн дотоод улс төр, төсөв санхүүгийн тооцоотой ч холбоотой.

Харин шинэ засаг захиргааны Оросыг чиглэсэн бодлого цаашаа хэрхэн өөрчлөгдөж, хэлбэржихийг харахын тулд хугацаа хэрэгтэй. Үүний нэг жишээ бол Ж.Байден ОХУ-д суугаа элчин сайд Ж.Салливаныг эгүүлэн татах бус, харин албаа үргэлжлүүлэн хашихыг үүрэг болгосон явдал юм. Энэ оны 5 дугаар сар, магадгүй 6 дугаар сараас нааш зэвсэглэлд хяналт тавихаас бусад чиглэлд Оросын талаарх бодлого ч тодорхойлогдохгүй, уг бодлогыг хэрэгжүүлэх хүмүүс ч томилогдохгүй бололтой. Тиймээс СДЗГ-III нь АНУ-ын хувьд хоёр талын асуудал биш, цэргийн аюулгүй байдлаа хангах глобал тогтолцооны нэг хэсэг гэдэг утгаараа үнэ цэнэтэй бөгөөд ОХУ-ын хувьд яг адил утга учиртай болж байна.

СДЗГ-III нь 2026 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх ба түүнийг дахин сунгах, эсхүл шинээр гэрээ боловсруулах эсэх асуудал хоёр улсын улс төрийн байр суурь төдийгүй, томоохон асуудлаар “наймаалцах” (“Умард урсгал” хийн хоолой зэрэг) шаардлагаас хамаарах төлөвтэй. Мөн энэ хугацаанд БНХАУ-ын зэвсэглэлийн шинэчлэл ямар шатанд хүрч хөгжихөөс хамаарч Д.Трампын үеийн бодлого, байр суурь (мөн Д.Трамп болон түүний үзэл санаа нэгтнүүдийн улс төрийн карьер ч нэгэн адил) дахин сэргэх ч магадлалтайг мартаж болохгүй.  

Гэрээг сунгасны ач холбогдол, цаашдын чиг хандлага

Зэвсэглэлд хяналт тавих горим сулрахын зэрэгцээ дэлхий дахинд, бүр тухайлан ОХУ, АНУ, БНХАУ, төдийгүй бусад улсад ч батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлэх, зэвсэглэлийн олон шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хандлага ажиглагдсаар байна. Шинэ боловсруулалтын үр дүнд пуужин, сансраас агаар мандалд эргэн орж ирэх төхөөрөмжийн хурд, цэц, илрүүлэлтээс дайжих хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх бололцоотой болно. Ингэснээр дохио авснаас хойш маш богино, тооцооны алдаа гарах өндөр магадлалтай хугацааны дотор нэвтрэлтийн болон оновчтой цохилтын боломжийг үлэмж нэмэгдүүлнэ. Алсын тусгалын тактикийн цөмийн зэвсэг шинээр байрлуулснаар байлдааны бэлэн байдлыг дээшлүүлнэ хэмээн эдгээр улс үзэж буй. Мөн пуужингийн довтолгооноос хамгаалах систем илүү боловсронгуй болж, цэц өндөртэй алсын тусгалын ердийн пуужин, нисэгчгүй нисэх аппаратууд стратегийн давшилтын шинэ боломжуудыг нээж өгч байна.

АНУ-ын Цөмийн хүчний үнэлгээний илтгэлд энэхүү зэвсэглэлээр хөөцөлдөх чанарын өрсөлдөөнд технологийн давуу байдлаа хадгалах зорилтыг дэвшүүлсэн байдаг. Ийм нөхцөлд Орос, Хятад нь стратегийн тэнцвэрт байдлыг тогтоож буй суурь болох цөмийн хоёрдахь цохилтын хүчин чадлаа алдана хэмээн эмзэглэж буй. “Харилцан устгах баталгаат тогтолцоо” хэмээн томъёологдсон цөмийн хүчний тэнцвэр нь ОХУ-ын хувьд АНУ-тай адил түвшинд, БНХАУ-ын хувьд АНУ-ыг тогтоон барихад хангалттай хүчин чадалтай байлгадгаараа цөмийн зэвсэгтэй эдгээр гүрний язгуур ашиг сонирхол, улс төрийн болон газар нутгийн бие даасан байдалд нь халдах зорилгоор цөмийн зэвсэг ашигласан, эсхүл стратегийн бусад хэлбэрийн цохилт өгөхөөс найдвартай хамгаалж байдаг.

Гэрээг сунгаагүй бол зэвсэглэлд хяналт тавих эрх зүйн заавал даган мөрдөх баримт бичиггүй болж,  “Хүйтэн дайн”-ы оргил үед эргэж очихоор байв.

Тиймээс стратегийн цөмийн зэвсгийг хязгаарлах чиглэлээрх хоёр талын зэвсэг хураах гэрээ, хэлэлцээрүүд нь “харилцан устгах баталгаат тогтолцоо”-нд нийцэх зэвсэглэлийн дээд хязгаар буюу таазыг адил түвшинд тогтоох ач холбогдолтой юм. Зэвсэг хураах ийм гэрээ, хэлэлцээрт алдагдал хүлээх, зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ өрсөлдөөнд чанарын ялагдал хүлээх нь аль аль талын хувьд тогтоон барих хүчин чадлаа алдаад зогсохгүй олон туйлт ертөнц дэх бие даасан хүчний төв гэсэн стратегийн байр сууриа алдахад хүргэнэ. Чингэвээс нөгөө талын цэргийн давамгай байдал он удаан жилийн турш тогтоно гэсэн үг. Тиймээс зэвсэглэлээр хөөцөлдөх чанарын өрсөлдөөн ид эрчээ авч байгаа бөгөөд одоо цагийн хямралт байдал, аюул заналын талаарх харилцан төсөөлөл нэмэгдэж буй нь үүний улс төрийн зөвтгөл болж байгаа юм.  Ийм чиг хандлагыг буцааж эргүүлэх, ядахдаа удаашруулахын тулд цэргийн хөтөлбөрүүдийг хурдасгахгүй, мөн одоо цагт олон улсын хамтын нийгэмлэгийг хуваан талцуулж байгаа хямрал, мөргөлдөөнүүд аяндаа хамтын хүчээр шийдвэрлэгдэнэ хэмээн гар хумхин суухгүй байх хэрэгтэйг Москва, Вашингтоны аль аль нь ухамсарлаж байна. Улс орнуудын төр, засгийн эн тэргүүний зорилт нь хямралыг зохицуулах явдал байх ёстой хэдий ч, түүхийн бүхий л үеийн туршид байсан шиг улс төрийн ноцтой ялгарал цаашид ч оршсоор байх болно гэдгийг хүлээн зөвшөөрч, зэвсэг хураах шинэ тогтолцоог яаралтай буй болгохыг чармайж ажиллах шаардлагатай юм.

ОХУ, АНУ хоёрын хувьд, эн тэргүүнд стратегийн цөмийн цэнэгт хошуу, тээвэрлэх хэрэгслийн таазыг тогтоосон СДЗГ-III-ний үйлчлэлийг сунгасан нь ийм ач холбогдолтой. Ингэж чадаагүй бол   цөмийн зэвсгийг хязгаарлах, хянан нягтлах талаар эрх зүйн заавал даган мөрдөх баримт бичиггүй болж, ингэснээр 1972 оноос өмнөх “Хүйтэн дайн”-ы оргил үед эргэж очихоор байв. Ийнхүү сунгасан нь СДЗГ-III төдийгүй түүний дараа боловсруулах шаардлагатай, хоёр талын байр суурийн огтлолцолын цэг болсон дуунаас хэт хурдан зэвсэг, дунд болон ойр тусгалын шинэ загварын пуужин, цөмийн цэнэгт хошуу бүхий тэнгисийн байрлалтай далавчит пуужин, стратегийн зориулалттай нисэгчгүй нисэх аппарат, дэлхий дахины хэмжээнд стратегийн түргэн цохилт өгөх чадамж бүхий ердийн зэвсэг зэрэг стратегийн тогтвортой байдалд учруулж буй шинэ төрлийн сорилтуудыг хязгаарлахад чиглэсэн шинэ гэрээний талаар хэлэлцэхэд мөн шаардагдана. Өөрөөр хэлбэл, СДЗГ-III-ний хамрах хүрээ шинэ сорилтуудыг шийдвэрлэхэд хангалттай бус, хэт явцуу байгаа ба хүрээг нь өргөтгөх шаардлагатай ч, энэ талаар яриа хэлэлцээ эхлүүлэхэд хугацаа хэрэгтэй.


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА