Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гуравдугаар гэрээг тойрсон асуудлууд

2021-02-10

https://niss.gov.mn/wp-content/uploads/2021/02/Picture1.png

(Эхлэл)

АНУ-ын шинэ засаг захиргаа бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээр олон улсын аюулгүй байдлын тулгуур багануудын нэг болсон зэвсэглэлд хяналт тавих олон улсын гэрээ, хэлэлцээрүүд “амь орж” эхлэв. АН Цагаан ордон, Капитолийг (Конгрессийн хоёр танхим) бүрэн хянах болсноор Д.Трампын “Америк эн тэргүүнд” бодлого халаагаа өгч, олон улсын институциүдийн хүрээн дэх олон талт хамтын ажиллагаанд ач холбогдол өгч эхлээд байна. Үүний тод жишээ нь 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр “Стратегийн давшилтын зэвсэглэлийг цаашид хязгаарлах, хорогдуулахад чиглэсэн зарим арга хэмжээний тухай” АНУ, ОХУ-ын гэрээ (товчлон Стратегийн давшилтын зэвсэглэлийн тухай гэрээ буюу “СДЗГ”, орос товчлолоор “СНВ”, анги товчлолоор “START”)-г дахин таван жилийн хугацаатайгаар сунгах тухай тохиролцоонд хүрсэн тухай ноот солилцсоноор СДЗГ-III-ний үйлчлэх хугацаа 2026 оны 1 дүгээр сар хүртэл хүчин төгөлдөр байхаар боллоо. Энэ нь одоогийн байдлаар ОХУ, АНУ-ын хооронд цаашид үргэлжлэхээр болж буй зэвсэглэлд хяналт тавих цорын ганц механизм гэдэг утгаараа хоёр улсад төдийгүй дэлхий дахины аюулгүй, тогтвортой байдалд туйлын ач холбогдолтой эрх зүйн баримт бичиг юм.

Америкийн өмнөх засаг захиргаа СДЗГ-III-г сунгах сонирхолгүй, гэрээг хоёр талын биш, Хятадыг оролцуулаад гурван талын механизм бий болгох эрмэлзэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан юм. 11 дүгээр сарын 3-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Д.Трамп дахин сонгогдож, бүрэн эрх нь дахин дөрвөн жил үргэлжилсэн тохиолдолд уг Гэрээг сунгах боломжгүй болох нь тодорхой байв. Д.Трампын Цагаан ордон олон улсын аюулгүй байдал, зэвсэглэлд хяналт тавих механизмыг “тулгын гурван чулуу” гэгдэх Дунд болон ойр тусгалын пуужинг хорогдуулах тухай Гэрээ (“Вашингтоны гэрээ”), Агаарын орон зайг нээлттэй ашиглах тухай Гэрээ (“Нээлттэй тэнгэр”)-нээс мөн адил үндэслэл буюу “зөвхөн Москвад ашигтай нэг талын эрх ашигт нийцсэн гэрээг өөрчлөх”, “БНХАУ-ыг оролцуулсан гурван талт хэлэлцээр байгуулах” гэсэн болзолтойгоор дангаараа гараад байсан юм. Түүнчлэн Вашингтон СДЗГ-III-нд стратегийн зэвсэглэлийн шинэ төрлүүд, тактикийн цөмийн зэвсэг зэргийг хамааруулах, үзлэг, баримтжуулалт, хяналт, шалгалтын нэмэлт механизмуудыг оруулах байр суурьтай байсан ба эдгээрийн заримыг Москва ч дэмжиж байв. Гагцхүү цаг хугацааны хувьд Гэрээг дахин таван жилээр сунгах нь эн тэргүүний зорилт гэж үзэж байсан.

СДЗГ-III нь одоогийн байдлаар зэвсэглэлд хяналт тавих цорын ганц механизм тул дэлхий дахины аюулгүй, тогтвортой байдалд туйлынач холбогдолтой эрх зүйн баримт бичиг юм.

“Олон улсын гэрээ, эрх зүйн энэхүү чухал механизмыг цаашид хэвийн хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хоёр тал ойрын ирээдүйд шаардлагатай бүхий л үйл ажиллагааны горимыг цэгцэлж, цөмийн цэнэгт пуужингийн нөөцийг харилцан тэнцвэртэйгээр хязгаарлахад чиглэсэн бүх арга хэмжээг хамтран авна” хэмээн Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлэв.

Дуунаас хэт хурдан шинэ зэвсэг СДЗГ-III-нд хамаарах уу?

Шинээр боловсруулсан дуунаас хэт хурдан (“гиперзвуковые”, “hypersonic”) зэвсгийг СДЗГ-III-ний үйлчлэлд хамааруулах сонирхол ОХУ-д байна. Энэ талаар болон цаашид шинэ төрлийн зэвсэглэлд хяналт тавих механизмуудыг уг Гэрээг хэрэгжүүлэх горимд суулгаж өгөх нь зүйтэй гэсэн саналыг ОХУ-ын ГХЯ-ны сайд С.Лавров илэрхийлсэн.

СДЗГ-III байгуулагдсан 2010 оноос хойш ОХУ, АНУ-д боловсруулж, зэвсэглэлд нэвтрүүлсэн зарим төрлийн зэвсэг уг Гэрээний үйлчлэлд хамаарах ёстой ч зохих нэмэлт, өөрчлөлт оруулахгүй бол зохицуулалтгүй үлдэж байгаа юм. Ер нь дуунаас хэт хурдан зэвсэг нь хэтдээ стратегийн тогтоон барих хүчийг цөмийн зэвсгийн хүрээнээс хальж цөмийн бус хүрээнд ч хэрэглэх боломжийг бүрдүүлэх ба энэ нь дайны мөн чанарт зарчмын өөрчлөлт оруулна гэж Москва үзэж байна. Энэ талаар 2018 оны 1 дүгээр сард В.Путин “Стратегийн тэнцвэрийг алдагдуулах зорилгоор зөвхөн пуужингийн довтолгооноос хамгаалах глобал систем төдийгүй цөмийн зэвсэгтэй дүйх цохилтын системийг боловсруулж байгаа оролдлогуудыг бид ажиглаж байна. Цөмийн бус боловч цохилтын хүч, цэцээрээ цөмийнхээс огт дутахгүй хөнөөлтэй орчин үеийн систем. Ийм зэвсгээр яах гэж? Ганцхан зорилготой, тэр нь сүрдүүлэг гэж би бодож байна” хэмээсэн байдаг.

Гэхдээ дуунаас хэт хурдан бүх пуужинг автоматаар СДЗГ-нд хамааруулна гэсэн үг биш. Тухайлбал, баллистик пуужин биш бол өөр зарчимд суурилсан зэвсгийн физик чанарууд үүнд багтахгүй юм. Энэ талаар “өнгөрсөн оноос хойш АНУ-д сануулсаар ирсэн” гэж С.Лавров хэлж байна. ОХУ-ын зэвсэглэлд нэвтрээд байгаа дуунаас хэт хурдан баллистик пуужингаас гадна сүүлийн жилүүдэд АНУ-д боловсруулаад буй дэлхийн хаана ч эгшин зуур цохилт өгөх чадвар бүхий пуужингийн систем (“глобал цахилгаан дайн”-ы систем хэмээгдэх нь бий, гэхдээ энэ систем цөмийн цэнэг тээдэггүйгээрээ онцлогтой) ч уг Гэрээний үйлчлэлд хамаарах ёстой гэж оросын тал үзэж байна.

СДЗГ-ний үндэс суурь, түүхэн замнал

СДЗГ-III нь 2010 оны 4 дүгээр сард Прага хотноо ерөнхийлөгч Д.Медведев, Б.Обама нар гарын үсэг зурж, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага батламжлан ноот бичгийг 2011 оны 2 дугаар сарын 5-нд солилцсоноор хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ба гэрээний хугацааг 10 жилээр, уг хугацаа дуусахад талууд харилцан тохиролцвол дахин таван жилээр сунгах, хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол 10 жил өнгөрмөгц хүчингүй болохоор заасан байдаг. Энэ хугацаа 2021 оны 2 дугаар сарын 5-наар дуусгавар болохоор байв.

СДЗГ-III-г байгуулах шаардлагатай гэдэг ойлголцолд хоёр тал бүр 1997 оны 3 дугаар сар Б.Ельцин, Б.Клинтон нарын Хельсинки дэх дээд түвшний уулзалтын үеэр хүрсэн. Тухайн үед хүрсэн урьдчилсан тохиролцоогоор талууд стратегийн зориулалттай цөмийн цохилтын цэнэгт хошуу, хүргэгч төхөөрөмжийн дээд хязгаар буюу “тааз”-ыг 2,000-2,500-гаар тогтоох, гэрээг хугацаагүй байгуулахаар ярилцаж байсан ч яриа хэлэлцээ эхний шатнаас цааш өрнөөгүй юм. Яриа хэлэлцээг шинээр эхлүүлэх санаачилгыг дахин 2006 онд В.Путин дэвшүүлж, 2009 оны 4 дүгээр сарын 1-нд Лондонд болсон “Их 20”-ийн уулзалын үеэр Д.Медведев, Б.Обама нар тохиролцоонд хүрсний дараа хоёр талын шинжээчид баримт бичгийн эхийг зохиох, зохицуулах асуудлын хүрээ, зохицуулалтын горимыг тодорхойлох ажлыг эхлүүлснээр жилийн дараа гарын үсэг зуржээ.

Гэрээг батламжлах явц багагүй (он дамнан 9 сарын турш) сунжирсан нь хоёр тал Гэрээнд хэд хэдэн нэмэлт тодруулга хийх, өөрийн тусгайлсан болзлыг оруулах гэж оролдсонтой холбоотой. Хоёр улсын ерөнхийлөгчийн зүгээс уг Гэрээг тус бүрийн парламентынхаа дээд танхимд 2010 оны 5 дугаар сард өргөн мэдүүлсэн ч АНУ-ын Конгрессийн Сенат 12 дугаар сарын 22-нд, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөл 2011 оны 1 дүгээр сарын 26-нд соёрхон батлав. Гэрээг соёрхон баталсан тухай АНУ-ын Конгрессийн тогтоолд “энэхүү Гэрээ нь пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хилийн чанадад, түүний дотор Европт суурилуулахад хязгаарлалт тогтоохгүй” гэсэн болзол бүхий нэмэлт тайлбар оруулсан бол ОХУ “АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийн боловсруулалт нь ОХУ-д аюул занал учруулах түвшинд хүрсэн тохиолд ОХУ уг Гэрээнээс гарах эрхээ эдэлнэ” гэсэн болзолтойгоор соёрхон баталсан. Хоёр тал “стратегийн давшилтын зэвсэглэл, пуужингийн довтолгооноос хамгаалах систем хоёрын харилцан хамаарлын тухай талуудын тайлбар нь эрх зүйн бүрэн хүчин чадалтай бөгөөд уг Гэрээний нэгэн адил үйлчилнэ” гэж нэмж зааснаар эцсийн зөвшилцөлд хүрсэн юм.

Гэрээг соёрхон баталсан тухай хуульд ОХУ-ын ерөнхийлөгч 2011 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр, АНУ-ын ерөнхийлөгч 2 дугаар сарын 2-ны өдөр гарын үсэг зурж, батламж бичгийг мөн оны 2 дугаар сарын 5-ны өдөр Мюнхен хотноо солилцжээ. Үүгээр 1991 оны 7 дугаар сарын 31-ний Стратегийн давшилтын зэвсэглэлийг хязгаарлах, хорогдуулах тухай Гэрээ (СЗДГ-I), 2002 оны 5 дугаар сарын 24-ний Стратегийн давшилтын нөөцийг хорогдуулах тухай Гэрээ (СЗНГ-II)-ний үйлчлэл зогссон юм.

Гэрээгээр зохицуулах харилцаа, үндсэн заалтууд

Гэрээ хүчин төгөлдөр болсноос долоон жилийн дотор (мөн түүнээс цааш) талууд стратегийн давшилтын зэвсгээ дараах тоон хязгаарт багтааж, уг таазаас давсныг нь устгахаар заажээ: дэлгэн байрлуулсан тив алгасагч баллистик пуужин (ТАБП),шумбагч онгоцны баллистик пуужин (ШОБП), хүнд бөмбөгдөгч (ХБ) 700 нэгж, тэдгээрийн цэнэгт хошуу 1,550 нэгж, ТАБП, ШОБП-гийн дэлгэн байрлуулсан болон дэлгээгүй харвах төхөөрөмж (ХТ) 800 нэгж. Гэрээнд “дэлгэн байрлуулсан”, “дэлгээгүй” зөөгч болон ХТ гэж ялгаж оруулсан. Дэлгээгүй зөөгч болон ХТ нь байлдааны бэлэн байдалд бус, харин сургалтын зориулалтаар ашиглаж буй, цэнэгт хошуугаар тоноглогдоогүй байх СДЗГ-3-ний хамрах хүрээнд багтаасан (СДЗГ-1, СДНГ-2-д зөвхөн дэлгэн байрлуулсан, цөмийн цэнэгт хошуу бүхий стратегийн зөөгч зэвсгийг хамааруулж байв).

Талууд Гэрээгээр тогтоосон тооны дээд хязгаарын хүрээнд өөрийн зэвсэглэлд байгаа СДЗ-ийг боловсруулах, нэмэгдүүлэх эрхтэй байхаар заасан. Мөн гадаад улсын нутаг дэвсгэрт СДЗ-ийг байрлуулахыг хориглосон.

Пуужингийн довтолгооноос хамгаалах систем (ПДХС)-ийн талаар хоёр заалт орсон. Нэг нь СДЗ, ПДАС хоёрын харилцан хамаарлыг, нөгөө нь ТАБП, ШОБП-ийн ХТ-ийг ПДХС-д болон ПДХС-ийн ХТ-ийг ТАБП, ШОБП-п шилжүүлэн суурилуулахыг хориглосон. Харин ПДХ-тай өөртэй нь холбоотой хязгаарлалт байхгүй. Түүнчлэн хадгалалтын горимд байгаа цөмийн цэнэгийг гэрээний хамрах хүрээнд багтаагаагүй, ийм нөөцийг аль нэг тал гэрээнээс дангаараа гарахаар шийдсэн тохиолдолд дэлгэн байрлуулах бүрэн боломжтой байхаар үлдээсэн.

Гэрээний протокол, техникийн хавсралтууд нь уг Гэрээтэй адил эрх зүйн үйлчлэлтэй юм.

Зөвлөлдөх комисс, өгөгдөл солилцоо, хяналт шалгалт

Гэрээний заалтуудын хэрэгжилтийг хангах зорилгоор хоёр талын Хамтарсан зөвлөлдөх комисс (ХЗК)-ийг байгуулсан байна. ХЗК-ийн хуралдаануудыг аль нэг талын хүсэлтээр зохион байгуулдаг, тогтмол бус ажиллагаатай. Комиссийн бүгэлдэхүүн дэх ажлын хэсгүүд тусгайлсан асуудлуудыг дагнан хэлэлцэнэ. Комиссийн хуралдааны хэлэлцэх хэргийн болон үйл ажиллагааны талаарх мэдээллийг нийтэд ил гаргадаггүй.

Гэрээний хэрэгжилтийг баталгаажуулах механизм нь СДЗ-ийг хорогдуулах үйл явцын эргэлт буцалтгүй, ил тод байдлыг хангахад чиглэнэ. Тухайлбал, пуужин харвах талаарх телеметрийн мэдээлэл солилцох ажлыг харилцан тохиролцсоны үндсэн дээр жил бүр таваас илүүгүй удаа харилцан тэнцвэртэйгээр явуулдаг. Талууд жилд хоёр удаа (3, 9 дүгээр сард) байлдааны цэнэгт хошуу, зөөвөрлөгчийн тооны талаар мэдээлэл солилцох ёстой.

Хоёр тал эсрэг талынхаа стратегийн зэвсгийг “газар дээр нь”буюу баазууд дээр харилцан зөвшилцсөний үндсэн дээр шалгалт хийх эрхтэй.

СДЗГ-III ёсоор хоёр тал эсрэг талынхаа стратегийн зэвсгийг “газар дээр нь” буюу ТАБП-ийн бааз, шумбагч онгоцны бааз, агаарын цэргийн баазад харилцан зөвшилцсөний үндсэн дээр шалгалт хийх эрхтэй. Жилд хоёр төрлийн 18 үзлэг хийх боломжтойгоос нэг төрөл нь СДЗ  бүхий газрын байрлалтай ТАБП-ийн баазууд, ШОБП-ийн баазууд, агаарын цэргийн баазуудад, нөгөө төрөл нь пуужин тээвэрлэлт, засвар, хадгалалтын цэгүүдэд  явагдана. Гэрээний протоколд талууд эхний төрөлд арав хүртэлх, хоёр дахь төрөлд наймын үзлэг хийх боломжтой гэж заасан байдаг.

Гэрээ үйлчлэх хугацаанд буюу 2021 оны 1 дүгээр сарын байдлаар талууд 328 үзлэг хийж, 21,403 удаа мэдээлэл солилцсон байна.


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА