Солонгосын хөдөлмөрийн намын (СХН) VIII их хурал 2021 оны 1 дүгээр сарын 5-наас 12-ны өдөр хүртэл найман өдөр хуралдаж өндөрлөлөө. СХН-ын их хурал бол БНАСАУ-ын улс төрийн амьдралын хамгийн том үйл явдал бөгөөд эдийн засгийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталж, гадаад харилцаа, тэр дундаа АНУ, Хятад, ОХУ зэрэг их гүрэнтэй харилцах бодлогынхоо чиг шугамыг тогтоодог. Тиймээс энэ удаагийн хурал ямар шийдвэр гаргах нь Зүүн хойд Ази, Солонгосын хойгийг сонирхон судлаач хэн бүхний анхаарлын төвд байв. Өмнөх их хурлуудаас ялгаатай нь VIII их хурал дэлхий нийтээр цар тахалтай тэмцэж буй цаг үе, АНУ-ын шинэ төрийн тэргүүн Ж.Байден тангараг өргөх ёслол,[1] эдийн засгийн хориг, байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас эдийн засгийн байдал тун амаргүй нөхцөлд[2] зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байв.
СХН-ын их хурлын товч тойм
СХН-ын анхны их хурал 1946 онд хуралдаж 3 өдөр үргэлжилж, II их хурал 1948 онд 4 өдөр, III их хурал 1956 онд 7 өдөр, IV их хурал 1961 онд 8 өдөр, V их хурал 1970 онд 12 өдөр, VI их хурал 1980 онд 5 өдөр тус тус хуралдаж байв. Хэдийгээр СХН-ын дүрмийн дагуу намын их хурал таван жилд нэг удаа хуралдах ёстой боловч 1980 оноос хойш гуч гаруй жил тасалдсан бөгөөд Ким Жөн Ир эрх барьж, намыг тэргүүлж байхдаа ганц ч удаа хуралдуулаагүй юм. 2012 онд нам, төрийн эрхийг өвлөсөн Ким Жөн Ын эрх мэдлээ батжуулсныхаа дараа 36 жил тасалдаад байсан намын их хурлыг зарлаж, СХН-ын VII их хурлыг 2016 онд хуралдуулжээ.
СХН-ын VIII их хурал 2021 онд хуралдсан нь тасалдаад удасны дараа ээлжит хугацаандаа болж байгаа анхны хурал бөгөөд хурлын товыг СХН-ын Төв хорооноос 2020 оны 8 дугаар сард зарласан нь мөн л их хурлын товыг 100-аас доошгүй хоногийн өмнө зарлаж байх намын дүрмийг чанд баримталсан хэрэг болов.
СХН-ын VIII их хурал
2020 оны 8-р сарын 19-ний өдөр СХН-ын Төв хороо[3] хуралдаж VIII их хурлыг хуралдуулахаар шийдвэрлэсэн. Өмнөх VII их хурлаар баталсан эдийн засгийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөний биелэлт олон түвшинд хангалтгүй байгааг энэ хурлаар хэлэлцэж, гадаад байдал, цар тахал, удаа дараалсан байгалийн гамшиг зэрэг бэрхшээлүүдээс улбаалан таван жилийн төлөвлөгөө, гадаад бодлогын чиг шугамаа эргэн харах шаардлагатай болсон гэж мэдэгдэж байсан юм.
СХН-ын VIII их хурлаар дараах асуудлыг авч хэлэлцэв:
- СХН-ын Төв хорооны нэгдсэн тайланг хэлэлцэх,
- СХН-ын Төв хорооны Хянан шалгах хорооны нэгдсэн тайланг хэлэлцэх,
- СХН-ын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх,
- СХН-ын төв байгууллагуудын сонгууль /боловсон хүчний томилгоо/ явуулах зэрэг болно.
СХН-ын энэ удаагийн VIII их хуралд 5000[4] төлөөлөгч оролцсоноос 250 нь Намын Төв хорооны төв байгууллагуудыг төлөөлж, 1959 нь улс төрийн ажилтны төлөөлөл, 801 нь захиргаа, эдийн засаг, санхүүгийн ажилтан, 408 нь цэрэг армийн төлөөлөл, 44 нь ажилчин ангийг төлөөлж, 333 нь шинжлэх ухаан, соёл урлаг, хэвлэлийн газрын ажилтан, 1455 нь намын анхан шатны нэгжийг төлөөлж буй бөгөөд нийт оролцогчдын 10 хувь буюу 501 нь эмэгтэй оролцогч байжээ. Мөн 2000 хүн хуралд хурлын ажиглагчаар оролцсон байна.
Хурлын үр дүнд, засгийн газрыг шинээр эмхлэн байгуулсан бөгөөд Ким Жөн Ын 2012 онд нам, төрийн эрхийг авснаас хойш 3 дахь засгийн газар ийнхүү ажилдаа орж байна. Эхнийх нь 2012-2016, хоёр дахь нь 2016-2021 онд ажилласан бол өдгөө гурав дахь засгийн газар нь 2021-2026 онд буюу СХН-ын IX их хурал хүртэл ажиллана.
Эдийн засгийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө
СХН-ын Төв хорооны нэгдсэн тайланг Ким Жөн Ын хэлэлцүүлж эдийн засгийг хөгжүүлэх ирэх таван жилийн төлөвлөгөөг танилцуулав. Тэрээр илтгэлдээ[5] “Эдийн засгийг хөгжүүлэх 2016-2020 оны таван жилийн зорилт бүхий л түвшинд хангалтгүй биелж, ард иргэдийн амьдралыг бодитой дээшлүүлж чадсангүй” гэж хэлсэн нь өнгөрсөн таван жилийн эдийн засгийн бодлого алдаатай байсныг хүлээн зөвшөөрсөн хэрэг болов. Уг алдаатай бодлогыг зөвхөн гадаад орчны нөлөөлөл /эдийн засгийн хориг, цар тахал, байгалын давагдашгүй хүчин зүйлс/-өөс хайгаад зогсохгүй дотоод хүчин зүйлсээс ихээхэн шалтгаалж байгаа тухай дурдаж байв. Нэгдсэн тайланг хэлэлцүүлэх үеэр өнгөрсөн таван жилийн алдаа оноог дүгнэхэд хурлын эхний 3-4 хоногийг зарцуулсан юм.
Энэ удаагийн хурлын онцлог дээр дурдсанчлан олон улсын хориг, цар тахал, байгалийн давагдашгүй хүчин зүйл гэсэн 3 бэрхшээл (triple distress)-тэй нүүр тулж байгаа үед болж байгаагаараа онцлог юм.
2020 онд Ким Жөн Ын эдийн засгийн зорилтууд хангалтгүй байгаа тухай удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд 3-р сарын 17-нд Пёнян хотын нэгдсэн эмнэлэгийн шавь тавих арга хэмжээ, 8-р сарын 19-нд Намын төв хорооны өргөтгөсөн бүгд хурал, 9-р сарын 8-нд Цэргийн төв товчооны өргөтгөсөн хурал, 10-р сарын 10-нд Хөдөлмөрийн намын ойн баярын арга хэмжээн дээр эдийн засгийн асуудлыг онцгой анхаарах шаардлагатай байгаа тухай онцолж байв. VII их хурлаар хэлэлцүүлж баталсан Эдийн засгийн таван жилийн төлөвлөгөө макро түвшний, нэлээд ерөнхий байсан бол энэ удаагийн шинэ эдийн засгийн таван жилийн төлөвлөгөө ихээхэн прагматик, хүрч болох зорилтуудыг дэвшүүлсэн байна. Ким Жөн Ын илтгэлдээ “VII их хурлаар эдийн засгийн төлөвлөгөө боловсруулахдаа хэрэгжих боломжийг тооцоолон боловсруулах ёстой байсан боловч гэнэн мөрөөдөлд автан боловсруулсан тул бүхий л түвшинд биелсэнгүй. Бидэнд бодит байдлаас алд дэлэм хол зөрсөн зорилт хэрэг үгүй, харин бодит нөхцөл байдлыг тооцон тусгасан зорилт төлөвлөгөө хэрэгтэй байна” гэж онцлов[6].
Эдийн засгийг хөгжүүлэх ирэх таван жилийн төлөвлөгөөнд металлург, химийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл гэх дөрвөн салбарыг[7] тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхээр шийдвэрлэлээ. Металлург болон химийн хүнд үйлдвэрлэл бол эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай салбар, харин хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл нь ард иргэдийн өдөр тутмын амьдралтай шууд холбоотой салбар юм.
VII их хурал | VIII их хурал | ||
Эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө | Эдийн засгийн таван жилийн төлөвлөгөө (2016-2020 | Эдийн засгийн таван жилийн төлөвлөгөө (2021-2025) | |
Тэргүүлэх салбар | Эрчим хүч, нүүрс, металлург, төмөр зам, механик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл | Металлург, химийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл | |
Дотоод эдийн засаг | Хариуцах байгууллага | Сайдын нарын танхим, Солонгос маягийн эдийн засгийн удирдлага Социалист улсын үйлдвэрлэлийн газар | Улсын үйлдвэрлэлийн сүлжээг хөгжүүлэх, Солонгосын нөхцөл байдалд тохирсон үйлдвэрлэлтийн үр бүтээмжийг нэмэгдүүлэх, |
Онцлог | Шинжлэх ухааны өсөлтийг чухалчилж авж үзэж байсан. | Санхүү, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. | |
Гадаад эдийн засаг | Ахуйн хэрэглээний бараа экспорт, эдийн засгийн чөлөөт бүс, аялал жуулчлал | Аялал жуулчлал /Гымган уулыг аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх/ |
Их хурлаар тэргүүлэх салбарыг онцлохоос гадна бусад салбар зам, тээвэр, барилга-барилгын материал үйлдвэрлэл, худалдаа, газар-байгаль хамгаалал, хотын менежмент, гадаад эдийн засаг, эдийн засгийн удирдлагын нөхцөл байдлыг дүгнэж, ирэх таван жилийн төлөвлөгөөт хугацаанд бусад салбарын шинэчлэлийн зорилт, бодит арга замын талаар хэлэлцсэн байна.
Ирэх таван жилд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, далайн аж ахуйн үйлдвэрлэлийг илүү төлөвлөгөөтэй тогтвортой явуулах, хот суурин газрыг бие даасан олон талт хэлбэрээр хөгжүүлж, иргэдийн амьдралд хөрсөнд буухуйц бодит өөрчлөлтийг авчрах төлөвлөгөөнүүдийг дэвшүүллээ. Пёнъян хотод жил бүр 10,000 айлын орон сууц 5 жилийн хугацанд 50,000 айлын орон сууц, Комдок бүсэд 25,000 айлын орон сууц, 8 сая тонн цемент үйлдвэрлэх зорилт бүхий дэлгэрэнгүй төлөвлөгөөнүүдийг танилцуулав.
Батлан хамгаалах чадавхийг улам бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангаж, социалист бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, энх тайвныг баттай хамгаалахаа дахин илэрхийлж, холбогдох төлөвлөгөөг хэлэлцжээ. Мөн шинжлэх ухаан, технологийн хөгжлийг хурдасгах дэлгэрэнгүй төлөвлөгөөг танилцуулав.
СХН-ын гол томилгоо
VIII их хурлаар Ким Жөн Ын[8]-ыг СХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар[9] дэмжиж томилов. Намын даргын албан тушаалыг 1961 оныг хүртэл “СХН-ын Төв хорооны дарга (중앙위원장)” гэдэг байснаа түүнээс хойш “СХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга” хэмээн нэрлэдэг болж, энэ албан тушаалыг Ким Ир Сэн, Ким Жөн Ир нар хашиж байв. Ким Жөн Ын 2012 оноос СХН-ыг тэргүүлж байгаа боловч энэ албан тушаалд шууд томилогдсонгүй, тухайн үед “СХН-ын нэгдүгээр нарийн бичгийн дарга” хэмээгдэж байгаад 2016 оноос “СХН-ын зөвлөлийн дарга (위원장)” хэмээгдэх болсон юм. Ингээд есөн жилийн дараа “СХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга” гэдэг албан тушаалд ийнхүү албан ёсоор томилогдож, удирдагчийн зиндаанд хүрч, өвөг Ким Ир Сэн, эцэг Ким Жөн Ирийг бүрэн залгамжилж байгаагаа харуулав.
СХН-ын Төв хорооны бүрэлдхүүн шинэчлэгдэж, Улс төрийн товчоо, Цэргийн товчоо зэрэг удирдах байгууллагуудад шинэ залуу үе хүч түрэн орж ирж, нэгэн үе шинэчлэгдэв. Хөдөлмөрийн намын төв хорооны бүрэлдхүүнд 250 хүн байдаг бөгөөд энэ удаагийн хурлаар 70 хувь нь өөрчлөгдсөн байна. Төв хороон дахь цэргийн төлөөлөл 70 хүн байснаас 50 болж буурсан нь хэлбэр талаасаа үе солигдож байгаа бол агуулга талаасаа улс төрийн шийдвэр, ирэх таван жилийн эдийн засгийн бодлоготой уялдуулсан томилгоо болох нь харагдаж байна. Улс төрийн товчооны хувьд 30[10] хүний бүрэлхдүүнтэй байдгаас 20 нь хэвээр үлдэж 10 хүн шинээр томилогдсон. Эдгээр томилгоог харахад эдийн засгийн асуудал хариуцсан намын голлох элитүүд улс төрийн товчоонд орж ирсэн нь ирэх таван жил эдийн засгийн бодлогодоо онцгой анхаарал хандуулж байгаагийн нэг илэрхийлэл болж байна. Мөн барууны судлаачид энэ удаагийн хурлаар Ким Ё Жон Хөдөлмөрийн намын үзэл суртлын хэлтсийн даргыг Улс төрийн товчооны гишүүн болж эрх мэдэл нь өснө гэж таамаглаж байсан ч тэрээр хуучин албан тушаалдаа хэвээр үлдэв. Хэдийгээр албан тушаал дэвшээгүй ч түүний эрх мэдэл хэвээр байгааг VIII их хурлын дундуур мэдэгдэл[11] гаргаж БНСУ-ын Засгийн газрыг хатуу шүүмжилсэн шүүмжлэлээс харж болно.
СХН-ын ирэх таван жилийн бодлогын чиг
VII их хурал | VIII их хурал | |
Онол | Ким Ирсенизм, Ким Жөниризм | Ким Ирсенизм, Ким Жөниризм |
Агуулга | Жүчэ хувьсгалын үйл хэрэг, Түүхэн эргэлт | Хувсгалт хөгжлийн шинэ үсрэлт |
Алсын хараа | Социалист хүчирхэг улсыг бүрэн байгуулах | Солонгос маягийн Социализмийн шинэ ялалт, Ард түмнээ тэргүүнд тавих /이민위천/ Нэг сэтгэл нэгдмэл зүтгэл /일심단결/ Өөрийн хүчээр бие даан хөгжих /자력갱생/ |
Тэргүүлэх салбар | Эдийн засаг Цөмийн зэвсэг | Эдийн засгийн хөгжил Цөмийн зэвсэг, Цэргийн чадавхаа бэхжүүлэх |
Тогтолцоо | Төвлөрсөн | Төвлөрсөн- нарийн бичгийн систем |
Эх сурвалж: Хөдөлмөрийн сонин
Гадаад бодлогын чиг шугам
СХН-ын VIII их хурлаар Пёнъян гадаад бодлогынхоо шинэ чиг шугамыг танилцуулна гэсэн хүлээлт судлаачдын дунд байсан боловч талаар болов. АНУ-тай харилцах тухайд Вашингтон ямар бодлого Умард Солонгосын талаар явуулахаас шалтгаалан түүнд тааруулсан бодлого баримтлахаа илэрхийлсэн. Вашингтоны эрх баригч солигдож, шинэ Ерөнхийлөгч гадаад бодлогынхоо чиг шугамыг хэрхэн тодорхойлох вэ гэдгийг дэлхий нийтээрээ харзнаж байгаа энэ үед БНАСАУ ийм байр суурьтай байгаа нь туйлын ойлгомжтой бөгөөд буруушаах аргагүй юм.
Хоёр Солонгосын удирдагчид 2018 онд Панмүнжонд уулзахаас өмнөх үеийн зогсонги байдал руу Умард-Өмнөдийн харилцаа буцаж орлоо гэж СХН тэмдэглээд уг уулзалтаар зарласан Панмүнжомын хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлэх явдал юу юунаас илүү чухал байгааг мэдэгдэв. VIII их хурал хуралдаж байх үеэр БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин[12] шинэ оны мэндчилгээндээ “Хэзээ ч, хаана ч, ямар ч хэлбэрээр /онлайн/ Ким Жөн Ын даргатай уулзаж, яриа хэлэлцээг урагшлуулахад бэлэн” гэж мэдэгдэж байсан боловч Умард Солонгос энэ үүнд тодорхой хариу албан ёсоор хэлээгүй байна. Мөн Японы ерөнхий сайд Сүга “БНАСАУ-ын удирдлагуудтай ямар нэг болзолгүйгээр уулзахад бэлэн байгаа” тухайгаа дурдаж байв.
Харин БНХАУ болон ОХУ-тай харилцаагаа бүхий л түвшинд хөгжүүлэх чиглэл баримтлахаа зарлалаа. VIII их хурлын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ынд баярын цахилгаан илгээж, Ким Жөн Ын ч бас хариу цахилгаан илгээж ирэх таван жилд хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарахаа илэрхийлэв.
АНУ, Өмнөд Солонгостой харилцах асуудлаар СХН-ын их хурлаар тодорхой зүйл дурдаагүй боловч гадаад харилцаагаа бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлнэ гэж тусгасныг бодоход Пёнъян харилцаагаа хүйтрүүлэхийг хүсэхгүй байгаа хийгээд хаалгаа онгорхой үлдээлээ гэж дүгнэхээр байна.
Дүгнэлт
- Энэ удаагийн хурлаар БНАСАУ-ын Төр засгийн удирдлагад орж ирж байгаа боловсон хүчний томилгооноос харахад бүтэн нэгэн шинэ үе солигдож байна.
- 2016 онд СХН-ын VII их хурлаар баталсан эдийн засгийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөтэй харьцуулахад ирэх таван жилийн төлөвлөгөө илүү пракматик, дэлгэрэнгүй тодорхой зорилтуудыг тусгажээ. Тэргүүлэх дөрвөн салбарыг нэрлэснээс харахад аж үйлдвэр болон иргэдийн амьжиргаа гэсэн хоёр чиглэлд түлхүү ажиллахаар харагдана. Таван жилийн энэ төлөвлөгөө хэрэгжсэнээр ард иргэдийн амьдралыг бодитой сайжруулахыг зорьжээ.
- Батлан хамгаалах чадавхи өнгөрсөн таван жилд ихээхэн бэхжсэн, харин ирэх таван жилд баллистик пуужингийн цэцийг сайжруулах 15 000 км-ын цаана тусгалыг ончтой болгох зорилгыг тавив.
- Гадаад бодлогын хувьд АНУ болон Өмнөд Солонгост явуулах гадаад бодлогын шинэ чиглэл танилцуулах болов уу гэсэн хүлээлт нилээд өндөр байсан боловч тодорхой бодлого танилцуулсангүй. Үүнийг дараах шалтгаантай холбож тайлбарлаж болох юм. Нэгэнт VIII их хурал цаг хугацааны хувьд АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос өмнө болсон, 2-рт Ж.Байдений засаг захиргаа Умард Солонгосын талаар ямар бодлого явуулахаа тодорхой зарлаагүй байгаа, Д.Трамп Ерөнхийлөгчийн бодлогыг үргэлжлүүлэх үү, өөр бодлого явуулах уу тэр бүү хэл Солонгосын хойгийг хариуцсан тусгай төлөөлөгч ямар хүн байх нь томилогдох нь ч тодорхойгүй байгаа цаг үед БНАСАУ түрүүлж АНУ-тай ямар бодлого баримтлахаа зарлахад цаг хугацааны хувьд оновчгүй байсан байж болох юм.
[1] https://www.kinu.or.kr/main/kinuM
[2] Голлох худалдааны түнш болох БНХАУ-тай хийдэг гадаад худалдааны нийт эргэлт 2019 онтой харьцуулахад 80,7% буюу 539 сая ам доллар болж, Хятад улсруу гаргадаг экспортын дүн 48 сая ам доллар болж 2019 онтой харьцуулахад 77,7% буурч, импорт 49 сая ам доллар буюу өнгөрсөн оныхоос 80.9% хувиар буурчээ. Эх сурвалж: 지난해 북한 대중국 실질 수출액 3천만 달러 불과…수입은 20억 달러 줄어 | Voice of America – Korean (voakorea.com)
[3] http://www.rodong.rep.kp/ko/index.php?strPageID=SF01_02_01&newsID=2020-08-20-0001
[4] http://www.rodong.rep.kp/ko/index.php?strPageID=SF01_02_01&newsID=2021-01-06-0003
[5] http://www.rodong.rep.kp/ko/index.php?strPageID=SF01_02_01&newsID=2021-01-06-0002
[6] Seojong
[7] http://www.rodong.rep.kp/ko/index.php?strPageID=SF01_02_01&newsID=2021-01-08-0001
[8] Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсоноор одоо түүний албан тушаал Солонгосын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНАСАУ-н Төрийн зөвлөлийн дарга, БНАСАУ-н Зэвсэгт хүчний дээд командлагч гэсэн албан тушаалуудыг давхар хашиж байна.
[9] http://www.rodong.rep.kp/ko/index.php?strPageID=SF01_02_01&newsID=2021-01-10-0001
[10] Шинэ бүрэлдхүүнийг харахад Намын төлөөлөл 18 хүн(60%), Засгийн газрын төлөөлөл 7(23.3%), Цэргийн төлөөлөл 5 хүн орсон байна. VII их хурлын 28 хүний бүрэлдхүүнтэй харьцуулахад шинэ бүрэлдхүүнд намын төлөөлөл нэмэгдэж, харин засгийн газрын төлөөлөл, цэргийн төлөөлөл тус тус буурсан байна.
[11] http://www.kcna.kp/kcna.user.article.retrieveNewsViewInfoList.kcmsf;jsessionid=21BE5E5397D62D60302D7BF00FDBFED0#this
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Оюу толгой VS УдоканСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19