2020 онд дэлхий нийтээр цар тахал дэгдэж улс орнууд дор бүрнээ хөл хорио тогтоож байлаа. Хөл хорионоос үүдэж худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл зогссон ч ковид-19-ийн эсрэг вакцин гарснаар улс орнуудын засгийн газар эдийн засгаа сэргээхэд анхаарч эхэлсэн юм. Хөгжингүй болон хөгжиж буй орнууд эдийн засгаа сэргээхдээ дотоодын дэд бүтэц, эрчим хүч, эрүүл мэнд, технологи, инновацын салбарыг голлон дэмжих тэргүүлэх чиглэл болгон, эдгээр салбаруудыг тусгасан дунд хугацааны бодлогуудыг 2020 оны сүүлээр танилцуулж эхэлжээ. Уг дунд хугацааны бодлогод зориулж улс орнууд 2021 оноос тусгайлсан санхүүжилт гарган бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийг эрчимжүүлэхээр байна.
Бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийг эрчимжүүлэхэд шаардагдах гол түүхий эд нь зэс билээ. 2021 он гарснаас хойш зэсийн үнэ тонн тутамдаа 8000 гаруй ам.долларт хүрч, сүүлийн 8 жилийн дээд түвшинд хүрэв. 2020 оны 12 дугаар сард гаргасан Bloomberg таваарын шинжээчдийн гаргасан таамаглалаар “зэсийн үнэ 2021 онд 9000 ам.долларыг давна” гэсэн бол Лондонгийн металлын биржийн гаргасан таамаглалаар “Ирэх жилүүдэд эдийн засаг эерэг байх таамаглалтай байгаа нь таваарын фьючерс арилжаанаас харагдаж байна” гэв. Уг таамаглалуудаас үзэхэд зэсийн эрэлт нэмэгдэж, үнэ өсөх нь тодорхой болж байна.
Зэсийн гол худалдан авагч нь БНХАУ тэргүүтэй Азийн орнууд байгаа талаар 2019 онд International Copper Association гаргасан тайланд дурдагдсан. БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх зэсийн өрсөлдөөнд Чили, Перу, АНУ, Австрали зэрэг өрсөлдөгчид байдаг. Харин ойрын жилүүдэд ОХУ зэсийн гол нийлүүлэгч орон болж БНХАУ болон Зүүн Азийн орнуудын зах зээл дээр өрсөлдөхөөр зэхэж байна. Ингээд Оросын Забайкалийн хязгаар нутагт орших зэсийн үлэмж нөөцтэй Удоканы ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг 2019 онд эхлүүлэв. Энэхүү төслийг Алишер Усмановын “USM Holdings” корпорацын бүрэлдэхүүнд багтдаг “Байгалийн уул уурхайн компани” хэрэгжүүлж байна. Ордод түшиглэн жилд 26.7 сая тонн хүдэр боловсруулж, 747 мянган тонн катодын зэс, дагалдах 277 тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) байгуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт явагдаж байгаа юм.
Удокан ил уурхай төсөл хэрэгжүүлэх хугацаанд 1.5 тэрбум тонн хүдэр олборлох ба зэсийн агуулга 1.05 буюу Монгол Улсын Эрдэнэтээс 2 дахин өндөр, Оюу толгойн ил уурхайн зэсийн агуулгатай ойролцоо байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс ойрын хугацаанд Оюу толгойн далд уурхайн төслийн нэмэлт санхүүжүүлэлтийг шийдвэрлэхээр Рио Тинто компанитай хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байгаа. Иймээс Оюу толгойгоос илүү нөөцтэй Оросын Удокан ордын одоогийн нөхцөл байдал, бүтээн байгуулалт, стратеги болон Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж байгаа талаар судлав.
Удокан ба Оюу толгойн ордын харьцуулалт
Дэлхийн хамгийн том зэсийн ордуудын нэг хэмээн мэдэгдэж буй Удокан ордын лицензийг ‘Байгалийн уул уурхайн компани’ [1] Оросын тэрбумтан Алишер Усманов эзэмшиж байна. Оюутолгойн ордыг “Оюутолгой” ХХК эзэмшдэг.[2] Удоканы зэсийн орд нь Байгаль Амурын төмөр замаас 30 км-ийн зайд оршиж байна. Харин Оюутолгойн-Гашуун сухайт боомт хүртэлх авто зам 104 км-ийн зайд байршиж байна. Гашуун сухайт боомт хүртэл төмөр зам байхгүй нь нэг сул тал болж байна.
Оюутолгойн зэсийн нөөц 31.1 сая тонн бол Удоканы нөөц 26.7 сая тонн юм. Удокан орд ил уурхайгаас олборлож ашиглах бол Оюутолгойн ашиглалтын нөөц 80 хувь нь өртөг өндөртэй далд уурхайд хамаардаг.
Байгаль Амурын төмөр замын “Новая Чара” өртөөн дээр байнгын үйл ажиллагаатай гаалийн бүс байгуулжээ. Ингэснээр гаалийн үйл ажиллагааг түргэтгэж, тэр хэрээр УБҮ-ийн бүтээн байгуулалт хурдан явагдах нөхцлийг бүрдүүлж буй юм. Удоканы УБҮ-ийн тоног төхөөрөмжийг Финляндын “Outotec” компани нь дэлхийн 43 орноос татаж байна. Харин Оюутолгой төслийн хүрээнд Рио тинто компанийн менежментийн багийн санал болгосон компаниудын олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг тендер, худалдан авах ажиллагаа зарлан авдаг. Үүнээс үүдэж менежментийн зардал өсөж байх магадлалтай.
Удоканы УБҮ-ийн барилга угсралтын ажил 40 хувьтай явж байна. Үйлдвэрийн эхний шатанд, тус бүр 6 сая тонн хүчин чадалтай хоёр тээрмийг ашиглалтад оруулах аж. Үйлдвэр байгуулах талбайд инженер-геологийн судалгааны ажлыг “Русбурмаш” компани гүйцэтгэсэн. Үйлдвэрийн гадна дэд бүтцийн хүрээнд, одооны төслийн талбай хүртэл 25 км зайд 220 КВт эрчим хүч дамжуулах шугамыг “Энергомост” компани татсан байна. 50 мегаваттын хүчин чадалтай дэд станцын эхний ээлжийг өнгөрсөн онд хүлээлгэн өгсөн. Хоёр дугаар ээлжинд 146 мегаваттын хүчин чадалтай дэд станцыг 2021 онд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн Новая Чара-Удокан чиглэлийн 25 км авто зам барьж байгаа юм.[3]
Харин Оюутолгойн эрчим хүчний хэрэглээ 2019 оны байдлаар манай улсын хэрэглээний 20 гаруй хувьтай тэнцэж байсан ба эрчим хүчийг БНХАУ-аас авсан. Оюутолгой жилд дунджаар 1.3 тэрбум орчим кВт.ц цахилгааныг импортоор авдаг ба 2023 оноос Монгол Улс Оюутолгойг эрчим хүчээр дотоодоосоо 100 хувь хангадаг болоход гадагшаа гаргаж байгаа 200 гаруй сая ам.долларыг дотооддоо авч үлдэх боломж бүрдэх юм. Зэс боловсруулах үйлдвэр баригдах аваас эрчим хүчний хэрэглээ мөн нэмэгдэх юм. Тиймээс Оюутолгойн төслийг урагшлуулахын тулд Тавантолгойн цахилгаан станцыг ойрын хугаацанд барих шаардлагатай юм.
Удокан зэсийн ордын төслийн хэрэгжих үе шат
“Байгалийн уул уурхайн компани”-ийн мэдээлснээр, Удоканы УБҮ-ийн эхний ээлжийг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийн нийт өртөг ердөө 2.9 тэрбум ам.доллар юм. Энэхүү төсөл нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилга болох эн тэргүүнд хөгжүүлэх газар нутгийн нэг (территория опережающего развития – ТОР) “Зайбайкаль” хөтөлбөрт багтсан. Бүтээн байгуулалт дуусаж, үйл ажиллагаа жигдэрвэл 20 мянга гаруй ажлын байрыг бий болгоно гэж im-mining.com мэдээлжээ.
Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар ОХУ-ын дотоодын зэсийн нийт хэрэглээний 15%-ийг дангаар хангах төсөөлөлтэй. ОХУ-ын эдийн засагт 2-3 хувийн өсөлтийг үзүүлэх боломжтой. Удоканы орд нь JORC стандартаар 26.7 сая тонн цэвэр зэсийн нөөцөөр Оростоо нэгдүгээрт, дэлхийд олборлогдоогүй гурав дахь том зэсийн ордод тооцогддог.
Быстринский болон Удоканы зэсийн үйлдвэрүүд нь бүтээгдэхүүнээ зорилтод зах зээл болох Хятад, Япон, Өмнөд Солонгосын зах зээлд Забайкальск төмөр замын боомт, Владивостокын далайн боомтоор тус тус экспортлохоор байна.
Удокан зэсийн орд нь уламжлалт ил аргаар олборлолт явуулна. 2014 оноос ТЭЗҮ хийгдсэн ба тухайн үед 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай гэж тооцоолж байсан. 2018 онд нөөц нь батлагдаж баяжуулах үйлдвэрийн барилгын ажлыг 12 дугаар сараас нь эхлүүлсэн. 2020 оны 8 сараас ордын урьдчилсан хөрс хуулалт эхэлсэн. Эхний үе шат нь 2021-2033 оны хооронд жилд 12 сая тонн хүдэр олборлож баяжуулна. 2020 онд жилд 130,000 тонн катодын зэс олборлосон гэсэн үг. Эрдэнэт одоо жилд 130 мянган тонн, Оюутолгой 150 мянган орчим тонн зэс олборлож байна.
Удоканы хоёр дахь шат нь 2033-2050 оны хооронд жилд 48 сая тонн хүдэр олборлоно. Эцсийн шат нь 2050-2090 он хүртэл үргэлжлэх бөгөөд хосолсон арга ашиглаж нөөц, овоолгыг бүрэн ашиглаж, цэвэрлэх ажилд орно. [4]
Төслийг хэрэгжих үед Удокан орд нь Оюутолгойн зах зээлийн гол өрсөлдөгч байх нь тодорхой байна.
Удокан ордоос гадна Забайкалийн хязгаар нутагт бас нэгэн зэсийн том үйлдвэрлэл 2017 онд Быстринскийн УБҮ-ийн эхний ээлжийг ашиглалтад оруулсан бөгөөд 2020 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Бүрэн хүчин чадлаар, жилд 67 мянган тонн зэс, 2.9 сая тонн төмрийн баяжмал болоод 252 мянган унц алтны агуулга бүхий баяжмал тус тус үйлдвэрлэх юм. Энэ нь тус улсын 1990 оноос хойш ашиглалтад орсон хоёр дахь зэсийн үйлдвэр юм. Оюутолгойн баяжуулах үйлдвэр хоногт 100,000 тонн хүртэл хүдэр боловсруулах хүчин чадалтай.
Удокан зэсийн ордын хөрөнгө оруулагч ба хувь эзэмшигч нар
12 жилийн өмнө Оросын тэргүүн баян хүмүүсийн нэг Алишер Усманов дуудлага худалдаагаар Удокан ордын лицензийг 500 сая ам.доллар авч байсан юм. [5]
Төсөлтэй холбогдуулж “Газпромбанк”, “Сбербанк” зэрэг банкуудтай 2019 онд харилцаа тогтоож, “Байгалийн уул уурхайн компани”-тай 1.79 тэрбум ам.долларын синдикат зээлийн гэрээ байгуулжээ. Зээлийн санхүүжилтийн хүрээнд “ВЭБ” банкнаас 490 сая ам.доллар, “Газпромбанк”, “Сбербанк”-наас тус бүр 650 сая ам.долларыг олгох бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хугацаа 12 жил ажээ. Дээр дурдсан “Байгалийн уул уурхайн компани” гэдэг нь тэрбумтан Алишер Усмановын USM Holdings корпорацын бүрэлдэхүүнд багтдаг салбар компани юм. Мөн Хятадын Худалдаа, аж үйлдвэрийн банк (ICBC) болон өөр гурван ч банк төсөлд зээл олгох гэрээ байгуулж, санхүүжилт хийгджээ.
Байгалийн уул уурхайн компанийн 54.25 хувийг Metalloinvest Management Company LLC, 26.60 хувийг USM InvestmentsLimited, 15.96 хувийг Lebedinsky GOK, 3.19 хувийг Oskol Elektrometallurgical Plant (OEMK) тус тус эзэмшиж байна.
Байгалийн уул уурхайн компанийн дийлэнх хувьцааг эзэмшдэг металлургийн компани Metalloinvest Management Company LLC компани нь Lebedinsky GOK, Oskol Elektrometallurgical Plant (OEMK)компаниас бүрддэг. Metalloinvest Management Company LLC-ийг Алишер Усмановын эзэмшилд байдаг USM Holdings 100 хувь эзэмшдэг юм. Уг USM Holdings-ийн ашгийн 60 хувийг Алишер Усманов, 30 хувийг төрийн думын гишүүн асан Андре́й Влади́мирович Скоч, 10 хувийг Их Британи, Ираны бизнес эрхлэгч Фархад Мошири тус тус авдаг байна.
Зэсийн томоохон хэрэглэгч Хятад улсын улс төр, бизнесийн акулууд Удокан ордыг ашиглалтад богино хугацаанд оруулах сонирхолтой байна. Энэ ордыг хятадууд 2014 оноос хойш идэвхтэй сонирхож, хөрөнгө оруулах гэж оролдсон байна. Хятадын “Hopu” сан нь Удокан ордын төсөлд хөрөнгө оруулахаар 2014 онд Metalloinvest Management Company LLC-тэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ч 2015 онд цуцалсан билээ. Хөрөнгө оруулалтаа цуцалсан шалтгаан нь тухайн үед зэсийн үнэ 2015 оноос зэсийн үнэ унах хандлагатай байсан. Удокан ордын үйл ажиллагаа хэвийн болох үед Хятадын талаас илүү их сонирхож хөрөнгө оруулалт нэмэгдэж болзошгүй юм.
ОХУ-ын ашиг сонирхол, Зүүн Азийн нийлүүлэгчийн амбиц
ОХУ-ын эрх баригчдад Удокан ордын бүтээн байгуулалтыг урагшлуулах үндсэн хэд хэдэн шалтгаан байгаа юм. Үүнд:
Нэгдүгээрт. ОХУ-ын түүхий эдийн экспортыг нэмэгдүүлж, Хятад тэргүүтэй Зүүн Азийн орнуудад таваар тэр дундаа зэсийн зах зээлд өөрсдийн байр суурийг эзлэх дунд хугацааны бодлого байна.
Хоёрдугаарт. 2020 оны 2 дугаар сард дэлхийн хэмжээнд цар тахал дэгдэж таваарын ханш огцом унасан. Энэ уналт удаан үргэлжлээгүй бөгөөд 2020 оны хоёрдугаар хагаст зэс, төмрийн хүдэр, коксжих нүүрс гэх мэт түүхий эдийн үнэ өсөж эхэлсэн юм. Тиймээс ойрын 2-3 жил зэс тэргүүтэй түүхий эдийн эрэлт нэмэгдэнэ гэж Bloomberg-ийн таваарын шинжээчдийн 2020 онд гаргасан таамаглал байна. Уг таамаглалд тулгуурлаж экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх таатай нөхцөл ОХУ-ын хувьд бүрдэх юм.
Гуравдугаарт. БНХАУ-тай хамгийн ойр дэлхийд гуравдугаарт орох Удокан ордыг бүрэн ашигласнаар 20 мянган ажлын байр бий болж хязгаар нутаг руу чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөн эрчимжиж, хүн амаа өсгөх ОХУ-ын бодлого үр дүнгээ өгч эхэлнэ.
Дөрөвдүгээрт. ОХУ-ын төмөр замын стратеги-2030 төлөвлөгөөнд Зүүн Сибирь болон Алс дорнодын бүс нутгийн Байгаль-Амур, Трансибирийн төмөр замын таваарын тээвэрлэлт, ачаа эргэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч, ирээдүйтэй ордуудыг ашиглалтад оруулна гэж тусгасан нь тус улсын амбицтай бодлогуудын нэг юм.
Тав. БНХАУ, ОХУ-ын хамтын ажиллагаа, түншлэл гүнзгийрч байгаа энэ үед ОХУ-ын зүгээс БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа юм.
Удокан орд Оюутолгойд нөлөөлөх нь
Удокан орд ашиглалтад ормогц Оюутолгойн экспортын ашгийг бууруулж, манай хөгжилд таагүй нөлөөлнө гэдгийг шууд харж болохоор байна.Удокан ил уурхай 2020 оноос олборлож эхэлсэн, харин Оюутолгой 2012 оноос эхэлсэн боловч өдийг хүртэл хамгийн гол далд уурхай, түүний барилга урагш муутай байна. Хятадын зэсийн эрэлт ойрын ирээдүйд нэмэгдэх төлөвтэй байгаа боловч энэ эрэлтийг Оюутолгой өөртөө ашигтай ашиглаж чадахгүй бололтой.
Оюутолгойг тойрсон бэрхшээл Монголчуудад ашиггүй, Удоканд ашигтай байсаар ирлээ. Ил уурхайн олборлолт 2012 онд эхэлмэгц, Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын барилга гацаанд орж, хоёр талын уулзах цэг 20 км-ээр зөрж, хөрөнгө оруулалтын гэрээ, нэмэлт зээлийн асуудал удаа дараа улс төрийн маргааны бай болсоор байв. Өдгөө 12 жилийн дараа эргэж харвал давуу талаа Удоканд нэгэнт алдсан байна. Удокан ордыг дагасан төмөр зам, баяжуулах үйлдвэр гэх мэт бүх бүтээн байгуулалт хэдийгээр 2015 онд бэлэн болно гэж байснаасаа хойшилсон боловч 2022 онд ашиглалтад орохоор байна.
Оюутолгой үнэхээр ашиггүй төсөл болж хувирвал Рио тинто зайлсхийхийг хичээнэ. Өртөг их, ашиг бага энэ төслийг сонирхох хүн хэн байх вэ гэхээр хятад л байж магадгүй, өнөөдөр ч Рио тинто компанийн нийт хувьцааны 15 хувийг Хятадын бизнесийн томчууд эзэмшдэг билээ.
[1] Байкальская горная компания
[2] “Оюу толгой” ХХК нь эзэмшлийн дараах бүтэцтэй. Үүнд: 1. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Оюу толгой” ХХК (34 хувь); 2. Туркойз Хилл Ресурс (66 хувь) нэмэлт мэдээллийг: https://www.ot.mn/
[3] https://www.bgk-udokan.ru/deposit/general-information-about-the-field/
[4] https://www.nsenergybusiness.com/projects/udokan-copper-project-zabaikalye/
[5] https://www.intellinews.com/udokan-alisher-usmanov-s-siberian-copper-valley-186510/
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Шашны үзэл санаа ба терроризмын аюулДараах нийтлэл
Солонгосын хөдөлмөрийн намын VIII их хурлын эргэн тойрондСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23