Шашны үзэл санаа ба терроризмын аюул

2021-01-22

https://niss.gov.mn/wp-content/uploads/2021/01/religion-conflict-2.jpg

Аливаа шашнууд түүхэн замналын хугацаандаа бие биенийхээ үзэл номлолыг харилцан үгүйсгэж, өөрсдийн үзэл сургаалыг хүчээр түгээн дэлгэрүүлэх гэж тэмцэн, ялгаврлан гадуурхах, хандлагыг баримтлаж ирсэн нь хүний эрхийн олон зөрчлийг бий болгож, хүний амьд явах, өөрийн итгэл үнэмшилтэй байх гэх мэтчилэн наад захын эрхэд халдах суурийг тавьж, үндэстэн хоорондын мөргөлдөөний эх үүсвэр болсоор ирсэн, өдгөө энэ байдал үргэлжилсээр байна. Манай улсад ч энэ байдал үүсэхгүй гэх баталгаа байхгүй гэж үзэж болно.

Шашны үзэл санаа, нөлөөлөл аливаа улс орны аюулгүй байдалд заналхийлж буй шинж байдал, хүрээг үнэн бодитой тодорхойлоход зарим улс орнуудад үйлдэгдсэн хэт даварсан болон террорист байгууллагуудын нөхцөл байдлын зураглалыг судлах нь чухал юм. Тухайлбал:

Залуучуудыг террорист болон хэт даварсан байгууллагад элсүүлэх оролдлого, арга ажиллагааг судалж үзэхэд:

  • Шашны байгууллагад татан оруулж байгаа технологи нь тусгай албадын элсүүлэлтийн тогтолцоотой маш ижил шинжтэй байгаа бөгөөд энэ замаар террорист болон хэт даварсан байгууллагын үйл ажиллагаанд залуусыг элсүүлж байна.
  • Элсүүлэх явцдаа сэтгэл зүйн өөрчлөлтөд хүргэдэг технологийг маш идэвхтэйгээр ашиглаж байна.
  • Шашны байгууллагад татан оруулж байгаа нь террорист болон хэт даварсан байгууллагын үйл ажиллагаанд залуусыг элсүүлэх ажиллагааны эхний шат болж байна.
  • Террорист болон хэт даварсан байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулах ажиллагаа нь тухайн хүний оюун санаанд сэтгэл зүйн хүчтэй нөлөөлөл үзүүлэх технологийн гинжин бүрэлдэхүүн байдаг учраас эдгээр нь цаг хугацааны тогтвортой, тасралтгүй үйлдвэрлэлийн шинжтэй, эцсийн бүтээгдэхүүн гартал ажиллах боломжтой байдаг.

Шашны байгууллагын нэр дор хэт даварсан байгууллагын “үүр” үүсгэх хэд хэдэн байгууллага бий. Үүний хамгийн идэвхтэй хэлбэр нь квази-шашны бүлгэм-байгууллага юм. Чухамдаа шашны янз бүрийн суртал ухуулга, шинэ төрлийн үзэл санаа гэгчийн дор залуусын сэтгэл зүйд нөлөөлөх “сэтгэл зүйн удирдлагын технологи” хэрэглэсэн бүлгэмүүд идэвхтэй ажилладаг.

Сэтгэл зүйн шинжлэх ухааны мэргэжилтнүүдийн зүгээс залуусын сэтгэл зүйд нөлөөлөх “сэтгэл зүйн удирдлагын технологи”-д амархан өртөж болохоор квази-шашны бүлгэмд элссэн залуусын сэтгэл зүйн байдлыг судалж дүгнэсэн нь дараах байдлаар харагдаж байна. Үүнд:

  • Огцом зан авир,
  • Гутранги,
  • Сул дорой,
  • Хэт хамааралтай,
  • Өнчин өссөн,
  • Хойд эцэг, эх дээр өссөн,
  • Хөгжлийн бэрхшээлтэй,
  • Сэтгэл зүйн хүнд гэмтэлтэй,
  • Хий зүйл хардаг,
  • Хийсвэр дурсамжтай,
  • Террорист, эсхүл дарангуйлагчийн хүүхэд, хамаатантай г.м

Террорист болон хэт даварсан байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулах ажиллагаа нь дараах үе шаттай. Үүнд:

      Эхний шат:

  • Өөрийн байгууллагад оруулж болох этгээдийг интернэт, блог, бусад эх үүсвэрт хайх,
  • Хайж товлосон этгээдийн талаар интернэт орчноор идэвхтэй харилцах хэлбэрээр судлах,
  • Судлагааны цуглуулсан материалаар уг этгээдийн талаар дүгнэлт гаргах,
  • Судлагдаж буй этгээдийн улс төрийн байр суурийн талаар илэрхийлж байсан санаа бодлыг нягтлах,
  • Террорист болон хэт даварсан байгууллагын талаар бодол, санааг нь тандах,
  • Улс төрийн бодлого, шийдвэрийн талаар тандах,
  • Судлагдаж буй этгээдийн үүрэг биелүүлэх боломжийг судлах,
  • Тусгай болон бусад ашигтай мэдлэг, боломжийг тандах зэрэг болно.

     Хоёрдахь шат:

  • Сонгож авсан этгээдтэй шууд харилцаж, тусгайлсан сайт үзүүлэх, онлайн ярилцлага явуулах зэрэг арга хэрэгслээр “төлөвшүүлж” авах,
  • Сэтгэл зүйн хувийн шинжийг дүгнэх, чухамдаа ямар онцлогоор нь террорист болон хэт даварсан байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулахыг тодорхойлох,
  • Сонгосон этгээдийг “нэг удаагийн” болон “олон удаагийн” боломжтой гишүүн болгох талаар тогтоох,
  • Онлайнаар 1-2 удаагийн найдвартай байдлын шалгалтын тоглолтыг хэрэгжүүлж, түүнийг хөндлөнгөөс толгойлогчийн хяналтад оруулах,

  Гуравдахь шат:

  • Байгууллагадаа орох саналыг шууд тавих,
  • Террорист болон хэт даварсан байгууллагын ямар нэгэн үйл ажиллагааны хэрэгжүүлэлтийн явцад, шаардлагатай тохиолдолд уг этгээдийг сэтгэл зүйн хувьд бэлэн байдлын хэлбэрээр шалгах,
  • Бодит ажиллагаанд оруулахдаа эхний ээлжинд өөртэй нь адил хүмүүсийг оруулахад ашиглах. Халдлага үйлдэх газар орон руу шилжүүлэн байрлуулах. Халдлага үйлдэхэд бэлтгэж буй бүлгийнхэнтэй нийлүүлэх зэрэг хөдөлгөөнд оруулна.

Үүний зэрэгцээ сэтгэл зүй, итгэл үнэмшлийн хувьд хэт даварсан хандлагатай, амьдралын туршлага багатай этгээдийг хялбаршуулсан хэлбэрээр оруулахыг хэрэгжүүлж, түүнийг “нэг удаагийн баатар” гэсэн ангиллаар ашигладаг бол санаачилгатай, террорист болон хэт даварсан байгууллагын ажиллагаанд оролцоход бэлэн байгаагаа илэрхийлж байгаа этгээдийг “орон нутгийн жихад” болгон ашигладаг байна.

Энэ ажилд оролцож байгаа бүлгийнхэн гурван төрөлд хуваагдаж ажилладаг. Үүнд:

  • Чиглүүлэгч – сонгосон этгээдтэй биеэр харилцаа тогтоосны дараагаар урьдчилсан байдлаар анхны үеийн ажиллагааг хэрэгжүүлэх, ямар үүрэгтэй ашиглаж болох талаар шалгах замаар дүгнэлт гаргана.
  • Элсүүлэгч – эхний байдлаар онлайнаар холбоо тогтоож цаашдын удирдлага, үүрэгжүүлэлтийг онлайнаар үргэлжлүүлэх бөгөөд хэрэвзээ уг этгээдийг “олон удаагийн” боломжтой гишүүн болгох шийдвэрт хүрсэн бол шууд харилцаанд орно.
  • Удирдагч – удирдлага, үүрэгжүүлэлтийг зөвхөн онлайнаар хэрэгжүүлнэ.

Залуучуудын дунд явуулж буй сэтгэл зүйн “тоглолт”/манипуляци/-ыг террорист болон хэт даварсан байгууллагын сэтгэл зүйн мэргэжлийн ажилтан маш хурдан хугацаанд хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь халдлага үйлдэгчдийн эгнээг өргөжүүлэх боломжийг олгодог байна. 

Эдгээр хүчин зүйл, нөхцөл байдлаас үүдэн хууль сахиулах байгууллага, тусгай албад, төрийн бусад байгууллагууд урт хугацааны бодлогын чиглэлдээ залуучуудын дунд зохион байгуулах ёс суртахуунд анхаарал хандуулах шаардлагатай байна.

 Анализаас үзэхэд XXI зууны эхнээс зэвсэгт мөргөлдөөн өөрчлөгдөж байгааг нотолсон олон хандлага бий. Өнөөдөр дайн болон энх тайвны зааг ялгаа арилж байгаа нь илт болсон.

Цэргийн хүч хэрэглэх шалтаг, шалтгааны хүрээ зааг өргөсөж, улс орныхоо эдийн засгийн ашиг сонирхлыг хангах үйлдлээ аль нэг оронд ардчиллыг хамгаалах буюу ардчилсан үнэт зүйлсийг нэвтрүүлэх лоозонгийн дор гүйцэлдүүлэх болов. Мөргөлдөөний аргын агуулгад улс төр, эдийн засаг, дипломат, мэдээлллийн болон хүн амын эсэргүүцэгч чадавхийг оролцуулан хэрэгжүүлж буй цэргийн биш аргууд зонхилох болсон байна.

Монгол улс дахь шашны асуудал ба сөрөг үр дагавар

1992 оны шинэ Үндсэн хуулиар ард олон шашин шүтэх эрх чөлөөтэй болж, Монгол Улсад уламжлалт Бурханы шашны зэрэгцээ бөө мөргөл, Ислам, Христ болон бусад шашны үндсэн урсгалууд болон түүнээс эх авсан, бие даасан урсгалууд олноор үйл ажиллагаа явуулж байна.

Шашин шүтэх эрх нь иргэний эрх, эрх чөлөөний хамгийн том үзүүлэлт хэдий ч үндэсний аюулгүй байдлын бодлогод захирагдаж, холбогдох хууль тогтоомжийг дагах ёстой. Энэ тухай Ганжуур болон Эх болсон хамаг амьтны магтаал зэрэг Буддын шашны судруудад “Бурханы шашин бол ертөнц ба засаг төрийн үйл хэрэг лүгээ зөрчиж тэрслэх бус харин түүнийг туслан дагах ёстой” хэмээсэнчлэн Монгол дахь шашин шүтлэгийн өнөөгийн байдал, түүнтэй холбоотой олон судалгаануудыг харахад Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн “төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх”, төр буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзэх үзэл санаанууд амьдрал дээр харьцангуй хэвийн хэрэгжиж, шашин хоорондын аливаа хурц зөрчил маргаан хараахан байхгүй байна.

Гэвч сүүлийн үед Гандантэгчэнлин хийдийн түүхэн болон эрх зүйн тэргүүлэх байр суурийг үгүйсгэж, бие даан бодлого явуулдаг хэсэг бүлэг хүмүүс хувийн сүм хийдийг байгуулж, түүндээ тулгуурлан гадаадын байгууллагатай идэвхтэй холбоо харилцаа тогтоож, их хэмжээний санхүүжилтийг авч байгаа нь гадны улсын ашиг сонирхол, гадаадын тусгай албадын үйл ажиллагаа төдийгүй шашны нэрээр халхавчлан мөнгө угаах, тагнуул хийх, мухар сүсгийг дэлгэрүүлэх, өөрсдийгөө хутагт хувилгаадын хойд дүрээр тодруулан сүсэгтэн олон, төр засгийг төөрөгдүүлэн талцуулах, Монгол төрийн бодлого, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, цаашид ужигравал нэн осолтой байдлын шинж тэмдгүүд гарах боллоо.

Эдгээрийг судлаачдын зүгээс: “Хувийн гэгдэх сүм хийд олноор бий болж, хэт бие даасан гадаад харилцаа явуулан, ашиг орлог хөөх болсноор харийн шашин, улс орны нөлөөлөл Монгол Улсад бий болж язгуур соёл, өв уламжлалыг үгүйсгэх байдал ихэссэн нь үндэсний эв нэгдэл тусгаар тогтнолд нөлөөлөхүйц нөхцөл байдал бий болсон тухай тоо баримт жишээгээр харуулжээ. Монгол Улсад буддын 134, христийн 196, исламын 44 сүм хийд нийтдээ 400 орчим сүм хийд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гаж урсгал нэлээдгүй түгсэн нь янз бүрийн бичлэг зан үйлээс олон нийтийн сүлжээгээр ихээхэн харгадах болсон.

Уламжлалт зонхилох шашны байгууллагын тоо, уламжлалт бус шашны байгууллагатай харьцуулахад 34,5 хувьд нь Буддын шашин, 54,2 хувь нь Христ, 5 хувьд нь Ислам, 6 хувьд нь бусад шашин байгаа тоо баримт байна.

Шашин шүтлэгийн хувьд 50 гаруй хувийг Буддын шашин, 38 хувийг шашин шүтдэггүй бусад хувьд нь уламжлалт бус шашнууд эзэлж байна.

Зарим нэр бүхий лам нар гадаадын тусгай албадын  далд явуулга байж болзошгүй нөлөөллөөр зарим улс оронтой өөрсдийн эрх хэмжээг хэтрүүлэн харилцсанаар Монгол төрийн бодлогод харийн түрэмгийлэл үйлдэх үүд хаалга болж, нөлөөлөл хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бий болгосон байна. Үүнээс үүдэн Монгол Улсын дипломат гадаад бодлогод нөлөөлсөн үйлдэл ихээр гарч бусад улсад төрийн бодлогыг таагүй байдлаар харагдуулах болсон байна.” гэжээ.

Бурханы шашинт улс орнууд үл хүлээн зөвшөөрдөг Банчин Богд гэгчид очиж мөргөх, улмаар урьж авчрахыг оролдох, буддын шашинтнуудын болон дэлхийн улс гүрнүүдэд хүндлэгдсэн, дэлхийн энх тайвны Нобелийн шагналт Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламыг муулах зэрэг үйл ажиллагаа идэвхитэй явуулж байна. Банчин Богдын талыг баримтлагч лам нар, Далай ламыг баримтлагч лам нар гэсэн талцал бурханы шашинд бий болсон нь нууц биш юм. Энэ байдал нь Шүгдэн шүтэгч, эс шүтэгч мэтээр ч зарим талаар харагдах болсон.

Бурхны шашин нь дан ганц сүсэг бишрэлийн асуудал биш бөгөөд Монголын ард түмний уламжлалт зан заншил, соёлын өв сан, соёл, өдөр тутмын болон баяр ёслол, ёс суртахуунд гүнзгий нэвтэрсэн, ахуй амьдралаас нь тусад нь авч үзэхийн аргагүй. Сүсэгтэн олон бурхны сургаалийг авахдаа сүм хийдийн зан үйл, дэг жаягийн тухайд үндсэн номлол болсон винайн ёс, лам хуврагийн хүлцэнгүй дэг журмыг монгол уламжлал, нүүдэлчин аж ахуйтайгаа нягт барилдуулсны үндсэн дээр монгол ахуйгаас шашны дэг жаяг руу, шашны дэг жаягаас ардын ахуй ёс заншил руу сэлгэн тэлэх замаар өөрийн гэсэн онцлогтой болгосон ажээ.

Зарим их гүрнүүд шашны эв нэгдлийг бэхжүүлэх арга, бусдыг эрхэндээ оруулах зэвсэг болгон төрийн далд бодлогоор үйл хэргээ хэрэгжүүлэх болсон. Тухайлбал, АНУ-ын төрийн департаментын зүгээс Шашны эрх чөлөөний төлөөх олон улсын эвслийг үүсгэн байгуулах санал санаачилгыг гарган, нөлөөлийн үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд, Иргэний болон улс төрийн эрхийн талаарх олон улсын факт, Европын холбооны шашны эрх чөлөөний талаарх удирдамж, ЕАБХАБ-ын шашны эрх чөлөө, аюулгүй байдлын тухай удирдамж зэрэг олон улсын гэрээ, хэлэлцээрт тулгуурлан “Шашны эрх чөлөөний асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч Ахмед Шахийд протколыг боловсруулж, хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан байдаг.

 “Дэлхийн улс төр, нийгэм, эдийн засгийн бодлогыг тодорхойлогч их гүрнүүдийн зүгээс тодорхой зорилготойгоор шашны харилцаатай холбоотой олон улсын гэрээ байгуулах, тийм гэрээнд нэгдэн орох, түүнийг соёрхон батлахыг шаардах, улс төр, эдийн засгийн шууд ба шууд бус шахалт, нөлөөллийг манай улс тэсвэрлэх чадамжгүй байгааг анхаарах хэрэгтэй” гэж шинжээчид дүгнэснийг анхаарах шаардлагатай.

Дүгнэлт

Бидний цөөн хүн амтай улс оронд “Монгол соёл” нь улс үндэстний дархлаа болж, эв нэгдлийг хангах үнэт зүйл нь мөн юм.

Мөн гадаадын тусгай албаны далд дэмжлэгтэй байж болзошгүй шашны нэр  бодлого ярьсан хувийн ашиг олох далд зорилготой, эдийн засгийн хууль бус сонирхолтой гадаад, дотоодын этгээдүүдийн санаархлыг таслан зогсоох үүднээс Монгол Улсаас тодрон залагдсан хутагт хувилгаадаар шашны тэргүүнээ батламжлан залж, сүсэгтэн олны оролцоо бүхий Монгол Улсын уламжлалт бурхны шашны төв байгууллага болон шашнаа төрийн бодлогоос харшлалгүй авч явах, залан удирдах институцийг төрийн хар хайрцагны бодлогоор зохицуулах  цаг иржээ.

Иймээс “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ” гэх хуулийн заалтын дагуу дотоодод үүссэн зөрчил дутагдлыг арилгах, хохирол учруулж болзошгүй байдлаас урьдчилан сэргийлэх, шинээр үүссэн нөхцөл байдлыг тусгасан тусгайлсан “Төрийн бодлогын зөвлөмж”-тэй болж, ард түмний эв нэгдэл, язгуур соёл, уламжлал, түүх, ёс заншлаа ирээдүй хойч үедээ өвлүүлэн уламжлах, эрх хэмжээ хязгаарыг тогтоон барих шаардлагатай байна.


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА