Америк доллар дэлхийн хамгийн түгээмэл хамгийн өргөн хэрэглэгддэг валют болсон нь нэг талаар ам.долларын эх орон болох АНУ олон улсын харилцаанд манлайлдаг, олон улсын худалдаа, төлбөр тооцоонд голлодогтой холбоотойгоос гадна дэлхийд олон улс орон ам.долларыг өөрийн валюттай уяж зарим нь өөриймшүүлж адил доллартай болсонтой холбоотой. Ам.долларын ханшид АНУ-ын байр суурь, тус улсын улс төр, эдийн засгийн тогтвортой байдал тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Энэ нь АНУ-ыг хөрөнгө оруулалт, худалдааны хамгийн тохиромжтой газар болгож долларын эрэлтийг улам бэхжүүлж байна. Ам.долларын харьцангуй хүчирхэгжих өөр нэг гол хүчин зүйл бол инфляц өсөхөөс сэргийлж, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд бодлогын хүүг тогтоодог Холбооны нөөцийн сан юм. ХНС инфляцын түвшинг бага буюу жилийн 2% дээр барьж, ам.долларын ханшийг яваандаа үнэ цэнээ алдахаас сэргийлж байдаг. Долларын энэхүү үнэмлэхүй манлайлалд өдгөө дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улсын мөнгөн тэмдэгт юань сорилт учруулахаар өрсөлдөн гарч ирж, олон улсын худалдаа, төлбөр тооцооны системд аажмаар байр сууриа бэхжүүлж байна. Иймд олон улсын төлбөр тооцоо, дэлхийн худалдаанд доллар юаний өрсөлдөөн хэрхэн явагдаж буй талаар энэ удаагийн дугаараар хүргэж байна.
Ам.долларын савалгаа ба инфляцын цохилт
2020, 2021 онд Ковид-19 цар тахлын нөлөөгөөр олон улсын санхүү, эдийн засгийн харилцаа асар хүнд байдалд орсон ба эрэлт, нийлүүлэлтийн харьцаа доголдож үнийн хөөрөгдөл үүсэх суурийг тавин, 2022 он гэхэд систем бүхлээрээ шоконд орсон. Мөн онд олон улсын харилцаа ч хамгийн саваалгаатай байв.
2022 оны эхний хагаст яаралтай арга хэмжээ авбал эдийн засгийн хямралыг тойрон гарна гэсэн хүлээлт байсан боловч 2 дугаар сарын 24-нд ОХУ Украины дайн гарснаар дэлхийн улс орнууд хямралд бус дайнд илүүтэй анхаарав. Үүнээс үүдэж 2022 оны 2, 3 дугаар улиралд санхүү, эдийн засгийн хямрал гүнзгийрч, инфляц гаарсан. АНУ сүүлийн 40 жил байгаагүй өндөр инфляц буюу 8.8%-д хүрч, Япон мөн сүүлийн 40 жил хүрээгүй өндөр хувь болох 8%-д хүрсэн, Турк 80% давж, Монгол Улс 17 хүртэлх хувийн инфляцтай болсон байв. ОУВС, Дэлхийн банкнаас хямралтай тэмцэх төрөл бүрийн төлөвлөгөө боловсруулж зөвлөмж хүргэж байсан ч бүгд ОХУ Украины дайнд анхаарал хандуулж байсан.
2022 онд дэлхийн санхүүгийн нөхцөл байдал хүндрэхэд АНУ-ын Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ нэмж, дэлхий нийтээр ам.долларын ханш хүчтэй чангаран, үндэсний мөнгөн тэмдэгт унаж эхлэв. Дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг зангиддаг гол улс болох Хятад “тэг Ковид” бодлогоо хатуу барьж байв. Эдийн засгийн хоригоос больж ОХУ олон улсын төлбөр тооцооны SWIFT системээс хасагдаж, рублын ханш огцом унав. Европын холбоо дайныг санхүүжүүлэхгүй гэх нэрээр эрчим хүчний импортоо алхам алхамаар зогсоож, ОХУ-ын зүгээс Европд нийлүүлдэг байгалын хий, эрчим хүчээ үе шаттайгаар таслан, Европт эрчим хүчний хямрал эхлэв. Тухайн цаг үетэй давхцаж зарим улс орон “de-dollarization” буюу ам.доллараас татгалзах бодлого баримтлан, өөр хоорондоо дотоодын мөнгөн тэмдэгтээ ашиглаж худалдаа хийх боломжийг эрэлхийлж эхэллээ.
Ам.доллараас татгалзах бодлого ба бүсчлэн хөгжих үзэл баримтлал
Олон улсын харилцаа “de-dollarization” буюу ам.доллараас татгалзаж өөр хоорондоо зөвхөн дотоодын мөнгөн тэмдэгтээр худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, зээл тусламжаа үзүүлэх нь биеллээ олж эхэллээ. БНХАУ-ын олон жилийн турш мөрөөдөж зорьж ирсэн зорилго биеллээ олж эхэлсэн бөгөөд нэн тэргүүнд гадаад худалдаагаа юаниар төлөх хэлэлцээрүүд амжилтанд хүрч эхлэв. Хятад, Франц улсууд шингэрүүлсэн байгалын хийг зөвхөн юаниар хийхээр тохиролцсон. Хятад, Бразил хоёр худалдаагаа мөн юаниар хийхээр болов. 2022 онд Узбекстанд болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар Орос Хятад хоёр дотоодын мөнгөн тэмдэгтээр худалдаагаа өргөжүүлэх төлөвлөгөө гаргасан ба энэ нь барууны хориг арга хэмжээний нөлөөллийг багасгах гэсэн ОХУ-ын нүүдэл байв. Үүнд мөн Хятад АНУ-ын хүйтэрсэн харилцаа, Энэтхэг Оросын хоорон дахь ам.долларын бус валют ашиглаж буй худалдаа, Ираны эдийн засгийн хямрал зэргийг тооцоолсон хэрэг. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хөгжлийн алдагдлыг бүс нутгийн интеграцчлалаар шийдвэрлэх, ялангуяа үндэсний мөнгөн тэмдэгтийн төлбөр тооцоонд эзэлж буй хувь хэмжээг нэмэх, хил дамнасан төлбөр тооцооны системийг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх, ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулахад тус дөхөм үзүүлэхийг санал болгов.
Бээжин одоогоор юанийг олон улсын валют болгоно гэж шууд нэр зааж хэлэхгүй байгаа ч ам.долларын ханшийг буулгаж, дэлхийн санхүүгийн систем дэх ам.долларын ноёрхлыг багасгах сонирхол Хятадад бий. БНХАУ-ын орон нутгийн байгууллагууд болон ШХАБ зэрэг бүс нутгийн засгийн газар хоорондын байгууллагуудаар дамжуулан юанийг бүс нутгийн хэмжээнд хүчирхэг мөнгөн тэмдэгт болгох арга хэмжээ авсаар байна. Бээжин Хятадын гадаад худалдааны төлбөр тооцоо, хөрөнгө оруулалтад юанийн хэрэглээг нэмэгдүүлж, ам.доллараас хараат байдлаа бууруулж, валютын ханшийн эрсдэл болон ам.долларын хөрвөх чадварын хомсдолыг багасгаж, геополитикийн хямралын үед дэлхийн зах зээлд нэвтрэх боломжийг хадгалахыг хүсэж байна.
Хятадын ам.долларыг бууруулах санаачилгуудыг зөвхөн Хятадын төв засгийн газар хэрэгжүүлдэг биш юм. Мөн зарим санаачилгыг орон нутгийн засаг захиргаа, орон нутгийн санхүүгийн байгууллагууд хэрэгжүүлсэн байдаг. Үүний нэг жишээ бол Хятад-Оросын санхүүгийн холбоо юм. 2015 оны 10 дугаар сард Хятадын Харбин банк болон Оросын Сбербанк (ОХУ дахь хөрөнгийн хэмжээгээрээ хамгийн том хадгаламжийн банк) Хятад-Оросын санхүүгийн хамтын ажиллагааны ашгийн бус байгууллага болох санаачилга гаргажээ. Холбооны гол зорилго нь Хятад, Оросын худалдааг дэмжих үр ашигтай механизм бий болгож, хоёр талын санхүүгийн иж бүрэн хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх, хоёр талын төлбөр тооцоонд үндэсний мөнгөн тэмдэгтийг ашиглахыг дэмжих явдал юм. Энэхүү санхүүгийн холбоо 35 гишүүнтэй бөгөөд үүнд Хятадын 18 санхүүгийн байгууллага (жижиг, дунд банк, даатгалын компаниуд, итгэмжлэгдсэн хөрөнгө оруулалтын компаниуд) болон Оросын 17 байгууллага багтжээ. Холбоо байгуулагдах үед Хармөрөн мужийн дэд дарга Сун Яо хэлэхдээ, тус холбоо нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын хөгжлийг дэмжих чухал талбар юм хэмээн онцолсон байдаг.
Хятад улс 2013 онд “Бүс, Зам’ санаачилга гарган ШХАБ-ын гишүүн орнуудын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжихээ илэрхийлсэн бол 2015 оны Уфагийн тунхаглалд ШХАБ-ын орнууд ч “Бүс, Зам’-ыг дэмжиж байгаагаа албан ёсоор зарласан. Гэхдээ Хятад улс ШХАБ-ын тогтолцоог ашиглан хоёр талын төлбөр тооцооны үндэсний мөнгөн тэмдэгтийг ашиглах сонирхол нь 2013 онд “Бүс ба Зам’ санаачилга гарахаас өмнө эхэлсэн. Хятадын бодлого боловсруулагчид 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа ам.долларын бус худалдаа хийх хувилбаруудыг судалж байсан. Тухайлбал, 2012 оны ШХАБ-ын Бизнес форумын үеэр Хятадын тухайн үеийн Ерөнхий сайдын орлогч Ван Чишань ШХАБ-ын гишүүн орнууд худалдааны төлбөр тооцоонд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах, хоёр талын валютын своп хэлцлийг ахиулах, бүс нутгийн санхүүгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, санхүүжилтийн шинэ загвар боловсруулах хэрэгтэй гэж онцлон тэмдэглэсэн байдаг.
Чадамжаа алдахгүй ам.доллар
ХХ зуунд олон улсын төлбөр тооцооны үндэс бэхжих үед АНУ гол тоглогч болж дэлхий дахинд ам.долларын манлайлал үүсгэсэн. Өнөөдөр энэ манлайлал байраа тавьж өгөх эсэхт судлаачид олон өнцгөөр харж байгаа бөгөөд АНУ-ын судлаачид эсрэгээрээ юань хэзээ ч долларыг орлож чадахгүй гэх байр суурь дээр буугаад байна. АНУ-ын санхүү, эдийн засгийн шинжээчид ам.доллар юаныг орлож чадахгүй гэх хэд хэдэн үндэслэл гаргасан.
Хамгийн том нөөц – Олон улсын төлбөр тооцоонд доллар хэзээд гол валют байсан ба өнөөдөр ч энэ хэв маягаа алдахгүй байна. CNBC-гээс жил бүр гаргадаг тайланд дэлхийн валютын нөөцийн 62%-ыг америк доллар дангаар бүрдүүлж байгаа бөгөөд бусад орнуудын төв банкууд доллар ихээр нөөцөлдөг. Харин юань 3 хүрэхгүй хувийг бүрдүүлж байна. Долларын ханшийн өөрчлөлт нь эдийн засгийн болон эдийн засгийн бус хүчин зүйлсэд нөлөөлдөг.
Ил тод байдал – БНХАУ нээллтэй гэхээс илүү хаалттай улс бөгөөд юаний чадамжыг Төрийн зөвлөлийн гишүүд хатуу хяналт дор байлгадаг. Энэ нь нэг талаараа ханшийн өөрчлөлт, үүний ард хэн байгааг мэдэх боломжгүй бөгөөд АНУ-ын зүгээс Хятадыг валютын хувьд илүү нээлттэй байхыг хүсдэг.
Түүхэн хүчин зүйл – Олон улсын харилцаанд аливаа нэг цаг үед манлайлж буй их гүрнүүд үргэлж өөрсдийн мөнгөн тэмдэгтийг гол валют болгох гэж зүтгэдэг. Эртний Грекд драхмаг онцолж байсан бол орчин үед Испани мөнгөн зоос, Их Британы эзэнт гүрэн фунт стерлингийг дэлхийн өнцөг булан бүрт колончлолоор дамжуулан эрэлтэд оруулж байв. Тэдний мөнгөн тэмдэгт нь эзэнт гүрнээ тогтвортой цогцлоох үндэс болж байсан ба эзэнт гүрэн хүчээ алдсаны дараа мөнгөн тэмдэгт нь ч мөн адил хүчээ алдсан. Түүхэн хүчин зүйлээс ялгаатай нь долларыг АНУ-ын холбоотнууд, өрсөлдөгчид, дайснууд бүгд зэрэг ашиглаж байгаа нь түүхэнд анхных байж болно. Доллар нь 310 сая хүн амтай зах зээлийн хөрсөн дээр амьдарч буй бол юань нь 1.4 тэрбум хүн амтай зах зээл дээр амьдарч байна. Хятдад дундаж давхарга нэмэгдэх тусам ард түмэн илүү их зүйл шаардаж эхлэх ба тухайн мөчөөс юань голлох чадамжаа алдана гэж үзсэн байна.
Дүгнэлт
Олон улсын харилцаа даяаршсан үетэй зэрэгцэн олон улсын төлбөр тооцооны систем боловсрогдсон ба дэлхийн улс орнууд нэг валютаар бүх гадаад төлбөр тооцоогоо хийж, дотооддоо өөрсдийн мөнгөн тэмдэгтээ ашиглаж байна. Өдгөө АНУ-БНХАУ хоёр олон улсын худалдаа, зах зээлд өрсөлдөж, Азийн орнуудад БНХАУ манлайлна гэж үзэж байгаа бөгөөд АНУ-ын зүгээс энийг ямар ч боломжгүй гэж харж байна.
Сүүийн гурван жилд тохиож буй Ковид-19 цар тахал, эдийн засгийн хямрал, Орос Украины дайн зэрэг олон таагүй хүчин зүйлийн улмаас улс хоорондын худалдаанд тус тусын мөнгөн тэмдэгтээр худалдаа хийх явдал илт нэмэгдэв. Энэ нь Хятадын юаньд таатай нөхцөл бүрдүүлж байна. Гэхдээ дэлхийн худалдаанд юань ам.долларыг гүйцье гэхэд түүний жин нөлөө, санхүүгийн засаглал зэрэг хүчин зүйлийн улмаас хараахан боломжгүй, гэхдээ хэтдээ ам.доллартай хүчтэй өрсөлдөх нь тодорхой байна.
Монгол Улсын хувьд 2022 он эдийн засгийн хүндхэн жил бол өнгөрсөн. Нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдаж, манай улсын гадаад худалдаа ихээхэн багассан. 2022 оны 12 дугаар сард БНХАУ хилээ нээж цар тахлын хөл хориог сулласнаар 2023 оны эхний улирлын байдлаар манай улс гадаад худалдааны тэнцэл 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарч дотоодын валютын нөөцөө нэмэгдүүлж төгрөгийн ханшийг чангаруулсан. Манай улсын гадаад валютын нөөцийн 60 гаруй хувийг ам.доллар бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь манай улсын худалдан авах чадвар, төгрөгийн ханшийн чадамжид долларын гүйцэтгэх үүрэг өдий төдий өндөр байгааг харуулж байна.
Ашигласан эх сурвалж:
- Орос Хятадын түншлэл ба Хятадын гадаад бодлогын шинэ амбиц, https://niss.gov.mn/archives/3046
- US Dollar Exchange Rate Shifts: Drivers, Impacts and Outlook for 2023, https://www.euromonitor.com/article/us-dollar-exchange-rate-shifts-drivers-impacts-and-outlook-for-2023
- De-Dollarization And Its Impact On The Global Economy And Startups, https://yourstory.com/2023/03/de-dollarization-impact-global-economy-startups
- China Is Quietly Trying to Dethrone the Dollar, https://foreignpolicy.com/2022/09/21/china-yuan-us-dollar-sco-currency/
- 4 Reasons Why Yuan Won’t Replace Dollar as Reserve Currency, https://financesonline.com/4-reasons-why-yuan-wont-replace-dollar-as-reserve-currency/
- How the Yuan Could Become a Global Currency, https://www.thebalancemoney.com/yuan-reserve-currency-to-global-currency-3970465
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Блокчейн технологийг санал хураалтад ашиглах ньДараах нийтлэл
Гүржийн үйл явдал ба “эрхзүйн дайн”Сүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02