Дэлхий дээрх 200 гаруй улсаас 167 нь ямар нэг хэмжээгээр “ардчилалтай” (бүрэн, хосолсон г.м) байна гэсэн статистик байдаг.[1] Сонгууль нь ардчилсан шийдвэр гаргах үр дүнтэй арга хэрэгсэл болохын хувьд нийгмийн чухал үйл явц болоод удаж байна. Гэвч уламжлалт санал хураалтын үйл явц нь шударга ёс, тэгш байдал, оролцогчдын хүсэл зоригийг илэрхийлдэг эсэх нь эргэлзээ дагуулсаар ирсэн. Тэгвэл технологийн хөгжлийг дагаад гарч ирсэн блокчэйнд суурилсан санал хураалтын систем нь төвлөрсөн бус шинж чанартай тул зөв зохион байгуулж чадвал иргэдийн сонгуулийн санал хураалтад итгэх итгэлийг нэмэгдүүлэх, зохион байгуулалтын зардлыг бууруулах, сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх, хөндлөнгийн хяналтыг сайжруулах зэргээр уламжлалт санал хураалтын системийн дутагдалтай талуудыг нөхөх бүрэн боломжтой юм. Энэхүү технологийг ашиглан санал хураалт явуулах боломж Засгийн газрууд, улс төрийн институциуд, засаг захиргааны нэгжүүдээс эхлээд хоршоо, нээлттэй хувьцаат компани гэх мэт ардчилсан зарчмаар санал хураалт явуулж шийдвэр гаргадаг бүх нэгжүүдэд нээлттэй.
2018 оны 3 дугаар сарын 7-нд Баруун Африкийн Сиерра Леон улс нэгэн үйл явдлаар дэлхийд анхдагч болж нэрээ мөнхөлсөн нь блокчейн технологийг ашиглан Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг бүртгэж хянасан явдал байв. Сиерра Леон улс 8 сая хүн амтай бөгөөд тус сонгуулийг улс төрийн тогтворгүй байдлаас зайлсхийх, ил тод байдлыг хангах зорилгоор блокчэйн технологийг ашиглан явуулжээ. Харин тус санал хураалтын системийг Швейцарийн блокчэйн технологид суурилсан санал хураалтын систем хөгжүүлэгч “Agora” компани нэвтрүүлж, хамтран ажилласан байна. Гэхдээ уг сонгууль нь зөвхөн саналын хуудсуудыг бодит цагийн горимд (realtime) тоолж бүртгэх, хүн бүрт сонгуулийн нэгдсэн мэдээллийн санд хандаж, хянах боломжийг л олгосон байдаг. Өөрөөр хэлбэл иргэд саналын хуудсаа бөглөсний дараа саналыг нь эрх бүхий этгээд блокчэйн сүлжээнд бүртгэж авсан гэсэн үг. Санал хураалтын үр дүнг бүртгэх төвлөрсөн бус мэдээллийн санд бичих эрхийг хөндлөнгийн ажиглагчид, Улаан загалмайн нийгэмлэг, Швейцарийн холбооны Технологийн хүрээлэн, Фрибургийн их сургууль зэрэг байгууллагуудын төлөөлөл авсан бол иргэдэд мэдээллийн санд зөвхөн унших эрхтэй хандалт олгожээ. Энэ нь блокчэйн технологийг хэсэгчлэн ашиглсан гэсэн үг юм. [2]
Уламжлалт сонгуулийн системийн онцлог нь ганц газар буюу ихэвчлэн “сонгуулийн хороо”-нд эрх мэдлийг төвлөрүүлсэн байдаг. Харин блокчэйнд суурилсан сонгуулийн системийн онцлог нь эрх мэдлийг хаана ч төвлөрүүлдэггүй бөгөөд өгөгдөл нь олон цэгт хадгалагддагаараа онцлогтой. Тиймээс өгөгдөл хадгалагдаж буй бүх цэгүүдийг хакердаж өгөгдлийг өөрчлөх нь туйлын ярвигтай буюу үндсэндээ өөрчлөх боломжгүй юм. [3] Түүнчлэн Блокчэйн технологид суурилсан сонгуулийн санал хураалт нь иргэдийн хувийн мэдээлэл, санал өгсөн байдлыг гуравдагч этгээдтэй хуваалцдаггүй, сонгуулийн үр дүнд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй, сонгуулийн үйл явц, үр дүнг санал өгсөн иргэн бүр нээлттэй хянах боломжтой зэрэг давуу талуудыг олгодог.
Блокчэйн дээр суурилсан санал хураалтын системүүд
Хэдийгээр блокчэйн технологи бизнес салбарт сүүлийн 7-8 жилийн хугацаанд үүсэж хөгжсөн боловч сонгуулийн салбарт үсрэнгүй хөгжлийг авчраад буй нь Tata Communications-аас 2018 онд гаргасан судалгаанаас илхэн харагддаг. Тус судалгаанд 250 гаруй ажилтантай эсвэл нэгээс олон улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас сонгогдсон 1600 шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд хамтрагдсан бөгөөд судалгаанд хамрагдсан компаниудын 44% нь судалгаандаа блокчэйн технологи ашиглаж үзсэн гэжээ. [4]
Хүснэгт 1-д одоогийн блокчэйнд суурилсан цахим санал хураалтын системүүдийг харьцуулан харуулав. [5]
Олон улсын туршлага
Өнөөгийн байдлаар блокчэйнд суурилсан санал хураалтын системийг судалж, хэрэгжүүлсэн хэд хэдэн улс байгаа ч нэг нь ч хараахан үндэсний сонгуульд бүрэн дүүрэн нэвтрүүлээгүй байна. Блокчэйнд суурилсан санал хураалтаар туршилтын төсөл хэрэгжүүлсэн эсвэл туршилт хийсэн зарим улс орны жишээг дурдвал:
1. Өмнөд Солонгос: Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар 2013 онд цахим санал асуулга явуулахыг зөвшөөрсөн хууль эрх зүйн орчноо бүрдүүлж “E-Плебисцит” буюу “Цахим бүх нийтийн санал хураалт” хэмээн нэрлэгддэг хуулиа баталсан. Энэхүү хууль нь сонгуулийн цахим систем, цахим санал хураалтын үйл ажиллагаа явуулах журмын тухай эрхзүйн баримт юм. Тус хуулийн дагуу онлайн платформ нь саналын бүрэн бүтэн байдлыг хангахын тулд аюулгүй байдал, нууцлалын тодорхой шаардлагыг хангасан байх ёстой. Үүнтэй зэрэгцэн тэд 2013 онд онлайн санал хураалтын хөтөлбөрийг нэвтрүүлсэн ч энэ системийг зөвхөн улс төрийн нам, төрийн байгууллага, сургуулиудын удирдлагын сонгуульд ашигладаг байсан. Өмнөд Солонгост цахимаар санал асуулга явуулах нь харьцангуй шинэ зүйл бөгөөд Засгийн газраас санал хураалтын үйл явцын нэгдмэл байдлыг хангах үүднээс блокчэйн технологийг ашиглах, сонгогчдоос давхар баталгаажуулалт шаардах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. 2022 онд гэхэд л тус улсын Засгийн газар блокчэйн санал хураалтын системийг сайжруулахаар 1.5 тэрбум (1.1 сая ам. доллар) вон зарцуулсан бөгөөд 2023 онд энэ дүнг нэмэгдүүлнэ гэжээ.[6]
2. ОХУ: Москвагийн эрх баригчид блокчэйнд суурилсан цахим санал хураалтын системийн туршилтын төслийг 2019 онд хэрэгжүүлсэн. Тус төслийг Москва хотын сонгуулийн хороо, Москва хотын Мэдээллийн технологийн газар (DIT) хамтран хэрэгжүүлсэн. ОХУ-ын Дум цахим санал хураалтын дүнг Distributed Ledger Technology (DLT) ашиглан хадгалсан байна. Энэ туршилт нь сонгуулийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, сонгуулийн үйл явцад зуучлагчдыг устгахад чухал хувь нэмэр болсон гэж албаныхан үзжээ.[7]
3. Эстони: Эстони улс анх 2005 онд цахим санал хураалтын эрх зүйн орчныг бүрдүүлж “Эстонийн цахим санал хураалтын тухай хууль”-ийг баталсан бөгөөд тус хууль нь түүнээс хойш хэд хэдэн удаа шинэчлэгдсэн байдаг. Энэхүү хуулийн дагуу сонгууль өгөх эрх бүхий иргэд дэлхийн хаанаас ч хандах боломжтой цахим платформыг ашиглан цахим хэлбэрээр саналаа өгөх боломжтой. Цахим санал хураалтад оролцохын тулд сонгогчид Эстони улсын иргэний үнэмлэхтэй байх ёстой бөгөөд энэ нь тоон гарын үсгийг агуулсан байдаг. Тэд 2014 оноос хойш санал хураалтад зориулж блокчэйн технологийг туршиж байгаа бөгөөд өдгөө орон нутгийн сонгууль болон зарим компаниудын хувьцаа эзэмшигчдийн санал хураалтад ашиглаж байна.[8]
4. Швейцарь: Швейцарийн Зуг (ZUG) хот нь крипто хот болохоор ажиллаж байгаа бөгөөд ийм уриа гаргасан бусад хот болох Сан-Франциско, Лондон, Токио, Сингапур, Нью-Иорк, Амстердамаас ялгагдах зүйл нь санхүү болон технологийн гарааны бизнесээ эхэлж буй компаниудад хууль эрх зүйн орчин нь маш тааламжтай юм. Зуг хотын удирдлага крипто хөндий байгуулж, иргэдээ блокчэйнд бүртгэж эхэлсэн ба 2017 оны 11 дүгээр сараас иргэддээ зориулж цахим ID авах вебийн үйлчилгээг нээсэн нь этереум блокчэйнд суурилсан ба хэрэглэгч хаанаас ч өөрийн мэдээллийг оруулан цахим ID-гаа авах боломжтой бөгөөд хотын зүгээс уг мэдээллийг зөвхөн шалгаж баталгаажуулах эрхтэй. Энэхүү цахим ID-гаа ашиглаад иргэд нь 2018 онд блокчэйн дээр суурилсан санал хураалтын платформ дээр сонгуульд оролцжээ.[9]
Сорилтууд
Дээр дурдсанчлан блокчэйнд суурилсан онлайн санал хураалтын систем нь уламжлалт сонгуулийн системээс ил тод байдал, аюулгүй байдал, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн давуу талтай хэдий ч уг системийг хэрэгжүүлэхтэй холбоотой дараах сорилтууд тулгарч болно:
1. Аюулгүй байдлын асуудал: Блокчейн технологи нь аюулгүй байхаар бүтээгдсэн ч санал өгөх платформыг зохих ёсоор хамгаалаагүй тохиолдолд кибер халдлагад өртөх эрсдэл байсаар байна.
2. Хүртээмжтэй холбоотой асуудлууд: Блокчэйнд суурилсан санал хураалтад оролцоход шаардлагатай технологи, тухайлбал найдвартай интернет холболт эсвэл тохирох төхөөрөмжтэй байх шаардлагатай тул энэ нь тэгш бус оролцоог бий болгож, хүн амын тодорхой хэсгийн сонгох эрхийг хасч болзошгүй.
3. Өргөтгөх боломжийн хязгаарлалт: Блокчэйнд суурилсан системүүд нь өргөтгөх боломжийн хувьд хязгаарлагдмал байж болох бөгөөд энэ нь олон тооны сонгогчийг зэрэг хүлээн авах үед системд ачаалал үүсэх болон санал хураах явцад техникийн саатал гарч болзошгүй юм.
4. Зохицуулалтын сорилтууд: Блокчэйнд суурилсан санал хураалтын системийг ашиглах нь хууль эрх зүйн болон зохицуулалтын сорилтуудыг үүсгэж болзошгүй юм. Жишээлбэл, блокчэйн дээр суурилсан санал хураалт нь хууль ёсны эсэх эсвэл санал хураалтын үйл явцын ил тод, хариуцлагатай байдлыг хэрхэн хангах талаар асуулт гарч ирж магадгүй юм.
5. Баталгаажуулалттай холбоотой сорилтууд: Саналын тооллогын үнэн зөвийг баталгаажуулах нь бэрхшээлтэй хэвээр байна. Хэдийгээр саналыг тоон гарын үсэг ашиглан өгдөг ч санал бүрийг хүчинтэй, сонгуулийн эрх бүхий хүн яг өөрөө өгсөн эсэхийг шалгахад хэцүү байж болно.
Дүгнэлт
Блокчэйн технологид суурилсан санал хураах үйл явц уламжлалт санал хураалтыг бодвол ил тод, будлиангүй, шударга явагддаг давуу талтай. Ингэснээр санал хураалтад итгэх сонгогчдын итгэлийг нэмэгдүүлэх, зохион байгуулалтын зардлыг бууруулах, сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх, хөндлөнгийн хяналтыг сайжруулдаг гэх мэт давуу тал ихтэй тул улс орнууд янз бүрийн түвшний сонгуульд ашиглаж эхлээд байна. Технологид түшиглэсэн давуу талын сацуу технологиос шалтгаалсан эрсдлүүд мөн байгаа тул эрсдлийг хаах алхмуудыг хийж, блокчэйн технологийн санал хураалтыг хөгжүүлэх нь зүйтэй юм. Улс төрийн бүх нийтийн сонгууль явуулахаас өмнө жижиг засаг захиргааны нэгж, хоршоо, нээлттэй хувьцаат компани гэх мэт нэгжүүдэд туршин аажмаар нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байна.
Ашигласан эх сурвалж:
[1] https://www.sciencedirect.com/science/article/pii/S0740624X00000332.
[2] https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC8434614/#sec3-sensors-21-05874
[3] Сиерра Леон сонгуульд “blockchain” технологи хэрэглэсэн анхны улс болжээ (ikon.mn)
[5] https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC8434614/table/sensors-21-05874-t001/?report=objectonly
[6] S. Korea to set up blockchain-based online voting system | Yonhap News Agency (yna.co.kr)
[7] Top Countries That Conducted Elections On The Blockchain (blockchain-council.org)
[9] https://www.mongolbank.mn/file/files/documents/MB_sanhuu04-6-148-77-98.pdf
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Криптовалютын хөгжлийн үе шат ба эрх зүйн орчинДараах нийтлэл
Америк доллараас Хятадын юань руу юу?Сүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02