Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын суурь дэд бүтэц нь “блокчэйн технологи” юм. Уг технологийн амин сүнс нь асар их мэдээллийг олон цэгийн хооронд хурдан, хямд, найдвартай дамжуулах ба дамжуулсан мэдээлэл дундаасаа өөрчлөгдөхгүй, устахгүй байх боломжийг бүрдүүлэхэд оршиж байдаг. Технологийн ертөнц дотор блокчэйнийг зүйрлэн авч үзвэл “зам” юм. Харин зам дээгүүр хэн, ямар машинаар, юу тээвэрлэх нь дараагийн асуудал буюу зам дагасан бизнесүүд гэсэн үг. Зам дээрх хэм хэжээг тогтоох нь эрх баригчдын, харин тэр хэм хэмжээг дагаж мөрдүүлэх, шалгах, шийдвэрлэх нь хууль сахиулагчдын үүрэг билээ.
“Блокчэйн” гэдэг үгийг задлан харвал гинжин хэлхээ гэсэн утга бөгөөд щифрлэлт хийсэн хамгаалалттай блокуудын дараалсан гинжин хэлхээнд мэдээлэл цуглуулах явцыг төгс илэрхийлсэн “оноосон нэр” юм. Өөрөөр хэлбэл, блокчэйн технологи нь мэдээллийн багцыг агуулсан “блок’ гэж нэрлэгддэг хэсгүүдэд мэдээлэл цуглуулдаг ба тухайн блокууд нь тодорхой хэмжээний мэдээллийг хадгалах багтаамжтай байдаг. Блокийн багтаамж нь дүүрсэн тохиолдолд хаагдаж, өмнө нь дүүргэсэн блоктой холбогдон “блокчэйн’ гэж нэрлэгдэх мэдээллийн сүлжээг үүсгэх зарчмаар ажилладаг. Онцлог, давуу тал нь өгөгдлийн гинжийг биет сервер дээр хадгалдаггүй, сүлжээнд холбогдсон бүх төхөөрөмжид нэгэн зэрэг хадгалдаг бөгөөд энэ нь биднийг хакердах, зуучлах, хянах зэрэг хүсээгүй хөндлөнгийн үйлдлүүдээс хамгаалдаг юм.
Блокчэйн технологийн онцлог, давуу тал
- Өөрчлөгдөхгүй байдал
Блокчэйн дэх өгөгдлүүд төвлөрсөн бус байдлаар хадгалагддаг тул нэг блок мэдээллийг өөрчлөхөд асар их хүчин чадал шаардагдах буюу технологийн хувьд бараг боломжгүй зүйл юм. Өөрөөр хэлбэл блокчэйн дэх мэдээллийг устгах юм уу өөрчлөх боломжгүй байдгаараа энэ технологи хүний оролцооноос үл хамаардаг давуу талтай. Манай улсын хувьд цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд Монгол банкны Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй 71 мянган иргэний муу зээлийн мэдээллийг харагдахгүй болгох тохируулга хийж байсан цаг саяхан билээ. Харин блокчэйн дээр бол энэ мэт тохируулга хийх боломжгүй бөгөөд энэ хэрээр мэдээллийн чанар сайжирна гэсэн үг юм. Санхүүгийн байгууллагын хамгийн үнэ цэнтэй зүйл бол хэрэглэгчийн бодит өгөгдөл. Энэ өгөгдлийг төрөөс хүчээр өөрчилнө гэдэг бол ухралт юм. Учир нь үүнээс болж санхүүгийн байгууллагууд харилцагчаа бүрэн таньж чадахгүй байх эрсдэлтэй. Хэрэв Зээлийн мэдээллийн сан блокчэйн дээр байсан бол төрийн ямар ч шийдвэр, төрийн ямар ч албан тушаалтан дотор нь байгаа өгөгдлийг өөрчилж чадахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн алдаа гаргасан бол тэр алдааны түүх хэзээ ч арчигдахгүй блокчэйн дээр гинжин системээр архивлагдан мөнхөд үлдэнэ.
- Ил тод байдал
Дээр дурдсанчлан блокчэйн дэх өгөгдлүүд нь төвлөрсөн бус байдлаар хадгалагддаг тул сүлжээний аль ч гишүүн блокчэйнд бүртгэгдсэн өгөгдлийг шалгах боломжтой байдгаараа онцлогтой. Тиймээс мэдээллийн үнэн бодит байдалд олон нийт итгэж болно гэсэн үг юм. Цаашлаад блокчэйн технологийн уг шинж чанарт тулгуурлан цахим санал хураалт явуулбал үр дүнд нь эргэлзэх шаардлагагүй бөгөөд сүлжээнд гарсан өөрчлөлтийг хялбархан хянах боломжийг хууль сахиулагчдад олгодог.
- Хараат бус байдал
Блокчэйн нь гол эх сурвалж болсон дан ганц өгөгдлийн зохицуулагчтай байхын оронд өгөгдлийг нэг цэгээс нөгөө цэг рүү тараах замаар хэрэгждэг тул мэдээллийн аюулгүй, найдвартай, баталгаатай байдал хэнээс ч үл хамаарах шинжтэй. Өөрөөр хэлбэл, ямар ч эрх бүхий байгууллага (түүний дотор засгийн газар) сүлжээний үйл ажиллагааг тасалдуулж чадахгүй гэсэн үг юм. Харин уламжлалт мэдээллийн сангууд нь сүлжээний үйл ажиллагааг зохицуулдаг төв байгууллагуудтай бөгөөд эрх бүхий байгууллага нь тохируулга хийх боломжтой байдаг.
- Баталгаажуулалт
Блокчэйн нь эзэмшил болон бүрэн эрхийг баталгаажуулдаг тоон гарын үсэг, хэш хүснэгт гэх мэт криптографийн аргуудыг хэрэгжүүлдэг бөгөөд энэ шинж чанарт нь тулгуурлан бид гэрээ хэлэлцээр байгуулах, худалдах болон худалдан авах, нууц мэдээлэл солилцох, даатгал бүртгэх, өмчийн эрхийг хамгаалах, өмчлөгч шилжүүлэх, баримт бичгийн архив үүсгэх зэрэг үйлдлүүдийг илүү хялбар, илүү хямд, илүү найдвартай болгох боломжтой. Өмнө нь зөвхөн нотариатчид л яг болсон үйл явдлыг, яг болсон цагт нь баталж чаддаг байсан бол өдгөө блокчэйн технологи энэ тогтолцоог халж гүйлгээ, гэрээ эсвэл үйл явдлыг яг тэр цаг мөчид нь тамгалан, дахин өөрчлөх боломжгүйгээр хадгалах боломжоор хангаж байна.
Криптовалютын онцлог, давуу тал
Криптовалют нь блокчэйн технологид суурилсан төвлөрсөн бус дижитал “мөнгө”-ний нэг төрөл бөгөөд өдгөө 20,000 гаруй нэр төрлийн криптовалют гүйлгээнд байгаа аж. Харин цахим мөнгө гэдэг нь бидний интернэт банкны данс, мобайл данс, кредит карт зэрэгт байрлаж буй мөнгө болон криптовалютыг бүхэлд нь багтааж байгаа ерөнхий нэршил билээ. Тэгвэл криптовалют гэх төлбөрийн хэрэгслийн уламжлалт мөнгөний тогтолцооноос ялгарах шинжүүдийг хамгийн анхны криптовалют болох Биткойны жишээн дээр тайлбарлая. Учир нь бусад бүх койнууд Биткойны ерөнхий зарчим дээр үндэслэгдсэн юм.
- Тэгш эрхэд суурилсан гүйлгээ
Биткойн peer-to-peer гэх зарчимд тулгуурладаг бөгөөд төв байгууллага болон банкгүй ажилладаг төвлөрсөн бус санхүүгийн тогтолцоо юм. Энэ нь гүйлгээг удирдах болон койн гаргах ажлыг уг тогтолцооны нийт оролцогчид сүлжээгээр хамтран гүйцэтгэдэг гэсэн үг. Биткойн бол эх сурвалж, загвар нь олон нийтэд нээлттэйгээс гадна түүний тогтолцоог хэн ч эзэмшдэггүй, хянадаггүй, хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.
- Хөндлөнгийн хяналтгүй
Биткойн болон нийт криптовалютын бусад цахим мөнгөнөөс ялгарах хамгийн гол зүйл нь түүнийг зохицуулах байгууллага гэж байхгүй. Төгрөгийн бодлогыг Монгол банк тодорхойлдог шиг бусад валютын бодлогыг ч гэсэн тухайн улсынх нь төв банк тодорхойлж байгаа. Харин биткойн нь төвлөрсөн бус, тархсан бүтэцтэй тул ханш нь цэвэр эрэлт нийлүүлэлтээс хамаардаг. Биткойны бас нэг онцлог нь мөнгө шилжүүлэхэд ямар ч банкны хаяг, дансны нэр хэрэггүй. Энэ нь таны хийсэн гүйлгээг гуравдагч этгээд хянах, зохицуулах боломжгүй болгодог.
- Орон зайн хязгааргүй, цаг хугацааны хоцрогдолгүй
Биткойн нь хөндлөнгийн хяналтгүй, цэвэр интернэтэд суурилсан тархмал бүртгэлийн систем болох блокчэйнд тулгуурлан ажилладаг тул аливаа гүйлгээг орон зайн хамааралгүй харьцангуй түргэн шуурхай гүйцэтгэж чаддаг. Тухайлбал, улс хооронд мөнгөн шилжүүлэг хийхэд авч өгч буй аль аль талд багагүй цаг хугацаа, зардал шаардагдана. Харин биткойн хадгалах хэтэвчтэй бол хамгийн богино хугацаанд, хамгийн бага шимтгэлтэйгээр дэлхийн аль ч өнцөгт биткойн шууд шилжин орох болно.
- Хязгаарлагмал нийлүүлэлт
Биткойнд байдаг хэд хэдэн шинж чанар нь үнэт металлд байдагтай ижил юм. Биткойны тоо хязгаартай бөгөөд алт, мөнгийг олборлодог шиг та биткойныг олборлох боломжтой. Харин доллар, евро зэрэг валютын хувьд хэрэв засгийн газар нь хүсэх юм бол валютаа нэмж хэвлэх боломжтой бөгөөд хэдий чинээ ихээр хэвлэнэ, мөнгө төдий чинээ үнэгүйдэх эрсдэлтэй байдаг.
- Системийн тогтвортой байдал
Блокчэйн технологийн онцлог болох нэгдсэн сервергүй байдал нь дампуурал, байгалийн гамшиг гэх мэт давагдашгүй хүчин зүйлсээс шалтгаалан гарч болзошгүй эрсдлээс бүрэн хамгаалагдсан байдаг.
Криптовалютын түгээмэл төрлүүд ба тэдгээрийн ялгаа
- Биткойн (BTC)
2009 онд анх блокчэйн технологийг ашиглаж “Биткойн” хэмээх шинэ цахим валютыг гаргаж ирснээр зах зээлд оролцогч талууд аливаа гүйлгээний хувьд бие даасан хяналтыг хэрэгжүүлэх боломжтой болсон нь төлбөр тооцооны хувьсалд маш чухал хөгжлийн үе шат болсон гэж үздэг. Биткойныг аливаа улсын мөнгөн тэмдэгтээс давуу болгож байгаа гол зүйл нь энэхүү валютаар гүйлгээ хийхэд ямар нэг зуучлагч, дамжуулагч байгууллага, банк байхгүй бөгөөд peer-to-peer буюу шууд хоёр хүний хооронд, хоромхон зуур, маш бага зардлаар гүйлгээ хийгдэж сүлжээн дэх блокчэйнд бүртгэгддэг. Ингэж ямар нэгэн гуравдагч талын оролцоогүйгээр мөн юмсыг биет байдлаар шилжүүлэхгүйгээр А цэгээс Б цэг хүртэл үнэ цэнийг шилжүүлэх системтэй болсон түүхтэй. Түүнчлэн зах зээлд нийлүүлэгдэх Биткойны тоо хязгаарлагдмал гэдгээрээ мөнгөний үнэ цэнийг хадгалах чанарыг агуулж байдаг. Энэхүү валютыг ямар нэгэн засгийн газар, хууль хүчний байгууллага зогсоох, хаах ямар ч боломжгүй бөгөөд зөвхөн хэн ч хэрэглэхээ больсон цагт л зогсох юм.
- Этереум (ETH)
2015 онд гарсан Этереум нь ухаалаг гэрээний функцтэй, төвлөрсөн бус, нээлттэй эхийн блокчэйн юм. Зарим криптовалют нь зөвхөн койноос өөр хэрэглээгүй байдаг бол Этереумийг төлбөр тооцоо хийхээс гадна илүү өргөн хүрээнд ашиглах боломжтой. Тухайлбал, Этереум нь аливаа нэг гүйлгээг батлахаас гадна гэрээ хэлцэл, программ хангамжийг ч баталдаг. Тиймээс бусад криптовалютууд ч өөрийн нэрийн койноо Этереум сүлжээнд бий болгох нь цөөнгүй байдаг. Этереумийн Биткойнтой ижил болон ялгаатай тал нь:
Биткойн, Этереумийн ижил тал | Биткойн, Этереумийн ялгаатай тал |
Бусад улсын цаасан валютаар сольж, худалдаа хийх боломжтой; Үндсэн сүлжээ нь төвлөрсөн бус байдаг тул олон нийтийн шинж чанартай, төв байгууллагын зөвшөөрөл шаардлагагүй; Олборлогч оролцогчид нь эрчим хүч ихээр зарцуулж байж олборлодог; | EVM төхөөрөмж нь Этереумийн бүх гүйлгээ, блокийг боловсруулж, бүх дансны үлдэгдэл ба ухаалаг гэрээг хөтөлдөг; Олборлолтын хураамж = газын үнэ (газ тутамд этереум) + зарцуулсан газ; Этереум блок хоорондын хугацаа богино байна; Этериум блок арай бага багтаамжтай; |
- Стэйблкойн
Биткойны хамгийн гол асуудал нь ханшийн савлагаа буюу тогтворгүй байдал юм. Үүнээс шалтгаалж кривтовалют болон блокчэйнд суурилсан бусад бүтээгдэхүүнийг луйвар гэж үзэх хүмүүс багагүй байсаар байна. Энэхүү сул талыг нөхөх кривтовалютын төрөл нь Стэйблкойн юм. Стэйблкойн нь ердийн валют, эсвэл биет бараа зэрэг нөөцтэй уялдуулсан криптовалютын ерөнхий нэршил юм. Стэйблкойн нь үргэлж тогтвортой үнэтэй байдаг буюу “Ямар ч тохиолдолд тогтвортой байх” зарчимтай койн юм.
Стэйблкойны төрөл
Төрлүүд | Үндсэн ойлголт | Давуу тал | Сул тал | Жишээ |
Мөнгөн тэмдэгтэд суурилсан стэйблкойн | Энгийн мөнгөн тэмдэгтийн үнээр арилжаалагддаг. | Тогтвортой, энгийн | Төвлөрсөн систем буюу криптовалютын үндсэн суурь зарчим болох төвлөрсөн бус үзэл санаанаас харшилж байна. | Монголын анхны Монгол төгрөгтэй уясан стэйблкойн нь MONT юм. |
Түүхий эдийн нөөцтэй уялдсан стэйблкойн | Алт, байгалийн хий, өнгөт металл, зэс зэрэг үнэ цэнтэй уядаг. Эдгээрээс хамгийн түгээмэл үнэ бүхий металл нь алт юм. | Бодит хөрөнгө, тогтвортой, хөрвөх чадвартай | Олон оролцогч талуудтай буюу хэрэглэгч, худалдагч, хадгалагч зэрэг оролцогч талуудтай байдаг. | Орос улс алтаар баталгаажсан стэйблкойн гаргах төлөвлөгөөтэй байна. |
Криптовалютад суурилсан стэйблкойн | Криптовалют төлбөрийн хэрэгсэл байдлаар ашиглан худалдан авдаг. | Төвлөрсөн бус систем, өндөр ашиг, ил тод байдал | Тогтворгүй буюу кривтовалютаар баталгаажуулдаг тул үнийн савлагаатай. | Tether, USD coin гэх мэт. |
Криптовалютын эрсдэл ба эрх зүйн зохицуулалт
Хүн төрөлхтний түүхийн бүх л цаг үеийн туршид төлбөрийн бүхий л төрлийн хэрэгслүүд хууль бус үйл ажиллагаанд ашиглагдсаар ирсэн. Хэдийгээр блокчэйн технологи XXI зууны хүн төрөлхтний бүтээсэн гайхамшиг мөн боловч хууль эрх зүйн нарийн зохицуулалтгүйгээр аюулыг ч мөн дагуулах эрсдэлтэй. Улс орнууд криптовалютыг санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах хүрээнд зохицуулалтын төрөл бүрийн арга хэрэгслийг ашиглан удирдаж байна. Тухайлбал, олон улсад криптовалютыг арилжаалах платформ, хэтэвч болон бусад зуучлагчдыг зохицуулах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль журмыг хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл олгон бүртгэлжүүлэх, татварын хуулийг мөрдүүлэх, сэндбоксын орчинд ажлуулан илүү ойроос үйл ажиллагаатай нь танилцаж хянах зэрэг арга хэрэгслийг ашиглан виртуал хөрөнгийг зохицуулж байгаа бөгөөд зарим улс оронд энэ төрлийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй болохоо мэдэгдэн үйл ажиллагааг нь хязгаарлах хүртэл арга хэмжээг авч байна.
Манай улсын хувьд эрх зүйн орчин бүрдэж “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль’ батлагдахаас өмнө 64 хуулийн этгээд койн гаргасан ба одоогоор 40 нь СЗХ-д бүртгүүлсэн байна. Үлдсэн нь СЗХ-д хандаагүй байгаа бөгөөд СЗХ-оос хуулийн шаардлага хангаагүй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч 10-аад хуулийн этгээдийн үйл ажиллагааг хаах шаардлага хүргүүлээд байгаа аж. Манай улс анх 2019 онд “АрдКойн” гэгдэх криптовалютыг Ард Санхүүгийн Нэгдэл ХК болон түүний хөрөнгө оруулалттай компаниудын үйл ажиллагааг дэмжих, урамшуулах зорилгоор Ард Бит ХХК гаргаж байсан. Түүнээс хойш хоёр жил гаруйн дараа буюу 2021 оны 12 сарын 17-ний өдөр “Виртаул хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хууль батлагдсан. Түүнчлэн СЗХ-ноос 10 орчим журмыг гаргаж, виртаул хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд мөн мөрдүүлэн ажиллаж байна.
Ийнхүү манай орны хувьд криптовалютыг зохицуулах хэрэгсэл хангалттай сайн сууриа тавиад байгаа хэдий ч криптовалютын талаарх иргэдийн мэдлэг, мэдээлэл тун хангалтгүй байгаа нь Монголын Маркетинг Консалтинг Агентлагийн бэлтгэн гүйцэтгэсэн иргэдийн хөрөнгө оруулалт, блокчэйн технологи, криптовалютын талаарх ойлголт, хандлага, мэдлэгийг тодруулах судалгаагаар нотлогдсон байна. Уг судалгаанд 16-55 насны 1000 оролцогчдыг хамруулж тэдний хөрөнгө оруулалтын талаарх ойлголт, түүнд хандах хандлага болон крипто валют койн арилжааны талаарх ойлголтыг судалжээ. Судалгаанд оролцогчдын ердөө 15 хувь нь “Блокчэйн технологи, криптовалютын талаар хангалтай судалж арилжаанд оролцдог” гэж хариулсан бол 35 хувь нь “Арилжаанд оролцохдоо нарийн дүн шинжилгээ хийдэггүй” гэж хариулсан байна. Хамгийн сонирхолтой нь судалгаанд оролцогчдын 17 хувь нь койн худалдаж авахдаа арилжааны хэмжээ, санхүүгийн чадамж, өмнөх үнийн түүхээс илүүтэй нөлөөлөгчдийн хандлагыг харгалзан үздэг гэжээ. Тиймээс төр, хувийн хэвшил хамтран иргэдийг системтэйгээр мэдлэгжүүлэх, чадавхжуулах зорилготой үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлагатай юм.
Ашигласан эх сурвалж:
- How does Blockchain Work? – Blockchain Transaction – Intellipaat
- https://www.forbes.com/sites/forbestechcouncil/2019/11/12/a-blockchain-based-digital-notary-what-you-need-to-know/?sh=7503bb744557
- https://explodingtopics.com/blog/number-of-cryptocurrencies
- Цахим алт 2.0 (24-25р тал)
- https://ubn.mn/p/37502
- Цахим алт 1.0 (10-11р тал)
- https://lemonpress.mn/news/steible/
- https://cointelegraph.com/news/iran-and-russia-want-to-issue-new-stablecoin-backed-by-gold
- https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390242606091
- https://legalinfo.mn/mn/detail/13773
- https://license.frc.mn/bond/virtual
- https://gogo.mn/r/g92nw
- https://legalinfo.mn/mn/detail?lawId=16468517345141
- https://www.peak.mn/news/sudalgaa-kriptowalyut-arilja
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Дараах нийтлэл
Блокчейн технологийг санал хураалтад ашиглах ньСүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02