Энэ он гарсаар Иран, Саудын Араб хоёрыг “эвлэрүүлэх” алхмыг Бээжин амжилттай хийсний зэрэгцээ Израиль, Палестины хооронд зуучлах тусгай элчийг мөн илгээсэн. Түүнчлэн Украины хямралыг улс төрийн аргаар шийдэх санаачилгаа танилцуулсныхаа дараахан Ши Жиньпин ОХУ-д айлчилсан билээ. Тэгвэл шинжээч Дэн Лувэний дүгнэсэнчлэн сүүлийн үед ажиглагдаж буй Хятадын гадаад бодлогын эдгээр үйлдлийг Хятад хэв маягаар дэлхий дахиныг өөрчлөхийг хичээж буй Ши Жиньпиний амбиц хэмээн харж болох уу?
Юутай ч өмнө нь АНУ тэргүүтэй өрнөдийнхний “бүслэлт”-ийн эсрэг түлхүү хамгаалалтын төдий реакц үзүүлж байсан БНХАУ сүүлийн саруудад бүс нутаг, олон улсын хэрэг явдлыг идэвхгүй, ажиглаж суух бус өөрийн санал санаачилга, хэв маягаар хөтлөн явах ёстой хэмээн шийдээд буй бололтой. Бээжингийн зүгээс дэлхийн шинэ дэг журмын талаар байр суурь илэрхийлээд зогсохгүй үйлдэл хийгээд эхэлсэн нь Хятадын гадаад бодлого “идэвхтэй, давшилтын” шинжтэй болсныг илтгэж байна хэмээн шинжээчид дүгнэжээ. Ийнхүү өрнөдийг идэвхтэй “сөрөх” дипломатын зорилгодоо хүрэхэд нь ОХУ-тай хөгжүүлж буй харилцаа Бээжинд нэн чухал болох нь дамжиггүй.
Европын гүнээс эхэлсэн нь
АНУ, БНХАУ шинэ хүйтэн дайныг эрэлхийлээгүй, харин хурцадмал байдлаас зайлсхийн, эе эвд зорин тэмүүлж байгааг өнгөрсөн 2 дугаар сард болсон Мюнхений Аюулгүй байдлын бага хурлын үеэр хоёр улсын гадаад бодлогын өндөр албан тушаалтнууд өнгөн дээрээ онцолж байв. Гэсэн хэдий ч сөргөлдөөн үргэлжилж, бага хурлын үеэр Ван И АНУ-ыг Украины дайны өдөөгч хэмээн шүүмжилж байсан. Эсрэгээрээ дайныг зогсоох энх тайванч төлөвлөгөөг Хятад хэрэгжүүлнэ хэмээн Ван И мэдэгдэж байхад нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Орост зэвсэг, сум өгөхөөр бэлтгэж буй хэрэгт Хятадыг буруутгаж байв. Хариуд нь Бээжин энэ буруутгалыг үгүйсгээгүй төдийгүй “Хятад, Оросын харилцаанд АНУ шахалт үзүүлэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэх утгатай мэдэгдлийг хийж байлаа.
Мюнхений бага хурлын үеэр хөндсөн өөр нэг сэдэв бол Украины дайн болон Хятад, Тайваний ирээдүйн дайн хоорондын ижил төстэй зүйлүүдийн талаар байв. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг бага хурлын үеэр “Өнөөдөр Европт болж байгаа зүйл маргааш Азид тохиолдож магадгүй” хэмээн анхааруулсан нь тэр юм.
Энэ мэт үгэн дайралцаан Мюнхенд тасраагүй ч Ван И долоо хоног Европт саатан Франц, Итали, Унгарт айлчилж, Германы канцлер Олаф Шольц зэрэг Европын өндөр албан тушаалтнуудтай уулзсан нь Оростой түншлэхийн зэрэгцээ Европтой харилцаагаа хэвээр хадгалахыг хичээж буй Бээжингийн зүтгэлийг илтгэж байгаа юм.
Нөгөө талд мөн Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон удахгүй Хятадад айлчлахаар төлөвлөж байгаа бөгөөд мөн энэ жил Хятадад болох “Бүс, Зам” чуулга уулзалтад оролцохоор зэхэж буй. Түүнчлэн Итали, Герман хоёулаа Хятадтай эдийн засгийн харилцаагаа үргэлжлүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн билээ.
Ийнхүү Их Европын гүнд Хятадтай хамтын ажиллагаагаа хэвээр үргэлжлүүлэхийг зорьж буй улсууд байхын зэрэгцээ харилцаанд нь бэрхшээл учрахыг үл хайхрах нэгэн ч байна. Энэ бол Чех юм.
Тус улс сүүлийн жилүүдэд Хятадтай харилцаагаа хурцатгаж, харин Тайваньтай ахиулж байна. Чехийн шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон Петр Павел өнгөрсөн 1 дүгээр сард Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэньтэй утсаар ярьснаараа Тайваний удирдагчтай шууд ярилцсан Европын анхны шинээр сонгогдсон төрийн тэргүүн боллоо. Павел Цайтай утсаар ярих үеэрээ түүнтэй мөн биечлэн уулзахаар амласан. Чех, Европын холбоо Тайванийг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүйн улмаас талууд нэгнийдээ харилцан айлчлахад хүндрэл үүсэх хэдий ч бусад газар оронд болох хурал, арга хэмжээний үеэр түүнтэй таарах юм бол уулзахгүй байх шалтгаан байхгүй хэмээн Павелын зөвлөх өгүүлж байна. Үүнээс гадна өнгөрсөн сарын сүүлээр Чехийн парламентын доод танхимын дарга Пекарова Адамова Маркета төлөөлөгчдийн хамтаар Тайваньд айлчлан, хэдийн Бээжингийн эгдүүцлийг төрүүлээд байгаа юм.
Европоос гадны Хятадын ашиг сонирхол тод илэрч буй удаах бүс нутаг бол Ойрх Дорнод болоод байна. Хятад улс хэдийгээр “дэлхийн цагдаа” болохыг хүсэхгүй байгаа ч сүүлийн үеийн гадаад бодлогын алхмууд нь урт хугацаандаа дэлхийн халуун цэгүүдэд Хятадын дипломат болон аюулгүй байдлын оролцоог нэмэгдүүлэх хандлага ажиглагдаж буйг илтгэж байна. Хилийн чанад дахь Бээжингийн ашиг сонирхол өргөжихийн хэрээр түүнийгээ хамгаалах хэрэгцээ улам бүр нэмэгдэх нь гарцаагүй.
Гэхдээ Бээжинд зарласан Иран, Саудын Араб, Хятадын гурван талт мэдэгдэлд талуудын аль нэг ямар нэгэн үүрэг амлалт авч, баталгаа өгөөгүй. Тиймээс хэн нэг нь эвлэрлийн гэрээг зөрчсөн тохиолдол үүсвэл Хятад “арагш” ухарч, үр дагаврыг нь бүс нутгийн ард түмэн болон АНУ шийдвэрлэх нөхцөл үүсэх нь гарцаагүй хэмээн шинжээчид дүгнэж байна.
Нэн шинэ үеийн Бээжин-Москвагийн харилцаа
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 3 дугаар сарын 20-22-нд ОХУ-д айлчилж, ерөнхийлөгч Владимир Путинтай уулзалт хэлэлцээр хийн, хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргалаа. Айлчлалын зорилго нь Орос, Хятадын иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагаа, ялангуяа улс төр, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх, “Украины хямралыг зохицуулах” 12 зүйл бүхий Бээжингийн төлөвлөгөөг хэлэлцэх явдал байв.
Тохиролцсон гол асуудлууд: Талуудын баталсан эдийн засгийн хамтын ажиллагааг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд дэлхийн эрчим хүчний аюулгүй байдал, цахим худалдаа, ложистикийн системийг хөгжүүлэх, харилцан бие биенээ дэмжих зэрэг найман үндсэн чиглэлийг тусгасны дотор Монголоор дайрах “Сибирийн хүч-2” хийн хоолойн бүтээн байгуулалтын асуудал багтсан.
Хоёр талын хийсэн хэлэлцээ харилцааны мөн чанарыг бүрэн илэрхийлсэн, стратегийн түншлэлийн үлгэр жишээ болсон халуун дулаан, нөхөрсөг, бүтээлч уур амьсгалд болсныг В.Путин онцлоод гарын үсэг зурсан стратегийн баримт бичгүүдийг даруй ажил хэрэг болгохыг бизнесийн хүрээнийхэнд уриалсан юм.
Төрийн тэргүүн нар “өнгөт хувьсгал”-ыг буруушааж, бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах аливаа улс, блокыг хамтран эсэргүүцэх талаар нэгдсэн байр суурьтай байлаа. “Нэг Хятад зарчмыг баримталж, Тайвань бол БНХАУ-ын салшгүй хэсэг” гэдгийг Орос хүлээн зөвшөөрч байгаа бол Хятад Оросын аюулгүй байдлын хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх, “Умард урсгал”-ын хийн хоолойн дэлбэрэлтийг бодитой шалгах асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Олон улсын болон Украины асуудлаар Орос, Хятадын байр суурь давхцаж байгаа болон төстэй байгаагийн зэрэгцээ харилцаа нь “хөгжсөн, тогтвортой, бие даасан, бат бөх, цар тахал болон олон улсын хямралтай нөхцөл байдлын сорилтыг даван туулсан, гадны нөлөөнд автаагүй, эрч хүч, эерэг хандлагыг харуулж байна” хэмээн хамтарсан мэдэгдэлд тэмдэглэжээ.
Дэлхийн улс түмэн бүгдээрээ нийтлэг, цогц, хамтын тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг мөрдөх нь Украины хямралаас гарах ухаалаг гарц, дэлхийн дахины аюулгүй байдалд хүрэх арга зам мөн гэдэгт бид итгэлтэй байна’ хэмээн Хятадын удирдагч мэдэгдэв. “Украины асуудлыг зохицуулах Хятадын санаачилгын олон заалт Оросын байр суурьтай нийцэж байгаа бөгөөд үүнийг энхийн замаар зохицуулах үндэс болгоно. Харин үүнд Украин болон өрнөдийн орнууд бэлэн байх ёстой ч одоог хүртэл тийм бэлэн байдлыг олж харахгүй байна” хэмээн В.Путин мэдэгдсэн бол “Бидний байр суурь асуудлын мөн чанар, үнэн дээр үндэслэсэн. Бид түүхийн зөв талд тууштай зогсож байна” гэж Ши Жиньпин энхийн санаачилгаа зөвтгөсөн юм.
Орос, Хятад хоёр “бие биенийхээ язгуур ашиг сонирхлыг хамгаалахад харилцан тууштай дэмжлэг үзүүлэх, дэлхийн засаглалыг илүү шударга, оновчтой байдлаар хөгжүүлэх” тухайгаа хамтарсан мэдэгдэлдээ илэрхийлж, гадны аливаа хүчний дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэж байлаа.
Айлчлалын ач холбогдол, цаашдын үр дүн: Олон улсын эрүүгийн шүүх В.Путиныг баривчлах тушаал гаргасны дараа энэхүү айлчлал тохиосон нь Украины дайнтай холбоотойгоор Кремльтэй хариуцлага тооцох ямар ч боломж, эрх зүйн үндэс байхгүй” болохыг Хятад харуулсан байж болох юм. Түүнчлэн Хятадын удирдагч гурав дахь удаагаа улиран сонгогдсоныхоо дараа гадагш хийх анхны айлчлалаа Орос руу чиглүүлсэн нь Оросын Зэвсэгт хүчний Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааг Бээжин буруушаахгүй байгааг илтгэж байж болох юм.
Ши Жиньпин айлчлалын үеэр ОХУ-ын ерөнхий сайд М.Мишустиныг Хятадад ойрын үед айчлахыг урьсан нь Хятадын Засгийн газрын шинэ тэргүүн Ли Чянтай хурдан танилцуулж, талуудын ярьж тохирсон гэрээ хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлж эхлэх дүр төрхийг харуулж байна.
Айлчлалаар танилцуулсан Украины хямралыг шийдвэрлэх Хятадын энхийн санаачилгад Оросыг эзэлсэн нутаг дэвсгэрээс цэргээ татахыг уриалаагүй нь өрнөдийнхөнд эргэлзээ төрүүлж байгаа ч Хятад Орост зэвсэг нийлүүлэхгүй гэдэгт тэд сэтгэл хангалуун үлдэв бололтой. Гэхдээ Оросын хүнд үйлдвэрийн эрэлт хэрэгцээтэй эд анги, урвалж зэрэг хоёрдмол зориулалттай бараа бүтээгдэхүүнийг Хятадаас энгийн бүтээгдэхүүн нэрийн дор Орост нийлүүлэх боломж буйг мөн шинжээчид анхааруулж байна.
Оросын цэргийн ажиллагаанд зэвсэг нийлүүлэхгүй хэмээж байгаа Хятадын үйлдэл өрнөдийн хоригт орохгүй байх, АНУ, Европтой худалдаагаа үргэлжлүүлэх, дэлхийн тавцанд нэр хүндээ хадгалах, өмнө дурдсанаар аливаа зөрчилтэй асуудалд дайтагчийн бус, зуучлагчын үүрэг гүйцэтгэх бодлогын амбицтай нь холбоотой. Мэдээж Оросыг Украинд ялагдах, ялуулахын алийг нь ч Хятад хүсэхгүй байгаа нь ялагдлын дараа Хятадын ээлж ирэх, ялалтын дараа Орос хүчирхэгжих магадлалтай холбоотой хэмээх шинжээчдийн дүгнэлт ихээхэн баттай болов уу. Орос дайнд ялж, ялагдалгүй туйлдах үед Хятад зуучилж, энхийн гэрээ байгуулахад голлон оролцож, “Оросыг аврах, дэлхийн энхийг санаачлагч”-ын дүрд идэвхтэй тоглох нь Хятадын зорилго бөгөөд сүүлийн үед тэдний дэвшүүлсэн дэлхийн санаачилгууд, Иран-Саудын Арабын эвлэрлийн гэрээ үүнийг гэрчилж байна.
Хятадын удирдагч айлчлалын үеэр ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын иргэд В.Путиныг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн нь олон жил улс орноо удирдаж, бусад хүчний эсрэг хамтдаа дэлхийг тэнцвэржүүлэхэд бэлэн байх гэсэн санааг нь илэрхийлж байна уу гэлтэй.
Удаах нь Төв Ази: C4 (5)+БНХАУ
Москвад хийсэн айлчлалынхаа дараахан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төв Азийн орнуудад анхаарлаа хандуулж, Украины дайны улмаас тодорхойгүй байгаа энэ цаг үед буюу ирэх тавдугаар сард “стан”-уудын удирдагч нартай дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа зарласан нь бүс нутгийн төдийгүй олон улсын анхаарлыг ихээр татлаа.
Кремль энэ бүс нутгийг өөрийн аюулгүйн бүс, стратегийн ар тал гэж үздэг уламжлалтай бол Хятад улс бүс нутгийн таван улсыг эдийн засгийн өсөлтийнхөө гол түшиц хэмээн хардаг. Тиймээс ч Украины дайны улмаас Оросоос болгоомжлох бүс нутгийн улсуудын болгоомж улам бүр нэмэгдээд буй энэ цаг хугацааг “стан”-уудад үзүүлэх нөлөөгөө нэмэгдүүлэх таатай боломж хэмээн Бээжин тооцоолж байж болох.
Ер нь хүйтэн дайнаас хойших шинэ түүхийн эхний арав гаруй жилд Кремлийн зүгээс бүс нутаг дахь нөлөөгөө хадгалж, хамгаалахад үлэмж анхаарч байсан тул тэднийг “бухимдуулахгүйн” тулд Бээжин Төв Азийн чиглэлд болгоомжилсон байр суурь баримталж байсан удаатай. Гэвч сүүлийн жилүүдэд энэ динамик өөрчлөгдсөн. Бээжин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) цар хүрээ, хамрах хүрээг өргөтгөж, дипломат харилцаа, эдийн засгийн тусламж, дэмжлэгийг нэмэгдүүлснээр бүс нутаг дахь нөлөө бүхий байр сууриа нэгэнт олж авчээ.
Өнгөрсөн 2022 оны намар Ши Жиньпин цар тахлын дараах анхны гадаад айлчлалаа Казахстанд хийж, дараа нь ШХАБ-ын жил тутмын Дээд хэмжээний уулзалтад оролцохоор Узбекистаныг зорьсон билээ. Цаашдаа ч Бээжин Төв Азийн орнуудтай хоёр талын дипломат харилцааг эрчимжүүлж, бүс нутгийн засгийн газруудтай илүү олон форматыг Москвагийн оролцоогүйгээр бий болгохыг эрмэлзэж байна. Тиймээс ирэх 5 дугаар сард болох уулзалт нь бүс нутгийн удирдагчид болон Ши Жиньпин нарын нүүр тулсан анхны уулзалт болох аж. Гэхдээ Хятад Оросын ашиг сонирхлын эсрэг байж, бүс нутгаас шахан зайлуулж, солихыг огтоос хүсэхгүй ба Оростой илүү нягт хамтран ажиллахаар зорих бөгөөд энэ нь Бээжингийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэлтэй нийцэх учиртай. Өмнө дурдсан айлчлалын хүрээнд Москвад 3 дугаар сарын 21-ний өдөр хийсэн хэлэлцээний дараа хийсэн мэдэгдэлдээ Ши, Путин нар Төв Ази дахь хамтын ашиг сонирхлоо тодорхойлж, “Төв Азийн улсуудад тусгаар тогтнол, эдийн засгийн хөгжлийг хангахад нь дэмжлэг үзүүлж, тэднийг гадаад, дотоодын түрэмгийллээс хамгаалахын тулд хамтран ажиллаж, тус бүс нутагт “өнгөт хувьсгал” гаргахыг эсэргүүцнэ” хэмээн мэдэгдсэн нь ч талуудын ашиг сонирхлын нийцлийг илтгэнэ.
Хэдийгээр 2022 оны өвөл Казахстанд болсон үймээн, түүнийг намжаахад оролцсон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ХАБГБ) эрх, үүргийг бодолцсон ч Төв Азид үүсэх хямралыг шийдвэрлэх төлөвлөгөөндөө Бээжин улс төр, аюулгүй байдлын гол тоглогчийн үүргийг Орост шилжүүлсэн ч одоо нөхцөл байдал мөн л өөрчлөгдөж буй. Украины дайнаас улмаас Оросын нөлөө багасч, бүс нутгийн засгийн газрууд ч улс төрийн хувьд Москвагаас зайгаа барихыг хичээж буй нь илт байгаа. Нэг жишээ дурдахад, Казахстаны ерөнхийлөгч К.Токаев өнгөрсөн жил Санкт-Петербургт болсон Эдийн засгийн форумын үеэр тайзан дээр В.Путинтай зэрэгцээд сууж байхдаа зүүн Украин дахь Оросыг дэмжигч, салан тусгаарлагчдыг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан билээ.
“Төв Азийн орнууд Оросын улс төр, цэргийн шахалтаас илүү Хятадын эдийн засаг, энх тайванч хөгжлийг илүүд үзэх нь гарцаагүй” хэмээн Фростбургийн Улсын Их Сургуулийн профессор Хаюн Магийн дүгнэсэн нь үүнийг гэрчлэх мэт. Түүнчлэн “стан”-ууд Хятад, Оросыг салангад бус тэдний хоорондын харилцааг анхааралтай ажиглаж байна. Нэг талаас хоёр тал эдийн засгийн бус салбарт илүү ойр түншилж байгаа нь тэдэнд төдийлөн сайн мэдээ биш байж болно. Нөгөөтэйгүүр, тэдний эдийн засгийн төлөвлөгөө сонирхол татахуйц байх нь мөн дамжиггүй.
Энэ онд БНХАУ “Бүс, Зам” олон улсын хамтын ажиллагааны гурав дахь чуулга уулзалт буюу Хятадын хөрөнгө оруулалтын санаачилгад зориулсан дэлхийн удирдагчдын уулзалтыг зохион байгуулах бөгөөд Ши Жиньпин удирдан оролцохоор төлөвлөж буй. “Бүс, Зам”-д Төв болон Өмнөд Ази чухал байр суурь эзэлдэг ба Хятадын зүгээс Хятад-Кыргызстан-Узбекистан чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг санхүүжүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцсон. Бээжин, Москва хоёр ч “Бүс, Зам” санаачилгыг Орос тэргүүтэй Евразийн эдийн засгийн холбоотой уялдуулах арга замыг эрэлхийлсээр байна.
Дэлхийн банкны мэдээлснээр, Украины дайны үеэр ч Орос нь Төв Азийн сая сая иргэдийн зорин очих гол улс хэвээр байгаа бөгөөд тэдгээр цагаачын ар гэр рүүгээ илгээсэн мөнгөн гуйвуулга зарим тохиолдолд дайны өмнөхөөс өссөн байна. Өрнөдийнхний дам хоригт өртсөн тэдэнд Москва Европын импортыг орлох бүтээгдэхүүний нийтүүлэлтээ нэмэгдүүлснээс Оросын Кыргызстан, Узбекистантай хийсэн худалдаа 2022 оны 2 дугаар сараас хойш тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Үүссэн энэ мэт нөхцөл байдлаас үүдэн Хятад, Оросын Төв Азийн улсуудтай хөгжүүлж буй харилцаа, үзүүлж буй нөлөөний улмаас бүс нутагт өрнөдийнхний оролцоо зайлшгүй буурах болно хэмээн таамаглаж буй шинжээчид ч байна.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Дараах нийтлэл
Криптовалютын хөгжлийн үе шат ба эрх зүйн орчинСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19