Их гүрнүүдийн хувьд буфер бүсийг нөлөөндөө байлгах нь аюулгүй байдлын нэг баталгаа байсаар иржээ. Ингэхдээ их гүрнүүд өөрийн ашиг сонирхол бүхий “буфер” улсад байнга хямрал үүсгэх замаар нөлөөгөө бэхжүүлж байдаг. Өөрөөр хэлбэл улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт хямралыг зориудаар бий болгон, иргэдийнх нь дунд улс төрийн байр суурийн талцал, шашин оюун санааны хуваагдал, эдийн засгийн тэгш бус байдлыг авлига, ядуурлаар дамжуулан даамжруулж байдаг.
Нийгмийн ийм радикалчлал гүнзгийрсэн улсад “жижиг” асуудлаар ч бухимдал дээд цэгтээ хүрч “өнгөт хувьсгал” гарсан жишээ олон бий. “Өнгөт хувьсгал”-ын өргөтгөсөн хэлбэр болох “Хосолмол дайн” нь мэдээлэл, цэргийн хүч хэрэгсэл, дипломат, санхүү эдийн засаг, тагнуул, хууль эрх зүйн чиглэлд явагддаг “цогц” үйл ажиллагаа юм.
Аюулгүй байдал судлалын хүрээлэн энэ удаагийн дугаарт “хосолмол дайн”-ы нэг гол хэрэгсэл болох “хууль, эрх зүй дайн”-ыг онцлон авч үзэж буй бөгөөд хууль, эрхзүйг ашиглан хэрхэн нийгмийг радикалчилдаг, улмаар улс төрийн тогтворгүй байдалд хүргэдэг талаар Гүрж улсад саяхан өрнөсөн үйл явдалтай холбогдуулан мэдээлэл хүргэж байна.
Гүржийн улс төрийн нөхцөл байдал
Гүрж улсад Оросын талыг баримтлагч “Гүржийн мөрөөдөл”, барууны талыг баримтлагч “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” намуудын хооронд улс төрийн өрсөлдөөн явагддаг. “Гүржийн мөрөөдөл” намыг 2012 онд тэрбумтан Бидзина Иванишвили үүсгэн байгуулсан бөгөөд 2012-2020 оны хооронд “Ардчилсан Гүрж” намтай эвсэж сонгуульд ялалт байгуулан засгийн эрхийг сүүлийн 10 жилийн турш барьж байна. Сөрөг хүчин болсон “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” намыг ерөнхийлөгч асан Михаил Саакашвили үүсгэн байгуулж, санхүүжүүлдэг.[1]
Гүржийн улс төрийн дотоод зөрчил, хямралыг 2020 оноос гүнзгийрсэн гэж үздэг бөгөөд 2020 оны парламентын сонгуулийн дараа сөрөг хүчний зүгээс “Гүржийн мөрөөдөл” намыг сонгуулийн булхай хийсэн гэж үзэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. Сонгуулийн үеэр луйвардсан, айлган сүрдүүлсэн, сонгогчдын саналыг худалдан авсан, төрийн албан хаагчдыг өөрсдийн төлөө ажиллуулсан гэх маргаан гарч, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас улс төрийн нам, иргэдийн дунд хуваагдал, туйлшрал эхэлсэн байна.[2]
Уг улс төрийн хямрал гүнзгийрсээр тэсэрхэд бэлэн болсон нь энэ оны 3 дугаар сард Гүрж даяар болсон эсэргүүцлийн жагсаалаар ил тодорхой болсон юм. Жагсаалын дараачаас улс төрийн намуудын харилцаа улам хүнд байдалд орсон бөгөөд харилцан ойлголцолд хүрэхгүй бол ойрын хугацаанд болох доорх хоёр үйл явдал тус улсын улс төрийн тогтолцоонд ноцтой аюул учруулж болзошгүй юм. Үүнд:
- Европын холбоонд элсэх асуудал: Орос, Украины дайны дараа Гүрж улс Европын холбоонд түргэвчилсэн журмаар гишүүнээр элсэх өргөдлөө өгсөн ч ЕХ-ноос 12 заалт бүхий заавал хэрэгжүүлэх зөвлөмж хүргүүлсэн. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх хугацаа ойртсон. Гүржийн засгийн газраас ЕХ-ны өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж чадаагүй тохиолдолд нийгмийг хамарсан жагсаал, эмх замбараагүй байдал гаарч болзошгүй юм. /Энэ нь Украины Евромайданы үйл явдалтай нилээд төстэй байгаа нь ажиглагдаж байна/
- Парламентын сонгууль: 2024 онд Гүржид парламентын сонгууль явагдах бөгөөд 2020 оны сонгуулийн маргаантай хөрсөн дээр ирэх онд улс төрийн гүнзгий хямрал лавшрах магадлалтай байгаа нь тус улсын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
Гүржид юу болж өнгөрөв
2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Гүржийн парламент “гадаадын агент’-ын тухай хуулийг батлав. Уг хуулийн төслийг эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намаас санаачлан, парламентын анхны хэлэлцүүлгээр дийлэнх олонхийн саналаар баталсан. Сөрөг хүчний зүгээс уг хуулийг ардчилал, хүний эрхэд ноцтой харшилж байна хэмээн үзэж эсэргүүцэн, иргэдийг хамарсан томоохон жагсаал нийслэл Тбилист хоёр өдрийн турш үргэлжиллээ. Бүх нийтийг хамрасан уг жагсаалд нийт 400 орчим төрийн бус байгууллага (ТББ) нийгмийг уриалан оролцож, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч чухал үүрэг гүйцэтгэн, эсэргүүцлийн жагсаал газар авснаар уг хуулийн төслийг эргүүлэн татжээ.[3]
Эрх баригчид “гадаадын агент”-ын тухай хуулийг санаачлах болсон шалтгаанаа дараах байдлаар тайлбарлав.[4] Тус хуулийг баталснаар Гүржид гадаадын аль улсын нөлөө хэр хэмжээтэй байгааг тодорхойлох, өнгөт хувьсгалаас урьдчилан сэргийлэх, гадаадын тусгай албадын нөлөөллийн үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт тавих зорилгоор Гүржийн төрийн бус байгууллагуудыг хэн санхүүжүүлж байгааг тодорхойлох ач холбогдолтой гэж тайлбарлажээ.
Өдгөө тус хуулийн төслийн анхдагч загвар буюу аль улсын хуулиас хуулбарласан талаар Гүржийн дотоодод маргаантай байна. Гүржийн парламент дахь “гадаадын агент’-ын хуулийн төслийг дэмжигчдийн тайлбараар бол гадаадын байгууллагуудаас хийж буй лоббиг нээлттэй болгох зорилгоор төлбөр хүлээн авсан тухай мэдээллийг ил болгох шаардлагатай бөгөөд энэ нь АНУ-ын Гадаадын төлөөлөгчийн бүртгэлийн тухай хуультай төстэй гэж байв. Харин жагсагчдын зүгээс энэхүү хуулийг ОХУ-ын 2012 оны гадаадын төлөөлөгчийн тухай хуулийг хуулбарласан “Оросын хууль’ гэж үзэн, уг хуулийг Гүржийн иргэний нийгэм, ард түмэн, ардчилалд халдаж байна гэж буруушаасан юм.
“Гадаадын агент”-ын тухай хуулийг эсэргүүцэх болсон шалтгаан[5]
Уг хуулийг баталснаар дараах үр дагавар гарна гэж сөрөг хүчин болон жагсагчид үзжээ.
– Хууль батлагдснаар санхүүжилтийнхээ 20 хувийг гаднаас авдаг хувь хүн, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллагууд Гүржийн Хууль зүйн яаманд “гадаадын нөлөөний төлөөлөгч’ гэх нэрээр бүртгүүлэх шаардлагатай болсон. Ингэснээр сонгуулийн ажиглагч, авлига, хээл хахуулийн эсрэг хяналтын байгууллагууд, олон улсын судалгааны байгууллагууд, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг Гүржийн иргэний нийгмийн байгууллагын дийлэнх хэсэг буюу 80 орчим хувь энэ хуулиар “гадаадын нөлөөний төлөөлөгч’ гэгдэхээр болов. Ингээд гадаадын ТББ-ууд, 20 хувиас дээш гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагуудад ажиллаж буй иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хязгаарлагдах нөхцөл бүрдэх байв. Нөгөөтэйгүүр ТББ-уудын оролцоотой эсэргүүцлийн жагсаал, цуглааныг хааж боомилох, дарах зорилготой гэж жагсагчид үзжээ.
– Тус хуульд төрөөс томилсон албан тушаалтан/хүний эрхийн ажиглагч гэх/-ы тодорхойлсон “Цахим орчинд мэдээлэл нийтлэх шаардлага” гэгчийг заавал биелүүлэх ёстойг тусгасан бөгөөд уг шаардлагыг зөрчсөн тохиолдолд 10.000 орчим ам.доллараар торгох, давтан үйлдсэн тохиолдолд таван жил хүртэл хорих ял оноох талаар мөн хуульд тусгасан байна. Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаасан ийм заалт оруулж өгсөн нь мөн л дарангуйлал тогтох нөхцөлийг бүрдүүлсэн гэж жагсагчид үзэв.
– Иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн зүгээс “гадаадын нөлөөний төлөөлөгч’ гэж нэрлэгдэх нь төрийн бус байгууллагуудыг хүний юм, гадны зүйл мэтээр нийгэмд ойлгуулж нэр хүндийг нь унагах гэсэн оролдлого гэж үзсэн.
Гүржид болж буй үйл явдалд их гүрнүүдийн байр суурь
Европын холбоо:
ЕХ-ны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел “…энэ хуулийн төсөл нь ЕХ-ны үнэт зүйлс болон Гүржийн Европын холбоонд нэгдэх зорилгод харшилж байна, түүнийг батлах нь бидний харилцаанд ноцтой нөлөө үзүүлж магадгүй..’[6] гэж мэдэгдэв.
АНУ:
-АНУ-ын засгийн газрын агентлаг Хельсинкийн комисс[7] энэ хууль нь Гүржийн одоогийн засгийн газар Оросыг улам бүр түшиж буйг харуулсан үйл явдал гэж мэдэгдэв.
-Төрийн департамент уг хуулийн төсөлд Вашингтон маш их эмзэглэж байна гэж мэдэгдсэн. Вашингтон өөрийн хууль тогтоомжтой харьцуулалт хийхээс татгалзсан.
ОХУ:[8]
– Кремлийн зүгээс Гүржид болсон үйл явдалтай ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдэж, гадны хууль Оросоос санаа авсан гэх мэдэгдлийг няцааж, эмх замбараагүй байдалд санаа зовж байгаагаа илэрхийлэв.
– Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Кремль үүнд огт хамаагүй. … энэ хууль нь АНУ-ын хуультай маш төстэй байсан’ гэж мэдэгдэв.
Хууль эрхзүйг ашиглан нийгмийг радикалчилсны үр дагавар
“Гадаадын агент’-ын тухай хууль батлагдсан ч, цуцлагдсан ч, түүнээс гарч буй үр дагавар нь нийгмийн талцлыг хурцатган, хохирогч нь Гүрж улс, гүржийн нийгэм болж үлдэж буй юм.
Уг хууль батлагдсан тохиолдолд иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа, эвлэлдэн нэгдэх эрх боомилогдож улмаар төр засгийн буруутай үйл ажиллагаанд тавих иргэдийн хяналт, оролцоо хумигдана. Ингэснээр нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж, тодорхой хугацааны дараа тэсэрснээр улс орныг хамарсан эмх замбараагүй байдал үүсч болзошгүй юм. Нөгөө тохиолдолд төрөөс иргэдийг хянах явдал гаарч, улмаар улс орон авторитар дэглэм рүү гулсан орох эрсдэлтэй юм.
“Гадаадын агент’-ын тухай хууль цуцлагдсан хэдий ч тус улсад маш өргөн хүрээтэй жагсаал цуглаан хэд хэд болсон нь тус улсын засгийн газрын үйл ажиллагааг сулруулж, төр иргэний харилцаанд үл итгэлцлийн томоохон ан цав гарсан үйл явдал болов. /Радикалчлах үйл явц эрчимжив/
Ийнхүү тус хууль батлагдсан нь ч цуцлагдсан нь ч Гүржийг улс төрийн тогтворгүй байдал руу оруулж дөнгөлөө. Одоогийн байдлаар улс төрийн томоохон хямралаас зайлсхийж чадсан мэт харагдаж байгаа боловч 2024 онд болох парламентын сонгуулийн өмнөх жил ийнхүү нийгмийн хуваагдал гүнзгийрсэн нь тохиолдлын хэрэг биш, Гүржид хямралт нөхцөл байдлыг зориудаар үүсгэсэн байж болзошгүй гэж үзэхээр байна. Ирэх жилийн сонгуулиар улс төр, нийгмийн хямрал ужигран ахин “тэсэрч” болзошгүй бөгөөд хэрэв чингэвэл эрх зүйн арга хэрэгслийг ашиглан “өнгөт хувьсгал”-ыг дэврээсэн томоохон жишээ болно.
Аливаа улсад “өнгөт хувьсгал” гарсны дараа үүссэн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нь аль их гүрний ашиг сонирхолд түлхүү нийцэх болов гэдгээр хэн хийснийг тодорхойлж болдог. Тэгвэл Гүржид болж буй үйл явдлын ард их гүрнүүдийн нөлөө байсан бол аль нь ч халдагч байж болох юм. Аль нь ч бай Гүржийн нийгэм хууль эрхзүйгээр дамжин нэгэнт талцаж хуваагдан, сонгуулийн өмнөх тогтворгүй байдалд орсон нь бодит билээ.
Дүгнэлт
Их гүрнүүдээс явуулж буй хосломол дайны /өнгөт хувьсгал/ зорилго нь ардчилсан улс орнуудын парламентат тогтолцоог нь онилж, мэдээлэл, сэтгэл зүй, цэрэг-улс төр, хууль эрх зүй, нөлөөллийн арга технологийг ашиглан тогтворгүй байдал үүсгэхэд чиглэдэг. Гүржийн тухайд хууль эрхзүйн технологийг ашиглан тогтворгүй байдлыг үүсгэсэн нь дээрх үйл явдлаас ажиглагдаж байна. Гүржийн парламентаас нөлөөний агентын тухай хуулийг баталсан ч, эс баталсан ч тус улсад нийгмийг хамарсан радикалчлал явагдаж, улс төрийн тогтолцоо ганхах магадлал нэмэгдснээр халдагч их гүрний зорилго биелэсэн гэж үзэхээр байна.
Хүний эрх, эрх чөлөөг боомилсон, хязгаарласан хууль, улс төрийн эрх мэдлээ тогтвортой хадгалах зорилгоор эрх баригч намын зүгээс өөрсдийн давуу байдлыг ашиглан өөрчлөлт оруулсан хууль, тогтоомж нь их гүрний зүгээс явуулж буй хосолмол дайны эрхзүйн зэвсэг /lawfare/ болж ашиглагддаг байна. Хууль нь бүх нийтээр дагаж мөрддөг, иргэдэд хамгийн түрүүнд мэдрэгддэг, нийтийг хамарч чаддаг гэдэг утгаараа нийгмийг радикалчилахад болон бүх нийтийг хамруулахад хосолмол дайны гол зэвсэг болох боломжтой тул аливаа улс хуулийг батлах процессийг сайтар даган мөрдөж ажиллах нь туйлын чухал юм. Эрх баригчид, улс төрчид, хуульчид хосолмол дайны золиос болж байгаагаа өөрсдөө ч мэддэггүй. Нийгмийг талцуулсан хууль, шийдвэрүүд олон байх тусам бүх зүйлийг улс төрийн тогтолцооны буруу гэх байдлаар тайлбарлаж, улмаар үндсэн хуулийн өөрчлөлтийг шаарддаг.
Манай улсад Холбооны эрх зүйн байдлын тухай болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл гэх мэт хуулиудад Гүржийн хуультай төстэй хэд хэдэн агуулга байсныг бид анхаарах шаардлагатай юм.
Хууль эрх зүйг хосолмол дайны технологи болгон ашиглаж буй нь нэгэнт тодорхой учир энэ чиглэлд судалгаа шинжилгээ хийдэг байгууллагууд үйл ажиллагаагаа сайжруулах, аюулгүй байдлын үйл ажиллагаатай уялдуулах шаардлагатай юм.
Ашигласан эх сурвалж:
[1] https://en.wikipedia.org/wiki/Politics_of_Georgia_(country)
[2] https://carnegieeurope.eu/2021/12/08/divided-georgia-hostage-to-polarization-pub-85937
[3] https://www.reuters.com/world/europe/parliament-georgia-gives-initial-approval-foreign-agents-law-2023-03-07/
[4] https://ipi.media/analysis-georgia-foreign-agent-laws-threatens-media-freedom-and-civil-society/
[5] https://www.reuters.com/world/us/why-is-georgia-turmoil-over-foreign-agents-law-2023-03-09/
[6] https://www.reuters.com/world/europe/eus-borrell-condemns-georgia-foreign-influence-law-2023-03-07/
[7] https://ge.usembassy.gov/helsinki-commission-leadership-statement-on-georgian-foreign-agent-law/
[8] https://www.reuters.com/world/us/why-is-georgia-turmoil-over-foreign-agents-law-2023-03-09/
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Америк доллараас Хятадын юань руу юу?Сүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02