ХЯТАД АМЕРИКИЙН СӨРГӨЛДӨӨН /эхлэл/

2020-04-03

https://niss.gov.mn/wp-content/uploads/2020/04/header_image_jcVPEpY.jpeg

АЮУЛГҮЙ байдал судлалын хүрээлэн ОХУ, БНХАУ, АНУ болон нөлөө бүхий бусад улсын шинжээчид, бодлого боловсруулагчид нөгөө талынхаа бодлого, стратеги, хоёр талын харилцааг хэрхэн ойлгож, түүнд тохирсон ямар арга хэмжээг өөрийн төр, засгийн удирдлагад санал болгож байгааг мэдээллийнхээ зарим дугаараар тоймлон хүргэдэг уламжлал тогтоод байгаа билээ. Бид 2019 оноос ХБНГУ-ын нэр хүндтэй томоохон think tank болох Шинжлэх ухаан, улс төрийн сан (Stiftung Wissenschaft und Politik)-гийн харьяа Олон улсын харилцаа, аюулгүй байдал судлалын Германы хүрээлэн (Deutsches Institut fuer Internationale Politik und Siecherheit)-тэй шууд харилцаа тогтоож, судалгааны бүтээлүүдээс нь солилцоогоор авч байгаа болно. Энэ удаа тус Хүрээлэнгийн судлаач Петер Рудольфын Хятад-Америкийн зөрчлийн талаар бичсэн өгүүллийг зохиогчийн өөрийнх нь зөвшөөрөлтэйгээр орчуулан цувралаар хүргэж байна. Уг өгүүлэл дэх аливаа дүгнэлт, дэвшүүлсэн үзэл санаа нь зөвхөн зохиогчийнх бөгөөд Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн байр суурь биш болно.

  • Хятад Америкийн сөргөлдөөн нь улам бүр өсч буй бүс нутгийн статусын өрсөлдөөнд суурилсан хэд хэдэн элементтэй.
  • Нөлөөллийн төлөөх энэхүү өрсөлдөөн нь сүүлийн үед АНУ-ын талаас ихээхэн анхаарал хандуулж буй үзэл суртлын зөрчилтэй нэгдэж байна.
  • АНУ, Хятад улс бие биеэ цэргийн дайснууд хэмээн үзэж үйл ажиллагаагаа төлөвлөж байгаа нь тэдний харилцааг хурцатгаж байна.
  • Стратегийн өрсөлдөөний тод илрэл нь АНУ Хятадыг Зүүн Азид нөлөөллөө тогтоохын тулд Хятадын тэнгист цэргийн хүрээ байгуулах гэж байна хэмээн буруутгаж буй явдал юм.
  • Америк-Хятадын нөлөөллийн төлөөх их өрсөлдөөн нь дижитал эриний технологитой нягт уялдаатай байдаг.
  • Хоёр улсын стратегийн өрсөлдөөн улам хурцдаж дэлхий нийтийн шинжтэй болж байгаа нь олон улсад эрсдэл учруулж болзошгүй байна. Энэ нь даярчлалыг ухрааж хүчирхэг АНУ-ын болон Хятадын гэх 2 нөлөөллийг үүсгэж магадгүй юм.

Хятад улсын өсөлт нь олон улсад нэр хүндтэй АНУ-ын байр суурьт заналхийлж байна. Хэдийгээр Хятад бол АНУ-д заналхийлж болох цорын ганц гүрэн ч Хятад улсын эдийн засаг, цэргийн зогсолтгүй өсөлт нь АНУ-ын хүчийг сулруулна гэдэг нь бас эргэлзээтэй л юм. АНУ, Хятадад ихээхэн мэтгэлцдэг Фукидидын урхи хэмээн нэрлэдэг хүчний шилжилтийн онолоор бол өсч буй гүрэн олон улсын манлайлал, засаглалын талаар санал зөрөлдөх нь олон улсын тогтвортой байдалд аюул учруулж болзошгүй юм. Энэ нь нэг талаас Хятад Америкийн өрсөлдөөн мэт боловч нөгөө талаас бүс нутгийн цаашлаад дэлхий дахины зөрчилдөөн болж хувирдаг.

Хятад бол Энэтхэг Номхон далайн бүс болон цаашдаа дэлхийн хэмжээнд хүчирхэгжиж буй ревизионист гүрэн гэж Вашингтон үздэг юм. Бээжин үүнийг үгүйсгэдэг боловч гадаад бодлого нь үүнийг батлах мэт байдаг. Хятадыг ийнхүү үздэг нь өмнөх АНУ болон Хятадын улс төр, эдийн засгийн харилцааны бодлогыг цэрэг армийн шинжтэй болгоход хүргэж байна. Хятадын энэ шинэ сөргөлдөх хандлага нь нилээд газар авч байгаа ч сүүлийн үед улс төр, эдийн засгийн илүү тайван хандлагатай цөөн хэдэн үйл ажиллагаа анхаарал татаж байна. Хятадтай өрсөлдөх нь АНУ-ын гадаад бодлогын шинэ зарчим болж байна. 

Энэ хоёр улсын стратегийн сөргөлдөөн эрчимжиж илүү томрох нь олон улсад аюултай байдал үүсгэнэ. Энэ утгаараа Америкчуудын маргаанд сонсогддог шинэ Хүйтэн дайн нь аналогийн хувьд хязгаарлагдмал хэдий ч огт үндэслэлгүй яриа ч биш юм. Гэвч аналоги бол анализ биш. Энэхүү судалгааны ажлын зорилго нь хөгжиж буй дэлхийн сөргөлдөөн, сөргөлдөөний синдромын үндсэн бүтэц, өнөөгийн стратегийн өрсөлдөөний хэмжээ болон динамик, олон улсын улс төрд үзүүлэх үр дагавар зэргийг ойлгох юм. Хятад Америкийн сөргөлдөөн нь даяарчлалыг ухрааж олон улсын тогтолцоонд хоёр өөр хүчирхэг нөлөөллийг үүсгэвэл Герман улс хүнд байдалд орж мэдэх юм. 

Хятад Америкийн сөргөлдөөн нь бүс нутгийн өрсөлдөөнд суурилсан хэд хэдэн хэсгээс бүрдэнэ. Хятад төсөөлснөөс илүү хүчирхэг болж байгаа нь удаан хугацаанд тэргүүлэх байр суурьтай байсан АНУ-ын эдийн засаг, аюулгүй байдалд заналхийлж Америкийг түгшээж байна. Сүүлийн үед энэхүү өрсөлдөөнд үзэл суртлын дайсагнал нэмэгдэж байгаа нь удаан хугацааны өрсөлдөөнд дотоодын дэмжлэгийг тогтвортой байлгах гэсэн Америкийн сонирхол. Үзэл суртлын ялгаатай статусын өрсөлдөөн нь энэхүү сөргөлдөөний онцлог юм. Талууд бие биеэ цэргийн дайснууд гэж үздэг бөгөөд аюулгүй байдлын хувьд дайсагнасан шинжтэй байдаг.

Хоёр тал системийн дайсагнагчид төдийгүй цэргийн өрсөлдөгчид учраас тэдний харилцааг цогц сөргөлдөөн гэж үзэж болох юм. Америкийн тал, Хятад улс Зүүн Азид онцгой нөлөө үзүүлэхээр Хятадын тэнгист цэргийн хяналтаа тогтоох гэж байна хэмээн үздэг ба Хятад улс Нэгдсэн улсын армийг эсэргүүцэхээр Өмнөд Хятадын тэнгист аюулгүйн бүс байгуулахаар оролдож байгаа нь Америкийн эсэргүүцэлтэй тулгардаг. Одоогоор ач холбогдол багатай ч энэхүү өрсөлдөөнд Арктикийг ч татан оролцуулаад байна. Трампийн засаг захиргаа АНУ-ын хөрөнгөөр Хятадын улс төр, эдийн засаг өсч байна гэж үзсэний улмаас Хятадтай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлсэн бусад улс оронд янз бүрийн арга хэмжээ авдаг. Хуавэй (Huawei) компаний эсрэг авсан арга хэмжээ үүнийг харуулахын зэрэгцээ Хятад Америкийн стратегийн өрсөлдөөн технологитой нягт уялдаатайг нотлож байна. Энэ бол дижитал эринд технологийн хүчирхэг гүрэн байх тухай асуудал бөгөөд технологийн манлайлал нь эдийн засгийн давуу байдал ба цэргийн технологийн аюулгүй байдлын үндэс юм.

Вашигтоны технологийн эсрэг гол бодлого нь экспортын хяналтыг чангатгах юм. Үүнд АНУ холбоотнуудаа татан оролцуулж магадгүй бөгөөд Хүйтэн дайны үед чухал үүрэг гүйцэтгэсэн CoCom (Олон талт экспортын хяналтыг зохицуулах хороо) -той төстэй олон талт экспортын хяналтын шинэ тогтолцоог бий болгох эсвэл Трампын засаг захиргаа Иранд хэрэглэн үр дүнг нь үзсэн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хоёр сонголт тэдэнд байгаа юм.    

Хятадын өсөлт ба Нэгдсэн Улс

Нэг талаас Хятад бол хүчирхэг армитай авторитар гүрэн, нөгөө талаас АНУ, Хятад улсууд эдийн засгийн хувьд нягт холбоотой учраас Номхон далайн баруун хэсэг болон Зүүн Азид төдийгүй дэлхийн хэмжээнд нөлөө бүхий АНУ-ын давамгайлалд Хятад аюул занал учруулж болзошгүй юм. Өөрийгөө Номхон далайн гүрэн гэж үздэг Нэгдсэн Улсын хувьд Хятад улсын өсөлт нь өвөрмөц сорилт болж байна.

Хэзээ гэдэг нь тодорхойгүй ч Хятад улс эдийн засаг, цэргийн хүчний хувьд АНУ-ыг гүйцэх нь ойлгомжтой. Хятадын эдийн засгийн статистик бодит бус байдаг. Гэвч асар хурдтай өсч буй эдийн засаг, цэргийн хүч бүхий Хятадтай хэрхэн харилцах талаар Америкчууд маргасаар байна. Үнэхээр худалдаа санхүү зэрэг дотоодын нийт бүтээгдэхүүнийг /ДНБ/ тодорхойлдог хэмжүүрүүдээс харвал Хятадын эдийн засаг асар ихээр өсч байгаа юм. Гэхдээ Хятадын ДНБ хэмжээ, Үндэсний чадварын индексийн үзүүлэлтээс үндэслээд харвал Хятад XIX зууны дунд үеэс эхлэн асар том гүрэн болсон байх ёстой тул эдгээр мэдээлэлүүд найдвартай биш нь харагдаж байна. Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар эдгээр нь хэтрүүлсэн үзүүлэлтүүд бөгөөд хэрэв бодитоор үнэлвэл нилээд өөр дүр зураг харагдах юм. Тэгвэл Америкийн эдийн засаг, цэргийн хүч нь Хятадынхаас хамаагүй их байвал Хятад АНУ-тай өрсөлдөх гол өрсөлдөгч, ядаж л “шинээр гарч ирж байгаа хүчирхэг улс” болох тул АНУ-ын ноёрхол нилээд хугацаанд үргэлжилсээр байх болно.   

Эрх мэдэл шилжих онол

Хятадын өсөлт Азид төдийгүй дэлхий дахинд нөлөөлж байгаа нь АНУ-ын гоеполитикт томоохон өөрчлөлт авчрах төлөвтэй. Улам хүчирхэгжиж буй их гүрэн олон улсын системтэй нэгдэн зохицох нь амаргүй хэрэг гэдгийг түүхийн туршлагаас харж болно. Тэд цэрэг армийн болон эдийн засгийн цар хүрээгээ тэлэх ба ийнхүү тэлэх явцдаа бусад улс оронтой зөрчилдөн гадаад бодлогод нь эрсдэл үүсгэн ревизионист хандлага гаргадаг. Хятад улс “Бүс, Зам” санаачлагынхаа хүрээнд нилээд улс орон руу үйл ажиллагаагаа тэлж байна. Эдгээр далайн харилцаа болон хөрөнгө оруулалтуудынхаа үр дүнд Хятад улс өөрийн чадавхиа бэхжүүлсээр ирсэн. Хятадын тэнгисийн флот өргөжиж байгаа нь тэнгисийн цэргийн гүрэн болох АНУ-ын “далайн ноёрхол”-д тулгарч буй сорилт болж байна. 

Эрх мэдлийн шилжилт нь олон улсын тогтвортой байдалд ноцтой асуудал үүсгэнэ.

Өмнөх хүчирхэг улстайгаа ойлголцолд хүрч чадахгүй бол эрх мэдлийн шилжилт нь олон улсын тогтвортой байдалд ноцтой эрсдэл үүсгэдэг. Фукидидын тайлбарласнаар Афинчууд Спартанчуудаас айж болгоомжилсоор эцэст нь тэднийг дайнд дуудсан нь “жанжлах дайн” гэсэн ойлголтыг үүсгэсэн юм. Улс орнуудын эдийн засаг, нийгэм, улс төрийн ялгаатай байдал нь эрх мэдлийн хуваарилалтыг өөрчилдөг бөгөөд энэ нь дайн гарах үндэс болдог. Түүхийн ийм циклээс эрх мэдлийн шилжилтийн тухай ойлгож болно. Жанжлах дайн буюу их гүрнүүдийн эрх мэдлийн хуваарилалтын тэнцвэргүй байдлаас үүдэлтэй өөрчлөлт нь түүхэн өсөлтийн үйл явц болдог.

Хятадын хөгжлийн талаарх Америкчуудийн мэтгэлцээнд эрх мэдлийн шилжилтийн онолын хувилбарууд яригддаг. Эрх мэдлийн шилжилтийн талаар Америкийн шинжээчид реалист үзэл бодолтой байдгийн адилаар Хятадууд ч мөн Бээжингийн хүчирхэгжилтээс үүсэх эрсдэлийн тухай маргадаг. Хамгийн хүчирхэг улс болох АНУ өөрийн статусаа хадгалж, Хятадын цаашдын өсөлтөөс хамгаалахын тулд нөөц бололцоогоо ашиглах болно гэж Хятадын стратегичид үзэж байна.    

“Фукидидын урхи” гэх ярианаас хоёр тал хоёулаа Хятадын өсөлт эрсдэл үүсгэж болохыг мэдэж байгаа нь харагдаж байна. Барак Обамагийн ерөнхийлөгч байх үед Хятадын зөрчилдөөнөөс үүсэх эрсдэлийн талаарх бодлого гол бодлого болж байлаа. БНХАУ-ын засгийн газрын дээд албан тушаалтнууд болон Ерөнхийлөгч Ши Жиньпин өөрөө Фукидидын урхи-аас зайлсхийх бодолтой байгаагаа удаа дараа мэдэгдсэн. БНХАУ-ын өсөлтөөс үүдэлтэй эрсдэл нь АНУ, Хятад хоёр улсын хооронд шинэ маягийн их гүрнүүдийн харилцааг үүсгэж болзошгүй. 2012 онд Ши Жиньпиний дэвшүүлсэн хэд хэдэн хийсвэр зарчим болох сөргөлдөөнөөс татгалзах, харилцан хүндэтгэж хамтдаа хожих зарчим нь биелэлээ олоогүй байна.

Эрх мэдэл шилжилтийн онолууд нь ээдрээтэй, маргаантай байдаг хэдий ч хөгжлийн шалгуурыг гаргаж ирж, шийдлийг санал болгох замаар бодит байдалд хувь нэмрээ оруулдаг. 

Эрх мэдэл шилжилтийн хүрээнд бүс нутгийн хэмжээнд үүсч буй зөрчилдөөн нь дэлхийд жанжлах өрсөлдөөнийг нэмэгдүүлдэг. АНУ Хятадын хүчирхэгжилтийг хүлээн зөвшөөрч Хятад олон улсын дэг журмыг өөрчилнө гэж үзэж байгаа нь зөрчилдөөнийг улам хурцатгаж байна. Энэ өнцгөөс харахад Хятад бол ревизионист гүрэн гэж харагдаж байна. Ревизионизм гэдэг нь олон улсын хэм хэмжээ, институц, статуст хувьсал хийх замаар өөрсдийн байр сууриа өсгөх хувьсгалт шинжтэй явц юм. Ревизионизм нь гадаад, дотоод бодлогыг тодорхойлох боловч тухайн улс зарим бүс нутагтаа энгийн, заримд нь ревизионист байж болох учир тэр улсыг бүхэл бүтнээр нь ингэж үзэхэд хэцүү. Олон улсын дэг журам нилээд олон зарчим, хэм хэмжээ, функцээс бүрдэх ба Хятад улс эдгээрийн заримыг дэмжиж заримыг нь эсэргүүцдэг. Хэдийгээр Хятад улс НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг боловч Нэгдсэн улс ба өрнөдийн ноёрхолыг үгүйсгэж өөрсдийн байр суурийг өсгөх сонирхолтой байдаг нь “ревизионист улс” гэсэн ойлголтод нийцүүлж байна. Хятад улсын хувьд тэд хүчирхэгжиж байгаа ч АНУ-ын хүч буураагүй гэж үздэг. Дашрамд дурдахад АНУ бол Өрнө – Дорнын зөрчилдөөний дараа олон улсын байдалд өөрчлөлт хийхээр оролдож буй ревизионист хүч гэж Хятад үзэж байна.

Хэвлэлд Их Гүрнүүдийн сөргөлдөөний талаар

АНУ-ын албан ёсны баримт бичгүүдэд Хятадыг “ревизионист” хэмээн тодорхойлдог ч Хятадын олон улсын байгууллагуудтай нийцэж байгаа байдал болон эдийн засгийн найдвартай түнш хэмээн олон улсад үзэж байгаа зэрэг нь үүнийг худлаа болохыг нотлоно гэж найдаж байна. Харин Орос, Хятад хоёр улс “АНУ-ын үнэт зүйл, ашиг сонирхолд харшлах том хүчин зүйлийг бий болгохоор зорьж байна. Цаашилбал 2017 оны Үндэсний Аюулгүй Байдлын Стратегид “Манай геополитикийн давуу талуудтай өрсөлдөж, олон улсын дэг журмыг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн өөрчлөхийг оролдож байгаа хоёр гүрэн гэжээ. Пентагоны мэдэгдэлд “Хятад улс ойрын хугацаанд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт цаашдаа дэлхий дахинд ноёрхолоо тогтоохоор санаархаж байна” гэсэн бол Төрийн нарийн бичгийн дарга Помпео хэлэхдээ “Хятад улс авлига хээл хахуулийн эсрэг үйл ажиллагааныхаа туршлагыг дэлхийд түгээх замаар эдийн засаг, нийгэм, цэргийн ноёрхолоо тогтоохыг хүсч байна” хэмээжээ. Эдгээрээс харахад хоёр улсын харилцаа хамгийн муу түвшиндээ хүрээд байна.

Трампын засаг захиргаа хүчирхэгжин тэлж буй авторитар засаглалтай Хятадтай хийх стратегийн өрсөлдөөнөө идэвхижүүлж байна. Дэд ерөнхийлөгч Пенсийн хэлснээр “Вашингтон Хятадтай эдийн засгийн болон стратегийн харилцаагаа сэргээн Америк нэгдүгээрт байх хүсэлтэй байна”. Трампын засаг захиргаа Хятадтай харилцаагаа “тэг нийлбэрийн логик” -оор харах нь ойлгомжтой. Энэ нь харилцаагаа эрчимжүүлэх нь хоёр талд харилцан ашигтай байх санаа ба ингэвэл АНУ Хятадтай харилцах өмнөх арга барилаа өөрчлөх болох юм.

Трампаас өмнө АНУ-ын стратегийн зорилго нь Хятад улсыг олон улсын системд илүү нягт нэгтгэж, АНУ-ын удирдлаган дор тоглогдох агуу том концертын гол дүр болгох байв. АНУ-ын өмнөх засаг захиргааны энэ стратегийн дагуу Хятадын өсөлт заавал тайван замаар явагдахгүй ч байж болох ба геополитикийн өрсөлдөөн гарч болохыг ч тооцоолж байв. Тиймээс АНУ цэргийн давуу байдлаа хадгалах, Ази Номхон далайн бүс нутаг дахь улсуудтай аюулгүй байдлын харилцаагаа өргөжүүлэх нь чухал байлаа. 2000-аад оны дунд үеэс цэргийн тодорхой ажиллагаанууд нь Хятадын тэлэлт, эдийн засгийн хурдацтай өсөлт, цэргийн шинэчлэлтийн эсрэг авах чухал арга хэмжээ болж байлаа. Обамагийн үед АНУ Ази Номхон далайн бүс нутгийн Энэтхэг, Вьетнам зэрэг орнуудтай харилцаагаа бэхжүүлж, Номхон далай дамнасан түншлэлээр дамжуулан бүс нутгийн эдийн засагт оролцоогоо нэмэгдүүлэх замаар Хятадын хүчирхэгжилтийн эсрэг “дахин тэнцвэржүүлэх” бодлого явуулж буй нь тодорхой байлаа. 

Хүчирхэг өрсөлдөөний шинэ эрин үе, өмнөх бодлогын бүтэлгүйтсэн тухай яриа Ерөнхийлөгч Обамагийн үед аль хэдийн эхэлсэн байв. Цагаан ордонд “Хүчирхэг Хятад”-ын тухай яригдаж эхэлж байсан ч Пентагонд АНУ Хятадын хооронд мөргөлдөөн үүсэх нь гэх сэтгэгдэлийг төрүүлэхгүйн тулд “агуу хүчний өрсөлдөөн” гэх нэр томъёог хэрэглэхгүй байх чиглэл өгчээ.

Трампын засаг захиргаа Хятадтай хийх сөргөлдөөнөө тууштай болгож байна.

Трампын засаг захиргаа харин Хятадтай хийх өрсөлдөөний тухай, өнгөрсөн үеийн “Хятадын хамтын ажиллагааны бодлогын алдаа” одоогийн нөхцөл байдлын “АНУ Хятадын өрсөлдөөн” цаашдын үйл ажиллагааны стратеги заавар “Бүх хүчээрээ өрсөлдөх” талаар тууштай ярьж байна. 

Хятадын талаас энэхүү өрсөлдөөнийг АНУ Хүйтэн дайны ба тэг-нийлбэрийн тоглоомын шинжтэй болгож байна гэж шүүмжилдэг ба Хятадын засгийн газар дангаар ноёрхох бодлого явуулаагүй гэж үздэг. Хятад улс бусад хөгжиж буй орны замаар явах бус өөрийн онцлогтой эдийн засаг, технологи, соёлын олон улсад нөлөө бүхий гүрэн болохыг хүсч байна. Ши Жиньпиний энэхүү алсын хараа нь Хятад үндэстэнийг шинэчлэн дэлхийд тэргүүлэх гүрэн болгох намын даалгавартай холбоотой.

Сөргөлдөөний бүтэц

Америк, Хятадын харилцаанд үүсээд байгаа зөрчилдөөнийг ихэнхдээ шинэ Хүйтэн дайн гэж тайлбарладаг. Үнэндээ АНУ Хятадын харилцаа нь Хүйтэн дайны зарим шинжийг агуулж байгаа ч Өрнө-Дорнын энэхүү зөрчилдөөн нь үзэл суртлын дайсагнал, аюулгүй байдлын болон зэвсгийн өрсөлдөөнийг агуулж байгаагаараа илүү глобал шинжтэй байна.

Статусын төлөөх өрсөлдөөн

АНУ-Хятадын сөргөлдөөн нь шинээр бий болж буй хоёр туйлт үе ба бүс нутгийн болон глобал статусын төлөөх өрсөлдөөнд суурилдаг. Дэлхийн II дайны төгсгөлөөс ЗХУ задрах хүртэлх үеийг олон улсад хоёр туйлт үе гэж үздэг. Хэдийгээр АНУ, ЗХУ хоёулаа хүчирхэг улсууд байсан ч маш их ялгаатай улсууд байлаа. АНУ Хятад хоёр бол адилхан хүчтэй улсууд биш ч хоёр туйлт үеийн тухай ярьж болох юм.    

Хүйтэн дайнаас ялгаатай нь АНУ, Хятад хоёр орны харилцаа нь тусгаарлагдсан хоёр эсрэг блокуудын хоорондох сөргөлдөөн биш, харин эдийн засгийн хувьд хоорондоо нягт уялдаатай байдаг хоёр улсын олон улсын тогтолцоонд нөлөөлөхийн төлөөх өрсөлдөөн юм. Барааны худалдааны тухайд гэвэл 2018 оны байдлаар Хятад бол АНУ-ын худалдааны номер нэг түнш, Америкийн бүтээгдэхүүний гурав дахь том зах зээл ба импортын гол эх үүсвэр юм. Хятад улсын хувьд АНУ нь хятадын бараа бүтээгдэхүүний худалдан авагчдын жагсаалтыг тэргүүлж байна. 1990-ээд оны эхэн үеэс үйлдвэрлэлийн зохион байгуулалтад гарсан өөрчлөлтийн үр дүнд бий болсон үйлдвэрлэлийн харилцан хамаарал хоёр орны эдийн засгийн хооронд өндөр байна. Хятадад үйлдвэрлэсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг АНУ-ын олон бүтээгдэхүүнд ашигладаг. 2019 оны 7-р сард Япон улс үүнийг гүйцэх хүртэл Хятад Америкийн төрийн сангийн бондын хамгийн их хувийг эзэмшиж байсан тул тэрхүү харилцан хамаарал үүсчээ.

АНУ-ын их гүрний статусаа алдах вий гэх болгоомжлол нь Хятадыг улам хүчирхэг болгож байна

Хятад улс илт хүчирхэг болж буй нь олон улсад тэргүүлэгч гүрний статусаа алдах вий гэсэн болгоомжлолыг АНУ-д төрүүлэв. Улс орны статус өсөхийн хирээр нийгмийн сэтгэл зүйн хандлага мөн дээшилж давуу байдлыг мэдэрдэг ба үүний сацуу статусаа алдах вий гэсэн болгоомжлол бий болдог. Гэхдээ энэхүү статус нь материаллаг байдалтай холбоотой байдаг. Хятад улс аажимдаа АНУ-ын тэргүүлэх статуст эдийн засгийн төдийгүй шинжлэх ухааны салбарт ч заналхийлэх болно. Хэрэв Хятад улс дэлхийн улс төр, эдийн засаг, технологийн зонхилох хүчирхэг улс болох юм бол “дарангуйллын нөлөө”-г бий болгоно хэмээн АНУ болгоомжилж байна. Хэрэв ийм зүйл тохиолдвол АНУ тэргүүлэх гүрэн байхаа больж, улсын мөнгөн тэмдэгтийн ач холбогдож багасаж, Америкийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт өмнөх шигээ баталгаатай байхаа болино. Ийм нөхцөлд АНУ-ын үйл ажиллагаа хумигдах болно.

       


Ангилал: Долоо хоногийн тойм