Газрын тос, байгалийн хийн геостратегийн сөргөлдөөн-1: Саудын Араб-ОХУ-АНУ: “үнийн дайн”

2020-03-27

https://niss.gov.mn/wp-content/uploads/2020/03/нефть.jpeg

     Газрын тос, байгалийн хий бол стратегийн түүхий эд. Түүнийг тойрсон улс төр, аюулгүй байдал-геостратегийн шинэ тогтоц бий болж, шинэ сөргөлдөөнийг өдөөж байна. Энэ сөргөлдөөн 1. гурван том нийлүүлэгч Саудын Араб-ОХУ-АНУ-ын хооронд “үнийн дайн” хэлбэрээр 2. АНУ, БНХАУ хооронд “тарифын дайн” хэлбэрээр, 3. АНУ, ОХУ-ын хооронд хориг арга хэмжээ хэлбэрээр тус тус явагдаж байна.    Ийнхүү  газрын тос, байгалийн хийн геостратегийн сөргөлдөөн хурцдаж халдварт өвчнөөс үүдсэн дэлхийн эдийн засгийн хүндрэлийг улам доройтуулж байна.

          Газрын тос, байгалийн хийн төлөөх сөргөлдөөн хэзээний л хурц явагдаж, дайн, мөргөлдөөнд хүргэж байсан. Их гүрнүүд газрын тос, хийн орд газрууд,  тээвэрлэх зам, хоолой, зах зээлд хяналтаа тогтоохын төлөө  ширүүн өрсөлдөж, сөргөлдөж, дайтаж байлаа. Нийлүүлэгч “буурай” орнуудыг өндөр хөгжилтэй хэрэглэгч орнууд эрхшээлдээ оруулсан тийм геостратегийн тогтоц нэгэн зууны турш бүрэлдсэн. Харин энэ тогтоц өөрчлөгдөж, шинэ сөргөлдөөнийг бий болгож байна.  Шинэ тогтцод газрын тос, байгалийн хийн хүчтэй нийлүүлэгч АНУ шинээр гарч ирсэн, мөн БНХАУ шинэ хүчтэй хэрэглэгч болсон нь чухал нөлөө үзүүлж байна. Үүнээс үүдсэн шинэ сөргөлдөөн нийлүүлэгч-хэрэглэгчдийн хооронд явагдаж байгаа бол  нийлүүлэгчдийн хооронд ч, цаашлаад АНУ-ын занарын тос, хийн эсрэг уламжлалт тос, хийн үйлдвэрлэгчид ч өрсөлдөж байна.

    АБСХ геополитик, геостратегийн шинэ сөргөлдөөн, аюулгүй байдлын шинэ эрсдэлүүдийг судалж холбогдох үр дүнг нийтэлдэг бөгөөд газрын тос, байгалийн хийн геостратегийн сөргөлдөөний тухай цуврал хэлбэрээр хүргэж байна.     

Саудын Араб-ОХУ-АНУ: “үнийн дайн”

      Газрын тосны салбарт Саудын Араб-ОХУ-АНУ гэсэн гурван том нийлүүлэгчдийн дунд шинэ сөргөлдөөн өрнөж байна.  Тухайлбал, Саудын Араб, ОХУ-ын харилцаа муудаж газрын тосны үнэ огцом унасан. Үнэ огцом унаснаар АНУ-ын занарын тос, хийн үйлдвэрлэл ашиггүй болж, хүндрэлд орно. Ингэснээр аль аль нь хохирохоор байна.

      АНУ, Саудын Арабын харилцаа. Саудын Араб улс АНУ-ын газрын тосны геостратегийн, Ойрх Дорнодын бүс нутгийн улс төр, цэрэг-техник, аюулгүй байдлын гол түнш юм. Тус хоёр улсын  “тохиролцоогоор” дэлхийн зах зээлийн үнэ, нийлүүлэлтийн хэмжээг тогтоодог. Гэвч АНУ газрын тосны том экспортлогч болсноор хоёр орон өрсөлдөгчдийн сонирхлын зөрчилд орж харилцаа нь ээдрээтэй болж эхэлсэн. Ингэснээр АНУ-д Саудын Араб улсыг тойрсон асуудлуудыг дэвэргэх болсны илрэл бол 2018 оны 10-р сард Саудын тэрс үзэлтэн Джамал Хашоггийн  аллагад холбоотой хэмээн тус улсын эрх баригчдыг АНУ-ын зүгээс шүүмжилж,  ханхүү бин Салманы оролцоо байх магадлалтай гэсэн  АНУ-ын ТТГ-ын дүгнэлт гаргасныг Вашигтон пост мэдээлсэн, 17 хүний эсрэг хоригийн жагсаалт гаргасан явдал юм. Мөн Саудын Араб болон ОПЕК-ийн эсрэг арга хэмжээний тухай дахин яригдах болж газрын тос, байгалийн хийн картелийн эсрэг “NOPEC-H.R. 2264” гэх 2007 оны тогтоолыг АНУ-ын  Конгресст хууль болгон батлах тухай санал дахин гарч эхэлсэн.

      Саудын Арабт 2017 оны 11-р сард “төрийн эргэлт хийх оролдлого”-д буруутган олон зуун хүмүүсийн баривчилсан, 2019 онд Флорида дахь, нисэх хүчний баазад дадлага хийж байсан саудын нисгэгч галт зэвсэг хэрэглэж халдлага үйлдсэн, Саудын Арамко компанийн газрын тосны томоохон үйлдвэр, нөөцийн агуулахад дроны халдлага болсон бөгөөд үүнд Ираныг буруутгасан.

   Гэвч шиит, суннитын зөрчилд Ираны эсрэг хүчтэй тэмцэгч нь Саудын Араб  улс тул АНУ түүнтэй харилцаагаа бүр муутгаж чадахгүй байна. Хэдийгээр АНУ, Саудын Арабын харилцаа тааруухан боловч АНУ-ын Конгрессийн үзэж буйгаар харилцаагаа сайжруулах “стратегийн шинэ үндэслэл” бий болсон. Хаан ширээ залгамжлах ханхүү Мухаммед бин Салман АНУ-д 2018 оны 3-р сард айлчлахад ерөнхийлөгч Доналд Трамп эзэн хаан Абдул-Азиз Аль Сауд болон ханхүү бин Салманыг дэмжихээ илэрхийлсэн  юм.

 Саудын Араб, ОХУ-ын харилцаа түүхэн явцад сайнгүй байсаар ирсэн. Тухайлбал, Ойрх Дорнод, Иран, Сирийн асуудлаар хоёр улс эсрэг байр суурьтай байдаг. Харин сүүлийн жилүүдэд харилцаа сайжирч Саудын Арабын эзэн хаан Салман ибн Абдул-Азиз Аль Сауд 2017 оны 10-р сард ОХУ-д анх удаа айлчилсан.  2016 оны 12-р сард ОПЕК болон газрын тос экспортлогч 11 орнууд олборлолтын хэмжээг хязгаарлах, өдөрт 1.5-1.7 сая баррелиэр багасгаж байх ОПЕК+ гэх хэлэлцээрт ОХУ нэгдсэн. 2017 оноос хэрэгжсэн олборлолтыг зохицуулах тохиролцоо энэ оны 4-р сарын 1-нд дуусах юм.

      Гэвч ОПЕК+ орнууд корона вирусын тархалтаас үүдсэн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хүрээнд олборлолтыг цаашид өдөрт 3 сая баррель хүртэл хорогдуулах тухай Саудын Арабын саналыг ОХУ эсэргүүцэж, өнөөгийн хязгаарлалтыг хэвээр үлдээж цаашид нэг жилээр сунгах санал тавьсан боловч хүлээж аваагүй тул ОХУ-ын эрчим хүчний сайд Дмитрий Новак хуралдааныг орхиж гарч улмаар  3-р сарын 6-нд дахин тохиролцоонд хүрч чадаагүй тул тус хэлэлцээрээс гарснаар харилцаа нь эрс муудсан.

     ОХУ-Саудын арабын үнийн дайн эхэллээ. 2020 оны 3-р сарын 9-нд газрын тосны үнэ 25  хувь огцом унаж  Brent маркийн тос баррель нь 31,38 ам. доллар, WTI-ийн үнэ 27,9 ам доллар болсон. Үүнийг Блумберг агентлаг газрын тосны “үнийн дайн” хэмээн нэрлэсэн бол энэ нь АНУ-ын занарын тосны хувьд “аймшигтай хар хун” хэмээн Belpointe компанийн ахлах стратегич Дэвид Нелсон нэрлэжээ. Хэдийгээр үнэ бага зэрэг өссөн боловч зөрчлийн үндсэн шалтгаан арилаагүй, тохиролцоонд эргээд хүртэл хол тул сөрөг арга хэмжээ авсаар байна.  Өрсөлдөөний стратегийн онол буюу “тоглоомын онолд” үүнийг аль алиндаа хохиролтой, хэн ч хождоггүй Zero Sum Game гэдэг.

      “Роснефть”-ийн удирдлагууд, түүний дотор ерөнхий захирал И. Сечин  Саудын Арабын хямд экспорт ОХУ-ыг дэлхийн зах зээлээс шахаж байгаа гэж ОПЕК+ хэлэлцээрийг анхнаас нь л шүүмжилж  байсан. 2016 оны хэлэлцээрийн дараа газрын тос нэг хэсэг  өсөж ОХУ-д ашигтай байсан.  Харин сая хэлэлцээрээс гарсан шалтгааныг  оросууд гурав дахь том өрсөлдөгч АНУ-тай холбож тайлбарлаж байна. ОХУ болон арабын орнууд газрын тосны олборлолтоо цаашид ч багасгаад байвал зах зээлийн суларсан орон зайг АНУ-ын занарын тос эзэлж байгааг хүлцэж болохгүй гэж  ОХУ энэ алхамаа зөвтгөж байна. Мөн АНУ-ын занараас гаргасан хямд газрын тосны (мөн байгалийн хийн) эсрэг “мөнхийн ашиг сонирхлоо” дагасан нүүдэл гэж ОХУ-ын  “Роснефть” компанийн хэвлэл хариуцсан дэд захирал Михаил Леонтьев мэдэгдсэн. 

    Саудын Арабын зүгээс ч ОХУ-ыг буруутгаж олборлолтоо өдөрт 3.5 гаруй сая барреллиэр нэмэгдүүлж 13 саяд хүргэнэ, тосны үнийг 10-20 ам. доллар хүртэл хямдруулна гэдгээ мэдэгдсэн. Мөн тус улс газрын тосны тээврийн танкеруудыг ихэнхийг нь шинээр түрээслээд авсан тул бусад улсууд тээвэр хийх боломж хязгаарлагдав.  Газрын тосны үнэ огцом унаснаар Саудын Арабын Арамко компанийн хувьцааны үнэ 10 хувь огцом хямдарсан. Үүний хамтаар ОХУ-ын томоохон компаниудын хувьцаа  болон рублийн ханш бас унав. АНУ-ын эдийн засгийн гол индексүүд 1987 оноос хойшхи хамгийн ихээр уналаа.

Байгалийн хий, газрын тосны үнэ өмнө нь ч хямрал,  улс төр, худалдааны дайн, халдварт өвчин, түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлээс болж хямдарч  байсан. Тухайлбал, 2008 оны хямралаар газрын тос 160 ам. доллараас 40 ам. доллар хүртэл унасан, Украйны хямралаар 2014-2016 онуудад хямдарч эргээд өссөн. 2018-2019  оноос худалдааны дайн, халдварт өвчний улмаас 15-20 хувиар хямдарсан бөгөөд сая түүнээс доош хямдарлаа. Олон улсын валютын сангийн үзэж буйгаар 2024 он хүртэл өсөхөөргүй үзүүлэлттэй байна. 

 АНУ-ын эсрэг чиглэсэн үү? Өнөөгийн сөргөлдөөний нэг онцлог нь АНУ-ын занарын тос, хийн эсрэг уламжлалт тос, хийн үйлдвэрлэгчид тэмцэл өрнүүлж байна. ОХУ, Саудын Арабын сөргөлдөөнийг цаад утгаар нь АНУ-ыг давхар онилсон  алхам гэж хэлэхээр байна. Иймээс ч АНУ-ын ерөнхийлөгч Саудын Араб, ОХУ хоёрыг худалдааны дайныг өдөөлөө гэж шүүмжилсэн. Үнэ хэт буурах нь газрын тос, хийн үйлдвэрлэлийн үр ашигт сөргөөр нөлөөлдөг тул үр ашигтай байх үнийн доод хэмжээг тогтоодог. Энэ хэмжээ нь харилцан адилгүй  байх боловч  жишиг болгож газрын тосны үнэ 35 ам. доллараас бага байх тохиолдолд занар болон бусад уламжлалт бус газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэл алдагдалтай болно гэж үздэг.

     Газрын тосны үнэ огцом унаснаар төрөөс хөнгөлөлт,  дэмжлэгтэй байгаа занарын тос, хийн үйлдвэрлэлийг ашиггүй болгож АНУ-ын компаниудыг хүнд байдалд оруулж байна. Үүнд, занарын үйлдвэрлэлийн ашиггүй болох  “хугарах үнэ” (breakeven price) баррель нь 48-54 ам. доллар гэж үздэг. Энэ салбарт Шеврон, Эксон, EOG Ресорс зэрэг том, жижиг компаниуд болон хувьцаа эзэмшигч иргэд олон зуун тэрбумын хөрөнгө оруулаад байгаа тул энэ “хар хун” үлэмж хэмжээний хохирол, цаашлаад ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой улс төрийн ч эрсдэлийг бий болгож байна.

      2014 онд үнэ буурахад занарын 150 гаруй төслүүд үр ашиг, санхүүжилтгүй болж зогсож байсан. Иймээс АНУ-ын занарын үйлдвэрлэгч компаниуд хүнд байдалд орж зардлаа 20-25 хувь буулгах арга хэмжээ авч эхэллээ. Занарын тос үйлдвэрлэгч Parlsey Energy компани хамтран ажиллагч, туслан гүйцэтгэгч компаниудаа зардлаа 25 хувь бууруулах, өрөмдлөгийн 20 хувийг зогсоохыг уриалсан байна. Гэвч тэд 55-65 ам. долларын үнэд тооцоолж зардал, ашгаа төлөвлөсөн, энэ хэмжээгээр бууруулах боломж багатай тул үйлдвэрлэл нь алдагдалд орж дахин олон төслүүд зогсох төлөвтэй байна. Иймд хүндрэлээс гарахын тулд АНУ-ын засгийн газар стратегийн нөөцөд их хэмжээний газрын тос, хий худалдаж авах арга замыг сонгож байна. 

Саудын Арабт хүндээр тусна. Тус улсын газрын тосны үйлдвэрлэлийн өртөг бага, баррель нь 10 ам. доллар байхад ч ашигтай байж үнээ буулгах боломжтой ч  цэрэг-техник,  нийгмийн халамжийн зардал өндөр тул  төсвийн алдагдал нь 2018 онд ДНБ-ий 9.5 хувь, 2019 онд 5 хувьтай болсон.  2020 оны төсөвтөө газрын тосны үнийг 60-70 ам.  доллар байхаар суулгасан учир  алдагдал ДНБ-ий 15 хувьд хүрэхээр тооцоотой байна.  Дээрээс нь Саудын Арабын улс төрийн тогтовортой байдал, дотоод аюулгүй байдал эрсдэлтэй байна.  Төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэл хурцаар явагдаж эзэн хааны ширээ залгамжлагч ханхүү Мохаммед бин Салман, ил далд олон эсэргүүцэгчидтэйгээ хатуу тэмцэл явуулж байна. Түүний тушаалаар  “төрийн эргэлт хийх оролдого”-д буруутган 2017 оны 11-р сард  олон ханхүү, садан төрөл, төр, бизнесийн хэдэн зуун хүмүүсийн хамт баривчилж, “гэрийн хорионд” оруулснаар зогсохгүй, Авилгын эсрэг хороо байгуулж мөрдлөгийн ажил эхлүүлсэн. 2020 оны 3-р сарын 6-ны өдөр эзэн хааны төрсөн дүү Ахмет бин Абдель Азиз болон өөрийн үеэл хоёр хан хүүг бас тийм үндэслэлээр  баривчилсан байна. 

  ОХУ-д хүндээр тусна. Тус улсын газрын тосны үйлвэрлэлийн өртөг өндөр боловч эдийн засаг нь Саудын Арабыг бодвол илүү төрөлжсөн, газрын тосны хамаарал “харьцангуй бага” гэж үздэг боловч газрын тосны үнийг энэ онд 50 орчим ам. доллар байхаар тооцсон тул  төсвийн алдагдал нь өсөж хүнд байдалд орохоор байна. Сангийн сайд Д.Силуановын мэдэгдсэнээр 2 их наяд рублийн хохирол хүлээхээр байна. Мөн “Экспресс РА” агентлагийн  үзэж буйгаар банкны системийн алдагдал, инфляц өсөх зэрэг эрсдэлүүд үүсэх төлөвтэй байна. Блумберг агентлагийн үзэж буйгаар газрын тосны эрэлт унахаар байгаа ч зах зээлээ алдахгүйн тулд алдагдалтай байсан ч олборлолтоо зогсоохгүй, улам нэмэх хандлагатай байна. Өрсөлдөөний онолд эрсдэлтэйг мэдсээр байж зогсож чадахааргүй болдог ийм сөргөлдөөнийг “chiken game” гэдэг бөгөөд алдахгүй байхын тулд тохиролцоонд хүрэх ёстой ч одоогоор тийм алхамууд хийгдээгүй байна.   Ийнхүү Саудын Араб, ОХУ, АНУ-ын хоорондох нийлүүлэгчдийн гурвалсан  сөргөлдөөн аль алинд нь эрсдэлтэй, цаашлаад дэлхий нийтэд ч сөрөг үр дагавартай байх юм.


Ангилал: Долоо хоногийн тойм