НЭГЭН зууныг дамнасан газрын тос, байгалийн хийн геостратегийн тогтоц шинэ эсгүүр бүхий тогтцоор солигдож байна. Хамгийн том хэрэглэгч АНУ нийлүүлэгч болж, БНХАУ хамгийн том хэрэглэгч болсноор худалдаа, эдийн засгийн харилцаа, олон улсын аюулгүй байдлын системд өөрчлөлт орж, шинэ тогтцыг бий болгож байна. АНУ их хэмжээний газрын тос, хийг занараас үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын сацуу их хэмжээний илүүдлээ экспортлон 2017-2018 онуудад дэлхийн хамгийн том нийлүүлэгч боллоо. Үүнийг “занарын хувьсгал” хэмээн нэрлэж ч байна.
Энэхүү шинэ тогтоц геополитик, геостратегийн шинэ эсгүүрийг тодорхойлж эхлэв. Шинэ геополитикийн нөхцөл байдлаас үүдэн дэлхий нийтэд аюулгүй байдлын шинэ эрсдэлүүд бий болж байна. Газрын тос, байгалийн хийн асуудал АНУ, БНХАУ-ын худалдааны дайны нэг хэсэг нь болсон. Улмаар хоёр улсын хүрээнээс даван Европын холбоонд “хоёрдугаар фронт” хэлбэрээр түгэх, Ойрх Дорнод, түүний дотор Иран, Персийн буланд хямралт байдал үүсэх, өрнөдийнхөн ОХУ-ын эсрэг хоригоо чангатгах, Венесуэл, Украины асуудал улам хурцдах зэрэг эрсдэлүүд үүсч байгаа нь сүүлийн үеийн үйл явдлуудын өрнөлөөс харагдаж байна.
Шинэ тогтолцоо
XX зууны турш гол баялаг нь газрын тос, байгалийн хий байж эдгээр эх үүсвэр (орд газруудыг олборлох, тээвэрлэн худалдаалах, боловсруулан ашиглах эрх)-ийн төлөө ширүүн өрсөлдөж, сөргөлдөн дайтаж байв. Энэхүү тогтцод нийлүүлэгчид нь гол төлөв “өмнөдийн” буурай улсууд байж тэд “умардын” хөгжингүй, хүчтэй гүрнүүдийн түүхий эдийн хавсарга болон хямд үнээр нийлүүлдэг байв. Газрын тос экспортлогч улсуудад (ОРЕC) үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлөх хөшүүрэгтэй ч гол бодлого нь “умардаас” хамааралтай “том эсгүүр” бүрэлдэн тогтсон юм.
“Мөнхийн анд ба мөнхийн дайсан гэж үгүй гагцхүү мөнхийн ашиг сонирхол байдаг” гэсэн зарчмаар улс төр, үзэл суртлын тэмцэл, хувьсгал, дэлхийн дайн, колонийн эсрэг хөдөлгөөн, хүйтэн дайн, социалист системийн нуралт нь хорин жилийн давтамжтай явагдаж, хэд хэдэн завсрын “эсгүүрт” орсон. Холбоотон болон дайсагнагч нь шинэ эсгүүр бүрт солигдож байсан. Гэвч дээрх тогтоц нь хэвээр үлдэж байв. Харин сүүлийн хэдхэн жилийн дотор занарын аниргүй хувьсгалаар “шинэ эсгүүрт” орж Stratfor судалгааны төвийн шинжээч Роберт Д.Капланы 2012 онд хэлснээр “занарын хувьсгал хийгдэж дэлхий нийтийн дүр төрх өөрчлөгдөнө” гэсэн нь өнөө тохиож байна[1]. Ойрх Дорнод, Хойд Африк, ОХУ, Латин Америкийн гол нийлүүлэгчид ба АНУ, Европ, Их Британи, Япон зэрэг гол хэрэглэгчид бүхий тогтоц өөрчлөгдөв. Өдгөө АНУ нь өөрөө хамгийн том нийлүүлэгч “өмнөд” болж, буурай байсан БНХАУ нь хамгийн том хэрэглэгч, үйлдвэрлэгч “умард” болсон нь геостратегийн шинэ бодлого, үйл ажиллагааг тодорхойлох боллоо.
АНУ-ын геостратеги
ХЯТАД умардын харин Америк өмнөдийн геостратегийг баримтлах боллоо. Вашингтон доройтоогүй хүчирхэг хэвээр боловч Хятадын үйлдвэрлэснийг импортолж, хэрэглэхээс гадна БНХАУ-д түүхий эд нийлүүлэгч боллоо. Өмнөх тогтцод буурай нийлүүлэгчид нь гол төлөв (“тагтаа” стратегийг баримталдаг) аядуу байсан бол өдгөө АНУ хэмээх (“шонхор” стратегийг баримтлагч)хүчтэй нийлүүлэгчтэй гарч ирж байгаа нь онцлог.
АНУ-ын өмнөх геостратеги нь өөрийгөө болон Европын холбоотнуудаа хямд, найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангахад чиглэгдэж байсан. Өнөөдөр Европын түншүүддээ болоод Япон, БНСУ, БНХАУ зэрэг улсад их хэмжээний байгалийн хий, газрын тосыг илүү үнээр нийлүүлэхийг эрмэлзэх болжээ. Зүүн хойд Азийн зах зээлд нэвтрэн тэнд өөрийн тос, хийг аюулгүй, найдвартай хүргэх зам тээвэр, боомтын геостратегийн шинэ бодлогыг хэрэгжүүлж эхэлж буй нэг илрэл нь БНАСАУ-тай харилцаагаа сайжруулан Солонгосын хойгийг сөргөлдөөний бус эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болгохыг зорьж буй явдал юм.
Энэ нь бүс нутгийн бусад нийлүүлэгчид хэрэглэгчдийн ашиг сонирхолтой зөрчилдөж байгаа ч огт шинэ зүйл бас биш аж. Өнгөрсөн зууны 20-30-д онуудад Венесуэл, ОХУ-ын дараа орох томоохон нийлүүлэгч байсан АНУ нь Японыг газрын тосоор бүрэн хангадаг байгаад нийлүүлэлтээ зогсоосноос эдгээр улсын харилцаа эрс муудаж, Япон АНУ-ын Перл Харбор боомтод халдаж дайн эхэлж байжээ.
Д.Трамп 2017 оны 6 дугаар сард “Америкийн эрчим хүчний давамгайллын” (American energy dominance)[2] бодлогыг боловсруулж мөрдөхөө, харин 2018 оны 12 дугаар сард газрын тосны 75 жил үргэлжилсэн хараат байдлаас АНУ гарч импортлогч бус цэвэр экспортлогч улс болсныг зарласан байдаг.
Занарыг газар дор боловсруулан байгалийн хий, тос гаргаж авах технологийг нэвтрүүлснээр 2018 оны 5 дугаар сард АНУ-ын шингэрүүлсэн хийн (LNG) экспорт дөрөв дахин нэмэгдэж, жилийн эцэст 5 тэрбум ам.долларт хүрсэн бол 2019 онд 12 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж. АНУ 2005 онд өдөрт 12 сая баррель газрын тос импортолж байсан бол 2018 онд уг хэмжээ 3 сая баррель болон буурч, дийлэнх хэрэгцээгээ дотоодоосоо хангаад зогсохгүй 211 мянган баррель түүхий тос болон нефтийн бүтээгдэхүүнийг экспортлох болжээ. Газрын тос, байгалийн хийн үнэ өндөр үед ийм экспорт нь илүү ашигтай. Гэвч өндөр үнэ зах зээл, эрэлт нийлүүлэлтээс гэхээсээ улс төр, геополитикийн хүчин зүйлээс илүүтэй хамаарч, гол нийлүүлэгч нь буурай улсууд байж ирсэн бол энэ удаад “хүчтэй умард” АНУ өмнө нь тогтсон дүр төрхийг өөрчилж байна.
Худалдааны дайны “нэгдүгээр фронт”
ӨНӨӨДӨР хамгийн том нийлүүлэгч, хамгийн том хэрэглэгч болох АНУ, БНХАУ-ын хоёрын дунд худалдааны дайн өрнөж байна. Худалдааны дайны гол сэдэвт америкийн шингэрүүлсэн хий, газрын тосны үнэ тарифын асуудал ч мөн орж буй.
Хятад нь эрчим хүчний эх үүсвэрээ Орос, Дундад Ази, Ойрх Дорнод, Африкаас хангаж байгаа бөгөөд АНУ-аас аль болох хямд авахыг зорьж буй. Худалдааны хэлэлцээ тасалдан харилцан татвар нэмэх арга хэмжээ авах үед хятадын талаас америкийн шингэрүүлсэн хийн импортод 25 хувийн татвар ногдуулна хэмээн мэдэгдэж байсан. Газрын тос, байгалийн хийн үнэ худалдааны дайн эхэлсэн 2018 оны эхнээс эрс унасан бол хэлэлцээ эхэлсний дараагаас аажмаар өссөн ч энэ оны 5 дугаар сард хэлэлцээ дахин тасалдмагц хүчтэй хэлбэлзэж эхлэв. Баррель нь $70.49 хүрсэн Brent маркийн тос 12 центээр буураад буй.
Ийнхүү худалдааны дайны гол талбар “нэгдүгээр фронт” дээр газрын тос, байгалийн хийн асуудал чухал хүчин зүйл болж байна. Газрын тос, байгалийн хийн нийлүүлэгчдийн хооронд өрсөлдөөн ширүүсч хурцадмал байдалд ч хүргэхээр байна.
Венесуэл, Иран болон Ойрх Дорнодын экспортлогч орнууд эдийн засгийн хориг арга хэмжээ, улс төрийн тогтворгүй байдалд орох эрсдэлтэй тулгарч байна. Нөхцөл байдал хурцдаж, зэвсэгт мөргөлдөөнд ч хүргэж болзошгүй аюултай тулгараад байна[3]. Нэг хэсэг нь Ираныг Персийн булангийн гол эрсдэл хэмээж, харин Иран нь өөрийн эрх ашгаа шийдэмгий хамгаална гэж мэдэгдэж байна. Саудын Арабын газрын тосны байгууламжид дроноор халдсан гэх явдалд Ираныг буруутгаж эхлэв. АНУ Персийн буланд тэнгисийн цэргийн хөлөг онгоцуудаа нэмж байршуулсан. Ойрх Дорнодод 120 мянган цэрэг илгээнэ гэсэн New York Times-ийн мэдээг Д.Трамп “худал мэдээ” (fake news) хэмээн үгүйсгэх авч бодит нөхцөл байдал нь ийм мэдээ ортой байх сэтгэгдлийг төрүүлэхээр байгааг илтгэж буй гэлтэй. Хойд Африк, Суэцийн суваг, Зүүн өмнөд Ази, Малаккийн хоолой, Хятадын Өмнөд тэнгист хурцадмал байдал үүсвэл Европ, Зүүн Азийн том хэрэглэгчдэд хүнд тусахаар байна. Ираны газрын тосны хамгийн том хэрэглэгч Хятад болоод Европын холбооны улсуудад цаашид Атлантын далай, Номхон далайн хойд хэсгээр тээвэрлэн АНУ-аас импортлох нь үнийн хувьд ч аюулгүй байдлын хувьд ч давуу талтай байх тул нийлүүлэлт, тээвэрлэлтийн ийм шинэ тогтоц бий болохоор байна. ХБНГУ-ын хойд хэсэгт шингэрүүлсэн хий, газрын тосны импортын томоохон терминалууд баригдах бол Япон улс АНУ-ын Номхон Далайн эрэг дагуух боомтуудад шинэ терминал, хийн тээврийн танкерууд барихад хөрөнгө оруулах сонирхолтой байна.
Худалдааны дайны “хоёрдугаар фронт”
ДЭЛХИЙ нийтээр дотоодын зах зээлээ хамгаалах үүднээс импортын өндөр татвар ногдуулах, хориг арга хэмжээ авах зэрэг өргөн хүрээтэй худалдааны дайн явагдан протекционизмын давлагаа тархаж байна. Худалдааны дайны нэгдүгээр фронт нь АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй бол хоёр дугаар фронт нь Европ тивд явагдаж байна.
АНУ Европын холбоонд их хэмжээний шингэрүүлсэн хий, тос импортлох санал тавьж цаашид тус зах зэлийн хамгийн том нийлүүлэгч болох зорилт тавьж байгаа[4]. Европын холбооны улс орнуудын АНУ-аас импортолсон шингэрүүлсэн хийн хэмжээ 2016 оноос хойш 270 хувиар өсөн 2019 оны гуравдугаар сард 1.4 тэрбум шоо метр хүрсэн. Европын холбооны Уур амьсгал, эрчим хүчний комиссар Мигэль Ариас Каньете “Цаашид ч энэ хэмжээг нэмэгдүүлэх болно, эрчим хүчний аюулгүй байдлын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаа” хэмээн АНУ-ийн Эрчим хүчний сайд Рик Перритэй 5 дугаар сарын 2-нд Брюссельд уулзахдаа хэлсэн. Энэ хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-аас хараат байдлыг бууруулах, Америкаас ирж буй шингэрүүлсэн хийг импортлох боомтуудад терминал барих, тэдгээрт хүрэх хийн хоолойг татах дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх юм[5]. Ийнхүү Европын холбооны газрын тос, байгалийн хийн томоохон зах зээлд шинэ том нийлүүлэгч-тоглогч гарч ирснээр өрсөлдөөн ширүүсэх хандлагатай байна. Эдийн засгийн хувьд одоогоор АНУ-аас тээвэрлэсэн хий нь ОХУ-аас хийн хоолойгоор, Катар, Иран зэрэг Ойрх дорнодын орнуудаас далайн тээврээр нийлүүлж буй үнээс 25-30 хувиар үнэтэй байгаа. АНУ-ын хий нутагтаа хямд байгаа ч шингэрүүлэх болон тээвэрлэх зардал нь өсөж байгаа тул цаашид бууруулах, хөнгөлөлт үзүүлэх талаар АНУ засгийн газраас анхаарч буй. Европын холбооны улсуудын хувьд хийн хоолойгоор нийлүүлэгдэж байгаа хямд хийг хэрэглэх сонирхолтой хэвээр байгаа тул Орос-Герман-Францын хамтарсан “Умард урсгал-2”, Өмнөд болон Зүүн Европт нийлүүлэх “Өмнөд урсгал” (“Түрэг урсгал”)-ын төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаа.
Дээрх өрсөлдөөн нь улс төрийн зөрчил, сөрөг үр дагавруудаар илэрч байна. “Умард урсгал-2” төсөл зогсох, Украинд тогтворгүй байдлаас тус улсаар дамжуулах байгалийн хийн нийлүүлэлт саатах, Хар тэнгис дэх цэрэг, улс төрийн хурцадмал байдлаас “Өмнөд урсгал” зогсох эрсдэл нүүрлэхээр байна. АНУ-ын зүгээс “Умард урсгал-2”-д хамрагдаж буй компаниудыг худалдааны хориг арга хэмжээнд хамруулах[6], Европын улсуудад үйлдвэрлэсэн автомашинд тавих импортын татварыг 2.5 хувиас 25 хувь болгохоо мэдэгдээд буй[7].
Өрсөлдөөний цаашдын төлөв
ЕВРОП дахь газрын тос, байгалийн хийн өрсөлдөөний улс төрийн үр дагаврын нэг тод жишээ нь Украин улс. Украин нь Европ, ОХУ, Ойрх Дорнод, Кавказ, Дундад Азийн тэг дунд оршиж, байгалийн хий, газрын тос, төмөр зам, усан тээврийн зангилаа улс. Ашигт малтмал түүний дотор нүүрс, метан хий, төмөрлөг занарын үлэмж нөөцтэй геополитикийн чухал байршилтай. Тус улсад иргэний дайн гарахад нөлөөлсөн улс төр, эдийн засгийн олон шалтгааны дотор түлхэц болсон нэг хүчин зүйл нь Украиныг байгалийн хийн Европын төв (hub) болгох эрмэлзэл байв. Тус улс байгалийн хийгүй боловч нүүрсний давхаргын метан хий, занарын ихээхэн нөөцтэй. Түүний ихээхэн хэсэг нь Донбассын нүүрсний ай савд, Донецк, Луганск мужид оршдог. 2010 оноос занарыг боловсруулж, их хэмжээний занарын хий үйлдвэрлэх, улмаар тус хийг одоо байгаа хоолойгоор Европт гаргах, шингэрүүлсэн хий болгож Одесс, Мариупольд тусгай терминал барьж далайн тээврээр экспортлох[8] асуудлууд яригдсан нь гадаад, дотоодын олон эрх ашгийг хөндсөн гэж үздэг. Хэдийгээр Украины 2019 оны ерөнхийлөгчийн сонгууль жагсаал цуглаангүй, өнгөгүй, аниргүй явагдсан ч тухайн улсад үүссэн нөхцөл байдал нэг хэсэгтээ шийдэгдэхгүй хэвээр байхаар байна. Үүссэн сөргөлдөөн, иргэний дайны цаад шалтгаан эх үүсвэр нь хэвээр байгаа тул үр дагавар нь хадгалагдаж Европ тивд газрын тос, байгалийн хийн өрсөлдөөн ширүүсэх хандлага бүхий дэвсгэр дээр нөхцөл байдал улам тогтворгүй болох ч магадлалтай.
Ийнхүү газрын тос, байгалийн хийн геостратегийн тогтоц өөрчлөгдөн улс төр, эдийн засгийн өрсөлдөөний шинэ нөхцөл байдал геостратегийн шинэ тогтцыг бий болгож, энэхүү үйл явц нь тогтворгүй байдал, сөргөлдөөнийг цаашид хурцатгах эрсдэл байсаар байна.
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
Худалдааны дайн ба Д.Трампын жиргээДараах нийтлэл
Сансрын орон зайн төлөөх өрсөлдөөнСүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02