БНХАУ, АНУ-ын хооронд эхэлж буй сансар дахь өрсөлдөөн нь “Хүйтэн дайн”-ы үеийн өрсөлдөөнөөс ялгаатай байна. Н.Хрущев болон түүнийг залгамжлагчид, “ЗХУ сансрын уудмыг эзэмшиж байгаа нь коммунизм бол капитализмаас давуу гэдгийг харуулж байна” гэж тунхагласан бол Хятадын удирдагчид хятадын онцлогтой социализмыг дурдалгүйгээр: “сансрын хөтөлбөр нь БНХАУ-ын үндэсний соёлын хүчийг харуулж байна” гэж мэдэгдэх болов. Хятадын сансрын хөтөлбөр нь НАСА-гийн хөтөлбөртэй нэгэн адилаар арилжааны чиглэлтэй учраас сансарт өрнөсөн шинэ өрсөлдөөн нь эдийн засгийн хэмжүүрээр тодорхойлогдох болов. ЗХУ-ын хувьд, сансрын хөтөлбөрөөсөө эдийн засгийн ямар ч ашиг олоогүй бол харин Америкийн НАСА хувийн хэвшлийнхний оролцоог хөхиүлэн дэмжиж, сансрын судалгааны ололт амжилтуудаа ашиг олоход чиглүүлсээр иржээ. Гэвч сансрын болзошгүй дайнд өөрийн хиймэл дагуулыг аюулгүй байдлыг хангах, бусдын хиймэл дагуулыг жагсаалаас гаргах чиглэлд сансрын гүрнүүд идэвхтэй ажиллаж байна.
Оросын сансар судлалын бууралт
ХАГАС зуун жил олон удаа сайжруулсан С.Королевын пуужинг унасан ОХУ нь сансрын замд илүү хөгжингүй Америкийн “Фэлкон” (Falcon Heavy), Хятадын “Чанчэн” Японы “Эйч тү би” (HIIB) –д зайгаа тавьж өгч байна. Араас нь Энэтхэгийн GSLV Mark-III пуужин тээвэрлэгч шинээр гарч ирсэн. Өнгөрсөн оны байдлаар пуужин хөөргөсөн тоогоороо Орос тэргүүлж чадаагүй байна. Хамгийн түрүүнд 38 хөөргөлтөөр Хятад улс тэргүүлж, АНУ 31 хөөргөлтөөр хоёрдугаарт орж, удаах байранд оросууд 30 пуужин хөөргөх төлөвлөгөөтэй байсан ч 17 хөөргөлтөөр оржээ. (Байконур, Восточный, Плесецк). Үүнийг “Протон”, “Союз”-д дараалан осол гарсантай холбож байв. Оросуудын хувьд 2018 онд осол, гэмтлийн тоо өссөн ба 35 жилийн дотор анх удаа 10 дугаар сарын 11-нд хөөргөсөн “Союз-ФГ” пуужингийн хөөргөлт амжилтгүй болсон ч 1983 оны 9 дүгээр сард амжилттай туршигдаж байсан ослоос хамгаалах систем найдвартай ажилласнаар сансрын нисэгчид осолдоогүй байна. Иймээс оросын шинжээчид Се.Королёвын удирдлага дор амжилттай эхэлсэн сансрын замнал хагас зуун жилийн дараа манлайллаа алдаж байна гэж үзжээ. Энэ хүнд салбарт аваар осол гарах эрсдэл өндөр ч Оросын хувьд бусад орнуудаас хоёр дахин их байна. Тухайлбал, 2010 оноос эхлээд 211 хөөргөлтөөс, “Тэнгисийн хөөргөлтийг” тооцон 12 удаагийнх амжилтгүй болж алдагдал хэдэн тэрбум рублиэр тоологдож байв. Гэтэл АНУ-д 116 пуужин хөөргөхөд гурван хөөргөлт амжилтгүй болсон.
Энэ бүх ослыг сүүлийн арван жил жирийн ажилтнуудын мэргэшил доогуур байгаатай холбон үзжээ. Зааварчилгааг хэн нэгэн мөрдөөгүйгээс ДМ-3 шингэн хүчилтөрөгчөөр буруу цэнэглэн “ГЛОНАСС-М” төрлийн гурван хиймэл дагуул агаар мандалд шатсан. Өөр нэгэн мастер ажилдаа хариуцлагагүй хандан “Протон-М” пуужингийн хурдны зургаан мэдрэгчийн гурвыг буруу суурилуулснаас болж эгц дээшээ хөөрөх ёстой байсан пуужин агаарт эргэлдэн хошуугаараа газар шааж унасан зэргээр жагсаалтыг үргэлжлүүлж болно. Үүнд нэг асуудал анхаарал татаж байгаа нь буруутан нь дандаа жирийн ажилчин, инженер, программистууд байна. Уг нь тэдний ажлыг боловсролтой удирдлагууд хянаж байх ёстой ч хамгийн хурдан шулуун хариулт бол цалингийн цэс болжээ. Цалингийн төсвөө хэмнэхийн тулд өндөр мэргэжлийн ажилчин, инженер, програмист авахаас аль болох татгалзаж байжээ.
Шинэ өрсөлдөгч нар
2003 ОНД “Шэнжоу-10” сансрын хөлгийг хөөргөх ёслолын ажиллагааны үеэр Ши Жинпинь: “Сансрын нисгэгчид нь хятад үндэстний сансрын мөрөөдлийг биелүүлж, хятадын ард түмний эрхэм зорилго тэмүүллийг илэрхийлж байна” гэж хэлжээ.Хятад улсын хувьд сансрын өрсөлдөөнд нэлээд хожуу татагдан орсон бөгөөд 1970 онд л анхны хиймэл дагуулаа хөөргөсөн нь зөвлөлтийн хиймэл дагуул тойрог замд орсноос хойш 13 жилийн дараа, анхны сансрын нисгэгч 2003 онд сансарт ниссэн нь Ю.Гагаринаас даруй 42 жилийн дараа болсон үйл явдал юм. Түүнээс гадна, Хятад улс сансрын судалгаанд зарцуулж буй хөрөнгөө аль болохоор хэмнэхийг хичээдэг нь АНУ-тай харьцуулахад тав дахин бага мөнгө зарцуулдгаар тодорхойлогдоно. Гэхдээ тус улс сансрын хоёрдахь том гүрэн болж чадсан байна. Ийм учраас сансрын хоёрдахь өрсөлдөөн эхэлсэн тухай мэргэжилтнүүд сүүлийн үед байнга ярих болов. Тухайлбал, “Чанъэ-4” сансрын аппарат сарны нөгөө талд бууснаар Хятад улс АНУ-ын давамгайллын эсрэг маш хүчтэйгээр сөрөн зогсож чадна гэдгээ харууллаа. Хятадууд сарнаас 64 мянган км-ийн зайд дахин дамжуулах хиймэл дагуулыг тойрог замд оруулсан нь ийм амжилтад хүрэх боломжийг нээжээ. Уг хиймэл дагуул дэлхийгээс ирж буй дохиог дээрх төхөөрөмжид дамжуулснаар сарны нөгөө талаас холбоо барих асуудлыг шийдсэн байна. Сансрын уудам дахь Хятад-Америкийн өрсөлдөөний цэрэг, стратегийн чиглэл нь хиймэл дагуулын холбооны системээ хамгаалах болон өрсөлдөгч талын систем рүү довтлоход төвлөрч байна. Өмнө нь тив алгасагч баллистик пуужингуудаас хамгаалах, тэдгээрийг устгах явдал гол зорилт болж байсан. Гэхдээ нөхцөл байдал маш түргэн өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй. Цэргийн талаас нь харвал, өөрсдийн хиймэл дагуулын системүүдээ хамгаалах, бие биенийхээ системүүдэд халдах гэсэн санаа зорилго АНУ, Хятад, Орос гуравт гурвууланд нь байна. 2018 оны сүүлчээр бие даасан Америкийн сансрын командлал үүнийг гол зорилт хэмээн үзсэн.
Сансрын орон зайн өрсөлдөөнд шинээр орж ирсэн Энэтхэгийн сансрын судалгааны байгууллага нь 1947 оноос хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Сүүлийн мэдээллээр өнгөрсөн 5-р сарын 22-нд ISRO 615 кг жинтэй “RISAT-2B” хиймэл дагуулыг Бенгалын булангийн Шрихарикота арлаас “PSLV-C46” зөөгч пуужингаар хөөргөж, тойрог замд амжилттай оруулсан. Хамгийн орчин үеийн радараар тоноглосон энэ хиймэл дагуулаар цаг агаарын ямар ч нөхцөлд өдөр шөнөгүй ажиглалт хийж болох бөгөөд Энэтхэгийн зэвсэгт хүчнийг мэдээллээр хангах үндсэн үүрэгтэй аж. Ийнхүү Энэтхэгийн сансрын судалгааны байгууллага (ISRO) нь ойрын хугацаанд 31 удаа сансрын хөлөг хөөргөхөөр төлөвлөхдөө 16 сарын дотор сард хоёр удаа сансрын хөлөг хөөргөхөөр тооцжээ. Энэ талаар “Бид маш шахуу төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Ирэх таван сарын хугацаанд есөн удаа, 2019 оны 2-12 дугаар сард 22 удаа хөөргөлт хийхээр тооцсон” гэж ISRO-гийн захирал Кайласавадиву Сиван ярьжээ. Мөн Энэтхэг улс 36 сарын хугацаанд 50 орчим хиймэл дагуулыг тойрог замд оруулахаар шийдсэн нь энэ салбарын хүчтэй өрсөлдөгч болсныг илтгэв.
Хиймэл дагуул устгах систем
СҮҮЛИЙН хэдэн арван жилийн турш дэлхийн өнцөг булан бүр дээр байрлаж байгаа сансрын буудлаас ар араасаа тойрог зам руу хиймэл дагуул устгагч сөнөөгч болон туршуул хиймэл дагуулууд хөөрч, дэлхийн гадаргуу дээр сансрын аппаратыг устгах төхөөрөмжүүд бүтээгдсээр байна. Нэг пуужингаар эсвэл нэг лазерын туяагаар хиймэл дагуулыг устгаж, өрсөлдөгчийнхөө тагнан турших, холбоо барих, удирдах чиглүүлэх үйлдлийг алдагдуулах нь сансрын гүрнүүдийн сонирхлыг төрүүлж эхэлсэн ба өнөөдрийн хувьд техникийн хувьд хөгжөөгүй тоглогч л дайсныхаа тойрог замын аппаратыг устгахыг хүсэхгүй биз ээ. Дээрээс нь ийм түрэмгий үйлдлээс одоохондоо хэн ч түүний дотор АНУ ч бүрэн хамгаалагдаагүй байна. Үүний илрэл бол “Сансрын Перл Харбор өдрөөс өдөрт аюул заналхийлж байна. Энэ дайн бол олон жилээр үргэлжлэхгүй, бараг эхэлсэн өдрөө дуусна. Бид хиймэл дагуулгүйгээр дахин бүлэглэж хариу няцаалт өгөхөд хэцүү болно. Тэр байтугай хэн бидэн руу дайрсныг ч мэдэж чадахгүй. Бид зүгээр л дүлий, хэлгүй, сохор дорой болно” гэж АНУ-ын конгрессмен Жимми Купер 2019 тавьсан “Сансрын аюул заналхийллийн үнэлэлт” илтгэлдээ дурджээ.
АНУ хиймэл дагуул устгах зэвсэглэлийн өрсөлдөөнийг эхлүүлж 1958, 1959 оны хооронд нэгдүгээр зэргийн зэвсэглэлийн 12 тооны туршилт хийсэн байдаг. АНУ өөрийнх нь хиймэл дагуулыг яах зорилгыг мэдсэн Москва шууд адил систем бүтээхээр болж, гараанаас хоцорч гарсан боловч барианд түрүүлж орсон. Хиймэл дагуул сөнөөгч систем нь сансрын аппарат байлдааны удирдлагатай сансрын аппаратыг ч дотроо агуулдаг ба 1963-1964 онуудад амжилттай туршигдаж 1978 онд зэвсэглэлд оржээ. Дөнгөж 4 жилийн дараа АНУ үүнийг мэдсэн бөгөөд ASM135, ASAT хиймэл дагуулыг устгагч пуужинг яаран сандран бүтээж, 1985 онд амжилттай туршсан байна. Манай зуунд хиймэл дагуулын эсрэг зэвсэглэлийн өрсөлдөөнд Хятад шинээр орж 2007 оны 1 сард өөрийнхөө хиймэл дагуулыг унагасныг АНУ, “Бээжин лазерын зэвсэг хэрэглэж байна” гэж нотолж байв. Ийнхүү Хятад улс Орос, АНУ хоёрын нэгэн адилаар пуужин ашиглан тойрог замд байгаа хиймэл дагуулуудаа устгаж чадна гэдгээ харуулсан нь олны эгдүүцлийг төрүүлсэн. Мөн энэ оны 3 дугаар сарын 27-нд жинхэнэ хиймэл дагуул дээрх туршилтыг Энэтхэг хийсэн байна. Үүнээс харахад сансрын зэвсэглэлийн өрсөлдөөн аль хэдийн эхэлсэн ба цаашид ямар үр дүнд хүргэх нь хамгийн зоримог мэргэжилтний ч таамаглаж чадахгүй асуудал болжээ.
САНСАРЫН орон зайг эзэмшихийн төлөө өрсөлдөөнд Америк, Орос дээр нэмэгдэн Хятад, Энэтхэг хүч түрэн орж ирэв. Хятад энэ салбарт Америкийн хүчтэй өрсөлдөгч болохоо батлан харуулсан. Хятадын сансрын хөтөлбөр нь НАСА-гийн хөтөлбөртэй нэгэн адилаар арилжааны чиглэлтэй учраас сансарт өрнөсөн шинэ өрсөлдөөн нь эдийн засгийн хэмжүүрээр тодорхойлогдох болов. Одоогоор энэхүү өрсөлдөөний цэрэг, стратегийн чиглэл нь хиймэл дагуулын холбооны системээ хамгаалах болон дайсны систем рүү довтлоход төвлөрсөн. Эндээс ямар үр дагавар гарах эсэхэд олон улсын шинжээчид байр сууриа тодорхой илэрхийлээгүй байна.
Ангилал: Долоо хоногийн тойм
Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23