Балт орчмын орнууд болон бүс нутаг дахь Оросын тусгай албадын зарим үйл ажиллагаанаас

2018-06-29

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/07/1200x674.jpg

Балтын орнуудын тусгай албаны үүсэл

ЗХУ задарснаас хойш тусгаар улсаа зарласан Балт орчмын орнууд хуучин КГБ-ийн загвартай байсан аюулаас хамгаалах байгууллагуудаа татан буулгаж, улмаар 90-ээд оны эхээр Европын орнууд болон АНУ-ын тусгай албадын жишгээр шинээр зохион байгуулсан түүхтэй. Эдгээр тусгай албыг шинээр бүрэлдэн тогтооход дараах хүчин зүйлс нөлөөлсөн гэж үздэг. Үүнд:

  1. Тусгаар сэргээн тогтнолоо зарласан Латви, Литва, Эстони улс үндэсний бодлогын шинэ хөтөлбөрийг боловсруулахдаа боловсон хүчнийг зөвхөн уугуул угсаатан байна гэж тусгажээ. Жишээ нь, Эстонийн Аюулгүй байдлын цагдаад (КАПО) ДХЯ-ны ажилтнуудаас болон Тарту их сургуулийг төгсөгчдөөс сонгон авсан.
  2. Тусгаар тогтнолоо зарласан Балтын орнууд 90-ээд оны эхээр аюулаас хамгаалах системээ үндсээр нь шинэчилсэн. Иймээс Литвийн тусгай албанд тухайн үедээ ёс суртахууны доголдолтой гэж байсан иргэдийг сонгон авсан нь өнөөдөр тэд улс орны гадаад бодлогыг тодорхойлогчид болоод байна.

Оросын шинжээчид Балт орчмын орнуудын тагнуулын арга үйл ажиллагааны талаар төдийлөн сайн үнэлгээ өгдөггүй

Нөгөө талаар Балтын орнуудын тусгай албадыг шинээр зохион байгуулахад АНУ-ын ТТГ (CIА), Шведийн цэргийн тагнуул болон Английн MI6 (Military Intelligence) тусгай албад ихээхэн нөлөөлсөн гэдэг. Тухайлбал, англи гаралтай бригадын – генерал Я.Кажоциньш 2003 онд Латвид ирж, иргэнийхээ харьяаллыг солиод тус орны Үндсэн хуулийг хамгаалах товчоог (SAB) удирдаж байснаас тодорхой харагдаж байна. Ер нь Балтын орнууд аливаа салбараа шинэчлэхдээ өрнөдийн болон, АНУ-ын загварыг буулгасан гэдэг. Балтын тусгай албад тагнуулчдаа АНУ-ын CIA–ийн төв байранд (Лэнгли) бэлтгэн дадлага хийлгэдэг аж.

Тусгай албадын арга барил

БАЛТЫН орнуудын тусгай албадын өмнө тавигдсан үндсэн зорилт нь нэгд,  “зүүн хөрш”-ийг тагнах,  хоёрт, унаган орос хэлтэй иргэдийг элсүүлэх, гуравт, Оросын нутаг дэвсгэрт тагнуулын мэдээ цуглуулах, эдийн засаг болон цэрэг-аж үйлдвэрийн комплексын өнөөгийн байдлыг тандахад тус тус чиглэнэ.

Эстонийн КАПО-д боловсон хүчнийг шилж сонгохдоо дээрх зарчмыг баримталдагийн сацуу тухайн кандитатурын үзэл бодлыг нь харгалзан үзэж сонголт хийдэг, өнөөдрийн байдлаар Балтын орнуудын тусгай албадын ажилтнуудын мэргэжлийн түвшин нэлээд өндөрт хүрэн Орост тагнуул – агентурын идэвхтэй арга хэмжээ явуулах болсон хэмээн цэргийн шинжээч Игорь Коротченко бичсэн байдаг.

Эстонийн тусгай алба (КАПО) ОХУ-ын иргэдийг түлхүү элсүүлэхийг зорьдог. Мөн Латвийн Үндсэн хуулийг хамгаалах товчооны (SAB) оросын чиглэлийн хэлтэс нь тагнуул болон сөрөх тагнуулын үүргийг ч давхар гүйцэтгэдэг.

Балт орчмын орнууд ОХУ-ын эсрэг ажиллах бааз-түшиц газар нь болсон домог биш үнэн бодит байдал

Үүнээс гадна Эстонийн ДХЯ-ны дэргэдэх Аюулгүй байдлын цагдаа, цэргийн тагнуулын газар нь тагнуулын үйл ажиллагаа явуулах үндсэн нэгжүүд юм. Мөн Ерөнхий сайдын дэргэдэх Мэдээлэл дүн шинжилгээний алба нь тагнуулын шугамаар авагдсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх зорилготой, харин гүйцэтгэх ажил эрхэлдэггүй аж. Үндсэн хуулийг хамгаалах товчоо нь тагнуулын үндсэн үүргийг биелүүлэхээс гадна НАТО, Европын Холбооны нууцыг хамгаалах зорилготой. Товчоо нь америк, английн тусгай албадын хяналтан доор ажилладаг гэж судлаачид үздэг.

Харин оросын шинжээчид тэдний тагнуулын арга үйл ажиллагааны талаар төдийлөн сайн үнэлгээ өгдөггүй юм. Энэ гурван  орны дотроос Эстонийн сөрөх тагнуулын алба “КАПО” оросын эсрэг нэлээд чадварлаг ажилладаг ажээ. Жишээлбэл, КАПО-ийн туршуул оросын иргэн нь ХАБА-ны  Псковск муж дахь газрын ажилтнуудын орох гарах хөдөлгөөнийг тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон авто машинаас хянаж байснаас  илт харагдана. Тэд автомашинд  видео бичлэгийн төхөөрөмжийг суурилуулж улмаар тус байгууллагад нэвтэрч байгаа албан хаагчдын зургийг авч мэдээллийн баазаа баяжуулсан. Мөн КАПО нь Шведийн тусгай албатай хамтран Санкт-Петербург хотын батлан хамгаалах аж үйлдвэрийн нууц тээгч ажилтнуудыг элсүүлэх оролдлого хийж байсан. Ялангуяа, тэд тэнгисийн цэргийн зэвсэглэлийн системийн талаарх мэдээллийг сонирхож байсан ажээ.

Тусгай албадын зорилт

БАЛТ орчмын орнууд НАТО-ийн эвслийн гишүүн, өргөн зах зээлтэйгээс (эдийн засгийн хямралын дараа бүс нутаг дахь зах зээл хумигдаж, газар нутаг нь иргэдийн шилжилт хөдөлгөөний улмаас хоосон орон зай бий болж, цэрэг-тагнуулын түшиц газар болох нь домог биш  үнэн бодит байдал болон хувирав) гадна ОХУ-ын эсрэг ажиллах  бааз-түшиц газар нь болсон билээ. Тэд газар нутгаа гадны халдлага, аюул заналаас хамгаалахыг өнөөдрийг хүртэл хичээж ирсэн ба өрнөдөд “таалагдах”-ыг оролддог. Литвийн ерөнхийлөгч Даля Грибаускайте энэ сарын 21-нд германы “Spiegel” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “оросуудын дайралтад бэлтгэх хэрэгтэй” гэв. Литвийн ерөнхийлөгчийн албан үүргээ гүйцэтгэх хугацаа нь ирэх онд дуусгавар болох тул тэрбээр ийнхүү хойч үедээ улс төрийн гэрээслэл үлдээжээ. Литвийн гадаад бодлогын гол зорилго нь Европын орнуудын анхаарлын төвд ямагт байж санхүүгийн дэмжлэг авахад оршдог юм.

ОХУ-д бизнес эрхлэх нь гадаадын иргэд тусгай албадын хараанд өртөх эрсдэл дагуулж, эх орноосоо урвах, эсвэл бизнесээ хумихад хүргэдэг

Лавлагаа: Литвийн газар нутгийн байршил нь Европын хамгийн алслагдсан “улс төрийн муж”-д байрладаг. Гэхдээ Литва нь улс төрийн өрнөлтийн гол цэг юм. Өнөөдөр тус орныг “хөгшчүүд, хүүхдийн улс” гэж нэрлэх болсон нь дунд насныхан болон залуучууд нь боломж гарвал Европын орон ялангуяа Их Британи, Ирланд руу цагаачилж байгаатай холбоотой. Балтын орнууд Москвагийн “цэргийн төлөвлөгөө”, “оросын” гэх аюул заналаар барууны орнуудыг байнга “сүрдүүлдэг” нь байгалийн баялаггүй жижиг улс тул өрнөдийнхнийг түшихээс өөр аргагүй байдагтай холбоотой. Литвийн ерөнхийлөгчийн дээрх мэдэгдлийн цаана “Цагаан ордон” байгаа, Литвийн тусгай албадын арга ажиллагаа нь нэлээд “бохир” арга барилтай гэж оросын ажиглагчид үздэг.

Эстонийн гадаад тагнуулын газрын 2018 онд гаргасан тайлан илтгэлд бүс нутагт оросын тусгай албадын явуулж буй зарим ажиллагааны талаар дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд:

“Оросын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ), Гадаад тагнуулын алба (СВР), Цэргийн тагнуулын ерөнхий газар (ГРУ) нь тагнуулын мэдээ олох зорилгоор гадаадын иргэд, байгууллагуудын эсрэг тагнуулын идэвхтэй ажиллагааг явуулсан хэвээр байна. Эдгээр албаны гол зорилго нь янз бүрийн шугамаар ОХУ-д түр болон удаан хугацаагаар зорчигч гадаад иргэдийн дундаас өөрсдийн сонирхож буй улс төр, эдийн засаг, цэргийн холбогдолтой мэдээлэл тээгч эсвэл ийм төрлийн мэдээлэлд ойрхон эх сурвалжийг олж холбоо тогтоон судалж цаашилбал элсүүлэх оролдлогыг уламжлалт арга барилаар явуулж байна. (Оросууд эхний үед харилцаа тогтоохдоо халхавчийн хаягийг ашигладаг) Оросын тусгай албад  мэдээлэл олох зорилгоор өөрийн нутаг дэвсгэр дээр зохиогдож буй улс төр, эдийн засгийн чуулга уулзалт, эрдэм шинжилгээний бага хурал, симпозиум, соёл спорт, залуучуудын наадам зэргийг өргөн ашигладаг. Эдгээр арга хэмжээнд гадаадын иргэд оролцохдоо голдуу гэр бүлгүй, албан бус байдлаар оролцдог, биеэ чөлөөтэй авч явдаг зэрэг нь оросуудад харилцаа холбоо тогтооход  дөхөмтэй болдог. Тэд энэхүү боломжийг ашиглан гадаад иргэдийн хувийн компьютер, гар утас, цүнх, тэмдэглэлийн дэвтэр зэрэг эд зүйлд нь “халддаг” байна.

Үүнээс гадна Эстонийн Гадаад тагнуулын газраас  гаргасан тайланд ОХУ-д зорчиж буй иргэддээ зориулан дараах зөвлөмжийг өгсөн байна. Үүнд:

  1. ОХУ-д байх хугацаа нь эрсдэл дагуулдгийг байнга санаж байх. Ялангуяа улс төр, олон нийт, бизнес-элитүүдэд эргэн тойронд нь болж буй үйл явдалд ихээхэн анхааралтай хандаж байхыг зөвлөв.
  2. Тусгай албадын ажилтнууд тухайн иргэнд ойртсон гэсэн сэжиг болгоомжлол төрвөл шууд Аюулгүй байдлын цагдаад хандаж байх.
  3. ОХУ-д бизнес эрхлэх нь гадаадын иргэд тусгай албадын хараанд өртөх эрсдэл дагуулдаг тул эх орноосоо урвах эсвэл бизнесээ хумихад хүргэдэг.

Өрнөдийнхэн сүүлийн үед өөрсдийгөө тогтворгүй шинэ ертөнцөд амьдарч байгаа,  оросууд тэдэнд шууд заналхийлж байна гэсэн үзэл санааг төрүүлсээр байна. Иймээс Оросын тагнуулын болон хамгаалалтын албад улс төрийн нууц далд ажиллагаагаа нэгэн зорилгод бүхий л боломжийг ашиглан идэвхтэй явуулж байна гэж тэд үздэг. Оросын тусгай албадын ажиллагааг Эстонийн Гадаад тагнуулын газар дараах байдлаар тодорхойлжээ:

1.Хэрцгий шинж чанартай.

2.Чөлөөтэй арга хэлбэрээр ажилладаг.

3.Санхүүгийн хувьд чадвартай.

Оросын тагнуулын албад улс төрийн нууц далд ажиллагаагаа нэгэн зорилгод бүхий л боломжийг ашиглан идэвхтэй явуулж байна

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины эргэн тойрны хамтран зүтгэгч нарын олонх нь тусгай албад болон хүчний байгууллагаас гаралтай. Оросын олон улсын болон дотоод бодлогыг тодорхойлогч үндсэн институци нь ГЯЯ, БХЯ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл юм. Эдгээр байгууллага Путин, түүний найз нөхдийн шийдвэрийг гүйцэтгэгчид гэж эстончууд үздэг. Оросын тусгай албад (хуучнаар КГБ) өнөөдөр ихээхэн нөлөөтэй хэвээр байгаа бөгөөд агентурын болон хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг хэдий боловч статус-квог хадгалахыг хүсэгч улс төрийн хүчин, бүлэглэлээс хараат. В.Путин ОХУ-ын ерөнхийлөгчөөр 2012 онд дахин сонгогдсон үеэс эхлэн хүчирхэг болсон тусгай албадыг дотоод гадаад дахь үйл ажиллагаандаа түлхүү ашиглах болсон тул Эстонийн ГТГ Оросын тусгай албадыг сайтар судалж байхыг онцолжээ.

Эстончууд Оросын тусгай албадын эерэг болон сөрөг талуудыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-тусгай албад хоорондоо өрсөлддөг

-тэднийг хянах систем сайтар бүрэлдэж чадаагүй

-тусгай албад нь Кремлийг удирддаггүй гэхдээ тэдний бүрэн хяналт доор ажилладаг.

-тусгай албадын ажиллагаа нь ойрын ба хэтийн зорилгодоо Оросын дотоод байдалд сөргөөр нөлөөлдөг зэрэг болно.

Дээрх тодорхойлолттой уялдуулан Эстонийн тагнуулын газраас Европын орнуудад хандан тагнуулын мэдээ олох ажиллагааг идэвхжүүлж, оросын хууль бус санхүүжилт, мөнгөн гүйлгээний урсгал хөдөлгөөнийг хянаж мөрдөх, хилийн чанад дахь оросын тусгай албадын “хэрцгий түрэмгий” арга ажиллагаа нь Европын орнуудад ноцтой хохирол учруулж болзошгүй тухай анхааруулга өгсөн ажээ.

Мөн Оросын тусгай албад дипломат халхавчийг өргөн ашигладгаас гадна суурин тагнуулын ажиллагааг ч явуулсан хэвээр байна. Гэхдээ хилийн чанад дахь ГТА нь  цэргийн тагнуулын албаны арга барилаас ялгаатай болно. ГТА голдуу сонгодог арга барилтай, суурин тагнуулын сүлжээг  түлхүү ашигладаг. (суурь нь хуучин КГБ-ийн үеэс залгамжлагдсан) Харин цэргийн тагнуулын “түрэмгий” эрсдэл дагуулсан ажиллагаа нь тус албаны өнгөрсөн үеийн түүхтэй салшгүй холбоотой гэж Балтын орнуудын цэргийн шинжээчид үздэг. Цэргийн тагнуул нь харьцангуй бие даасан хэлбэртэй, ерөнхийлөгчтэй шууд харьцдаг механизмыг хэвээр үлдээжээ. Сүүлийн үед цэргийн-тагнуул нь кибер, сансрын тагнуул болон тусгай томилгоот ажиллагаа зэрэг шинэ шинэ чиглэлтэй болсон юм.

Үүнээс гадна Оросын Холбооны хамгаалалтын албанд (ХХА) ерөнхийлөгчийн хамгаалалтын алба багтдаг. Энэ алба нь өндөр дээд албан тушаалтнууд болон газар нутгаа хамгаалах зорилготойгоос  гадна тагнуулын байгууллагуудыг бүхэлд нь хянах үүрэг гүйцэтгэх болов.

 

Дүгнэлт

Балтын орнуудын “жижиг” тусгай албад оросын эсрэг идэвхтэй ажиллаж байгаагаас гадна өөрсдийн газар нутгаа НАТО эвслийн түшиц газар болгохыг зорьсон хэвээр байна. Тэдний тагнуулын ажлын арга барил өнөөдөр төдийлөн тунгалаг ил болж чадаагүй нь мэргэжлийн түвшний ур чадвар сайжраагүйтэй холбон үзэж болох юм. Иймээс Балтын орнууд барууны орнуудаас цэрэг-эдийн засгийн тусламжийг үргэлжлүүлэн авах зорилгоор хилийнхээ орчимд “аюул занал” байгааг ямагт дэврээж байгаа болно. Литвийн ерөнхийлөгч Даля Грибаускайте дээр дурдсан мэдэгдлийн цаана удахгүй болохоор төлөвлөгдөж буй В.Путин, Д.Трамп нарын уулзалтыг тасалдуулах, оросын эсрэг авч байгаа америкийн хориг арга хэмжээнүүдийг улам чангатгахыг зорьжээ.


Ангилал: Долоо хоногийн тойм