Хиймэл оюун ухааны (AI) технологийн хурдтай дэвшил хүн төрөлхтөнд урьд хожид байгаагүй боломж авчрахын зэрэгцээ нарийн төвөгтэй сорилтуудыг ч бий болгосоор байна. Хиймэл оюун ухаан нь эрүүл мэнд, санхүү, тээвэр логистик, боловсрол зэрэг бүхий л салбарт нэвтэрхийн хэрээр түүний хариуцлагатай, ёс зүйтэй хөгжлийг хангах үр дүнтэй засаглалын механизм улам бүр шаардлагатай болж байна. Тухайлбал, алгоритмын гажуудал, ажлын байрны эрэлтийн өөрчлөлт, хувийн мэдээллийн нууцлалтай холбоотой асуудлаас эхлээд үндэсний аюулгүй байдалд хиймэл оюун ухааны үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг анхааралтай авч үзэх, тодорхойгүй байдлыг шийдвэрлэхийн зэрэгцээ хиймэл оюун ухааныг хүн төрөлхтний сайн сайхны тусын тулд ашиглах цорын ганц арга зам бол дэлхийн хэмжээнд зохицуулсан хиймэл оюун ухааны засаглал болоод байна.
Хиймэл оюун ухааны засаглалын хэрэгцээ, шаардлага
Ажил эрхлэлт дэх нөлөө: Хиймэл оюун ухаантай холбоотой анхны санаа зовоосон асуудал бол хиймэл оюун ухааны ажил эрхлэлт, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл байсан юм. Хиймэл оюун ухаан нь аливаа процессыг оновчлон бүтээмжийг нэмэгдүүлэх чадвартай тул хүмүүсийн хийдэг уламжлалт ажлуудыг автоматжуулж, улмаар зарим салбарт ажлын байрны эрэлт өөрчлөгдөхөд хүргэж байна. Ковид-19 цар тахлын үед томоохон технологийн компаниудын дийлэнх нь эдийн засгийн хүндхэн нөхцөлийг давах гэж ажилтнуудаа халж байсан бол одоо тэдний бизнес хиймэл оюун ухаан, автоматжуулалт руу чиглэж байгаагаас үүдэлтэй ажилтнуудаа цомхотгох болжээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л 2024 оны эхэнд Grammarly[1] хиймэл оюун ухааны хөгжлийг дэмжихийн тулд 230 гаруй ажилтнаа цомхотгож байгаагаа зарлалаа.[2] McKinsey-ийн хийсэн судалгаагаар 2030 он гэхэд автоматжуулалт болон хиймэл оюун ухааны улмаас дэлхий даяар 75 саяас 375 сая хүртэлх хүн шинэ ур чадвар эзэмшиж, мэргэжлээ солих шаардлагатай болж магадгүй ажээ.[3]
Ялгаварлан гадуурхалтын нөлөө: Түүнчлэн хиймэл оюун ухаан нь хүний хийдэг ажлыг автоматжуулахдаа өгөгдсөн өгөгдлийн багцаас суралцдаг тул хэт нэг талыг баримтлах эрсдэлтэй бөгөөд хүн төрөлхтний ялгаварлан гадуурхалтыг үргэлжлүүлж, нийгмийн тэгш бус байдлыг бэхжүүлэх боломжтой юм. Тухайлбал, хүний нөөцийн мэргэжилтний шинэ ажилтан ажилд авах үйл явцыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар автоматжуулахад тодорхой хүн ам зүйг санамсаргүйгээр ялгаварлан гадуурхах эсвэл ажил горилогчийг хүйс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах хандлагыг гаргах боломжтой гэсэн үг юм. Тиймээс энэ мэт өгөгдлийн хэт нэг талыг барьсан өрөөсгөл ойлголтыг үгүй хийхийн тулд зөвхөн өгөгдлийг сайтар нягтлахаас гадна AI системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх явцад ил тод, хариуцлагатай байдлыг хангах нь чухал болоод байна.[4]
Мэдээллийн нууцлалын асуудал: Хиймэл оюун ухаантай холбоотой өөр нэг чухал асуудал бол хүний хувийн мэдээллийн нууцлал, хамгаалалттай холбоотой байдаг. AI систем нь үр дүнтэй ажиллахын тулд үлэмж хэмжээний хувийн өгөгдөлд тулгуурладаг бөгөөд улмаар хүний хувийн мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах явцад хувь хүний мэдээллийн нууцлал алдагдах, улмаар зүй бусаар ашиглагдах гэх мэт эрсдэлийг дагуулж байдаг. Эдгээр эрсдэлийг бууруулахад хүчирхэг технологийн хамгаалалт, дижитал ур чадвараас гадна кибер аюулгүй байдлын болон хиймэл оюун ухааны зохицуулалтын тогтолцоо нөлөөлдөг.
Ёс зүйн асуудал: Шийдвэр гаргах үйл явцад, ялангуяа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүгийн эрх зүй зэрэг эмзэг салбарт хиймэл оюун ухааныг ашиглах нь ёс зүйн асуудал үүсгэх эрсдэлтэйг судлаачид онцолж байна. Учир нь хиймэл оюун ухаанд нарийн төвөгтэй шийдвэр гаргахад шаардлагатай нөхцөл байдлын ойлголт, эмпати буюу бусдын оронд өөрийгөө тавьж бодох чадвар хүнээс дутмаг байх боломжтой. Гэсэн хэдий шийдвэр гаргалт нь хүнээс хиймэл оюун ухааныг ашиглах шаардлагатай нөхцөл байдлыг таньж мэдэх, хүн-AI хоорондын үр дүнтэй харилцан үйлчлэлийг бий болгох зэрэг чадварыг шаарддаг.[5]
Олон Улсын туршлага
Эдгээр зайлшгүй хэрэгцээ шаардлагын улмаас технологийн салбарт тэргүүлэгч хэд хэдэн улс орон хиймэл оюун ухаантай холбоотой асуудлаар заавар, зөвлөмж өгөх, хяналт тавих үүрэг бүхий өндөр түвшний зөвлөх байгууллагуудыг байгуулсан байдаг. Эдгээр өндөр түвшний зөвлөх байгууллагууд бүтэц, хамрах хүрээ, бүрэн эрхийнхээ хувьд харилцан адилгүй байдаг ч хиймэл оюун ухааны удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, хариуцлагатай инновацыг төлөвшүүлэх, AI-ийн боломжит ашиг тусыг ашиглахын тулд нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, эрсдэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
Хиймэл оюун ухааны засаглалыг дэмжих өндөр түвшний зөвлөх байгууллагуудын заримаас дурдвал Европын Холбооны “Хиймэл оюун ухааны өндөр түвшний шинжээчдийн бүлгэм” (High-Level Expert Group on Artificial Intelligence), АНУ-ын “Хиймэл оюун ухааны үндэсний аюулгүй байдлын хороо” (National Security Commission on Artificial Intelligence), БНХАУ-ын “Шинэ үеийн хиймэл оюун ухааны үндэсний засаглалын хороо” (The National Governance Committee for the New Generation Artificial Intelligence), Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Хиймэл оюун ухааны өндөр түвшний зөвлөх байгууллага” (High-Level Advisory Body on Artificial Intelligence) зэрэг орно.
Европын холбооны “Хиймэл оюун ухааны өндөр түвшний шинжээчдийн бүлгэм” (High-level Expert Group on Artificial Intelligence) нь 2018 онд байгуулагдсан бөгөөд Европын Холбооны хүрээнд хиймэл оюун ухааны талаарх ёс зүйн удирдамж, бодлогын зөвлөмж, зохицуулалтын шаардлагыг боловсруулах зорилгоор холбогдох салбаруудын шилдэг мэргэжилтнүүдийг цуглуулсан байгууллага юм. Тус байгууллага нь бусад оролцогч талуудтай өргөн хүрээнд зөвлөлдөж, хиймэл оюун ухааны ёс зүйн зарчмуудад нарийн дүн шинжилгээ хийсний үр дүнд “Итгэмжит хиймэл оюун ухааны ёс зүйн удирдамж”, “Итгэмжит хиймэл оюун ухааны бодлого, хөрөнгө оруулалтын зөвлөмж”, “Итгэмжит хиймэл оюун ухааны үнэлгээний жагсаалт”, зэрэг хэд хэдэн бодлогын баримт бичгийг боловсруулжээ.[6]
АНУ-ын “Хиймэл оюун ухааны үндэсний аюулгүй байдлын хороо” (National Security Commission on Artificial Intelligence) нь 2018 онд Үндэсний батлан хамгаалах зөвшөөрлийн тухай хуулийн хүрээнд (NDAA) хиймэл оюун ухааны үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийн талаар судлах зорилгоор байгуулагдсан. “Хиймэл оюун ухааны үндэсний аюулгүй байдлын хороо” нь хоёр жилийн хугацаатай байгуулагдсан түр хороо бөгөөд тус хороог Google-ийн гүйцэтгэх захирал асан доктор Эрик Шмидт ахалдаг байв.[7] Тус хороо бүрэн эрхийнхээ хугацаанд хиймэл оюун ухааны технологийн өнөөгийн байдал, түүний үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөө, бусад улс орнуудтай өрсөлдөх чадварын талаар иж бүрэн судалгаа хийн 2021 оны 3 дугаар сард “Хиймэл оюун ухааны эрин үед Америкийг хамгаалах нь” нэртэй эцсийн тайлангаа гаргасан.[8] Уг тайлан нийт 16 бүлгээс бүрдэх бөгөөд тэдгээрийн заримаас дурдвал авьяас чадварыг сонгон шалгаруулах, хадгалах, ажиллах хүчнийг чадавхжуулах, олон улсын хамтын ажиллагаа, ёс зүйн асуудал, хиймэл оюун ухааны зэвсэг болон дайнтай холбоотой эрсдэл, ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэх, инновац, зохиогчийн эрх, микроэлектроник, технологийн хамгаалалт, харилцан холбоотой технологиуд зэрэг өргөн хүрээний бодлогын чиглэлийг хамарсан иж бүрэн зөвлөмжийг багтаасан байдаг. Хиймэл оюун ухааны үндэсний аюулгүй байдлын хорооноос гаргасан гол зөвлөмжүүдийн заримаас дурдвал:
- Хиймэл оюун ухааны судалгаа, хөгжилд оруулах хөрөнгө оруулалт: AI технологи дахь Америкийн манлайллыг хадгалахын тулд хиймэл оюун ухааны судалгаа, хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.
- Авьяас ба ажиллах хүчний хөгжил: Хиймэл оюун ухааны боловсрол, сургалтын хөтөлбөрт оруулах хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, түүнчлэн хиймэл оюун ухааны шилдэг авьяастнуудыг татах, хадгалах замаар хиймэл оюун ухааны салбар дахь хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх.
- Олон улсын хамтын ажиллагаа: Америкийн үнэт зүйлс, ашиг сонирхлыг дэмжих зорилгоор хиймэл оюун ухааны хөгжил, стандарт, хэм хэмжээний талаарх олон улсын түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх.
- Ёс зүйтэй, хариуцлагатай хиймэл оюун ухааныг хөгжүүлэх: Ёс зүйн зарчим, хүний эрх, олон улсын хууль тогтоомжид нийцсэн хиймэл оюун ухааны системийг хөгжүүлэх, нэвтрүүлэхийг эрхэмлэхийн зэрэгцээ хиймэл оюун ухааны тогтолцооны ил тод, хариуцлагатай байдлыг хангах.
- Хиймэл оюун ухааны засаглал ба зохицуулалт: Хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухаанд тулгуурласан худал мэдээлэл тараах боломж зэрэг AI технологиос үүдэлтэй өвөрмөц сорилтуудыг шийдвэрлэхийн тулд хиймэл оюун ухааны засаглал, зохицуулалтын үндэсний стратегийг бий болгох.
- Онц чухал дэд бүтцийн хамгаалалт: Төр, хувийн хэвшлийн хооронд мэдээлэл солилцохыг дэмжих замаар хиймэл оюун ухаантай кибер халдлага, зөрчлийн эсрэг онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын сөрөн тэсвэрлэх чадвахыг сайжруулах.
- Нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал: Гадаад ханган нийлүүлэгчдээс хараат байдлыг бууруулж, дотоодын үйлдвэрлэл, инновацыг дэмжих замаар хиймэл оюун ухааны технологийн нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг бэхжүүлэх.
- Хиймэл оюун ухааныг идэвхжүүлсэн үндэсний аюулгүй байдлын хөтөлбөрүүд: Батлан хамгаалах болон тагнуулын агентлагуудад хиймэл оюун ухааны технологийг нэвтрүүлэх ажлыг хурдасгаж, бие даасан систем, кибер аюулгүй байдал зэрэг салбарт чадавхыг нэмэгдүүлэх.
- Хятадтай хийх хиймэл оюун ухааны өрсөлдөөн: Хиймэл оюун ухааны салбарт Хятад улстай хийж буй стратегийн өрсөлдөөнийг хүлээн зөвшөөрч, зорилтот хөрөнгө оруулалт, экспортын хяналт, дипломат хүчин чармайлт зэрэг хиймэл оюун ухааны инновацын чиглэлээр Америкийн манлайллыг хадгалахын тулд идэвхтэй арга хэмжээ авах.
- Төр, хувийн хэвшлийн түншлэл: Үндэсний аюулгүй байдлын зорилгоор хиймэл оюун ухааны судалгаа, хөгжүүлэлт, ашиглалтыг дэмжихэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих.
- Боловсрол: Ерөнхий боловсролын (К-12) сургуулиас эхлээд дээд боловсролын байгууллагууд хүртэл бүх шатны боловсролын түвшинд хиймэл оюун ухаантай холбоотой сургалтын хөтөлбөрийг оруулах.
БНХАУ-ын “Шинэ үеийн хиймэл оюун ухааны үндэсний удирдлагын хороо” (The National Governance Committee for the New Generation Artificial Intelligence) нь тус улсад хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд хяналт тавьж, удирдан чиглүүлэх гол байгууллага юм. 2017 онд байгуулагдсан тус хороо Шинжлэх ухаан, технологийн яам (MOST), Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо (NDRC), Хятадын Кибер орон зайн удирдах газар (CAC) зэрэг төрийн байгууллагуудын удирдлагын дор ажилладаг. Тус хорооны голлох үүргийн нэг нь Хятадын хиймэл оюун ухааны стратегийг боловсруулж хэрэгжүүлэх явдал юм. Үүнд стратегийн зорилтуудыг тодорхойлох, хиймэл оюун ухааны судалгаа, хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, хиймэл оюун ухаантай холбоотой санаачилгуудыг дэмжих нөөцийг хуваарилах зэрэг ордог.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын тэргүүлэх “Хиймэл оюун ухааны өндөр түвшний зөвлөх байгууллага” (High-Level Advisory Body on Artificial Intelligence)-ыг байгуулах тухай мэдэгдлийг 2023 оны 9 дүгээр сард Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган хуралдаж байх үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын технологийн асуудал хариуцсан төлөөлөгч Амандип Гилл[9] “Хүн төрөлхтний төлөөх хиймэл оюун ухааныг удирдах нь” сэдэвт арга хэмжээг зохион байгуулж байх үеэрээ мэдэгдэж,[10] улмаар тус байгууллагын гишүүнээр ажиллах мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг дэлхий дахинаа нээлттэйгээр явуулсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс холбогдох салбарын 1800 гаруй эксперт хүсэлтээ ирүүлснээс 32 хүртэлх нэр дэвшигчийг нээлттэйгээр сонгон шалгаруулжээ.[11] Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын салбартаа тэргүүлэх экспертүүдээс бүрдсэн тус байгууллага нь хиймэл оюун ухааны засаглалын янз бүрийн санаачилгыг хооронд нь холбох арга замыг судалж, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгахын тулд хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах талаар урьдчилсан зөвлөмж гаргах аж. Тус байгууллагын үйл ажиллагаа нь хүний эрх, шударга, хариуцлагатай, ил тод байдал зэрэг үндсэн зарчмуудыг баримталдаг бөгөөд эдгээр зарчмууд нь хиймэл оюун ухааны ёс зүйн стандарт, удирдамжийг боловсруулж, сурталчлах хүчин чармайлтын үндэс суурь нь болж байна.
Дүгнэлт
Хиймэл оюун ухааны нийгэм, эдийн засаг, улс төр зэрэг бүхий л салбарт үзүүлж байгаа нөлөөг зохицуулахаар улс орнууд хиймэл оюун ухааны засаглалын арга замыг эрэлхийлж байна. Олон улсын туршлагаас харахад технологийн тэргүүлэгч орнууд үндэсний хэмжээний хороо, зөвлөл зэрэг бүтцийг байгуулан ажиллаад нэгэнт эхэлжээ. Эдгээр байгууллагын гол үүрэг нь 1) Судалгаа хийх (үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөний тухай судалгаа, өрсөлдөх чадварын тайлан зэрэг), 2) Баримт бичиг боловсруулан батлуулах (ёс зүйн удирдамж, бодлогын зөвлөмж, зохицуулалтын шаардлага зэрэг) зэрэг аж. НҮБ-ын түвшинд энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд манай улс хиймэл оюун ухааны засаглалын асуудлаар олон талт талбараар дамжин мэдээлэл авах, зарим зохицуулалтаа олон улсын эрхзүйн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Ашигласан эх сурвалж:
[1] Grammarly: Free AI Writing Assistance
[2] Grammarly Restructures Business | Grammarly Blog
[3] What the future of work will mean for jobs, skills, and wages: Jobs lost, jobs gained | McKinsey
[4] The Bias Is Real: 5 Experts on AI Bias in HR and How It Can Be Addressed – Spiceworks
[5] Three Challenges for AI-Assisted Decision-Making – Mark Steyvers, Aakriti Kumar, 2023 (sagepub.com)
[6] High-level expert group on artificial intelligence | Shaping Europe’s digital future (europa.eu)
[7] Chair and Vice Chair Letter – NSCAI Final Report
[8] Table of Contents – NSCAI Final Report
[9] Secretary-General’s Envoy on Technology | United Nations Secretary-General
[10] How the U.N. Plans to Shape the Future of AI | TIME
[11] High-Level Advisory Body on Artificial Intelligence | Office of the Secretary-General’s Envoy on Technology (un.org)
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Хятад Оросын харилцааДараах нийтлэл
Дайны 2 жил: Оросын олон нийтийн санаа бодлын өөрчлөлтСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19