2023 онд хоёр хөршийн хувьд улс төрийн дотно харилцаагаа нотолсон, хоорондын худалдаа эдийн засгийн үзүүлэлт нь өссөн, цэрэг батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсэн жил болж өнгөрөв.
Улс төрийн харилцаа
2023 онд БНХАУ ОХУ-ын улс төрийн харилцаа нь системийн түвшний буюу олон улсын хүчний тэнцвэрийг хадгалах стратегийн харилцаа ба хоёр улсын хоёр талт харилцаа гэсэн гол шинжтэйгээр өрнөлөө. Хоёр хөршийн олон улсын хүчний тэнцвэрийг хадгалах зорилго бүхий стратегийн харилцан ажиллагааны түншлэл нь тэдний хоёр талт харилцаа хамтын ажиллагааны гол хөдөлгөх хүч болж байгаагаас гадна зарим байр суурь ашиг сонирхлын зөрчилтэй асуудлыг газар авхуулахгүй дарах үндсэн суурь нь болж байна. Энэхүү стратегийн үндсэн чиглэлийг сүүлийн 10 жилд хоёр хөршийн төрийн тэргүүн нарын 42 удаагийн уулзалтаар бий болгосон юм. Ши Жиньпин 3 дугаар сард ОХУ-д айлчлах үеэрээ В.Путинд “… Зууны өөрчлөлтийн нэг хэсэг болж байна, бид үүнийг хамтдаа урагшлуулъя” гэж хэлсэн бол 10 дугаар сард В.Путин БНХАУ-д айлчлах үеэрээ “Хамтын гадаад аюул заналтай тулгарах тусам ОХУ БНХАУ-ын харилцаа улам бэхжих болно”, “ОХУ БНХАУ-ын харилцаа бол дэлхийг тогтвортой байлгах чухал баталгаа” гэдгийг онцлон тэмдэглэсэн зэрэг нь хоёр хөршийн улс төрийн дотно харилцааны гол суурь нь олон улсын харилцааны өөрчлөлт, гадаад орчны дарамт шахалтаас үүдэлтэй стратегийн харилцан түншлэл гэдгийг нотолж байна.
2023 оны хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлал нь урьд өмнөх айлчлалуудаас онцгой орчин, цаг үед болов. 3 дугаар сарын 17-ны өдөр Гааг дахь олон улсын эрүүгийн шүүх В.Путинг “дайны гэмт хэрэгтэн” хэмээн үзэж баривчлах захирамж гаргасны дараа 3 дугаар сарын 20-ны өдөр Ши Жиньпин Москвад айлчлав. 10 дугаар сард БНХАУ-ын зохион байгуулсан “Бүс, Зам” дээд хэмжээний уулзалтад хөгжиж байгаа орнууд олноор оролцсон ч дэлхийд нөлөөтэй томоохон орны удирдагч хүрэлцэн ирээгүй үед В.Путин Бээжинд айлчлав. Энэ нь Украины дайн дэгдсэний дараах ОХУ, цар тахлын дараах БНХАУ-ын өмнө тулгарч байгаа олон улсын харилцааны шинэ орчин нөхцөлийн тусгал байсан бөгөөд ийм үед Ши Жиньпин В.Путин нар харилцан айлчилсан нь дэлхий дахинд Бээжин Москвагийн улс төрийн харилцаа бат дотно байгааг харуулсан явдал байв.
2023 онд ОХУ Украины дайны талбарт стратегийн ялалт байгуулаагүй боловч том ялагдал хүлээлгүй энэ жилийг дуусгасан нь БНХАУ-ын хүлээлт, таамгийн дагуу өрнөсөн үйл явдал байлаа. БНХАУ Украины дайн эхэлснээс хойш олон улсын хууль ёс зүй, НҮБ-ын зарчим болон ОХУ-ын аюулгүй байдлын зовнилын хооронд тэнцвэрийг олох “бөөрөнхий” прагматик байр суурь баримталж байгаа юм. АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудтай дангаар тулгарах нөхцөл байдал үүсэхээс болгоомжилж байгаа Хятадын хувьд Орос улс Украины дайнд ялагдахгүй байх нь стратегийн чухал ач холбогдолтой. 2023 онд БНХАУ Украины дайн эхэлсний 1 жилийн ойн өдөр хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх байр суурь[1] гэх ОХУ-ыг зэмлэсэн зүйлгүй 12 заалт бүхий уриалгыг гаргав. 4 дүгээр сарын 26-ны өдөр Ши Жиньпин Украины ерөнхийлөгч Зеленскийтэй дайн эхэлснээс хойш анх удаа утсаар ярьж, 4, 5 дугаар сард Евразийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч элчин сайд Ли Хуйг ОХУ Украин, ЕХ-ны орнууд руу илгээж гал зогсоох талаар ярилцав.
Үнэндээ Хятад 2023 оны хавар болон зуны эхний сард ОХУ-ыг дайнд ялагдах магадлалтай хэмээн эмээж байр суурь нь хэлбэлзэж байсан юм. Украины армийн зуны сөрөг довтолгоо эхлэхийн өмнө буюу 4 дүгээр сарын 26-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганы 69-р бүгд хурлаар “ОХУ Украинд халдаж түрэмгийлсэн” гэсэн агуулга бүхий тогтоолд санал хураахад БНХАУ дэмжсэн санал өгсөн. 6 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-аас ЕХ-д суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн Фу Цун “Украин улс 1991 оны хилийн зурвас газар нутгаа эргүүлэн авах зорилтыг Бээжин “эсэргүүцэхгүй”, үүнд 2014 онд ОХУ-д нэгтгэгдсэн Крымийн хойг багтана”[2] хэмээн мэдэгдэв. Энэ нь Украины зуны довтолгоо эхлээд удаагүй, ОХУ-ын дотоодод зөрчил ил гарч Вагнер группын толгойлогч Е.Пригожины цэргийн цуваа Москва руу чиглээд буцах үйл явц өрнөж байсан цаг үе юм. Харин 7 дугаар сараас хойд хөрш дотоод зөрчлөө дарж, фронтын шугамд Украины довтолгоог зогсоосны дараагаас БНХАУ-ын ОХУ-ыг дайнд ялагдана гэх болгоомжлол арилж, Бээжин оны сүүлийн хагаст Москвад эргэлзсэн үг үйлдлийг дахин үзүүлээгүй юм.
Хятад Украин дахь дайны галыг зогсоож, талуудын одоогийн хяналтад байгаа шугамаар хямралыг “царцаах” байр суурьтай байгаа нь ажиглагдав. Хэрэв Хятадын энэхүү төсөөллөөр болбол Зүүн Европт урт удаан үргэлжлэх хуваагдал бий болж АНУ ЕХ-ны стратегийн хүч анхаарал тийш сарних бөгөөд энэ нь Бээжингийн стратегийн ашиг сонирхолд нийцэх юм. ОХУ Украины дайныг зогсоох, энх тайвнаар шийдвэрлэх асуудалд Бээжингийн үүрэг ролийг нэмэгдүүлэхийг дэмжиж байсан бол Украин болон барууны орнууд Хятадыг ОХУ-ын талд зогсож Москвад дайныг үргэлжлүүлэх дэмжлэг үзүүлж байна хэмээн шүүмжилж байв.
Энэ онд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд асан Чинь Ган болон бусад дээд албан тушаалтан алга болж огцорсон асуудлыг ОХУ-ын “шүгэл үлээсэн”-тэй холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл анхаарал татав. Японы Nikkei News-ийн хятад мэдээний албаны дарга асан Кацүжи Наказавагийн 3 дугаар сард Ши Жиньпинийг Москвад айлчлахад В.Путин анх түүнд БНХАУ-ын пуужинт цэргийн мэдээлэл АНУ-д алдагдсан хэрэгтэй[3] Гадаад хэргийн сайд Чинь Ган холбоотой болох талаар хэлсэн хэмээн мэдээлэв. “Politico” 12 дугаар сарын 7-ны өдөр мэдээлснээр ОХУ Хятадын гадаад бодлогын чиглэл үйл ажиллагаанд сэтгэл дундуур байсан учраас Чинь Ганыг огцруулах зорилгоор 6 дугаар сарын 25-ны өдөр Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденког Бээжинд илгээсэн талаар мэдээлэв. Дээрх мэдээллүүдийн үндсэн санаа нь ОХУ-ын тал Чинь Ганыг АНУ-ын талыг баримтлагч, Хятадын Укрианд баримталж буй байр суурийг барууны орнуудтай ойртуулж Москвагийн эсрэг бодлого баримтлах гэж байна хэмээн үзсэн, тиймээс ОХУ түүнийг өөрчлөх зорилгоор Ши Жиньпинд “Чинь Ган АНУ-д элчин сайдаар байх хугацаандаа “АНУ-ын иргэншилтэй хүүхэдтэй болсон”, “АНУ-д Хятадын нууц мэдээлэл алдагдсан асуудлыг мэдсэн ч нуун дарагдуулсан” гэж хэлсэн хэмээн мэдээлж байгаа юм. Хэдийгээр эдгээр таамагласан мэдээлэл нотлогдоогүй боловч Чинь Ганыг Гадаад хэргийн сайд байх хугацаанд БНХАУ-ын дипломатууд Украины дайныг эсэргүүцсэн байр суурь илэрхийлж байсан, ОХУ Андрей Руденког Бээжинд айлчлуулсан 6 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Чинь Ган алга болж албан тушаалаасаа огцорсон, Ван И БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар дахин томилогдсоноос хойш Бээжингийн зүгээс Москвад эргэлзсэн гадаад бодлогын байр суурийг дахин илэрхийлээгүй зэрэг нь бодит болсон үйл явдлуудын логик дараалалтай нийцэж байгаа юм.
2023 онд Солонгосын хойгийн бүс нутаг дахь харилцаанд тодорхой өөрчлөлт гарч талцал хуваагдал үүсэх шинж тэмдэг ажиглагдав. 2023 оны эхнээс Умард Солонгос хиймэл дагуул хөөргөн олон удаа пуужингийн туршилт хийж, үүний хариуд АНУ стратегийн цөмийн шумбагч онгоцоо 40 гаруй жилийн дараа анх удаа Өмнөд Солонгост илгээн Вашингтон Токио Сөүлийн гурвалсан харилцааг гүнзгийрүүлэв. Үүний эсрэг 10 дугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Пёньянд айлчлах үеэрээ “ОХУ, БНАСАУ, БНХАУ-ын гурван талт аюулгүй байдлын хэлэлцээг тогтмол хийж, АНУ, Япон, Өмнөд Солонгосын “аюултай бодлого”-ыг сөрөхийг уриалав”.[4] Одоогоор Хятадын зүгээс ОХУ Умард Солонгостой хамтарч “гурвал” үүсгэх санааг илэрхийлээгүй бөгөөд Бээжин Солонгосын хойгийн бүс нутаг дахь үйл явцыг ажиглаж, аль нэг оролцогч талтай шууд шөргөөлцөлдсөн харилцааг үүсгэхийг хүсэхгүй байгаа нь анзаарагдав. Солонгосын хойг дахь Хятадын цаашдын бодлого байр суурь 2024 оны Бээжин Вашингтоны харилцаа, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, Украины дайны өрнөл чиг хандлага, БНХАУ-ын Япон Өмнөд Солонгостой харилцах хоёр талт харилцаа, Бээжин Москва Пёньяны хоорондох харилцаа зэрэг олон хүчин зүйлээс хамаарах юм.
Хоёр хөршийн улс төрийн дотно харилцааны цаана хоёр талт харилцаанд санал зөрүүтэй, ашиг сонирхлын зөрчилтэй зүйлс байсаар байгаа юм. Хятад улс Бээжин Москвагийн стратегийн харилцааг бодолцож ОХУ-тай санал зөрөлдсөн асуудалд “ам дагуулж өнгөрөөх”, эсвэл “буулт хийх” тактиктай байгаа нь ажиглагдав. Тухайлбал 10 дугаар сарын 18-ны өдөр В.Путин ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолойг Монгол Улсаар дамжин өнгөрүүлэх хүсэлтэй байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд тодорхой хэлсэн, үүний дараах хоёр хөршийн удирдагчдын уулзалтад Ши Жиньпин “Гурван улсын байгалийн хийн хоолойн төсөл богино хугацаанд дорвитой ахиц гарна гэдэгт найдаж байна” гэж хэлсэн нь В.Путины “амыг дагуулсан үг” байв. Учир нь оны эцэст болсон хоёр хөршийн мэргэжлийн албаныхны уулзалтын үеэр талууд хийн хоолойг барих өртөг зардал, байгалийн хийн үнийн асуудалд санал зөрүүтэй байгаа талаар, мөн Хятадын тал хийн хоолойг Монголоор дамжин өнгөрүүлэхийг дэмжихгүй байгаа тухай мэдээллүүд гарсан юм. БНХАУ-ын тал хийн хоолойг Монголоор дамжин өнгөрүүлэх нь өртгийг нэмэгдүүлэхээс гадна гуравдагч улсаар дамжуулах нь “тодорхойгүй” хүчин зүйлийг нэмэгдүүлнэ хэмээн үзэж Шинжаанаас шууд ОХУ-ын хилээр хийн хоолойг холбох санал тавьсан байна.[5] Хятадын хувьд Москвагийн эрчим хүчний нөлөөллийг Монголд нэмэгдүүлэх нь Бээжингийн ашиг сонирхолд нийцэхгүй гэж үзэж байгаа бололтой, ямартай ч “Сибирийн хүч 2” төслийн талаар Бээжин Москва эцсийн байдлаар тохиролцоонд хүрээгүй байна. Мөн ОХУ 10 дугаар сарын 1-нээс Хятад, Монгол зэрэг улсуудад экспортлох эрчим хүчний үнийг гэнэт 7%-аар нэмэх шийдвэр[6] гаргасан нь Москвагаас эрчим хүчээр хамааралтай байхын сөрөг эрсдэлтэй байдлыг хөрш орнууддаа харуулав. Хятад эрчим хүчний үнэ нэмсэн асуудлаар 10 гаруй хоног ОХУ-тай санал зөрөлдөж хэлэлцсэний эцэст В.Путинг “Бүс, Зам”-ын чуулганд оролцохоор Бээжинд айлчлахын өмнөхөн хүлээн зөвшөөрч цахилгааны төлбөрийг юаниар төлөхөөр тохиролцсон юм.[7]
Эдийн засгийн харилцаа
БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын статистик мэдээгээр, 2023 онд Хятад, Оросын худалдааны нийт хэмжээ 26.3%-иар өсөж, 240.1 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрчээ.[8] Худалдаа ерөнхий бүтцийн хувьд, Хятад нь ОХУ-ын газрын тос, байгалийн хийн борлуулалтын гол зах зээл болж байгаа бол Хятадад үйлдвэрлэсэн автомашин, цахилгаан бараа, машин механизм ОХУ-ын зах зээлд голлон нэвтэрч байна. 2022 оноос хойш хоёр хөршийн худалдаа ам.доллароор явагдахгүй болсон бөгөөд “хоёр улсын арилжааны 95% нь рубль, юаниар хийгдэж байна”.
2023 онд БНХАУ ОХУ-д цэргийн зориулалтаар ашиглаж болох үхлийн хөнөөлгүй техник хэрэгсэл худалдаалж байгаа нь нууц биш нууц болсон юм. АНУ ЕХ-ны зүгээс БНХАУ-ыг ОХУ-д цэрэг дайны техник хэрэгслийн үйлдвэрлэлийг явуулахад шаардлагатай хос (цэрэг-иргэний) зориулалттай бүтээгдэхүүн, дагалдах хэрэгсэл, түүхий эдийг нийлүүлж байна хэмээн шүүмжилж зарим компаниудад хориг тавих болсон. Харин Оросын тал үе үе БНХАУ-аас худалдаж авсан техникийг телевизээр олон нийтэд гаргаж байгаа нь барууны орнуудыг хориг үр дүнгүй гэдгийг харуулахыг зорьсон бололтой. 11 дүгээр сард В.Путин Украин дахь цэргийн ажиллагааны төв Донын Ростов хотын Өмнөд цэргийн тойргийн штабт очиж ажиллах үеэр Хятадад үйлдвэрлэсэн “Desertcross 1000-3” бартаат замын машиныг харуулсан бөгөөд энэ үеэр С.Шойгу уг машины 537 ширхэг “үндсэн” загварыг Оросын арми ашиглаж байгаа, одоо “нэмэлт тоноглолтой” 1500 орчим машиныг Хятадаас худалдан авч байгаа[9] талаар В.Путинд танилцуулсан юм.
Ирэх жилүүдэд БНХАУ ОХУ-ын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа АНУ ЕХ-ны хатуу шүүмжлэл дунд явагдах боловч хоёр хөршийн худалдааны хэвийн үйл ажиллагаанд төдийлөн нөлөөлөхгүй. Одоогийн байдлаар Хятад улс ОХУ-ын хамгийн том худалдааны түнш бөгөөд хоёр талын худалдаа Оросын нийт гадаад худалдааны 34%-ийг эзэлж байна (Украины дайнаас өмнө 19% байсан). Хятадын хувьд ОХУ-тай хийх хоёр талын худалдаа нийт гадаад худалдаанд эзлэх хувь Украины дайн эхлэхээс өмнөх 2%-иас одоогийн 4% болж өссөн байна. 2023 онд БНХАУ-ын гадаад худалдааны нийт хэмжээ өмнөх оныхоос буурсан байхад ОХУ-тай хийх худалдаа нь мэдэгдэхүйц нэмэгдсэн нь онцгой дүр зураг юм. Энэхүү дүр зураг нь БНХАУ-ын гадаад худалдааны хувьд сайны дохио биш бөгөөд АНУ ЕХ-ны орнуудаас худалдаагаараа холдож хөндийрч эхэлж байгаагийн илрэл гэдгийг ажиглагчид онцолж байв.
Батлан хамгаалах хамтын ажиллагаа
2023 онд БНХАУ ОХУ-ын цэрэг батлан хамгаалах салбарын дээд албан тушаалтнууд өндөр давтамжтай харилцан айлчлалуудыг хийж, хоёр хөршийн жил бүр явагддаг цэргийн хамтарсан сургууль үргэлжлэн явагдав. Ли Шанфу БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдаар 6 сар ажиллахдаа ОХУ-д хоёр удаа айлчилж, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу 10 дугаар сард БНХАУ-д айлчилсан юм.
Хоёр хөрш энэ жил хоёр талын цэргийн хамтын ажиллагааг “шинэ шатанд” гаргахаа мэдэгдсэн нь Ази Номхон далайн бүс нутагт АНУ, Австрали, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудын холбоотны үйл ажиллагаа идэвхэжсэнтэй холбоотой гэж үзэж байна. 11 дүгээр сарын 8-ны өдөр В.Путин Москвад ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Жан Ёушятай уулзахдаа Орос Хятадын цэргийн өндөр технологийн хамтын ажиллагаа маш чухал гэдийг онцолж, БНХАУ-тай сансар огторгуй дахь өндөр тойрог замын (high-orbit groupings) “орчин үеийн, ирээдүйтэй зэвсэг”-ийн чиглэлээр хамтрах талаар ярилцав. Энэ үеэр В.Путин “АНУ өөрийн ашиг сонирхолд тулгуурлан Ази Номхон далайн бүс нутагт хурцадмал байдлыг нэмэгдүүлэхийн тулд холбоотнуудаа уриалж шинэ цэрэг, улс төрийн эвсэл байгуулахыг оролдсоор байна. ОХУ БНХАУ үүнд “тайван, тэнцвэртэй” хариу арга хэмжээ авч, тэнгисийн болон агаарын цэргийн хамтарсан сургуулиар аюулгүй байдлаа бэхжүүлэх болно”[10] гэжээ.
2023 онд БНХАУ ОХУ-ын далайн болон агаарын цэргийн хамтарсан сургууль Зүүн Хятадын тэнгис, Япон тэнгист голлон төвлөрч байв. 7 дугаар сарын сүүлийн хагаст БНХАУ-ын ХАЧА-ийн Умард бүсийн командлалаас Япон тэнгист зохион байгуулсан “Умард нэгдсэн-2023” сургуульд ОХУ тэнгисийн болон агаарын цэргийн хүчээ илгээн оролцсон юм. Энэхүү хамтарсан сургууль нь хоёр хөршийн Вашингтоны Ази Номхон далайн бүс нутагт явуулж буй цэргийн үйл ажиллагааны хариу арга хэмжээ байв. 12 дугаар сард хоёр хөрш Япон тэнгис болон Зүүн Хятадын тэнгисийн агаарын орон зайд стратегийн эргүүлийн нислэгийн 7 дахь удаагийн хамтарсан ажиллагааг зохион байгуулав.
Дүгнэлт
Ерөнхийдөө 2023 онд хоёр хөрш дэлхийн шинэ дэг журам, олон улсын хүчний тэнцвэртэй холбоотой геополитик аюулгүй байдлын асуудлуудад харилцан нэгнийгээ дэмжсэн стратегийн түншлэлийг харуулсан юм. БНХАУ-ын зүгээс Украины асуудалд ил далд байдлаар ОХУ-д туслан дэмжиж байсан бол ОХУ-ын зүгээс БНХАУ-ыг БРИКС-ыг өргөжүүлэхэд дэмжиж, Бээжинг олон улсын тавцанд хөгжиж байгаа орнуудын манлайлагчийн рольтойгоор тодроход тусалж байв. Ойрх Дорнод үүссэн Израиль Хамасын дайн нь БНХАУ ОХУ-ын язгуур ашиг сонирхлын бүсээс АНУ тэргүүтэй барууны орнуудын анхаарлыг түр холдуулах боломжийг өгсөн юм. Хоёр хөрш олон улсын тавцанд харилцан дэмжиж Израль Хамасын дайнд ойролцоо байр суурь баримталж, Ойрх Дорнодын хөгжиж буй орнуудтай харилцаагаа ойртуулав. Хятадын зүгээс Москва Пёньяны “гэнэтийн дотносол”-д ажигласан болгоомжилсон байр сууринаас хандаж байгаа нь Бээжин Москвагийн “хязгааргүй хамтын ажиллагааны харилцаа”-ны заагийг дахин харуулж байна.
БНХАУ-ын хувьд ОХУ стратегийн “бамбай” болж Украины дайнд барууны орнуудын хүч анхаарлыг татаж байгаа нь Бээжинд Вашингтонтой хийх их гүрний өрсөлдөөнд цаг хожих, стратегийн орон зай нөлөөллөө тэлэх боломжийг өгч байгаа юм. Тиймээс БНХАУ ОХУ-тай харилцах макро түвшний түншлэлийг бодолцож хоёр талын харилцааны зарим ашиг сонирхлын зөрчилтэй асуудалд “буулт хийх”, “ам дагуулан өнгөрөөх” зэрэг байр суурьтай харилцаж байна. Украины дайн эхэлснээс хойш ОХУ Евразийн бүс нутагт зарим хяналт нөлөөллөө алдах болсон бөгөөд энэ онд Москва үүнийгээ хүлээн зөвшөөрч Турк болон Хятадтай шинэ зохицолд хүрэхээс өөр аргагүй болоод байна. 2023 онд Армени улс уулын Карабахыг Азербайжанд алдсан үйл явц, БНХАУ анх удаа Төв Азийн 5 улсын тэргүүнүүдтэй уулзалт хийж ОХУ-ын нөлөөний бүсэд Москваг оролцуулахгүйгээр хуралдсан зэрэг нь үүнийг нотлон харуулж байна. БНХАУ-ын зүгээс барууны орнууд болон ОХУ-ын зөрчлийн хооронд Бээжинд ашигтай шинэ тэнцвэрийг олох, Оросын хүч нөлөө бүс нутагт буурсан цаг үед Москваг “уурлуулахгүйгээр” алгуурхан Бээжингийн нөлөөг Евразийн бүс нутагт нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Цаашид ирэх жилүүдэд БНХАУ стратегийн түвшинд хүрч болох ашгаа бодолцож ОХУ-д зарим нэг тактикийн “буулт хийж найр тавьсан” харилцаагаа үргэлжлүүлэх төлөвтэй байна.
Ашигласан эх сурвалж:
[1] Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх талаар БНХАУ-ын байр суурь, 关于政治解决乌克兰危机的中国立场, https://www.fmprc.gov.cn/zyxw/202302/t20230224_11030707.shtml
[2]‘Don’t see why not’: China envoy on backing Ukraine’s ’91 borders, https://www.aljazeera.com/news/2023/6/27/dont-see-why-not-china-envoy-on-backing-ukraines-91-borders
[3] 2022 оны 10 сарын 24-ны өдөр АНУ-ын Агаарын цэргийн их сургуулийн (U.S. Air University) гаргасан тайланд (PLA Rocket Force Organization) БНХАУ-ын пуужингийн хүчний байрлал, баазын координатыг нарийн тодорхой бичиж харуулсан мэдээг нийтэлсэн нь 2023 онд Хятадын Ардын чөлөөлөх арми дотор “цэвэрлэгээ хийх” шалтгааны нэг болсон гэж барууны хэвлэлүүд мэдээлж байгаа юм. 2023 оны 6 сарын сүүлээр Пуужингийн хүчний командлагч Ли Юйчао (李玉超) баривчлагдсан бөгөөд түүний хүү АНУ-д сурч байхдаа БНХАУ-ын пуужингийн мэдээллийг гадны тагнуулын байгууллагад өгсөн гэж хэвлэлүүд мэдээлж буй.
[4] ОХУ БНХАУ, Хойд Солонгостой аюулгүй байдлын асуудлаар тогтмол хэлэлцээ хийхийг эрмэлзэж байна, 俄罗斯寻求与中朝 定期举行安全会谈, https://www.zaobao.com.sg/news/world/story20231020-1444684
[5] БНХАУ ОХУ-ын хооронд асар том “санал зөрөлдөөн” үүсэж, ОХУ том алдаа гаргаж, БНХАУ ОХУ-ын харилцаа муудсан гэж үү?, 中俄出现巨大“分歧”,俄罗斯犯下大糊涂,难道中俄关系闹僵?https://m.163.com/dy/article/IMACEB7S05561GFP.html
[6] ОХУ 10-р сарын 1-ны өдрөөс дотоодын зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн эрсдэлээс зайлсхийхийн тулд ОХУ валютын ханштай хөрвөсөн (1 ам.доллар 80 рублиэс дээш унавал) татварын бодлогыг хэрэгжүүлэх болсонтой холбоотойгоор эрчим хүчний үнийг нэмсэн хэмээн тайлбарласан. Хоёр хөрш үнийн асуудлаас санал зөрөлдсөн 10 гаруй хоногийн хугацаанд Оросоос Хятадад нийлүүлэх эрчим хүчээ хязгаарлах арга хэмжээ авсан юм. 2022 оны байдлаар БНХАУ-ын нийт цахилгааны хэрэглээ 8.6 их наяд кВт.ц байсан бөгөөд Оросоос Хятадад нийлүүлж буй цахилгаан үүний багахан хэсэг буюу ердөө 4.7 тэрбум кВт.ц эзэлж (ойролцоогоор 200 сая ам.доллар) байна.
[7] ОХУ БНХАУ-д нийлүүлдэг цахилгааныхаа үнийг 7% нэмэхээ зарлав, гэхдээ заавал юаниар тооцоо төлөх ёстой, 俄罗斯宣布对中国供电涨价,一涨就是7%,不过必须用人民币结算 https://www.163.com/dy/article/IH2TNJGD055634Z6.html
[8] 2023 онд БНХАУ ОХУ-ын худалдааны хэмжээ 240 тэрбум ам.долларт хүрч, ОХУ руу хийсэн экспорт 46.9 хувиар өсөв, 海关总署统计数据:2023年中俄贸易额超2400亿美元 对俄出口大增46.9% http://www.chinaru.info/zhongejmyw/zhongemaoyi/69947.shtml
[9] В.Путинд үзүүлж байсан Оросын армийн БНХАУ-аас худалдаж авсан бартаат замын машин,曾被普京参观,俄罗斯军队抢购中国全地形越野车, https://www.rfi.fr/cn/国际/20231203-曾被普京参观,俄罗斯军队抢购中国全地形越野车
[10] Путин Жан Юшятай уулзаж, БНХАУ ОХУ-ын цэргийн өндөр технологийн хамтын ажиллагааг өндрөөр үнэлэв, 普京会见张又侠,盛赞中俄高科技军事合作 https://www.voachinese.com/a/putin-lauds-russia-s-high-tech-military-cooperation-with-china-20231108/7346943.html
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Сербийн үйл явдал ба “холимог дайн”-ы шинжДараах нийтлэл
Хиймэл оюун ухааны засаглал, олон улсын туршлагаСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23