“Европт “Балкан” хэмээх үг нь үндэстэн хоорондын мөргөлдөөн, их гүрнүүдийн бүс нутгийн өрсөлдөөн гэдэгтэй ижилсэн төсөөлөгддөг.”
З.Бжезинский “Шатрын аварга хөлөг”
Баруун Балкан газар зүйн байршлаараа Европын Холбоо, ОХУ, Турк улсын нөлөөний бүсийн заагт оршдог, угсаатны зөрчилтэй, хэл, соёл, шашны ялгаатай байдалтай зэрэг нь энэ бүс нутгийн тогтворгүй байдалд ихээхэн нөлөөлдөг. Ийм дундын саарал бүст их гүрнүүдийн зөрчил даамжран хурцадвал халуун дайн үүсдэгийн жишээ нь өдгөө Украинд болж буй дайны ажиллагаа юм. Энэ дайн гарах болсон шалтгаан нь нэг талаас ЕХ-ны тэлэлт нөгөө талаас ОХУ-ын түлхэлт байв.
Тэгвэл 2023 оны сүүлээр ЕХ Баруун Балкан тийш тэлэх дахин нэг алхмыг хийлээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Еврокомиссоос ЕХ-нд элсэх хүсэлтэй Украин, Молдав, Гүрж, Турк болон хуучин Югославын холбоонд багтаж байсан Баруун Балканы улсуудыг шаардлага хангаж байгаа эсэхийг үнэлэх ээлжит үнэлгээг хийж зөвлөмж гаргасан бөгөөд зөвлөмжийн дагуу Европын Зөвлөл 12 дугаар сарын 14-15-нд хуралдсан хурлаасаа тодорхой шийдвэрүүдийг гаргасан. (Энэ тухай Аюулгүй байдал судлалын хүрээлэн энэ оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартаа дэлгэрэнгүй өгүүлсэн билээ). Евро зөвлөлөөс гаргасан шийдвэрүүд нь ЕХ-ны Дорнод Европ, Өмнөд Кавказ, Балканы хойг тийш тэлэх зорилгын нэг алхам байв.
ЕХ дорно тийш тэлсээр тодорхой хугацааны дараа ОХУ-тай шууд хиллэх нөхцөл үүсэж байгааг Оросын талаас харвал Европ дахь нөлөөний бүсээ алдаж байгаа буюу өөрөөр хэлбэл дундын жийргэвч, буфер бүсгүй болно гэсэн үг. Энэ нөлөөний бүсийг алдахгүйн тулд нэг талаас Орос олон жил хичээж ирсэн бол нөгөө талаас Европ нөлөөндөө багтаахын тулд хүйтэн дайны дараанаас арга хэмжээ авч ирсэн. Тухайлбал 2003 оны 4 дүгээр сард Олон улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэнгээс Гүрж улсад явуулсан бүх нийтийн санал асуулгаар тус улсын иргэдийн 89 хувь нь ЕХ-нд элсэхийг дэмжсэний дараа 11 дүгээр сард “Сарнайн хувьсгал” гарч байв. 2006 онд Европын Хөршийн бодлого (European Neighbourhood Policy (ENP))-ын хүрээнд Гүржид таван жилийн “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхээр болсон. Улмаар 2008 онд Гүрж-Оросын “Таван өдрийн дайн” дэгдэж, Гүрж газар нутгийнхаа тодорхой хувийг алдсан юм.
2013 онд Украины ЕХ-ны интеграцид нэгдэхээр бэлтгэж байсан ажлыг зогсоолгон оронд нь Евразийн Эдийн засгийн холбоонд нэгдэх шийдвэрийг гаргуулахад Оросын талаас хүчтэй нөлөөлсөн. Үүнийг Украины ард иргэд эсэргүүцэн жагссан нь даамжирч, 2014 оны “Маиданы өнгөт хувьсгал” гарах нөхцөл бүрдсэн. Үүнтэй зэрэгцэн Орос Крымыг өөртөө нэгтгэсэн. Энэ байдал хурцадсаар 2022 онд Орос-Украины дайн эхэлсэн нь өнөө ч үргэлжилж байна.
ОХУ-тай шууд хиллэж байгаа, ЕХ-нд элсэх хүсэлтэй эдгээр улсад дээрх нөхцөл байдал үүсэж байсан бол өдгөө ЕХ-ний гишүүн болохоор хүсэлтээ гарган, шалгуур нөхцөлүүдийг хангахаар ажиллаж байгаа Баруун Балканы орнуудад болж байгаа асуудалд анхаарал хандуулах нь буфер бүсэд өрнөдөг их гүрнүүдийн зөрчлийг илүү тод ойлгох боломжийг олгоно. Өөрөөр хэлбэл зөрчил хэт хурцдахаас өмнөх үйл ажиллагааг эндээс ажиглаж болно гэсэн үг. Үүнийг “холимог дайн”-ы үйл явц ч гэж хэлдэг.
Баруун Балканы, хуучин Югослав улс байж байгаад задран шинээр тусгаар тогтносон орнуудыг ЕХ-нд интеграцчилах төлөвлөгөөг 2003 онд баталснаас хойш 20 жилийн дотор Словени, Хорват улсууд л шалгуур ханган ЕХ-ны гишүүн болсон бол бусад нь “гэрийн даалгавар”-аа хийж хараахан дуусаагүй байна. Шалгуурыг хангаж чадахгүй сунжирч байгаагийн гол шалтгаан нь Балканы орнуудын нийгэм-ард түмний соёл, сэтгэлгээний онцлог, ОХУ-аас тус бүс нутагт нөлөөгөө хадгалахаар явуулж буй “холимог дайн”-ы ажиллагаа, Хятадын худалдаа, хөрөнгө оруулалтын төслүүд болох тухай ЕХ-ны илтгэлүүдэд дурдагддаг.[1]
Дээр өгүүлсэн Еврокомиссын үнэлгээний илтгэлийн дараа 2023 оны 12 дугаар сард Баруун Балканы тэргүүлэх улс болох Сербид ээлжит бус сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал болсон нь анхаарал татав. Серби улс бол славян үндэстний, үнэн алдартны шашин зонхилсон, ОХУ-тай уламжлалт найрсаг ойр харилцаатай улс юм. 2030 онд ЕХ-нд элсэхээр зорилт тавин ажиллаж байгаа ч “Копенхагены шалгуур”-ыг хараахан хангаж чадахгүй байгаа улс.
Сербийн улс төр:
Сербийн удирдагчид хэдийгээр ЕХ-нд элсэх зорилт тавин ажиллаж байгаа гэдэг ч олон жилийн турш Балкан дахь Оросын хамгийн ойрын холбоотон байсаар ирсэн.[2] Ажиглагчид Сербийн ерөнхийлөгч Вучичийн засаглалыг хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан, иргэний эрх чөлөөг хумьсан гэх үндэслэлээр авторитари хэлбэрт шилжиж буй ардчилсан засаглал гэж томьёолдог. 2023 оны 3 дугаар сард ерөнхий сайд Ана Брнабичийн танхимын сайд Раде Баста Оросын эсрэг хориг арга хэмжээ авахыг дэмжиж байгаагаа илэрхийлсний дараа эрх баригч Сербийн Дэвшилтэт нам болон Нэгдсэн Серби нам түүнийг огцруулах саналыг өргөн барьж амжилтад хүрчээ.[3]
1999 онд Сербийг бөмбөгдсөн үйл явдлаас шалтгаалан тус улс цэрэг, аюулгүй байдлын асуудлаар төвийг сахисан байр суурьтай буюу НАТО-д элсэхгүй гэдэг байр суурийг баримталдаг, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага буюу ОДБК-д ажиглагчийн статустай. Серби эрчим хүчний хувьд Оросоос хамааралтай, хийн хэрэглээнийхээ 87 орчим хувийг ОХУ-аас импортолдог. Уг хамаарлаа бууруулах үүднээс өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-нд Азарбайжанаас хий дамжуулах хоолойн холбогчийг ашиглалтад оруулсан байна. Түүнчлэн 2008 онд Сербийн төрийн өмчит Нафтна Индустрия Србиже (NIS) компанийн 51 хувийг Оросын Газпром Нефть компанид тухайн үеийн зах зээлийн үнээс доогуур үнээр худалдсан ба одоо Газпром компани 56 хувийг эзэмшдэг гэх мэдээлэл байна.[4] Хамгийн чухал нь Сербиэс салан тусгаарласан Косовогийн асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Белградын ашиг сонирхлыг хамгаалах чухал түнш нь Москва юм.
2023 оны 12 дугаар сарын 17-нд Серби улс ээлжит бус парламентын сонгуулийг зохион байгуулжээ. Уг нь тус сонгууль циклийн дагуу 2026 оны 4 дүгээр сард болох байсан боловч ерөнхийлөгч эрх мэдлийнхээ хүрээнд ийнхүү 2 жилээр наашлуулан зохион байгуулсан байна. Сонгуулийн тогтсон цикл алдагдах нь улс төрийн тогтворгүй байдлыг илтгэдэг. Сонгуулийн үр дүнгээр 10 жилийн турш төрийн эрх барьж буй Сербийн Дэвшилтэт нам буюу ерөнхийлөгч Александр Вучичийн нам 47 хувийн саналаар тэргүүлснээр 2012 оноос хойш төрийн эрх барьж буй тус нам эрх мэдлээ дахин хадгалж үлдлээ. Үүнийг эсэргүүцсэн жагсаал, эмх замбараагүй байдал 2 долоо хоногийн турш үргэлжилж сөрөг хүчний хэд хэдэн улс төрч өлсгөлөн зарлажээ. Жагсаал Зул сарын баяр, Үнэн алдартны шинэ жилийн баярын үеэр завсарлаад 1 сарын 16-нд дахин тайван жагсаал болсон байна.
ЕАБХАБ-ын Ардчилсан институци, хүний эрхийн алба уг сонгуулийг “процессын олон алдаатай сонгууль болсон” гэж дүгнэсэн. Германы Гадаад хэргийн яам “Серби ЕХ-ны нэр дэвшигчийн статустай улсын хувьд процессын алдаатай сонгуулийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгдсэн. Энэ бол Сербийн ЕХ-нд элсэх хүчин чармайлтыг хойш татах нэг хүчин зүйл боллоо.
Эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдлын талаар ерөнхий сайд Ана Брнабич “Сөрөг хүчин Сербид тогтворгүй байдал үүсгэхээр төлөвлөж байгааг засгийн газарт анхааруулж байсан Оросын тусгай албад талархаж байна” гэж мэдэгджээ.[5] Белградад суугаа Оросын элчин сайд, ОХУ-ын Гадаад хэргийн яам, Гадаад хэргийн сайд Сергей Лавров ч мөн жагсаалыг Маиданы жагсаалтай зүйрлэжээ. Сербийн өдөр тутмын хэвлэлүүдэд ч эсэргүүцлийн жагсаалыг Оросын эсрэг “өнгөт хувьсгал” хийх оролдлого гэж тайлбарласан байна.
Харин АНУ-аас тус улсад суугаа элчин сайд Кристофер Хилл жагсаалаас 5 хоногийн дараа “АНУ бүс нутгийн асуудлаар Сербийн засгийн газартай хамтран ажиллахад бэлэн” гэж мэдэгдээд “Сербүүд өрнөдийн гэр бүлийн гишүүн болох хүсэлтэй” хэмээн нэмж хэлжээ.[6]
Сербийн улс төрд сөрөг хүчнүүд нь маш сул бөгөөд дотроо хуваагдалтай. Эрх баригчдын эсрэг хүчтэй дуу хоолой байхгүй байгаа нь өрнөдийнхөн эрх баригчдыг хүлцэн тэвчихээс аргагүй байдалд хүргэдэг гэж шинжээчид дүгнэдэг.[7]
Эдийн засаг:
Эдийн засгийн хувьд Серби улсад Хятадын нөлөө сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байгаа ба ялангуяа 2014 оноос хойш эрс өссөн нь харагдана. Балканы бүс нутгийн Хөрөнгө оруулалтын тайлангийн сүлжээ (Balkan Investigative Reporting Network (BIRN))-ний мэдээлснээр Хятад улс 2009-2021 онд тус бүс нутагт 32 тэрбум еврогийн хөрөнгө оруулснаас зөвхөн Сербид оруулсан хөрөнгө оруулалт 10.3 тэрбум еврод хүрчээ. 2016 онд Хятадын HeSteel Group Сербийн Serbia Iron and Steel компанийн гангийн үйлдвэрийг цаашид 300 сая еврогийн хөрөнгө оруулалт хийх болзолтойгоор 42 сая еврогоор худалдан авсан, 2018 онд Хятадын LingLong компани Зренжанин хотод автомашины дугуйн үйлдвэр байгуулсан нь тухайн үеийн ногоон талбайн хамгийн том хөрөнгө оруулалт гэж үнэлэгдэж байв. Үүнтэй зэрэгцэн “Zijin Mining Group “Бор” Уул уурхай, хайлуулах комбинатын 63 хувийг худалдаж авснаа зарлажээ. Эдгээр хөрөнгө оруулалт тус бүр нь ойролцоогоор 1 тэрбум еврогоор үнэлэгдэж байв. Түүнчлэн Zijin Mining нь мөн “Невсун” уул уурхайн компанийг 1.2 тэрбум еврогоор худалдан авчээ. Эдгээр хэлцлүүд нь Zijin Mining компанийг Зүүн Сербийн уул уурхайн салбарт гол тоглогч болгож, энэ бүс нутгийн уул уурхайн салбарт бараг монопол тогтоосон байна.
2022 он гэхэд Хятадын Сербид оруулсан хөрөнгө оруулалт ЕХ-ны нийт 27 орноос Сербид оруулсан хөрөнгөтэй тэнцсэн. Хятадын худалдааны яамны 2022 оны “Гадаад улс орнуудад хөрөнгө оруулах болон хамтран ажиллах үндсэн чиглэл” иж бүрэн баримт бичигт Сербийн уул уурхай, металлын үйлдвэрлэл, автомашины үйлдвэрлэлд гол хөрөнгө оруулалтыг хийхээр тусгасан байна.[8]
ЕХ, өрнөдийн орнууд сүүлийн хорь гаруй жилийн турш Сербийн хамгийн том хөрөнгө оруулагч, хандивлагч байсаар ирсэн ч Сербийн эрх баригчдын Оросыг налсан бодлогоос шалтгаалан иргэд Оросыг хамгийн том хандивлагч гэж үздэг байжээ. Энэ байдал цар тахлын үед Хятадын явуулсан дипломат ажиллагаанаас үүдэн өөрчлөгдөн 2021 оны Европын харилцааны хүрээлэнгийн судалгаагаар Сербийн иргэдийн 40% нь Хятадыг хамгийн том хандивлагч гэж үздэг бол ЕХ-г 17.6%, ОХУ-ыг 14.6% хамгийн том хандивлагч гэж нэрлэсэн байна.[9]
Серби бол Хятадын хувьд Европ руу орох орц бөгөөд зарим ажиглагчид Сербийг Хятадын “Трояны морь” хэмээдэг.
Дээрх мэдээллээс Сербийн эдийн засагт Хятадын нөлөө эрчимтэй өсөж байгаа нь тодорхой харагдаж байна. Эдийн засгийн нөлөөг даган улс төрийн нөлөө ч нэмэгдэж буйг Европын парламентын судалгааны албаны тайланд мөн дурджээ.[10]
Эрх зүй:
Сербийн Эдийн засгийн яам, Төрийн тусламжийн хяналтын хороо Хятадын хөрөнгө оруулалтыг Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох журмуудын “стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалт”, “үндэсний ашиг сонирхолд нийцсэн хөрөнгө оруулалт” зэрэг заалтад хамруулан, мэдээллийг нууцалдаг ажээ.[11] Үүнийг хууль дээдлэх зарчмыг алдагдуулж буй хэлбэр гэж судлаачид шүүмжилдэг.
Түүнчлэн 2018-2020 онд Баруун Балканы хэд хэдэн улсад зэрэг өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын дараа 2021 оны 12 дугаар сард Сербийн Дотоод хэргийн сайд Александр Вулин Москвад айлчлах үеэрээ ОХУ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.Патрушевтай уулзжээ. Уулзалтын үеэр талууд аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүрээнд “өнгөт хувьсгал”-ын эсрэг хамтран тэмцэхээр тохиролцсон байна.[12]
Дүгнэлт
Нэгтгээд харвал хуучин ЗХУ-ын нөлөөний бүс болох Серби улсын улс төрд өдгөө Оросын нөлөө хүчтэй хадгалагдаж байна. Харин эдийн засагт нь Хятадын нөлөө эрчимтэй нэмэгдэн тогтож байна. Орос-Хятадын хослолын эсрэг өрнөдийн холбоотнууд байгаа бөгөөд талуудын Балкан дахь нөлөөгөө бататгах “холимог дайн” Сербийн нутагт өрнөж байгаа дүр зураг улс төрийн тогтворгүй байдлаар илрэн харагдаж байна. “Холимог дайн”-ы чухал шинж тэмдэг нь тухайн улсын улс төрд нөлөөгөө тогтоох, эдийн засгийн том төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтаар дамжуулан эдийн засгийг нь савлуулах суурь нөхцөлийг бүрдүүлэх, хууль эрх зүйд нь өөрт ашигтай заалт оруулах зэрэг юм.
Сербийн нөхцөл байдал зарим талаар манай улстай төстэй байгаа нь буфер бүсэд их гүрнүүд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг болохыг харуулж байна. Буфер бүсийн орнуудад “холимог дайн” явуулах суурь нөхцөл болох нийгмийн талцал хуваагдлыг дэвэргэх, урьдач нөхцөл болох улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг ашиг сонирхол бүхий их гүрнүүд байнга бэлдэж, тогтворгүй байдлыг хадгалж байдаг. Гэхдээ аль улс нь ямар хүч хэрэгслээр ямар үйл ажиллагаа явуулаад байгааг тодорхойлох боломж хязгаарлагдмал. “Холимог дайн”-ы хохирогч нь буфер бүсийн улс өөрөө байх нь түгээмэл бөгөөд ялагч нь ялснаа мэддэг бол хохирогч нь хохирч, ялагдаж буйгаа мэддэггүй. Түүгээр ч барахгүй “холимог дайн”-д өртөж буйгаа ч мэдэрдэггүй онцлогтой. Иймд буфер бүсэд байрладаг жижиг улсад хэрэгжүүлж буй их гүрнүүдийн үйл ажиллагааг ажиглаж байх нь чухал ач холбогдолтой юм.
Ашигласан эх сурвалж:
[1] “Европын холбооны тэлэлтийн дараагийн алхам” https://niss.gov.mn/archives/3549#_edn11
[2] Serbia and Russia – a partnership for the future, or a dying relic of the past? Serbia and Russia – a partnership for the future, or a dying relic of the past? | Veridica
[3] https://en.wikipedia.org/wiki/2023_Serbian_parliamentary_election
[4] Serbia and Russia – a partnership for the future, or a dying relic of the past? Serbia and Russia – a partnership for the future, or a dying relic of the past? | Veridica
[5] Serbia thanks Russian spies for warning about color revolution attempt — Puppet Masters — Sott.net
[6] “Serbian democracy is paying a price for western geopolitical interests” https://balkaninsight.com/2024/01/11/serbian-democracy-is-paying-a-price-for-western-geopolitical-interests/
[7] https://balkaninsight.com/2024/01/11/serbian-democracy-is-paying-a-price-for-western-geopolitical-interests/
[8] How Did China Become the Largest Investor in Serbia? – chinaobservers
[9] Serbia wants to be an EU member, but it likes China better | Veridica
[10] China’s strategic interests in the Western Balkans (europa.eu)
[11] The state aid granted to the Linglong Tire is not in accordance with the law – RERI
[12] https://apnews.com/article/europe-russia-environment-and-nature-moscow-serbia-9c1e4fef540909927d02caa1f7d05c1b
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Тайванийн сонгууль-2024Дараах нийтлэл
Хятад Оросын харилцааСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23