2024 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Тайванийн 16 дахь удаагийн Ерөнхийлөгчийн болон 11 дэх удаагийн Парламентын[1] сонгууль нэгэн зэрэг болж өндөрлөв. Сонгуулийн үр дүн, түүнээс хамаарч бүс нутаг, олон улсын орчинд гарч болзошгүй үр дагаварт дүгнэлт хийхийн өмнө сонгуулийн өмнөх нөхцөл байдлыг товч авч үзье.
Сонгуулийн өмнөх Тайваний дотоод, гадаад орчны үнэлгээ
Тайвань дэлхийн 20 дахь эдийн засаг (ДНБ-ий хэмжээ 790 тэрбум ам.доллар), хагас дамжуулагчийн зах зээлийн нөлөө бүхий тоглогч, Зүүн, Зүүн өмнөд Азийг Европ, Америкийн зах зээлд холбогч, дэлхийн далайн тээврийн 48 хувь дамжин өнгөрдөг Энэтхэг-Номхон далайн чухал зангилаа цэг, 23.5 сая хүн амтай, Де-юрэ тусгаар тогтнолоо эрэлхийлдэг арал юм. Дэлхийн эдийн засаг, өндөр технологийн салбар, бүс нутаг дахь геополитикийн орон зайд жинтэй байр суурь эзэлдэг, ардчилсан энэ газар сүүлийн жилүүдэд улс төр, нийгмийн үзэл баримтлалын хувьд эх газрын Хятадтай илэрхий сөргөлдөж, дэлхийн халуун цэгийг нэгээр нэмэх эрсдэл нүүрлэх болов.
2016 онд сөрөг хүчнээс эрх барих хэмжээнд хүрч төлөвшсөн Ардчилсан дэвшилт нам сонгуульд ялалт байгуулж, засгийн эрхийг авсан даруйдаа эх газрын БНХАУ-тай харилцах улс төрийн суурь үзэл баримтлал гэгддэг “92 оны зөвшилцөл”-ийг үгүйсгэж,[2] олон улсад өөрийн байр суурийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой ажлыг шат дараатай хэрэгжүүлсэн нь багагүй үр дүнд хүрсэн. Тухайлбал, Тайванийн талаас Европын холбоо, АНУ-тай хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хийж буй яриа хэлэлцээ, ДЭМБ-д гишүүнээр элсэх хүчин чармайлт, Шинэ Өмнөдөд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, цар тахлын үеэр идэвхтэй явуулсан “Mask Diplomacy” зэргийг дурдаж болно. Олон улсад байр сууриа өргөжүүлэх Тайванийн талын хүчин чармайлтыг АНУ, Их Британи, Япон тэргүүтэй улс орнууд хүчтэй дэмжиж байна. 2022 оны 8 дугаар сард АНУ-ын Төлөөлөгчийн тэнхимийн тэргүүн Нэнси Пелоси БНХАУ-ын ширүүн эсэргүүцлийг үл хайхран Тайбэйд айлчилсан нь үүний нэгэн илрэл болов.[3] “Тайванийн энэ бүх хүчин чармайлтын эцсийн зорилго нь “Тусгаар тогтнол”-оо зарлахад чиглэж байна” хэмээн ажиглагчид үздэг. Тайвань тусгаар тогтнолоо зарлах нь БНХАУ-аас цэргийн хүчээр халдан довтлох бодит үндэслэл болох юм. Тусгаар тогтнолын асуудлаар тайваньчуудын дунд 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр явуулсан санал асуулгын дүнг харвал дараах дүр зураг харагдаж байна:[4]
Харин БНХАУ-ын талаас Тайванийг олон улсад ганцаардуулах, эцсийн дүндээ өөртөө нэгтгэхэд чиглэсэн цэрэг, улс төр, дипломат, эдийн засгийн арга хэмжээг тасралтгүй авсаар ирэв. Тайванийн тал БНХАУ-аас тогтоосон “улаан шугам”-ыг давах бүрд тус арлыг тойрсон цэргийн сургууль хийх, байлдааны онгоцоор агаарын хилийг нь зөрчих, Тайваньтай дипломат харилцаатай орнуудыг өөртөө урвуулах, эдийн засгийн хориг тавих алхмыг удаа дараа хийж байв. Дээр дурдсан Нэнси Пелосигийн айлчлалын үеэр хоёр эргийн харилцаа улам хурцдаж, БНХАУ 4 өдрийн турш бүрэн хэмжээний цэргийн сургууль[5] зохион байгуулахын зэрэгцээ Тайванийн 2400 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд импортын хориг тавьсан юм.[6] БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2024 оны шинэ жилийн мэндчилгээндээ “Эх орноо нэгтгэх нь түүхэн зайлшгүй үйл хэрэг” хэмээн мэдэгдсэний[7] дараахан буюу 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Науру улс Тайваньтай харилцаагаа тасалж, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосноо мэдэгдэв.[8] Ингэснээр Тайваньтай дипломат харилцаатай улсын тоо 12 болон буурч байна. БНХАУ-ын энэ бүх хүчин чармайлт нь Тайванийн эрх баригчдын тусгаар тогтнох санаархлыг тас цохиход чиглэж буй юм.
Тайванийн ерөнхийлөгч Цай Инвэнь 2020 оны 1 дүгээр сард BBC-ийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө: “Бид тусгаар тогтнолоо дахин тунхаглах шаардлагагүй. Учир нь Тайвань бол аль хэдийн тусгаар тогтносон улс”[9] хэмээсэн нь олон улс хийгээд БНХАУ-д өгч буй “товч” хариулт байсан юм. Тэгвэл ерөнхийлөгч Цай Инвэний залгамжлагч, “прагматик тусгаар тогтнолыг дэмжигч”буюу“тусгаар тогтнолын төлөөх зарц” хэмээн өөрийгөө тодорхойлдог[10] Лай Чиндө энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан дэвшилт намаас нэр дэвшин сонгогдсоноор “БНХАУ Тайваньд цэргийн хүчээр довтлох нь зайлшгүй” гэх болгоомж, таамаглал судлаачдын дунд газар аваад байна. Товчхондоо энэ удаагийн сонгууль нь Гуоминь намаас нэр дэвшигчдийн уриалснаар “Энх тайван эсвэл дайныг сонгох сонголт” хэмээн тэд үзэж байна.[11]
Ерөнхийлөгчийн сонгууль
Тайванийн Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчийг бүх нийтийн санал хураалтаар сонгодог. Сонгуульд оролцогч улс төрийн намууд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг хамтад нь тодруулж, өрсөлдүүлдэг хуулийн зохицуулалттай.[12] Энэ удаад эрх баригч Ардчилсан дэвшилт нам (Миньжинь дан), гол сөрөг хүчин Гуоминь нам, гуравдагч хүчин Ард түмний нам (Миньжун дан)-аас дараах нэр дэвшигчдийг тодруулав:[13]
Сонгуулийн гарааны үед Хоу Ёу-и давамгайлж, Кө Вэньжөгийн нэр хүнд тогтвортой нэмэгдэж байсан ч тэдний БНХАУ-ыг налсан аядуу бодлого, Лай Чиндөгийн эсрэг нэгдэхээр тохиролцсон ч эцсийн шийдэлд хүрч чадаагүй зэрэг нь дэмжигчдийнх нь тоог огцом бууруулав. Эх газрын Хятадаас сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор цэргийн сүрдүүлэг, улс төр, дипломатын хатуу мэдэгдэл, олон нийтийн сүлжээгээр хуурамч мэдээлэл түгээх, “өөрийн” талын улс төрчдөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, эсрэг талд их хэмжээний мөнгө амлах зэргээр өргөн далайцтай үйл ажиллагаа явуулсан ч хүссэн үр дүндээ хүрч чадсангүй. Энэ бүхэн нь ерөнхийдөө Ардчилсан дэвшилт намын эсрэг чиглэж буйг судлаачид онцолж байна. Тухайлбал, “Гуоминь намаас Ард түмний намтай эвсэхийн тулд Кө Вэньжөд 200 сая ам.долларын шан харамж амласан, барууны орнууд Тайванийг хөсөр хаяна, Ардчилсан дэвшилт намынхан бол улсаа худалдагчид, Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Шяо Мэйчинь бол америк хүн, америкийн тавиул” хэмээн цоллох зэргээр олон нийтийн санаа бодолд нөлөөлөх оролдлогыг удаа дараа хийж байв. Өөрөөр хэлбэл нийгмийн сүлжээ суурьтай “Сэтгэлзүйн дайн”, “Мэдээллийн дайн”-ы цар хүрээ өргөсөж, түүхэн дээд амжилтыг тогтоосон байна.[14]
Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа эхэлсэн өдрөөс хойш иргэдийн дунд явуулсан санал асуулгаар Ардчилсан дэвшилт намын нэр дэвшигчид давуу байдлаа хадгалсаар санал хураалтын өдөр нийт сонгогчдын 40.05 хувийн дэмжлэгтэйгээр итгэл төгс ялалт байгуулав.[15] Тухайлбал, 2023 оны 1 дүгээр сарын 16-наас 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тасралтгүй хийгдсэн TVBS телевизийн санал асуулгын үр дүнг дараах графикаас харж болно.[16]
Эндээс үзвэл тайвань иргэдийн сонгуулийн боловсрол харьцангуй өндөр түвшинд хүрсэн, нийгмийн ардчилал сайтар төлөвшсөн, Эх газрын Хятадын нөлөөлөл улам бүр буурч буйг харж болохоор байна. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тангараг өргөж, үүрэгт ажилдаа орно. Сонгуулийн үр дүнг графикаар харуулбал:[17]
Парламентын сонгууль
2024 оны Тайванийн Парламентын сонгуульд улс төрийн намууд нийт 113 суудлын төлөө өрсөлдөж дараах үр дүнд хүрчээ:[18]
2024 оны Парламентын сонгуулийн үр дүнг 2020 оныхтой харьцуулбал Ардчилсан дэвшилт нам 10 суудал алдсан бол Гуоминь нам 14, Ард түмний нам 3 суудал нэмж авчээ.[19] Санал хураалтын үр дүнд аль ч нам Парламент дахь нийт суудлын 50 хувиас дээш буюу үнэмлэхүй олонх болж чадаагүй тул бусад нам, бие даагчидтай зөвшилцөх боломж хийгээд эрсдэлийг зэрэг дагуулж байна.
Шинээр сонгогдсон Парламентын гишүүд 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдөр үүрэгт ажилдаа орж, Спикерээ сонгоно. Одоогийн байдлаар Спикерээр сонгогдох хамгийн өндөр магадлалтай хүнээр Гуоминь намаас 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялагдсан ч улс төрд одоог хүртэл нөлөөтэй харизматик улс төрч Хан Гуо-юйтодроод байна. Гэхдээ Парламентад олонх болох эсэх нь Ард түмний намын тоглолтоос ихээхэн хамаарах учир эцсийн хариултыг өгөх нь амаргүй юм. Олонх судлаач “гүйцэтгэх эрх мэдлийг авсан Ардчилсан дэвшилт намыг хазаарлах буюу засаглалыг тэнцвэржүүлэхэд Гуоминь нам болон Ард түмний намын ашиг сонирхол нэгдэх тул тэд Парламентын удирдлагыг хамтарч гартаа оруулна” хэмээн үзэж байна.[20]
Тайванийн Парламент нь “хууль санаачлах, хэлэлцүүлэх, батлах, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсөв батлах, дайн зарлах, сонсгол явуулах, шүүх, прокурор, хяналтын байгууллагын өндөр албан тушаалтныг томилох, Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх, огцруулах эсэх асуудлаар тодорхой шийдвэр гаргах эрхтэй институц”[21] тул түүнд аль нам олонх байх нь нөгөө намын хэрэгжүүлэх бодлого, шийдвэрт томоохон нөлөө үзүүлдэг. Ялангуяа гүйцэтгэх эрх мэдлийг гартаа авсан Ардчилсан дэвшилт намын хувьд энэхүү нөхцөл байдал томоохон сорилт болж байна.
Тайванийн сонгуулийн дараах нөхцөл байдал ба бүс нутаг олон улсын орчинд гарч болзошгүй өөрчлөлт
Тайванийн цаашдын ирээдүй, түүний бүс нутаг, олон улсад үзүүлэх нөлөөлөл шинээр сонгогдсон эрх баригчдын бодлого, үйл ажиллагаанаас ихээхэн хамаарна. Шинэ эрх баригчдын хувьд өмнөх засгийн бодлогыг залгамжлан авч явах, улмаар тэлэх нь тодорхой байна. Харин үүнд БНХАУ хэрхэн хандах нь томоохон асуулт болж байна. Дээр дурдсанчлан “Энх тайван уу эсвэл дайн уу?” хэмээх сонголтыг тайваньчуудад тулгасан уу? Тэд Лай Чиндө буюу “дайн” хэмээх сонголтыг хийсэн үү? гэх логик хувилбарыг дэвшүүлэхэд хүргэж байна. Гэвч уг асуултын хариулт тайваньчуудаас илүүтэй БНХАУ-ын эрх баригчдаас шалтгаалах нь бодит байдалд нийцэхээр байгаа юм.
Сонгуулийн дараах их гүрнүүдийн байр суурь, БНХАУ-ын эдийн засгийн уналт, батлан хамгаалах салбар дахь авлигын асуудал, Тайванийн геополитикийн орон зайд эзлэх онцлог байр суурийг харгалзан үзвэл ойрын жилүүдэд хоёр эргийн зөрчил дайнаар шийдэгдэх магадлал багатайг харж болно. Тухайлбал, Тайванийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид 50 гаруй улсын төр, засгийн тэргүүн баярын цахилгаан илгээсэн. Үүнд АНУ, Их Британи, Европын холбоо, Канад, Япон зэрэг Тайванийн “хуучин” найзууд багтаж байгаагийн сацуу ХБНГУ, Сингапур, Филиппин зэрэг улс энэ жагсаалтад шинээр нэмэгджээ. 2024 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден Тайванийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ “АНУ-аас Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй” гэдгээ дахин нотлов. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкин “Тайвань хоолойн тогтвортой байдал дэлхийн эдийн засагт чухал ач холбогдолтойг онцлоод, хоёр эргийн зөрчилдөөнийг энх тайвнаар шийдвэрлэх ёстой”-г сануулсан байна.[22]
БНХАУ дээр дурдсан улс орнуудыг дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцож буйг эрс буруутгахын зэрэгцээ “Тайванийн сонгууль нь хоёр эргийн харилцааны үндэс, хөгжлийн чиг хандлага, тэр дундаа эх орноо нэгтгэх үйлсийн зайлшгүй шинж чанарт үл нөлөөлнө. Бид энх тайвнаар нэгдэх боломжийг өргөжүүлэхийг зөвшөөрнө. Аль болох энх тайвнаар нэгдэхийг чармайна”хэмээн байр сууриа илэрхийлжээ.[23]
Дээрх үйл явдлыг ерөнхийд нь дүгнэвэл 1) Тайванийн геополитикийн орон зайд эзлэх байр суурь буюу түүний бүс нутаг, дэлхийн эдийн засаг, шинэ техник, технологийн хөгжилд үзүүлэх хүчтэй нөлөөлөл, газар зүйн чухал байршлыг их гүрнүүд хүлээн зөвшөөрч буй; 2) Энэ нь Тайванийг хэн ч халдаж үл чадах “хөөсөн бөмбөлөг” мэт болгож буй; 3) Улмаар аль ч тал дангаараа (түүний дотор Тайвань өөрөө ч) түүний одоогийн статус квог хөндөх боломжийг хязгаарлаж буйг харж болохоор байна.
Цаашид Тайвань өндөр технологийн хөгжил, хагас дамжуулагчийн дэвшилтэт үйлдвэрлэл, түүнд түшиглэсэн хөрөнгө оруулалтаар дамжуулан эдийн засгийн хүчин чадлаа улам бүр өсгөх, далайн тээвэр, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал байршлаа ашиглан геополитикийн орон зайгаа улам өргөжүүлэх, улмаар олон улсад байр суурь, нөлөөллөө бэхжүүлэх амбицтай нь тодорхой байна.
Өнгөрсөн 8 жил Тайванийг удирдсан Цай Инвэнь энэ чиглэлээр чамлахааргүй суурийг бүрдүүлж, олон улсад өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсаныг бид харсан. Хамгийн гол нь түүний ард бодит эдийн засгийн хүч чадал зогсож байгаад хэргийн учир оршиж байна. Харин түүнийг залгамжлагч, түүнээс дутахгүй амбицтай Лай Чиндө өнгөрсөн хугацаанд бий болсон суурийг ашиглан Цай Инвэний бодлогыг үргэлжлүүлэхээс гадна өөрийн гэсэн ямар бодлого, стратегийг хэрэгжүүлэх нь анхаарал татаж байна. Хэрэв АНУ-ын 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп ялалт байгуулбал “Трамп, Лай хоёрын хослол” БНХАУ-д хар дарсан зүүд болохыг зарим судлаач анхааруулж байна.
Ашигласан эх сурвалж:
[1] Тайванийн хууль тогтоох байгууллагын албан ёсны нэр нь “Хууль тогтоох Юань”, цаашид Парламент гэх нийтлэг нэршлээр бичих болно.
[2] 蔡英文否認九二共識 選項為何 https://tw.news.yahoo.com/府-蔡英文否認九二共識-選項為何-021904124.html
[3]US House Speaker Nancy Pelosi lands in Taiwan amid threats of Chinese retaliation https://edition.cnn.com/2022/08/02/politics/nancy-pelosi-visit-taipei-taiwan-trip/index.html
[4] 民調/主流民意?48.9%民眾挺台獨 年輕人過半支持 https://tw.news.yahoo.com/民調-主流民意-48-9民眾挺台獨-年輕人過半支持-020859584.html
[5] 從近年中國大陸演習模式探討對臺可能威脅與因應作法以2022年共軍對臺封控軍事行動為例─王文彥、張佑菁─印_072348.pdf https://www.mnd.gov.tw/NewUpload/202305/694-4
[6] 中國禁止逾2千件台灣食品 5張圖看懂對台影響 【圖解】https://news.pts.org.tw/article/614336
[7] 国家主席习近平发表二〇二四年新年贺词 http://cpc.people.com.cn/n1/2024/0101/c64094-40150459.html
[8]諾魯與台灣斷交 大陸、澳洲「南太平洋布局」被牽動 https://udn.com/news/story/123892/7713969
[9] 總統:我們已是獨立國家 稱自己為中華民國台灣【專訪全文】https://www.cna.com.tw/news/firstnews/202001180191.aspx
[10] 【清德秒回】賴清德:我是務實的台獨工作者,台灣已經是一個主權獨立的國家—「政治進入校園」座談會 https://youtu.be/tab_bHdB7JE
[11] 台灣選舉:中國被指多方位介選 https://www.rfi.fr/tw/專欄檢索/要聞解說/20240110-台灣選舉-中國被指全方位介選
[12] Тайванийн Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчийг сонгох, эгүүлэн татах тухай хууль, Иргэн улсын 95 оны 5-р сарын 5-ны өдөр, 3-р бүлэг, 3-р хэсэг, 22-р зүйл. https://law.moj.gov.tw/LawClass/LawAll.aspx?pcode=D0020053
[13]第 16 任總統副總統選舉選舉公報 https://eebulletin.cec.gov.tw/113/01第16任總統副總統選舉/第16任總統副總統選舉選舉公報.pdf
[14] 柯文哲:有人開價 只要我當副手就給2億美元 https://tw.news.yahoo.com/柯文哲:有人開價-只要我當副手就給2億美元-065448579.html
[15] Election winner Lai Ching-te: Taiwan achieved a victory for democracy https://www.taiwannews.com.tw/en/news/5077732
[16] 2024大選總統民調分析|三家封關民調出爐 辯論會後「賴蕭配」「侯趙配」雙跌「柯吳配」上升 https://tw.news.yahoo.com/2024大選總統封關民調分析-柯文哲-賴清德-侯友宜辯論-005413593.html
[17] 35張圖表,帶你看2024大選關鍵結果https://www.twreporter.org/a/2024-election-results-chart
[18]【2024立委選舉結果》立法院三黨不過半 台灣民眾黨獲8席不分區掌握國會關鍵角色】
出處:信傳媒( https://www.cmmedia.com.tw/home/articles/44613 ) https://www.cmmedia.com.tw/home/articles/44613
[19] 2024立委選舉》政黨票怎麼投?不分區名單、各縣市提名一次看 https://www.cw.com.tw/article/5128201
[20] 韓國瑜甩黃國昌提「韓江配」 黃暐瀚稱一舉三效:自信、互補、逼表態 https://www.taiwannews.com.tw/ch/news/5081522
[21] 立法院有議決法律案、預(決)算案、戒嚴案、大赦案、宣戰案、媾和案、條約案及國家其他重要事項等職權。凡法、律、條例、通則均需經立法院通過、總統公布,方得施行。https://www.ly.gov.tw/Pages/Detail.aspx?nodeid=161&pid=10
[22] 美国媒体报道台湾选举后拜登的反应:“我们不支持独立。” https://www.voachinese.com/a/us-not-supporting-taiwan-independence-20240113/7438892.html
[23] 国台办:坚持寄希望于台湾人民方针,团结广大台湾同胞共同推进祖国和平统一进程 http://www.gwytb.gov.cn/xwdt/xwfb/wyly/202401/t20240117_12594375.htm
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Европын Холбооны тэлэлтийн дараагийн алхамДараах нийтлэл
Сербийн үйл явдал ба “холимог дайн”-ы шинжСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19