2023 оны 11 дүгээр сард Еврокомиссоос Европын холбоо (ЕХ)-нд элсэх хүсэлт гаргасан орнуудын шаардлага хангаж буй эсэх тухай ээлжит үнэлгээний илтгэл гаргаж дараах зөвлөмжийг гаргасан юм.[1] Үүнд: Украин, Молдав улсууд өмнөх оны зөвлөмжид заагдсан хийж гүйцэлдүүлэх ёстой шинэчлэлийн үндсэн алхмуудын ихэнхийг гүйцэлдүүлсэн тул ЕХ-нд элсэх хэлэлцээ эхлүүлэх, Гүрж улс ЕХ-ны зөвлөсөн 12 шинэчлэлийн ажлыг хийж дуусах дөхсөн ба ЕХ-нд элсэх кандидат статус олгоход ойртсон, Босни Герцеговин улс холбооны нэгжид шаардлагатай Үндсэн Хуулийн шинэчлэл хийсний дараа ЕХ-нд элсүүлэх хэлэлцээ эхлүүлэх. Мөн ЕХ-нд элсэхээр ажиллаж буй бусад 6 улс, Албани, Косово, Монтенегро, Умард Македони, Серби, Турк улсуудын шинэчлэлийн явцын тухай нарийвчилсан үнэлгээний илтгэл гаргасан байна.[2]
Еврокомиссийн гаргасан зөвлөмжийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 14-15-нд явагдсан Евроконсулын уулзалт (EUCO буюу ЕХ-ны улсуудын төр, засгийн тэргүүдийн уулзалт)-аар Украин, Молдав улсыг ЕХ-нд элсүүлэх хэлэлцээ эхлэх, Гүрж улсад кандидат статус олгох, Босни Герцеговинд хийгдэх ёстой реформын үр дүнг хүлээх шийдвэр гаргав.[3] ЕХ-ны тэлэлтийн дараагийн алхмыг ийнхүү шуурхайлах болсон шалтгааны нэг нь Украинд явагдаж буй дайн бөгөөд хэрвээ эдгээр шийдвэрийг яаран гаргахгүй бол сүүлийн 20 жил өрнүүлж буй Дорнод Европ, Өмнөд Кавказ, Балканы хойгийг интеграцид хамруулах хэтийн зорилго нь бүтэлгүйтэх эрсдэлтэй болсонтой холбоотой.
Европын Холбооны тэлэлт
Дэлхийн II дайн дараа Европ тив, Өрнөд Европын улсуудад хоёр үндсэн зорилт тулгарсан нь: дайны дараах сэргээн босголт, мөн Өрнөд ба Төв Европ дахь ЗХУ, АНУ, Их Британий цэргийг нутгаасаа гаргаж өөрийн төрт улсуудаа сэргээн хувь заяагаа өөрийн гарт эргүүлэн авах явдал байлаа. Дайны дараах үйл явц Европын орнуудын хүссэнээр өрнөөгүй бөгөөд 1946 онд НҮБ, 1949 онд НATO, 1955 онд Варшавын гэрээний байгууллага тус тус байгуулагдаж Европын хувь заяа сөргөлдөгч хоёр эвсэлд дахин хуваагдаж Хүйтэн Дайн эхэлсэн. Энэ үед Өрнөд Европын 6 улсын удирдагчид Парист цуглаж 1951 онд “Европын Нүүрс, Гангийн нийгэмлэг” байгуулж Европын орчин үеийн интеграцийн эх суурийг тавьсан түүхтэй.[4]
“Европын Нүүрс, Гангийн нийгэмлэг” гэх форматаар дамжуулан дундаа нэг зах зээл, тоглоомын нэгдсэн дүрэм үүсгэж туршиж үзсэн Франц, ХБНГУ, Итали, Нидерланд, Бельги, Люксембург нарын 6 улс 1957 онд Ромын гэрээ байгуулж “Европын Эдийн засгийн нийгэмлэг” болж интеграцийн дараагийн формат руу шилжсэн байна. Эндээс эхлэн өнөөг хүртэл өргөжсөн он дарааллыг товч харвал:
- 1951. Парисын гэрээ – “Европын Нүүрс, Гангийн нийгэмлэг”. 6 улс (Франц, ХБНГУ, Итали, Нидерланд, Бельги, Люксембург);
- 1957. Ромын гэрээ – “Европын Эдийн засгийн нийгэмлэг”. (Нийт 6 гишүүн улс);
- 1973. Тэлэлт-1. Их Британи, Дани, Ирланд (Нийт 9 гишүүн улс);
- 1981. Тэлэлт-2. Грек (Нийт 10 гишүүн улс);
- 1986. Тэлэлт-3. Испани, Португаль (Нийт 12 гишүүн улс); “Single European Act” батлагдсан;
- 1990. ХБНГУ, БНАГУ нэгдэж ХБНГУ болсон;
- 1992. Маастрихтийн гэрээ – Европын Холбооны суурь гэрээ;
- 1995. Тэлэлт-4. Австри, Финланд, Швед (Нийт 15 гишүүн улс);
- 1997. Амстердамын гэрээ;
- 1999. Евробүс байгуулагдсан;
- 2004. Тэлэлт-5. Польш, Чех, Словак, Унгар, Словени, Латви, Литва, Эстони, Кипр, Мальт (Нийт 25 гишүүн улс);
- 2007. Тэлэлт-6. Румын, Болгар (27 гишүүн улс). Лиссабоны гэрээ байгуулагдсан;
- 2013. Тэлэлт-7. Хорват (28 гишүүн улс);
- 2020. Их Британи холбооноос гарсан (27 гишүүн улс); [5]
ЕХ-ны эрх баригчид 1991 оны ЗХУ-ын задрал, Югославын задралын дараа шинээр бий болсон Европ тивд хамаарах улсуудад чиглэсэн интеграцийн бодлого явуулахдаа Копенхагены шалгуурыг (1993 онд гаргасан[6]) нийтлэг шалгуур нөхцөл болгохоос гадна бүс нутаг болгоны онцлогт тааруулсан нэмэлт нөхцөлүүд (Тухайлбал Баруун Балканы орнуудад Stabilisation and Association Agreements – SAA) тавьж ЕХ-ны шалгуур хангахад бэлтгэж байв.[7] Дөнгөж коммунист блокоос салж Өрнөдийн хөгжлийн зам руу шилжиж буй улс орнууд, төр нийгмийн тогтолцоо, нийгэм-ард түмний соёл, сэтгэлгээ шууд Өрнөд Европын суурь үнэт зүйлст интеграц хийх нь амаргүй сорилт байсан бөгөөд зарим улсуудын хувьд энэ үйл явц дуусаагүй үргэлжилсээр байна.
Зураг-1. Евро-интеграцийн он дараалал ба зураглал. Эх сурвалж: FIIA[8]
Одоогийн байдлаар ЕХ-ны тэлэлт 2 үндсэн чиглэлд төвлөрч тус бүрд нь зориулсан Замын зураг, төлөвлөгөө гарган үе шаттай ажиллаж байна.
- Баруун Балкан: Балканы бүс нутаг дахь Албани, хуучин Югославын бүрэлдэхүүнд байгаад салж шинээр тусгаар тогтносон орнуудыг ЕХ-нд интеграцчилах төлөвлөгөөг 2003 онд Тессалоникид болсон ЕХ-ны уулзалтаар албажуулж замын зураг гаргаж, зорилго зорилтууд тодорхойлсон юм.[9] Үүнээс хойш 20 жилийн хугацаанд Словени (2004), Хорват (2013) улсууд бүх процессыг дүүргэж ЕХ-ны бүрэн эрхт гишүүн, мөн Евробүсийн орон болж чадсан бол Албани, Серби, Босни Герцеговин, Монтенегро, Умард Македони, Косовогийн хувьд ЕХ-нд элсэх асуудал он жилийг туулж Копенхагены шалгууруудад хүрч амжаагүй явна.
- Албани: ЕХ-нд элсэх хэлэлцээ 2022 онд эхэлсэн, үргэлжилж байна.
- Босни Герцеговин: ЕХ-нд элсэх хэлэлцээ эхлэх эсэх албан шийдвэр 2024 оны 3 дугаар сард гарна. (ЕХ-ноос тус улсад Үндсэн Хуулийн реформ хийхийг шаардаж буй)
- Монтенегро: ЕХ-нд элсэх хэлэлцээ 2012 онд эхэлсэн, үргэлжилж байна.
- Серби: ЕХ-нд элсэх хэлэлцээ 2014 онд эхэлсэн, үргэлжилж байна.
- Умард Македони: ЕХ-нд элсэх хэлэлцээ 2022 онд эхэлсэн, үргэлжилж байна.
- Косово: ЕХ-нд элсэх процесс эхлүүлэх хүсэлт гаргасан.
2023 оны 12 дугаар сард ЕХ – Баруун Балканы уулзалт болж Еврокомиссоос интеграцийн үйл явцыг хурдасгах шинэ замын зураг танилцуулан 680 сая еврогийн багц зарлаад байна.[10] Балканы орнуудын өөрийн онцлог, ОХУ-аас тус бүс нутагт нөлөөгөө хадгалж өдөөн хатгах, турхирах, зохион байгуулалттай гэмт хэргийг өөгшүүлэх зэрэг “холимог дайн”-ы ажиллагаа явуулж, Сербийн үндсэрхэг үзлийг өөгшүүлдэг явдал, мөн БНХАУ-ын “Бүс, Зам”-ын хүрээнд орж ирсэн худалдаа, санхүү, хөрөнгө оруулалтын төслүүд Баруун Балканыг ЕХ-нд интеграц хийх явцыг 20 жил сунжруулахад гол нөлөө үзүүлсэн тухай ЕХ-ны илтгэлүүдэд дурддаг.[11] Шинэ замын зургийн дагуу харвал Баруун Балканы 6 улсыг интеграцид хамруулж дуусах хугацаа 2030 оноос цааш тавигдаад байна.[12]
- Дорнын түншлэл: 2009 онд ЕХ дорно зүгийн орнууд руу тэлэх шинэ төлөвлөгөө “Дорнын Түншлэл” (Eastern Partnership) эхлүүлсэн.[13] Шинэ төлөвлөгөөний хамрах хүрээ нь: Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Украин, Беларусь, Молдав, Гүрж, Армян, Азербайжан гэсэн 6 улс бөгөөд энэ стратегийн хүрээнд ЕХ дараах зорилтууд тавьсныг тоймлож болно:
- ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Дорнод Европын орнуудыг интеграцид хамруулж дуусах, Украин, Беларусь, Молдавын хүн ам, байгалийн нөөц, минерал, эрчим хүч, ХАА, аж үйлдвэрлэлийн нөөцийг ЕХ-нд интеграцчилах,
- Өмнөд Кавказын бүс нутагт ЕХ хөл тавих. Гүрж, Азербайжанаар дамжуулан Төв Азийн минералын нөөцтэй шууд холбогдох (ОХУ-аар дамжихгүйгээр) гүүр нээх
- Гүрж, Армянаар дамжуулан Ирантай хил залгах. Ингэснээр Туркийн Төв Азитай холбогдох гарцыг (Зангезурын хонгил) хааж дунд нь ЕХ-ны стратегийн байршил үүсгэх,
- ЕХ-ны хил Төв Азитай залгаж эхэлбэл тус бүс нутгаар дамжин цаашаа Зүүн Ази, БНХАУ мөн Өмнөд Ази, Энэтхэг рүү хуурай газраар холбогдох гарцууд нээх
- ОХУ-ын Евразийн төлөвлөгөөг Баруун ба Өмнөд зүгээс нь хааж байрших[14]
Дорнын Түншлэлийн стратегийн ач холбогдлыг мөн учруулах аюулыг Москвад ойлгож байсан тул юуны өмнө Беларусийн Евро-интеграц хийх гарцыг тастаж “Холбооны улс” концепцоо бэхжүүлэх олон арга хэмжээ авсан. Цаашлаад 2013 онд Украины Евро-интеграцийг зогсоолгосон ба энэ нь Маиданы хувьсгал өрнөх 2014 онд Крымийг авах, Донбасст дайн өрнөх эхлэл болсон. Мөн Гүржийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг Осет, Абхазаар дамжуулан үгүйсгэж байнгын дотоодын тогтворгүй байдал үүсгэхийн зэрэгцээ Армянд шахалт үзүүлсээр Евро-интеграцийг нь зогсоож, 2015 онд Евразийн эдийн засгийн холбоонд шахан оруулсан бол Молдавын евро-интеграцийг Приднестрийн анклаваар дамжуулан царцаахыг оролдсоор иржээ. Азербайжаны хувьд харьцангуй Москвагаас бие даасан бодлого явуулж байсан ч илүүтэй өөрийн холбоотон Туркийн бодлогод ойртож Уулын Карабахын 2-р дайн, 2023 оны гэнэтийн дайралт зэрэг үйл явцын дүнд ЕХ-ны бүрэлдэхүүнд байх улс биш гэдгийг талууд аль аль талдаа харилцан ойлгоод байна.
2023 оны 12 дугаар сард Украин, Молдавын ЕХ-нд элсэх хэлэлцээ эхлүүлэхийг Брюссель дэмжсэн, мөн Гүрж улсад кандидат статус олгохыг дэмжсэнээрээ ЕХ-ны 2009 оны зорилт 50% биелэхэд эцсийн шат үлдлээ. Өмнөх жишгүүдийг харвал Украин дахь дайны явц хэрхэх, гал зогсох ба шинэ хил тогтох процессоос үл шалтгаалан 2030 он гэхэд Украин, Молдав улсууд ЕХ-ны бүрэн эрхт гишүүн болох боломжтой болов. Гүржийн тухайд кандидат статусын хүрээнд хүлээх үүрэг, амлалт, реформын ажлуудаа хурдан дуусгаж чадвал мөн л 2030-2035 оны орчимд ЕХ-нд элсэж орох боломжтой.
ЕХ-ны тэлэлтийн төлөв, хэрэгжих боломжит он цагийг зураглавал 2030-2040 оны орчимд анх тавьсан стратегийн зорилтуудаа биелүүлж дуусахаар байна. Баруун Балканы процесс 2003 оноос эхлээд 30-40 жил үргэлжлэх бол Дорнын түншлэл нь 20-30 жилийн дотор хэрэгжиж дуусах төлөвтэй.
2030-2040 оны орчимд ЕХ дотооддоо суурь гэрээнүүд, хууль журмын өөрчлөлт хийж дуусгаад 30-35 гишүүнтэй болж өргөжсөн, эдийн засаг-дэд бүтцийн хувьд тойрсон бүс нутгуудтайгаа (Африк, Ойрх Дорнод, Төв Ази, Өмнөд Ази, Зүүн Ази) бүрэн холбогдсон, холбооны улсын хэв шинж рүү ойртсон, аюулгүй байдлын асуудлуудаа шийдсэн, газар нутаг ба хил хязгаарын маргаангүй байхаар зорилт тавин ажиллаж буйг өрнөж буй бүх үйл явдлын ерөнхий зураглалаас харж болно.[15]
Зураг-2. Евро-интеграц үе шаттай, амжилттай хэрэгжиж дуусах зураглал.
Эх сурвалж: FIIA Scenario-3[16]
ЕХ-ны тэлэлтийн тухайд бусад улсуудын байр суурь
ОХУ: ЕХ-ны тэлэлт Оросын Эзэнт гүрний 1914 оны орчимд тэлж бүрэлдэн тогтсон байсан Өрнөд ба Өмнөд нөлөөллийн бүсийг хойш нь түрж 1725 оны орчимд байсан хил рүү нь ухрааж буй геостратегийн ерөнхий түрэх хөдөлгөөн гэж дүгнэж болно. Тиймээс ОХУ энэ үйл явцыг зогсоох, ЕХ ба түүнтэй зэрэгцэн эгнээгээ тэлж хоршиж урагшилж буй НATO-гийн түрэх хөдөлгөөнийг зогсоож, буцааж түрэх алхмууд хийж байна. Үүний тод жишээнүүд нь: Гүржид явуулсан 2008 оны дайн, 2014 оноос хойш өрнөж буй Украин дахь дайны ажиллагаа, Армяныг дарамтлаж буй гибрид ажиллагаа, Беларусийн төрийн эрхэд нөлөөгөө тогтоосон байдал зэрэг болно. Одоогийн Украин дахь дайны байдлыг харвал ОХУ-ын тал хүчээ шавхаад ч Днеприйн баруун биед гарч Днестр дэх өөрийн анклавт хүрэх боломж хомс харагдаж байна. ОХУ-Өрнөдийн (ЕХ ба НATO) дундын шугам Днепр мөрнөөр тогтож болзошгүй. ЕХ 2023 онд яаран Гүрж улсад кандидат статус олгосон нь ОХУ-ын гол хүч Украины дайнд татагдсан цонх үеийг ашиглаж Өмнөд Кавказ дахь тэлэлтээ яаравчлах бодлого гэж дүгнэж болно.[17]
БНХАУ: ЕХ-ны тэлэлт БНХАУ-ын Бүс, Замын төлөвлөгөөнд таатай нөлөө үзүүлэхгүй. Гааль, худалдааны нэгдсэн нэг бодлого бүхий ЕХ-той хэлэлцээ хийхээс илүү тус бүртээ Хятадаас хамааралтай олон жижиг улстай яриа хэлэлцээ хийх нь Бээжинд ашигтай. Гэвч газарзүйн байршлын хувьд БНХАУ нь ЕХ-ны тэлэх хөдөлгөөнд шууд саад тотгор хийх боломжгүйн дээр Зүүн талдаа Тайваний хоолой дахь хямралд АНУ-тай учраа олоход ЕХ-ны оролцоог хол байлгах нь Бээжингийн тэргүүн зэргийн зорилт болно.[18]
АНУ: АНУ-ын хувьд ЕХ дотор өөрийн итгэлтэй дэмжигчидтэй (Польш, Чех, Балтийн орнууд гм) тул бодлогод нь өөрийн ашиг сонирхлоо шургуулж чаддагийн дээр цэргийн эвсэл НATO-гоор дамжуулан ЕХ-ны аюулгүй байдалд оролцдог. АНУ-ын Европ дахь язгуур эрх ашгаас гадна ЕХ-ны тэлэлтээр дамжуулан ОХУ-ыг сулруулах, БНХАУ-ын нөлөөг хязгаарлах том стратегид нь шууд ба шууд бусаар ашигтайг Вашингтон тооцоолж буй. АНУ-ын стратеги нь ЕХ-г бие даасан том тоглогч байлгахаас илүүтэй өөрийнх нь талд найдвартай байх Евро-Атлантын эвсэл гэх форматаар барьж байх сонирхолтой.[19]
Турк: ЕХ-ны тэлэлтэд дилемма болсон нэг улс байгаа нь Турк юм. Турк улс өөрөө 2005 оноос эхлэн ЕХ-нд элсэхээр ажиллаж байгаа ч энэ процесс үндсэндээ царцсан ба Кавказ руу орж ирэх ЕХ-ны тэлэлт нь Туркийн “Пан-Туркийн амбиц”-д аюул учруулж буй. Франц, Германы хоршил Туркийг ЕХ-нд хөл тавиулах хүсэлгүйгээ байнга илэрхийлдэг тул ЕХ-нд элсэхэд Анкарад боломж тун бага.[20] Гүржийн дараа Армяныг ЕХ өөртөө татаж эхлэхээс өмнө амжуулж Зангезурын хонгилыг нээж Төв Азитай холбогдохыг Анкара яаравчлах магадлалтай.
Дүгнэлт
ЕХ-ны тэлэлт нь орон зай, цаг хугацааны хувьд сунжирсан, хэд хэдэн дайн мөргөлдөөнийг үзэж туулж буй, дотоодын санал зөрөлдөөнтэй, их гүрнүүдийн эсэргүүцэлтэй тулдаг, хэрэгжих боломж сул мэт гаднаа харагддаг. Гэвч тус үйл явцын дотогш өнгийн харвал онол-аргазүйн хувьд сайтар бэлтгэсэн, олон нийтийн санаа бодлыг анхааралтай тандаж залуурддаг, алсын хараатай бөгөөд олон арван жилээр төлөвлөж хэрэгжүүлдэг, геостратегийн тооцоотой тэлэх хөдөлгөөн гэдгийг олж харж болно.[21]
Өөдрөг төсөөллөөр харвал энэ тэлэх хөдөлгөөний үр дүнд хагас тэрбум хүн ам бүхий өндөр хөгжилтэй, уудам нутаг дэвсгэртэй, аж үйлдвэрлэлтэй, байгалийн нөөцтэй дэлхийн том тоглогч ирээдүйд бий болох төлөвтэй. Өөдрөг бус төсөөллөөр харвал одоогийн хил хязгаартаа дотоод боломж нь тулсан, дотоод асуудлууддаа түүртсэн, гадаад бодлогодоо голцуу АНУ-ын бодлогыг аялдан дагадаг ЕХ байх хувилбар бий. Чухам аль нь байхыг цаг хугацаа, үйл явдлын өрнөл харуулах бөгөөд аль ч хувилбар нь биежсэн бай үүсэх ЕХ-ны ирээдүйг угтуулан бодлогоо тодорхойлох нь Монгол Улсын хувьд гадаад бодлого, аюулгүй байдлын гэрийн даалгавар болно.
Ашигласан эх сурвалж:
[1] Statement by President von der Leyen on the 2023 Enlargement Package and the new Growth Plan for the Western Balkans. | European Commission. 8 November 2023 https://ec.europa.eu/commission/presscorner/detail/en/statement_23_5641
[2] Strategy and Reports: 2023 Enlargement Package. | European Neighbourhood Policy and Enlargement Negotiations (DG NEAR). 8 November 2023 https://neighbourhood-enlargement.ec.europa.eu/enlargement-policy/strategy-and-reports_en
[3] European Council conclusions on Ukraine, enlargement and reforms. | European Council. 14 December 2023 https://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2023/12/14/european-council-conclusions-on-ukraine-enlargement-and-reforms/
[4] History of the EU | European Union https://european-union.europa.eu/principles-countries-history/history-eu_en
[5] From 6 to 27 members | European Neighbourhood Policy and Enlargement Negotiations (DG NEAR) https://neighbourhood-enlargement.ec.europa.eu/enlargement-policy/6-27-members_en
[6] Accession criteria (Copenhagen criteria) | EU publications https://eur-lex.europa.eu/EN/legal-content/glossary/accession-criteria-copenhagen-criteria.html
[7] Stabilisation and Association Agreement | European Commission https://neighbourhood-enlargement.ec.europa.eu/enlargement-policy/glossary/stabilisation-and-association-agreement_en
[8] EU ENLARGEMENT IN WARTIME EUROPE | FIIA. October 2023 https://www.fiia.fi/wp-content/uploads/2023/10/wp136_eu-enlargement-in-wartime-europe.pdf
[9] EU-Western Balkans Summit Thessaloniki | 21 June 2003 https://ec.europa.eu/commission/presscorner/detail/en/PRES_03_163
[10] European Commission announces additional €680 million investment package for the Western Balkans under the Economic and Investment Plan | DG NEAR. 13 December 2023 https://neighbourhood-enlargement.ec.europa.eu/news/european-commission-announces-additional-eu680-million-investment-package-western-balkans-under-2023-12-13_en
[11] Enhanced EU engagement with the Western Balkans | DG NEAR. 2023 https://neighbourhood-enlargement.ec.europa.eu/enlargement-policy/enhanced-eu-engagement-western-balkans_en
[12] The Western Balkans Investment Framework (WBIF): Projects. | WBIF. 2023 https://wbif.eu/wbif-projects
[13] Eastern Partnership | European Commission. DG NEAR https://neighbourhood-enlargement.ec.europa.eu/european-neighbourhood-policy/eastern-partnership_en
[14] Russia to raise fears over EU enlargement. Moscow is warning that EU enlargement will have a serious impact on its economy as Russian exporters lose markets in applicant countries which join the Union. | Politico. 10.20.1999 https://www.politico.eu/article/russia-to-raise-fears-over-eu-enlargement/
[15] Catch-27: The contradictory thinking about enlargement in the EU | ECFR. 23 November 2023 https://ecfr.eu/publication/catch-27-the-contradictory-thinking-about-enlargement-in-the-eu/
[16] EU ENLARGEMENT IN WARTIME EUROPE | FIIA. October 2023 https://www.fiia.fi/wp-content/uploads/2023/10/wp136_eu-enlargement-in-wartime-europe.pdf
[17] Georgia’s EU Candidate Status Will Test Its Relations with Russia. | Carnegie. 17.11.2023 https://carnegieendowment.org/politika/91045
[18] The EU and China: The Rising Rivalry Next Door. | Bertelsmann Stiftung – GED. November 2, 2023 https://globaleurope.eu/europes-future/the-eu-and-china-the-rising-rivalry-next-door/
[19] An EU to cover the whole of Europe. | Friends of Europe. 17 Nov 2023 https://www.friendsofeurope.org/insights/critical-thinking-an-eu-to-cover-the-whole-of-europe-the-union-embarks-on-its-greatest-enlargement-challenge-ever/
[20] Turkey Sidelined as EU Prepares to Open Door to Others. | VOA. November 08, 2023 https://www.voanews.com/a/turkey-sidelined-as-eu-prepares-to-open-door-to-others/7346288.html
[21] Europeans open to Ukraine joining the EU despite security risks, but cool on further enlargement of the bloc ahead of crucial European Council summit. | ECFR. November 2023 https://ecfr.eu/publication/europeans-open-to-ukraine-joining-the-eu-despite-security-risks/
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Дараах нийтлэл
Тайванийн сонгууль-2024Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23