2024 оноос дэлхийн эдийн засгийн хүндийн төв Ази руу эргэн ирэх үү?
2024-01-05
2021 онд цар тахлын нөлөө буурснаар дэлхийн эдийн засаг 5.8 хувиар огцом өссөн бөгөөд эдийн засагч нар цаашид ч өсөлт үргэлжилнэ гэсэн эерэг хүлээлттэй байв. Гэвч 2022 онд Орос Украины дайн дэгдэж Европын холбооны орнууд эрчим хүчний сорилттой нүүр тулсан зэргээс үүдэж 2022 он дэлхийн эдийн засаг 3.3 хувиар өссөн билээ. Түүнчлэн Хятад улс цар тахлын хатуу хөл хориог хэт удаан буюу 3 орчим жил үргэлжлүүлснээс болж дэлхийн эдийн засгийн хүндийн төв АНУ тэргүүтэй барууны орнуудад чиглэсэн юм.
Дэлхийн эдийн засаг 2023 онд инфляц, ажилгүйдлээс үүдэн хямрах магадлалтай гэсэн сөрөг таамаглалыг эдийн засгийн ихэнх шинжээчид дэвшүүлж байсан. Гэхдээ 2023 онд дээрх таамаглалаас өөрөөр эргэж “Их-20”-ийн бүлгийн болон бусад хөгжингүй орнууд төв банкны мөнгөний бодлогыг оновчтой ашиглаж инфляцын түвшнийг тогтворжуулж, зээлийн хүүгийн түвшнийг нэмэгдүүлсэн хатуу мөнгөний бодлого баримталсан. Улс орнууд цар тахлын дараах ажилгүйдэлтэй тэмцэх, эдийн засгаа богино хугацаанд сэргээх бодлого хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч, ажлын байрны тоо нэмэгдсэн жил болж өнгөрлөө. 2023 онд олон улсын харилцаанаас үүдэлтэй дэлхийн эдийн засагт томоохон цохилт болохоор өөрчлөлт болоогүй явж байтал оны сүүлээр Израилийн Газын зурваст хийсэн дайралт бүс нутаг, олон улсын анхаарлыг татаж, газрын тосны үнэд шууд нөлөөлж, савлагаа үүсгэсэн юм.
Тэгвэл 2024 онд дэлхийн эдийн засаг хэдэн хувиар өсөж, ямар сорилттой тулгарах вэ гэдэг асуулт анхаарал татаж байна.
2024 оны эдийн засгийн төлөв[1]
Парис төвтэй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (ЭЗХАХБ) 2023 оны 11 дүгээр сард гаргасан 2024-2025 оны дэлхийн эдийн засгийн төлөвийн тухай тайланд “Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 2.9 хувиар, 2024 онд 2.7 хувиар өсөх бол 2025 онд 3 хүртэл хувиар өснө” гэж таамаглажээ. Мөн тус тайланд “Дэлхийн эдийн засагт хэрэглээний үнийн индекс болох инфляц 2025 он гэхэд төв банкны зорилтот түвшинд хүртэл аажмаар буурах төлөвтэй байна” гэж дүгнэсэн байна. ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын инфляц 2023 онд 7 хувь, 2024 онд 5.2 хувь, 2025 онд 3.8 хувь болж буурах төлөвтэй байна.[2]
АНУ-ын эдийн засаг 2023 онд 2.4 хувиар өсөх хүлээлттэй байна. Тус улсын Холбооны нөөцийн сан сүүлийн хоёр жил бодлогын хүүгээ эрчимтэй нэмэгдүүлж 5.5 нэгжид хүргэн, инфляцыг зорилтот 3.2 түвшинд хүргэж чадсан. Холбооны нөөцийн сан инфляцыг зорилтот түвшинд хүргэсэн тул эдийн засагч нар 2024 оны 3 дугаар сард болох тус сангийн ээлжит хурлаар бодлогын хүүгээ аажим бууруулж эхэлнэ гэсэн хүлээлттэй байна. ЭЗХАХБ-аас АНУ-ын эдийн засгийг 2024 онд 1.5 хувь, 2025 онд 1.7 хувь өснө гэж таамаглаад байна.
2023 онд Орос Украины дайнаас үүдэж евро бүсийн орнууд эрчим хүчний үнийн шокт өртсөн. Европын холбооны эдийн засгийн өсөлт 2023 онд 0.6 хувьтай гарахаар байгаа ба 2024 онд дайны байдал үргэлжлэх төлөвтэй байгаа тул 0.9 хувиар, 2025 онд 1.5 хувиар тус тус өснө гэсэн таамаглалыг ЭЗХАХБ-аас гаргажээ.
БНХАУ-ын хувьд 2023 он цар тахлын хөл хориог цуцалж, эдийн засгаа хэвийн байдалд оруулсан жил болсон бөгөөд 5.2 хувиар өсөх төлөвтэй байна. 2023 онд Хятадын дотоодын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал 2024 онд үргэлжлэхээр байна. Гэсэн ч 2024 онд 4.7 хувь, 2025 онд 4.2 хувиар тус тус өснө гэсэн таамаглал гарчээ.
ЭЗХАХБ-ын гаргасан тайланд хамгийн өндөр эдийн засгийн өсөлтийг Энэтхэг улс үзүүлж байгаа бөгөөд тус улс 2023 онд 6.5 хувиар өсөж, 2024 онд 6.1 хувь, 2025 онд 6.5 хувиар тогтвортой өснө гэсэн таамаглалтай байна. Энэтхэг улсын хувьд 2023 онд олон улсын нөхцөл байдлыг оновчтой ашиглаж үндэсний валютаар хийгдсэн худалдааны хэмжээ нэмэгдсэн юм.
2024 онд дэлхийн эдийн засагт тулгарах сорилт ба Хар хун[3]
- Хамас Израилийн мөргөлдөөн өргөжиж Ойрх Дорнодын бусад улс, үндэстнийг хамарч, даамжрах төлөвтэй байна. Ойрх Дорнодын энэ хямрал эрчим хүчний зах зээлд нөлөөлж, газрын тос, байгалийн хийн үнийг огцом өсгөх эрсдэлтэй юм. Учир нь дэлхийн эрчим хүчний түүхий эдийн нийлүүлэлтийн 30 гаруй хувийг Ойрх Дорнодын бүс нутгийн орнууд эзэлдэг. Эрчим хүчний түүхий эдийн үнэ огцом өссөн тохиолдолд хэт хамааралтай орнуудын эдийн засаг уналтад орох аюултай юм.
- Орос Украины дайны эрчим хүч, хүнсний зах зээл дэх нөлөө 2024 онд ч үргэлжлэхээр байна. Ялангуяа Европын холбооны орнуудын эдийн засаг, инфляцад нөлөөлөх төлөвтэй байна. Евро бүсийн эдийн засгийн гол салбарууд 2023 оны 9 дүгээр сараас ерөнхийдөө зогсонги байдалд орсон юм. Шалтгаан нь эрчим хүчний хэмнэлтээс үүдэлтэй. Бүс нутгийн болон олон улсын улс төрийн хурцадмал байдал, хямрал нь евро бүсийн орнуудын эдийн засагт шууд нөлөө үзүүлэх эрсдэл өндөр байна.
- Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал 2024 онд үргэлжлэх төлөвтэй байна. Эдийн засгийн шинжээчид Хятад улс цар тахлын дараа эдийн засгаа дахин сэргээж 2023 онд огцом өснө гэсэн хүлээлтэй байсан. Гэвч тийм зүйл болсонгүй. Үүнийг үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралтай голлон холбон тайлбарлаж байна. Тус улсын ДНБ-ий 15-30 хувийг үл хөдлөх хөрөнгийн зах зээл, түүнийг дагасан бизнесийн салбар эзэлдэг. Хэрэв 2024 онд Хятад улсад үл хөдлөх хөрөнгийн салбараас үүдэлтэй хямрал даамжирвал тус улсаас худалдааны хамааралтай орнуудын эдийн засагт том уналт тохиох эрсдэлтэй байна.
- Эрчим хүчний түүхий эдийн үнийн өсөлтөөс үүдсэн эдийн засгийн хямрал болох эрсдэл байна. 2023 онд ОХУ хоригтой байсан бөгөөд ОПЕК-ийн гишүүн орнууд олборлолт, нийлүүлэлтээ хумьж байгаа. Харин АНУ-ын газрын тосны стратегийн нөөц урьд өмнө байгаагүй хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа. Үүгээр зогсохгүй Ойрх Дорнодод үүсээд буй хурцадмал байдал тийм хурдан намжих шинжгүй байгаа нь газрын тос, байгалийн хийн үнэд нөлөөлж 2024 онд нэг торх нь 110 ам.долларыг давах магадлалтай байна.
- Дээр дурдсан “хар хун”-гуудаас дэлхийн эдийн засагт хамгийн хүчтэй нөлөөлж буй эрсдэл бол геополитикийн эрсдэл гэж судлаачид дүгнэжээ. Олон улсын харилцаа өмнөх жилүүдээс илүү хурцадмал болж байна. АНУ-аар манлайлуулсан барууны орнуудын нэгдэл, БНХАУ, ОХУ-ын манлайлалтай хөгжиж буй орнуудын нэгдэл гэсэн хоёр систем аажим үүсэж байна. Аль аль талууд өөрсдийн үндэсний валютаа хамгаалах зорилгоор мөнгөний хатуу бодлогыг баримталж, гуравдагч орны үндэсний валютыг хэрэглэхгүй болж байна. Үүнээс үүдэж хөрөнгө оруулагчид олон улсын нөхцөл байдлыг ажиглаж, хөрөнгө оруулалтаа азнасан тактик баримталж байна. Энэ нь компаниудад хүндээр тусаж 2024 онд үйл ажиллагааны зардлаа бууруулахын зэрэгцээ бүтцийн өөрчлөлт хийх, ажилтнуудаа цомхотгох, шинэ төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй байх, хөрөнгө оруулалт татахад шаардагдах зардал гаргахгүй байх магадлалтай байна.
Дэлхийн эдийн засгийн хүндийн төв Ази руу шилжиж байна
Дэлхийн эдийн засгийн хүндийн төв Европ, Америк, Ази тивүүд рүү ээлжлэн шилждэг гэж зарим санхүүгийн чиглэлийн судлаач нар үздэг. Дэлхийн II дайны дараагаас олон улсын санхүү эдийн засгийн хүндийн төв АНУ болж ирсэн. Харин 2008 оны эдийн засгийн хямралын дараагаас хүндийн төв Ази тив болж ирсэн. Цар тахлаас үүдэж Ази тив эдийн засгийн гол хөдөлгөх хүч байхаа больж буцаад АНУ-аар манлайлуулсан барууны орнууд эдийн засгийн хүндийн төв болсон байлаа. Харин өдгөө дэлхийн эдийн засгийн хүндийн төв Ази тив рүү эргэн ирж байна гэж доор дурдах таамаглалд үндэслэн дүгнэж байна.
БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт: 2023 онд Хятадын эдийн засаг дефляцид орж, бараа бүтээгдэхүүний үнэ буурч, иргэдийн худалдан авах чадвар суларсан жил болсон. Үүгээр зогсохгүй ДНБ-ий 15-30 орчим хувийг бүрдүүлдэг үл хөдлөхийн салбарт томоохон хямрал эхэлсэн. Эдийн засгийн шинжээчид 2023 оны эхэнд БНХАУ, Тайвний харилцаа хурцдаж, ОХУ-д барууны орнууд хориг авсан шиг БНХАУ-д хориг авна гэсэн хүлээлттэй байсан. Уг хүлээлтээс үүдэж БНХАУ-д хөрөнгө оруулах бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид эрс буурсан юм.
Харин БНХАУ-ын эрх баригч нар 2023 он Төв Ази, Ойрх Дорнодын орнуудтай гео-эдийн засгийн хувьд илүү нягт харилцаатай болж чадсан. 2023 оны эхний 11 сарын байдлаар Төв Азийн орнуудтай хийсэн гадаад худалдаа 43 хувиар өссөн байна. Харин АНУ-ын дараа бичигдэх БНХАУ-ын гол худалдан авагч Европын холбоотой хийсэн гадаад худалдаа 2022 онд 23 хувиар нэмэгдэж, 910.6 тэрбум ам.долларт хүрч байсан бол 2023 оны эхний 11 сарын байдлаар 716.3 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 11 хувиар буурчээ. 2023 оны эхний 11 сарын байдлаар Хятад улсын нийт экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 58.6 хувиар өссөн байна.[4] Тухайлбал, БНХАУ-ын цахилгаан авто машины экспорт өнгөрсөн орны мөн үеэс 79.6 хувиар өссөнөөр дэлхийн цахилгаан авто машины зах зээлд гол нийлүүлэгч болжээ.
БНХАУ-ын 14-р таван жилийн төлөвлөгөөний (2021-2025) үр дүнг үзэхэд жил гаруйн хугацаа үлдээд байна. Гэвч цар тахлаас болж 14-р таван жилийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд хүндрэл үүсээд буй. Иймээс 2024-2025 он тус улсын эрх баригчдын хувьд дэлхийн эдийн засгийн хүндийн төв, дэлхийн тэргүүлэх эдийн засаг болох эрмэлзлийг биелүүлэх шаардлага тулгарч байгаа.
2024 онд хамгийн хурдтай хөгжиж буй дэлхийн томоохон эдийн засаг болж буй Энэтхэг улс: Дэлхий даяараа 2023 онд инфляцын эрсдэлийг даван туулахад анхаарлаа хандуулж байхад Энэтхэг улсын төв банк мөнгөний зөөлөн бодлого баримталж зээлийн гаралтаа өсгөсөн. Аж ахуйн нэгжүүд нь дотоодын үйлдвэрлэлийн гарц, экспортын хэмжээгээ нэмэгдүүлж чадав. Мөн гадаад валютын нөөцөө эрчимтэй нэмэгдүүлж, 2023 оны эхний 11 сарын байдлаар үндэсний валютаараа гадаад худалдааныхаа 15 гаруй хувийг хийж олон улсын нөхцөл байдлыг овжин ашигласан улс болоод байна.
Хөгжингүй орнуудын дунд олон улсын харилцааны хурцадмал байдлаас шалтгаалж гутранги үзэл газар авч байхад Энэтхэгийн хувьд геополитикийн нөхцөл байдал хүндэрсэн ч ШХАБ, Энэтхэг номхон далайн түншлэлийн эдийн засгийн харилцааг өөрт ашигтай эргүүлж худалдааны хэмжээгээ нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах гэх зэрэг алхмуудыг хийж чадсан жил болж өнгөрлөө.
Шинжээчдийн үзэж буйгаар 2024 онд ч олон улсын харилцаанд эдийн засгийн гол тоглогч хэвээр байна гэж хүлээж байна.[5] Энэтхэгийн Нөөцийн банкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн Ашима Гоял тус улсын эдийн засгийн өсөлтөд “Олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй гадаад цочролуудыг үл харгалзан гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж, эдийн засаг нь маш сайн тэсвэрлэх чадвартай болгосон” гэв.[6]
Вьетнам дахь хөрөнгө оруулалт ба уул уурхай: Вьетнам улс АНУ-ын хувьд гео-эдийн засгийн түнш улс болоод байна.[7] БНХАУ, АНУ-ын хооронд үүссэн худалдааны дайнаас үүдэж, 2020 оноос хойш БНХАУ-аас 1000 гаруй компани үйлдвэрээ Вьетнам улс руу нүүлгэж эхэлсэн. Мөн Номхон далай дамнасан түншлэлийн хүрээнд Вьетнам улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх болжээ. Тус улс газрын ховор элементийн тогтоогдсон нөөцөөрөө БНХАУ-ын дараа орж байгаа бөгөөд дэлхийн дараагийн хагас дамжуулах чипийн үйлдвэрлэл богино хугацаанд бий болох боломжтой, ажиллах хүчтэй улс юм. 2022 онд Вьетнам улсад 22.4 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон нь ДНБ-ий 6 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт юм. 2023 оны эхний 11 сарын байдлаар 20.2 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татаад байна.[8]
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг задалж үзвэл эдийн засгийн 21 салбараас 18-д нь гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн бөгөөд боловсруулах үйлдвэрт 14 тэрбум ам.доллар буюу нийт хөрөнгө оруулалтын 69.3 хувь нь оржээ. Үүний дараагаар уул уурхайн олборлолтод хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт эзэлж байгаа. Мөнгөн дүнгээрээ үл хөдлөх, хөдөө аж ахуй, банк санхүү, бөөний болон жижиглэн барааны худалдаа болон дэд бүтцэд зориулсан хөрөнгө оруулалт сүүлийн 3 жилд тогтвортой нэмэгдсээр байна.[9]
Дүгнэлт
2024 онд дэлхийн эдийн засаг 2023 оныхтой ойролцоо 3 орчим хувиар өсөх таамаглал байна. Өнгөрөгч 2023 онд дэлхийн эдийн засаг, ялангуяа эрчим хүчний түүхий эдийн зах зээлд Орос Украины дайнаас гадна Ойрх Дорнодод болж буй хямрал голлон нөлөө үзүүлжээ. Энэхүү олон улсын харилцаан дахь геополитикийн хямралт байдал 2024 онд ч үргэлжлэн нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна. Дайн болон хямралт байдлыг эдийн засгийн салбарт “овжин” ашиглаж буй нь Энэтхэг, Хятад зэрэг Азийн улсууд байгаа бөгөөд үүнтэй холбоотой дэлхийн эдийн засгийн хүндийн төв Ази тив рүү шилжих хандлага харагдаж байна. Ерөнхий хандлагаараа ийм боловч Хятадын үл хөдлөх салбарын савалгаатай холбоотой эдийн засгийн зарим хүндрэл учирч болзошгүйг эдийн засгийн шинжээчид мөн анхааруулж байна.
Ашигласан эх сурвалж:
[1] Global real Gross Domestic Product (GDP) growth after the coronavirus (COVID-19) from 2019 with a forecast until 2024 https://www.statista.com/statistics/1102889/covid-19-forecasted-global-real-gdp-growth/
[2] Economic outlook: A mild slowdown in 2024 and slightly improved growth in 2025 https://www.oecd.org/newsroom/economic-outlook-a-mild-slowdown-in-2024-and-slightly-improved-growth-in-2025.htm#:~:text=The%20Outlook%20projects%20global%20GDP,as%20it%20has%20in%202023.
[3] 8 Market Risks Investors Face in 2024 https://www.morningstar.co.uk/uk/news/243607/8-market-risks-investors-face-in-2024.aspx
[4] Economic Watch: China’s foreign trade continues to show upward momentum https://english.news.cn/20231207/f1d544a7e6f942318189ddaf4a565271/c.html
[5] Multi-level governance and subnational finance in Asia and the Pacific https://www.oecd-ilibrary.org/docserver/f3e8a2fb-en.pdf?expires=1703914976&id=id&accname=guest&checksum=67FF258463FF2989CC3AF151DB8BA53B
[6] India to remain fastest-growing major economy in 2024 https://economictimes.indiatimes.com/news/economy/indicators/india-to-remain-fastest-growing-major-economy-in-2024/articleshow/106416321.cms?utm_source=contentofinterest&utm_medium=text&utm_campaign=cppst
[7] Biden Encourages Rare Earth Investment in Vietnam https://www.instituteforenergyresearch.org/international-issues/biden-encourages-rare-earth-investment-in-vietnam/
[8] RATING REPORT Vietnam https://www.fitchratings.com/research/sovereigns/vietnam-27-12-2023
[9] FDI attraction situation in Vietnam and Vietnam’s overseas investment in the first nine months of 2023 https://www.mpi.gov.vn/en/Pages/2023-9-29/FDI-attraction-situation-in-Vietnam-and-Vietnam-s-c8n1uj.aspx
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Туркийн Хар тэнгис дэх геополитикийн нөлөө ба сорилтуудДараах нийтлэл
Европын Холбооны тэлэлтийн дараагийн алхамСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19