Хар тэнгисийг тойрсон геополитикийн байдал Туркийн гадаад бодлогын 2023 оны хамгийн чухал асуудлын нэг байлаа. Нэн ялангуяа Хар тэнгисийн үр тарианы гэрээ Туркийг “Украины хямрал”-ын геополитикийн тэмцэлдээнд томоохон нөлөө бүхий тоглогч болгов.
Чухамхүү эл асуудал ОХУ болон Бүгд Найрамдах Турк улсын хооронд ойрын үед байгаагүй дараалсан чухал айлчлалуудыг хийх үндсэн шалтгаан байсан. Эдгээрээс Туркийн Гадаад харилцааны сайд Хакан Фидан 2023 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд ОХУ-д айлчлан Оросын Гадаад харилцааны сайд болон Батлан хамгаалахын сайд нартай биечлэн уулзсан юм. Улмаар 9 дүгээр сарын 5-ны өдөр Туркийн ерөнхийлөгч Эрдоган Сочи хотод айлчилж ерөнхийлөгч Путинтэй уулзсан явдал хамгийн онцлог байв. Дэлхий нийт хоёр улсын удирдагч нарын уулзалтаас хамгийн түрүүнд Украины хямрал тэр дундаа Хар тэнгисийн үр тарианы гэрээг сунгах асуудлыг анхааралтай ажиглаж байлаа. Хэдийгээр Хар тэнгисийн үр тарианы гэрээний талаар тодорхой шийдэл гараагүй боловч Турк улсын хувьд дахин нэг удаа өөрийгөө Хар тэнгисийн гол гүрэн гэдгээ бататган харуулж чадсан нь лавтай. Улмаар Хар тэнгис дэх нөлөөллөө дахин бататгасан Туркийн бодлого тодорхойлогчид ОХУ-ын төлөөлөгч нартай ширээний ард суухдаа Туркийн Синоп хотод атомын цахилгаан станц байгуулах төсөл, Оросоос Турк руу нийлүүлж буй эрчим хүчний төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгт рүү шилжүүлэх зэрэг чухал төслүүдэд[1] өөрийн ашиг сонирхлоо шингээх давуу талыг олсон юм.
Баруун – Зүүнийг тэнцвэржүүлэх Туркийн гадаад бодлого Хар тэнгист биеллээ олж байна
Бүгд Найрамдах Турк улс 1952 онд НАТО-д элсэж тус эвслийн хамгийн гол хүчнүүдийн нэг болсон түүхтэй билээ. Энэ шийдвэр Хүйтэн дайны эгзэгтэй үед Хар тэнгис болон Кавказын бүс нутагт ЗХУ-аас ирэх болзошгүй заналхийллийн эсрэг барууны талд орох хэрэгцээнээс шалтгаалсан юм. Харин хүйтэн дайны дараах жилүүдэд социалист болон капиталист гэсэн дэлхийн хуваагдал алга болохтой зэрэгцэн Туркийн гадаад бодлого илүү олон талт болж хувирсан. Нэн ялангуяа сүүлийн жилүүдэд Турк улсын гадаад бодлого НАТО-гийн гишүүн бусад 30 улсаас эрс ялгаатай болж илүү бие даасан, шаардлагатай үед эвслийн гол орнуудын эсрэг сөрж зогсох замаар нэгдсэн шийдвэрийг эсэргүүцдэг болов. Товчхондоо 2000-аад оноос хойших Туркийн гадаад бодлогыг дэлхийн Баруун болон Зүүний хооронд зөвхөн өөрийн ашиг сонирхлын төлөө бие даасан бодлого баримталдаг нөлөө бүхий орны шинж чанартай болсон гэж дүгнэх боломжтой.
Энэхүү шинэ гадаад бодлогыг боловсруулсан төрийн зүтгэлтэн бол 2002 онд тухайн үеийн ерөнхий сайд Эрдоганы гадаад харилцааны зөвлөхөөр улс төрийн карьераа эхлүүлж, Туркийн гадаад харилцааны сайд, ерөнхий сайдын албыг хашиж байсан олон улсын харилцааны академич Ахмет Давутоглу байв. Туркийн шинэ цагийн гадаад бодлого нь нөлөөллийн бүсээ Ойрх Дорнод, Балкан, Кавказ, Төв Ази, Каспийн тэнгис, Газар дундын тэнгис, Хар тэнгис зэргээр тодорхойлсон ба Османы эзэнт гүрний мандан бадарч байсан үеийн бүс нутгуудыг Туркийн зүй ёсны нөлөөллийн бүс хэмээн хил хязгаартаа оруулах болсон. Мөн тус нөлөөллийн бүсэд баримтлах гол бодлого нь энхтайванч аргаар дипломат харилцаатай байж “Хөрш орнуудтай огт асуудалгүй”[2] байх уриа дор байр сууриа тогтоов.
Турк улсын хувьд ОХУ болон Украин хоёул Хар тэнгисээр хиллэдэг хөрш орнууд билээ. Иймээс 2022 оны 2 дугаар сарын 24-нд эхэлсэн ОХУ Украины дайнаас хойш Турк улс төвийг сахисан байр сууриа хадгалахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж, Украины засгийн газартай улс төрийн хувьд илүү ойр байхын хажуугаар Оросын талтай хэвийн харилцаагаа үргэлжлүүлэхэд анхаарав.
Ийнхүү Анкара дахь бодлого тодорхойлогчид Украины хямралтай геополитикийн ороо бусгаа үед гадаад бодлогын уран мэхийг хийх шаардлагатай болжээ. Энэхүү уран мэх нь Туркийг Баруун – Зүүнийг тэнцвэржүүлэх замаар нөлөөллөө нэмэгдүүлэхэд хүргэв. Нэг жишээ дурдахад Украины хямралаар Турк улс НАТО-гийн нэгдсэн шийдвэрийн эсрэг санал гаргаж Финланд, Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг хойшлуулсан. Улмаар нээлттэй байдлаар Сири болон Иракийн хойд хэсэгт аюулгүй байдлын ашиг сонирхлоо НАТО-д тулгасан удаатай. Энэ шийдвэр нь барууны орнуудад Турк “бүс нутгийн онцгой тоглогч” болохыг бататгасан юм.
Турк улс Украины хямралын зуучлагч болж Хар тэнгисийн гэрээ байгуулагдав
“Туркийн хөршүүдтэйгээ асуудалгүй байх” гадаад бодлого Украин, Оростой харилцаагаа нэгэн зэрэг хэвийн үргэлжлүүлэхэд төвлөрсөн тэнцвэртэй бодлого хэлбэрээр биеллээ олсон нь үр дүнгээ өгч Украины хямралыг шийдвэрлэх хамгийн гол зуучлагч орон гэх статустай болгов. Туркийн тал 2022 оны 3 дугаар сарын 11-13 өдрийн хооронд Анталья хотод хоёр талын Гадаад харилцааны сайд нарын оролцоотой дээд түвшний яриа хэлэлцээрийг зохион байгуулж, төд удалгүй 3 дугаар сарын 29-ний өдөр Истанбулд адил дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан. Тус эвлэрүүлэн зуучлах санал, санаачилгууд Турк улсын хувьд гадаад бодлогын томоохон амжилтын нэг болсон нь гарцаагүй юм. Улмаар олон удаагийн уулзалтын дараа Хар тэнгисийн үр тарианы гэрээ байгуулагдав.
Хар тэнгисийн үр тарианы гэрээ нь Орос Украинд тусгай цэргийн ажиллагаа явуулж эхэлсний дараа дайны дэлхийн хүнсний үнэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, Африкийн ядуу буурай орнуудад өлсгөлөн нүүрлэхээс сэргийлэх зорилгоор 2022 оны 7 дугаар сарын 22-нд Истанбул хотноо НҮБ болон Туркийн оролцоотойгоор байгуулагдсан гэрээ юм. Туркийн Хар тэнгис дэх гол тоглогч болохоо дэлхийд харуулж чадсан тус гэрээний ачаар дэлхийн хүнсний сүлжээ харьцангуй тогтвортой байж үр тарианы үнийн өсөлт саармагжсан билээ. Хамгийн чухал нь тус гэрээ арилжааны усан онгоцнуудад цэргийн бай болохгүй байх баталгааг гаргаж өгч байжээ.
Гэвч ОХУ гэрээг дахин сунгахгүй гэдгээ 2023 оны 7 дугаар сард мэдэгдэж гэрээнээс гарсан нь дэлхийн нийтэд цочрол болсон. Хэрэвзээ Хар тэнгисээр арилжааны усан онгоцны хөдөлгөөн зогсох, аль нэг талын халдлагад өртөх аваас дэлхийн хүнсний үнэ дахин огцом өсөж, зарим буурай орнууд өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэл бий болов.[3] Өдгөө Украины үр тарианаас хамааралтай улсууд Хар тэнгисийн үр тарианы гэрээг шинэчлэх асуудал дээр Туркийн талд найдвар тавих болсон ба энэ нь Туркийн Хар тэнгис дэх нөлөөллийг улам хүчирхэгжүүлж байна.
Хар тэнгисийн манаач нь Турк болсон учир
Турк улс Монтрегийн гэрээгээр Хар тэнгисийн хууль ёсны нөлөөтэй хүчин болсон юм. Турк улсад Хар тэнгист давуу эрхийг олгосон тус гэрээ 1936 оны 7 дугаар сарын 20-нд Швейцарийн Монтре хотод байгуулагдсан ба Хар тэнгисийг Газар дундын тэнгистэй холбосон Босфорын хоолойгоор хөлөг онгоцнууд дамжин өнгөрөхийг зохицуулдаг. Гэрээ нь[4] доорх гол заалтуудаас бүрдэнэ:
- Энхийн цагт иргэний усан тээврийн бүх хөлөг онгоц Босфорын хоолойгоор чөлөөтэй нэвтрэх эрхтэй;
- Хар тэнгисийн орнууд байлдааны хөлөг онгоцоо хоолойгоор аливаа хязгаарлалтгүйгээр явуулах эрхтэй;
- Хар тэнгисийн болон Хар тэнгисийн бус гүрнүүдийн байлдааны хөлөг онгоцнууд хоолойгоор дамжин өнгөрөхдөө Туркийн талд урьдчилан мэдэгдэнэ. Ингэхдээ Хар тэнгисийн гүрнүүд 8 хоног, Хар тэнгисийн бус гүрнүүд 15 хоногийн өмнө мэдэгдсэн байна;
- Хар тэнгисийн бус улсууд Хар тэнгист ердөө 21 хоног байх боломжтой;
- Хар тэнгисийн бус улсууд байлдааны хөлөг онгоцоо хоолойгоор нэвтрүүлэх эрхтэй боловч дайран өнгөрөх хөлөг онгоцны хэмжээ, тоондоо хязгаарлалт хэрэгжүүлнэ;
- Турк улс дайны үед эсвэл өөрийгөө халдлагад өртөж байна гэж үзэх үед байлдааны хөлөг онгоцыг нэвтрүүлэхгүй байх эрхтэй байна.
Ийнхүү дээрх заалтуудын хүрээнд Турк улс Хар тэнгис болон Газар дундын тэнгисийн хооронд усан онгоцны хөдөлгөөнийг зохицуулах үүргийг гүйцэтгэдэг. ОХУ Украины дайн эхэлсэн цагаас хойш Хар тэнгисээр дамжих байлдааны хөлөг онгоцны асуудал хурцдаж ирэв. Ингээд Турк улс Хар тэнгис рүү нэвтрэх байлдааны хөлөг онгоцны урсгалд зохицуулалт хийх үүрэгтэй учраас Хар тэнгист аливаа цэргийн мөргөлдөөнийг гаргахгүй байхад гол нөлөөтэй болсон юм. Анкара Хар тэнгист нэвтэрч буй Орос, НАТО-гийн усан онгоцнуудыг нэвтрүүлэх тал дээр ихээхэн болгоомжтой хандаж иржээ.[5] Хар тэнгис дэх тэнгисийн хүчний тэнцвэрт байдалд Туркийн оролцоо хэлбэр аль нэгт талд гаралгүй, бүс нутгийн хурцадмал байдлыг зохицуулах, гал зогсооход зуучлахад төвлөрч байна. Үүнийг НАТО-г Хар тэнгисээс хол байлгахын зэрэгцээ Оросын талд хэт давуу байдал олгохгүй[6] байгаагаас харж болно.
Дүгнэлт: Хар тэнгис дэх нөлөөгөө өсгөж буй Туркийг илүү том сорилт хүлээж байна
Турк улсын хувьд ОХУ Украины дайныг урнаар ашиглаж Зүүн болон Барууны дунд хүч тэнцвэржүүлэгч, Хар тэнгисийн зүй ёсны нөлөө бүхий улс гэдгээ дэлхий дахинд нотлон харуулж байна. Энэ утгаараа Украины хямрал Туркийг стратегийн хувьд дахин нэг шат ахиулав. Анкара дахь бодлого тодорхойлогчид цаашид талуудыг эвлэрүүлэн зуучлах санал санаачилгуудыг идэвхтэй тавих, НАТО-гийн шийдвэрт өөрийн эрх ашгаа тусган нөлөөлөх зэрэг бодлого баримтлах нь маргаангүй. Чингэхдээ Туркийн хувьд үүсээд буй нөхцөл байдал хурцдах тусам илүү уран нарийн гадаад бодлогын нүүдэл хийх шаардлагатай нүүр тулгарна.
Украины хямрал шийдэгдэхгүй сунжрах тохиолдолд Турк улсын Оростой харилцах харилцаа эрсдэлд орж, тэнцвэржүүлэх бодлого алдагдах улмаар аль нэг талд орохоос өөр аргагүй байдалд орох эрсдэл бий. Украины хямрал улам хүндэрч бүрэн хэмжээний дайны түвшинд хүрэх нөхцөлд (магадлал бага) Анкара дахь бодлого тодорхойлогчид Хар тэнгист мөргөлдөөн гаргахгүй байх, цаашлаад Сири, Ливи, Кавказ, Газар дундын тэнгис дэх нөлөөллөө хадгалахын тулд НАТО, ОХУ-ын хооронд тэнцвэрийг олох амаргүй нөхцөл дунд самбаачлан ажиллах хүндхэн бэрхшээлийн өмнө ирнэ.
Ашигласан эх сурвалжууд:
[1] Erdoğan ile Putin’in Soçi buluşması ne getirdi?, DW, 2023.09.05, https://www.dw.com/tr/erdoğan-ile-putinin-soçi-buluşması-ne-getirdi/a-66722098
[2] Yeni Dönemde Sıfır Sorun Politikası, https://www.mfa.gov.tr/yeni-donemde-sifir-sorun-politikasi.tr.mfa
[3]World leaders call on Russia to rejoin Black Sea grain deal
https://lu.usembassy.gov/world-leaders-call-on-russia-to-rejoin-black-sea-grain-deal/
[4] The 1936 Montreux Convention, Nilufer Oral, Center for Strategic and International Studies (CSIS), https://www.jstor.org/stable/pdf/resrep23130.7.pdf
[5] The balancing act of Turkish foreign policy and the war in Ukraine, Felipe Sánchez Tapia, IEEE, 2022, https://www.ieee.es/Galerias/fichero/docs_analisis/2022/DIEEEA31_2022_ENG.pdf
[6] Side-Stepping Turkey: Using Minesweepers To Increase Allied Presence In The Black Sea, https://warontherocks.com/2023/09/side-stepping-turkey-using-minesweepers-to-increase-allied-presence-in-the-black-sea/
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Израиль-Палестины хямрал: АНУ-ын байр суурьСүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02