Ойрх Дорнод нь АНУ-ын хувьд гадаад бодлого, аюулгүй байдлын гол бүс нутгуудын нэг байсаар ирсэн ба эрчим хүчний бүс нутаг дахь нөөцийг мэдэлдээ байлгах, бүс нутаг дахь ЗХУ, Ираны нөлөөг саармагжуулах/хориглох, Израиль болон Арабын холбоотон орнуудын эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалах, терроризмтой тэмцэх, ардчиллыг экспортлох, дүрвэгсдийн урсгалыг багасгах зэрэг олон зорилтуудыг үе үеийн засаг захиргаа хэрэгжүүлсээр ирсэн. Үүний зэрэгцээ, бүс нутгийн аюулгүй байдлын динамикийн чухал хөдөлгүүр болох Израиль-Палестины зөрчлийг шийдвэрлэх, ингэхдээ Израилийг дэмжихийн сацуу бүс нутгийн тогтвортой байдлыг хангах зорилттой тэнцвэржүүлэхийг хичээсээр ирсэн.
Энэ оны 10 дугаар сарын 7-ны өдөр Хамас Израиль руу гэнэт довтлохоос өмнөх жилүүдэд хоёр улсын зөрчлийг шийдвэрлэх АНУ-ын сонирхол багасаад байсан юм. Энэ нь 2011 оны Арабын хавар, Сири, Йемений дайн, бүс нутаг дахь Ираны нөлөөний өсөлт, Аль Каида болон бусад террорист бүлэглэлүүд, мөн ОХУ-Украины дайн зэрэг нь АНУ-ын аюулгүй байдал, ашиг сонирхолд шууд заналхийлэх болсонтой холбоотой байв.
Газын зурвас дахь өнөөгийн байдалтай холбогдуулж АНУ-аас баримталж буй байр суурь олон улсын хамтын нийгэмлэгийн шүүмжлэлийг багагүй дагуулж ирсэн бөгөөд Украины дайны талаар ОХУ-ыг олон улсын эрх зүйг ноцтой зөрчиж байна хэмээн хүчтэй шүүмжилдэг ч Газын зурвас дахь нөхцөл байдлын хувьд цэргийн болоод дипломат дэмжлэгийг Израильд үзүүлж “давхар стандарт”-аар АНУ хандаж байгааг олон улсын зүгээс онцолсоор байгаа билээ.
Хямралыг зогсоох НҮБ-ын хүчин зүтгэл
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар Газын зурвас дахь хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, дайсагналыг зогсоох нөхцөл бүрдүүлэхийг уриалсан тогтоолын төслийг батлав. Арабын Нэгдсэн Эмират Улсаас санаачилсан уг тогтоолоор гишүүн 13 орон тогтоолыг дэмжсэн санал өгч, харин АНУ, ОХУ түдгэлзэв.
АНУ-ыг вето эрхээ дахин хэрэглэх нөхцөл байдал бүрдүүлэхээс зайлсхийхийн тулд тогтоол санаачлагч тал ажиллаж, тогтоолын гал зогсоохыг уриалсан үг хэллэгийг зөөлрүүлж, талууд харилцан буулт хийснээр АНУ тогтоолын төсөлд энэ удаа хориг тавьсангүй.
Олон талт хамтын ажиллагааны хүрээнд АНУ, Израиль улсууд шахалтад орж байгааг илтгэх нэг дохио бол 12 дугаар сарын эхэнд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Газын зурваст гал даруй зогсоохыг шаардсан тогтоолыг баталсан явдал юм. Тогтоолыг 153 гишүүн орон дэмжиж, 10 гишүүн эсрэг санал өгч, 23 гишүүн орон түдгэлзсэн юм.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл тогтоолын төслийг хэлэлцсэний дараа НҮБ-ын ЕНБД А.Гутерреш гал зогсоохыг хэвлэлийн бага хурлын үеэр дахин уриалж, Израилийн явуулж буй цэргийн ажиллагаа нь хүмүүнлэгийн ноцтой хямралыг Газын зурваст бий болгож байгааг онцлов. Тэрээр Газын зурваст тусламжийн үйл ажиллагаа явуулахад 1) аюулгүй байдал, 2) хүн хүч, 3) ложистикийн чадавх, 4) худалдаа үйлчилгээг сэргээх шаардлага байгаа ч одоогийн байдлаар эдгээрийн аль нь ч боломжгүй байна хэмээн мэдэгдсэн юм. Мөн Хамас энгийн иргэдийг бамбай болгон ашиглаж байгаа нь палестинчуудыг хоморголон шийтгэх, Израилийг эрх зүйн үүрэг хариуцлагаас чөлөөлж байгаа шалтаг огтхон ч биш гэж мэдэгдэв.
Түүхэн дэвсгэр
Оросын эзэнт гүрэн болон Европ дахь еврейчүүдийн эсрэг уур амьсгал газар авч эхэлсэнтэй холбогдуулж, Европ даяар тархан суурьшсан байсан еврейчүүд түүхэн газар нутаг руугаа нүүж эхэлсэн бөгөөд энэ нь тухайн үеийн Османы эзэн гүрний ноёрхолд байсан газар нутгийн нэг хэсэг байв.
Цаашлаад 1897 онд сионистуудын анхдугаар конгресс болж, эхэндээ еврейчүүдийн аж ахуйн суурьшлыг байгуулах асуудал хөндөгдсөн ч Палестины газар нутаг дээр бие даасан улсаа байгуулах зорилго болж өргөжиж байв.
1917-1918 онд Палестины газар нутгийг Их Британи эзэлж, суурьшсан байсан еврейчүүдийн дэмжлэгийг авахын зэрэгцээ Их Британий Гадаад харилцааны сайд Артур Бальфур еврейчүүдийн холбооны тэргүүн Лайонел Ротшильдэд Палестины газар нутаг дээр бусад ард түмний эрхийг хүндэтгэх зарчмын дор еврейчүүдийн гал голомтыг байгуулахыг санал болгож байв.
Бальфурын тунхаглалыг үндэслэн Үндэстнүүдийн лиг Палестиныг засаглах удирдлагыг Их Британид шилжүүлснээр шилжин суурьшигчдын тоо нэмэгдэж, еврей, арабууд хооронд анхны сөргөлдөөн эхэлсэн. Шилжин суурьшигчдын тоо нэмэгдсээр 1936 он гэхэд Палестин дахь еврейчүүдийн тоо 500 мянгад хүрсэн байв.
Ийнхүү шилжин суурьшигчдын тоо Европ дахь анти-семитизмын уур амьсгал нацистууд Германы удирдлагад гарснаар хурцадсантай холбогдуулж эрчимжиж байгаад энэ байдлыг эсэргүүцэж арабууд босч хоёр талын зэвсэгт сөргөлдөөн эхэлсэн бөгөөд 1939 онд Их Британичууд шилжин суурьших үйл явцыг хязгаарлахад хүргэв.
Дэлхийн II дайны дараа НҮБ байгуулагдаж, Ерөнхий Ассамблейн 181 /III/ тогтоолоор Палестин дахь Их Британий мандатыг цуцалж, тус газар нутагт еврей, арабын улсыг байгуулахыг баталгаажуулав. Үүний дараа газар нутгийн төлөөх араб, израилийн анхны дайн болж, нөхцөл байдал тогтвортой бус байсаар 1948 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Израиль улс тусгаар тогтнолоо зарласан юм.
АНУ 1948 онд Израилийг тусгаар тогтносон улсаар зөвшөөрсөн анхны орон болсноос хойш тус улсыг бүх талаар дэмжиж ирэв. Ялангуяа 1967 оны 6 өдрийн дайн, 1973 оны дайн тус бүс нутаг дахь АНУ-ын бодлогод эргэлт хийх үйл явдал болж, Арабын газрын тос нийлүүлэгчид АНУ-д бүтээгдэхүүн нийлүүлэлтээ зогсоож, улмаар Израилийг дэмжиж байсан АНУ болон Египет, Сирийг дэмжиж байсан ОХУ хооронд цөмийн дайн дэгдэхэд ойртож байв. Энэ нөхцөл байдал АНУ-ын бүс нутаг дахь бодлогод нөлөөлөөд зогсохгүй, палестинчуудыг төлөөлөх цорын ганц төлөөлөгчөөр Палестины чөлөөлөх байгууллагыг 1974 онд Арабын Лиг хүлээн зөвшөөрсөн нь Израиль-Палестины зөрчлийг шинэ шатанд гаргасан гэж үзэж болох юм.
Израиль улсын бүрэн эрхийг “хамгаалдаг” АНУ-ын хүч чармайлтын хариуд Израиль нь АНУ-ын Ойрх Дорнод дахь аюулгүй байдлын хамгийн ойр, найдвартай түнш нь болсон. Хүйтэн дайны үед АНУ-ын батлан хамгаалах стратегийн шинжээчдийн зүгээс Израилийг Ойрх Дорнод дахь ЗХУ-ын нөлөөллийг сөрөх хамгийн ойр түнш гэж үзэж, хамтын ажиллагааг бэхжүүлж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, цаашлаад терроризмтой хийж буй АНУ-ын тэмцэлд ч гэсэн Израиль ач холбогдлоо нотолж чадсан юм.
Өнөөдрийн байдлаар Израиль улс Ойрх Дорнод дахь АНУ-ын стратегийн түнш хэвээр байгаа бөгөөд АНУ-аас улс төр, эдийн засаг, цэрэг, зэвсгийн бүхий л дэмжлэгийг үзүүлж, үүнийгээ хуулиараа ч баталгаажуулсан байдаг. Тодруулбал, Ойрх Дорнодын бусад орнуудтай АНУ-ын хийх аливаа зэвсгийн худалдаа нь “Израилийн эсрэг цэрэг, дайны заналхийллээс хамгаалах Израиль улсын чадавхын давуу байдлыг дордуулахгүй байх” нөхцөл байдлыг АНУ-ын Засаг захиргаа хангахыг хуульчилсан.
Палестины хувьд, АНУ-ын зүгээс Палестины засгийн газрын үйл ажиллагаанд, мөн хүмүүнлэгийн хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлж байгаад 2007 онд Фатах намаар удирдуулсан Хамас Газын зурвасыг мэдэлдээ авснаас хойш дэмжлэгийн урсгалд өөрчлөлт орсон юм. АНУ-аас Хамасыг террорист бүлэглэг гэж үздэг ба тус бүлэглэлийг аливаа дэмжлэг авахаас сэргийлэх бүх арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн.
Израиль-Палестины зөрчил, яриа хэлэлцээ
Тус хоёр улсын яриа хэлэлцээ шийдлээ олно гэсэн горьдлого улам бүдгэрсээр Авраамын гэрээ, 2021 оны Израиль-Хамасын сөргөлдөөн, 2022 онд эхэлсэн хурцадмал байдал, 2023 оны 10 дугаар сарын 7-ны Хамасын дайралтаас улбаалсан дайн зэрэг нь хоёр тал тохиролцох боломжийг зарчмын хувьд үгүй хийсэн гэж үзэж болох юм.
Two State Solution буюу Хоёр улс шийдэл, хоёр талын энх тайвны яриа хэлэлцээг АНУ дэмжиж, найдлага тавьж байсан ч сүүлийн үеийн нөхцөл байдал нь Палестиныг Израиль улсаас хийх буултыг цаашид горьдолтгүй болгож, Хамас, Палестины Засаг захиргаа хоорондын зөрчил нь яриа хэлэлцээг тэг цэг рүү авчирсныг олон улсын шинжээчид онцолж байна.
Нөхцөл байдалтай холбогдуулж Израильд цэрэг, зэвсгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 14,3 тэрбум ам.доллар батлахыг АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден Конгрессоос хүсэв. Цаашлаад, бүс нутаг дахь цэрэг, зэвсгийн хүчээ АНУ эрс нэмэгдүүлж, Израильд цэрэг, зэвсгийн дэмжлэгийг эрчимтэй үзүүлсээр байна. Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлд Палестины асуудлаар хэлэлцэж, тогтоол батлахад АНУ нь хоёр удаа вето эрхээ эдэлж, Израилийг уламжлалт байдлаар хамгаалав.
Үүний зэрэгцээ, Израиль-Саудын Араб хоорондын харилцааг хэвийн болгох АНУ-ын хүчин чармайлт 10 дугаар сарын үйл явдлаар зогсонги байдалд оров.
АНУ-ын байр суурь
Дайн эхэлснээс хойш АНУ-ын Төрийн департаментын дарга Энтони Блинкен дөрөв дэх удаагаа Ойрх Дорнодод хүрэлцэн ирсэн бөгөөд уламжлалт байдлаар Израиль улсыг бүх талаар дэмжиж, олон талт хамтын ажиллагааны хүрээнд “хамгаалах”-ын зэрэгцээ зэвсэгт сөргөлдөөнийг зогсоох, яриа хэлэлцээг эхлүүлэх талаар байр суурь илэрхийлэв.
Тодруулбал, Израиль улс өөрийгөө хамгаалах болон Хамасын үйлдэж болзошгүй халдлагаас урьдчилан сэргийлэх эрхтэй, тэр бүү хэл “ёстой” гэж АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден онцлон тэмдэглэдэг. Нөгөөтэйгүүр, Израиль өөрийгөө хамгаалах эрхээ хэрхэн, ямар аргаар хэрэгжүүлж байгаад гол асуудал байгаа юм. Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямрал, Хамасын үйлдэж буй харгислалд Палестины ард түмэн ямар ч холбоогүй, буруугүй бөгөөд тэд хохирох ёсгүй. Палестинчуудын амь нас хамгаалагдсан байх ёстой гэсэн байр суурийг Э.Блинкен маш тодорхой тэмдэглэв.
АНУ-ын Засаг захиргаа Хамасыг бүрэн устгах гэсэн Израилийн бодлого, хүслийг бүрэн дэмжиж байсан ч Израилийн цохилтуудаас улбаатай Газын зурвас дахь энгийн иргэдийн амь үрэгдэж буй тоо нэмэгдсээр байгаа (одоогийн байдлаар 20 мянга гаруй болоод байгаа) нь Вашинтон дахь уур амьсгалыг өөрчлөгдөхөд хүргэж эхэлж байна.
АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Б.Обамагийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч асан Бен Роудс хэлэхдээ Газын зурваст болж буй үйл явдал, түүнийг дэмжиж буй АНУ-ын байр суурь нь “…бид олон улсын эрх зүйн хэм хэмжээг селектив байдлаар хэрэглэж байгааг нотолж байна” гэв.
Олон улсын хамтын нийгэмлэг ч гэсэн Газад болж буй үйл явдал, АНУ-ын баримталж буй бодлогыг шүүмжилж, улмаар АНУ нь “олон улсын хамтын нийгэмлэгийн шахалтаас үүдэж ганцаардалд орж болзошгүйгээс сэргийлэх болсон” гэж NBC News мэдээлэв.
Ийнхүү тал талын шахалт, бодит байдалтай холбогдуулж АНУ нь Израиль улсын өөрийгөө хамгаалах эрхийг дэмжихийн зэрэгцээ Газын зурвас дахь энгийн иргэдийн аюулгүй байдлын талаар тодорхой байр суурь илэрхийлж, Газын зурвасын хойд хэсэгт явуулж байсан ажиллагааг өмнөд хэсэгт давтаж болохгүй, учир нь хойд хэсэгт явуулсан ажиллагаанаас зугтсан палестинчуудын төвлөрөл өмнөд хэсэгт нэмэгдсэн байгааг Израилийн талд анхааруулав.
Цаашлаад, Ойрх Дорнодод болж буй үйл явдалтай холбогдуулж АНУ-ын дотоод байдалд мөн өөрчлөлтүүд мэдрэгдэж эхлээд байна.
АНУ-ын дотоод уур амьсгал:
Брүүкингс хүрээлэнгээс гаргасан “Is the Israel-Gaza war changing US public attitudes” нийтлэлд Израиль-Палестины асуудлаар АНУ-ын иргэд хуваагдмал байр суурьтай байгааг онцолж, тоон үзүүлэлтээр үзүүлжээ:
Асуулт: Израиль-Палестины асуудлыг зохицуулахад АНУ ямар үүрэгтэй оролцох ёстой вэ? АНУ оролцох шаардлагатай юу?
2023 оны 6 дугаар сарын 21-27-ны байдлаар
Бүгд найрамдахчууд | Демократууд | Бие даасан | Бусад | |
Израилийг дэмжигч | 47,3% | 13,7% | 20,8% | 25,4% |
Палестиныг дэмжигч | 1,3% | 10,4% | 5,6% | 5,6% |
Нейтрал | 49,5% | 73,4% | 71,4% | 66,2% |
2023 оны 10 дугаар сарын 20-22-ны байдлаар:
Бүгд найрамдахчууд | Демократууд | Бие даасан | Бусад | |
Израилийг дэмжигч | 71,9% | 30,9% | 37,9% | 42,9% |
Палестиныг дэмжигч | 1,2% | 9,2% | 5,7% | 6,1% |
Нейтрал | 25,7% | 57,4% | 53,6% | 48,2% |
Цаашлаад, иргэдийн 40 хувь нь АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден аль талыг дэмжсэн бодлого явуулж байгаа талаар мэдэхгүй байгаа судалгаа гарчээ.
Асуулт: Израиль-Палестины асуудлаар Ж.Байдены Засаг захиргааны явуулж байгаа бодлогыг тодорхойлно уу?
Бүгд найрамдахчууд | Демократууд | Бие даасан | Бусад | |
Израилийг хэт дэмжиж байна | 8% | 24,4% | 22,3% | 19,3% |
Палестиныг хэт дэмжиж байна | 26% | 1,2% | 9,5% | 11,1% |
Мэдэхгүй | 39,2% | 37,2% | 38,5% | 40% |
Дүгнэлт
Газын зурвас дахь нөхцөл байдал үргэлжлэхийн хэрээр хохирсон энгийн иргэдийн тоо нэмэгдэж энэ нь АНУ-ын дотоод байдал, гадаад бодлогын чиглэлд зарим өөрчлөлтүүдийг бий болгон АНУ-ын иргэдийн хандлагад үргэлжлүүлэн нөлөө үзүүлэхээр байна.
АНУ улс төр болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд Израилийн талд байр суурь баримтлах ч Газын зурваст явуулж буй ажиллагаа нь хүмүүнлэгийн ноцтой хямралыг бий болгож байгаа тул олон улсын шахалтаас сэргийлэн гал зогсоох, яриа хэлэлцээний ширээний ард суухыг талуудад уриалан, Израиль улсын өөрийгөө хамгаалах эрхийг хамгаалахын зэрэгцээ энэ эрхээ хэрэгжүүлж буй аргыг буруушаах байр суурь баримтлахаас өөр гарцгүй болж байна. Цаашлаад, нөхцөл байдал даамжирч, амь үрэгдэж буй энгийн иргэдийн тоо нэмэгдсээр байх аваас НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөр Израилийг буруушаасан тогтоол, шийдвэрт АНУ “вето” эрхээ эдлэхгүй байх магадлал нэмэгдсээр байна.
Палестин-Израилийн мөргөлдөөн нь “нэг улсын шийдэл” үр дүнд хүрэхгүй бөгөөд нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэйг харуулж байгаа тул “Хоёр улсын шийдэл”-ийг хэрэгжүүлэх нь Палестины асуудлыг шийдэх үндсэн гарц гэдгийг олон орны шинжээчид онцолж байна. Иймд НҮБ, Арабын орнууд, Хятад, Орос, Европын Холбоо нь Палестин, Израйль хоёрыг аль болох хурдан дайныг зогсоож, “хоёр улсын шийдэл”-ийн хэлэлцээрт эргэн орж, энх тайвнаар зэрэгцэн оршихыг уриалж байна.
Ашигласан эх сурвалж:
- Munayyer, Yousef. “ISRAEL/PALESTINE: Toward Decolonization.” The One State Reality: What Is Israel/Palestine?, edited by Michael Barnett et al., Cornell University Press, 2023, pp. 68–86. JSTOR, http://www.jstor.org/stable/10.7591/j.ctv2jhjx92.7. Accessed 25 Dec. 2023.
- US Abstains, Allowing UN Security Council Resolution on Gaza to Pass https://www.voanews.com/a/us-abstains-allowing-un-security-council-resolution-on-gaza-to-pass/7409272.html
- The Israeli-Palestinian Conflict and the Psychology of Trauma https://www.foreignaffairs.com/israel/psychology-israeli-palestinian-conflict-trauma-bessel-van-der-kolk
- Understanding China’s Position on the Israel-Palestine Conflict https://thediplomat.com/2023/12/understanding-chinas-position-on-the-israel-palestine-conflict/
- Elia T. Zureik: “The Palestinians in Israel: A Study in Internal Colonialism” https://books.google.mn/books?hl=en&lr=&id=2mqyEAAAQBAJ&oi=fnd&pg=PT9&dq=israel+palestine&ots=bdGHxwb1H8&sig=peLHgkRc7DF5UlCJDJR5pv4np2E&redir_esc=y#v=onepage&q=israel%20palestine&f=false
- Is the Israel-Gaza war changing US public attitudes? https://www.brookings.edu/articles/is-the-israel-gaza-war-changing-us-public-attitudes/
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Эрчим хүчний эрэлт ба биотүлш, биогазДараах нийтлэл
Туркийн Хар тэнгис дэх геополитикийн нөлөө ба сорилтуудСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19