Эхлэл хэсэг нь өмнөх дугаарт
Зураг-3. Францын байлдааны ангиуд, нисэх онгоцнууд Эстони (Lynx), Румын (Aigle), Литвад (eAP) байршсан зураглал; Эх сурвалж: Ministère des Armées – 2024[1]
Армийн генерал Пьер Шиллийн нийтлэл болон бусад сурвалжуудын мэдээллээс үзвэл Украин улс энэ дайнд өөрийн хүчээр ялж эзлэгдсэн мужуудаа буцаан авах боломжгүй гэж Францын стратегчид үзэж байгааг таамаглаж болно. Цаашлаад 2024 оны 4 дүгээр сарын 3-нд Politico-д гарсан нийтлэлээс үзвэл Өрнөдийн эрх баригчид Украины фронт дээр байдал сайнгүй байгааг мэдэж байгаа аж. Украины армийн 2023 оны зуны сөрөх давшилт бүрэн бүтэлгүйтсэний дээр 2024 оны зун Оросын талын ерөнхий давшилт эхлэхэд түүнийг тогтоон барих чадал Украины талд хомс байгаа, мөн Украины фронт аль нэг хэсгээрээ цөмөрч нурах эрсдэлтэй байгаа мэдээллүүд гараад байна.[2] Франц-Украины хооронд 2024 оны 2 дугаар сард байгуулсан “Аюулгүй байдлын гэрээ”, тусламжийн 3 тэрбум еврогийн багц, Францын талаас хуягт тээвэрлэгч, байлдааны машинууд, агаараас эсэргүүцэн хамгаалах систем, ойрын ба дунд тусгалын пуужин өгч байгаа мэдээллүүд нь Франц улс өөрийн оролцоог эрс нэмж байгааг харуулж байна.
АНУ-д Конгресс дээр Украинд өгөх тусламжийн багц гацсаны дээр Ойрх Дорнод, Тайваний чиглэлд АНУ цэргийн болон мөнгөн тусламж нь хуваагдсан, мөн 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп дахин сонгогдох магадлалтай зэргийг харгалзан үзвэл Украин дахь хямралын байдал Оросын талд ашигтай эргэх өндөр магадлалтай болсон. Иймээс Европын аюулгүй байдлын цаашдын архитектур тогтоход цөмийн ба цэргийн гүрэн Франц улс өөрийн байр суурь, оролцоо, эрх ашгаа тодорхойлж хөдлөх нь зүй ёсны хэрэг гэж ойлгогдоно.
Францын илгээж болзошгүй 1 дивиз хэмжээний хүч нь Украин дахь галын шугамд онц нөлөөгүй бөгөөд зөвхөн стратегийн тогтоон барих нөлөөллийн зорилготой, цаашлаад ирээдүйд гал зогсох үед дайны дараах статус-кво тогтоход Өрнөдийн талаас Франц жин дарах хэлэлцэгч болж өөрийн ба Европын Холбооны эрх ашгийн үүднээс геополитикийн том тоглогчийн байр сууриа батлах давхар зорилготой нь харагдана. Мөн Францын өөрийн гранд-стратеги болох “ambiguïté stratégique”[3] нь амжилт олж Украины асуудлыг гал зогсож статус-кво тогтох хүртэл зэвсэгт тулгаралтгүйгээр (Орос-Францын хооронд) хөтлөн удирдахад нөлөөлж чадвал “цэрэг илгээх тухай” яриа нь амжилттай стратеги болж хувирах юм.
Франц – Оросын гибрид мөргөлдөөний бусад талбарууд
Украины хямрал бол Франц – Оросын хооронд (том зургаараа Өрнөд – Оросын хооронд өрнөж байгаа геополитикийн тэмцэл, геоэкономикийн өрсөлдөөний нэг чиглэл) өрнөж байгаа саарал бүсийн гибрид мөргөлдөөний зөвхөн нэг талбар юм. Бусад талбарууд нь:
- Африк: Африк дахь Францын нөлөөний бүсэд тооцогддог олон оронд Оросын тусгай албад (Вагнер хөлсний цэргийн компани г.м) нөлөөллийн ажиллагаа явуулж цэргийн эргэлт гаргаж Францын эсрэг үзэл бодолтой дэглэмүүд ээлж дараалан бий болж байна. Франц улс геополитикийн болон эдийн засгийн ашиг сонирхлын чиглэлд Африкийн бүс нутагт том хохирол үзэж байна. Африкийн зах зээл, нөлөөллийн орон зай, минералын хяналтын төлөө тэмцэлд БНХАУ, ОХУ, Өрнөд, Франц бүгд өрсөлдөж байгаа ба эндээс том зургаараа Францад ашиггүй нөхцөл байдал руу шилжиж байна. Францын стратегчид Африкийн чиглэлд бодлогын өөрчлөлт хийхээр шамдан ажиллаж байгаа ч Оросын гибрид ажиллагаагаар үүсгэсэн Саарал бүсийг эргүүлэн Ногооруулах боломж бага байна.[4]
- Өмнөд Кавказ: Армян-Азербайжаны хямрал, Франц дахь Армяны диаспора (600,000 армян гаралт францууд байдаг), Франц-Туркийн өрсөлдөөн, Франц-Оросын өрсөлдөөн зэрэг нь Парисыг Еревантай ойртон дотносох шалтгаан болдог. Пашиняны Засгийн газар 2023 онд Уулын Карабахыг бүрэн алдсаны дараа Зангезурын хонгилыг Азербайжанд алдах аюулд ороод байгаа үед Францыг түшиж цэргийн тусламж авч Оросоос холдох шийдвэртэй алхмууд хийж эхэлсэн юм.[5] Францын тусламж Армяныг цаашид бүс нутгийн хямралаа шийдэж тогтворжуулах хүчин зүйл болох эсэх нь тодорхойгүй ч аюулгүй байдлын хамаарлаа ОХУ-аас салгахад түлхэц болно. Армян бол геостратегийн түлхүүр байршил бөгөөд олон агуулгаар Франц-Оросын өрсөлдөөний халуун талбар болоод байна.[6]
- Ойрх Дорнод: Оросын цэрэг Сирид байршсан явдал, Судан, Ливи дэх Оросын гибрид ажиллагаа, Иран-Оросын ойртолт зэрэг нь Ойрх Дорнод, Газар Дундын тэнгисийн зүүн бүсэд нөлөөллөө хадгалах Францын ашиг сонирхолд саад болж ирсэн. Ливан дахь Францын ашиг сонирхлыг Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэлээр дамжуулан шахан хавчдаг бөгөөд Ойрх Дорнодын улс бус бүлэглэлүүдийг хамгийн сайн судалсан, харилцааны ил ба далд сувгуудтай, шаардлагатай үедээ тэднийг ашиглаж чаддаг улсуудын нэг нь ОХУ юм.[7]
- Украин: Украин дахь Өрнөд-Оросын тэмцэл, Франц-Оросын тэмцэл цаашид тэлэн өргөжиж болзошгүй (эхний бүлэгт өгүүлсэн). Ямартай ч талууд Халуун дайнд хүргэхгүйгээр мөргөлдөөнийг хөтлөн явуулахыг эрмэлзэх бөгөөд Европын аюулгүй байдлын дараагийн архитектур тогтох хүртэл энэ тэмцэл үргэлжилнэ.
- Олон улсын зэвсгийн зах зээл: 2022 онд Украин дахь дайн эхэлснээс хойш олон улсын зэвсгийн зах зээл дээр ОХУ 2-р байраа алдаж Франц улс зэвсгийн экспортоор (АНУ-ын дараа) 2-р байранд дэвшин гарч ирсэн. ОХУ-ын зэвсгийн гол худалдан авагчид болох Энэтхэг, Ази-Номхон далай, Ойрх Дорнодын зах зээлээс томоохон хэсгийг нь Франц булаан авч байна.[8]
- Францын дотоод асуудал: Францын нийгэмд өрнөдөг олон жагсаал цуглаан, Шар хантаазтангууд, Фермерүүдийн жагсаал, Үйлдвэрчний эвлэлүүд ба ажил хаялт, экстремизм, хэт баруунтнуудын идэвхжилт зэргийн ард Оросын тусгай албад идэвхтэй ажиллаж байгааг Францын тусгай албад тогтоосон. Цаашид ч Францын нийгмийн дотоод уур амьсгалыг донсолгох, сошиал сүлжээг залуурдах, кибер халдлага хийх, нийгмийг нь хуваан талцуулах, сонгуульд нөлөөлөх, улстөрчдийг худалдан авах зэрэг Оросын тусгай албадын гаршсан арга хэрэглүүрүүд тасрахгүй бөгөөд үүний эсрэг Франц улсын төрийн аппарат маш их хүч зарж саармагжуулж байна.[9]
- Олон улсын терроризм: Исламын улсын Парис хотод болоод Франц даяар үйлдэж байсан олон халдлага Франц улсад аюулгүй байдлын том сорилт болж түүнийг таслан зогсоох, үндсийг нь таслах явдал тус улсын тусгай албадын шандсыг шалгаж байна. Олон улсын терроризмын эсрэг ажиллагаанд ОХУ-ын үүрэг оролцоо их байсан ч Украины хямралын улмаас энэ холбоо тасарсан. Францын тал ОХУ-тай терроризмын эсрэг хамтран ажиллах сувгаа нээх тухайд сүүлийн үед сигнал өгч эхэлсэн. Терроризмын асуудал бол хоёр улсын өрсөлдөөний талбар биш хэдий ч хамтын ажиллагаа бүдгэрвэл аль алинд нь хохиролтой, ингэхдээ Францын талд илүү хүнд сорилт болох юм. Францын Ерөнхийлөгч Макрон 2024 оны 3 дугаар сарын 29-нд Бразилд хийсэн мэдэгдэлдээ “В.Путинтэй ярилцахад бэлэн” гэж хэлсэн нь ардаа ОХУ-тай харилцах олон хэрэгцээ шаардлага байгааг илэрхийлсэн юм.[10]
- Парис-2024: 2024 оны Зуны Олимпийн тоглолт Парист болох бөгөөд ОХУ, Беларусийн тамирчдад энэ олимп хаалттай (оролцох тамирчны тоог 40-өөр хязгаарлаж болзошгүй) болох төлөвтэй байна.[11] Парис хотын захирагч Анн Идальго Оросын тамирчдын эсрэг эсэргүүцлээ нээлттэй илэрхийлсэн бөгөөд нутаг дээрээ Олимп хүлээн авагч Франц улсын хувьд ОУОХ-нд хэрхэн нөлөөлөх, Олимп эхлэх хүртэл ямар шийдвэр гаргах нь Франц-Оросын харилцааны халуун цэг болоод байна.[12] 2024 оны 4 дүгээр сарын 3-нд Францын БХ-ын сайд Себастьян Лекорню ОХУ-ын БХ-ын сайд Сергей Шойгутай утсаар ярьсан мэдээлэл дэлхийн хэвлэлийн анхааралд орлоо. Ярианы сэдвийн тухайд талууд ялгаатай хэвлэлийн мэдээ тавьсан ч гол сэдвийн нэг нь терроризмын асуудал байжээ. Парисын Олимп эхлэхтэй холбоотойгоор Францын эрх баригчид аюулгүй байдлын чиглэлд ОХУ-тай хамтран ажиллах, болзошгүй халдлагын эсрэг хамтран тэмцэх сэдэв яригдсан нь анхаарал татаж байна.[13]
- Төв Ази: Бусад олон талбарт өрнөж буй өрсөлдөөний үр дүнд ОХУ албан ёсоор Франц улсыг “Найрамдалт бус улс” гэсэн ангилалд багтаасан. Украины дайны улмаас ОХУ дэлхийн зах зээлд, Европын зах зээлд түүхий эдийн экспортын зах зээлээ алдсан бол нөгөө талаас Төв Азийн бүс нутгийн эрчим хүчний түүхий эдийг дэлхийн зах зээлд холбох ажил ид явагдаж байна. Ялангуяа Казахстан, Узбекистан дахь Францын эрчим хүчний ба олборлох үйлдвэрлэлийн төслүүд (Уран, Нүүрсустөрөгч г.м) сууриа улам бэхжүүлэх таатай үе тохиож байна. Гэвч ОХУ-ын зүгээс Төв Азийн минералын нөөцийг өөрийнх нь хяналтгүйгээр дэлхийн зах зээлд холбох эсэх дээр заавал анхаарал тавьж хариу арга хэмжээ авах нь (Ялангуяа найрамдалт бус улс гэж зарласан Францын эсрэг) цаг хугацааны асуудал юм.[14] Орос-Францын өрсөлдөөний талбарын дараагийн халуун цэг нь Төв Азийн бүс нутаг болох магадлалтай.[15]
- Монгол: 2023 он бол Монгол-Францын харилцаанд дээд хэмжээний харилцан айлчлал хийгдсэн түүхэн жил болсны дээр хоёр орон анх удаа ураны ба эрчим хүчний чиглэлд томоохон төсөл хамтран хэрэгжүүлэхээр зарчмын тохиролцоонд хүрч техникийн бэлтгэл ажил нь эхэлсэн билээ.[16] Гэвч ОХУ-ын зүгээс Монголыг уламжлалт “өөрийн нөлөөний бүс” гэж үзэх хандлага нь бүх харилцаанд илэрдгийн дээр хөрш Монголын минералын чухал нөөцийг (Уран гм) Францад алдана гэдэг нь их гүрний хувьд хүлцэшгүй явдал гэж үзэж болзошгүй. Тухайлбал саяхны нэг жишээ нь Эгийн голын УЦС-ын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг Францын компаниар хийлгэснийг ОХУ-ын зүгээс “Найрамдалт бус харилцаатай орны судалгааны дүнг үндэслэмээргүй байна” гэж хэлсэн тухай Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн.[17] Мөн Монгол-Францын хооронд яригдаж байгаа нийт төслүүд, Хиймэл дагуул, Сансрын Үндэсний хөтөлбөр, Дүүжин тээвэр, Уул уурхай ба эрчим хүчний төслүүд зэрэг чиглэлд саад тотгор учрахыг (Орос-Францын таагүй харилцааны улмаас) үгүйсгэхгүй. Орос-Францын хоорондын өрсөлдөөн ба сөргөлдөөний, мөн хамтын ажиллагааны бусад талбарууд дахь нөхцөл байдал нь Монгол-Францын харилцааны хүрээнд яригдах олон асуудал дээр их, бага тодорхой хэмжээгээр (Монгол-Оросын харилцааны шугамаар дамжуулан) нөлөөлөх магадлалтай. Монголын бодлого боловсруулагчдын зүгээс Орос-Францын харилцааны өрнөлийг анхааралтай ажиглаж мэдээлэл-дүн шинжилгээний боловсруулалт тогтмол хийж байх, мөн Төв Ази дахь Оросын бодлого (Зөөлөн ба Хатуу хүчний) хэрхэн явагдахыг анхаарч судлан шинжлэх нь монголчуудын хувьд өөрийн эрх ашгаа хамгаалах гарын авлага болох болно.
Ашигласан эх сурвалж:
[1] Mission AIGLE | Ministère des Armées https://www.defense.gouv.fr/operations/operations/otan/mission-aigle
[2] Ukraine is at great risk of its front lines collapsing | Politico. April 3, 2024 https://www.politico.eu/article/ukraine-great-risk-front-line-collapse-war-russia/
[3] Guerre en Ukraine: c’est quoi le concept d’ambiguïté stratégique ? | IFRI. 18 mars 2024 https://www.ifri.org/fr/espace-media/lifri-medias/guerre-ukraine-cest-quoi-concept-dambiguite-strategique
[4] FRANCE NEW APPROACH IN AFRICA IN THE CONTEXT OF RUSSIAN HYBRID OPERATIONS | Pulaski Policy Paper no 14, March 17, 2023 https://pulaski.pl/en/pulaski-policy-paper-france-new-approach-in-africa-in-the-context-of-russian-hybrid-operations-w-repetowicz-2/
[5] Russia accuses France of trying to reinforce its presence in Armenia to spy on nearby states | Anadolu. 14.03.2024 https://www.aa.com.tr/en/asia-pacific/russia-accuses-france-of-trying-to-reinforce-its-presence-in-armenia-to-spy-on-nearby-states/3164062
[6] France plants flag in Russia’s backyard with Armenia arms deals | Politico. FEBRUARY 23, 2024 https://www.politico.eu/article/france-seeks-to-up-ante-in-former-soviet-union-with-new-weapons-for-armenia/
[7] Non-State Actors in the Middle East: Towards a New Typology | GlobalAffairsRu. No.4 2020 October/December https://eng.globalaffairs.ru/articles/non-state-actors-in-middle-east/
[8] European arms imports double, US and French exports rise, and Russian exports fall | SIPRI. 11 March 2024 https://www.sipri.org/media/press-release/2024/european-arms-imports-nearly-double-us-and-french-exports-rise-and-russian-exports-fall-sharply
[9] Ingérence russe: Nous sommes face à la menace la plus grave qui ne s’est jamais présentée | Public Senat 01/03/2024 https://www.publicsenat.fr/actualites/parlementaire/ingerence-russe-nous-sommes-face-a-la-menace-la-plus-grave-qui-ne-sest-jamais-presentee
[10] Depuis le Brésil, Emmanuel Macron a déclaré à propos de Vladimir Poutine que “s’il y a des discussions à reprendre qui peuvent servir la paix, je le ferai”. | TF1 info. 29 mars 2024 https://www.tf1info.fr/international/en-direct-guerre-ukraine-russie-la-situation-aujourd-hui-entre-zelensky-et-poutine-les-informations-du-mardi-19-mars-5183-2291602.html
[11] Strict eligibility conditions in place as IOC EB approves Individual Neutral Athletes (AINs) for the Olympic Games Paris 2024 | IOC. 08 December 2023 https://olympics.com/ioc/news/strict-eligibility-conditions-in-place-as-ioc-eb-approves-individual-neutral-athletes-ains-for-the-olympic-games-paris-2024
[12] Paris mayor wants Russian athletes banned from Olympics | Reuters. March 14, 2024 https://www.reuters.com/sports/paris-mayor-wants-russian-athletes-banned-olympics-2024-03-13/
[13] Deux versions pour un coup de téléphone entre Sergueï Choïgou et Sébastien Lecornu, ministres de la défense russe et français | Le Monde. 04/04/2024 https://www.lemonde.fr/international/article/2024/04/04/deux-versions-pour-un-coup-de-telephone-entre-serguei-choigou-et-sebastien-lecornu-ministres-de-la-defense-russe-et-francais_6225939_3210.html
[14] Emmanuel Macron en Asie centrale pour contrer l’influence de la Chine et de la Russie | Le Monde. 01 novembre 2023 https://www.lemonde.fr/international/article/2023/11/01/emmanuel-macron-en-asie-centrale-pour-contrer-l-influence-de-la-chine-et-de-la-russie_6197590_3210.html
[15] La Russie se bat sur deux fronts : un nouveau « Grand Jeu » en Asie central | La Tribune. 28 Mars 2024 https://www.latribune.fr/opinions/tribunes/la-russie-se-bat-sur-deux-fronts-un-nouveau-grand-jeu-en-asie-centrale-994050.html
[16] Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэлэлцээ хийлээ. | МОНЦАМЭ. 2023-10-13 https://montsame.mn/mn/read/328970
[17] Б.Чойжилсүрэн: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил тавдугаар сард эхэлнэ | LiveTV.mn. 2024-03-27 https://livetv.mn/p/298417
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Франц улс Украинд цэрэг оруулах уу? (I)Дараах нийтлэл
Орос, Хятадын эрчим хүчний хамтын ажиллагааСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19