Парист болсон Украины дайны асуудлаар Европын удирдагчдын уулзалтын үед Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны хийсэн мэдэгдэл Орос-Украины дайны явцад шинэ үе шат нээж болзошгүй гэсэн дохиог дэлхий нийтэд өглөө.[1] 2024 оны 2 дугаар сарын 26-27-нд болсон уг уулзалт дээр Макроны хийсэн мэдэгдлийг хураангуйлбал: “Украин дахь дайнд Орос улс ялах ёсгүй. Үүний тулд бидний зүгээс тусламжаа нэмэх, мөн өрнөж болзошгүй бүх хувилбарыг тооцож нээлттэй үлдээнэ. Тухайлбал, Өрнөдийн зэвсэгт хүчний хуурай замын ангиуд (Францын арми?) Украинд орохыг үгүйсгэхгүй” гэсэн байна.[2] Хэдийгээр энэ мэдэгдлийн араас Өрнөдийн орнуудын бусад удирдагчид (тухайлбал ХБНГУ, АНУ, Итали г.м) Украинд хуурай замын цэрэг оруулах тухай санаачилгыг дэмжихгүй гэж яаравчлан байр сууриа тодруулсан боловч ОХУ-ын талаас энэ асуудлаар хариу мэдэгдэлдээ цөмийн дайн руу хөтлөх аюултай алхам болно гэж анхааруулсан.[3]
Макроны тус мэдэгдэл нэг талаас тогтоон барих зорилготой стратегийн тодорхойгүй байдал (ambiguïté stratégique[4]) гэдэг ерөнхий шугамаа баримтлахын хамт сүүлийн үед Франц – Оросын хооронд өрнөж буй саарал бүсийн хосолмол дайны эрс идэвхжилд Франц улс хариу үйлдэл үзүүлж буй коммуникацийн хэлбэр гэж үзэж болно. Франц улс Украинд цэрэг оруулж болох тухай Макроны мэдэгдлийн ойрын ба хэтийн шалтгаан, түүний цаашдын үр дагавар, өрнөлийн тухай анализ-синтез хийх нь судлаачдад даалгавар боллоо.
Францын Батлан хамгаалах бодит чадавхын тухай
БНФУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдлийн араас тус улсын батлан хамгаалах чадамж, цэргийн хүчин чадал нь Украинд хуурай замын цэрэг илгээх бололцоотой эсэх талаар дэлхийн хэвлэлүүд, судлаачдын дунд халуун хэлэлцүүлэг өрнөсөн. Францын цэргийн хүчин чадлын тухайд ерөнхий ойлголт авах товч мэдээллээс багцалбал:
- Францын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тооны өөрчлөлт:
1962 он: 1,027,000
1989 он: 557,000
2023 он: 205,000
2030 оны зорилт: 275,000 (Мэргэжлийн зэвсэгт хүчин), 105,000 (Бэлтгэл үүрэгтэн), 120,000 (Жандармын хүч). Бие бүрэлдэхүүнийг нийт 500,000~ д хүргэх.
- Францын батлан хамгаалах төсвийн өөрчлөлт:
2017 он: 32 тэрбум €
2024 он: 47 тэрбум €
2030 он: 69 тэрбум €
- Францын ердийн ба стратегийн зэвсэглэл:
Байлдааны үндсэн танк: 226 (Leclerc)
Байлдааны нисэх онгоц: 192 (Dassault Rafale, Dassault Mirage 2000D)
Цэргийн хиймэл дагуул: 41
Дрон: 12 (MQ-9 Reaper)
Нисэх онгоц тээгч: 1 (Charles de Gaulle ангилал)
Цөмийн шумбагч хөлөг: 8 (Le Triomphant, Suffren ангилал)
Цөмийн цэнэгт хошууны тоо: 280 [5], [6]
Францын Хуурай Замын цэргийн бие бүрэлдэхүүн 121,000~ бөгөөд үндсэн 2 дивиз (1 ба 3-р дивиз), 6 бригад, олон үндэстний 1 бригадаас бүрддэг[7]. (Мөн Гадаад Легионы нэгжтэй)
- 1-р дивиз: Танкны 7-р бригад, Тэнгисийн явган цэргийн 9-р бригад, Уулын явган цэргийн 27-р бригад, мөн Франц-Германы хамтарсан бригад
- 3-р дивиз: Танкны 2-р бригад, 6-р механикжуулсан бригад, Агаарын десантын 11-р бригад
- Нэмэлт мэдээлэл: 2024 оны 3 дугаар сард Францын Хуурай Замын Штаб дивиз (байлдааны 2 бригад), корпусын (байлдааны 2 бригад, холбоотон орны 1 бригад) түвшинд өндөр эрчимт байлдааны ажиллагааг 30 хоног дэмжих чадвартай логистикийн бригад шинээр байгуулсан.[8]
2023 оны 12 дугаар сард Францын Хуурай замын цэргийн Штабаас гаргасан шинэчилсэн стратегийн төлөвлөгөөнд 1-р дивиз нь Франц, Европын театрт үүрэг гүйцэтгэх бол 3-р дивизийн хамрах бүс нь Ойрх Дорнод, Африк, Энэтхэг-Номхон далайн театр гэж заажээ.[9]
Зураг-1. Францын Хуурай замын цэргийн Штабын оператив ажиллагааны хүчний хуваарилалт ба хүч хуралдуулах хугацааны зураглал (2023 – 2030); Эх сурвалж: Vers une armée de Terre de combat – CEMAT
Улаан бүс: Францын газар нутгийн хамгаалалт (2-3 бригад);
Ногоон бүс: Эрх ашиг, нөлөөлөл бүхий бүс нутагт хүч хуралдуулах чадамж (1-2 бригад);
Цэнхэр бүс: Стратегийн хэрэгцээ шаардлагаар хүч хуралдуулах (1-3 бригад, 1-2 дивиз). Цэнхэр бүс нутагт Украин, Молдав, Балтын орнууд багтсан ба шаардлагатай тохиолдолд бригадаас дивиз хүртэл хэмжээний хүчийг 10-30 хоногт татан байршуулах, холбоотнуудтайгаа хамтарсан корпусын түвшний хүчийг 120 хоногт татан байршуулахаар төлөвлөлтөө хийсэн байна;
Зураг-2. 2027 онд стратегийн бүс нутагт байлдааны байршилд 30 хоногт шилжин байрших чадамжтай болох Францын хуурай замын дивизийн бүрэлдэхүүн 19,000 хүн (2-3 бригад): танкийн бригад, механикжуулсан бригад, олон үндэстний бригад; Эх сурвалж: Vers une armée de Terre de combat – CEMAT
Украинд цэрэг илгээх асуудлаар Макроны хийсэн удаа дараагийн мэдэгдлийн араас 2024 оны 2, 3 дугаар сард тус улсын Батлан хамгаалахын сайд, цэргийн дээд командлалын дарга нар тус бүртээ мэдэгдэл хийж энэ ажиллагааны талаар Францын Жанжин Штабын төлөвлөлтийн тухай зарим эргэцүүлэл, зураглал тодорсон юм.[10] Францын Хуурай замын цэргийн Штабын дарга, армийн генерал Пьер Шилл 3 дугаар сарын 19-нд “Le Monde” сонинд гаргасан нийтлэлээрээ дэлхий нийтийн хүлээж байсан олон мэдээллийг тодорхой болгов.[11] Үүнд:
- Францын тал Украинд хуурай замын цэрэг илгээх зорилго нь юуны өмнө байлдааны бус үүрэг, тухайлбал, мина цэвэрлэгээ, кибер хамгаалалт, зэвсэг, сум хэрэгсэл үйлдвэрлэл, цэргийн сургалт г.м байх болно. Фронтын шугам дээр Оросын талтай шууд тулгаралтад орох зорилгогүй гэдгийг дахин тодотгов.
- Францын тал Украины нутагт 20,000 хүртэл цэрэг буюу бүрэн 1 дивиз (2-3 бригад) хүч илгээх боломжтой. Ингэхдээ ажиллагаанд ээлж хүлээж авах бэлтгэл ээлж, өмнөх ажиллагаанаас амрах ээлжийг тооцвол нийт 3 ротацийн 60,000 цэрэг оролцох ба хангалтыг бүрэн дэмжих боломжтой. Францын холбоотон орнууд аль ч ротацид нь цэргийн хүч оролцуулах боломжтой.
- Францын цэрэг Украинд орвол дараах байршлуудад үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:[12]
- Днепр мөрний баруун эрэг дагуу хориглолтын байршил эзэлж Оросын цэргийн болзошгүй цөмрөлтийн тохиолдолд Баруун Украин, Одесс руу оруулахгүй хааж зогсох. Энэ тохиолдолд NATO-гийн гишүүн, Цөмийн гүрний цэргийн эсрэг гал нээж дайн эхлүүлэх эсэх нь Оросын талын сонголт болж хувирах юм.
- Украин-Беларусийн хил дагуу Украины хилийн хамгаалалтын үүргийг өөртөө авч Украины ангиудыг суллаж фронт руу хаях боломж олгоно. Энэ хувилбарын хүрээнд хэрвээ Украины фронт аль нэг хэсэгтээ нурж Оросын ангиуд Киев рүү давшвал Францын цэрэг хотын хамгаалалтад туслах хувилбарыг давхар тооцсон.
- Францын стратеги төлөвлөгчид Украины нутагт Оросын талтай шууд тулгаралт үүсэх эрсдэл бий боловч халуун дайн болж өргөжих эрсдэл харьцангуй бага гэж үзсэн. Учир нь Франц, ОХУ аль аль нь цөмийн хүчирхэг гүрэн учир ямар нэг байдлаар харилцан стратегийн тогтоон барих хүч үйлчилнэ. Ердийн зэвсгийн хүрээнд NATO-гийн цөмийн гүрэнтэй тулгаралт үүсгэх эсэх нь давшиж буй Оросын талын толгойны өвчин болж хувирна. Тэгээд ч Франц өөрөө цөмийн хүчирхэг гүрэн, тус улсын цөмийн хүчирхэг чадамж нь Оросын сүрдүүлгийн эсрэг зогсох тулах хүч, магадгүй Украины хямралыг шийдэх хэлэлцээ рүү Оросыг түлхэх хэрэглүүр байх боломжтой гэдгийг Ерөнхийлөгч Макрон ярилцлагадаа илэрхийлсэн.[13]
- Елисейн шийдвэр гаргагчдын зоригтой мэдэгдлүүдийн ард Францын Жанжин Штабын стратеги ба оператив тооцоолол хэдийн бэлтгэгдсэн байгааг Politico-д гарсан мэдээлэл харуулсан. Францын ЗХЖШ дарга эртнээс NATO-гийн холбоотнуудтайгаа холбогдож Украинд цэрэг оруулахад эвсэл бүрэлдүүлэх боломжийн талаар санал солилцож, байр суурийг нь тодруулж лавласан байна.[14] Мөн Елисейн ордонд болсон уулзалтын үед Макроны ам алдсан нэгэн яриа Францын Le Monde сонинд хэвлэгдэж тус улсын олон нийт, нийгэмд том шуугиан болсон юм. Ерөнхийлөгч Макрон: “Ер нь бол бид ирэх жилүүдэд Одесса руу залуусаа илгээх хэрэг гарч таарна”[15] гэж ярьсан нь Францын эрх баригчид Украин дахь дайны өрнөл Оросын талд эргэж болзошгүй гэж үзэж буйг илтгэх ба Украины стратегийн боомт Одессийг Францын цэрэг орж хамгаалалтдаа авна гэж төлөвлөсөн нь харагдана.
- Францын цэрэг Украинд орох тохиолдолд мэдээж араасаа Холбоотнуудаасаа эвсэл болох орнуудыг тооцоолж зарим тохиролцоо хийгдсэн байх боломжтой. Хэдийгээр АНУ, ХБНГУ, Их Британи, Итали зэрэг орны удирдагчид Украинд хуурай замын цэрэг оруулах саналаас эрс татгалзсан боловч Польш, Чех, Балтын орнуудын зүгээс Францын саналыг үгүйсгээгүй, дэмжих чиглэлд байгаа нь сонирхолтой.[16],[17],[18]
Францын цэргийн ангиуд 2022 оны эхнээс NATO-гийн хүрээнд Дорнод Европын хилийн бүсэд ойртон байршиж “Aigle” ажиллагааны хүрээнд Эстони, Румыний цэрэгтэй хамтарсан бэлтгэл, сургууль хийж Молдав, Украины хилийн шугамд ойрхон бэлэн байдалд байгаа нь Украин ба Приднестрийн хямралд Франц өөрийн үүрэг оролцоо, эрх ашгаа урьдчилан тооцож бэлдсэн байсныг харуулна.
Үргэлжлэл дараагийн дугаарт
Ашигласан эх сурвалж:
[1] Conférence de soutien à l’Ukraine : Le chef de l’État a insisté sur le fait qu’il fallait aller plus vite, … et que rien ne devait être exclu pour faire échec à la guerre d’agression menée par la Russie en Ukraine. | Élysée. 27 février 2024 https://www.elysee.fr/emmanuel-macron/2024/02/27/conference-de-soutien-a-lukraine
[2] Guerre en Ukraine: les propos complets d’Emmanuel Macron sur l’envoi de “troupes au sol” | BFMTV 27/02/2024 https://www.bfmtv.com/politique/elysee/guerre-en-ukraine-les-propos-complets-d-emmanuel-macron-sur-l-envoi-de-troupes-au-sol_AV-202402270832.html
[3] Putin warns that sending Western troops to Ukraine risks a global nuclear war | AP. February 29, 2024 https://apnews.com/article/russia-putin-state-nation-ukraine-war-security-b7f3e66caf093f405f8bbc278d9ca581
[4] Guerre en Ukraine: qu’est-ce que “l’ambiguïté stratégique”, cette doctrine militaire brandie par Emmanuel Macron? | France Info. 14/03/2024 ttps://www.francetvinfo.fr/monde/europe/manifestations-en-ukraine/guerre-en-ukraine-qu-est-ce-que-l-ambiguite-strategique-cette-doctrine-militaire-brandie-par-emmanuel-macron_6421651.html
[5] Францын Батлан хамгаалах хөтөлбөр – 2030 (I) | Аюулгүй Байдал Судлалын Хүрээлэн. 2023-09-15 https://niss.gov.mn/archives/3267
[6] Францын Батлан хамгаалах хөтөлбөр – 2030 (II) | Аюулгүй Байдал Судлалын Хүрээлэн. 2023-09-22 https://niss.gov.mn/archives/3280
[7] Armée de Terre: Notre organisation | Ministère des Armées https://www.defense.gouv.fr/terre/mieux-nous-connaitre/notre-organisation
[8] Une nouvelle brigade pour l’armée de Terre https://www.defense.gouv.fr/terre/actualites/nouvelle-brigade-larmee-terre
[9] Vers une armée de Terre de combat | Ministère des Armées. 27 décembre 2023 https://www.defense.gouv.fr/terre/armee-terre-combat/armee-terre-combat
[10] Ukraine: le chef d’état-major des armées affirme que le soutien à Kiev pourrait aller au delà des armes | BFMTV. 21/03/2024 https://www.bfmtv.com/international/europe/ukraine/ukraine-le-chef-d-etat-major-des-armees-affirme-que-le-soutien-a-kiev-pourrait-aller-au-dela-des-armes_AD-202403210730.html
[11] Pierre Schill, chef d’état-major : « L’armée de terre se tient prête » | Le Monde. Publié le 19 mars 2024 https://www.lemonde.fr/idees/article/2024/03/19/pierre-schill-chef-d-etat-major-l-armee-de-terre-se-tient-prete_6222812_3232.html
[12] Troupes françaises au sol en Ukraine : les scénarios envisages | LCI. Mars 18, 2024 https://www.youtube.com/watch?v=dCwBjmCzulU&t=323s
[13] «En utilisant l’arme nucléaire comme outil de dialogue stratégique, la France pousse la Russie à négocier» | Le Figaro. Publié le 15/03/2024 https://www.lefigaro.fr/vox/monde/en-utilisant-l-arme-nucleaire-comme-outil-de-dialogue-strategique-la-france-pousse-la-russie-a-negocier-20240315
[14] Macron: The grand master of grandstanding | Politico. March 4, 2024 https://www.politico.eu/article/macron-the-grand-master-of-grandstanding/
[15] Guerre en Ukraine : la métamorphose d’Emmanuel Macron, colombe devenue faucon | Le Monde. 14 mars 2024 https://www.lemonde.fr/politique/article/2024/03/14/guerre-en-ukraine-la-metamorphose-d-emmanuel-macron-colombe-devenue-faucon_6221911_823448.html
[16] Poland’s foreign minister says the presence of NATO troops in Ukraine is ‘not unthinkable’ | AP. March 9, 2024 https://apnews.com/article/poland-nato-russia-france-abd144aee256a72388c196dae8acaf7f
[17] NATO support in Ukraine not against international rules, says Czech president | Euractiv. March 11, 2024 https://www.euractiv.com/section/politics/news/nato-support-in-ukraine-not-against-international-rules-says-czech-president/
[18] France finds Baltic allies in its spat with Germany over Ukraine troop deployment | Politico. March 8, 2024 https://www.politico.eu/article/france-finds-baltic-allies-in-its-spat-with-germany-over-ukraine-aid-sikorski-nato-macron-troops-war/
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Хууль дээдлэх ёсДараах нийтлэл
Франц улс Украинд цэрэг оруулах уу? (II)Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23