Францын Батлан хамгаалах хөтөлбөр – 2030 (I)

2023-09-15

https://niss.gov.mn/wp-content/uploads/2023/09/france.png

БНФУ-ын батлан хамгаалах 7 жилийн шинэ хөтөлбөр, түүнд зориулагдсан төсөв 2023 онд батлагдлаа. Шинэ хөтөлбөр нь 2024 – 2030 оны хугацаанд Францын зэвсэгт хүчнийг геополитикийн шинэ хэрэгцээ шаардлагад тохирсон, зохицсон, өндөр чадамжтай хүч болгон хувиргахад зориулагдсан байна. 2022 онд ОХУ-ын зэвсэгт хүчин олон чиглэлд өргөн фронтоор Украины нутагт халдан довтолсон явдал Европын улсуудад батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэхийг анхааруулсан дохио болсон юм. Тухайлбал ХБНГУ Zeitenwende нэртэй бодлогын чиглэл танилцуулж, батлан хамгаалах салбарт 100 тэрбум еврогийн нэмэлт төсөв зарцуулахаар зарласан бол Франц улс батлан хамгаалах төсвөө 2030 он хүртэл 40% өсгөхөөр болов. Батлан хамгаалах төсөв нь зөвхөн чадамжаа өсгөх, цэргийн тоо нэмэх, зэвсэглэл нэмэх тухай асуудал бус тухайн улс өөрийгөө дэлхийн тавцанд ямар байр суурьтай байхаар харж буй төсөөлөл болдог. Францын батлан хамгаалах хөтөлбөр, төсөв нь тус улсын геостратегийн байр суурь, чадамжид хэрхэн нөлөөлөх болон Европ тив, бүс нутаг, глобал түвшинд дэлхийн гол тоглогчдын хүчний ерөнхий харьцаанд ямар нөлөө үзүүлэх тухай сэдэв судлаачдын анхаарлын төвд орж ирлээ.

Франц улсын батлан хамгаалах бодлого, стратеги

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүний нэг, цөмийн гүрэн Франц улсын гадаад бодлого, геостратегийн хүрээ нь 1524 оноос эхлэн Европ тивээсээ тэлж Америк, Африк, Ази, Австрали тив ба Далайн орнууд руу чиглэж эхэлсэн. Сүүлийн 500 жилд хийсэн тэлэлтийн үр дүнд өнөөдрийн Франц улсын нутаг дэвсгэр цагийн 12 бүсэд, дэлхий даяар тархан байрших болсны дээр усан хилийн хүрээнд эдийн засгийн онцгой бүс болох нутаг дэвсгэрийн хэмжээгээр (10,186,624 км²)[1] дэлхийд тэргүүлэгчдийн нэг болсон байна. Өнөөгийн байдлаар тогтсон нутаг дэвсгэрийн хэмжээ, тархан байршилтаа дагалдаад Францын гадаад бодлого нь Европ тивийн хэмжээнд бус глобал цар хүрээнд ажиллахыг шаарддаг ба тус улсын зэвсэгт хүчинд дэлхийн аль ч бүс нутагт аялан байлдах чадамжтай байх хэрэгцээ үүсдэг онцлогтой.

Зураг–1. Францын Жанжин Штабын мэдээлэл: Дэлхий даяар явуулж буй цэргийн ажиллагаа, үүрэг гүйцэтгэж буй талбар, хүчний мэдээлэл (2023 он)[2]

Францын арми, тэнгисийн цэргийн түүхэн замнал нь 500 жилийн турш дэлхийн бүх тивд аялан байлдах туршлага хуримтлуулсны дээр сүүлийн 200 жилд нь Европ тивд 4 том дайнд оролцсон түүхэн сургамж нь тус улсыг байнга өөрийн бие даасан, бусдаас хамааралгүй батлан хамгаалах чадавхтай байхыг сануулдаг төрийн ой санамж болсон юм.

  1. 1792 – 1815. Францын хувьсгал ба Наполеоны дайн
  2. 1870 – 1871. Франц-Пруссийн дайн
  3. 1914 – 1918. Дэлхийн I дайн
  4. 1939 – 1945. Дэлхийн II дайн

1793 онд дэлхийд анх удаа хугацаат цэргийн алба (levée en masse) бий болгосон, 1914 онд дэлхийд анхны моторжуулсан маневр хийж, Марны шугам дээр Германы давшилтыг зогсоосон зэрэг дэлхийн цэргийн урлагт оруулсан олон хувь нэмэр нь Францын цэргийн түүхийг чимдэг. Дэлхийн II дайны хүнд ялагдлын дараа Францын төр засаг эргэн сэргэхдээ Англи, Америкийн цэргийн тусламжаас үл хамаарах бодлого баримтлаж улмаар 1966 онд NATO-гийн цэргийн бүтцээс гарч бие даасан цөмийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Францын арми 1962 онд 1,027,000 бие бүрэлдэхүүнтэй байсан бол 1989 онд нийт бүрэлдэхүүн 557,000 үүнээс 300,000 нь хуурай замын цэрэг байв. 1991 оноос тус улс зэвсэгт хүчнээ эрс шинэчилж, цэргийн тоогоо бууруулж, хугацаат цэргийн албыг түдгэлзүүлж, 1996 оноос мэргэжлийн армийн бүтэц рүү шилжсэн.

2013 – 2015 онд Францын ашиг сонирхол бүхий бүс нутгуудад олон улсын харилцааны нөхцөл байдал өөрчлөгдөж Сирийн дайн, Украины дайн, Өмнөд Кавказын бүс нутагт Гүржийн царцсан мөргөлдөөн, Ливид үүссэн тогтворгүй байдал, олон дараалсан Өнгөт хувьсгалууд, Ойрх Дорнодод Исламын улсын эсрэг ажиллагаа, Афганистан дахь NATO-гийн эвслийн ажиллагаа, Африк дахь тогтворгүй байдал зэрэгцэн өрнөхийн хамт Францын нутаг дэвсгэр дээр олон зуун хүнийг алж шархдуулсан террорист халдлагууд хийгдсэн нь тус улсын эрх баригчдыг аюулгүй байдлын үзэл баримтлалаа эргэн харах, батлан хамгаалах стратеги, цэргийн номлолоо шинэчлэхэд хүргэв. Геополитикийн эрс идэвхжлийн циклийг дагалдан Франц улс 2013, 2017 , 2022 онуудад дараалан 3 удаа цэргийн номлол, стратегийн үзэл баримтлалаа шинэчлээд байна.

Сүүлийн 30 жилийн Францын цэргийн номлол, батлан хамгаалах үзэл баримтлалтай уялдан гарсан төсвийн өөрчлөлтийг товч авч үзвэл[3]:

  • “Францын Батлан хамгаалах цагаан ном–1994” ба түүнд үндэслэсэн Зэвсэгт хүчний хөтөлбөрийн хууль: La loi de programmation militaire – LPM 1997–2002 ийн гол агуулга нь мэргэжлийн зэвсэгт хүчинд шилжих “Modèle d’armée 2015” хөтөлбөр байв.
  • “Францын Батлан хамгаалах цагаан ном–2008”–ийн үзэл баримтлалын хүрээнд гарсан “LPM 2009–2014” ийн 6 жилийн нийт төсөв нь €185 тэрбум тавигдсан.
  • “Францын шинэчилсэн Батлан хамгаалах цагаан ном–2013” -т үндэслэн гарсан “LPM 2014–2019” ийн 5 жилийн нийт төсөв нь €162,4 тэрбумд хүрч өссөн.
  • 2017 онд дахин шинэчлэн гарсан “Францын Батлан хамгаалах, аюулгүй байдлын стратеги”-ийн дагуу “LPM 2019–2025” ийн 7 жилийн төсөв €295 тэрбум хүрчээ.
  • 2022 оны 11 дүгээр сард шинэчлэн гаргасан Францын Үндэсний стратегийн баримт бичигт (La revue nationale stratégique – RNS) үндэслэн батлан хамгаалах төсвийг 2024 – 2030 онд 7 жилийн хугацаанд €413 тэрбумд хүргэж огцом нэмэгдүүлжээ.

Францын батлан хамгаалах зардлын өсөлт Өрнөдийн улсууд, NATO эвсэл дотор хамгийн өндөр байгааг статистик харуулна. 2025 – 2026 оны хугацаанд Франц улс NATO-гийн шаардлага болох ДНБ 2% батлан хамгаалах зардалд зориулж эхлэхээр тооцоолжээ.

Зураг–2: БНФУ-ын Батлан хамгаалах төсвийн өсөлт: 2017 – 2030 (тэрбум €‎) Эх сурвалж: Statista[4]

2030 он хүртэлх Францын Батлан хамгаалах шинэ хөтөлбөрийн (LPM 2024–2030) төсвийн задаргаа, зориулалт[5]:

  • Нийт төсөв: €413 тб (тэрбум) €
  • €298 тб: Зэвсэгт хүчний ерөнхий зардал (Шинэ загварын нисэх онгоц тээгч барих, гиперсоник пуужин бүтээх, цөмийн зэвсэг тээгчүүдээ шинэчлэх г.м зардлууд багтсан)
  • €49 тб: Зэвсэгт хүчний техникийн бэлэн байдлыг хангах
  • €16 тб: Пуужин, сум, галт хэрэгслийн нөөц нэмэх
  • €10 тб: Инновацын зардал (дрон, робот, лазерийн зэвсэг, хиймэл оюуныг нэгтгэсэн Battle-Lab Terre, SICS платформд шилжих)
  • €5 тб: Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем (VL MICA, SAMP-T NG, SERVAL Mistral системүүд зэвсэглэлд нэмэх)
  • €6 тб: Сансрын хүчээ бэхжүүлэх (C4OS сансрын удирдлагын төв, YODA тойрог замын эргүүлийн хиймэл дагуулын хөтөлбөр, FLAMHE тойрог замын лазерийн системийн төсөл, BLOOMLASE газар-сансар ангиллын лазерийн зэвсгийн төсөл, тагнуулын CSO-III, Syracuse IV, TRIMARAN-III, Ceres, Helios, IRIS, Celeste зэрэг хиймэл дагуулын сүлжээг 300+ хиймэл дагуул, хүлээн авах станцын тоог 400+ д хүргэх)
  • €4 тб: Кибер хүчээ бэхжүүлэх
  • €5 тб: Дроны хүчээ өргөжүүлэх (Байлдааны 3,000 хүртэл SDT дронтой болох. Eurodrone систем зэвсэглэлд нэвтрүүлэх)
  • €5 тб: Цэргийн тагнуулын чадавхаа бэхжүүлэх
  • €13 тб: Далайн чанад дахь цэргийн баазууд, дэд бүтцээ сайжруулах
  • €2 тб: Тусгай хүчний цэргийн зардлыг өсгөх
  • Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн: 205,000 аас 275,000 (2030 онд) хүргэх
  • Зэвсэгт хүчин: 275,000, Бэлтгэл: 105,000, Жандарм: 120,000 хүргэх (Нийт 500,000~ хүргэх)
  • Бэлтгэл үүрэгтний тоо: 41,000 (2023 он), 80,000 (2030 онд), 105,000 (2035 онд)

Францын Жанжин Штабаас 2030 он хүртэл ажиллагааны газар орны хүрээгээ тэлж өргөтгөх симметрик ба ассиметрик 4 талбар, чиглэлийг тодорхойлжээ. Үүнд:

  1. Босоо тэнхлэг: Доош далайн гүнд 6,000 метрт тандан судлалт, хяналт хийх чадамжаас дээшээ Дэлхийн тойрог замууд, Дэлхий-Сарны орон зайд батлан хамгаалах чадамж бүрдүүлэх
  2. Хэвтээ тэнхлэг: Мэдээллийн орон зайд (Кибер) ажиллагаа явуулах чадамжаа сайжруулах, цэрэг-иргэний харилцааг ойртуулж, Францын нийгмийн оюун санааг нэгтгэх (Les forces morales de la Nation)
  3. Стратегийн чадавх: Францын цөмийн тогтоон барих чадавхыг хадгалах, шинэчлэх
  4. Дайны философи: “Энх тайван – Хямралт байдал – Дайны байдал” гурвын дунд стратегийн судалгаа, тагнуул, когнитив, тогтоон барих зэрэг бүх төрлийн арга хэрэглүүрийн хослолыг ашиглан дайн болохоос нь өмнө дайнд ялах философийг нэвтрүүлэх (Gagner la guerre avant la guerre)[6]

2023 оны байдлаар Францын Зэвсэгт хүчин Европ тивийн хамгийн том, байлдааны хамгийн өндөр чадамжтай зэвсэгт хүчин (Туркийн армийг тооцохгүйгээр) байгаа ба 2030 онд илүү том масштабын чадамжтай болох төлөвтэй байна. Европын холбоонд хэмжээгээрээ топ-5 зэвсэгт хүчин (2023 он)-ы дотор Франц хамгийн том нь байна.[7]

  1. Франц: 205,000  (2030 онд 275,000)
  2. ХБНГУ: 192,000
  3. Итали: 173,000
  4. Их Британи: 156,000
  5. Польш: 124,000 (Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээ 2032 онд 200,000, 2035 онд 300,000 хүргэх зорилт зарласан)

(үргэлжлэл дараагийн дугаарт)


Ашигласан эх сурвалж:

[1] French maritime areas   |   20/06/2023

https://maritimelimits.gouv.fr/themes/french-maritime-areas

[2] Opérations   |   l’état-major des armées

https://www.defense.gouv.fr/operations/operations

[3] La politique de défense au travers des lois de programmation militaire   |   17 octobre 2022

https://www.vie-publique.fr/eclairage/269187-la-politique-de-defense-au-travers-des-lois-de-programmation-militaire

[4] Dépenses publiques dédiées au secteur de la défense en France de 2017 à 2030   |   23 mai 2023

https://fr.statista.com/statistiques/575891/defense-budget-france/

[5] Livret de présentation de la loi de programmation militaire 2024-2030   |   04 avril 2023

https://www.defense.gouv.fr/actualites/livret-presentation-loi-programmation-militaire-2024-2030

[6] La vision stratégique du chef d’état-major des armées

https://www.defense.gouv.fr/ema/chef-detat-major-armees/vision-strategique-du-chef-detat-major-armees-fresgb

[7] Number of military personnel in NATO countries in 2023   |   Jul 12, 2023

https://www.statista.com/statistics/584286/number-of-military-personnel-in-nato-countries/


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА