Казахстаны уран олборлолт ба их гүрнүүдийн тэнцвэрийг хадгалах сорилт (I)

2024-03-01

https://niss.gov.mn/wp-content/uploads/2024/03/scale_1200.jpg

Цөмийн эрчим хүчний хэрэглээ дэлхийн эрчим хүчний хэрэгцээг даган улам нэмэгдэж байна. Дэлхий даяар уран олборлолт сүүлийн 10 жил буюу 2013-2022 оны хооронд 553,187 тоннд хүрчээ.[1] Үүн дотор Төв Азийн пост-коммунист орон болох Казахстан уран олборлолтоороо олон улсад тэргүүлж байгаа нь бусад ижил төстэй улс төр, нийгэм, эдийн засгийн орчинтой орнуудад уул уурхайн салбараа ашиглан эдийн засгаа эрчимтэй хөгжүүлж болохыг харуулсан юм. Өдгөө Казахстан нь дэлхийд хоёрдугаарт орох ураны 700 гаруй мянган тонн батлагдсан нөөцтэй ба дэлхийн нийт нөөцийн 14 орчим хувийг бүдүүлдэг.[2] 2009 онд Казахстан улс ураны үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгдүгээрт жагсаж өнөөдрийг хүртэл дэлхийн зах зээл дээр тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна. Тус улс 2023 оны байдлаар дэлхийн нийт ураны үйлдвэрлэлийн 40 орчим хувийг[3] үйлдвэрлэсэн нь ураны салбарт бусад өрсөлдөгчөөсөө хол илүү болохыг нотолно. Өдгөө Казахстанд уран олборлолтыг байгаль орчинд ээлтэй, хямд өртөгтэй арга гэгдэх гүний цооног ухах аргаар явуулдаг. Олборлолтын явцад Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай нягт хамтран ажиллаж, олон улсын хөрөнгө оруулалт, технологийг татах, аюулгүй олборлолтын стандартыг хэрэгжүүлдэг гэдгээрээ сайн туршлагатай улсад нэрлэгдэж байна.

Гэхдээ энэ улс анх урантай танилцаж дэлхийд тэргүүлэх хүртэлх түүхэн замнал нь дардан байсангүй. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Казахстанд ураны олборлолтой зэрэгцэн баяжуулсан уранаар хийсэн цөмийн зэвсэг бүтээх туршилт 40 жил үргэлжилж байгаль орчин, орон нутгийн иргэдэд тоогоор хэмжишгүй хохирол учруулсан юм.   

1950-аад онд томоохон ордуудын байршил тодорхой болж олборлолт эхлэв

Төв Ази дахь ураны хайгуул Оросын эзэнт гүрний үед эрчимтэй хийгдэж эхэлсэн бөгөөд анх ХХ зууны эхэн үед Оросын академич В.И.Вернадскийн санаачилгаар ураны ордуудыг Тажикстан, Кыргызстаны нутагт илрүүлж байжээ. 1940-өөд оны эхээр АНУ, Их Британи, Германд цөмийн зэвсгийг бүтээх судалгаа, туршилтын ажил ид өрнөж эхэлснээр ураны эрэлт огцом нэмэгдэв. Ийнхүү 1943 оны 7 дугаар сард ЗХУ-ын Улсын Батлан ​​хамгаалах хороо ураны геологи хайгуулын ажлыг эхлүүлэх тогтоолыг[4] баталжээ. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Казахстанд уг тогтоол бүрэн утгаараа хэрэгжих болов. Ийнхүү Казахстанд ураны салбарын хөгжил тэртээ 50-аад оны эхэн үеэс эрчимтэй хайгуулаар гараагаа эхэлжээ.

Зөвлөлтийн эрдэмтдийн хайгуулын үр дүнд 1950-1980-аад оны хооронд Кокшетау, Бетпакдала-Или, Прикаспи мужуудад тус бүр нь 1000 гаруй тонн ураны нөөцтэй 30 орчим ордыг илрүүлэв. Ордууд тодорхой болсны дараа ураныг дагасан уул уурхайн цогцолборууд, ураны хүдэр боловсруулах төвүүд баригдаж, анх 1956 онд Казахстаны Курдай ордоос нийлүүлсэн хүдэр боловсруулах үйлдвэрийг Кыргызстанд ашиглалтад оруулав. Төд удалгүй Казахстаны газар нутагт 1957 онд Степногорск дахь Целинный үйлдвэрлэлийн төв, 1959 онд Прикаспий үйлдвэрлэлийн төв болон Улба үйлдвэрлэлийн төв ашиглалтад орж, Казахстаны ураны салбар шинэ шатанд гарчээ.

Удаах жилүүдэд хайгуулын ажлууд улам эрчимжиж 1970-аад оны эхээр Чу-Сырдарья мужид одоогийн хамгийн том бүлэг орд болох Инкай тэргүүтэй 15 ордыг илрүүлэв. Казахстаны ураны салбар бусад Төв Азийн орнуудын нэгэн адил бүхэлдээ ЗХУ-ын Атомын энергийн яамны бодлого дор дотоодын хэрэгцээг хангадаг байжээ. 1991 онд ЗХУ задрахаас өмнө эдгээр төвүүд далд уурхай, ил уурхайг ашиглан есөн ордоос 70,000 гаруй тонн ураны хүдэр олборлодог байсан аж.[5] Харамсалтай нь Казахстаны уран эрчим хүчний зориулалтаар бус хүйтэн дайны зэвсгийн уралдаанд ашиглагдаж байсан юм.

Гашуун түүхтэй ураны салбар уналтад орсон нь

Казахстанд цөмийн эрчим хүчний асуудал зөвхөн эдийн засгийн утга агуулгатай байсангүй. ЗХУ-ын үед Казахстаны нутаг дэвсгэр дээр ил болон далд хэлбэрээр цөмийн зэвсгийн туршилт явуулж ирсэн. Түүхийг эргэн сөхвөл 1949 онд Казахстаны Семипалатинскийн[6] туршилтын талбайд анхны цөмийн хошууг задгай талбайд туршсан нь нутгийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учруулах эхлэлийг тавьжээ. Хүйтэн дайны зэвсгийн уралдааны ид үед ЗХУ-ын Казахстаны нутаг дээр цөмийн зэвсгийн туршилтуудыг тоо томшгүйгээр нэмэгдүүлж хохирол гамшгийн хэмжээнд хүрсэн байна.

1963 онд ЗХУ, АНУ, Их Британи улсууд Агаар мандал, сансар огторгуй, усан дор цөмийн туршилт хийхийг хориглох гэрээнд[7] гарын үсэг зурснаар сая нэг туршилтууд газар доорх хэлбэрт шилжин байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь агаар мандлын туршилтын үеийнхээс бага түвшинд очжээ. Гэсэн хэдий ч нэгэнт цөмийн туршилт хийсэн газруудад цацраг идэвхийн аюул агаар, хөрс, гүний усны түвшинд нэвчиж иргэд, хүн мал амьтан байгаль орчинд ноцтой хохирол учруулсаар байна. Казахстаны удирдлагууд энэ талаар Москвад удаа дараа гомдол гаргахад дорвитой арга хэмжээ үл авсан талаар баримтууд байдаг.[8]

1980-аад онд Михаил Горбачёв засгийн эрхэнд гарч түүний санаачилсан өөрчлөн байгуулалтын ачаар казахууд цөмийн туршилтыг эсэргүүцэх санал санаачилгаа улам ширүүн илэрхийлэх болж, 1989 онд анхны туршилтын төв болох Семипалатинск мужийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Кешрим Бозтаев Москва руу хандан Семипалатинскийн цөмийн туршилтыг зогсоох шаардлагыг нээлттэй хүргүүлэх арга хэмжээг хүртэл авч байжээ. Эцэст нь 1989 оны 8 дугаар сарын 29-нд Семипалатинскийн туршилтын талбайд анхны цөмийн дэлбэрэлт болсноос хойш яг 40 жилийн дараа Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев туршилтыг зогсоох зарлигт гарын үсэг зурсан байна.[9]  

Казахстаны тал нутагт 1949-1989 онд нийт 450 гаруй удаагийн цөмийн зэвсгийн туршилт хийгдэж, цацраг идэвхээс болж сая гаруй хүн хохирч үлдсэн. 2019 оны байдлаар 5,700 гаруй цацраг идэвхт бодист хордсоноо тогтоолгон тэтгэмж авсан[10] нь Казахстаны түүхийн гашуун үнэн болж тэмдэглэгдэн үлдсэн.

Гэвч ЗХУ-ын задрал цөмийн зэвсгийн туршилтыг зогсоосонтой нэгэн адил ураны салбарын үйл ажиллагааг зогсоов.

Цөмийн зэвсэгтэй гүрэн болохоос татгалзсан нь

Цөмийн зэвсгийн туршилтыг зогсоосноос хойш ердөө хоёрхон жилийн дараа 1991 онд ЗХУ задран унахтай зэрэгцэн Казахстаны эрх баригчид цөмийн зэвсэгтэй холбоотой бас нэгэн хүнд сорилттой тулгарав. Энэ нь шинэхэн тусгаар тогтносон улс гэнэт 1000 гаруй цөмийн цэнэгт хошуу, 100 гаруй тив хоорондын пуужин, 40 гаруй хүнд бөмбөгдөгч онгоцтойгоор тухайн үед дэлхийн дөрөв дэх том цөмийн зэвсгийн нөөцтэй гүрэн болчихсон явдал байв.

Тухайн үед Москвагаас бүх төрийн бодлогын чиглэлээ авдаг байсан коммунист дагуул улс цөмийн зэвсэгтэй гүрний эгнээнд нэгдсэн явдал нь олон улсын түвшинд аюулын харангыг дэлдэж эхэллээ. Тэр дундаа шилжилтийн эдийн засагтай, улс төрийн ээдрээтэй системтэй, геополитикийн эрсдэл, тодорхойгүй байдлаар дүүрэн тусгаар улсыг хүлээн авсан нь Назарбаевын засгийн газарт геополитикийн хүндрэлийг авч ирэв. Астана цөмийн зэвсгийг үргэлжлүүлэн өөртөө байлгах шийдвэр гаргах аваас Казахстаны геополитикийн нөхцөл байдал хүндэрч их гүрний статустай хоёр хөрш болох Орос, Хятадтай харилцаа хүндрэх, цаашлаад олон улсын зүгээс шахалт ирэх зэрэг эрсдэлүүд “Цөмийн зэвсэгтэй гүрэн” болох боломжоо орхиход хүргэв.

Казахстаны бодлого тодорхойлогчид тэр даруй олон улсын дэмжлэгтэйгээр START I (Стратегийн зэвсгийг хорогдуулах гэрээ)-г 1992 онд баталж, 1993 оны 12 дугаар сарын 13-нд Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээнд нэгдэн орсон ба 1996 оны 9 дүгээр сар гэхэд Казахстаны бүх тив хоорондын баллистик пуужинг цөмийн хошуутай нь хамт ОХУ-д аюулгүйгээр тээвэрлэж, заримыг нь устгасан байна. 1996 онд Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээнд анхлан нэгдэж 2002 онд соёрхон баталснаар[11]  хоромхон хугацаанд цөмийн зэвсгээс ангижирсан улс болж ураны үйлдвэрлэл явуулах боломжтой болов.

Сорилтыг дагуулсан хүчний тэнцвэрийг хадгалах эрмэлзэл

ЗХУ задрахтай зэрэгцэн Казахстаны ураны салбар Оросын мэдлээс гарч өөрсдийнх нь мэдэлд шилжиж ирэв. Казахстаны хувьд цөмийн зэвсгээсээ ангижирч, холбогдох олон улсын гэрээ конвенцүүдэд нэгдэж чадсанаар ураны үйлдвэрлэлд олон улстай хамтран ажиллах үүд хаалга нээгдсэн байна. Тусгаар тогтнолын дараахан ураны салбар Казахстаны Цөмийн энерги, аж үйлдвэрийн корпорацын[12] мэдэлд шилжүүлсэн бол төд удалгүй 1997 онд олон улсын жишгийг дагаж төрийн өмчит ураны асуудал эрхэлсэн арилжааны аж ахуйн нэгж болох Казатомпромыг байгуулах замаар ураны салбараа шинэчлэв. Казатомпром үүсгэн байгуулагдсан цагаас хойш Казахстан улс ураны салбартаа олон талт хөрөнгө оруулалтыг татахад анхаарч эхэлжээ.

Ингэхдээ ураны салбартаа ОХУ-аас бусад олон талт хөрөнгө оруулалтыг татахад голлон анхаарчээ. Энэ үйл ажиллагааг 1998 оны 9 дүгээр сарын 8-аас 2009 оны 5 дугаар сарын 21 хүртэл Казатомпром даргаар ажиллаж байсан Мухтар Жакишев[13] удирджээ. Тэрбээр Канад, Хятад, Япон, Францын компаниудтай хамтарсан үйлдвэрүүд байгуулж, ордыг ашиглуулах зөвшөөрөл олгож байв. Түүний удирдлага дор ураны олборлолт 10 жилийн хугацаанд бараг 8 дахин нэмэгдэж, Казахстан дэлхийн номер нэг олборлогч болсон юм.

Өнөөдөр Казахстанд уран олборлох 14 төслийн гурав нь “Казатомпром” компанийн 100 хувь, 11 нь гадаадын хувьцаа эзэмшигчидтэй хамтарсан компани байгаа ба доорх хүснэгтэд үзүүлсэнчлэн Мухтар Жакишевийн үед дийлэнх гадаадын хөрөнгө оруулалтууд орсон байна.

Хүснэгт 1: Гадаадын хөрөнгө оруулалттай Казахстаны томоохон уран олборлогч ААН

Компани, уурхайГадаадын хөрөнгө оруулагчийн эзэмших хувьХувьцааны хөрөнгө оруулалт, жил
1Инкай (Inkai)Cameco 40% (Канад) 2008 он
2Бетпак Дала  (Betpak Dala)Uranium One 70% (ОХУ)350 сая ам.доллар 2005 он
3Аппак (Appak)Sumitomo 25%, Kansai 10% (Япон)100 сая ам.доллар 2006 он
4Каратау (Karatau)Uranium One 50% (ОХУ)117 сая ам.доллар
5Акбастау (Akbastau)Uranium One 50% (ОХУ) 2006 он
6Жалпак (Zhalpak)CNNC 49% (БНХАУ) 2006 он
7Катко (Katco)Orano 51% (Франц)110 сая ам.доллар 2004 он
8Кызылкум (Kyzylkum)Uranium One 30%, Energy Asia (Япон, + 40.05% Казатомпром) 20%75 сая ам.доллар 2005 онд 30%-д, 430 сая ам.доллар 2007 онд дахин
9Байкен (Baiken)Energy Asia (Япон + 40.05% Казатомпром) 47.5%430 сая ам.доллар 2007 он
10Сэмизбай (Semizbai)CGN 49%, CNEIC (БНХАУ) 2006 он
11Заречное (Zarechnoye)Uranium One 49.67% (ОХУ), Киргизстан 0.66%60 сая ам.доллар
Эх сурвалж: Дэлхийн цөмийн нийгэмлэг[14]

Энэ шилжилт 50 жил Казахстаны ураны салбарыг гартаа байлгасан Москвад таалагдсангүй. БНХАУ болон Японы хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхээр яригдаж байсан 2009 онд Мухтар Жакишев төрийн өмчийг завших, зохион байгуулалттай бүлэглэл байгуулах, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр баригдаж, 2010 онд 14 жилийн хорих ял сонсов.[15] Казатомпромыг дайрч өнгөрсөн уг цэвэрлэгээ олон асуултын тэмдгийг ар араасаа дагуулж, цаад улс төрийн шалтгааны талаарх олон тайлбарууд хөврөн гарсан юм.[16]

Үргэлжлэл дараагийн дугаарт

Ашигласан эх сурвалж:

[1] Эх сурвалж: Дэлхийн цөмийн нийгэмлэг, https://world-nuclear.org/information-library/facts-and-figures/uranium-production-figures.aspx

[2] Казахстан Улсын Эрчим хүчний яам, https://www.gov.kz/memleket/entities/energo/activities/4908?lang=ru

[3] 2021 онд ураны үйлдвэрлэлийн хэмжээ 21.8 мянган тонн, 2022 оны эцсийн байдлаар 21.3 мянган тонноор хэмжигдсэн.

[4] Уран, текущий сквозь песок, Новый Атомный Эксперт, 2023, https://atomicexpertnew.ru/uranus_flowing_through_the_sand

[5] Uranium production and the environment in Kazakhstan, G.V. Fyodorov, Atomic Energy Committee, Almaty, Kazakhstan, https://inis.iaea.org/collection/NCLCollectionStore/_Public/33/032/33032913.pdf

[6] Одоогийн Семей хотын бүс нутаг

[7] Nuclear Test Ban Treaty, https://www.jfklibrary.org/learn/about-jfk/jfk-in-history/nuclear-test-ban-treaty#:~:text=The%20Treaty&text=Kennedy%20signed%20the%20ratified%20treaty,the%20nation%20conducting%20the%20test

[8] How Did Kazakhstan Give Up the Bomb?, the Diplomat, Catherine Putz, 2022.02.23, https://thediplomat.com/2022/02/how-did-kazakhstan-give-up-the-bomb/

[9] Казахстан в глобальной ядерной политике, 2017

TOGZHAN KASSENOVA, https://carnegieendowment.org/2017/02/09/ru-pub-67952

[10] Victims Of Kazakhstan’s Soviet-Era Nuclear Tests Feel ‘Abandoned’ By Government, 2019.11.23,  Farangis Najibullah and Khadisha Akaeva, https://www.rferl.org/a/victims-of-kazakhstan-s-soviet-era-nuclear-tests-feel-abandoned-by-government/30288299.html

[11] Kazakhstan Remains Committed to Advancing Disarmament Efforts on Global Stage

BY IVO ŠLAUS in INTERNATIONAL, OPINIONS, 2023.08.31, https://astanatimes.com/2023/08/kazakhstan-remains-committed-to-advancing-disarmament-efforts-on-global-stage/#:~:text=Kazakhstan%20ratified%20the%20START%201,laid%20out%20in%20the%20Treaty.

[12] Казахской государственной корпорации предприятий атомной энергетики и промышленности (КАТЭП)

[13] http://ru.encyclopedia.kz/index.php/Джакишев,_Мухтар_Еркынович

[14] https://world-nuclear.org/information-library/country-profiles/countries-g-n/kazakhstan.aspx

[15] Мухтара Джакишева приговорили к 14 годам в колонии строгого режима, Tengri News, 2010.03.12, https://tengrinews.kz/news/muhtara-djakisheva-prigovorili-14-godam-kolonii-strogogo-43456/

[16] Үнэхээр хахууль авсан гэм буруутай байсан, Назарбаевын эсрэг сөрөг хүчний намыг дэмжсэн, Оросын талтай тохиролцоо хийж чадаагүй гэх мэт


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА