Казахстаны уран олборлолт ба их гүрнүүдийн тэнцвэрийг хадгалах сорилт (II)

2024-03-08

https://niss.gov.mn/wp-content/uploads/2024/03/Nuclear-power-plant_page-0001-1-1536x1152-1.jpg

Эхлэл хэсэг нь өмнөх дугаарт

Казахстаны ураны гол компани болох Казатомпромыг дайрч өнгөрсөн цэвэрлэгээ олон асуултын тэмдгийг ар араасаа дагуулж, цаад улс төрийн шалтгааны талаарх олон тайлбар хөврөн гарсан юм. Тэдгээрээс “ОХУ-ын зүгээс (Росатом болон Оросын цэргийн тагнуул) Казахстаны улс төрчид, элитүүдэд өгсөн сануулга” гэх тайлбар хамгийн үндэслэлтэйд тооцогддог.  Wikileaks дээр АНУ-ын Казахстан дахь Элчин сайд асан Ричард Хогландын Тагнуулын төв газар руугаа явуулсан нууцлалтай тайлан[1] задарч уг үйл явдалд Москвагийн оролцоо байгаа гэдгийг үгүйсгэж үл болох талаар мэдээлэл цацагдаж байсан нь уг таамгийг бататгав. Үүнээс гадна баривчилгааны дараахан “Мухтар Жакишевын Казахстаны ураны салбарыг хараат байлгах ОХУ-ын төлөвлөгөө болон яагаад баривчлагдсан талаар” ярьсан бичлэг[2] YouTube дээр нэр нь үл мэдэгдэх хаягаас нийтлэгдэж шуугиан тарьсан юм. Казахстаны тагнуулын байцаалтын үеэрх тус бичлэгт Жакишев доорх баримтуудыг дэлгэсэн нь цахим орчинд хадгалагдан үлдсэн байдаг.

  • Казахстан ураны салбарт тэргүүлэгч болохын тулд АНУ, Франц, Хятад, Японтой хамтран ажиллаж, тэдгээрийн технологийг авахыг зорьсон. Харин  Казатомпромын стратегид Оросууд нөлөөлөхийг оролддог.
  • Казатомпром Японы Тошиба компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж Японд уран хадгалах байгууламж барих, Казахстанд Казатомпром-Тошин-АНУ-ын Вэйстингхаустай хамтарсан сургалтын төвийг байгуулах төслийг ОХУ эсэргүүцсэн. Оросын Росатом 2008 оны сүүлээр дур мэдэн  Казахстаны ураныг ашиглах талаар Японтой хэлэлцээр хийх гэж оролдох болсон.
  • ОХУ мөн одоогийн байдлаар (2009 онд) Казахстантай хамтарсан хоёр үйлдвэр барьж байгаа Канадын уран олборлогч компанийн хувьцааг худалдаж авахыг санаархаж байгаа.
  • Казатомпромын удирдлага Япон болон Хятадын компаниудад Уриниум Вонын 20 хувийг Оросуудаас өрсөж худалдаж авахыг ятгаж замаар хяналтын багц Орост шилжихээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байсан… гэх мэт олон баримтыг дэлгэжээ.  

Мухтар Жакишевын хэргийн ард үнэхээр гадаадын нөлөө байсан эсэх, тийм бол хэрхэн яаж хэний гараар хэргийг зохион байгуулсан талаар хөдөлшгүй баримт үл олдох хэдий ч дараа нь болсон үйл явдлуудаар олон зүйлийн зангилааг тайлах боломжтой.

Үнэхээр Мухтар Жакишев ял авсны дараа Казахстаны ураны салбар дээрх ОХУ-ын нөлөө ногоон гэрлээр урагшилж түүний ярьж байсан Канад компанийг залгих замаар Оросын нөлөөлөл сэргэв. Тодруулбал ОХУ-ын Росатом тухайн үед Казахстаны ураны салбарт тоглогч болсон Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй Уриниум Вон[3]  компанийн хувьцааг бага, багаар мэрж эхлэв. (Тус компани 1997 онд Канадад байгуулагдан тухайн жилдээ Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй болсон. Мөн 2007 онд Акдала, Өмнөд Инкай ураны уурхайнуудын 70%, Кызылкум дахь 30%-ийг худалдаж авснаар Казахстанд гол тоглогч болсон ажээ). Росатомын охин компани Атомредметзолото (ARMZ) ХК 2009 оноос эхлэн Казатомпромын Каратау дахь хамтарсан компанийн 50 хувийг авахын тулд Уриниум Вон компанийн 16.6 хувийг худалдан авч, 2010 онд өөрийн эзэмшлийн хувьцааг 51% болгон нэмэгдүүлсэн. Улмаар 2013 оны 1 дүгээр сард ARMZ Uranium One-ын хяналтын бүх хувьцааг худалдаж авснаар 2013 оны 10 дугаар сард Uranium One-ийг Торонто, Йоханнесбургийн биржээс хасч, Росатомын 100 хувийн шууд бус охин компани болгож чадсан байна.[4]

Ийнхүү Мухтар Жакишевыг ялласны дараа гуравхан жилийн дотор Казахстаны ураны салбарын гол тоглогчоор ОХУ эргэн нэрлэгдэх болов.

Эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүйн төлөөх салбарын реформ

Жакишев шоронд орсон явдал нь ямар ч нөхцөлд Оросыг ураны салбараас тэр чигт нь түлхэж болохгүй гэдгийг Казахстаны эрчим хүчний магнатуудад ойлгуулсан үйл явдал болсон нь лавтай. ОХУ ил болон далд хэлбэрээр Уриниум Воныг гартаа оруулах замаар Казахстаны ураны салбараас алдаад байсан барьцаа лавшруулсан юм.

Үүссэн нөхцөл байдал Казахстаныг хүчний тэнцвэрийг хадгалахын тулд хууль эрх зүйн реформыг хийхэд түлхэц болов. Чухамдаа ингэж л байж Астана геополитикийн эгзэгтэй үед ураны салбартаа БНХАУ, Франц, Япон, Канад хөрөнгө оруулагч нарыг хадгалах замаар ураны үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хамгаалахыг илүүтэйгээр эрмэлзэх болсон бололтой.

Төд удалгүй Казахстанд олон улсад уул уурхайн хууль тогтоомжийг өрсөлдөх чадвартай болгох, олон улсын жишигт нийцүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, гадаадын уул уурхайн компаниудын хөрөнгө оруулалтыг дэмжих орчныг бүрдүүлэх ажлууд өрнөв. 2017 онд Казахстан улс Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ)-д Олон улсын хөрөнгө оруулалт ба үндэстэн дамнасан аж ахуйн нэгжийн тунхаглалд нэгдэн орж, ЭЗХАХБ-ын Хөрөнгө оруулалтын хорооны гишүүнээр элсэв. Мөн Дэлхийн банктай хамтран үндэсний хөрөнгө оруулалтын стратегиа шинэчлэн баталсан юм.[5] Энэ дундаас Казахстаны засгийн газар ЭЗХАХБ-тай хамтран Казахстаны уул уурхайн өрсөлдөх чадварын төслийг хэрэгжүүлснээр Казахстаны хууль тогтоогч нар гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч нарын ашиг сонирхлыг судлан хууль эрхзүйн реформыг хийж эхлүүлжээ. Үр дүнд нь 2017 оны 12 дугаар сард Газрын хэвлий, газрын хэвлийн ашиглалтын тухай шинэ хуулийг баталж хайгуул болон олборлолтын лицензийг илүү хялбаршуулсан байдлаар олгох, лиценз олгох үйл явцад “түрүүлж ирсэн нь түрүүлж үйлчилдэг” зарчмыг нэвтрүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд олборлолтын тусгай зөвшөөрөл авах баталгаа гаргах, байгаль орчны үнэлгээ, геологийн дата мэдээллийг хүртээмжтэй байлгах зэргээр зохицуулалтын тогтолцоог илүү боловсронгуй болгосон байна.

Энэхүү шинэчлэл нь олон улсын хөрөнгө оруулагч нараас сайшаасан үнэлгээ авахад нөлөөлж[6] гаднын шууд хөрөнгө оруулалтад эергээр нөлөөлөв. Удаах жилүүдэд Казахстаны тэрбум, тэрбум ам.доллароор тооцогдох болсон[7] гадаадын хөрөнгө оруулалтын 75 гаруй хувь нь уул уурхайн салбарт чиглэсэн байна.

График 2 : 1992-2022 оны хооронд Казахстаны ГШХО-ын орох урсгал, /тэрбум ам.доллар/

Эх сурвалж: Дэлхийн банк

Хүчний тэнцвэрийг хадгалах арга: IPO

Астанагийн зүгээс Ураны салбар дахь хүчний тэнцвэрийг урт хугацаанд хангахын тулд  Казатомпромыг олон улсын бирж дээр олон нийтэд санал болгох замыг сонгов. 2018 онд Казатомпромын хувьцааг 100 хувь эзэмшдэг Засгийн газрын сан болох Самрук-Казына өөрийн эзэмшлийн 15 хувийг 451.3 сая ам.доллароор үнэлэн Астанагийн хөрөнгийн бирж болон Лондоны хөрөнгийн бирж дээр амжилттай олон нийтэд арилжаалсан ба компанийн зах зээлийн үнэлгээг 3 тэрбум ам.доллароор тогтоожээ.[8] Энэ дундаас Лондоны хөрөнгийн бирж дээр Казатомпромын хувьцааг арилжаалсан явдал нь хүчний тэнцвэрийг хадгалах, санхүүгийн байдалд олон улсын хяналтыг нэмэгдүүлэх, олон хөрөнгө оруулалтад нээлттэй болгох зэрэг олон эерэг өөрчлөлтийг авчрах болов. IPO-гийн ачаар Казахстаны ураны салбарын гол байгууллага болох Казатомпромын засаглал сайжирч, санхүүгийн ил тод байдал нэмэгдэн, санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд сайжирсан. 2024 онд гэхэд л олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч-ээс Казатомпромын зээлжих зэрэглэл BBB тогтвортой төлөвтэй болгон сайжруулсан байна.[9] Геополитикийн эгзэгтэй үед хүчний тэнцвэрийг хадгалж чадсанаар ураны олборлолтыг өнгөрсөн 10 жилийн түвшинд тогтвортой байлгахад эергээр нөлөөлөх суурийг бий болгов.

График 1: Казахстаны уран олборлолт, тонн U

Эх сурвалж: Казатомпром

Хүчний тэнцвэр ураны олборлолтын аюулгүй байдлыг хангахад дэм болов

Ураны олборлолттой зэрэгцэн яригддаг хамгийн чухал асуудал бол аюулгүй байдал билээ. Казахстаны хувьд уран олборлолт дээр олон улсын хамтын ажиллагаатай байгаагаа ашиглан аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа талаар Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн тайланд дурдагдсан. Өдгөө Казахстан улс нь атомын энергийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр олон улсын бараг бүх үндсэн конвенц, хэлэлцээрт нэгдэн орсон ажээ.[10]

Энэ дундаас Цөмийн материалыг биечлэн хамгаалах конвенц (CPPNM)[11]-д Казахстан нэгдэн орсон явдал нь аюулгүй байдлыг хангахад амжилттай байх гол үндэс болсон. Цөмийн материалыг биечлэн хамгаалах конвенц нь Цөмийн эрчим хүчний материалыг биет байдлаар хамгаалах, хадгалах тээвэрлэх явцыг зохицуулах зорилгоор[12] 1987 онд хүчин төгөлдөр болсон олон улсын цорын ганц эрх зүйн баримт бичиг юм. Цөмийн материалыг биечлэн хамгаалах конвенцод нэгдэн орсон улсууд доорх үүргүүдийг хүлээдэг ба Казахстан даган мөрдөж байна.

  • Энхийн зорилгоор цөмийн материалыг (плутони, уран 235, уран 233, цацраг идэвхт түлш) олон улсын тээвэрлэлтэд биет хамгаалалтын тодорхой зохицуулалтыг заавал хийж, тогтоосон стандартыг хангасан байна;
  • Конвенцод заасан хамгаалалтын гормын дагуу олон улсын тээвэрлэлтийн явцад эдгээр материалыг хамгаалах баталгааг аваагүй тохиолдолд цөмийн материалыг экспортлох, импортлохгүй байх, мөн өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхийг зөвшөөрөхгүй байх үүрэг хүлээнэ;
  • Алга болсон цөмийн материалын талаарх мэдээллийг хуваалцах,  хулгайлагдсан цөмийн материалыг олох, хамгаалах чиглэлээр хамтран ажиллах;
  • Олон нийтэд хор хөнөөл учруулах зорилгоор цацраг идэвхт бодисыг зүй бусаар ашиглах, ашиглахаар заналхийлэх зэрэг тодорхой үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцно. Ийм үйлдэл хийсэн хэрэгт буруутгагдаж буй хүмүүсийг яллах эсвэл шилжүүлэн өгнө.[13]

Казатомпром нь Олон улсын атомын энергийн агентлагтай (ОУАЭА)-тай хамтран тус агентлагийн баталсан цөмийн аюулгүй ажиллагааны олон талт арга хэмжээнүүд тэр дундаа бараа материалын хяналт, тээврийн аюулгүй байдлын стандартыг тогтмол мөрдлөг болгон ашиглахад манлайлан ажиллаж байгаа талаар тайлангуудад дурдагджээ. Ингэхдээ аюулгүй байдлын төлөвлөгөө, тээврийн аюулгүй байдлын цогц төлөвлөгөөг хэрхэн боловсруулах талаар зааварчилгааны дагуу Казахстаны уран олборлох, боловсруулах нийт 23 уурхай ажиллаж байгаа аж. Өдгөө Казахстаны уран олборлолт олон улсын түвшин байгаль орчинд хор хөнөөл багатай, аюулгүй, стандарттай гэх үнэлгээтэй байна.

Дүгнэлт: Төв Азийн цөмийн аюулгүй байдлын чухал архитектор

Казахстаны ураны салбар 1950 оноос хойш ураны олборлолтоос эхлээд цөмийн зэвсгийн туршилтын талбар болж, дэлхийн номер нэг олборлогч болсон гэх мэт уналт, өсөлтөөр дүүрэн адармаатай түүхтэй. 1991 онд ЗХУ задарч нүд ирмэх зуур дэлхийн 4 дэх хамгийн том цөмийн зэвсэгтэй улс болсон Казахстаны эрх баригчид тэр даруй зэвсгээсээ татгалзсанаар алсдаа олон улстай цөмийн аюулгүй байдлаа хангаж, ураны олборлолтоо хөгжүүлэх сууриа бат цутгажээ.

Улмаар Казахстаны эрх баригчид Казатомпромыг байгуулан ураны салбарт Япон, БНХАУ, Канад, Францын хөрөнгө оруулалтыг ихээр татах замаар их гүрнүүдийн тэнцвэрийн хангаж, 1998-2009 онд олон талт оролцоо, хөрөнгө оруулалт, технологи оруулж ирэх бодлогыг хэрэгжүүлсэн.

Гэхдээ тус стратеги их гүрнүүдийн нөлөө, тэмцлээс ангид байж чадсангүй. ОХУ-ын Росатомын зүгээс Казахстаны хүчний тэнцвэрийг хадгалах оролдлогод хариу барьж 2009 онд Казатомпромын удирдлагын багийг тоглоомоос гаргах замаар бусад улс төр, бизнесийн элитүүдэд сануулга өгсөн гэх баримтууд байна. Үүний дараа Росатом 2010 оноос хойш Казахстанд хөрөнгө оруулсан Канад компанийг бага багаар залгих замаар нөлөөллөө томруулсан байна.

Харин Астанагийн зүгээс цөөхөн худалдан авагчтай ураны салбарт нэг их гүрний нөлөө хэт өндөр байх нь алсдаа эдийн засгийн хориг арга хэмжээгээр дүүрэн геополитикийн эрсдэлийг дагуулна гэдгийг бодлогодоо тунхагласан бололтой. Энэ нь Казахстаны эрх баригчид ураны салбартаа бүрэн реформ хийхийг сонгосноос харагдана. 2017 оны хууль эрх зүйн шинэчлэл, 2018 оны Казатомпромын хувьцааг Лондоны хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалж нээлттэй компани болгосон зэрэг бодлогын сонголтууд уг дүгнэлтийг дэмжиж байна.

Астана ураны зах зээлд дэлхийн тэргүүлэгчийн байр сууриа хадгалахын тулд цаашид Төв Азийн бүс нутгийн аюулгүй байдал тэр дундаа цөмийн аюулгүй байдлын асуудал дээр тэргүүлэгч байхыг эрмэлзэх болно. Казахстан Төв Азийн цөмийн зэвсгээс ангид бүсийн хэлэлцээрийг хөрш орнуудтай хамтран байгуулах замаар бүс нутагт цацрагт идэвхт бодисын хууль бус олборлолт, наймаа, баяжуулалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй байдал нь гагцхүү хүчний тэнцвэрийг хадгалах амбицаар тайлбарлагдаж байна.

Ашигласан эх сурвалж:

[1] KAZAKHSTAN: RUSSIAN HAND IN KAZATOMPROM DRAMA?, 2009.12.22, https://search.wikileaks.org/plusd/cables/09ASTANA2197_a.html

[2] https://www.youtube.com/watch?v=qlSLf0Anqzc&t=163s

[3] Uranium One

[4] Uranium One to delist shares as Russia’s state nuclear firm takes control, Reuters, 2013.10.19, https://www.reuters.com/article/uranium-one-private-idUSL5N0I902T20131019/

[5] https://www.state.gov/reports/2018-investment-climate-statements/kazakhstan/

[6] Reform of the Mining Sector in Kazakhstan: Investment, Sustainability, Competitiveness, ENHANCING COMPETITIVENESS IN THE MINING SECTOR IN KAZAKHSTAN © OECD 2018, https://www.oecd.org/eurasia/countries/Kazakhstan_Mining_report_ENG.pdf

[7] Уг хуульд  цацрагт идэвхт бодисын олборлолтод “Казатомпром” нь 50-иас доошгүй хувийг эзэмших ба Эрчим хүчний яамнаас авсан газрын хэвлий ашиглах эрхийг өөр компанид шилжүүлж болно хэмээн заасан нь салбарт ихээхэн хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг нээсэн байна.

[8] Насколько IPO Казатомпрома было успешным?, 2018.11.18, https://kz.kursiv.media/2018-11-21/naskolko-ipo-kazatomproma-bylo-uspeshnym/

[9] Fitch Upgrades JSC National Atomic Company Kazatomprom to ‘BBB’; Outlook Stable, Fitch ratings, 2024.01.19,  https://www.fitchratings.com/research/corporate-finance/fitch-upgrades-jsc-national-atomic-company-kazatomprom-to-bbb-outlook-stable-19-01-2024

[10] Nuclear Security Summit Washington, 2016, National Progress Report: Kazakhstan, 2016.03.31 http://www.nss2016.org/document-center-docs/2016/3/31/national-progress-report-kazakhstan

[11] The Convention on the Physical Protection of Nuclear Material (CPPNM)

[12] ЦӨМИЙН МАТЕРИАЛЫГ БИЕЧЛЭН ХАМГААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ, https://legalinfo.mn/mn/detail?lawId=1160

[13] Convention on the Physical Protection of Nuclear Material (CPPNM), https://www.nti.org/education-center/treaties-and-regimes/convention-physical-protection-nuclear-material-cppnm/


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА