Хятад улс нүүрсний нөөцөөр дэлхийд 4-рт, нүүрс үйлдвэрлэл болон хэрэглээгээр дэлхийд 1-д жагсдаг.[1] Харин манай улс сүүлийн жилүүдэд Хятадын коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч улс болоод буй. Өдгөө нүүрсний салбар манай улсын ДНБ-ий 4.8 хувь, уул уухайн экспортын 93 хувь, экспортын орлогын 54 хувийг эзлэх болсон. Өнгөрсөн онд манай улс 70 сая тонн нүүрс экспортолж түүхэн дээд хэмжээ тогтоосон билээ. Гэвч энэ байдал цаашид үргэлжлэх эсэх нь эдийн засагт шууд хамаатай тул манай хүрээлэн энэ удаагийн дугаартаа Хятадын нүүрсний салбарын байдал, импортын төлөвийн талаар авч үзлээ.
Хятадын нүүрсний хэрэглээ буурах уу?
Нүүрсний хэрэглээ: Хятадын нийт эрчим хүчний хэрэглээн дэх нүүрсний эзлэх хувь 10 жилийн дотор 9 хувиар багасжээ. 2022 оны байдлаар нийт эрчим хүчний хэрэглээнийх нь 55.3 хувь нүүрсний эх үүсвэртэй байна. /Зураг-1/ 2012 онд энэ үзүүлэлт 66 хувьтай байсан юм.[2] /Зураг-2/.
Зураг 1. Хятадын эрчим хүчний нийлүүлэлтийн бүтэц 2022 он. Эх сурвалж: Energy Institute Statistical Review of World Energy 2023 https://www.worldenergydata.org/the-energy-system-of-china/
Зураг 2. Хятадын эрчим хүчний нийлүүлэлтийн бүтэц 2012 он. Source: Energy Information Administration, http://www.eia.gov/beta/international/analysis.cfm?iso=CHN
Дээрх үзүүлэлтээр Хятадын эрчим хүчний бүтэц дэх нүүрсний эзлэх хувь буурч байгаа харагдавч эдийн засгийн тэлэлт, эрчим хүчний хэрэгцээг дагаад нүүрс үйлдвэрлэлийн нийт хэмжээ буураагүй, аажим өссөөр байгаа юм. /График-1/
График 1. Хятадын нүүрс үйлдвэрлэлийн хэмжээ ба өсөлтийн хувь /2001-2022 он, 100 сая тонноор/.[3] Эх сурвалж: БНХАУ-ын Үндэстний статистикийн газар
Нүүрсний хэрэглээ хэзээ оргил үедээ хүрэх вэ? Олон улсын эрчим хүчний агентлагийн гаргасан судалгаагаар Хятадын нүүрсний хэрэглээ 2025 он гэхэд оргил үедээ хүрч, улмаар цаашид буурч эхлэх ба 2050 он гэхэд оргил үеийнхээс 50%-аар бага байх болно гэжээ. 2030 оноос өмнө байгалийн хийн хэрэглээ эрчимтэй өссөөр, 2040 он гэхэд оргил цэгтээ хүрч, одоогийн түвшнээс дөрөвний нэг орчмоор нэмэгдэнэ. Газрын тосны хэрэглээ 2030 оноос өмнө өдөрт дунджаар 16.6 сая баррельд хүрч, 2050 он гэхэд аажмаар бууран, өдөрт дунджаар 12 сая баррель болох ажээ.[4]
График 2. Хятадын эрчим хүчний эх үүсвэрийн эрэлт 2050 онд. Эх сурвалж: Environmental Defense Fund https://www.cet.net.cn/zh/news/851
2025 онд Хятадын нүүрсний хэрэглээ оргил цэгтээ хүрч цаашид буурахад нөлөөлж буй гол хүчин зүйл нь эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч эрчимтэй хөгжиж байгаа явдал бөгөөд цахилгаан машины өргөн хэрэглээ нь газрын тосны эрэлтийг мөн сааруулж байна.
Хятадын нүүрс хэрэглэгч салбарууд: 2022 оны байдлаар авч үзвэл Хятадын нүүрсний хэрэглээ 4.2 тэрбум тонн болсон ба үүний 2.35 тэрбум тонныг цахилгаан станцад, 1.93 тэрбум тонныг үйлдвэр, хөдөө аж ахуйд ашиглаж байгаа ажээ. Үүнийг салбараар авч үзвэл[5]:
- Эрчим хүчний салбар 2.35 тэрбум тонн (54.9%);
- Химийн үйлдвэр 330 сая тонн (7.7%);
- Гангийн үйлдвэр 770 сая тонн (18%);
- Барилгын материалын үйлдвэр 500 сая тонн (11.7%);
- Иргэний нүүрс болон бусад 320 сая тонн (7.5%);
Хятадын нүүрс хэрэглэгч гол салбаруудаас барилгын салбар таагүй дүр зурагтай байгаа ба 2024 оны 1 сард Хятадын хамгийн том үл хөдлөх хөрөнгийн компани Evergrande Group-ийг татан буулгах шийдвэрийг Хонконгийн дээд шүүх гаргасан юм. Үл хөдлөх салбарын хөөс хагарч, цаашид бусад барилгын компаниудад нөлөөлбөл энэ жилийн нүүрсний салбарын эрэлтэд дам нөлөө үзүүлж болзошгүй.
Хятадын нүүрсний нийлүүлэлт ба импорт
Нүүрс үйлдвэрлэл: 2022 онд Хятад улс 4.5 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэсэн нь 2021 оныхоос 320 сая тонноор өссөн үзүүлэлт буюу 10.5 хувиар нэмэгджээ. Нийт нүүрсний үйлдвэрлэлээс 1.3 тэрбумыг нь Шаньши муж, 1.2 тэрбумыг нь Өвөрмонголд үйлдвэрлэсэн нь нийт үйлдвэрлэлийн бараг тал хувь болж буй.[6] 2023 оны статистикаар Хятад улс 4.7 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэсэн ба 474 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх жилийнхээс 61.8 хувиар эрс өссөн үзүүлэлт болж байна.[7]
Нүүрсний импорт: 2023 онд Хятадын нүүрсний импорт ийнхүү огцом өсөж, 474 сая тоннд хүрсэн нь сүүлийн 10 жилийн дээд хэмжээ юм. 2013 онд буюу 10 жилийн өмнө 327 сая тонн нүүрс импортолж байсан нь импортын дээд хэмжээ болж байв /График-3/. 2022 онд 293 сая тонн нүүрсийг импортоор авсан нь 2021 оныхоос 31 сая тонноор буураад байсан үзүүлэлт юм.[8] 2023 онд хэдийгээр Хятадын нүүрсний импортын хэмжээ огцом өссөн ч нийт хэрэглээнийх нь 10 хувь л гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Хятад улс нүүрсний салбарт импортоос хамааралтай улс биш юм.
Гарфик 3. Хятадын нүүрсний импорт 2013-2023 он /10 мянган тн-р/ Эх сурвалж: Хятадын эрчим хүчний сүлжээ. https://www.china5e.com/news/news-1164221-1.html
Хятадын нүүрсний импорт 2023 онд огцом өссөн шалтгааныг шинжээчид тайлбарлахдаа Индонез, Орос, Монгол, Австралиас авсан импорт ихээхэн нөлөөлсөн бөгөөд “2023 оны эхээс Монголын нүүрсний гаалийн бүрдүүлэлт саадгүй болж нэмэгдсэн, мөн Орос нүүрсээ Ази, Номхон далайн бүс нутаг руу их хэмжээгээр гаргасан”. Түүнчлэн 2022 оны Орос, Украины зөрчилдөөн нь олон улсад нүүрсний үнэ өсөхөд хүргэснээр нүүрс экспортлогч уурхайнуудын үйлдвэрлэлийг идэвхжүүлж, мөн Европт нүүрс нөөцлөх явдал харьцангуй идэвхэжсэн, гэхдээ 2022 онд дэлхий нийтээр боломжийн дулаан өвөл болсон тул Европ болон Ази Номхон далайн бүс нутагт ихээр нөөцөлсөн нүүрс хэрэглэгдээгүй үлдсэн, ингээд 2023 онд барууны орнуудын эрэлт их биш, нөөц сайтай байсан тул нүүрсний эргэлт Ази Номхон далайн бүс нутаг руу шилжсэн ажээ.[9]
Хятадын талаас дотоодын нүүрсний үнийг барих зорилгоор импортыг дэмжсэн байна. Өнгөрсөн оны 3 дугаар сард дотоодын нүүрсний тогтвортой нийлүүлэлтийг дэмжих зорилгоор Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын хорооноос 2023 оны 4 дүгээр сарын 1-ээс 12 дугаар сарын 31-ний хооронд нүүрсний импортын урьдчилсан татварын хэмжээг 0 байхаар зарлав. Уг бодлогыг 2022 онд ОХУ Украины дайны дараа 5 сарын 1-ээс 2023 оны 3 сарын 31 хүртэл хэрэгжүүлэхээр анх зарлаж байсан юм.
Гэхдээ 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн гаалийн 0 тарифыг цуцалж, “БНХАУ-ын импорт, экспортын тариф (2024 он)”-д зааснаар нүүрсний импортын тарифыг сэргээсэн байна. Үүнд, энгийн татварын хувь хэмжээ 20%, хөнгөлөлттэй татварын хувь хэмжээ 0, гэрээний татварын хувь хэмжээ 0, хөнгөлөлттэй улс орнуудын тухайд татварын хувь хэмжээ антрацит нүүрс, коксжих нүүрс, хүрэн нүүрснийх 3%, бусад нүүрс 6% байхаар тогтоожээ.[10]
Хятадын нүүрсний импортын гол эх үүсвэр
Хятадын коксжих нүүрсний импортын гол эх үүсвэр: 2022 онд Хятад улс нийт 63.8384 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 16.71 хувиар өссөн үзүүлэлт ажээ. (2022 онд 293 сая тонн нүүрс импортоор авсан нь 2021 оныхоос 31 сая тонноор буурсан үзүүлэлт байсан) Коксжих нүүрсний импортын нийт хэмжээг хувиар авч үзвэл Монголоос 40.12%, Оросоос 32.90%, Канадаас 12.34%, АНУ-аас 6.84%, Индонезоос 3.40%, Австралиас 3.40%-ийг импортолжээ. Коксжих нүүрс импортлогч орнуудын жагсаалтыг Монголын коксжих нүүрс өмнөх оны мөн үеэс 82.45 хувиар өссөн үзүүлэлтээр тэргүүлж, эхний байраа хадгалсан хэвээр байна. Орос улс 2021 оны мөн үеэс 95.58 хувиар буюу бараг хоёр дахин өссөн үзүүлэлтээр хоёрдугаарт жагсжээ.[11] /График-4/
График 4. Хятадын коксжих нүүрсний импорт /улсаар, 2016-2022 онд/. Эх сурвалж: БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар
2023 оны тухайд эхний 1-11 дүгээр сард Хятад улс эрчим хүчний нүүрсийг ихэвчлэн Индонез (61%), Орос (17%), Австрали (13%), коксжих нүүрсийг Монгол (52%) болон Орос (26%)-оос импортолсон байна.[12]
Цаашдын төлөв: Хятад улс 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс нүүрсний импортын тарифаа сэргээсэн. Гэхдээ Австрали, Индонезиос импортолж буй нүүрс нь гэрээний дагуу татварын хувь хэмжээ 0 хэвээр байгаа аж. Харин Монгол, Орос, АНУ, Өмнөд Африкийн тухайд нүүрсний импортын татвар үйлчлэх ажээ.
“Kaiyuan Securities” судалгааны тайланд дурдсанаар, 2023 оны 12 дугаар сарын эцсээр Хятад руу орсон Оросын эрчим хүчний нүүрсний Суйфөнхө боомт, коксжих нүүрсний Жинтан боомт, Монголын цэвэр коксжих нүүрсний Ганцмод боомтын үнээр тооцож бодвол Хятад улс нүүрсний импортын тарифаа сэргээснээр тонн тутамд 44 юань/тн, 68 юань/тн, 54 юань/тн-р тус тус импортын өртөг нэмэгдэж буй. Хэрвээ 2024 онд Хятадын дотоод ба гадаад нүүрсний үнийн зөрүү аажмаар ойртон импортын нүүрсний үнийн давуу тал суларвал Хятадын нүүрсний импортын хэмжээ буурах ажээ.[13]
Нийлүүлэлтийн талаас авч үзвэл, ОУЭХА-ийн тооцоолсноор 2023 онд дэлхийд шинээр ашиглалтад орсон нүүрсний уурхайн үйлдвэрлэлийн хүчин чадал ойролцоогоор 156.9 сая тонн байна. Хятадын импортын хамгийн том эх үүсвэр болох Индонези 2023 онд 770 сая тонн нүүрс олборлосон бөгөөд 2024 онд 710 сая тонн болж, олборлолтоо бууруулах зорилттой аж. Түүнчлэн Монгол, Оросын тухайд нүүрсний нийлүүлэлтэд тээврийн хүндрэлтэй байдал нь хэвээр үргэлжлэх төлөвтэй гэж дээрх тайланд дурджээ.
2022 онд эхэлсэн дайн 2023 онд сунжирч, олон улсын геополитикийн нөхцөл ийн үргэлжлэх нь тодорхой болсноор эрчим хүчний зах зээлд үзүүлэх нөлөө нь аажмаар саармагжиж, нүүрс болон бусад эрчим хүчний нөөцийн үнэ буурав.
2024 онд Хятад улс нүүрсний импортын татвараа сэргээж, олон улсын зах зээл дэх нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа ийм нөхцөлд Хятадын нүүрсний импортын хэмжээ буурах төлөвтэй бөгөөд 2023 оных шиг оргил хэмжээнд хүрэхгүй.
Дүгнэлт
Монгол Улсын экспортын орлогын 54 хувийг эзэлж буй нүүрсний салбар Хятадын нүүрсний импортод тодорхой байр суурь эзлэх болж, коксжих нүүрсний хамгийн гол нийлүүлэгч улс болоод буй. 2023 онд Хятадын нүүрсний импорт ойрын 10 жилд байгаагүй дээд хэмжээг тогтооход манай улс мөн адил түүхэн дээд хэмжээнд нүүрс экспортоллоо. Харин 2013 онд Хятадын нүүрсний импорт их хэмжээгээр нэмэгдэхэд манай улсын экспорт дагаж өсөж байгаагүй юм. Тухайн үед манай улсын нүүрсний экспорт 2010 оноос л нэмэгдэж эхэлж байсан тул хятадын нүүрсний зах зээлд хараахан байр суурь эзэлж амжаагүй үе юм.
Манай улсын давамгайлж буй коксжих нүүрсний нийлүүлэлт дээр ОХУ гол өрсөлдөгч болоод байна. Орос Хятадын худалдаа сүүлийн хоёр жилд эрс нэмэгдэж буй бөгөөд цаашид Оросын хувьд Европын зах зээл хумигдаж буй тул эрчим хүчний нөөцийн экспортын гол зах зээл нь Хятад байх юм.
Өнгөрсөн 2023 он манай улсын нүүрсний экспортод таатай жил байсан бол 2024 онд дараах хоёр нөхцөлөөс үүдээд тийм ч таатай байхааргүй дүр зураг ажиглагдаж байна. Нэгд, Хятад улс нүүрсний импортын тарифаа эргэн сэргээсэн нь манай улсын нүүрсний өртгийг өсгөж өрсөлдөх чадварт нөлөөлнө. Хоёрт, Хятадын нүүрс хэрэглэгч гол салбар болох барилга үл хөдлөх хөрөнгийн салбар (11 хувийг, гангийн үйлдвэр 18 хувийг) дахь томоохон дампуурал нь хятадын нүүрсний эрэлтэд дам нөлөөлөх эрсдэлтэй байна.
2025 оноос хойш Хятадын нүүрсний хэрэглээ оргил үеэс буурч, хэтдээ эрэлт улам багасах төлөвтэй тул цаашид нүүрсний салбарын экспортыг өөдрөгөөр төсөөлж тооцох нь алдаа болох юм.
Ашигласан эх сурвалж:
[1] 2022年各国煤炭储量,产量,消费量 http://price.mofcom.gov.cn/article/tjzx/nyhgl/202310/60460.html
[2] China: World’s Largest Energy Consumer and Greenhouse Gas Emitter https://www.instituteforenergyresearch.org/fossil-fuels/coal/china-worlds-largest-energy-consumer-and-greenhouse-gas-emitter/
[3] 2023年中国煤炭行业供需市场分析 煤炭整体产量呈增长趋势https://www.qianzhan.com/analyst/detail/220/230330-308e072c.html
[4] 世界能源展望2023:中国煤炭消费有望于2025年左右达峰 https://www.cet.net.cn/zh/news/851
[5] 2022年各行业耗煤占比 https://xueqiu.com/6014436876/242558367
[6] 2022年煤炭产量45.6亿,进口量2.93亿吨,原煤产量前十名企业排名公布http://www.cctda.org.cn/index.php?m=content&c=index&a=show&catid=6&id=1067#:~:text=据国家统计局数据,万吨,降幅9.6%25。
[7] 2023年我国原煤产量47.1亿吨 煤炭消费量增长5.6% https://www.chinacoal.com/art/2024/3/4/art_33_792474.html
[8] 2022年煤炭产量45.6亿,进口量2.93亿吨,原煤产量前十名企业排名公布http://www.cctda.org.cn/index.php?m=content&c=index&a=show&catid=6&id=1067#:~:text=据国家统计局数据,万吨,降幅9.6%25。
[9] 2024年我国煤炭进口走向如何? http://paper.people.com.cn/zgnyb/html/2024-01/01/content_26035459.htm
[10] 注意:煤炭进口关税恢复!影响几何? https://www.stcn.com/article/detail/1082570.html#:~:text=近日,国务院关税税则委员会,,其他煤为6%25。
[11] 2022年进口炼焦煤市场回顾及2023年展望 https://finance.sina.cn/futuremarket/gypzx/2023-02-28/detail-imyifkrx7958253.d.html?vt=4&cid=76592&node_id=76592
[12] 2023年煤炭进口量创新高,2024年进口量或将缩减 https://www.china5e.com/news/news-1164221-1.html
[13] Мөн тэнд
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Хятадын “Хоёр хурал”, Ши Жиньпиний эрх мэдэл улам бэхживДараах нийтлэл
Мэдээлэл сэтгэл зүйн талбар ба тусгай албаСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19